• Өнөөдөр 2024-10-06

П.БАТХУЯГ: “ХОЙД СОЛОНГОС” ШИГ ӨӨРИЙНХӨӨРӨӨ

2024-09-10,   8834

           Монголын орчин цагийн утга зохиолын ертөнцийн хамгийн баян уран бүтээлч хэн бэ гэвэл олон хүн эргэлзэлгүй түүнийг нэрлэх байх. Тархи, зүрхээ зориулан бичиж туурвисан галтай цогтой богино өгүүллэгүүд, илүү дутуу чамирхалгүй яруу найраг, тэсгэлгүй өччихдөг шүүмжүүд, тайзны урлагийнхны дунд сүүлийн жилүүдэд жин дарж буй моно жүжгүүд нь түүний дотоод ертөнцийн баялгийг уншигч, шимтэгчдэд илчилдэг бол амьдралын чиг мөр, үзэл санааных нь энгийнээс энгийн мөртлөө хувиршгүй мөн чанарууд нь түүнийг олны дунд цаг үргэлжид “уядаг” биз ээ. Хамгийн чухал нь тэр бусдын зүрх, сэтгэл, уран бүтээлд байгаа эрдэнэс, үнэт зүйлийг өөрийнхөөрөө олж харж, даль жигүүр ургуулж, бусдад нээж өгдөг. Өнөө цагийн уран бүтээлчдийн дунд түүний “нээлт”-ээр шагнуулж, ташуурдуулаагүй хүн тун ховор. Энэ утгаар нь Монголын Зохиолчдын эвлэлийн “Алтан Өд” наадмын зургаан удаагийн эзэн, Монголын урлагийн Нобель гэгддэг “Гэгээн муза” шагналт, “Хүрээ ахан дүүс” бүлгэмийн гишүүн, зохиолч, доктор, профессор Пүрэвхүүгийн Батхуягийг харьцангуй залуу ч өнөө цагийн хамгийн баян уран бүтээлч гэж хэлж болно. Түүнтэй утга зохиолын хийгээд хүмүүний амьдрал дунд өөрийгөө бусадтай адилгүй Хойд Солонгос шиг ангид байлгахыг хэрхэн эрмэлзэж ирсэн тухай  гурван жилийн өмнө ярилцсанаа хүргэж байна

ДАХИАД ХЭЛЭХЭД БИ ХОЙД СОЛОНГОС, НАДАД ТРАМПУУД Ч БИЙ

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Тантай цөөнгүй сэтгүүлч уран бүтээл, Монголын утга зохиол, хэл соёлын чиг хандлага гэх мэт олон зүйлийн тухай ярьсан байдаг. Надад бол Пүрэвхүүгийн Батхуяг гэж хүн хэн юм бэ, уншигчид, уран бүтээлчдийн тархи оюунд хадгалагдаж байгаа Батхуяг өөртөө тэс өөр хүн байж болно гэж бодогддог.

      -Бодоод байх нь ээ, Батхуяг гэж хүн энэ утга зохиолын амьдралд өөрийн гэсэн байр суурьтай, дуу хоолойтой, сайн муутай нь хутгалдаад хориод жил болжээ. Энэ хугацаанд нээрээ л цөөнгүй хүний өмнө сууж ярилцлага өгч байсан. Гэхдээ би дандаа л бусдын тухай ярьсан байдаг юм байна. Хэн нэг зохиолчийн тухай, уран бүтээлийнх нь талаар эсвэл хэл соёл, утга зохиолын өнөө ба ирээдүйн тухай ярьсан байдаг. Үнэндээ өөрийнхөө тухай бага ярьжээ. Ярих ч шаардлага гарсангүй. Энэ нь магадгүй эцэг, эхийн хүмүүжил, миний үзэл баримтлал, төлөвшил тогтсон цаг үеийн хандлага өөрийнхөө тухай ярихыг сайшаадаггүй байсантай холбоотой байж мэднэ. Гэхдээ би хэн юм бэ гэж бодож үзэх бас сонин юм байна.

         Олны дунд алхаж явбал эгэл жирийн монгол хүн. Гэхдээ би өөрийгөө оюун санаа, үзэл баримтлалынхаа хувьд тусгаар, хүчирхэг байлгахыг эрмэлзэж явсан. Улс орнуудаар жишиж хэлбэл Хойд Солонгос шиг байхыг хичээж ирсэн гэсэн үг юм уу. Оновчтой зүйрлэл биш ч байж мэднэ. Өнөөдөр Умард Солонгосыг дэлхийн улс, гүрнүүд муучилж, зарим нь үзэн ядаж байгаа боловч тэр улс өөрийн гэсэн үзэл санаа, хүч, аз жаргал, зовлон гуниг, хайр сэтгэл гээд бүх амьдрал тэнд өрнөж байгаа. Яг тийм л хүн байхыг эрмэлзэж ирсэн.

-Сонин юм байна. Миний үеийн залуучуудад ялангуяа шинэ залуу уран бүтээлчдэд та хамгийн нээлттэй, магадгүй дийлэнхийнх нь цаашдын амьдралын үлгэр дууриалал болдог. Энэ утгаараа би таныг өөрийнхөө тухай их нээлттэй гэж ярина. Тэгэхээр нь “Та яагаад хөгшин залуу, сайн муу, бүр авьяасын хэлтэрхий ч үгүй гэмээр зарим хүнийг утга зохиолын энэ  адармаат амьдрал руу зүгээр л хөтлөөд оруулчихдаг юм бэ. Ирээдүйн оюун санааны үлгэр болох хүмүүст та яагаад цензур тавьдаггүй юм” гэж асууя гэж бодож байсан юм. Гэтэл та бүр эсрэгээр нь Хойд Солонгос шиг оршин тогтнохыг эрмэлзэж ирлээ гэчихлээ.

      -Тийм шүү. Би өөртөө бол Хойд Солонгос. Гэхдээ чиний хэлдгээр хийж байгаа ажил ч юм уу, зорьж тэмцэж яваа үйл хэрэг маань намайг өөрийнхөө хил хязгаарыг хааж, дотооддоо бүгэх, зөвхөн өөрөө өөртөө жаргаж, зовох боломж, нөхцлийг олгохгүй байна, одоохондоо. Хүссэн хүсээгүй би утга зохиолд хайртай, надтай ойр байдаг, намайг хайрладаг, ойлгодог хүмүүсийнхээ төлөө чамгүй он жилүүдээ зориулжээ. Ний нуугүй хэлэхэд, миний амьдралын он жилүүдийн хуудсыг хэзээ нэг цагт сөхөж харвал Батхуяг өөрийнхөө төлөө гэхээсээ илүүтэй бусдын сайн сайхны төлөө, сайхан мэдрэмжийг нь асаахын төлөө, итгэлээ олж авах тулгуур нь байхын төлөө л урссан өдөр хоногуудын сүлжээс харагдана. Нэг талаар би бахархах зүйлтэй хүн юм. Нөгөө талдаа Батхуяг үнэхээр бусдын төлөө яваад өөрийгөө орхиод байсан юм уу гэхээр тийм биш.

