• Өнөөдөр 2024-05-11

Тэнгэрийн хүсэл ГҮЙЦЭЭГЧ

2020-12-15,   2165

МУСТА, зураач М.Алтанхундагыг “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөрөг зураач гэдгээр нь илүүтэй мэддэг. Тэр өөрийгөө “Бурхны зургаар явж байгаа уран бүтээлч” хэмээн тодорхойлжээ. Учир нь, тэрбээр бага насандаа баруун гараа гэмтээж, арав гаруйхан настайд нь гарынх нь 90 гаруй хувь мэдээгүй болсон байна. Үзэг барьж, нэрээ бичиж чаддаггүй байсан ч тэрбээр арван жилийн өмнөөс өөрийгөө дайчилж зураг зурахаар шийджээ. “Би амьдралд бууж өгөх дургүй учраас хийж болох бүх зүйлийг хийж байгаа” хэмээсэн. Бидний яриа зураач М.Алтанхундага гэж хэн бэ гэдгээс эхэллээ.

 

ТЭМЦЭГЧ

            Би монгол зураг зурдаг зураачийн гэр бүлд төрсөн. Гэхдээ миний анхны сонгосон мэргэжил зураач биш байлаа. Хэдий аав минь зурдаг байсан ч сонголтоо би өөрөө хийж, зургийн урлагаас өөр чиглэлд хүч үзсэн. Харин хувь тавилан хийх ёстой зүйлийг минь зураач гэж тодорхойлжээ. Би Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Гурван настайгаасаа Эрдэнэт хот руу шилжиж, олон жил тэнд амьдарсан. Харин Улаанбаатар хотод ирээд жил болж байна. Эрдэнэт хотод байх хугацаандаа өөрийгөө хөгжүүлэхээр янз бүрийн зүйл туршдаг байв. Багадаа гэмтээсэн гар минь аажмаар мэдээгүй болж, зурах нь битгий хэл нэрээ ч бичиж чаддаггүй боллоо. Гар минь мэдээгүй болохоос өмнө би алт, мөнгөний дархан хийж, сийлбэр урладаг байв. 13 нас хүртлээ энэ бүхнийг хийсэн.
 
          Харамсалтай нь, хувь тавилангийн эрхээр хийж чадахаа больсон. Ингээд л би гараараа аливаа зүйлийг хийж чадахгүй бол хөлөөрөө, эсвэл амаараа бүхнийг хийнэ гэсэн зорилго тавьж, бүжиг, хэл яриа, харилцааны урлагт суралцсан. Өөрийгөө хөгжүүлсний дараа “Нүүдэл” нэртэй хүүхэд, залууст урлагийн боловсрол олгох продакшн нээн ажиллууллаа. Эндээс л урлагийн хүн болох гараагаа эхлүүлсэн гэж болно. Энэ бүхнийхээ хажуугаар компьютерын программ дээр ажиллаж, видео бичлэг эвлүүлэх, дууны найруулга хийх зэргээр элдвийг оролдоно. “Сурсан зүйлсээ бусдад хуваалцах ёстой юм байна” гэсэн үүднээс продакшнаа байгуулсан юм.
 
Өөрийгөө төгс төгөлдөр суралцсан гэж хэлэхгүй. Гэхдээ сурсан зүйлээ хүнд зааж өгч болох юм байна гэсэн цагтаа л тухайн зүйлээ заадаг байв. Хүнд зааж өгөх бүрт миний мэдлэг улам нэмэгдэж, илүү хариуцлагатай, хичээнгүй суралцдаг болсон.
 
        Манай продакшн хүүхдүүдэд урлагийн чиглэлээр 13 төрлийн сургалт зохион байгуулдаг байсан. Нийт арван жилийн хугацаанд 3000 гаруй шавь төгсгөсөн. Харин хожим зургийн урлагийг сонирхож, өөрийн гэсэн бүтээлээ гаргах хүсэл төрсөн” хэмээв.

ИЛЭРХИЙЛЭЛ...

Тэрбээр ихэвчлэн хөрөг зурдаг. Анхны үзэсгэлэнгээ 2018 онд “Хүн” нэртэй гаргаж байжээ. Энэ нь "Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлгийн оролцогчид юм. Бүтээл дээрээ нэг бүрчлэн нягт нямбай ажилладаг нь түүний зургаас илт харагдана. Бүтээлээ нэг хийгээд эхэлчихвэл юу ч түүнийг зогсоож дийлэхгүй. Яг л уран бүтээл нь түүний бүх амьдрал болчихсон мэт мэдрэмж төрдөг гэнэ.
 
“Хожим зургийн урлагт орсон ч гэлээ зураачийн гэр бүлд өссөн нь танд нөлөөлсөн үү” гэх асуултад тэр ингэж хариулсан.
 
“Магадгүй, гэхдээ аав минь надад “Зургийг ингэж зурдаг” гэж нэг ч удаа зааж өгч байгаагүй. Харин намайг зураг зурахад шугам, баллуур хэрэглэлээ гэж ёжилдог байв. Өөрөө цаасан дээр зураас зурахад шугам хэрэглэсэн мэт тэгшхэн зурдаг байсан юм. Ээжийн тал ч урлагийн чамгүй авьяастай, сийлбэр хийдэг дархан хүмүүс байв. Амьдардаг орчин маань хааны ордон шиг л хээ хуар болсон газар байж билээ. Гэр бүлээрээ сийлбэр хийж, зураг зурдаг  учраас тэр. Би багын ажигч, гярхай  хүүхэд байсан. Анх хүний нүд зурж эхэлсэн. Хүний байгаа байдлыг хамгийн үнэнээр нь илэрхийлдэг тул надад энэ нь сонирхолтой санагддаг юм. Нүдийг нь ойлгосны дараа хамар, уруул гэх мэтчилэн ерөнхий төрх гарч ирнэ. Уруулын хөдөлгөөн, хамрын амьсгал нь хүртэл тухайн хүнийг илэрхийлэх мөн чанар нь юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, нүд, хамар, уруул гурав тухайн хүний зан байдлыг илэрхийлдэг. Нүдний нэг зураасыг нь алдвал тухайн хүн тэс өөр болно.
 
Тиймээс л маш анхааралтай зурах хэрэгтэй. Би хүнийг таньж, мэдэхийн тулд хөрөг зураг руу орсон. Аав минь бурхан зурдаг байсан учраас түүнийг нь байнга ажигладаг байлаа. Бурхныг тэг зургийн аргачлалаар зурдаг. Бурхан зурахдаа нэг миллметр алдвал нүгэл болно гэдэг. Аавынхаа зурдаг тэг зургийн аргачиллыг өөрийнхөө хөрөг зургийн аргачлалд оруулсан. “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн оролцогчдын хөрөг тэг зургийн аргачлалаар бүтсэн. Өөрөөр хэлбэл, миллиметрийн зөрүүгүй зурсан гэсэн үг. Мэнгэтэй бол мэнгийг нь, шарх, сорви, үрчлээ гээд ямар ч хачиргүйгээр зурсан. Анхны үзэсгэлэнгээ гаргахад шог зураач С.Цогтбаяр ах маш их дэмжлэг үзүүлсэн. “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг нь “Херо” энтертайментийн уран бүтээл учраас оюуны өмчийн зөвшөөрөл авах шаардлагатай. Энэ бүхэнд С.Цогтбаяр, ах тусалсан.

“МОНГОЛ ТУЛГАТНЫ ЗУУН ЭРХЭМ"-ИЙГ ХЭРХЭН БҮТЭЭСЭН БЭ

        Түүнтэй ийн ярилцсаны дараа зурсан зургийг нь дахин ажиглалаа. Инээмсэглэсэн, бодлогоширсон, гайхсан  олны танил дүр төрхүүд. Гэвч бидний ажиглаж байгаагаагүй өөр олон зүйл зурагт дүрслэгдсэн байв. Хачирхалтай нь, тэрбээр бүх хөргийг тал зуржээ.
 
Энэ талаар зураач М.Алтанхундага “Би 2011 оноос “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийг гарч эхэлснээс нь үзэж, бүтээлдээ 5-6 жилийг зарцуулсан. Бүтээлийнхээ эздийг маш их судалсан. Заримтай нь уулзаж, ярилцана. Уулзах боломжгүй хүн ч байгаа шүү дээ. Нэг хүнийг зурахдаа нэг нэвтрүүлгийг 10-20 удаа давтаж үзсэн. Өмнө нь орж байсан нэвтрүүлгүүдийг нь ч давхар үзэж байлаа. Сонссон, дуулснаа тунгаана. Үүний эцэст энэ хүмүүсийг хэдэн арван жил судалсан ч тухайн хүнийг 100 хувь бүрэн таньж чадахгүй юм байна гэх ойлголттой болсон. Харин өөрийнхөө хэмжээнд таньсан учраас хөргийг нь тал зурсан юм. Надад харагдаж байгаа ертөнцийг өөрийнхөөрөө зураад нөгөө талд нь тухайн хүний өөрийнх нь ертөнцийг үлдээсэн. Хүнийг тал зурсан ч бүх зүйл анзаарагддаг. Гэхдээ би тал хүн бүтээгээгүй. Хөрөг зургийн баруун дээд булан монгол бичгийн нэхмэл үсгээр нэрийг нь бичсэн. Хорвоо ертөнц дээр хүнийг бүтэн болгодог хоёр зүйл бий. Нэг нь хүний бие, нөгөө нь нэр нь. Энэ хоёр нийлж гэмээнэ хүн бүтдэг. Амьдралдаа хийж бүтээсэн зүйл нь түүнийг хүн шиг хүн болгодог юм гэнэ лээ.  Дэлхий дээр амьдарч байгаа бүх хүнийг хүн гэх үү, эсвэл үгүй юү. Монголчууд хүүхдээ хүн шиг хүн болгон өсгөх гэж ярьдаг. Хүн байна гэдэг нь зөвхөн алхаж, гишгэж, амьсгалах  биш юм” хэмээв. Энэ зарчим нь надад түүний амьдралын философи байх гэсэн бодлыг төрүүлсэн юм.
 
