• Өнөөдөр 2024-03-29

АРДЫН БАГШ Б.ДАШ-ЁНДОН: Багшгүй хүн, багшгүй ертөнц гэж монголд байхгүй

2021-07-11,   1274

              Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр төрийн дээд одон, тэмдэг гардууллаа. Энэ үеэр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат философийн ухааны доктор Б. Даш-Ёндонд Ардын багш цол хүртээв. Тэрбээр монголын гүн ухааны салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, "Сэтгэл, бодрол, философи", "Монголын хөгжлийн философи" "Үйлсээрээ мөнхөрсөн Б. Ширэндэв" зэрэг томоохон бүтээлүүдийг эмхлэн гаргасан байдаг. Түүний баярын сэтгэгдлээс хуваалцлаа.
 
-Төрийн дээд цол тэмдгээр энгэрээ мялаасан танд баяр хүргэе. Таны хийсэн бүтээснийг төр үнэллээ. Шагнал авах тухайгаа хэзээ дуулав?
 
-Баярлалаа. Шагнал авах тухайгаа яг өмнөх өдөр нь дуулсан. Маш их баяртай байлаа. Шагналаа гардаад зогсож байхад уул ус, ижий, аав минь бодогддог юм байна.
 
-Та Хөвсгөл аймгийн Цэцэрлэг  сумын харьяат хүн байхаа. Хүүхэд насны дурсамжаасаа хуваалцахгүй юү?
 
-Тийм ээ. Би Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 1946 онд төрсөн. Аав, ээж минь хоёул малчин, нэгдлийн мал хардаг байв. Тухай үед нэгдэл бий болж, хүүхдүүд сургууль соёл сурахад бололцоотой болсон юм. Ингээд намайг, дүүгийн хамт эрдмийн мөр хөөлгөсөн. 

Уг нь би эхээс 13-уулаа. Хөвсгөл аймгийн цэцэрлэг суманд Согоотын бага сургуулийг төгсөж, 1964 онд ахлах сургуулиа төгссөн юм. Ингээд Монгол Улсын Их сургуульд түүхийн багш гэдэг мэргэжлээр элсэн суралцаж, 1968 онд төгссөн.

 
-Ажлын гараагаа Их сургуулийн багшаас эхлүүлж байсан гэдэг. Энэ тухай сонирхуулбал?
 
-Түүхийн багш мэргэжлээр төгсөөд Их сургуульд философийн хичээл заадаг байв. Багшаар нэлээд хэдэн жил ажиллаад МАХН-д орлогч гишүүнээр элсэж байсан. Би философийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд анхаарч, хэд хэдэн томоохон бүтээл гаргасан. Хэдий түүх судлалаар мэргэжил эзэмшсэн ч би түүхээр “оролдож” чадаагүй. Гэхдээ түүх судлал бол онцгой чухал мэргэжил.
 
Өв соёлоо ойлгох, өвөг дээдсийн тэмцэл, тэмцлийн зорилго, тусгаар тогтнолын төлөөх зүтгэл зэргийг түүхээс тодорхой сайхан харж болно. Ард түмэн түүх судлалаас өөрийгөө ойлгож, цаашдын зам мөрөө тодорхойлж болно гэж ойлгодог.
 
-Тухайн үед намын орлогч гишүүнээр элсэж байсан гэлээ. Орлогч гишүүн ямар үүрэг гүйцэтгэдэг байсан юм бэ?
 
-Би 1968 онд анх намд элссэн. Тухайн үед орлогч гишүүнээр элсэж байлаа. Гэхдээ би найман жил намын ажил хийгээгүй. Бусад бүх үед намтайгаа холбоотой ажилласан даа. Орлогч гишүүнээр элсэнэ гэдэг нь нэг ёсны шалгуур байсан. Намд жинхэнэ гишүүнээр элсэж чадах уу гэсэн шалгуур байв. Намын дүрэмдээ тийм заалттай байлаа.
 
 
-Та намынхаа 100 жилийн ойн тэмдэглэлт өдрүүдэд Ардын багш гэдэг хүндтэй цолоор шагнууллаа. Багш гэх мэргэжлийн үнэ цэн, сайхан нь юунд байна гэж боддог вэ?
 
-Монгол хэлэнд, монгол хүнд маш хүндтэй үг шүү дээ. Хичээл номын багшаас гадна ажил амьдралын багш байна. Багшгүй хүн, багшгүй ертөнц гэж монголд байхгүй. Энэ бол хамгийн хүндтэй сайхан ажил. Багш гэж нэрийддэг бол ихэд хүндэтгэж байна гэсэн үг.
 
1923 онд Ардын сургуулийн багшийн цалинг Ерөнхий сайдын цалинтай адил болгох шийдвэр хүртэл гаргаж байсан байгаа юм. Тэгэхээр тухайн үед багш гэх мэргэжлийн үнэлж, хэдий хэр анхаарал тавьж байсан нь тод харагдаж байгаа юм. Хожим хойно намайг сургуульд орсон хойно ч багш нар ихэд анхаарч түлээ түлшээр хүртэл хангадаг байлаа. Ингэж л багш хэмээх мэргэжлийг хүндэтгэж иржээ.
Философи гэдэг бол хүн нийгмийн, нийгмийн эхийн барьж байгаа төр засгийн, төр засагт харьяалагдаж байгаа ард түмний оюуны баримжаа юм.
-Та тухайн үеийн МАХН, одоогийн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн албыг хашиж, гаднын улсад Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан байхаа?
 
-Би 2001-2005 онд Болгар Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байлаа. Элчин сайд гэдэг хүн бол төрийн төлөөлөгч. Намын харьяаллаас түдгэлзэж, дөрвөн жил Элчин сайдаар суусан.
 
-Та монголын философийн түүхийг дэлхийд сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулж, олон бүтээл хэвлүүлсэн. Ер нь манай улсын философийн шинжлэх ухаан ямар шатанд хөгжсөн бол?
 
-Философи гэдэг бол хүн нийгмийн, нийгмийн эхийн барьж байгаа төр засгийн, төр засагт харьяалагдаж байгаа ард түмний оюуны баримжаа юм. Гэхдээ философийг түмэн янзаар тодорхойлж болно. Тиймээс сайн философич, муу философич гэж байдаггүй.
 
Манай монголчуудын үлгэр домог, зүйр цэцэн үг зэрэгт хүнд ухаан ухамсар  суулгах, хүний ахуй амьдралд зөв чигийг заах тийм ёс зүйн чиглэлтэй асар том номлол байсан. Үүнийг гүн ухаанд суулгая гэвэл асар их судалгаа шаардана.
 
-Цаг гаргасан танд баярлалаа. Сүүлийн асуултаа танд үлдээе?
 
-Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр үеэрээ төрийн дээд шагнал хүртсэндээ талархаж байна. Монголын ард түмэндээ Үндэсний баяр наадмын мэнд дэвшүүлье. Ард түмнээ соён гэгээрүүлэх үйлсэд зүтгэж байгаа бүхэн багш юм шүү дээ.
 

 


АРДЫН БАГШ Б.ДАШ-ЁНДОН: Багшгүй хүн, багшгүй ертөнц гэж монголд байхгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-11 20:46:00
    X : Saihan bainaa bayar hurgie erdmiin noen orgil ni heveer baigaarai tanitai zeregtseh hun Mongold baihgui ee.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188