• Өнөөдөр 2024-04-25

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН “ЭЦЭГ” С.ЛУВСАНГОМБО

2022-04-06,   891

     Монголд бүтээн байгуулалт хэн хийсэн бэ гэвэл, ганцхан түүнийг гээд хэлчихэд хилсдэж, хэтийдэхгүй болов уу. Учир нь тэр хийчихсэн, бүтээчихсэн. Хүн эмнэлэг, хүүхдийн парк, гурилын үйлдвэр, цэвэрлэх байгууламж, сургууль, политехник гээд амьдарсан цаг хугацаандаа бүгдийг нь "төрүүлсэн". Түүний өөрийн гараар зургийг нь гаргаж, удирдаж, босгосон барилга, байгууламж одоо ч сүндэрлэж, өдгөө хотын өнгө төрх болсоор байна. 

   Тэгээд болоогүй, бүтээгээд суугаагүй. Улсын удирдах товчоонд ажиллаж, улстөрийн товчооны орлогч гишүүн байж, Батлан хамгаалахад ч алба хашиж, Улаанбаатар хотын даргаар сонгогдож, дандаа завгүй, үргэлжид дарга байсаар ирсэн тэр хэн гээч аавын хүү гэвэл,  Монголын хурандаа генерал Сономын Лувсангомбо гэхэд уншигч та мэднэ байх. 

  Түүнийг Монголын бүтээн байгуулалтын "эцэг" гэж нэрлэсэн юм. Ерөөс бүтээж, үлдээхийн төлөө нэгэн насны амьдралаа зориулж, зорьсноо биелүүлсэн. Эгэл даруухан харцтай, дөлгөөн төрхтэй, ихэд нуруулаг түүний залуу цагийн зураг даруу төлөв, эрхэлсэн ажилдаа чамбай, чадварлаг гэдгийг илтгэнэ. Бидний мэдэхээр бол буурал толгойтой, товч тодорхой үгтэй, нөхдөө, тэртээ үеийнхээ дурсамжийг ярихдаа ихэд баярлан хөхрөх түүнтэй "Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлгийн хоймроос анхлан уулзаж байв. Магад мөр зэрэгцэж, түүний удирдлагад ажиллаж байсан хүмүүсийн хувьд илүүтэй мэдэх байх. Гэхдээ бид түүнийг бүтээсэн, хийснээс нь илүүтэй хайхыг зорилоо.

-Ю.ЦЭДЭНБАЛ ДАРГЫН БҮТЭЭСЭН ХӨВГҮҮДИЙН НЭГ НЬ ТЭР-

        Монгол хэмээх улсыг бүтээн байгуулалттай орон болгоход Ю.Цэдэнбал даргын бүтээсэн хөвгүүдийн гавьяа их бий. Түүний нэг нь С.Лувсангомбо. Түүнийг бүтээнэ, хийнэ, хөгжүүлэх чансаатай, чадвартай, хувь заяатай нэгэн гэдгийг тэр мэдэж, удирдан чиглүүлж, даалгавар өгч, дагуулж байж. Тэрбээр энэ тухай хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би Ю.Цэдэнбал даргын удирдлагад 15 жил ажилласан. 1972 онд сайд нарын зөвлөлийн орлогч даргаар томилогдсоноос хойш даргатай бараг өдөр бүр уулзах болсон доо. Намайг хотын даргаар томилсон хүн. Тэрбээр Монголоо гэсэн эх орон ч үзэлдээ гуйвалтгүй үнэнч, тууштай, үнэнч, алс холын хараатай удирдагч байсан” дурссан байдаг. Түүнийг Ю.Цэдэнбал дарга тухай үед, хотын бүх бохирын шугам хагарч, халиа үүссэн асуудлыг зохицуулахаар хотын даргаар томилсон байна. Энэ нь түүний хотын дарга гэх цоо шинэ албанд томилогдоод, гүйцэтгэх эхний ажил бөгөөд Бал даргын С.Лувсангомбод өгсөн хүндхэн сорилт байж. Энэ тухай С.Лувсангомбо “Тухайн үед намайг Ардын хувьсгалын 50 жилийн ой, Зөвлөлтийн дайчдын хөшөөг Зайсан толгойд барих ажил хүлээж байсан юм. Гэсэн ч хажуугаар нь бохирын шугамыг богино хугацаанд засаж, янзлах даалгавартай байв. Тэгээд есөн километр хоолой дотор явж, бүгдийг нь шалгаад, ашиглалтад оруулж, бүх барилгаа бохирын шугамд холбож байлаа” хэмээн бахархан өгүүлнэ. Энэ үеэс л С.Лувсангомбо бүтээн байгуулалтын замдаа орж, ар араас нь Монгол Улсдаа хэрэгтэй, чухал гэсэн бүтээн байгуулалтуудыг гардан гүйцэтгэж, түүхэн цаг үеийн гэрч болж байжээ. 

