Монголын 3х3 сагсан бөмбөгийг гудамжнаас дэлхийн дэвжээнд гаргасан дасгалжуулагчийн хөдөлмөр, хичээл, зүтгэл өнөөдөр бүдгэрч байна. Түүнийг дасгалжуулагчаар ажиллаж байхад Монгол Улсын 3х3-ын ангилал тус бүрийн багууд тив, дэлхийн тэмцээнээс медаль хүртэж байлаа. Тэрбээр дэлхийн топ, шилдэг багуудын хувилбар, тоглолтын арга барил дээр суурилан Монголын тамирчдын өвөрмөц хувилбарыг зохиож, тамирчдын ур чадварыг сайжруулж байв. Түүний удирдсан баг насанд хүрэгчдийн Ази тивийн хошой аварга болж, дэлхийн “Топ” зэрэглэлийн багуудын эгнээнд орж явсан үе бий.
Гудамжны сагсан бөмбөг гэж гутаан, доромжлогдон, ад үзэгдэж явсан спортыг эх орондоо хөгжүүлж чадсан их үйлсийн эзэн бол МУГД Сүхбаатарын Тулга мөн. Түүнийг энэ спортыг Монголд анх хөгжүүлэх үед бүгд л С.Тулга “Сагсан бөмбөгийн спортыг гудамжинд гаргалаа” гээд л хэл, амаа билүүдэж байсан билээ. Тэр 3х3 сагсан бөмбөгийн спортын холбоог анх Монголд байгуулан, энэ спортыг хөгжлийн эхлэл, суурь “тулах цэг”-ийг тавьсан хүн. Түүний хичээл, зүтгэлийн үр дүн гарч, Монголын 3х3 сагсан бөмбөгийн хөгжил Ази тивдээ тэргүүлж, дэлхийн хэмжээнд хүрсэн.
.jpg)
Гэтэл өнөөдөр Монгол Улсын 3х3-ын нас, насны ангиллын багуудын амжилт уруудаж, Ази тивдээ сүүл мушгиж, “хомоол хамах” боллоо. Болж байсан багийн тоглолт, хувилбарыг болохгүй болгож, дасгалжуулагчийг нь шигшээ багаас зайлуулсан. Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо буруу менежентээр яваад байх шиг санагдах юм. Ёстой нөгөөх “Буруу замаар яваад буцахдаа шороо тээнэ” гэгч болчихоод байгаа. Ер нь спорт холбоод, улс төр, улстөрчтэй хэт холилдоод ирэхээрэй “Хоормог” болдогийн бодит жишээ бол Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо болсон. Боксын холбоо, Чөлөөт бөхийн холбоог нэг үе улстөрчид яаж самарсан билээ. Яг түүн шиг хувь тавилан 3х3-ын холбоог хүлээж байна.
МУГД С.Тулга Баянзүрх дүүргийн 33 дугаар дунд сургуульд анх орсон ч 79 дүгээр сургуулийг төгссөн юм билээ. Дээд лигийн гурван удаагийн аварга Монгол даатгалын “Лидер” багт тоглож байсан. Хоёр удаа лигийн аварга болсон тамирчин. Лигээс авч болох бүх л шагналыг С.Тулга тамирчин байхдаа хүртсэн. Өсвөр үе, оюутны лиг, залуучуудын улсын аварга, дээд лигийн аварга, насанд хүрэгчдийн улсын аварга гээд л үргэлжилнэ. Тэрбээр сагсан бөмбөгийг шоу үзүүлбэр хийдэг “TLG-13” багийг анх байгуулсан. Одоогийн 3х3 багийн үндсэн суурь “TLG-13” багаас эхтэй. Тус багийн Э. Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, А.Гансүх нар одоо 3х3-ын шилдэг тоглогчид болчихсон байна. Тэр үед 170 см орчим өндөртэй байсан гэдэг. Гэтэл одоо хоёр метр өндөртэй шахуу сайхан залуучууд болчихсон байгаа. С.Тулга дасгалжуулагч өөрийн гараар үндсэн суурийг нь тавьж бэлдсэн тэр хүүхдүүдтэйгээ тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орж байлаа. Ази тив, далай орнуудын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа финалдаж байв. Ази тивийн хошой аварга багийг С.Тулга дасгалжуулагч л бэлтгэн гаргаж чадсан.
