• Өнөөдөр 2024-04-25

Нэгдүгээр сарын хавар

2020-11-06,   1781

Эрин цагийг, маргааш, өнөөдрийг бүтээлцэж буй уран бүтээлч, урлаг, соёлын зүтгэлтнүүдийг та бүхэнтэй уулзуулах, тэдний зорилго, мөрөөдөл, үйлсийг танилцуулах “Бүтээгчийн хөрөг” буланд тавтай морилно уу.

"Бүтээгчийн хөрөг" булангаар бид “Алтан хальс” холбоог үүсгэн байгуулагч, Монголын кино институтийн дэд тэргүүн, “Алтан өргөө” олон улсын кино наадмын захирал, найруулагч Ш.Ихбаярыг та бүхэнтэй уулзуулж байна. 
 
Passion
Шинжлэх ухаан бол түүний тэмүүлэл нь. Хүн төрөлхтнийг залах шинжлэх ухааны ид хав, хүчид итгэдэг тэрбээр генетикийн инженер мэргэшилтэй биотехнологич. Гэхдээ түүнд шинжлэх ухаанаас ч дутахгүй, магад илүү ч байж мэдэх  тэмүүлэл бас бий. Тэр бол кино. 
 
Кинонд, тэр тусмаа артхаус кинонд шимтсэн үе гэвэл 2000 оноос эхэлсэн санагдана. Тэр үед Үндэсний телевизээр “Дэлхийн шилдэг кино” гэдэг нэвтрүүлэг гардаг байлаа. “Оскар”-ын шагналыг тэр жилдээ хүртсэн киног голчлон хүргэдэг байсан ч заримдаа ази, европ артхаус бүтээл ч гарна. Бямба гарагийн орой нэвтрүүлгээ, киногоо үзэж чадахгүй бол уурлаж, уйлахдаа ч тулдаг байв. Тэгж  анх кинонд “донтсон”. Дараа нь, оюутан болсон хойноо DVD цуглуулдаг боллоо. “Хадаг” киноны DVD олж аваад нандигнан үзэж  байснаа одоо хэр санадаг юм. Бас тэр үед Улаанбаатарт VHS видео үзүүлдэг газрууд цөөнгүй байлаа. Кинонд нэвт шувт орчихсон тэр үед найз нөхөдтэйгээ гэртээ ч юм уу, кино үздэг байснаа “Нээрээ яагаад бусад хүнтэй хамт үзэж болохгүй билээ” гэсэн сэдлээс арт кино гаргадаг “Dreamers’ Day” өдөрлөг, улмаар “Алтан хальс” холбоо мэндэлсэн. 
Анх хүмүүс суугаад ном уншдаг, дуу чимээтэй, кино үзвэрт төдий л тохиромжгүй кафед хоёр талаас нь хөшиг татан, дунд нь зай гаргаж суугаад кино үздэг байсан нь  “Dreamers’ Day”-ийн эхлэл байв. Гэхдээ анх эхэлж байхдаа яг ч арт киног хөгжүүлье гэсэн зорилго өвөрлөөгүй юм аа. Үзэж буйгаа хүмүүстэй хуваалцах тэр хүсэл яв явсаар “Алтан хальс” болж, кинонд хайртай, кино үздэг залуусаар хүрээгээ тэлсэн. Өсвөр насныхан, залууст бусдаас ялгарах хүсэл байдаг шүү дээ. Үзэж буй кино, сонсож байгаа хөгжмөөрөө онцгойрох хэрэгцээ нь “Dreamers’ Day” гарч байх үетэй давхцаж таарсан уу, юутай ч зөнгөөрөө, зүй тогтлоороо явсаар өнөөг хүрчээ. 
 
Бүтээхийн дасгал 
 
Өдгөө Монголд олон улсын стандартаар зохиогдож буй хоёр кино наадам буйн нэг нь “Улаанбаатар”, нөгөө нь “Алтан өргөө”. Кино наадмынхаа тухай тэрбээр ийнхүү хуваалцсан. 
 