-ТҮҮНИЙ ХИЙСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ-

       Тэр юу, юуг бүтээж, байгуулсан бэ гэвэл хотын баруун, зүүн, төв гээд нар зөв тойруулаад нэрлэж болмоор. Барилгын салбарт түүн шиг хийж, хэрэгжүүлсэн, босгосон, мандуулсан, үлдээсэн хүн Монголд байхгүй. Байлаа ч түүнийг энд хүрэхгүй л болов уу. Хуучнаар 40 мянгат буюу Их дэлгүүрийн орчмын барилга байгууламжийг тэр бүтээсэн. Энэ талаар тэрбээр тун даруугаар “Би 40 мянгатын барилгыг бүгдийг нь бүтээсэн гэвэл онгирсон болно. Харин оролцсон гэвэл үнэн болно” хэмээн "Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлгээр ярьж суусан. Бүхэл бүтэн хотын нэгэн хэсгийг тэр байгуулж, босголцсон. Угтаа бол онгироход ч багадам. Гэхдээ түүний бүтээн байгуулалтын нэгээхэн хэсэг л энэ. Хамгийн анх тэр барилгын салбарт орж ирээд чихэр боовны үйлдвэрийг тэр байгуулалцаж байж.

         Энэ тухай тэр “1956-1989 он хүртэл барилгад байсан хүн. Анх барилгын салбарт томилогдож ирээд хамгийн анхны оролцож байсан бүтээн байгуулалт бол чихэр, боовны үйлдвэр. Түүний дараа атар эзэмших хөдөлгөөн гараад Увс, Булган, Чойбалсан, Сүхбаатар зэрэг дөрвөн газар гурилын үйлдвэр байгуулсан. Дараа нь 1958 онд Германы инженерүүд ирж, Мах компанитын зураг төслийг гаргаж байсан. Мөн тэр үед Чех Улсын тусламжтайгаар арьс ширний үйлдвэр, гутлын үйлдвэр байгуулагдлаа. Хятадын тусламжтайгаар Сүхбаатарын мод боловсруулах үйлдвэр ч бослоо. Үйлдвэр, бүтээн байгуулалтууд шил дараалан гарч байсан үе.Тэгээд болоогүй, Монгол цементтэй болсон” гэнэ. Эдгээр бүтээн байгуулалтад цөм тэрбээр оролцсон. Түүний томоохон гэх юм уу мөн нэгэн бүтээн байгуулалт бол Дархан хот. Барилга хот, байгуулалтын орлогч сайд С.Лувсангомбо Дархан хотыг байгуулж, Нүүрсний уурхай, төмөр зам, өндөр хүчний шугам, Атрын сангийн аж ахуй, Дарханы сангийн аж ахуй гээд, Цагаан нуурын сангийн аж ахуй, Сүхбаатарт гурилын компанитын барилга гээд бүтээж л байв. Ерөөс нэг бүтээн байгуулалтаас нөгөө рүү шилжих хооронд тэр албан тушаал ахиж, өөрийгөө ч мөн өсгөж, бүтээж явжээ.

 

-ЭХЛЭЛ-

      Сулинхээрийн IX отрядоос тэр ажил, амьдралынхаа, өнөөгийн нийгмийг бүтээх гараагаа эхэлжээ. Арван долоон настай хүү хилийн отрядад хувцас угаагчаар ажиллаж байгаад цэрэгт явах нас нь болж, цэрэгт явснаар цэргийн хүн болох, цаашлаад барилга хот байгуулалтын бүтээгч нэгэн болох замдаа оржээ. Энэ тухай тэр “Би Батлан хамгаалах яамны шугамаао ОХУ-д Зэвсгийн дунд сургууль төгссөн. Мөн Москва хотод инженерийн академи дүүргэсэн хүн л дээ. 1956 онд Армийн удирдлага, дивиз хороодын дарга нарыг Ардын болон Сангийн аж ахуй нэгдлүүдэд хуваарилсан. Тэр үед намайг төв хороо дуудаж, барилгын салбарт хуваарилсан байна. Ингээд л би барилгатай холбогдож, Улсын барилгын байгууллагад инженер, трестийн дарга, Улсын барилгын яамны орлогч сайд хүртэл хийж байвхэмээн ярьжээ. Тэр анх л цаашид явах, хийж, бүтээх талбар дээрээ төрж, төрсөн цэгээсээ тэр өөдөө өгсөж, цаашлан явсаар өнөөдөртэй золгожээ. Тэгээд тэр Дорнын заставаас төрсөн, Монголын анхны хурандаа генерал болох замдаа гарч, хилийн заставаас татсан шугамаар өдгөө Монгол Улсын ихэнх бүтээн байгуулалтыг өрөлцөж, үлдээж, бүтээжээ.