.jpg)
МУГД С.Тулгын хэнээс ч айж эмээдэггүй, шулуун шударгаар шууд үнэнийг хэлчихдэг, шулуун бардам, омголон занг спорт сонирхогчид андахгүй. Түүний “Ам болдоггүй” байсан ч ажил, амжилт нь ямагт дээшилж явсан үе бий. Зарим хүмүүс С.Тулга дасгалжуулагчийн шалчигнуур, хэт бардам, сагсуу гэж шүүмжлэх нь байдаг. Харин тэр баг, тамирчдынхаа амжилт, ур чадвар, нөөц боломжид дэндүү итгэлтэй байсан болохоор л бардам ам гаргадаг байлаа. Тэр багийн тамирчдадаа тив, дэлхийн медальд хүргэж чадна гэж хэлсэн амандаа ч хүрсэн. Харин олимпын медаль хүргэх амлалт өгсөн ч түүнийг шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаас чөлөөлсөн. Монголын багийн тулах цэг нь “Монгол хувилбар” тактик байсан нь тодорхой. Ази тивдээ тэргүүлж явсан манай баг одоо бүр Япон, Солонгос, Хятад, Тайланд Филиппин, Малайзын багийг барахаа байчихлаа. Монголын багийн тактик, хувилбарын алдаа, хамгаалалтын сул талыг гадны багууд овжиноор ашиглан хожоод байгаа.
Монголчууд үндэсний “Лидергүй”, үндэсний бахархлаар дутагдаад удаж байгаа. Өнгөрсөн жил сагсан бөмбөгийн дэлхийн цомын аваргаас мөнгөн медаль хүртсэн дөрвөн охин бүтэн долоо хоногийн турш монголчуудыг огшоосон билээ. Монгол охидоороо, тамирчдынхаа амжилтаар бахархах сэтгэлийн баяр хөөрт, ард түмнийгээ тэд умбуулж чадсан. “Багийн спортоор монголчууд хэзээ ч амжилт гаргаж чадахгүй” гэдэг байсан. Олны дунд тархсан буруу ойлголтыг “тас цохиж” чадсан хүн бол энэ дөрвөн гавьяат охины багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Сүхбаатарын Тулга юм. Тэрбээр гудамжны хэмээн нэрлэдэж байсан сагсан бөмбөгийн 3х3 төрлийн спортыг өсвөр үе, залуучууд, оюутан, насанд хүрэгчид гээд бүх насны ангилалд дэлхийн тавцанд гаргаж ирсэн гавьяатан билээ.
.jpg)
“Токио 2020” олимпын өмнө С.Тулга “Удахгүй Монголын баг сагсан бөмбөгөөр дэлхийн аварга болно. Бүр олимпоос ч медаль хүртэх боломж бий. Бусад орны тамирчдын авч байгаа медалийг монголчууд яагаад авч болдоггүй юм. Бид тэдэнтэй адилхан гар, хөлтэй. Үүнд зөв менежмент, төрийн дэмжлэг, тамирчдын сахилга, бат чухал” гэж байлаа. Тэр үед С.Тулга дасгалжуулагчийг сайхан мөрөөдөж, “Сэрэхгүй, сэрүүн зүүдэлж байна” гээд олон хүн элэглэн шоолж байсан билээ. Гэтэл тэр боломжгүй гэгдэж байсан мөрөөдлийг бодит амжилт болгон, Монгол хүн сагсан бөмбөг тоглож чаддаг юм байна гэдгийг бодитоор нотлон харуулж чадсан юм.