“Dreamers’ Day” кино өдөрлөг, “Алтан хальс” холбоо олон хүнд арт кино сонирхох сэдэл өгсөн байх. 2013 онд Андерграунд кино уралдаан гэж зохион байгуулсан нь нэрээ тав, зургаан удаа сольсоор одоогийн “Алтан өргөө” олон улсын кино наадам  болжээ. Энэ наадамд хүүрнэлт, баримтат, хүүхэлдэйн, эксперименталь гэсэн үндсэн дөрвөн төрлөөр богино хэмжээний кино хүлээн авч өрсөлдүүлдэг.  “Алтан өргөө” олон улсын кино наадамд жил бүр 30 гаруй монгол бүтээлээс гадна гаднын орнуудаас кино олон ирнэ. Бид  Монголоос оролцож байгаа 30 орчим киноноос 15-ыг сонгож өрсөлдүүлдэг бол олон улсаас 400 гаруй бүтээлээс сонгодог.  
 
Богино хэмжээний кино гэдэг залуу найруулагч, уран бүтээлчийн хувьд гараагаа эхэлж болох талбар. Угаас дөнгөж уран бүтээлд хөл тавьж буй залуус шууд бүрэн хэмжээний кино хийгээд, олон улсын томоохон наадамд оролцох боломж хомс. Хамгийн энгийнээр бодоход 21 настай, сургуулиа төгссөн хүний амьдралыг харах өнцөг тогтох, уран бүтээлчийн хувьд хөгжих, тэгээд дорвитой бүтээл хийтлээ наад зах нь 10 жил болно. Ерөөс практик, туршлага гэдэг хамгийн сайн багш юм хойно тэр хүртлээ богино хэмжээний кино хийгээд явбал улам хөгжөөд, чадваржаад ирнэ. Тэр утгаараа кино сонирхогч, уран бүтээлч болохоор явж буй залуусыг дэмжих хүсэл байсан. 
 
2010 оноос хойш би эксперименталь кино хийх гэж оролдож байлаа. Авангард киноны дэд ангилал гэж хэлж болох эксперименталь кинонууд гэвээс киноны хэл, хэллэг, агуулгын илэрхийллийг цоо шинээр эвдэж гарч ирэх зорилготой бүтээлүүд. Ийм киногоор гараагаа эхэлсэн найруулагч арилжааны төрөл рүү ч, арт кино, хүүрнэлт кино руу хөрвөхдөө кино хэл нь илүү шинэлэг, зоримог байдаг. Стив Маккүин гэдэг англи найруулагч л гэхэд зураач хүн. Видео арт, богино кино хийдэг байсан. 2011 онд “Өлсгөлөн” гээд бүрэн хэмжээний бүтээлээрээ Каннын кино наадмын дебют бүтээлийн шагналыг авсан шүү дээ. Түүхэн үйл явдлыг барьж авсан хүүрнэлт уран сайхны тэр бүтээлийн хэл нь тэс өөр, үнэхээр шинэлэг байж чадсан. Дараа нь тэр “12 жилийн боолчлол” киногоороо “Оскар”-ын шагнал авсан. Өөрөөр хэлбэл, киноны тогтсон, баригдмал хэлийг эвдэж чадсан хүмүүс л аль ч жанрт шинэ дуу хоолой болж чаддаг. Тиймээс “Алтан өргөө” наадмынхаа нэг төрөл болох эксперименталь гэсэн ангиллыг хасалгүй бүтээлүүд хүлээн авсаар байгаа. 
 
“Уран хас”
... Гурван гэр бүл, зургаан уран бүтээлч, өөр өөр түүх. Гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлэхгүй ч байж мэдэх харилцан яриа, энгийн, өдөр бүр, эргэн тойрноосоо харж болох танил ахуй. Гэхдээ хүрэх зам юугаар дүүрнийг үл мэдэх атлаа мөнөөх замыг эргэлт буцалтгүйгээр туулах зоригт аялагчийн тухай хүүрнэл ч байж мэдэх. Найруулагч Ш.Ихбаярын “Уран хас” кино ийм мэдрэмж төрүүлсэн. Харин зэргэлдээ суусан нэгэнд тэс өөр зүйл бодогдсон болов уу гэж таамаглана. 
 
