• Өнөөдөр 2024-03-29

Хэлсэндээ хүрээрэй Э.Цэндбаатар аа, амжилт хүсье

2021-09-16,   2430

          Ердөө сар орчмын өмнө монголчуудыг цэнхэр дэлгэцийнх нь урд “уяж”, “Илүү илүү, Цэндбаатар илүү” хэмээн нэгэн зэрэг уухайлан дэмжиж, огшоож байсан 25 настай ширэн бээлийтэн өнөөдөр олны өмнө өвдөг сөхөрч, уучлалт гуйхыг монголын ард түмэн харлаа. Залуу насны ааг омог, гэнэн итгэмгийн байдал, алдаж оносон цаг хугацаа үүгээр дуусаасай хэмээн олон хүн итгэж сууна. 
 
...Жингээ хасах хамгийн хүнд хэцүү, шантрах үе маш их байдаг. 100 грамм л хасах гэж хөлс хүчээ шавхаж, заримдаа уйлчихвал жин хасагдах болов уу гэж бодох үе байна” хэмээн гэнэн цагаахнаар ярьж байсан Э.Цэндбаатар өнөөдөр хүсэл, мөрөөдлөөсөө ухрахгүйн тулд, хийсэн алдаандаа гэмшсэндээ уучлалт гуйж байгаа нь энэ. Тэрбээр олны анхааралд өртсөн том дуулианд нэр холбогдож, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээ өнжихөд хүрээд буй.

Тэгвэл алдаж оносон залуу тамирчны алдаа, оноог шүүх гэсэнгүй  Э.Цэндбаатар гэж чухам хэн бэ гэдгийг өгүүлье.

       2008 оны Бээжингийн олимп монголчуудын сэтгэлд тодоос тод гэрэл асааж, бүх ард түмний бахралыг түрүүлсэн цаг үе байв. Яг л энэ үед мянга мянган бяцхан зүрх “Олимп гэдэг хүн төрөлхтний баяр бахдал, урам зориг юм байна” гэдгийг мэдэрч, олимпын аварга болох мөрөөдөл тээсээр их спортод хөл тавьж байсан. Түүний нэг нь яах аргагүй Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар юм. “Э.Бадар-Ууган, П.Сэрдамба ахыг хараад олимпын аварга  болох хүсэл, мөрөөдөлтий болж, боксын спортод хөл тавьж байлаа” хэмээн дурсан ярихдаа тэр ердөө 10 настай байжээ. 
        Э.Цэндбаатар 1996 онд Архангай аймгийн Чулуут сумын харьяат Эрдэнэбатын гурав дахь хүү болон мэндэлсэн. Түүний аав, ээж нь хуваариа бизнес эрхэлдэг жирийн л хөдөөгийн хүмүүс. Тэрбээр бага насныхаа тухай “Хөдөөгийн бор хүү  аав, ээждээ ус, түлш дөхүүлж, бусдын адил өнгөрсөн” хэмээн дурсан ярьдаг юм. Сахилгагүй, шартай, басхүү зоримог зан нь түүнийг боксын спортод амжилт гаргаж, цэл залуухан Гавьяат тамирчин болоход  нөлөөлсөн байж мэдэх. Гэхдээ түүнийг спортынхон, спорт сонирхогчид “Бокс тоглох төрлөхийн авьяастай нэгэн” хэмээн үнэлэх нь бий. 
        Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуулийг 2015 онд төгссөн тэрбээр спортын салбарт амжилт гаргахаар их сургуульд суралцах мөрөөдлөөсөө нэг алхам ухарч, бэлтгэл сургуулилтаа тууштай базааж эхэлсэн гэдэг. Дунд сургуульд байхын сахилгагүй, хэнээс ч айхгүй зоригтой, байсан түүнийг нь үеийн найзууд нь бүгд мэддэг учраас ахлах ангийн хүүхдүүд дээрэлхвэл Э.Цэндбаатарт хэлчихдэг байж. Ингээд л тэрбээр өөрөөсөө ах, том биетээ нэгнээс ч айхгүй үеийнхээ найзуудыг хамгаалдаг байсан тухай дурсан ярьдаг юм. Энэ тухай  ээж нь “Миний хүү багын их сэргэлэн, сахилгагүй хүүхэд байсан. Тавдугаар ангид байхдаа өөрөөсөө том биетэй наймдугаар ангийн хүүхэд зодоод аавдаа нэлээн зэмлүүлж билээ” хэмээн бага насных нь талаар өхөөрдөн ярьдаг юм билээ. 
Э.Цэндбаатар багшийнхаа удирдлага, сургуулилт дор тууштай бэлтгэл хийсний дүнд боксоор хичээллээд ердөө хоёрхон сарын дараа анхны тэмцээндээ ялалт байгуулж, аваргын алтан медаль энгэртээ зүүсэн. 
   Одоогоос 15 жилийн өмнө Олон улсын хэмжээний мастер багш, дасгалжуулагч Б.Энхтайван багш дээр боскчин болох мөрөөдөлтэй олон хүүхэд ирсний нэг нь Э.Цэндбаатар байжээ. Гялалзсан нүдтэй, сэргэлэн шар хүү боксчин болохоор ирсэн тэр олон хүүхэд дундаас бусдаасаа эв дүйтэй, хор шартай байсан нь Б.Энхтайван багшийн анхаарлыг татаж, нүдэнд нь өртсөн гэнэ.
     Энэ талаар түүний анхны багш, дасгалжуулагч Б.Энхтайван “2008 оны Бээжингийн олимпод монголын боксчид оргил амжилт үзүүлсэн. Олимпоос алт, мөнгөн медаль авсан тэр үед олон хүүхэд боксоор хичээллэхээр Спортын ордныг зорьж ирж байлаа. Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй есдүгээр сарын дундуур 10 орчим насны жаахан хүү цүнхээ үүрээд ирсэн нь Цэндээ байсан. Анх харахад авхаалжтай, сэргэлэн хүү харагдсан. Заасан зүйлийг маш сайн сурна. Гүйцэтгэл маш сайн. Рингэн дээр тоглож байгаа үеийнхнээ хараад хэнтэй яаж тоглохоо өөрөө шийдчихдэг байсан” хэмээн ярьж байв. 

Ийн Э.Цэндбаатар багшийнхаа удирдлага, сургуулилт дор тууштай бэлтгэл хийсний дүнд боксоор хичээллээд ердөө хоёрхон сарын дараа анхны тэмцээндээ ялалт байгуулж, аваргын алтан медаль энгэртээ зүүсэн. Тухайн үед ахмад боксчин С.Батсүх агсны нэрэмжит боксын өсвөр үеийнхний тэмцээнд аваргалж, амжилтын буухиагаа эхлүүлсэн байна. Энэ нь түүнд маш их урам өгч, боксын рингэн дээр гарч, ширэн бээлийтнүүдийн дунд эргэлт буцалтгүй орох том шалтгаан болжээ. 

        Анхны тэмцээндээ ялалт байгуулж, аварга болсон тэрбээр боксын спортыг амьдралынхаа нэг хэсэг болгож, бэлтгэл, сургуулилтаа тасралтгүй хийсэн нь 17-хон насандаа Улсын аварга болох том амжилтыг дагуулав.  2013 онд насанд хүрэгчдийн УАШТ-ий 49 кг-ийн жинд 17 настай хүү Э.Цэндбаатар ах нартайгаа хүч үзэж, жингийнхээ шилдэг боксчдыг ялсаар улсын аваргын анхны түрүүгээ хүртсэн. Тэрбээр алтан медалийн төлөөх тоглолтод тухайн жиндээ “босоо“ аварга хэмээн нэрд гарсан “Жижиг Үүеэ” хочит Г.Ган-Эрдэнийг ялж томоохон дуулиан тарьсан юм.
Аравхан настай жаахан хүү ахыгаа дагаад, дэврүүн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Спортын ордныг зорин, дасгалжуулагч Б.Энхтайван дээр очихдоо их спортод хөл тавина гэдэг тэсвэр тэвчээрийн туулийг шалгасан амаргүй даваа гэдгийг ойлгоогүй, мэдээгүй байсан нь гарцаагүй. Гэхдээ тэр бууж өгөөгүй, шантралгүй зүтгэсэн, хүч хөдөлмөрийнхөө үр шимийг хүртсэн хэрсүү нэгэн.
 
Мэдээж, боксын ертөнцөд хөл тавиад удаагүй ч авьяастай, дайчин хүүд хүн болгон сайхан хандаж, алга ташиж хүлээж аваагүй нь тодорхой. Тиймдээ ч түүнийг тогтсон жинд тоглуулахгүй, өөр жинд оруулах явдал ч байсан гэдэг.  Жин солигдоно, жингээ барина гэдэг тамирчин хүнээс асар их хүч, хөдөлмөр, тэсвэр тэвчээр шаарддаг, хамгийн хүнд хэцүү сорилт. Хэзээний хортой шартай, хөдөлгөөнтэй түүнийг боксын спорт тэсвэр, хатуужилтай болгож, оролцсон тэмцээн болгондоо амжилт үзүүлэх, түүнээсээ урам авах, цэл залуухан Гавьяат тамирчин болгоход том түлхэц болсон нь дамжиггүй ээ
 
