• Өнөөдөр 2024-04-25

МОНГОЛЫН ХӨГЖМИЙН УРЛАГИЙН СОД ХҮҮ З.ХАНГАЛ

2022-03-29,   9795

        Монголын урлагийн тэнгэрт түүн шиг “Аяны шувуу” байгаагүй юм. Тэр авьяас гэх том жигүүрээ дэлгэж, ирж яваа цагийн эхэн буюу дөрөвдүгээр сард бидний дунд “нисэж” ирсэн юм билээ.

          Товчхондоо мэндэлсэн цаг хугацаа нь энэ. Миний үеийнхнийг төрөхөөс ердөө хоёр жилийн өмнө. Бидэнд түүний тухай сонсохоос, уулзах, харах хувь тавилан байгаагүй юм. Төрөхөд минь л буцсан байх ийм нэг уран бүтээлчийн дууг нь сонсож, хувь дуучных нь тухай үлгэр домог шиг яриа л бидний багад өрнөдөг байв. Тавдугаар ангид л байсан санагдаж байна. Зурагт гэж Үндэсний телевиз л гардаг байсан үе л дээ. Хөгжмийн нэвтрүүлгээр нь хөгжмийн зохиолч Зундуйн Хангал гэж алаг нүдтэй, ихэд дулаахан инээсэн, намдуухан дуутай хүмүүн гарч, түүний “Аяны шувуу” дуу эгшиглэж байлаа.

                 Ийн тод санаж байгаагийн учир эмээ маань “Амраг минь, чи минь дуугаа дуулаач

                                                                                           Аяны шувуудыг эргэн иртэл дуулаач” гэж аялангаа гэрийн хаяанд суугаад оёдлын машинаар юм оёдог байсан юм. Тухайн үед би "Шувуудыг иртэл дуу дуулна гэж байдаг юм байх даа" гэж боддог байснаас нарийн зүйлийг мэддэггүй балчир байлаа. Дуу хөгжим гэж юу гэдгийг бүрэн ухаараагүй, бараг хаанаас хэнээс төрдгийг мэддэг ч үгүй надад сайндаа ч биш, эмээгийн дуулдаг дуу зурагтаар гарч байсан болохоор чихэнд илүү ойр сонсогдож, сонирхож үзсэн нь тэр. ХХ зууны суут нэгэн хөгжмийн зохиолчтой анх ингэж л танилцсан юм. Ерөөс тэр л дууны эхлэл, эмээгийн минь дүр төрх намайг өдгөө түүний тухай бичих суурь болсон ч байж мэднэ. Ганц эмээ ч биш, өнгөрсөн зуун тэр чигээрээ эл эрхмийн дууг сонсож, амандаа аялсаар ирсэн гэхэд хилсдэхгүй болов уу. Буйдхан орчлонг хөглөх хөг эгшгийг өөрөөсөө төрүүлж, тархи зүрхнээсээ урсан гарах аялгуугаагаараа жигүүрлэн амьдарна гэдэг хүн бүрд олдох авьяас, хувь тавилан биш байх.

Харин тэр авьяастайгаа төрөөд, авьяасаа аваад буцсан нэгэн. Бүтээчихээд, бүтээлээ үлдээгээд явсан хүмүүн.

-ХАНГАЛ “ШУВУУ” НИССЭЭР ЯВНА-

    Том алаг нүдтэй, өргөн царайтай, мэлмэрэх нуур шиг, дөлгөөхөн тунарах харц шиг тэр л хүмүүн хүний сэтгэлийн баяр, гуниг, гомдол тунил, огшил, омогшил, халилыг өөрийн эгшгээрээ хөвөрдөн татаж, одоо ч хаа нэг бүтээлийг нь сонсохоор дотогшоогоо нурж, "шигдэж", дотоод ертөнцөөсөө зүүгдэж, заримдаа сэтгэл зүрхээ хэдэн хэсэг тасчин хаячих шиг, сэтгэлийн минь товчлуур дээр хөгжмөө дараад сууж байх шиг мэдрэмжийг төрүүлдэг. Ганцхан жишээ дурдахад, “Тань руу нүүж явна” киноны хөгжмийг уншигч та санаж байгаа болов уу. Хүүгээ алдсан эхийн сэтгэлд хань бараа болохоор нүүдэллэн ирэх айлын өглөө эртийн нүүдэл, нүүдэл тосон алхах ээжийн дүр төрхөд эгшиглэх ая хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөж, тэр хөгжимд сэтгэл хөдлөөгүй хүн үгүй байх. Тэр чинь л Зундуйн Хангал гэх эрхэм шүү дээ. Түүний бүтээлүүд сэтгэл түмэн янзын юм өрж, өрнүүлдэг. Тэгээд түүнийгээ үйл явдал, үгсээр зурна. Хөгжим гэдэг хэдийгээр үг, үйлдэлгүй зүйл ч нүдээ аниад түүний бүтээлийг сонсоход, эрхгүй олон зүйл ээлжилж, дүрслэгдэж, амилдаг. Уншигч тантай Зундуйн Хангал хэмээх эрхмийг уулзуулъя. Түүнээс би хэдийнэ нэгэн зуунаар хол ч бага наснаас минь эхлэн сэтгэлийн дотор сайхан аялгуу, эгшгээрээ амьдарсаар ирсэн эрхэм хүмүүнийг бүтээл, туурвилаар уншигч таны өмнө дахин нэг авчрахыг зорьсон минь энэ.

Нэгэн зуунаас өнөөдрийг хүртэлх цаг хугацааны дуу хөгжмийн цангааг тэр бүрэн тайлсан эрхэм. Хайгаад үзвэл, хамгийн гайхамшигтай, хүний сэтгэлийн гүн рүү урсах эгшиг бүр түүнийх.

     Эхлэлд дурдсанчлан тэр анхлан Монголын урлагийн тэнгэрт “Аян шувуу”-гаа "нисгэсэн"-ээс хойш, араасаа уран бүтээлийн олон “дүү” дагуулж, өөрийн өнгө ая, хэмнэлтэйгээр ниссээр өдгөө урлагийн тэнгэрт түүний туурвисан хөгжим хэдэн зуугаараа жигүүрээ дэлгэн, бүтнээр нь харвал Монголын урлагийн ХАНГАЛ шувуу ниссээр явах шиг. "Аяны шувуу” уран бүтээлийнх нь талаар түүний ач охин Б.САРНАЙ хэвлэлд өгсөн яриандаа “Өвөө минь “Аяны шувууд” дуугаа эмээд зориулж зохиосон байдаг юм. 2010 онд эмээ маань Америкт “Аяны шувууд” тоглолтыг Чикаго, Вашингтон хотод хийж, тэнд ажиллаж амьдарч байгаа монгол хөгжимчдийг оролцуулсан л даа. Тэр тоглолтоор өвөө, аав хоёрын гол, гол зохиолуудыг тоглосон. Өвөөгийн “Эрдэнэсийн уулс” балетын хэсгээс, аавын Төгөлдөр хуурын аяз гэхчлэн. Энэ Төгөлдөр хуурын аязыг аав ээждээ буюу миний эмээд зориулж бичсэн зохиол юм” хэмээн хуучилсан байдаг. Үнэхээр түүний “Аяны шувуу” бүтээл хамгийн их хайрласан хүмүүний зүрх, тархинаас гарах аялгуу гэдэгтэй маргах хүн байхгүй байх. Түүний ач охин өвөөгийнхөө зан чанарын тухай “Өвөөгөө би эмээ, аав, ээж  гурвынхаа яриагаар л мэддэг. Өвөөгийн гол зан чанар нь урагшаа давшсан, эр зоригтой, баатарлаг байдаг. Өвөөг их шулуун зан чанартай хүн гэж эмээ ярьдаг юм. Харин  аав минь их зөөлөн хүн байсан.Тэгээд ч тэр үү, их аялгуулаг, зөөлөн, дөлгөөн талдаа. Энэ зан чанараараа өвөө, аав, хоёрын хөгжим их ялгаатай” гэж ярьсан байдаг. Хатуу зан чанартай нэгнээс сайхан хөгжим төрөх нь юу бол. Төрлөө гэхэд зөөлөн, уянгалаг, хүний дотоод сэтгэлд үймээн дэгдээсэн уран бүтээл төрнө гэдэг эргэлзээтэй. Тэгэхээр Зундуйн Хангал гэж эрхэм зөөлөн, дөлгөөн нэгэн байсныг бүтээл нь бүрнээ гэрчилдэг.

-СЭТГЭЛ ТОЙРСОН БҮТЭЭЛ-

    Бүтээл бүр нь өөр өөр сэдвийн жимээр "алхаж", утга агуулгын гүнийг уудална. Тухайлбал, “Тань руу нүүж явна” киноны хөгжим эх, үрийн нандин холбоосыг харуулсан бол анхны хайр, анхны гэсэн бүхнийг тэр “Анхны алхам” киноны хөгжимд шингээж, ганцаардал, хүнд хайртай болчихоод түүнийгээ илчлэх үү, яах уу гэж эргэлзэж буй эмэгтэйн дотоод сэтгэлийн өрнөлийг “Гэрлэж амжаагүй явна” киноны бүтээлээр дамжуулж, “Би нисэх дуртай” киноны аяаар хүний хүсэл мөрөөдлийг дуулж, “Суварган цэнхэр уулс” дууны “Хунгийн дуу” аянд уул, ус, байгаль дэлхийн эгшгийг мэтгэсэн зэрэг цөм өөр филисофи, эгшгийн зохироог илэрхийлжээ.

    Тэр дундаа “Би нисэх дуртай” киноны ая бол дотрыг минь бүрнээ онгичиж, сэтэлж, шаналгаж, шатааж, ахуй орчныг эвдэж, өөр ертөнцөд аваачдаг.

         Эд бүгд ХАНГАЛ гэх хүмүүнээс “мэндэлсэн” мөртлөө өөр, өөр мэдрэмжийг хүмүүст  өгч, өөр өөр өнгө, эгшиг болон сэтгэл зүрхнийх нь тасалгаагаар орж, тус бүрдээ утга агуулга, дурсамж дуртгалыг хөндөнө гэдэг хөгжмийн зохиолчын чадвар, хэлбэр биш гэж үү. Таны, миний, хэний ч сонсох дуртай, гүнд нь орж уйлж, дуулж, бодож, мөрөөдөж, гансарч, ганцаарддаг дээрх бүтээлүүд түүний бүтээлийн өчүүхэн хэсэг гэхээр ямархан уран бүтээлч, авьяас билгийн охь байсныг хэлэхгүй байсан ч ойлгох болов уу. Халгиасан, халгасан, үргэлж дотогшоогоо нүргэлсэн түүний бүтээлээс арай өөр өнгөтэй нь “Хатанбаатар” киноны дуу. Эл аяыг хэзээ ч сонссон жагсаж яваа, жагсаал мэдрэгддэг. Үйл явдалтай, өрнөлтэйгөөрөө түүний бүтээлийн нэгэн онцлог.

Тэрбээр өөрөө уран бүтээлээсээ Хатанбаатар Магсаржавтаа хамгийн хайртай гэнэ.

 

-СОНГОДОГ “САЛХИЧ ШУВУУ”-

       Түүний “сэтгэл” тойрсон бүтээлүүд нь алтан үеийн киноны хөгжим болон үлдэж, харин цонхоо нээж, нар сар оруулж, илүү өргөнөөр сэтгэсэн, өөрийгөө өөрөөр уудалсан уран бүтээл нь сонгодог хөгжмүүд. Дан хөгжмийн зохиолуудаас нь чавхдаст хөгжмийн дөрвөл, "Салхич шувуу" симфони, “Эрдэнэсийн охид” балетын хөгжим. Ингээд л түүний бүтээл туурвилыг яриа байвал дуусахгүй. Учир нь тэр ерөөс бүтээж амьдарчээ. Ганцхан бүтээл гэх үгт л түүний амьдрал багтаж, бүтээл гэх ганцхан замаар тэр алхжээ. Түүний амьдралыг сонгодог хөгжимтэй холбож өгсөн хүмүүс бол Барилгын Соёлын ордны хөгжимчид гэдгийг тэр өөрөө ярьж, эхлэлдээ ч дурдсан байдаг. Түүний “Салхич шувуу”, “Эрдэнэсийн охид” бол Монголын урлагийн оргил, хэн бүхэнд сурах бичиг болсон том бүтээлүүд. Хөгжим зохиодог, тэр дундаа сонгодог хөгжмийн бүтээл туурвисан тэр анхдагчдын нэг тэр. Түүний эл хоёр бүтээлээс давсан, илүү гарсан, эсвэл дүйх бүтээл одоогооор байхгүйг хөгжмийн зохиолч, хөгжмийн томчууд өгүүлдэг.

