Монгол хүн анх сансрын уудамд хөл тавьхад нэн чухал үүрэг гүйцэтгэсэн түүхийг өгүүлэхэд нэр нь тодхон дурайх нэгэн бол Майдаржавын Ганзориг юм. Тэрээр 1949 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрж, эгэл хөдөөгийн хөрснөөс тэнгэрийн уудамд хүрсэн билээ. Цэцэрлэг хотын 10 жилийн сургуульд суралцаж, дараа нь Киевийн Политехникийн дээд сургуулийг 1975 онд “Дулааны нарийн хэмжүүр, автоматикийн инженер” мэргэжлээр төгсгөсөн нь түүний шинжлэх ухаанд хөл тавих анхны гараа байв.
Тэрээр Улаанбаатар хотын нэгдүгээр цахилгаан станцад автоматикийн инженерээр ажиллаж, үйлдвэрлэлийн ашигтай ажиллагааг дээшлүүлэх олон шинэ санал, бүтээл гаргасан байна. Шинийг эрэлхийлэгч тэр залууг хамт олон нь хөдөлмөр бүтээлийн аварга болгон үнэлжээ.
1977 оны гуравдугаар сард сансрын нисгэгчдийг сонгон шалгаруулах ажил эхэлэхэд ажилдаа идэвхтэй, шинэлэг арга дэвшүүлэн санаачлагатай ажилладгаараа удирдлагуудынхаа анхааралд өртсөн түүнийг шалгаруулалтад оруулжээ. Нийт 10000 орчим хүний материалыг судлан, олон шалгуураар шүүсний дүнд М.Ганзориг, Ж.Гүррагчаа нар сонгогдон үлдсэн байна. Ийнхүү ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх төвд 3 жилийн бэлтгэлийг бүрэн хангажээ.
Нислэгийн шийдвэр гарч, Ж.Гүррагчааг нисгэхээр болсны дараа өөртөө сэтгэл гонсойж байсан ч “Сансрын олон ахан дүүстэйгээ мөр зэрэгцэн бэлтгэгдэж явсан маань хүн болж төрсний гавьяа гэж боддог. Тийм болохоор би сансарт нисээгүй ч ниссэн юм шиг сэтгэлээр жигүүрлэж явдаг” гэж М.Ганзориг бахдан дурссан удаа бий. Эрүүл мэнд, чадвар зэрэг бүх зүйлээрээ эн тэнцүү хоёр залуу гурван жилийн турш хамтдаа хатуу бэлтгэл хийсэн ч нэг нь сансарт нисэж, нөгөө үлдэнэ гэдэг харамсалтай.
1981 онд Монгол Улсын түүхэнд шинэ хуудас нээгдэж, тэрхүү хуудсыг Майдаржавын Ганзоригийн нэрээр тод бичиж үлдээсэн юм. Түүнийг сансрын нисгэгчдийн бүрэлдэхүүнд багтан Зөвлөлтийн хамтарсан хөтөлбөрт оролцсоноор монгол хүн сансрын уудамд анх удаа хүрсэн билээ. Хэдий өөрөө сансарт хөл тавьж чадаагүй ч гэсэн энэ гавьяаг нь үнэлж БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Сүхбаатарын одон, “БНМАУ-ын сансрын нисгэгч” цол олгожээ.
Түүний хөдөлмөр, эрдэм ухааны амьдрал тасралтгүй өргөжин тэлж, 2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2006 онд “Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн”, 2011 онд “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар” цолоор шагнуулсан. Тэрээр зөвхөн сансрын нислэг төдийгүй, сансар судлал, геоинформатик, автоматик, технологийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн байв. Америкийн газарзүйн нийгэмлэг түүнд О.Миллерийн нэрэмжит медаль, ОХУ-ын сансрын нисгэгчдийн холбооноос “Сансрыг эзэмших гавьяаны төлөө” медаль хүртээсэн нь үүний тод илрэл юм.
Майдаржавын Ганзоригийн бүтээлүүдийн дунд “Олон Эх Сурвалжийн Мэдээг Боловсруулах Арга Зүй” сэдвийн хүрээнд хийсэн хамтын судалгаа нь 2005 онд Монгол Улсын шилдэг бүтээлийн хоёрдугаарт шалгарсан бол 2013 онд Академич Б.Ширэндэвийн нэрэмжит шагналаар энгэрээ мялаажээ.
Эгэл нутгийн хүүгээс эхэлж, тэнгэрийн уудам руу бүхнээ зориулсан Ганзоригийн амьдрал бол монгол хүний зүрх сэтгэл, ухаан, хөдөлмөрийн хүчийг илтгэх гэрч юм. Тэр зөвхөн сансрын уудамд бус, шинжлэх ухааны орон зайд мөнхөд оршсоор байна.
САНСРЫГ ЭЗЭГНЭХ ГАВЬЯАТАН МАЙДАРЖАВЫН ГАНЗОРИГ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |