• Өнөөдөр 2024-04-26

АНУДАР БИШ АНУДАР

2021-05-21,   7088

           Монголын утга зохиолд залуухан төрхөөрөө мөнхөрсөн нэгэн зохиолч бий. Өдгөө амьд сэрүүн байсан бол 48 нас хүрч байх ёстой боловч цэл залуухан зургаараа л олонд үлджээ. Тэр бол Санжаасүрэнгийн Анудар. Уг тэмдэглэлийг бичихийн тулд эгч С.Гэрэлтэй нь түүний тухай хөөрөлдсөн юм. Утас цохиход “Та нар буруу ойлгоод байдаг юм. С.Анудар гэдэг хүнийг ганцхан “4 биш 4” бүтээлээр нь илэрхийлэх боломжгүй ээ. Чи манайд хүрч ирээд зурсан, бичсэн олон бүтээлийг нь хар. “4 биш 4” бол түүний нэгхэн хэсэг” хэмээв. Үнэхээр ч 200 гаруй зурсан зураг, жүжгийн зохиол, шүлэг гээд бидэнд мэдэгдээгүй олон бүтээл нь хадгалагдан үлджээ. Эл тэмдэглэлийг бичих үедээ Виктор Цойн дууг сонсож, С.Анудар хэмээх нэгнийг төсөөлөхөд яг л хар цагаан хальсны зураглалтай, 1980-аад оны соц нийгмийн дүрслэл кино мэт тодрох. Бусдад хэрхэн төсөөлөгддөгийг мэдэхгүй ч миний хувьд ийм л зураглал бууна.

С.Анударын ээж нь хүүдээ Тэмүүдэр хэмээх нэр бодсон байсан ч дүү нь түрүүлж амаржихад дүүгийнхээ хүүхдэд эл нэрийг хайрласан гэдэг. Ийнхүү Анудар 1973 оны зургадугаар сарын 19-ны өдөр хоёр хүүхэдтэй айлын бага хүүхэд нь болж мэндэлжээ.

Сахилгагүй, үргэлж хөхөрч, бусдыг инээлгэдэг, хурц ухаантай хүүхэд байж. Бага ахуйдаа эгчээрээ монгол ардын үлгэрийн номыг яриулсаар байгаад бүтэн номыг нь цээжилчихсэн байсан гэх. Багадаа уншсан номоороо жижигхэн ном, товхимол гаргаж байсан ч удаатай. Түүний бүтээлүүдэд ардын үлгэр, аман зохиолыг орчин үеийн өөрийн хэв маягт шингээсэн нь байдаг нь бага ахуйдаа үлгэрийн номонд дуртай байсных биз.

Мөн байлдааны тактик сонирхож, баримлын шавраар цэрэг бүтээж тоглодог байж. Өсвөр насандаа Оросод сурч байх үед нь Азиудыг ялгаварлан гадуурхдаг байсан болохоор сургуульдаа тийм ч дуртай хүүхэд байсангүй. Гэхдээ аав нь олон ном авч өгснөөр номонд дуртай хүүхэд болгон өсгөжээ. Энэ үеэс л өрнийн урлагийг их сонирхож эхэлжээ.

Өвөөг нь хэлмэгдүүлэлтийн үед тагнуул хэмээн гүтгэн ОХУ-руу авч яваад  эргэж ирээгүй явдал гэр бүлд нь арилшгүй хар толбо үлдээсэн байна.  Эмээ нь гэдсэндээ ээжийг нь тээн үлдэж, хотод ажил хайж “хүндхэн” үеийн туулжээ. Ээжид нь хүртэл нь хэлмэгдэлтийн ул мөр үлдэж, ажлаас нь дарамт үзүүлж, гэр бүлийн харилцаанд нь хүртэл “оролцож” байлаа. “Хэрэв манай гэр бүлд тийм хар толбо үлдээгүй бол Анударын бодол ч гэгээлэг байх байсан гэж боддог” хэмээн эгч нь ярианыхаа төгсгөлд дурссан юм. С.Анудар хэмээх залуу 22-хон насандаа цэл залуухан хорвоог орхисон ч олон зүйлийг бүтээж, ойлгосон нэгэн байжээ.

1974 онд аав нь сайд болоход улсаас байр өгч, гэр бүлээрээ хотын төв рүү буюу бидний мэдэх циркийн хажуугийн байр руу нүүжээ.