Амжилтын буухиа нь ар араасаа үргэлжилж, боксын рингэн дээр түүнээс өөр тоглогч үгүй мэт гялалзаж, яваа ирээдүйтэй тамирчин билээ.  Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 2008 оноос хойш Улсын аварга шалгаруулах тэмцээнээс нийт найман удаа алтан  медаль хүртсэн бөгөөд Монголын бүх ард түмний их наадмын алтан медаль, 2012 онд Якутск улсын Саха хотод болсон хүүхдийн их наадамд мөнгөн медаль, 2013 оны Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль хүртэж, олон улсын А зэрэглэлийн олон тэмцээнд амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилттай.
Амжилтын буухиа нь ар араасаа үргэлжилж, боксын рингэн дээр түүнээс өөр тоглогч үгүй мэт гялалзаж, яваа ирээдүйтэй тамирчин билээ.  
      Тэрбээр 2016 оны зургадугаар сард Азербайжан улсын Баку хотноо болсон олимпын эрх олгох сүүлчийн тэмцээнд долоон удаа тулалдаж, зургаан ялалт байгуулан, мөнгөн медаль хүртэн, “Рио-2016” олимпын наадамд оролцох эрхээ авч байсан билээ.
Ийн 19 настай Э.Цэндбаатар хүн төрөлхтний спортын баяр цэнгэлийн дээд, “Рио-2016” Зуны олимпын XXXI наадмыг зорьж, хүсэл, мөрөөдлөө биелүүлэхэд алхам алхмаар урагшилж байв.

Монголчууд түүнийг олимпын наадмаас медаль хүртэх ирээдүйтэй тамирчин хэмээн итгэл хүлээлгэж, захыг мушгин суудлаасаа өндөлзөж, омогшиж, тулааныг үзэж байв. Улмаар олимпын наадамд шилдгүүдтэй гурван тулаан хийж, хоёр ялалт байгуулан, шагналт тав дугаар байрт шалгарсан юм. 

      Үүнээс хойш  “Жакарта-2018” Азийн XVIII наадмын аварга болж, 2019 оны ДАШТ-ий хүрэл медаль, 2019, 2021 оны Ази тивийн аварга болж, “Токио-2020” Зуны олимпын XXXII наадамд тавдугаар байрт шалгарсан. Түүний хамгийн сүүлд хийсэн олимпын наадмын тулаан монголчуудыг огшоож, омогшуулж, баяр бахдалыг түрүүлж, нулимс дуслуулсан тэмцээн байв. Нэг ёсондоо түүнийг монголчууд олимпын наадмын “аварга” хэмээн хүлээн зөвшөөрсөн, алтын дайтай шагналт байр байсныг хүлээн зөвшөөрч буй. Монголын төр ч түүний авьяас, хөдөлмөрийг үнэлж, Гавьяат тамирчин цолоор шагнасан билээ.
 
Хөлсөө гартал бэлтгэлээ хийчихээд заалнаас гарах мэдрэмж хамгийн төгс” хэмээн инээмсэглэл тодруулан, нүд нь гялалзах түүнд авьяас бий, хүсэл мөрөөдөл бий. Гэвч түүний асаж, дүрэлзсэн цаг хугацаа шулуун дардан байсангүй.
Омголон дураараа, дэндүү дэврүүн залуу нас нь түүнийг алдаж, оноход хүргэж өнөөдөр дэлхийн аваргын дэвжээнд гаргах уу, үгүй юү гэдгийг нь дэнсэлж байна. 
 
Хөгц үнэртсэн орон сууцны хонгилд хөлсөө дуслуулан, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж, бэлтгэл хийхдээ тэрбээр өөрийнхөө хүсэл мөрөөдлөөс "ухарна" чинээ төсөөлөөгүй биз. Монголын төдийгүй дэлхий олон шүтэн бишрэгч, боксын спортод шимтэн дурлагчид Э.Цэндбаатарыг дэлхийн рингэнд дээр тоглоно гэдгийг хүлээн суугаа. Энэ итгэлийг дахин алдахгүй эрэмгий, зоригтой байгаарай. Таныг монголчууд бөмбөрцгийн аварга болно хэмээн хүлээж, итгэж байгаа шүү.
 

Хэлсэндээ хүрээрэй Э.Цэндбаатар аа, амжилт хүсье
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-18 00:34:48
    Сугар: Цэндээ чи бол гудамжинд байдаг л нэг хөөрсөн амьтан. Чамд чадах юм байхгүй. Чадаж байгаа хэлбэр агуулсан нусак. Бусдад гай болсон өт
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-17 08:28:25
    Д: Хэлсэндэээ хүрээрээй!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-16 14:17:47
    Долгормаа : АМЖИЛТ ДҮҮ минь
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-16 12:38:56
    zochin: chi chadna, chi yvach estoi Chendbaataa!!!, ******** buuj og. Amjilt chusei
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-16 12:38:56
    zochin: chi chadna, chi yvach estoi Chendbaataa!!!, ******** buuj og. Amjilt chusei
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-16 12:38:55
    zochin: chi chadna, chi yvach estoi Chendbaataa!!!, ******** buuj og. Amjilt chusei
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-16 11:23:18
    Zochin: Hutsaarai Tulga yavah estoi
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188