-ЦЭЭЖИНДЭЭ СУР ЦАГИРГАЛСАН ААВ, ӨРТӨӨЧ ЭЭЖИЙН ҮР-

  С.Лувсангомбо гуай ээжийнхээ тухай ихэд олонтаа ярих бөгөөд “Эх орон гэдэг бол ээж” хэмээдэг. Тэрбээр ээж, аавынхаа тухай “Аав минь сур элдээд, цагиргалаад цээжиндээ өлгөдөг хүн байсан. Ээж минь харин өртөөч хүн байв. Би ч ээжийгээ дагаад 1940 онд сум, аймгийн өртөө мөн хийдэг байсан. Нутаг гэдэг ээж шиг л санагддаг юм. Хүүхэд байхдаа мориороо хэчнээн давхиж байлаа. Ээжтэйгээ 35 жин хөтлөөд хоёулахнаа жин тээж явлаа. Хилийн отрядод нэг жил жин тээж, өртөөний холбогч хийлээ. Ээж минь арван наймтай байхдаа миний эгчийг төрүүлээд, 19 настайдаа намайг төрүүлсэн. Ерөөс хөхөө өвлийн хүйтэнд хөдсөнд дээлэнд ороож, ингэний сүүгээр угжсан хүүхэд л хамгийн сайн тэнхээтэй, чадалтай, бие эрүүл байдаг юм билээ. Би ч яг тэгэж л өссөн дөө. Тэгээд бага боловсрол, дунд боловсролгүй, хөдөөний малчин хүүхэд байлаа” хэмээн ээж болон өөрийн бага насны тухай дурсан ярьжээ. Ийм нэг бүтээгч хүү төрүүлжээ, түүний ээж. Бүтээх, бүтээхдээ Монгол Улсыг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулах хүү төрүүлнэ гэдэг ховор хувь тавилан. Тэртээ нэгэн өвлийн шөнө мэндэлж, манцуйндаа тарвалзах мяндас цагаан үр нь эх орныхоо бүтээн байгуулагч болох чинээ санаагүй л болов уу. Гэтэл өнөөдөр тэр хүү нь Монгол Улсаа өөрийн гараар хөгжүүлчихээд, ирээдүй, үр хойчдоо амрах, сурах, эмчлүүлэх, цэвэрхэн байх орчныг үлдээсэн. Монол Улс хэмээх айлын тавилгыг тавьж, тохижуулж, цэнгэг агаар орж ирэх цонхыг тэр онгойлгосон.

 

 

 

 

     -БАГШААС ЧӨЛӨӨЛӨГДӨЖ БАРИЛГЫН САЛБАРТ ШИЛЖСЭН НЬ

     1965-1982 он бол түүний оргил цаг хугацаа. Барилгын салбарт очиж ажилласан энэ хугацаандаа тэр өөрийн албан тушаал, нөөц бололцоо бүхнийг дайчилж бүтээж, байгуулж болох бүхнийг тэр босгосон. Орос Улсад суралцаж ирээд их сургуульд багшилж байсан түүнийг "Барилгын мэргэжлийнхээ дагуу ажилла" гээд атрын гуравдугаар аяны их үймээнээр ажлаас нь чөлөөлснөөр тэр бүтээн байгуулалтын ажилд оролцож, Монгол Улсыг эмнэлэгтэй, цэцэрлэгтэй, cургуультай, замтай, цэвэрлэх байгууламжтай болгож, хөгжлөөс хоцорсон нэгэн зууныг сэргээн эмчилж, юм бүхэнтэй улс болгохын төлөө хичээж ажиллаж, барилгын салбартаа том хүч болж байв. Түүнийг анх барилгын салбарт томилогдож ирэхэд тухайн үеийнх нь дарга "Сантехникийн чиглэлээр ажиллуулахаар хуваарилжээ, гэтэл С.Лувсангомбо "Та намайг төмрийн үйлдвэрт ажилд томилж болох уу гэж асуухад, "Сантехник чинь тэр чигтээ төмөр, дуугүй хувиарлагдсанаараа ажил" гэснээр анхны даалгавраа авч Сантехникээс ажлын гараагаа эхэлж байжээ. 

     Ийнхүү олж төрсөн он цагтаа бүтээгч нь, эзэн нь байж чадсан, хийж, бүтээсэн нь арвин баялаг ийм нэг  эрхэмийг уншигч тантай уулзууллаа. Түүнийг бид мартах аргагүй, тэр бол өнөөдрийн Монгол Улсыг байгуулсан, том бүтээгч.


БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН “ЭЦЭГ” С.ЛУВСАНГОМБО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188