• Өнөөдөр 2024-04-19

ХАРД ХӨГЖИМ ШИГ Ч.ЧОЙСАМБА БАГШ

2022-12-22,   2464

       Монгол Улсын Их сургуулийн хоёр давхрын 204 тоот өрөөнд тэр суудаг байлаа. Харааны шилнийхээ цаанаас цоргитол хардаг, үл мэдэг мушилзангуй ч байнгын төв царайлдаг төрх нь МУИС орох бүрд санаанд тодорно. Ихэнх хүн түүнтэй намар уулзсан байх. Шар навчис газраар хөглөрсөн ийм цагаар тэр цэмбийтэл индүүдсэн албаны хувцастай, жимбийтэл самнасан үстэй, цүнхээ чамбай гэгч нь мөрлөөд ёжтой гэгч нь инээвхийлэн алхаж оддог байлаа. Байлаа гэсний учир нь, тэр ийм дүр төрхөө бидний харц, сэтгэлд үлдээгээд, өөрөө үүрд “эзгүй” болоод таван жилийг үджээ. Түүнгүйгээр он цаг цахилан одсон ч тэр өөрийгөө он цагт мөнхөлж чаджээ. Учир нь, ижил олон нөхөд нь, инээлдэж, хөгжилдсөн хамтрагчид нь, эрдмийн дуу сонсож асан шавь нар нь түүнийг үргэлж дурсан ярьж, хайрлан санагалзацгаасаар байна.

    Түүнийг ямар багш байсныг шавь нар нь, ямархан найз байсныг найзууд нь бидэнд ийн ярьсан юм. Тэдний нэрлэж заншсанаар Чой багшийн тухай асууж, түүний үлдээсэн жимээр бидэрхэд “Далай шиг өргөн мэдлэгтэй, дандаа бусдын төлөө явсан, үргэлж коммунист мэт имиж бүрдүүлдэг ч үнэн чанартаа дэндүү хард хөгжим шиг хүн байж дээ” гэсэн навч шиг бодол сэтгэлийн модноос зүүгдэж үлдлээ.

-ГЭРТЭЭ ХАРЬДАГГҮЙ ЭРДЭМТЭН-

     Цэл залуухан, гэгээ цацруулсан хүсэл мөрөөдөл дүүрэн багш Монгол Улсын Их Сургуулийн хаалгаар орж ирсэн цагаасаа тэр мөн ч олон шөнийг өрөөндөө ажиллаж өнгөрүүлсэн байдаг. Учир нь, тэр өнөөгийн сэтгүүл зүй болон хэл шинжлэлийн хэл найруулгад өөрийн бүтээл, туурвилаараа гэгээ татуулахын тулд асар их судалсан, уншсан, тэмдэглэсэн, бүтээсэн нэгэн. Энэ тухай дотны найз, МУИС-ийн Нийгмийн ухааны салбар хариуцсан дэд захирал, доктор /Ph.D/, профессор Б.Болд-Эрдэнэ нь “Хачин их хөдөлмөрч хүн.  Ямар сайндаа “Чи жилд хоёр, гурван ном гаргана гээд социалист уралдаанд үүрэг авсан мэт байх юм” гэж хэлж байлаа. 43 насандаа өөд болохдоо 43 ном бичсэн байна лээ. Одоо бодоход богино насандаа амжуулах гэж хичээж, амьдралд их яарч байж дээ гэж боддог юм.  Манай Чой голдуу сэтгүүл зүйн хэл найруулгын талын ном бичсэн. Үг найруулгад онцгой, чин сэтгэлээсээ уусдаг, бачимддаг байсан” гэж ярив.