Эгч нь “Тухайн үед Анудар яг л “чөтгөр шиг”. Гэрт ирсэн найзуудын маань нуруун дээр нь үсрээд гарчихна. Тэгэхдээ л хүний занг нь таньчихдаг байсан. Нуруунд нь үсрээд гарахад уурлавал ааш муутай, хөөрхөн тоглоод байгаа нь сайн хүн болчихдог байсан” гэж ярилаа.

Харин эгч нь гадаад руу сурахаар явахад Анудар өөрийн өрөөтэй болсноор өөрийн эрх чөлөөг тэр өрөөндөө тогтоожээ. Ханаа эрээчиж, рок дууны үгийг ханандаа бичиж, дүүрэн зураг зурж, хэрэггүй болсон кассетны хальсыг хөрвүүлэн ханандаа нааж, хаалгандаа “орж болохгүй” гэсэн бичиг наалттай байдаг байжээ. Виктор Цойн гоё зураг ханан дээр байдаг байсан ч дараа нь алга болчихсон байсан гэв. Ийнхүү шөнөжин өрөөндөө хөгжмөө чарлуулж, солгой хоолойгоор дагаж дуулна. Гэр бүлийнхэндээ тэр бүр зохиол бичдэг байснаа хэлдэггүй байжээ.

Энэ л өсвөр насных нь үед ээж нь “Хэцүү байна” гэж эгч рүү захидал бичдэг байж.

Тэрслүү гэгддэг ч урлагийн төлөө сэтгэлтэй, зөөлөн хүн байсан мэт санагдах. Хэтэрхий эрт амьдралыг таньж, үхлийн тухай эргэцүүлсэн нь дөнгөж социализмын үеэс гарсан Монголчуудад тэрсүүд санагдах нь ч аргагүй биз. Гэвч өөртөө, өөрийн үзэл бодолдоо үнэн байсан нь бүтээл, үйлдлээс нь харагдана.  

Түүний найз Ч.Мөнхбаяр Миний шарталт хөөрч, хөлс асгарав. Хэлсэн чинь Ану “Наад орон дээрээ хэвтчих, өвгөн нь гоё дуу тавиадхая, тэгээд зүгээр болчихдог юм даа. Харин чи тамхи татдаггүй нь харамсалтай” гэв. Хураагаагүй орон дээр нь хэвттэл, бүр хучиж өгөв. Ийм ийм номнууд шарталтад сайн гээд шидсэнийх нь дунд Андэрсэн байв. Тэрийг нь амарчлан уншвал бие сайн ч болчих шиг” гэж дурссан нь бий.

Тэрээр өөрийнхөө зохиолыг олон нийтэд уншуулах дургүй, дургүй гэхээсээ тоодоггүй байсан мэт. Анхных нь зохиолоо найздаа аваачиж уншуулахад найруулга, үг үсгийн алдаа гээд “авах юмгүй” байсан гэдэг. Мань хүн үүнийгээ ч тоодоггүй байж. Сонинд ажилладаг найз нь “Эвтэй дөрвөн амьтан” нэртэй өгүүллэгийг нь “Монголын залуучууд” сонины нэгдүгээр нүүрэнд 1995 оны арваннэгдүгээр сард хэвлүүлж байжээ.

1993 онд “Монголын анхны панктай хийсэн ярилцлага” хэмээх нэртэй “Улаанбаатар” сонинд хэвлэгдсэн ярилцлагад С.Анудар “Рок бол амьдралын  минь хэлбэр. Стиль. Энэ тодорхойлолт  Оросод  бас өрнөдөд  “Сар бол  дэлхийн дагуул”,  “ханиад хүрэхэд нус гардаг” гэдэгтэй адил болсон тодорхойлолт. Миний сонсдог рок “Лед Зеппелин”(1968-2000), “The Doors” (1967-1971), “Металлика” (1980), “Слэйер” (1982), “Креатор” (1980), “Сэпултура” (1983), “Үхэл” (1983), “Aлиса” хамтлаг (1982), “Гражданское оборона”, “Странные игры”, “Телевизор” хамтлаг (1984), “А.Н.Башлачёв” (1960-1988)... Тэгээд би дүлийрсэн ч энэ хөгжмийг мартахгүй. Энэ минийх”. “Рок бол амьдралын минь хэлбэр” гэж ярьсан байна. Түүний номын бичлэгээ албаар тэгж бичсэн бус үнэхээр ярианых нь хэлбэр тийм байж.

