• Өнөөдөр 2024-04-24

Уран бүтээлээр “наадагч” Н.СҮХБҮРЭН

2021-04-09,   1547

-Баримлын шавраар уран бүтээлийн гараагаа эхэлсэн керамик барималч-

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, керамик барималч, уран бүтээлч Наранхүү овогтой Сүхбүрэнг үзэгчид бүтээл “амилуулагч” гэдгээр нь илүү таних биз ээ. Тэрбээр нийслэл Улаанбаатар хотод төрж, өссөн. Түүнийг багаасаа л уран бүтээлч байсан гэж хэлж болмоор. Тэр өөрийн үзсэн, дуртай хүүхэлдэйн киноны баатруудаа баримлын шавраар урладаг байсан. Энэ нь ирээдүйд нэр алдартай уран бүтээлч болох замыг нь засаж, үндэс суурийг нь тавьж өгсөн гэлтэй. Н.Сүхбүрэн энэ тухайгаа “Дуртай хүүхэлдэйн киноны баатруудаа баримлын шавраар хийж, уран бүтээлээр тоглож өссөн. Магадгүй одоо ч уран бүтээлээр тоглож байж мэдэх юм” хэмээн дурссан. Үүнээс л эхэлж түүнийг “Уран бүтээлээр наадагч” хэмээн цоллохоор болсон юм.

-ДУИС-ийн Уран барималчийн ангид элсэх гэсэн түүний мөрөөдлийн төгсгөл нь Керамик урлагийн анги байжээ-

Бага наснаасаа л баримлын шавар, уран бүтээлтэй “ноцолдож” өссөн тэрбээр дунд, ахлах ангид байхдаа зарим тохиолдолд хичээл, давтлагаа орхигдуулчихдаг байжээ. Тэр барималд тэгж л дурладаг байж. Энэ үед нь түүнийг дөрвөн ах нь шүүмжилж, зааж зөвлөж байсны хүчинд ерөнхий боловсролын сургуулиа амжилттай дүүргэж, ДУИС-д элсэн суралцах боломжийг бүрдүүлж өгчээ. Чухамдаа гэртээ баримал хийгээд суух бус сургуульд нь сурч, барималыг онолоор нь суралцах ёстой гэж чиглүүлж өгсөн хэрэг. Мөн өөрт нь ч барималч болох зорилго, хүсэл байжээ. Ингэж өнөөгийн бидний мэдэх Н.Сүхбүрэнг “бий болсон” гэж тэр хэлж байв.

          Н.Сүхбүрэн ерөнхий боловсролын сургуулиа дүүргэж, ДУИС-ийн Уран барималчийн ангид Ч.Угтаабаяр багшийн удирдлага дор сурахын туйлын хүслэн болж байсан аж. Гэсэн хэдий түүнийг 1999 онд ДУИС-ийн Уран барималчийн ангид элсэхээр очиход нь тус ангид хүлээн аваагүй гэнэ. Өмнөх жил  нь буюу 1998 онд ангийнхаа бүртгэлийг хийж, элсэгчдээ элсүүлсэн учир дахин шинээр элсэгч нэмэгдэх, шинэ анги нээх боломжгүй байсан аж. Уран барималч болох мөрөөдөлтэй Н.Сүхбүрэн зөвхөн хүссэн ангидаа орохын тулд хоёр жил хугацаанд өөрийгөө бэлдэж, хүлээжээ. Энэ хугацаандаа барилгын туслах, бармен, зөөгч зэрэг хийж болох бүхий л ажлыг хийж байсан ч уран бүтээлийн нэгэн хэсгээ орхигдуулаагүй. Ингэж явсаар Н.Сүхбүрэн ДУИС-д элсэж чадсан ч Уран барималчийн ангид бус Керамик урлагийн ангид оржээ. Тухайн үед тэр “Дахиад нэг жил алгасахгүйн тулд Керамик урлагийн ангид элсэж, дараа жилд нь Уран барималчийн ангид элсэе”  хэмээн бодож байж. Гэхдээ энэ бодол нь аажимдаа замхарч, керамик барималчин болох замд өөрийн мэдэлгүй хөтлөгджээ. 