     Ингэхдээ тэр өөрийнхөө төлөө бус Монголын өнөө цагийн хоёр чухал салбарт ус, агаар мэт хэрэг болох бүтээлүүдийг үлдээхийн төлөө хөдөлмөрлөж байжээ. Үүнтэйгээ зэрэгцэн түүхийн жимээр “алхаж”, “Наполеон”, “Батхан” хоёрын түүхийн судалгааны ажлыг тэр тууштай хийсэн байдаг. Тэгэхдээ бүр Батханаар амьдарч, амьсгалж байсан гэхэд хилсдэхгүй. “Батханы байлдан дагуулалт” номыг богино хугацаанд чамбай бичиж, орос хэл дээр тун гарамгай орчуулсныг нь тэнхимийн багш нар нь, судлаачид, түүхчид бахархан ярьдаг. Хэдийгээр бидэнд харагдаж байгаа нь Ч.Чойсамба багш байсан ч Батханыг судалж байхдаа тэр түүхийн баатрын замналаар амьдарч, гүнд нь орж байсан гэдэг. Энэ тухай хамт ажиллаж байсан багш нар нь “Чой яг Батхан шиг байсан. Батханы түүхийг дэлхийд таниулахаар судалж байсан болоод ч тэр үү их адилхан харагддаг байлаа. Зан авирын хувьд ч төстэй зүйл нэлээд гаргана” гэж ярьсан. Чой багш өөрийн судалсан бүхэндээ ингэж гүн орж, өөрөө амьдарч, бие сэтгэлээрээ ном бүтээлээ “төрүүлдэг” нэгэн байв. Тийм ч болохоор ном, судалгааных нь чанар чансаа ямагт өндөрт үнэлэгдсээр байна.

      Түүний ямархан эрдэмтэн байсан тухай МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн зөвлөх багш М.Зулькафиль “Би Ч.Чойсамба багшийн гурван онцгой чанарыг олж харсан. Нэгдүгээрт, маш их хөдөлмөрч, хичээнгүй, аливаа юманд чин сэтгэлээсээ хариуцлагатай  ханддаг. Энэ нь хамтран ажиллахад урамтай байсан. Тиймээс бид монгол, орос хэл дээр 5-6 ном хамтран бичсэн. Хоёрдугаарт, суурь мэдлэг маш сайтай.  Улсын болон олон улсын түүхийг маш их сонирхдог. Энэ талаар цуглуулсан ном ихтэй, ер нь маш сайн мэдлэгтэй. Энэ нь судалгааны ажил хийх, хичээл заахад чухал нөлөө үзүүлж байсан. Гуравдугаарт, орос хэлний мэдлэг болон орос, монгол хэлний найруулан бичих чадвар маш сайн. Оросоос монгол руу, монголоос орос руу орчуулах чадвар нь гайхалтай байлаа. Энэ боломжийг ашиглан мэргэжлийн судалгааны номноос гадна Наполеон, Батханы тухай хэд хэдэн сайн ном бичсэн. Багшийн ажилдаа тун хариуцлагатай ханддаг. Оюутнуудад маш өндөр шаардлага тавьдаг. Өгсөн даалгавраа заавал хийлгэж байж салдаг. Зарим зүйлийг маш эмзэг хүлээж авдаг учраас түргэн ууртай тал бий. Оюутнууд түүний тавьсан шаардлагыг биелүүлэхийг хичээдэг, мэдлэгийг нь үнэлж хүндэтгэдэг байсан. Тиймээс оюутнууд түүнийг “Бие нь жижиг ч бэлчээр нь том багш” гэж ярьдаг байсныг сонсож байлаа” хэмээн дурссан.

-НАЙЗУУД ДУНДАА ТЭР ХАМГИЙН ДЭГГҮЙ НЬ БАЙЖЭЭ-

     Өөр нэг зүйл нь, магад ойр дотных нь хүмүүс л түүнийг өрөвгөр үс, энгийн хувцастай харсан байх. Түүнээс их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн залуухан багш болсон цагаасаа хойших 20 гаруй жилд тэр хааш яайш явсан нь ер үгүй. Тэр үргэлж л баяр жаргалтай зүйл тохиолддог болов уу гэмээр л инээмсэглэн, цог жавхаатай алхана.