Хэд хэдэн богино кино хийж үзээд, бүрэн хэмжээний бүтээл хийе гэсэн санаа төрчихсөн үе. Ганц хоёр ном, судалгааны ажил олж уншаад, гол санаагаа тодорхой болгочихлоо. Ер нь  баримтат кино зардал багатай, хийж болохоор санаанд багтсан хэрэг. Одоо бодоход яг анхнаасаа зорьж тэмүүлээгүй ч киноны дүр болсон гурван гэр бүл гурвуулаа зураач, тухайн үедээ бага насны хүүхэдтэй, эхнэр маань бас зураач, хүү минь төрсөн үе гээд давхацлууд байжээ. Киногоороо уран бүтээлч байх, бас уран бүтээлч гэр бүл байх нь ахуй амьдралдаа, уран бүтээлдээ хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуултад хариу эрсэн. 
Эвлүүлэг дээр нь бараг найман сар сууж, “ухаж” гаргасан болохоор одоо үзэхэд голох мэдрэмж нэг их төрөхгүй. Бас ажиглалтын баримтат кино гэдэг утгаараа өөрийн гэсэн дөвийсөн шийдэл оруулах гэж хичээгээгүй, тэгэх шаардлага байгаагүй нь аз гэж боддог. “Уран хас” кинотеатрт нэг л удаа гарсан, угаас нийгмийн бага сегментэд хүрэхээр кино гэдгийг мэдэж байсан. Уран бүтээлч, урлаг сонирхдог хүмүүс үзээсэй, таашаал аваад, ямар нэгэн юм бодоод гараасай гэж зорьсон болохоор тэр зорилгоо биелүүлсэн бол боллоо гэж хардаг. 
Найруулагч нар ер нь их амбийцтай. Би гэсэн тухайн үедээ бүрэн хэмжээний кино хийнэ гэж амбийцлаад “Уран хас”-ыг хийсэн. Уран сайхны киноны хувьд өмнө нь хийх гэж эхлүүлсэн зохиолоо хараад ичих мэдрэмж төрнө, “Яаж ашгүй тийм кино хийгээгүй юм бэ” гэж боддог шүү.
 
Өгөгдөл хийгээд зүтгэл 
... Уран бүтээлчийг юу чухам уран бүтээлч болгодог бол? Өгөгдөл авьяас уу, хичээл зүтгэл, нөр хөдөлмөр үү? Энэ бүхний нийлбэр үү? 
 
Уран бүтээл гэдэг бусад ажилтай л адил хичээл зүтгэлээр маш сайн бүтээл төрүүлж болно гэдэгт би 100 хувь итгэдэг. Кино найруулах гэдэг бол ур чадварын асуудал. Драматик, хүүрнэлт бүтээлийг академик мэдлэг, туршлага практикаараа сурч болно. Харин дүрслэлийн эксперименталь кино бол илүү торгон мэдрэмж шаардана.
Мэдрэмж буюу өгөгдөл, авьяаст удам судар яалт ч үгүй нөлөөлнө. Авьяас гэдэг нь генийн программчлал, дээр нь өссөн орчин. Оросын Андрей Кончаловский, Никита Михалков гэхэд л таван зуу гаруй жилийн түүхтэй язгууртнуудын удам. Удам дамжсан том том сэхээтнүүдийн ген цуглаад гоц авьяастан төрж байна гэсэн үг.
Гэхдээ маш их хичээж чармайгаад,  сонирхол, тэмүүлэл байвал үнэхээр сайн уран бүтээл хийх боломжтой. Хэчнээн авьяас байгаад хүсэл тэмүүлэл үгүй бол явахгүй л дээ. Авьяас, өссөн орчин сайн бүтээл хийхэд давуу тал болно, гэхдээ амжилт гаргахын баталгаа биш. 
Дэвид Финчерийг би тийм их авьяастай найруулагч гэж боддоггүй. Гэхдээ тэр асар өндөр түвшний ур чадвартай. Нарийн торгон мэдрэмж үгүй  ч найруулагчаас гарах бүх ур чадвар түүнд зохилдсон гэж хардаг. Кино зураг авалтынхаа үеэр хамгийн багадаа 50-60 дубль авдаг, үнэхээр хангалттай гэж үзсэн үедээ л нэг планы зураг авалт зогсдог гэж хамт ажиллаж байсан нэг гүйцэтгэх зураглаачаас нь сонсож байлаа. 
 