     Тэр тасалгааны бүдэг гэрэлд зурах дуртай гэсэн. “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн 50 оролцогчийг онцлон зурсан. Хөрөг зурахад тухайн хүний энерги мэдрэгдэг. Үүнийг би анхны үзэсгэлэнгээ гаргахаар бүтээлээ хийж байхдаа мэдэрсэн гэв. Энэ талаар зураач “Зарим хүнийг зурж байхдаа нуруугаар хатгах, нойргүйдэх, халуурах, өлсөх, исгэлэн зүйл идмээр болох зэрэг янз бүрийн мэдрэмжүүд төрж байсан. Заримыг шөнө зүүдэлнэ, архи уумаар санагдах үе ч байв. Нэг хүний зургийг хэдхэн өдрийн дотор дуусгаж байхад нөгөөг нь арав хоног, түүнээс ч  удаан хугацаагаар зурж чадахгүй  байх гэх мэт.  Миний мэдэрсэн мэдрэмжээр гарахгүй байгаа нь хамгийн их санаа зовоодог” гэсэн юм.

БИ ТЭНГЭРИЙН ХҮСЭЛ ГҮЙЦЭТГЭГЧ...

Урлан бүтээлчдийг би хүн судлаач гэж боддог. Бидний яриа энэ бодлыг минь баталж байх шиг санагдлаа. Гэвч тэр дан ганц хүн судлаач биш юм. Тэр байгаль, шинжлэх ухаан, хими, философи, шашин зэргийг судалдаг. Үүгээр ч тогтохгүй сансар огторгуйг судална. Яагаад гэж уншигчид сонирхож магадгүй. Үүнийг зураач “Би хүнийг танин мэдэхийн тулд сансар огторгуйг судлахаас өөр аргагүй. Ингээд хүнийг үүсэл хөгжлөөс нь судална. Миний хийсэн буруу нэг зүйлээс бол өөр нэг ертөнц үгүй болж байдаг гэдэгт би итгэдэг. Харин будаг, бийр, цаас... энэ бүхэн шинжлэх ухаан. Би үзгийг үзэг гэж хардаггүй. Энэ балаар юу хийж болох вэ, юугаар бүтсэн бол.  Диаметр нь, өргөн нь хэд байна вэ гэх мэтчилэн судалдаг. Зураг зурахын тулд харандаагаа үнэрлэж, барьж, мэдэрч, амталж хүртэл үздэг. Зураг зурахад хүний таван мэдрэхүй тавуулаа ажиллаж байдаг юм. Хувь тавилан хэзээ ч тааварлашгүй. Магад нэг л өдөр миний гар  тэр чигтээ мэдээгүй болчих ч юм бил үү. Би өөрийнхөө хүслээр зурдаггүй. Энэ бол тэнгэрийн хүсэл. Би тэнгэрийн хүслийн гүйцэтгэгч гэж өөрийгөө боддог. Миний туулж өнгөрүүлсэн бүхэн үүнийг илэрхийлж байгаа юм” гэж тайлбарласан.
 
     Зураач хүн бүр өөрийн гэсэн онцлог өөрийн гэсэн үзэл, арга барилтай. Тэрбээр бусдын ертөнцийг өөрт нь үлдээж, хөргөө тал зурсан гэсэн. Харин “Өөрийгөө зурж байсан уу. Өөрийгөө таньсан болов уу” гэх асуултад маань “Би өөрийгөө судалж байгаа” хэмээн инээмсэглээд “Хоёр удаа өөрийгөө зурсан” гэж хариулав. Ингэхдээ өөрийгөө нүд, ам, хамар уруул гээд тус тусад нь зуржээ. “Би дахиж өөрийгөө зурна. Харин энэ нас минь өөрийгөө бүрэн нээхэд хүрэлцэх эсэхийг мэдэхгүй байна. Энэ гарны минь мэдрэлийн сүүлчийн судас тасартал би зурсаар байх болно” гэлээ.

ХӨРӨГӨӨС ЗУРАГТ НОМ РУУ

        Бидний яриа түүний сүүлд бүтээсэн уран бүтээлийн талаар үргэлжилсэн. Тэрбээр Монголын нууц товчоог зурагт ном болгох томоохон төсөл дээр ажиллажээ. Уг бүтээл нь 12 цуврал бөгөөд 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллажээ. Төслийн гол зорилго нь түүхэн үйл явдлыг зургаар илэрхийлэн хүүхдэд ойлгуулахад чиглэсэн байна.
 