-ӨӨРИЙГӨӨ ОЛСОН НЬ-

Н.Сүхбүрэн ДУИС-ийн Керамик урлагийн ангид элссэн цагаасаа л уран баримлаа умартаж, керамик урлагт “ухаан зүггүй” дурласан гэнэ. Дөрвөн жилийн хугацаанд олон төрлийн ааш зантай багш нарын “гар дамжиж”, тэр хугацаанд Япон багшийн удирдлага дор сурч, боловсроод 2005 онд ДУИС-ийг Керамик уран бүтээлч мэргэжлээр төгсжээ.  Сургуулиа төгссөн цагаасаа хойш уран бүтээлээ тасалсангүй. Цаг үргэлж л бүтээж, туурвиж байхыг хүсэж, түүндээ ч хүрсээр явсан аж. Гэтэл 2012 түүний багш Г.Сэрээтэрийн бие муудаж түүнийг дуудсан гэнэ. Тэгэхдээ “Миний хүү одоо ингэж хиймэл эд, материалаар юм хийхээ боль. Шороо, шавраа мэдрээд байгальдаа уусаж, жинхэнэ керамик урлагтаа хөл нийлүүл” гэжээ. Ингэж хэлэхэд нь тэр 2005 оноос жинхэнэ баримлын урлагаас хөндий явснаа ухаарсан гэдэг. Ингээд Н.Сүхбүрэн жинхэнэ керамик урлагт хөл тавьж, уран бүтээлээ хийж эхэлжээ. Улмаар тухайн жилдээ “Дүр” хэмээх үзэсгэлэнгээ гаргав. Харин түүнийг “алган дээрээ” бөмбөрүүлж өсгөсөн Г.Сэрээтэр багш нь “Дүр” үзэсгэлэн нь галерейгаас буухаас өмнө тэнгэрийн орныг зорьжээ. Түүнийг үзэсгэлэнг үзээд “Одоо болж байна шүү, миний хүү. Цаашид үүнийгээ тордоод илүү сайн болгоод яваарай” гэсэн багшийнхаа үгэнд “эзэн болж” яваа нэгэн.

“Хүн төгс төгөлдөр зүйлийг үргэлж бусдаас эрж, хайж явдаг. Харин жинхэнэ төгс төгөлдөр зүйл тухайн хувь хүний дотор байдаг”

гэдгийг анхны үзэсгэлэнгээсээ хойш хоёр жилийн дараа ухаарсан тухайгаа ихэд учирлан ярьж байлаа. Өөрийгөө олж, сүнслэг чанартаа нийцсэн тэрбээр өөрийнх нь жинхэнэ уран бүтээлийн гараа тухайн жилээс буюу 2014 оноос эхэлсэн гэж үздэг байна. Харин түүнээс өмнөх 10 жилийн уран бүтээлийн түүхээ “Ердөө л эрэл хайгуулын жилүүд байсан юм даа” хэмээн тодорхойлсон байв.

“Уран бүтээл гэдэг бол хүний дотоод хүн”

Төгс төгөлдрийн эрэлд гарсан уран бүтээлчийн уран бүтээлийн зам, мөр дунд өөрийгөө алдах, гээх тохиолдол бий. Н.Сүхбүрэн ч бусдын адил энэ л замыг туулсан “төмөр зүрхт” нэгэн. Амьдрал, уран бүтээлийн “шороон зам” дундуур “давхиж” явсан талаараа “Хүн бүр төгс биш шүү дээ” хэмээн найрсагхан инээж суугаа түүнийг харахад хүндэлмээр. Өөрийгөө алдсан бол хэрхэн эргэж олох вэ хэмээн асуухад минь

“Хүн өөрийгөө алдчихаад сохор, харанхуй замаар урагшаа тэмүүлээд байж болохгүй. Өөрийг ухаж, ойлгон анх яаж, хэрхэн туулж ирсэн замаараа эхнээс нь буцаж туулах ёстой” гэв.