Сэтгэлийн хэрэгцээ 
Урлаг бол хүний сэтгэлийн зайлшгүй хэрэгцээ гэж тэрбээр хэлсэн. Арт ч бай, тулаант ч бай, хүүрнэлт ч бай, кино гэдэг бидний дотоод руугаа өнгийх, ямар нэгэн зүйлийг олж харах, тайтгарах, мэдрэх хэрэгцээ гэж тодруулж ч бас болох... 
 
Арилжааны, арт, хүүрнэлт уран сайхны гээд кино урлагийн бүх л төрөл хүмүүсийн сэтгэлийн хэрэгцээг л хангахад зориулагдсан. 
Тухайлбал, сэтгэл заслын хамгийн том хүчин зүйл бол түүх. Эрт цагт ч орой бүр галаа тойрч суугаад ан агнасан түүхээ хуваалцах хэрэгцээ хүмүүст байсан. Нэг талаараа энэ нь багачуудаа сургах хүмүүжлийн арга, нөгөө талаараа хуваалцах, хүүрнэх хэрэгцээ байв. Хүн аливаа зүйлээс сэтгэлийн таашаал авч байж, хэрэгцээ нь хангагдаж байж сэтгэцийн эрүүл мэнд хэвийн амьдарна шүү дээ. Арилжааны киноны гол санаа илүү энгийн, заримдаа бараг гол санаа гээд байх зүйлгүй байх нь ч бий. Угаасаа энгийн дундаж үзэгчийн гол хэрэгцээ нь киноны өгүүлж буй түүх нь.
Нөгөө талаас спектакль, тавилт, тусгай эффект мэдрэх хэрэгцээ ч бий. Залуу үзэгчид бол Марвелийн цувралуудаас эхлээд тулаантай, тусгай эффекттэй кино сонгохдоо энэ хэрэгцээнд тулгуурлаж буй гэсэн үг. 
Арт, эксперименталь киноны тухайд өгүүлж буй түүх нь бүдэг бадаг, спектакльгүй ч гоо зүй, оюун сэтгэлгээний хувьд таашаал өгч болно. 
Мэдээж кино ч бас урлаг л юм хойно хувьсан өөрчлөгдөж байна. 1960-1970-аад оны артхаус кино найруулагчид, Антониони, Бергман, Феллини нарын кино хэл нь тухайн үеийн арилжааны киноныхоос эрс ялгаатай байсан. Одоо бол Америк, Европын арилжааны кино, телевизийн шоунаас ч стиль, хэл гэсэн өнцгөөсөө артхаустай огтлолцож буй зүйл ажиглагдаж байна. Мэдээж, хэлэх гэсэн гол санааны хувьд өөр, өөр. 
Монголын үзэгчдийн тухайд арт киноны хэллэгт дасаагүй байгаа. Арт хэллэгтэй, түүх нь энгийн, дундаж үзэгчид хүрэхүйц байвал кино амжилтад хүрч болохын тод жишээ бол “Шимэгч”. “Оскар”-ын шагнал авахаас өмнө ч Америкт чамгүй амжилт гаргаж, их ашиг олчихсон шүү дээ. Манайд ч гэсэн гол санаагаа гаргасан, сонирхолтой түүх өгүүлсэн, арт хэллэгтэй кино хийхэд хит болохгүй юм гэхэд хүмүүст хүрэх боломж бүрэн бий. Гэхдээ Монголд мэргэжлийн кино зохиолч бэлддэггүй учраас гол санаа гэдэг юмыг нэг их авч хэлэлцэхгүй хандлага байна. Мэдээж найруулагч, кино зохиолчид өөрийнхөөрөө илэрхийлэх гэж хичээдэг  ч хэт номлосон болчих нь бий. Номлуулах гэж хүн кино үзэхгүй шүү дээ. Хэлэх гэсэн гол санаа нь илэрхий ойлгомжтой байхад дүрээрээ хэлүүлээд, бүр текстээр гаргачихна. Тэгэхээр энэ нь санаагаа шууд тулгасан болхи урлаг болчихож байна. Мөн мелодрам хэтийдэх нь бий. Мелодрам хүүрнэл бол уран бүтээлчийн үйлдэх нэг том нүгэл шүү дээ. 
Үзэгчид киноны эцэст өөрийнхөөрөө ямар нэгэн зүйлийг ойлгоод гардаг. Зохиолчийн гол санааг ойлгоогүй ч далд ухамсарт нь юу ч юм үлдсэн л байж таарна. 
 