“Монголын нууц товчоо” бол түүхийн том бүтээл. Түүх, уламжлалаа бид хүүхэд багачуудад багаас нь танин мэдүүлэх хэрэгтэй. Энэ бүтээл нь үгийг үйлдлээр илэрхийлэн гаргаснаараа онцлог. Соёлын томоохон өв үлдээх зорилгоор уг төслийг санаачилсан юм. Доктор М.Батсайханы санаачилгаар энэ төсөл бүтсэн. Маш их судалгаа хийсэн. Археологийн олдвороос олдсон хувцас хэрэглэлийн хээ угалз, эд эдлэл зэрэг баримтыг үндэслэн зургаа зурсан.  Түүнчлэн түүхэн газар орныг дүрслэн оруулахыг чухалчилсан. Түүхийг огтоос гуйвуулж болохгүй. Ном бүтээхдээ      Монголын нууц товчооны сонгомол эхийг барьж, туурвилаа. Тухайлбал, нууц товчоонд “Жамуха хилэгнэв” гэвэл ууртай, ширүүн төрх бүтээнэ. “Баярын хундага тулгав” гэвэл инээж, баярлаж буйгаар илэрхийлэх гэх мэтээр. Түүхэн баатруудын дүрийг бүтээнэ гэдэг амаргүй. Нууц товчоотой холбоотой судалгааны баримтуудыг нэлээд судалсан. Дүрийг нь бүтээхдээ монгол хүний ерөнхий дүр төрхийг яаж гаргах вэ гэж их бодсон. Эрчүүд нь ахуй амьдралын нөхцөл байдлаас шалтгаалж, хүдэр чийрэг биетэй, давхраагүй нүдтэй, монхор хамар, өргөн шанаатай байсан нь архелогийн олдвороос олдсон гар зурагт дүрслэгдсэн байдаг. Тиймээс энэ дүр төрхийг гаргахыг хичээсэн. “Монголын нууц товчоо”-г бүтээл болгон гаргасан нь миний бас нэгэн үүрэг даалгавар байсан гэж боддог.  Энэ бүтээлээ бид зөвхөн монгол хэл дээр гаргаад зогсохгүй дэлхийн олон хэл дээр гаргахыг зорьж байна
.

ХҮНИЙГ ТАНИХУЙ

Зураач М.Алтанхундага төслөө дуусгасан даруйдаа дараагийн уран бүтээлдээ оржээ. Хүнийг таних дараачийн алхам нь гэж болно. Энэ удаад тэр өөрийгөө шинэ зүйлд сорихоор шийдсэн байна. Урьд нь тэрбээр хар зураг зурдаг байж. Харин энэ удаагийн бүтээлээ өнгөтөөр зурж эхэлжээ. “Наран энтэй ижий заяа” хэмээх бүтээл нь орчин үеийн урлаг, соёлын 33 эмэгтэйн хөргийг бүтээх аж.
 
 
“Хүн” цуврал бүтээлээ эмэгтэй хүний мөн чанараар үргэлжлүүлэхээр шийдсэн. Ирэх ондоо багтааж, үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөж байгаа. Нийт 33 эмэгтэй сонгосон. Өөрийнхөө арга барилын дагуу тэдэнтэй уулзаж, ярилцаж, өөрийнхөөрөө таньсан. Тэднийг би өнгөтөөр бүтээх гэж байгаа. Анх удаа өнгөт зураг зурна.
 
Энэ удаад эмэгтэйчүүдийг уран бүтээлчээс гадна эх хүн, ээж хүн гэж хэн бэ гэдгийг гаргахыг зорьж байгаа” гэлээ. Хүний тухай, мөн чанарын тухай, ёр билгийн тухай, ертөнцийн бүхний тухай түүнтэй ярилцаад л байвал ярилцаад л байх ажээ. Тэр үнэхээр л тэнгэрийн хүсэл гүйцэтгэгч ажээ.
 
 

Тэнгэрийн хүсэл ГҮЙЦЭЭГЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-12-16 19:07:41
    Болормаа Нанзаддорж: Алтанхундага зураач зураасаар сэтгэл зурдаг юм бна. Хүний мөн чанарын тухай олж ажигласан зүйлээсээ пост оруулна уу харах өнцөг чинь сонин бна. Сонирхмоор бна учир нь би хүний мөн чанарын тухай нэмж мэдэх сахиусын даадгавартай юм туслаач. Болормаа Нанзаддорж гэдэг рүү илгээвэл баярламаар бна.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-12-15 13:29:05
    Баасансувд : Tand ene odriin mend
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188