-ТЭР ХЭН БАЙВ-

        Хүмүүс түүний тухай ярихдаа үргэлж л ШУДАРГА гэх үгийг хэлдэг юм билээ. Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар агсан Б.ЛХАГВАСҮРЭН “Хангал бол хөгжмийн том зохиолч гэхээс илүү сайхан эр хүн байсан. Хүнийг үнсэж чаддаг, зодож чаддаг, уураа илэрхийлж чаддаг хүн байсан. Би түүнтэй хэзээ ч үг мурийж яваагүй мөртлөө санаа их нийлдэг байсан. Хангалын эзгүй орон зайг нөхнө гэхэд санаанд багтахгүй санагддаг” хэмээн хуучилсан байдаг.

            Түүний ийн хамтран зүтгэсэн, нэгэн он цагт мөр зэрэгцэн явсан хүмүүс нь тодорхойлон өгүүлж, бахархан, хүндлэх ярих, уран бүтээл, хувь уран бүтээлчийнх нь талаар мэдээж ам нээх нь хүн олон байх.  Харин Хангал гэж ямар хүн байсан талаар бид түүний хань Д.ЯГААНЦЭЦЭГЭЭС тодруулсан юм. "Аяны шувуу”, “Сарнайцэцэг” зэрэг олон бүтээлийнх нь эзэн тэрбээр Циркийн агаарын гимнастикчаар ажиллаж байсан юм. Түүнээс З.Хангал агсны зан чанарын талаар асуухад “Манай хүн ихэд шулуун шударга, гаднаас нь харахад ширүүн, дориун мөртлөө, дотроо бол ихэд зөөлөн дөлгөөн хүн. Хүүхдэд хачин их хайртай. Хүүхэд гэх юм бол амиа өгөхөөс ч буцахгүй. Хүмүүстнй төдийлөн ойр биш, харин сайн хүндээ бол ихэд сайн ханддаг хүн дээ. Залуу байхад циркээс эмэгтэйчүүдээ төрөхийг хориглодог байсан болохоор бид ганцхан хүүтэй. Одоо бодоход, дахиад үр хүүхэдтэй болдоггүй гэж жаахан харамсдаг л юм. Гэхдээ яах вэ, сайхан хүү минь мөн урлагийн хүн болсон”гэж өгүүлнэ.