Босго 
 
Кино хийх олон хүчин зүйлээс, олон хүний зүтгэл, нэгдлээс төрдөг гэдгээрээ хувь чанар давамгайлдаг бусад уран бүтээлээс өөр. Бүтээгчийн гараас үзэгчийн мэлмий хүрэх тэр замын босго юу байдаг, ямар бэрхшээлтэй нүүр тулж, түүнийг хэрхэн давдаг бол? 
 
Кино, бүтээлээ хэрхэн харж байна вэ гэдгээс олон зүйл хамаарна. Найруулагч, тэр тусмаа залуу уран бүтээлчдийн хувьд кино бүтээх хөрөнгө, санхүүгийн асуудал голчлон гарч ирнэ.
Гэхдээ үнэхээр гол санаа нь олон давхаргатай, баялаг хийгээд сайтар боловсруулсан бол, дээр нь өгүүлж буй түүх нь учиг шалтгааны зөв хэлхээтэй бол, кино зохиол өндөр ур чадвартай бичигдсэн бол, өндөр төсөвгүйгээр бүтээлээ хийх боломжтой цаг үед бид амьдарч байна.
Америкийн найруулагч Стивен Содерберг л гэхэд сүүлийн хоёр, гурван ч киногоо "iPhone" гар утсаар хийлээ шүү дээ. Хэдий том найруулагч, хөрөнгө төсөвтэй, карьер нь тогтсон байсан ч төсөр, хямдаар сайн бүтээл хийж болохыг харуулж байна. “Флорида хороолол”-ыг хийсэн  Шон Бэйкер ч анхны киногоо "iPhone"- оор хийгээд, ашиг олоод зогсохгүй гол нь карьераа эхлүүлсэн. 
Тиймээс уран бүтээл хийхэд тулгардаг хөрөнгө мөнгөний асуудлаас илүү ур чадвар, зохиолч, найруулагчийн өөрийгөө хөгжүүлэх дадал чухал болж таарч байна.
 
“Бүх л киног нь сайн гэж үздэг найруулагч бол түүний хувьд Михаэль Ханеке” гэж тэрбээр хэлсэн. Хэлэх гэж байгаа санаа нь, харуулж буй хийц нь, барьж авсан сэдэв нь их таалагддаг гэж тэрбээр ярина. Түүнтэй ярилцсаны дараа Сербийн найруулагч Эмир Кустурица “Андерграунд” киногоо Душан Ковачевичийн “Нэгдүгээр сарын хавар”  жүжгээс сэдэвлэснийг яагаад ч юм, гэнэт санав... Уран бүтээлч гэдэг, ерөөс бүтээгч гэдэг цас хаялсан, жавар тачигнасан нэгдүгээр сарын өдрүүдэд ч хавар шиг байхыг хэлдэг болов уу... 
 

Нэгдүгээр сарын хавар
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-06 15:25:47
    m: монгол кинонууд нээрээ хэцүү шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-06 09:35:57
    amjilt husye: amjit husye
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188