           Би гэр бүлдээ хайртай байсан, хоёр охиныхоо төлөө, гэр бүлийнхээ төлөө, аав ээж, ахан дүүсийнхээ төлөө үргэлжийн гэгээн шаналантай амьдарч иржээ. Дээр нь би өөрийгөө хэзээ ч зөнд нь орхиж байсангүй. Өөрийгөө хаячихаад бусдын төлөө амьдралаа зориулах тэр үйл бол магадгүй надаас хэтийдсэн, оюун санааны асар хүчирхэг хүмүүсийн хийдэг ажил байх. Харин би бусдыг бодохынхоо хажуугаар хувиа ч их бодсон юм байна. Хамгийн гол нь би  энэ цагийн хүмүүсийн өөрийгөө л гэсэн хувьхан санааны эсрэг, нийтлэг үзэл, хандлага, таашаал, араншингаас огт өөр, өөрийнхөөрөө байж чадсан гэж хэлнэ. Дахиад хэлэхэд би Хойд Солонгос шиг зөрүүд, надад Трампууд ч бий.

-Таныг Хойд Солонгос гэдгийг хүлээн зөвшөөрөх нэг зүйл байгаа юм байна. Тэр нь ихэвчлэн нам гүм, өөрийнхөө таашаал, мэдрэмжээр л жаргаж суудаг утга зохиолын ертөнцийнхнийг үе үе юу болов гэмээр дүрэлзүүлж, талцуулж, заримыг нь гомдоож, цөөнгүйг нь бадрааж орхидог хатуу шүүмжүүд. Энэ үүднээс та өөрийгөө олон Трамптай гэж хэлж байна уу?

      -Хүн хүссэн хүсээгүй энэ амьдралд зарчмуудаа тогтооно. Тэр зарчмуудыг хүлээн зөвшөөрөх, зөвшөөрөхгүй хүмүүс зайлшгүй байна. Өнөө цагийн бидний дайсан бол үзэл бодол хийгээд зарчмуудын ялгаатай хүмүүсийн зөрчилдөөн байхгүй юу. Тэгэхээр би яах аргагүй олон дайсантай. Дайсан олон байх чинь гоё. Намайг харлуулахыг хичээдэг, хэн нэгнээс хэн нэгэнд байнга миний тухай ярьдаг хүмүүс байх чинь зүгээр. Хүн дандаа цагаанаар амьдарч болохгүй. Хөгшин ээж маань нэг удаа надад “Хүү минь ээ, цагаан хэл буудах чинь хар хэл амнаасаа хэцүү байдаг юм” гэж хэлж байсан юм. Тэгэхээр хар цагаан хоёрыг сүлж л амьдрах хэрэгтэй. Би дайснууддаа нэг л зүйл хэлэхийг хүсдэг. Үнэхээр миний дайсан юм бол дайсан шиг бай. Би та нарын дайсан учраас дайсан шиг л байна.

Яг нарийндаа би Монголын өнөөгийн утга зохиолд олон хүнийг хурцалж яваа. Тэр хүмүүс надаар хурцлагдаж, сайн сайхан зүйл бүтээхийн төлөө дотроо шатаж, буцалж яваа. Би зүгээр нэг муу нурманд булсан төмс шиг юм байсан бол тэд яах юм. Магадгүй намайг уншдаг, ойлгодог, ийм нэг хүн байдаг гэж анзаардаг хүмүүстээ бол би өөрийнхөө дүрийг тодорхой бүтээчихсэн гэж боддог. Тэр нь аливаа зүйлийг шүүмжилж, шүүмжийн үүднээс үнэлж, дүгнэдэг байдал. Энэ нь миний цусанд байгаа шинж чанар.

-Өөрөөр хэлбэл, удмын юм бий гэсэн үг үү?

      -Даваацэрэн гэж миний өвөө ноёд, дээдэстэй тэмцэгч, этгээд тийм хүн байсан гэдэг. Тэр хүний ёж, аливаа нэг үзэл баримтлалынхаа төлөө тэмцэгч чанар миний аавд бас дамжиж ирсэн байдаг. Аав минь социалист нийгэмд амьдарч байсан ч тухайн цаг үедээ хангайлттайяа бурууд хурц хүн байсан юм. Аавынхаа бурууд туйлын хурц зан чанарыг, үг хэлийг, үйл хэргийг би харж, сонсож өссөн байхгүй юу. Миний метр 65 сантиметр өндөртэй бие дундуур гүйж байгаа цусанд тэр зан чанарынх нь ч юм уу нэг юм хадгалаатай бий. Бүр хүүхэд байхаасаа л нийгэм, цаг үе, хүмүүс, найзуудынхаа аль болохгүй байгааг түрүүлээд харчихдаг, шүүмжилчихдэг байсан.  

Гэтэл зарим хүн намайг юмыг дандаа л болж бүтэхгүй талаас нь харж, шүүмжлэхийн тулд шүүмжиллээ ч гэдэг юм уу, шүүмжлэгч гэж ярьдаг. Үүний хариулт нь цусанд нь, генд нь байгаа ийм зан чанарыг яах юм бэ. Нөгөө талаас би дотроо асар олон хүнийг хүлээн зөвшөөрдөг. Энэ нийгэм, соёл урлагийн амьдрал доторх тоймгүй олон зүйлийг зүрх сэтгэлдээ ойлгож, дэмжиж байдаг.  Гэхдээ хүн бүхэн юм бүгдийг болж байна, бүтэж байна гээд түүндээ нийтээр итгэчихвэл энэ амьдралын бүх юм нэг л мэдэхэд болж бүтэхээ байчихна. Тэгэхээр болж бүтэхгүй байгаа зүйлийнхээ үнэн дүр төрх, царайг илчилж, хэлж, ярьж, буруу, алдааг нь засаж байж л маргаашийн зам мөр сайжирна, дардан болно гэж итгэдэг.

Тиймээс л би нийгмийн амьдралыг, хүмүүсийг, утга зохиолыг, боловсролыг, соёлын дүр төрхийг, хэл соёлын гажуудлуудыг ил гаргахыг л хичээгээд байгаа юм. Түүнээс биш шүүмжлэхийн тулд шүүмжилнэ гэвэл миний чадал хүрэхгүй юм болно. Энэ бол Батхуяг гэж хүнд байгаа ураг удмын талын  мөн чанар, өгөгдөл нь юм аа.