Түүний “4 биш 4” номонд “Амьдарна гэдэг үхнэ гэсэн үг”, “Гучаас илүү наслах бол өөдгүйтэл биш, завхай гэмт хэрэг”  хэмээн бичиж байв. Эртнээс л үхлийн талаар бодож, эргэцүүлж байсан нь эдгээр үгнүүд гэрчлэх мэт. Зохиолч Г.Аюурзана “Үхлийн тухай боддоггүй, бодлоо ч түүнийг ердөө л ямар нэгэн зугаатай адал явдал мэтээр төсөөлдөг үедээ хүн залуу явдаг. Амьдрал бол үхэлд бэлтгэгдэх урт удаан явц юм гэдгийг олж харсан өдрөө л хүн залуу насаа орхидог. Залуу биш болно, үхэлд тэр чинээгээрээ дөхнө гэдэг муу юм биш. Ний нуугүй хэлэхэд, бие цатгалан амьд явахаас сэтгэл дүүрэн үхэх нь хавьгүй чухал” гэж нэгэнтээ дурссан нь бий. С.Анударын хувьд яг л үүнтэй адил амьдрал бол бэлтгэгдэх удаан явц юм гэдгийг ойлгосон мэт.

 Цэл залуудаа олон талын зүйлийг сонирхож, олон зүйл бүтээсэн нь түүнийг амьдралд хайртай байсныг гэрчилнэ.

“Гучаас илүү наслах бол гэмт хэрэг” гэсэн нь ердөө л шинэлэг зүйл үгүй болбол амьдрах хэрэг юун гэсэн санаа гэж таана. Хэзээ нэгтээ үхэх нь л ойлгомжтой байхад өнөө маргааш ялгаа юун гэж бодсон байх. Тэрээр өөрийн хүслээр философийн ангид суралцах хугацаандаа экзистенциалист онолыг шимтэн сонирхож байсан гэдэг.

1993-1994 оны хооронд “Ногоон морь” дүрслэх урлагийн сургуульд “Урлагийн философи” хичээл заадаг байсан талаар уран бүтээлч Ё.Далх-Очир хуучилж байжээ. Сургуульдаа “Урлагийн философи” хичээл заах багш хайж байхад Б.Галсансүх С.Анударыг санал болгосноор сургуульдаа багшаар урьж байв. “Хичээл дээрээ өөрийнхөө үзэл бодол, философичдын хэлсэн үг юуг илэрхийлээд байдаг юм, өөрөө бас юуг илэрхийлж, боддог вэ гэх юм уу, хүний хэлсэн үгийг цээжлүүлэх гээд байгаагүй. Оюутнуудтай харилцаа үүсгэж ажиллаж байсан. Тэрнээс биш дүн тавина гээд л философичийн хэлсэн үг, за тэр хэн билээ гэх тийм юм бол байгаагүй. Гоё залуу байсан даа. Хичээл зааж байхдаа сандал дээр хөлөө ачаад суучихна. Лекц уншихдаа тамхиа татаад л. Би нэг удаа суусан. Манай оюутнууд бүгд ам нь ангайгаад суучихна”  хэмээн багшилж байсан үеийнх нь талаар ийн дурсав.

1994 онд Монголын уран зургийн галерейн хоёр давхарт усан будаг, гуашаар зурсан бие даасан зургийн үзэсгэлэнгээ долоо хоног орчим дэлгэж байв. С.Анудар өөрөө “Зургууд нь ер нь абстракт. Бийрийн бичилт гэж ярьдаг шүү дээ, яг ч зурдаггүй. Ерөнхийдөө тийм. Сэтгэлийн илэрхийлэл. Ерөнхий дүрс байлаа ч гэсэн эксперсионист маягтай гэсэн үг. Бараан өнгө давамгайлсан хүчтэй зургууд байсан” гэж ярьсан тухайн үеийн сэтгэгдэл нь одоогоор зургуудыг нь тодорхойлох ганц үг болоод байна.

Анудар 1995 оны арван хоёрдугаар сарын 25-ны өдөр Хангай зочид буудлаас унаж нас барсан билээ. Амиа хорлосон гэж ярьдаг ч мафийн бүлэглэлд алуулсан байх магадлалтай ч гэж ярьдаг. Тийм хэдий ч гэр бүлийнхэндээ үлдээсэн гэрээслэлийг нь харвал үхэхээ хэдийнээ мэдэж байжээ.

Эл зурваст “Та нартаа хайртай шүү. Намайг битгий авсанд хийгээрэй. Намайг битгий цементэн доор булаарай. Намайг цагаан даавуунд ороогоод ил тавиарай” гээд маш нарийн бичиж үлдээсэн гэдэг.