Ч.Чойсамба багшийг гаднаас нь харахад  даруу төлөв, цэгц шулуун, дэндүү зарчимч ч үнэндээ түүний дотор маш сахилгагүй хөвгүүн оршдог байсныг ойр дотнынхон нь ярьдаг. Итгэдэг, амьдралын жаргал, зовлонгоо хааяахан хуваалцдаг нөхдийнхөө дунд бол тэр хард хөгжим нь, хамгийн эрх дураараа нь байсан гэнэ. Найзуудтайгаа бол архи огт амсаагүй ч дуулбал дуулж, бүжиглэвэл бүжиглэж чаддаг, маш наргианч, хамгийн хоржоонтой үгийг хойно нь хэлж нөгөөдүүлээ ёжилчихоод бүр нэг үнэн сэтгэлээсээ хөхрөн инээж суудаг байж. Тэгсэн хэрнээ заримдаа маш гэнэн, бүр “Ийм зүйлийг мэдэхгүй байхдаа яах вэ дээ” гэмээр итгэмтгий зан түүнээс гардаг бөгөөд энэ тухай нь хэлэхээр “Би яаж мэдэх вэ дээ” гээд сандарч, сандарсандаа ичиж, түүнийгээ мэдэгдэхгүйг хичээн төв царайлан түгтэгнэж зогсдог байсан гэдэг.

-ДАЛАЙ МЭТ ГҮН СЭТГЭЛТ-

     Тэр мөн далай шиг гүн хүн сэтгэлтэй нэгэн байлаа. Шавь нартаа өгсөн даалгавраа яг таг авдаг ч амьдралыг нь ойлгодог багш байж. Үүний нэг жишээ нь, өөрөө эрхлэн гаргадаг байсан “Хар гар”, “Холливуд” зэрэг сониндоо амьдралын боломж жаахан тааруу шавь нараа орчуулгад суралцуулж, биеийг нь даалгаж, сурвалжилгад томилж, юм бичүүлж байснаас нь илт харагддаг. Нэг ёсондоо сургалтын төлбөрт нь бичлэгийн шагнал өгч нэмэр болдог, сургалтын аргаа практикаар баталгаажуулан оюутнуудаа чадавхжуулдаг байжээ. Ингэж л гүн сэтгэж, хүнийг өөрөөр нь бий болгодог нэгэн байлаа.

     Ажилдаа, бүтээлдээ, сайн шавь бэлтгэх үйлсдээ өөрийгөө бүрэн дүүрэн зориулахдаа тэр хувийн амьдралаа зольж, үлдээснийг энд цухас дурдах нь зөв биз ээ. Оюун санаа, мэдлэг боловсролоо бататгах, шинийг сурах, эрэн хайх дуусашгүй их таашаалт ажлыг нь ойлгож, гэртээ харих завгүй судалж суудаг шаргууг нь тэвчээд ханилж үлдэх бүсгүйтэй тэр хараахан учирч амжилгүй нартаас буцсан билээ. Энэ тухайдаа тэр огтхон ч санаа зовдоггүй байснаар барахгүй харин ч өөдрөг, хоржоонтой хошин зүйлс ярьж, найзуудынхаа амыг тагладаг байж.

     Түүнийг явснаас хойш таван намар өнгөрчээ. Ч.Чойсамба багшийг байхгүй  болсноос хойно Их сургуулийн гудамжны модод таван жил нахиагаа дэлгэж, таван намар навчсаа гөвсөн байна. Гэвч мартагдашгүй орон зайг үлдээсэн Чой багш олон олон хүний сэтгэлийн гудамжинд тэр л хэвээрээ инээмсэглэн зогсож байна. Хэрэв “Ч.Чойсамба гэж ямар хүн байв” гэж надаас хэн нэгэн асуувал би одоо “Өрөөлийг гэрэлтүүлэхэд өөрийгөө бүрэн зориулсан, даруухан төрхтэй ч дэггүй хүү байсаан" гэж хариулахаар боллоо.


ХАРД ХӨГЖИМ ШИГ Ч.ЧОЙСАМБА БАГШ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188