-Миний л мэдэхээр цөөнгүй хүний дургүйцлийг хүргээд авсан. Ганц л амьдрахаас хойш хүмүүсийн дургүйг хүргээд яах вэ гээд шүүмж судлалыг цааш нь түр тавьчихаж болдоггүй юм уу?

      -Тэгэх эрх надад байхгүй л дээ. Гэхдээ зарим юмны хажуугаар амаа хамхиад өнгөрдөг болж байна. Яагаад гэхээр надаар дамжиж авирах гэсэн санаатай хүн олон болж байна. Батхуягтай шөргөөцөлдөөд байвал миний нэр хүмүүст танигдах юм байна, утга зохиолын амьдрал дунд би хэсэгхэн хугацаанд ч болтугай анхаарлын төвд орж болох юм байна гэсэн ухвар бодолтой хүн цөөн биш байна. “Авьяасгүй байх тусмаа арга ихтэй байдаг” гэж Альберт Эйнштейн хэлсэн байдаг юм.

БИ ИЖЛИЙН ЗАЯАТАЙ ХҮН

-Та аав ээж хоёрынхоо талаар дурсамж дэлгэх үү?

      -Миний аав, ээж бол жирийн л сэхээтнүүд. Аав минь залуудаа шүлэг бичдэг байсан. Аавын яруу найргийн жижигхэн дэвтэр надад одоо ч бий. Шүлгүүдийг нь үе үехэн хардаг юм. Минийхээр тухайн цаг үедээ аав минь нэлээд дэвшилтэт үзэлтэй яруу найрагч байжээ гэж бодогддог. Харамсалтай нь амьдрал бол хувь тавилангийн эрхшээл учраас аав минь утга зохиолын зам мөрөөр яваагүй. Гэхдээ өөрийнхөө хувь тавиланг дүүрэн сайхан эдлээд, хань, үр хүүхдүүдтэйгээ жаргалтай амьдарч байгаад хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Би ааваасаа хойш нэг л зүйлийг маш сайн ойлгосон. Хэнд ч найдах хэрэггүй гэдгийг. 1990-ээд оны хүнд үед надад хоолтой хоолгүй, өлсөж даарч явсан үе бий.

       Гэхдээ би тэр үед хэнд ч итгэж байгаагүй. Хэн нэг даргатай илүү дотносоё, цүнхийг нь барьж үүгээр түүгээр дагаж гүйе гэж бодож байсангүй.  Ганцхан хүнд итгэж байсан тэр нь Батхуяг. Өөрөө өөртөө итгэж л өнөөдрийг хүртэлх зам мөрөө, хүрэх гэж зорьж буй өндөрлөгийнхөө зүг чигийг гаргасан. Тэгэхээр аав надад хагацал зовлонг таниулахынхаа зэрэгцээ өөрийнхөө зам мөрийг яаж олохын учрыг таниулсан гэж боддог. Өөрөөр хэлбэл, аавын хүний үр хүүхдэдээ өгөх ухаарал гэдэг бол байхад нь  ч байдаг, эзгүйд нь байдаг зүйл.

       Миний ээж бол харьцангуй чөлөөт сэтгэлгээтэй хүн. Ээж минь энэ нийгмийг, хүмүүсийн ааш аяг, байгаа байдлыг хамгийн уужим, уучлангуй сэтгэлээр хүлээж авдаг. Энэ бол олон хүнд заяахгүй ховор давтагдашгүй чанар. Надад ээжээс минь юм бүхнийг энэрдэг, хайрладаг тэр зан чанар нь байсан бол би илүү сайн  хүн байх байжээ гэж боддог. Надад алдаа дутагдал зөндөө бий. Гэхдээ л ээжийн минь тэр сайхан чанар л надад заяасан бол би төгс байх байсан гэж итгэдэг.

-Аавынхаа хэлж байсан ямар үгийг ямар үед илүүтэй боддог вэ?

           -1990-ээд оны эхэн үе, би оюутан байсан юм. Намар нэлээд орой болчихсон, гэртээ ортол аав үүдэнд суучихсан зуны гутлуудыг модон хайрцагт хийж байна. Зарим нь гайгүй ч ганц хоёр нь бүр хуучраад янбийчихаж. Хажуугаар нь би өнгөрөхдөө “Аав наад майжийсан гутлуудаараа яах гэж байгаа юм. Хэн ч өмсөхгүй шд” гэсэн чинь нээх том харснаа “Надаас хойш чи өмсөх ч юм бил үү” гээд гуталнуудаа үргэлжлүүлэн янзалсан. Тэр үедээ би юу ч бодоогүй. Харин аавын минь дотор цаг хугацааны нэг тийм мэдрэмж байсан шиг байгаа юм. Тэрнээс хойш аав удаагүй л дээ. Хожим бодоход үнэхээр хүн амьдралд ам гарч болдоггүй юм билээ. Үүнийг тэр цагт аав минь таньчихсан байсан учраас “Хүү минь яаж ч явж болно. Магадгүй энэ гуталнууд хэрэг болох цаг ирж магад” гэж бодоод тэр модон хайрцагт хийж суусныг ч үгүйсгэх аргагүй шүү дээ. Тэр үйл явдлаас хойш миний амьдралд “Хуучин гутал өмсчихгүй юмсан” гэх тэмцэл олон жил өрнөсөн юм болов уу гэж боддог. Хэдийгээр хүний өмсөж байсан, өөр хэн нэгэн өмсчихөөр гутлууд боловч түүний цаана хүнийг хурцалсан, эсвэл намайг хурцалсан, тэгж явахгүй юм шүү гэж бодуулсан, зориг итгэлийг төрүүлэх гэсэн аавын минь ухаан байсан ч юм бил үү гэж боддог.

-Та эхээс хэдүүлээ юм бэ. Гэрийнхэн нь бүгд л шүлэг, найраг оролддог уу?

         -Би нэг ах, эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй. Ах маань эгэл жирийн атлаа их ухаантай хүн бий. Хүнд хүч чадлаас илүү өр зөөлөн сэтгэл чухал юм байна даа гэдгийг ахаасаа харж, мэдэрдэг. Хоёр дүү маань төрийн албан хаагчид, мөн л эгэл жирийн, өөрсдийнхөөрөө сайхан амьдарцгааж байна. Хүнд гэм хоргүй амьдарна гэдэг өөрт сайхан бас үр хүүхдэд нь өв болж үлддэг маш чухал зүйл юм болов уу гэж боддог. Юу гэхээр аав минь, удам угсаа минь ийм өвийг бидэнд үлдээж чаджээ. Би ах дүүсээрээ бахархдаг. Тэдэнд минь хүний сайн сайхан чанарууд, түшиг тулгуурын сэтгэл хангалттай байдаг. Дашбалбар багш нэг удаа “Хүний амьдралын зорилго юу юм бэ” гэхэд “Мод тарих, ном бичих, хүүхэд төрүүлэх энэ тэр бол яах вэ. Харин өвгөдийн үлдээсэн сайн үйлийг л чанаржуулах” гэж байсан юм. Энэ гайхалтай  үг шүү.