Анудар 1990 оны эхээр "ТВ9"-ээр дэлхий ертөнцөд болж байгаа залуучуудын дуртай бүх сэдвээр цуврал нэвтрүүлэг хүргэдэг байлаа. Ээж нь түүнийг магистраа хамгаалж, философиор үргэлжлүүлэн багшлахыг хүсдэг байсан бол  Анудар өөрийн хүслээр, чөлөөт уран бүтээлч болохыг хүсдэг байжээ. Тэрээр магистрын дипломоо хамгаалахын өмнөх өдөр Хангай зочид буудлаас унаж нас барсан явдалд  ээж нь “Би шахсаар байсан болохоор амиа хорлочихсон” гэж бодож, өөрийгөө буруутгасаар байж.  Нас барсных нь дараа ээж нь “Бүх юмыг бодохоор амиа хорлочихмоор хэцүү байдаг” хэмээн ярьдаг байсан аж. Ээж нь өөд болоход эгч С.Гэрэл нь үлдсэн зүйлсийг нь уудлан суухад нас барахдаа өмссөн хувцсыг нь ээж нь хадгалсаар байжээ.

Гэвч Анударын хувьд хэрхэн үхэх нь хамаагүй гол нь үхэх нь л үнэн гэдэгт итгэлтэй байсан мэт. Үхэл гэдэг түүний хувьд хэзээ нэгтээ ирэх нь ойлгомжтой л зүйл байснаас биш айдас байсангүй. Тэр алдар нэрт хүрэхийг хүсээгүй, хүмүүст танигдахыг хүсээгүй. Зүгээр байгаа нь л бидний хэллэгээр “этгээд”, “тэрслүү” “АНУДАР БИШ АНУДАР” байсан нь ч тэр гэж бодно.

 

АНУДАР БИШ АНУДАР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 14
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-25 20:20:06
    Н.Өсөх-Ирээдүй: bi 4bish4 iig 17 'n nasandaa unshlaa uhwel huwid adil bair suuritai baidag vhliig erh choloo gej boddog uhel bol hair bolon amidral azjargal haruusal gunig bugdtei newt holbootoi
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-04-25 20:19:55
    Н.Өсөх-Ирээдүй: bi 4bish4 iig 17 'n nasandaa unshlaa uhwel huwid adil bair suuritai baidag vhliig erh choloo gej boddog uhel bol hair bolon amidral azjargal haruusal gunig bugdtei newt holbootoi
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-09-11 12:05:14
    Есүй: Би аливаа юмны утгыг тайлах дуртай 12 настай охин байна.Надад хангай зочид буудал,Анударьь нар их хачирхалтай санагдсан.Эндээс ойлгоод мндэж авлаа.Баярлалаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-24 21:21:55
    Veigyg: Үзэл бодол хийгээд амьдралыг харах өнцөг маань түүнийхтэй тун адилхан юм. Ялангуяа үхлийн хувьд. Түүний мэдэрсэн зүйлсийг би бас мэдэрдэг юм шиг санагдаж байна. Үүнийг 22 настайдаа л уншиж С. Анудар гэдэг ийм хүн байдгийг сая нэг мэдлээ. Бага зэрэг тайвшрал болоод эрмэлзэл төрлөө...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-14 14:07:50
    GnisTR: Рок бол эрх чөлөө
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-10 23:17:41
    Эрдэнэ: Амьдарсан шиг амьдарч
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-30 19:23:29
    uhel bish uhel: amidral bol iim l bh ystoi. ene l jinhen amidral. ene hun shig l amidral
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-20 19:01:34
    Munkh: Ханасан гэхэд- хийх зүйл их байсан шүү дээ, өөрөө ч мэдэж байсан. Тэр агшинд л ханачихсан байх. Үхнэ гэдгээ мэдээд. Наана нь лав биш.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-22 04:16:48
    Тэмүдэр: Амьдралаас хангалттай сайхныг мэдрээд бүхнийг хүлээн зөвшөөрч ханасан хүнд үхэх энгийн зүйл
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-21 20:43:44
    Эрхэмбаяр Батнасан: Атаархам.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-21 17:29:56
    Gallena: Амьдрал бол жинхэнэ үхэл бид үхэх хүртлээ үхнэ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-21 15:36:49
    эрдэнэ: хувиа хичээсэн хүн эцэг эх ах дүүсээ бодохгүй ийм үйлдэл хийнэ үлдсэн хэд нь үхтлээ амдын там болно
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-21 14:33:53
    Алиен Бадрал: "Хангай" зочид буудал биш гэдгийг нь Б.Галсансүх тэргүүтэй хэд хэдэн танил хүмүүс нь надад амаараа гэрчилсэн байдаг юм...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-05-21 11:56:29
    Э.Халиун: Үхтлээ биш бол худлаа... С.Анудар
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188