          Керамик урлагт гал, ус, шороо, салхи, төмөр гэх таван элемент эн тэнцвэртэй үйлчилнэ. Өөрийнх нь урлагийн бүтээлдээ ашиглах байгалийн эд материал нь түүнийг дахин эгэл жирийн, бусдын л адил жирийн хүн болохыг нь ойлгуулж, анх “хөлд орсон” цагаас нь эхлүүлэн алхуулсан аж. Өөрийгөө “алдах, гээх” бүртээ Н.Сүхбүрэн дуугүй суудаг гэнэ. Харин дахин өөрийгөө олж, мэдрэхийн тулд урлагийн бүтээл бүтээх бус дахин эхнээс нь алхаж, керамик урлагаараа шаазан аяга, таваг зэргийг бүтээж байж л өөрийгөө мэдэрч, олдог гэлээ. Н.Сүхбүрэнгийн аав, ээж коммунист нийгэмд үгийн урлагийн зам мөрийг хөөж явсан хүмүүс. Эцэг, эхээс нь өвлөж үлдсэн болоод ч тэр үү, өөрийгөө ойлгохоо больж, алдахаараа Н.Сүхбүрэн үг, үсэг тэмдэглэж, бичгийн урлагт шимтэх дуртай гэнэ. Тэгж байж л өөрийгөө олж, жинхэнэ өөрийгөө гаргадаг. Цаг мөч бүхэнд өөрийнх нь хажууд хань нөхөр нь болж байдаг бүтээлүүдийнхээ талаар “Уран бүтээл гэдэг бол хүний дотоод хүн” хэмээсэн юм. Уран бүтээлч, урлаг бүтээгч гэдэг хэзээд өөр хэн нэгнийг бус өөрийгөө л “урладаг” тухай дотно яриа өрнүүлж суусан минь ч хожим хурлагийн бүтээл болж “хувирч” ч мэдэх юм.

-Үзэгчдийн нүдэн дээр дотоод мөн чанараа “нүцгэлсэн” уран бүтээлч-

Н.Сүхбүрэн 2014 оноос өмнө дөрвөн ч үзэсгэлэнгээ гаргаж, керамик урлагийн салбартаа “цахиур хагалж” байсан аж. Гэвч өөрийгөө олсон цагаасаа бүтээх, урлах хугацаа нь удааширч, хождох болсон гэнэ. “Өөрийгөө олсон цагаасаа хойш гаргасан хоёр үзэсгэлэн маань бусад уран бүтээлчидтэй харьцуулахад цөөхөн байж болох ч миний хувьд хангалттай” гэж эрс шийджээ. Томоохон хэмжээний барилга, байгууламж барихад доод суурь, хундаам сайн байх хэрэгтэй. Үүнтэй агаар нэг хүний дотоод суурь, үндсийг гаргаж ирэхийг зорьсон тэрбээр “Төөрсөн сүүдэр” үзэсгэлэнгээ 2018 онд үзэгчдийн хүртээл болгосон юм. Жинхэнэ өөрийгөө олсон цагаас хойш гаргасан анхны үзэсгэлэнгийнхээ тухайд

“Хүн бүр өөр өөрийн гэсэн дотоод амин сүнс, мөн чанараа алдвал тухайн хүний сүүдэр нь ч өөрөөс нь зугтаж болно”

гэсэн санааг илэрхийлэхийг хүсэж, үзэгчдийн нүдэн дээр өөрийн дотоод мөн чанараа “нүцгэлжээ”. Харин 2019 онд “Хаан банк” ХХК-ны галерейд дэлгэсэн үзэсгэлэнгээ тухайн жилийн зуны улирлын турш урласан гэнэ. Төгс төгөлдрийг илэрхийлэх мэт нүдээ аньсан хөрөг баримлуудыг шөнийн аниргүй, модны сэрчигнээтэй “хамтарч” бүтээсэн гэв. Зуны улирал зуслангийн байшиндаа байх ч өдрийн олонх цагийг хүүхдүүдээ харж өнгөрүүлэхэд зарцуулдаг. Харин түүнийг нь Н.Сүхбүрэн эсрэгээр нь ашиглаж, шигүү модон дунд байрлах дүнзэн байшинд урлангаа бэлтгэж, зуны гурван сарын турш үүрийн 03:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэл “бүтээхийн дон” туссан мэт зүтгэснээр хоёр дахь үзэсгэлэнгээ бэлджээ. Амьд хүн шиг босгон эгнүүлсэн түүний ээлжит үзэсгэлэнг үзсэн хүмүүс “Үхсэн хүн шиг”, “Баахан амьгүй зүйл хийжээ” гэх зэргээр шүүмжилж байсан ч Япон Улсын урлагийн музейн куратор Н.Сүхбүрэнд “Үхсэний дараа амьдрал байдаг. Үхлээс битгий ай” гэж байгаа мэт санагдлаа. Бүх баримлын чинь нүд нь аниатай байгаа ч өөдөөс ширтээд байх шиг, үнэхээр амьтай бүтээл болжээ” хэмээн сайшаасан аж. Үзэгчдийнхээ нүдэн дээр өөрийн мөн чанарыг “нүцгэлж” орхисон түүний бүтээлүүд ийн “амилдаг” юм.

-Хоёр хүүгээ уран бүтээлч болгохыг хүсдэггүй ААВ-

Н.Сүхбүрэн 2005 онд ДУИС-ийг төгссөн. Харин сургуулиа төгссөний дараа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусалж, багшаар ажиллах туйлын хүсэлтэй байсан тэрбээр тухайн үеийн БСШУЯ-нд ханджээ. Улмаар нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн долоодугаар сургуульд дүрслэх урлагийн багш мэргэжлээр нэг жилийн хугацаанд ажилласан байна. Гэвч түүний багшийн зам мөр үүгээр дууссангүй. Нийслэлийн ерөнхий боловсролын долоодугаар сургуулиас гарсныхаа дараа “Монгени” сургуульд дүрслэх урлаг, керамик урлагийн багшаар ажилласан гэнэ. Тэрбээр “Монгени” сургуульд багшилж байхдаа гэр бүлийн хүнтэйгээ танилцаж, өнөөг хүртэл хамт амьдарч байгаа. Н.Сүхбүрэнгийн гэр бүлийн хүн ч мөн уран бүтээлч, зураач нэгэн. Гэр бүлийн хоёр дундаасаа гурван ч хамтарсан үзэсгэлэн "төрүүлсэн" юм. Н.Сүхбүрэн хоёр хүүтэй. Тэрбээр хоёр хүүгийнхээ ирээдүйн мэргэжлийг өөрсдөд нь даатгая гэсэн ч “Зураач болоосой гэж хүсэхгүй байна” гэсэн юм.

“Урлаг гэдэг арилжаа, хөрөнгө хөөдөг зүйл биш. Уран бүтээл хөөж амьдралаа авч явахад маш хэцүү. Хоёр хүүгээ тийм зүйл үзүүлмээргүй байна” гэв.

-“Ясны” уран бүтээлч-

Керамик урлаг байгалийн гал, шороо, хий, ус, металл гэсэн таван элементээс бүрдэнэ. Амьд эс бүхэнд уг таван элемент байж л амьд оршдог. Амьд оршиж байгаа бүхэн ямарваа нэгэн сүнслэг чанартай байна. Хүн төрөлхтний анхны бүтээсэн, анхны хэрэглэсэн бүхэн керамик урлаг. Бүхий л урлагийн анхдагч гэгддэг керамик урлагаар бүтээж яваа даа Н.Сүхбүрэн машид бахархдаг гэнэ. Тэрбээр өөр аливаа урлагийн төрөлд атаархаж, сонирхдоггүй. Харин ч “Бусад бүх урлагийн уран бүтээлчид керамик урлагт хамгаас их дуртай, илүү сонирхдог” хэмээсэн юм. Керамик урлаг үндэстний онцлогийг тодорхойлж, түүхэн бүтээл болж үлдэх нь бий.

          "Ясны” уран бүтээлч Н.Сүхбүрэн үндэстний хэмжээний томоохон, гайхалтай бүтээлийг бүтээхийг хүсдэг аж. Үндэстний хэмжээний бүтээлийг бүтээхэд томоохон хэмжээний объект, маш өндөр үнэ, хэмжээтэй материаллаг зүйл хэрэгтэй. Н.Сүхбүрэнд ч хэрэгтэй. Харин тэрбээр “Үндэстний хэмжээний бүтээлийг бүтээхэд би арай болоогүй байна” хэмээн ихэд зоригтой дуугарсан юм. 20 орчим жилийг баримал, керамик урлагт зориулсан түүний амнаас эдгээр үг “урсаж” байгаа нь түүний хэлснээр биднийг ахин дахин хуучин, байгалийн төрх рүү нь буцааж буй биз ээ.

 

 

 

 

 

 


Уран бүтээлээр “наадагч” Н.СҮХБҮРЭН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188