-Охиддоо та юуг илүүтэй захиж, тэднийгээ ямар хүн болоосой гэж хүсдэг вэ?

        -Би охидоо зоригтой байхыг л ухаан санаанд нь суулгах юмсан гэж бодож, хичээдэг. Түүнээс биш олон ном уншдаг, мундаг сурлагатай, олон хэлтэй болгоё гэж зорьдоггүй. Харин аль болох бие даасан, оюун санааны хувьд хүчирхэг, зоригтой байгаасай гэж боддог. Энэ л миний хүүхдүүддээ бий болгохыг, өгөхийг зорьдог зүйл. Магадгүй санаа дагаад ч юм уу, эсвэл  санаагаар болдог ч юм уу, манай хоёр баргийн юмнаас няцахгүй, өөрийн гэсэн шударга үзэлтэй нь илэрч өсөж байгаад үнэхээр бахархдаг. Дотроо баярладаг.

-Та нэг ярилцлагадаа “Би утга зохиолын салбарт 20 гаруй жил зүтгэхдээ 30 гаруй ном бичжээ” гэж ярьж байсан. Таныг хүний амьдралын энэ олон асуудал, хүлээс дунд уран бүтээлдээ үнэнч, зогсохгүйгээр урагшлах, сайн сайхан гэгээн зүйлс бичиж, мэдрэх боломжоор хангаж байгаа хүн бол яах аргагүй гэргий тань. Үүнийг та хүлээн зөвшөөрөх үү?

     -Миний эхнэр говь нутгийн бүсгүй. Бид хоёр бага залуу хорин хэдхэн насандаа хувь тавилангаар холбогдож, амьдралын янз янзын зам мөр дундуур ижилсээд л явж байна. Би өөрийгөө ижлийн заяатай гэж боддог. Яагаад гэхээр би сайн хань ижилтэй. Чиний хэлснээр утга зохиолдоо өнөөдрийг хүртэл, ирээдүйд ч үнэнч үлдэхийн шалтгаан нь миний эхнэр.

       Бас нэг чухал зүйл. Юманд шунан дурлах сэтгэлийн ааг омгийг нухчин дарж байдаг нэг хүнийг надад заяасан нь миний хань байхгүй юу. Би нэг тийм дараастай явж байгаа тулдаа өдий дайны сайн явж байж магадгүй гэж боддог шүү. Миний хань их дөлгөөн хүн. Тэгсэн мөртлөө дотроосоо тийм нэг эрчимлэг, мөн чанар нь мэдрэгддэг, үг нь шулуун, үйл нь тов тодорхой хүчирхэг эмэгтэй. Энэ бол миний хувь заяа. Дээр нь би сайн ах дүүстэй. Энэ миний ижлийн заяа мөн биз. Бас сайн найз нөхөдтэй. Энэ бол гарцаагүй ижлийн заяа. Миний найзууд бол бүүр арван хэдхэн настай, алиа хонгор зүстэй байхдаа нөхөрлөсөн, туулсан зовлон үзсэн харсан бүх юмны маань дурсамж хоорондоо хутгалдаад, хэнийх нь дурсамж, хэнийх нь хөг аялгуу аль нь юм мэдэгдэхээ байтлаа ижилдсэн ахан дүүс. Тэднийг маань Монголын утга зохиолын Хүрээ ахан дүүс гэдэг. Үүнээс гадна надад шавийн буян бий. Хүн нүүрний буянтай гэдэг шиг би шавийн буянтай хүн. Энийг би хаа ч хэлнэ. Намайг залгамжлагч, дууриагч, үлгэрлэгчид байгаа. Монголын утга зохиолын ирээдүй, итгэл найдвар, арай сортоотой, золбоотой нь яагаад ч юм над руу ирдэг. Би хэнийг ч дууддаггүй. Өөрсдөө л хүрээд ирдэг. Үүнээс илүү хүнд юу хэрэгтэй юм. Надад заримдаа одоо байгаа бүхнээс минь илүү юу ч хэрэггүй санагддаг. Энэ бүхэн гэхдээ миний сайных биш байж магад. Дээр хэлсэнчлэн өмнөх үеийн өвөг дээдэс, аав ээжийн минь сайн буян надад ирсэн байхыг үгүйсгэх аргагүй.

ШҮЛЭГ БИЧИЖ БАЙГАА АРИУН СЭТГЭЛИЙГ НЬ ХАЙРЛАДАГ

-Асуухгүй өнгөрч болохгүй бөгөөд Батхуяг гэж хүнийг тэдэнгүйгээр төсөөлөх боломжгүй нэг зүйл нь таны хаа ч бардам хэлэх шавь нар. Танд сайхан байдаг уу?

        -Би бодлоготойгоор дэмжие гээд хэн нэгэнд урам өгөөд байдаг хүн биш.  Хамар хашаанд амьдардаг байсан нэг өвгөн “Манай монголчууд ирэх, үдэх хоёрт л муу үг хэлдэггүй юм аа” гэж нэг удаа хэлж байсан юм. Энэ бол монголчуудын суурь зарчим. Тэр үгийг би байнга бодож явдаг. Тийм ч учраас ирж байгаа хүнд би муу үг хэлдэггүй, хэлэх ч шаардлага байхгүй. Тэр хүн наашаа ирж байна шүү дээ. Харин ирснийхээ дараа, энд суугаад юу хийх нь тэр хүний асуудал. Тэр үед түүний толгойг илээд байх албагүй. Харин ч би шавь нарыгаа хувь заяанд нь хамгийн их даатгадаг. Өөрсдийнхөө хувь тавилангаар яв. Би бол чамайг, та нарыг тосож авсан. Одоо өөрийнхөөрөө яв л гэдэг.

        Хөөрхөн шүү дээ. Маш их эр зоригийн асуудал байхгүй юу. Хэдэн шүлгээ шүлэг болсон болоогүйг асуух гээд хаалга зориг муутайхан тогшоод, айсан, түгшсэн байдалтай орж ирж байгаа, дэвтрээ, цааснуудаа дэлгээд л “Танд үзүүлэх гэсэн юм” гэж хэлж байгаа нь, уншиж байхад амьсгалаа бараг түгжээд намайг хүлээж байгаа тэр гэгээн мөч, тэр гэгээн хүсэл тэмүүлэл, эр зоригийг хайрлахаас өөр яах юм бэ. Хүний бүтээлийн анхны уншигч нь би гээд чи боддоо. Үүнээс илүү хувь тавилан гэж хаа байх юм бэ. Тийм цаг мөчид хөмсөг зангидах ч утгагүй болдог, миний л хувьд. Өнөөдрийн энэ хатуу, арилжаа наймаа, ашиг сонирхлын нийгэм, цаг үед шүлэг бичих гээд, уран зохиол сонирхоод явж байгаа хүн чинь өөрөө ариун хүн байхгүй юу.

       Тийм ариун хүмүүсийг би бузар хорон санаатай угтаж болохгүй. Харин ч би тэр хүүхдүүдийг дагаад өөрөө ариун болчихдог. Заримдаа бүүр тэдэндээ уусаад, инээж хөхрөөд л хүүхэд шиг болчихсон байдаг. Сонин сонин юм мөрөөдөөд л, ярьчихсан байж байдаг. Хүүхдүүдтэй ажилладаг болохоор ч тэр юм уу, надаас хүүхдийн мөрөөдөл, зарим зан араншин илэрдэг. Энэ бол утга уран зохиолын ертөнцийнхний хүртдэг хувь ерөөл. Багш хүн шавьдаа сэтгэлээ асгаж сурах хэрэгтэй. Эргээд сэтгэл ирнэ. Өөрийнхөө гаргасан сэтгэлийн урам, бусдаас ирж байгаа сэтгэлийн урмаар л багш хүн амьдардаг.

-Олон залуу уран бүтээлч таниар анхны шүлгээ уншуулж, анхны номондоо мялаалга бичүүлсэн байдаг. Эндээс би таныг их зөөлөн хүн гэж боддог ч жинхэнэ уран бүтээлч хатуу шалгуураар төрдөг гэдэг.

          -Хэн нэгэн залуу яруу найрагч над дээр шүлгүүдээ бариад ороод ирэхэд нь сайн болсон, муу болсон гэж дүгнэж, хэлэхээсээ түрүүлж шүлэг бичиж байгаа сэтгэлийг нь хайрладаг. Хэн нэгэн надад бичих гэж оролдсон анхны өгүүллэгээ, анхны шүүмжээ бариад ирэхэд би хатуу, хайруу, болж байна, болохгүй байна гэсэн том байр сууринаас үнэлэлт, дүгнэлт өгч эзэрхүү, түрэмгий хандаж чаддаггүй. Яагаад гэвэл түүний бичсэн юмны цаана байгаа түүнийг хийхийн төлөөх сэтгэл, санаашрал, бодол, догдлол, цаг хугацаа, сэтгэл, хүсэл эрмэлзлэл, мөрөөдлийг нь хайрладаг. Энэ л миний амьдралын чиг шугам гэх юм уу, барьж яваа, магадгүй насан туршдаа барьсаар яваад дуусах мөн чанар, үйл хэргийн минь зорилго, үйл хэргийн минь утга учир байх гэж итгэдэг.

 

        Гэр бүл, ах дүү, амраг садан, ойр дотны хүмүүс бол мэдээж миний хамгийн ойр, намайг байгаагаар минь, байснаар минь, байх ирээдүйтэй минь хамт ойлгож, хайрладаг, тулж, түшдэг нь тодорхой. Гэхдээ заримдаа надад би тэр хүмүүсээсээ ч илүү өөрийнхөө шавь нарт, надад итгэдэг, намайг дагаж, дууриадаг, намайг үлгэрээ болгодог олон залуусын итгэлийг алдахгүйн төлөө, тэднийг улам асааж, бадраахын төлөө амьдраад байгаа ч юм шиг санагддаг. Тэр хүмүүсийн итгэл үнэмшлийн итгэлийг алдахгүйн төлөөх миний хичээл зүтгэл магадгүй Монголын утга зохиолын, Монголын хэл соёлын, Монголын соёл урлагийн энэ ертөнцийн ирээдүйн итгэл, замнал ч болохыг үгүйсгэхгүй. Үүний тулд би гүүр нь болж байгаа ч юм билүү. Цаг хугацаа яаж өөрчлөгдөхийг хэн ч таашгүй. Мөн чанар яаж өөрчлөгдөхийг би тааж чадахгүй ч надад горьдлого, итгэл бий. Миний хэлсэн цөөхөн үгэнд урамшаад гялалзаж яваа залуус олон бий. Хийж бүтээхийн төлөө хөдөлмөрлөж байгаа хүн олон бий.

-Та дээр шавь нараа “Хувь заяанд нь даатгадаг” гэж байсан. Үүний хажуугаар жинхэнэ уран бүтээлч болохын тулд залууст юу хэрэгтэйг, хэрхэхийг нь хэлж өгч, тусладаг биз дээ?

        -Урлаг, уран зохиолын ертөнцөд хэр хэмжээгээ таних гэж айхтар юм байна аа. Хэр хэмжээгээ танихгүй явдал л хүмүүсийг шог гарааны гол жүжигчин болгочихоод байгаа юм. Хэрээ таньсан хүнээс хэмжээнд нь таарсан юм л гардаг. Хэрээ мэддэг хүн хэмжээгээрээ л дуугарна. Бас хэр хэмжээгээрээ л бүтээнэ. Уран бүтээлч болохын зовлон жаргал ойлгомжтой. Хэцүү, шаналал их. Хамгийн гол нь уран бүтээлч болохын өмнө өөрийнхөө хэрийг таних хэрэгтэй. Зохиолч болно оо гээд ширээний ард үзэг, цаас нийлүүлээд сууж байгаа залуучуудыг эхлээд хэр хэмжээгээ тань гэж л хэлдэг. Түүнийг танихын тулд бусдыг тань. Дараа нь өөрийгөө тань. Бусдыг таньчихаад өөрийгөө бусдаар дамжуулаад таньж мэдэж, олоход арай бодитой. Уран бүтээлчийн зовлон жаргалыг мэдрэе, зохиолч болъё гэж бодож байвал бусдын зохиол, бүтээлийг унш. Тэндээс тэр зохиолчийн баяр бахдал, зовлон шаналлыг мэдэр.