   -ХАНЬ МИНЬ ХҮҮХДЭД ХАЧИН ХАЙРТАЙ ХҮН БАЙЛАА-

            Анх хэрхэн З.Хангал хөгжмийн зохиолчтой танилцаж байсан тухайгаа тэрбээр “Циркид ажилладаг байхад Хангал намайг анх харсан гэдэг. Би ч тухайн үед Хангалыг ирэхэд зугтаачихдаг охин байлаа. Манай хүн 16 настайгаасаа эхлэн хөгжмийн урлагт зүтгэсэн. Тэгээд бид 18 настайдаа л гэр бүл болж, аав, ээж болж байлаа шүү дээ” хэмээн тэртээх сайхан мөч, залуугийн сайхан үеэ дурсан өгүүлнэ. XX зуун хэмээх нэгэн он цагийг эзэгнэсэн ийм нэг эрхэмтэй хамт амьдарч, олон ч сайхан дуу бүтээлийнх нь эзэн болсон тэр мэдээж З.Хангал гэж бидний хайртай хөгжмийн зохиолч хэрхэн бүтээлээ туурвидаг байсныг мэдэх хүн. Энэ ч утгаар түүнээс З.Хангал хөгжмийн зохиолч уран бүтээлийн ямар зуршилтай хүн байв гэхэд “Буйдан дээрээ хэвтэж байгаад их боддог хүн байсан. Анх би түүнийг нь мэдэхгүй, гэртээ өндөр өсгийттэй алхана. Тэгээд “Чи яагаад хэвтээд байдаг юм бэ” гэж асуусан чинь “Чи битгий өсгийтөө дуугаргаад миний толгойдоо боловсруулсан санааг сарниулаад байгаач дээ, ишш, миний хань намайг ойлгох болоогүй байна” гэж билээ. Тэгэж толгойдоо боловсруулж, боддог байсан юм байна лээ. Түүнээс хойш би түүнийг хэвтэхээр л уран бүтээлээ бодож байна гэж ойлгоод сэмхэн гишгэдэг болсон” гэж хуучилна. Ингэж л бидний хайртай, Монголын агуу нэгэн хөгжмийн зохиолчийг ойлгож, дэмжиж явсан хань нь тэр. Тэгээд болоогүй зохиол бүтээлийнх нь нотыг шугамдаж өгдөг байсан тухайгаа мөн инээмсэглэн ярина. Сайн уран бүтээлч, цагийг эзэгнэсэн нэгэн хүмүүний ард сайн хань байдгийн нэгэн жишээ бол түүний эхнэр Д.Ягаанцэцэг гэх эмэгтэй билээ.

Монголчууд түүний ханийн нэрийг хаанаас ч мэдэж, зохиосон хөгжмийг нь хаанаас ч танидаг шиг түүнийг ч бас мэднэ. З.Хангал агсныг хөгжимгүйгээр төсөөлөшгүй шиг ханьгүйгээр нь мөн төсөөлөшгүй юм. Өнөө манай урлагийн хөгжмийн ноён оргилууд цөм түүний шавь, бүтээлийнх нь үргэлжлэл, бүтээснийх нь гэрчүүд.

   Тэр бол Монголын урлагийн сонгодог салхич шувуу, хязгааргүй уудам тэнгэрт авьяас хэмээх жигүүрээрээр дүүлэн ниссэн аяны шувуу. Хөгжмөөрөө, дотоод аялгуу эгшгээрээ бусад руу нүүж яваа нэгэн. Түүн шиг нэгэн зууныг эзэгнэсэн гайхам авьяастан дахин төрөхгүй ч байж мэдэх. Түүний он цагт төрөөгүй ч, тэр байсан он цагт төрөх магад том хувь заяа байх. Монголын урлагийн тэнгэрт түүн шиг аяны шувуу байгаагүй юм...


МОНГОЛЫН ХӨГЖМИЙН УРЛАГИЙН СОД ХҮҮ З.ХАНГАЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-01 21:38:51
    Зочин: Сайхан хөгжмийн зохиолч ХАНГАЛ түүний эхнэр МУГЖ жүжигчин ЯГААНЦЭЦЭГ БАС Л ХОСГҮЙ НЭГЭН ШҮҮ.ОДОО ХААНА ЯВАА БОЛДОО ГАДААДАД ГЭЖ Л СОНСОЖ БАЙЛАА САЙХАН, ХҮН ЧАНАРТАЙ САЙХАН ЭМЭГТЭЙ ДЭЭ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-30 18:43:50
    555: Булган ахыг таньдаг байсан .Их хөгжилтэй хошин шогийн мэдрэмжтэй Лхавгаа ахтай л хамт явж байдаг байсан .Бурхан болсонг сонсоод их харамсаж билээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-30 14:23:25
    Гоожидмаа: Үнэхээр агуу хүн байж! Тань руу нүүж явна киног түүний хөгжимгүйгээр төсөөлшгүй! Амьдралыг “Аяны шувууд”-гүйгээр туулшгүй юм даа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-29 14:32:20
    Дашдэндэв Алтанцэцэг : Хүргэн ахын минI тухай сайхан дурсамж бичсэнд баярлалаж байна үнэхээр агуу хүн байсан хамгийн ойрхон байсан хүмүүс бол манай гэр бүл тавуулаа надаар хоол хийлгэж идэх дуртай гурван хүүдүүдтэй тоглоно нөхөртөй минi түүх ярих дуртай байсан
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188