С.Тулга Монголын сагсан бөмбөгийн өвөрмөц тоглолтын хувилбарыг дэлхийд таниулан, тамгалж чадсан. Дэлхийн шилдэг систем, тактикаар тоглодог багуудын гуравдугаарт Монголын багийг оруулсан байна лээ. Европын орнууд хуучин Югославыг бүрэлдэхүүнд байсан Серби, Словени болон Латви, Монгол гэж жагсаасан байлаа. Монголын баг гадны багуудаас нуруугаар нам, хамгаалалт болон хурдаар дутуу, сул. Харин тэр сул талаа нөхөхийн тулд олон хувилбарт, тактик ашигладаг. С.Тулга дасгалжуулагч “Монгол хувилбар” гэж нэрлээгүй юм шүү. Гадны сагсны мэргэжилтнүүд манай тоглолтын тактикийг бусад орны багт байдаггүй, өвөрмөц онцлогтой “Монгол хувилбар” байна гээд байгаа. Эдгээр хувилбарыг С.Тулга өөрийн багт тааруулж зохиохдоо дэлхийн шилдэг багуудын хувилбараас санаа авч, өөрчилж, засаж сайжруулсан юм. Гадны багуудын хувилбарууд тэмцээн болгон дээр шинэчлэгдэн өөрчлөгдөж байдаг. Монголчууд тэднээс хоцрох ёсгүй. Зэрэгцээд хувилбар, тактикаа улам боловсронгүй болгохын төлөө зүтгэж, хөдөлмөрлөх ёстой. С.Тулга дасгалжуулагч “Манай “Монгол циркчид” жинхэнэ “Монгол хувилбар”-аар тоглож чаддаг. Ах нараасаа илүү чадварлагаар хувилбарыг тэмцээн дээр ашигладаг” гэж байсан. Гэтэл өнөөдөр “Монгол циркчид” хэмээх өсөх ирээдүй залуучуудын баг тарж бутарчихсан байна.
.jpg)
Монгол Улсын эмэгтэй баг “Токио-2020” олимпын наадамд гайхалтай өрсөлдөөнийг өрнүүлж, дэлхийн шилдэг багуудын “Зүрхэнд шар ус хуруулж” байв. Түүний дараа Австри Улсад болсон 3х3-ын ДАШТ-д оролцсон манай эмэгтэй шигшээ баг АНУ-ын багтай тоглож, хожих шахсан билээ. Харин 2025 оны ДАШТ дээр АНУ-ын хүчирхэг багийг хожсон. С.Тулга дасгалжуулагч АНУ-ын сагсан бөмбөгчид ур чадвар дээр тулгарлаж тоглодог. Монгол сагсан бөмбөгчид 13-р зуунд дэлхийг базсан шиг тийм тактик дээр тулгуурлаж тоглодог юм. Ялгаа нь ердөө энэ” хэмээж билээ. Мөн тэрбээр “Манай багш нар хүүхдийг гадаад байдлаар нь шууд дүгнэх гээд байдаг. Судалгаа, дүгнэлтийг огт хийдэггүй. Ирээдүйд хөгжих байдал, авьяас чадварыг нь олж харахыг хүсдэггүй юм. Гэхдээ манай хүүхдүүд дандаа магтуулаад байж болохгүй. Хүнд муу хэлүүлж, хатуу үг сонсож сурч байж л хурцлагдана. Тэр бүхнийг хүндээр тусгаж авдаггүй. Муу хүмүүст муулуулах нь мундаг сайн гэж хэлбэл арай дэгсдүүлсэн болох байх. Хүн өөрөө л зөв байх ёстой” гэдгийг С.Тулга дасгалжуулагч хэлж байсан.