          Тэгж байж тэр сэтгэл зүйн хандлага чамд өөрийн мэт сууж өгнө. Түүний дараа чи өөртөө тэр зовлон шаналал, урлан бүтээх сэтгэл зүйг бий болгож чадна. Манайхан “Авьяастай нь батлагдаагүй байж” гэж ярьдаг юм.  Авьяастай нь батлагдаагүй байж “Монголын утга зохиолын өнөөгийн кадр юм уу лидер би байна” гэж хашгираад онигоо л байхгүй юу. Ийм явдал гэхдээ цөөн биш байдаг нь эмгэнэлтэй л дээ. Олигтой ганц шүлэг, овоо гэхээр ширхэг өгүүллэггүй байж өөрийгөө орчин цагийн уран зохиолын, урлаг соёлын суут төлөөлөгч гэж тодорхойлуулаад явж байгаа хүн олон бий. Харин дуугарахаар хэмжээндээ дуугарахгүй байна гэдэг тэнэг хэрэг. Өөрийнхөө хэр хэмжээ, оюуны бяр бядыг мэдэж байгаа хэрнээ дуугарахгүй байна гэдэг утгагүй явдал.

АЛИВААД ХУВИРАШГҮЙ БАЙНА ГЭДЭГ МАГАД ЗАРИМ ХҮНД ИХ ХЭЦҮҮ БАЙХ

-Бусдыг хайрлан энэрэх, тэдэнд итгэл, шинэ хүсэл мөрөөдөл бэлэглэх нь хүний нэг мөн чанар. Гэхдээ энэ хүн бүхнээс илрээд байдаггүй сайхан чанар гэж бодож байна?

          -Миний өвөг дээдэс, аав, ээжээс тархинд минь илүүтэй суулгасан зүйл бол энэ амьдралд хүн нэг л зүйлийг эрхэмлэж явах ёстой. Тэр нь хувирашгүй зан. Аливаа зүйлд хувирашгүй байна гэдэг магадгүй зарим хүнд их хэцүү байх. Харин хувирашгүйг өөрийнхөө гол зүйлээ болгосон хүмүүсийн хувьд хэцүү зүйл огтхон ч биш. Үүнийг би өөрийнхөө зорьж, тэмцэж яваа үйл хэргээрээ батлахыг оролдож байна. Гэхдээ бүрэн дүүрэн харуулж, баталж чадаж байгаа гэж өөрийгөө хэлэхгүй ч зорьж байгаа минь үнэн.

            Цаг хугацааны хэрээр хүн хувирч, өөрчлөгддөг. Гэхдээ тэр хувиралтууд дунд хувирашгүй зүйлүүд байх ёстой юм. Минийхээр нэгдүгээрт, заяа ерөөлөөр учирч, хувь тавилангаа холбож, ижил бага наснаасаа жаргал зовлонгоо тэнцүү хуваасан хань ижлээсээ хувирах ёсгүй. Хувирах л юм бол чиний амьдралд маш олон ээдрээ, зогсолт үүснэ. Наад зах нь оюун санаа, мөн чанарынхаа хувьд өөрчлөгдөх эсвэл шинэ нөхцөл байдалд дасахын тулд бүхнийг эхнээс нь эхлэх хэрэгтэй болно. Аливаа нэг зүйлийг хийх гэж, зорьж тэмцэж яваа хүний хувьд хань ижлээсээ хувирна гэдэг олсон бүх цаг хугацаагаа алдаж байгаа асар их алдагдал гэсэн үг. Хоёрдугаарт, хүн өөрийнхөө зорилгод хэр үнэнч байна. Тэр хэрээр хувь тавилан чинь чамд үнэнч байна. Энэ бол шашин, мухар сүсэг огт биш. Энэ бол хүний амьдралын, магадгүй олон зуун жилийн хүний амьдралаар туршлагаар батлагдчихсан зүйл.

-Таны амьдралд дурсамж хэр их орон зай эзэлдэг вэ. Ингэж асуусны учир нь таны үеийн уран бүтээлчдийн олонх нь дурсамжаасаа сэдэвлэж зохиол, бүтээлээ туурвидаг болдог шиг анзаарагддаг. Танд ийм зүйл тохиолдож байгаа юу?

         -Хүн амьдралынхаа магадгүй ихэнх цаг хугацааг дурсамжаараа дүүргэж амьдардаг байж мэдэх юм. Дээр ярьсан шиг он цагийн хуудас эргэлдээд л дурсамжийн дэвтэр зузаарах тусам магадгүй хүн урагшаа шинэ хуудас нээхээсээ илүүтэй ард үлдсэн шарласан хуудсуудаараа илүүтэй аялж, тэндээсээ эрч хүч авч, ухаарал, сэхээрэл авдаг байж магдагүй гэж анзаарсан. Яасан гэхээр сүүлийн үед бичсэн богино өгүүллэгүүд дотор хүссэн хүсээгүй, өөрийн анзааргагүйгээр хийсэн буцалтууд байгаад байгаа юм. Дурсамжууд руугаа хийсэн буцалтууд, тэндээс 40 настай Батхуягт одоо төрж байгаа ухаарлууд цөөнгүй бий болсон.

          Магад хүнд шилжилтийн үе гэж байдаг шиг оюун санааны ч шилжилтийн үе гэж байдаг юм болов уу гэж анзаарсан. Нээрээ ч утга зохиолын хүрээнийхэн дунд яг өдий насныхан би-г дурссан нь түлхүү байдаг. Амьдрал бол аз жаргалтай хормуудын цуглуулга, дурсамж. Зарим хүн бүгдийг ой санамжнаасаа арилгачихаж байгаа юм шиг дан аз жаргалтай дурсамжаараа амьдралаа дүүргэхийг хүсдэг шиг байгаа юм. Би бол тэгж боддоггүй. Хүний амьдралын дурсамжийн хуудас хар бараан, сайн муу, баяр гуниг, нулимс, инээд, ганцаардал гээд бүх л зүйлтэй байх ёстой. Энэ үүднээс зарим хүний баяр хөөр нь болж дурсагдах юмсан, заримынх нь гуниг, уйтгар нь болж санагдах юмсан гэж уран зохиолын амьдралд тууштай зүтгэж явна.

-Тэгвэл таны айдас юу вэ?

       -Би өөрийгөө эрт үхэх болов уу, эсвэл тэд хүрэх болов уу гэж огт айдаггүй. Энэ бол айдас биш. Цаг хугацаа хэд хүртэл үргэлжлэх нь хамаагүй. Гол нь утга учиртай байх ёстой. Би үхлээс айж яваагүй. Яагаад гэвэл багш миний тархинд “Үхэл бол байх л зүйл” гээд суулгаад өгчихсөн. Үхэл бол найз нөхөд шиг, багш шиг, шавь нар шиг л зүйл байхгүй юу. Үхлийг яаж хүлээж авч байгаагаас л хүний оюун санааны олон зүйл шалтгаалдаг байх гэж боддог.

        Би Монголын утга зохиолын түүхэнд үлдчих юмсан гэж айдаггүй. Нэрээ үлдээж чадахгүй болчих вий гэж айдаггүй. Тэр бол миний асуудал биш. Надаас тусдаа асуудал. Харин надад нэг л том айдас байна. Буруу зөрүү зам мөр рүү орчих вий гэж айдаг. Оюун санаагаа худалдчих вий л гэж айдаг. Энэ бол миний насан туршийн айдас байх. Тэгсэн хэрнээ би муу зохиол биччих вий, хүнд хэрэггүй юм хийчих вий гэж огт айж байгаагүй. Нэг эргээд хартал Батхуяг оюун санааны хөгийн янхан болчихсон байвал яана. Хэрвээ тийм юм болсон байвал, түүнийгээ мэдсэн даруйдаа эргэлзээгүйгээр л үсэрнэ. Тэгж амьдарснаас үсэрчихсэн нь шулуухан. Нөгөө талдаа би айх юмнаасаа айдаггүй хүнээс айдаг. Айх юмнаасаа айдаггүй хүн л хамгийн аймшигтай. Ухаантай хүн гэж тусдаа хүн байхгүй шүү дээ. Ухаантай хүн гэдэг чинь ерөөсөө л айх юмнаасаа айдаг хүнийг л хэлж байгаа юм.

ИРЭЭДҮЙН ЖИЛҮҮД БОЛ БАТХУЯГИЙН РОМАНУУД ТӨРӨХ ЦАГ ХУГАЦАА 

-Та одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ. Жилийн өдийд таны номнууд “төрдөг”. Энэ жил ч адил уу?

        -Яг одоо миний ширээн дээр байгаа, хоёр жил гаруй цаг хугацаа зарцуулчихаад байгаа “Хамгийн хүйтэн хот” гэх романаа бараг дуусчихаад сууж байна. 1990-ээд оны нийгмийн байдал, тэр үеийн 17-18-тай залуучуудын хайр сэтгэл, тэдний амьдралд тохиолдсон элдэв явдлууд, дээр нь миний бичих дуртай домгийн, нууцлаг, шидэт өгүүлэмжийг сүлжилдүүлсэн харьцангуй шинэ хэлбэрийн гэж болохоор роман бичихийг хичээлээ. Таван жилийн өмнө би нэг роман бичих гэж оролдсон. Зарим хүн их ам сайтай байсан бол бас зарим нь “Чиний наадах чинь роман биш” гэж байсан юм.

       Тэр бүхнийг эргэцүүлж байгаад “Надад ямар боломж байна вэ” гэдгээ сорьж, шалгахаар энэ романаа бичлээ. Үүнээс гадна яруу найргийн шинэ түүврээ бэлэн болгочихлоо. Мөн утга зохиол судлал, шүүмжлэлийн “Эсрэг цаг” номынхоо дөрөвдүгээр дэвтрийг эмхэтгэчихлээ. Дээр нь сүүлийн үед бичсэн моно болон драмын жүжгүүдээ нэгтгээд орчин цагийн ганц хүний жүжгийн түүвэр болгохоор ажиллаж байна. Энэ бүхнийгээ романтайгаа хамт ирэх он дөнгөж гаргаад хэвлүүлэх бодолтой сууна.

-Дан моно жүжгээр ном хэвлэгдэх нь ээ?

        -Шинэ эмхэтгэл маань тайзан дээр тавигдсан моно жүжгийн түүвэр байх юм. Өнгөрсөн хавар гэхэд Баатар найруулагч бид хоёрын хамтарч тавьсан “Гал”, Хятадад тоглогдсон “Маргаашийг мартагсад”, өнгөрсөн сарын сүүлчээр Эрдэнэт хотод тавигдсан “Хүний хүрэм” гэх мэт моно жүжгүүд багтсан. Би уран бүтээлийн хувьд ямар нэгэн төлөвлөгөө гаргаад түүнийгээ ягштал мөрддөг хүн биш. Хувь тавилангийн эрхээр  хийх ёстой зүйлийнх нь оюун санааны  нөхцөл нь бүрдвэл хийнэ. Миний оюун санаанд дараагийн хийх нэг зүйл байгаа нь ямартай ч шүүмжээс хэсэг хөндийрнө. Театр урлаг, утга зохиолын судлалаас бас өөрийнхөө цаг хугацааг татна. Харин цаг хугацаагаа илүү тавьж өгөх үйл хэрэг маань хүүрнэл зохиолын томоохон төрөл байх болно. Ирээдүйн жилүүд бол Батхуягийн романууд төрөх цаг хугацаа гэж төсөөлж явна. Яарч, адгадаг, илүү ихийн төлөөх хүсэл, ад минь дарагдсан байна.

-Үүнд юу ямар нэгэн зүйл нөлөөлсөн гэж та бодож байна уу?

          -40 нас. Түүнээс өмнө нь адгаж, яардаг юм байна. Залуу байхдаа, одоогоос хэдэн жилийн өмнө бол би илүү ихийг бүтээх юмсан, өшөө гоё сайхныг бичих юмсан гэж хүсэж, оргилж, буцалсан ад байсан бол одоо туулсан зам мөрийн минь ядаж тал хувь нь цагаан мөртэй байгаасай гэж боддог болчихсон байна. Бас нэг ийм зүйл бий. Аяллаар хөдөө явж байгаад би нэг өвгөнтэй таарч байсан юм. Машин эвдэрчихээд хүнээр засуулж байхдаа би яараад л тэрүүгээр адгаад л яваад байсан шиг байгаа юм. Тэр өвгөн надад “Хүү минь, чамайг хараад байхад чи их адгуу хүн юм. Амьдралд хүн яардаггүй юм шүү дээ. Болох ёстой бол аяндаа л болно” гэж байсан. Тухайн үед би тэр үгийг ойлгож, ойшоож хүлээж аваагүй. Одоо бодоод байх нь ээ өвгөн үнэн л хэлсэн байгаа юм. Хүн юм бүхнийг өнөөдөр, маргааш бүтээчих гээд л яарч адгах шаардлага огт байхгүй. Ёстой л бол цагтаа л болно. Тийм үүдэн гарахын шалтгаан, нөхцөл байгаа л бол өөрийнхөө цаг хугацаанд, болох тохиолоороо л болоод өнгөрдөг гэдгийг би ухаарсан.

-Энэ тухай О.Дашбалбар багш чинь хэзээ нэг цагт хэлж байсан л байх даа.

        -Би ер нь бол багшийн тэнгэртэй хүн шүү дээ. Намайг утга зохиолын амьдралд хөл гишгээд ороод ирэхэд тосож авсан хүн маань Очирбатын Дашбалбар гэж агуу хүн байсан. Энэ хүнийг би олон жил амьдралынхаа үлгэр жишээ болгосон. Одоо ч болгож яваа. Ирээдүй маань ч тийм байсаар дуусна. Үүний ганцхан илрэл нь би багшийнхаа төрсөн, бурхан болсон өдрөөр нь багшийгаа дурсаж нийтлэл бичдэг. 1998 оноос хойш бичсэн эсээ, нийтлэл, судалгааны өгүүлэл, дурсамж, тэмдэглэлүүдээ нэгтгээд Очирбатын Дашбалбар гэсэн ном гаргана. Багштайгаа би есдүгээр ангид байхдаа анх нүүр тулж уулзаж, танилцсан. Нэг найзын маань үерхдэг охин Хөгжим бүжгийн сургуульд сурдаг байсан юм. Тэр охиныг тосож авах гээд намар есдүгээр сар модны навчис шаргалтчихсан үе, Хөгжим бүжгийн урд замаар явж байтал багш монгол цамц өмсчихсөн, “Атар” талх сугандаа хавчуулчихсан, үс нь салхинд нээх гоё, бүргэдийн жигүүр ч юм шиг дэвээд л өнгөрсөн. Найзыгаа орхиод шууд дагаад явчихсан. Араас нь явж байгаад дэргэд нь очоод шүлэг бичдэг гэж хэлээд нэг хоёр шүлэг уншсан. Тэгэхэд багш нэг л сайхан үг хэлсэн. “Бичээд бай” гэсэн. Энэ үг надад “Чи авьяастай юм байна. Чи бол гайхалтай хүүхэд юм байна” гэж хэлэх шиг л санагдсан. Намайг боль гээгүй бичээд бай гэсэн. Тэрнээс хойш би тэр хүнийг өөрийнхөө үлгэр болгосон. Үсээ ургуулж эхэлсэн. Хичээлдээ дээл өмсөж, хүзүүндээ эрхи зүүсэн. Сайн хүнийг, ухаантай хүнийг, хүчирхэг оюун ухаантай хүнийг үлгэр, дууриаллаа болгосон учраас би өнөөдөр өдий зэрэгтэй явж байгаа байхгүй юу. Тэгэхээр би азтай байгаа биз дээ. Магадгүй багшийн минь тэр сайхан сэтгэл надад дандаа хадгалагдаж байдаг байх. Одоо би хүмүүсээс Батхуяг бол сайн багш гэх мэт магтаалын үг сонсдог л доо. Үүний эх үндэс нь миний багш юм шүү дээ. Тэр хүн маш сайн яруу найрагч, эх оронч, улстөрчөөс гадна гайхалтай багш байсан юм. Уран зохиолын лекцийг тэр хүн шиг, оргилж байгаа дарс шиг тийм гайхалтай, хөөсөртөл нь уншдаг, ярьдаг хүнийг амьдралдаа би дахиж олж хараагүй.

-Таныг жүжгийн зохиол руу ороход Дарма Батбаяр багш их нөлөөлсөн үү?

        -Би Дарма Батбаяр багштай эрхгүй л холбогдсон. Багш дээр “Би таны шавь, ийм тийм” гэж очоогүй мөртлөө л энэ хүний утга зохиолын үзэл баримтлал, хандлага миний хүүрнэл зохиол руу орох, хожим нь жүжиг бичих гэж оролдох эх суурийг яах аргагүй тавьсан. Миний үзэл баримтлал, төлөвшил, зарим талаар зан араншингийн илрэл Дашбалбар гэж хүнээс өвлөгдсөн бол Дармын Батбаяр гэдэг хүнээс жинхэнэ уран бүтээлч хүнд байх тэр мөн чанаруудын зах зухыг ойлгож авсан. Тийм ч болохоор утга зохиолын энэ амьдралд би багшийн тэнгэртэй гэж өөрийгөө боддог. 

-Бичсэн зүйлдээ ч юм уу, өөртөө эргэлзэх үе танд байсан уу?

        -Миний үйл хэргүүд ер буруу байгаагүй. Үүндээ би цаг хугацаа өнгөрөх тусам, 40 насыг гэтлэх тусмаа улам итгэж, итгэлтэй болж байгаа. Өөрийнхөө үйл хэрэгт би нэг ч удаа эргэлзэж байгаагүй. Миний зам, зорилго, үйл хэрэг зөв байсан. Миний итгэл үнэмшил зөв байсан. Би хэн нэгэнд худалдагдаж, цүнхийг нь барьж, араас нь гүйж, хэний ч юм итгэлтэй жаал болохыг нэг ч удаа хүсэж байгаагүй. Тийм ч учраас би шавь нарыгаа тийм загварын хүн болгохгүйн тулд хүмүүжүүлдэг. Тархи, оюун ухаанд нь тийм хүн болохгүйн тухай санаа үзлийг суулгахын тулд л миний өнгөрсөн хугацаанд бичсэн, хийсэн үйл бүхэн, зорилго, мөн чанар, цаг хугацаа гээд бүх зүйл минь зориулагдсан. Хүн өөрөө хүчирхэг, оюун санааны хувьд хэнээс ч хамааралгүй байх нь л хүний амьдралын утга учир, мөн чанар. Товчхондоо Батхуягийн өнөөдрийг хүртэл, цаашдаа ч зорьж тэмцэх зүйл бол ердөө л энэ.

-Ярилцсанд баярлалаа.

          -Баярлалаа. 

2017 он


П.БАТХУЯГ: “ХОЙД СОЛОНГОС” ШИГ ӨӨРИЙНХӨӨРӨӨ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-07 13:18:11
    Ah ni: Saihan duu mini uh l utga uchirtai amidarch baij dee. Mongolin utga zohiold uuriin gesen tamgaa daraad Tengeriin ornig zorison duugiin mini tend bagsh shavi nartaigaa uran buteelee yriltsaj buizaa. Um ma ni ******** me hum
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-10-06 15:55:00
    zochin: Nomiin tsagaan buyan arvijix boltugai Aguu zoxiolch maani olon saixan uxaaral xairlasan nomnuudaa unshigch olondoo uldeegeed tengeriin oron ruugaa odjee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-09-10 16:55:39
    Уншигч: Аяа номын далайд сэлж яваа хүн юм байна. Ханаар нь дүүрэн ном, үгүй номыг хана шиг өржээ гайхалтай
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-09-10 15:23:37
    Вв: Батхуяг бол дахин Монголд 100 жилд төрөхгүй сод авьяастан.Ийм хүмүүсээ Монголын төр хайрлаж байгаарай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-10 09:42:54
    123: Сонирхолтой ярилцлага байна. Нээрээ л өнгө мөнгө гэсэн одоо цагт шүлэг бичиж байгаа хүмүүс ариухан хүмүүс юм байна.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188