.jpg)
Түүний эрс шийдэмгий, хэлэх гэсэн үгээ хэнээс ч айлгүй хэлчихдэг шударга, шулуун занд дургүй хүмүүс МСБХ-д нэлээдгүй бий. Тийм ч учраас С.Тулга дасгалжуулагч 3х3-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлаасаа чөлөөлөгдөх шалтгаан болсон. Түүний горыг Монголын эрэгтэй шигшээ баг амсаж, амжилт нь уруудаж байгаа. “Монгол хувилбар” зогсонг байдалд орсон. Манай эрэгтэй багийн хуучин хувилбаруудыг гадны багууд бүрэн дүүрэн судалж, эсрэг, хамгаалалт, тактикаар тоглоод эхэлсэн. Өндөр нуруулаг багийн эсрэг, Монголын намхан нуруутай баг, тамирчид хамгаалалт, довтолгооны ямар тактик хэрэглэх вэ гэдгийг С.Тулгаас илүү боловсруулах чадах дасгалжуулагч одоогоор алга байна.
Монгол Улсын Засгийн газар, спортын салбар өндийж хөгжиж байгаа спортоо өөрсдөө татаж унагаад байдаг билээ. Өөрийн улсын тамирчнаа хорлодог, уралдаан, тэмцээнд орох эрхийг нь хасуулдаг. Дасгалжуулагч нараа шийтгэж, торгодог, эрхийг нь хасдаг ийм гажиг спортын салбартай улс манайхаас өөр байхгүй. Амжилт гаргаж байгаа нэгэндээ атаархдаг. Түүнийг хэл ам, хэрүүл тэмцэл хийж “Амжилтыг” нь нураадаг хүмүүс бий.
С.Тулга дасгалжуулагч “Нэг хүнээс хамраалтай сагсан бөмбөг гэж байж болохгүй. Тийм болохоор дараагийн үеэ бэлтгэн гаргах ёстой. Монголчууд өөрийн багаар бахархах, бахархалтай байж яагаад болохгүй гэж. Үүнийг бүтээхийн тулд бид хөдөлмөрлөсөн. Хүнд хэцүү байгаа хэдий ч өөрсдийн бахархлаа идэж амьдармааргүй байна. Сайхан сэтгэлтэй ивээн тэтгэгч байгууллага, хувь хүмүүст баярлаж явдаг. Хувийн хөрөнгө оруулалтаар энэ сайхан хөгжлийн түвшинд хүрчихсэн сагсан бөмбөгийг одоо улс авна гээд байх юм. Төр бол хамгийн муу менежер. Төр чадахгүй, дийлэхгүй байж, олон зүйл рүү гар дүрж ордог. “Даахгүй нохой булуу цуглуулна” гэгчээр эрх мэдлээрээ далайлган бүгдийг удирдах гэдэг нь буруу.
.jpg)
Монголын 3х3 сагсан бөмбөгийн спортыг дэмжиж, ивээн тэтгэж ажилладаг байгууллагуудад нийт сагсан бөмбөгчдийнхөө өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье. Ивээн тэтгэгч байхгүй бол энэ спортын хөгжил зогсоно, цааш явахгүй. Ивээн тэтгэгч “Энержи Ресурс”-ийн хамт олон, Г.Батцэнгэл захиралд, “ММС энержи” клуб Монголын 3х3 холбооны захирал Л.Мягмаржав, МСБХ-ын ерөнхийлөгч Ц.Цэвэрбал, нарийн бичгийн дарга Б. Дамба багшдаа, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны С.Эрдэнэ ерөнхийлөгчид баярлалаа. Үүнээс гадна сагсан бөмбөгийн спортод хайртай, биднийг дэмждэг хүмүүст маш их баярлалаа” гэж байлаа. Тэр өөртөө болон багийн тамирчдадаа дэндүү итгэлтэй байсан болохоор дэлхийн аваргаас монголчууд медаль авч чадна хэмээн ам бардам хэлж байжээ. Одоо харин олимпоос медаль хүртэхийг нь харах үлдсэн. Гэхдээ бид МУГД Сүхбаатарын Тулга дасгалжуулагчийн хөдөлмөр, зүтгэлийг хэзээ ч үгүйсгэж болохгүй.
| МОНГОЛЫН 3Х3-ЫН “ТУЛГУУР БАГАНА” БОЛСОН ДАСГАЛЖУУЛАГЧ |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |