• Өнөөдөр 2024-04-26

Жаргал, зовлонг тэнцүү гэтэлсэн найрагч Ж.НЭРГҮЙ

2022-03-25,   1846

             Гуравдугаар сарын сүүлч арав хэдийнэ эхэлжээ. Өглөө бүр цас хялмайлж, өдөр нь дулаахан, шөнөдөө сэрүүхэн өдөр хоногууд үргэжилж байна. Ийм л өдрүүдийн нэгэн бол гуравдугаар сарын 24-н байлаа. Цонхоор харж зогсоход уулсын орой цасан малгайтай, хэдэн сэрвэгэр мод нь алтран харагдана. Энэ үед “Анхилхан хус чимээгүй, Аниргүйн дунд намбайна” гэх Сергей Есенинийн шүлэг бодогдоно. Тиймээс энэхүү шүлгийг монгол хэлнээ хөрвүүлсэн, дуун орчуулагч Ж.Нэргүй гуай руу утас цохилоо. Утсаа авахаар нь мэнд усаа мэдэлцээд  “Ирэх даваа гарагт ярилцлага хийе” хэмээн хэлж орхив. Гэтэл “Ах нь нэгдэхээс эмнэлэгт хэвтэнэ. Энэ удаа өнжөөд дараа өгье” гэв. Тэгэхээр нь би “Ах аа, эмнэлэгт хэвтэхээс нь өмнө өнөөдөр авъя л” гэлээ . Ж.Нэргүй гуай утсаа салгав. Хэсэг хугацааны дараа над руу залган “За яах вэ, гялс хүрээд ир” гэх нь тэр. Тиймээс би камераа үүрээд III, IV хорооллын эцэст байх тэдний гэрийг зорьлоо.

          Биднийг очиход Ж.Нэргүй гуай байрныхаа соронзон түгжээтэй хаалгыг нээгээд инээмсэглэн зогсож байлаа. Живэр сахал нь хяруу унасан намрын өглөө мэт гялбалзан харагдана. Дураар намирах буурал үс нь салхины аясаар хэлбэрээ өөрчлөн нүүх үүлс лугаа хийснэ. Бид мэнд мэдэн дотогш орлоо. Тэрбээр “Ах нь ЗХУ-ын анхны Барилга техникумийн сургуульд сурч байсан хүн дээ. Ухаандаа бол Монголоос анхлан ус сувгийн дунд мэргэжилтнүүдийг бэлтгэхэд явж байсан. Яруу найрагч О.Дашбалбар хүртэл энэ мэргэжлээр явах гэж байлаа. Тухайн үед ОХУ-д суралцахаар олон ч залуус шалгалт өгдөг байв. Хоёроос дээш онц дүнтэй хүүхдүүдийг явуулдаггүй байлаа” хэмээв. Тэгэхээр нь би “Яагаад тэр вэ” гэж асуулаа. Гэтэл “Тэгж л боловсон хүчнээ бэлддэг байсан юм даа. Дээрээс нь онц дүнтэй хүүхэд ганцхан орос хэл, харин сайн дүнтэй нь орос хэл, математик гэсэн хоёр хичээлээр шалгалт өгдөг байлаа” хэмээв. Ийнхүү ярилцан явсаар гэрт нь орлоо. Нэргүй гуай эхнэрийнхээ хамт тохь тухтай сайхан аж төрөн суудаг юм байна. Гурван хүүхэд төрүүлж, өсгөсөн боловч нэг хүүхдээ золгүй байдлаар алдсан гэнэ. Үүнд Ж.Нэргүй гуай харамсан нэг хэсэг хатуу сархадыг нэлээд хүртэж байжээ.

Орчин цагт авьяасаар бичдэг зохиолч цөөрсөн байна. Ихэнхдээ мэдээллээр болон мэдлэгээр бичдэг болсон. Тиймээс хүн бүхэн “Би том зохиолч, яруу найрагч, орчуулагч” гээд сагаад байгаа юм

                Бид Жигжидсүрэнгийн Нэргүй гэх энэ буурал үстэй, живэр сахалтай хүний бичгийн өрөөнд орон суулаа. Бичгийн өрөөнд нь ном, сонин гээд байхгүй юм үгүй. Бор ширээн дээр компьютер, тамхи, үнсний сав, кофены аяга байх бол хананд нь ээжтэйгээ авахуулсан зураг болон цахиур буу өлгөөтэй харагдана. Би түүнээс “Таны эзэмшсэн мэргэжил өөр юм байна. Яаж яваад уран зохиол руу, тэр дундаа орчуулгын уран зохиолд орчихов” хэмээн асуулаа. Гэтэл тэрбээр янжуур асаан сорж, утааг нь гаргах хоорондоо “Онол юу юм. Нохойн баас л байдаг байхгүй юу. Агуу их багш С.Баясгалан орчуулгын болон уран зохиолын онол гэж байдаггүй гэдэг байсан. Ер нь бол уран зохиол гэдэг хүний авьяасаар бүтдэг зүйл. Би өөрийгөө авьяастай гэж байгаа юм биш шүү. Орчин цагт авьяасаар бичдэг зохиолч цөөрсөн байна. Ихэнхдээ мэдээллээр болон мэдлэгээр бичдэг болсон. Тиймээс хүн бүхэн “Би том зохиолч, яруу найрагч, орчуулагч” гээд сагаад байгаа юм. Уг нь хүнд чинь  эцэг, эхээс заяасан төрөлхийн буян гэж байдаг юм байгаа биз дээ. Тухайлбал, Д.Нацагдорж анхлан хаана сурч байсан бэ” хэмээн надаас асуулаа. Би ч “Есөн настайдаа хүрээний багш Алтангэрэл гэдэг хүнд шавь орж, гэрээр бичиг заалгаж байсан гэж уншсан” хэмээн үнэнээ хэллээ. Гэтэл Ж.Нэргүй гуай “Харин тийм шүү дээ. Төв аймгийнхан яагаад Ардын уран зохиолч болоод байдаг юм бэ гэхээр тэр газар нутагт дээрээс буудаг энерги, эрчим хүчний судал байдаг байх. Түүнээс биш П.Бадарч гуайн гэр сургууль гэж ямар юм байх вэ дээ. Би энэ талаар газрын зураг дээр зурж үзсэн. Алтан гурвалжин гэмээр зүйл байдаг. Түүнд багтах хүмүүс нь Р.Чойном, Б.Лхагвасүрэн, Д.Цоодол, П.Бадарч, Д.Нацагдорж гэх мэт хүмүүс багтана. Цааш яривал зөндөө л хүн бий л дээ” хэмээн хөөрөлдөн сууж бидний яриаг таслан гэрийн эзэгтэй болох П.Пүрэвсүрэн цай хоол авч ирэн “Та хоёр халуун дээр нь хоолоо идээд үргэлжлүүлэн ярилцаарай. Манай хүн нэг ярихаараа зогсохгүй байж мэднэ шүү” хэмээн инээмсэглэн өрөөнөөс гарлаа. Энэ үед Нэргүй гуай “Ах нь анх гэргийгээ зургадугаар ангийн хүүхэд байхдаа хараад “Энэ л охиныг хань ижлээ болгоно гэж бодож байлаа. Нэг гэрт орсноос хойш намайг 50 жил загнаж бас хайрлаж байгаа хүн дээ. Манай хүн багш мэргэжилтэй. 43 жил бага ангийн багш хийсэн дээ. Надаас өөр гайгүй нөхөртэй байсан бол үсийг нь өдөр болгон самнаж өгөх байсан байх. Би даанч чадахгүй юм. Би чинь бас нээх сайхан ааштай хүн биш. Эхнэр маань хэрвээ надаар үсээ самнуулья гэвэл залхуурсандаа “Өөрөө үсээ самнаж чадахгүй, хаашаа юм” гээд загнаж мэднэ. Манай хүн жаахан юм болохоор тийм урт үсээ самнахаар гар нь хүрдэггүй юм” хэмээн инээгээд цааш үргэлжлүүлэн “Бид хоёр ярилцаад, ноднин жил үсийг нь тайруулсан. Одоо яая гэх вэ дээ” хэмээлээ. 

                   Хэсэг хугацааны дараа тэрбээр “Хань минь надад гурван сайхан үр төрүүлж өгсөн. Би аз нь хаясандаа нэгийг нь алдсан. Тэгээд нэг хэсэг архинд орсон. Хэрвээ тэр хэвээрээ байсан бол Дорнод аймагтаа, уусан архиндаа түлэгдэж дуусах байсан биз. Г.Аким гуай намайг “Чи улсын хэмжээнд сэтгэх цаг нь болжээ” гэж хэлээд улсын хэмжээнд авчирч өгсөн юм. Үүнээс өмнө ах нь гэнэт архинд орсон л доо. Ажлаа хаяад тэр чигтээ уусан бол хятад спиртээ дийлэхгүй үхэх байсан гэж боддог” хэмээхэд нь ярианыхаа сэдвийг өөрчлөх санаатай “Та хэр онц сурлагатай хүүхэд байв” хэмээн асууж дуусаагүй байтал тэрбээр “Онц сурдаг байсан. Тиймдээ ч багаасаа л ах нь том зохиолч болно гэж солиордог байсан. Эцэг, эх маань эгчийг есөн нас хүртэл сургуульд суулгаагүй байж байгаад надтай хамт нэгдүгээр ангид оруулсан. Тэгээд эгчийн хатуу хараа хяналтын доор загнуулна, зодуулна. Ээж, аавд ирээд ховлоно. Тэрний хүчинд гайгүй сайн сурсан” хэмээн живэр сахлаа илбэн инээмсэглээд “Ер нь их дэг журамтай өссөн дөө” гэв.

Г.Аким гуай намайг “Чи улсын хэмжээнд сэтгэх болжээ” гэж хэлээд улсын хэмжээнд "авчирсан" -д нь дандаа талархаж явдаг

         Ж.Нэргүй гуай Монголд Өргөх бичгийг анх санаачилж байсан хүн юм. Тэрбээр 1989 оны Арвандүгээр сарын 27-29-нд болсон Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөгөөнд Дорнод аймгаас төлөөлөгчөөр сонгогдон оролцох үедээ Хөвсгөл далайн унаган байгалийг хамгаалах, тэнд босгохоор төлөвлөөд байсан фосфоритын үйлдвэрийн төслийг зогсоох талаар МАХН-ын Төв хороо, Сайд нарын Зөвлөлд өргөх бичиг барих санаачлагыг анх гаргаж, зохиолч П.Баярсайхантай хамтран эхийг нь зохион хэлэлцүүлэн батлуулаад, МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Ц.Намсрайд гардуулснаар 1989 оны арванхоёрдугаар сарын 3-нд Төв хорооны тогтоол гарч, Хөвсгөлийн фосфоритын үйлдвэрийн төслийг зогсоож байсан гэгддэг юм. Энэ талаар ном, сонинд дурдсан нь бий.

Ер нь нийгмээрээ ядуу байсан үе л дээ. Хамаг мал сүргээ нэгдэлд өгчихсөн. Шөлний хонь гаргах эрхгүй л амьдарч байлаа шүү дээ

        Бид гэрийн эзэгтэйн хийсэн хоолыг идэн хэсэг чимээгүй боллоо. Цонхны цаана цасан ширхгүүд агаар дээр жингүйдэн хөвж, Богд уул сүр бараатай дүнхийж харагдана. Ж.Нэргүй гуайн ээжийгээ Дорнод аймгаас нүүлгэн Багануурт суурьшуулахаар нүүлгэж байхдаа Д.Нацагдоржийн хөшөөний дэргэд ээжтэйгээ хамт авахуулсан хананд өлгөөтэй зурагнаас хайр, энэрэл мэдрэгдэж байсныг юун нуух билээ. Мөн түүнд аавтайгаа авахуулсан ганц ч зураг байдаггүй гэнэ. Тиймээс би ээжийнх нь талаар тэсгэлгүй асууж орхилоо. Гэтэл тэрбээр янжуур асаан хэсэг чимээгүй бодлогоширч, би ч түүний яриа дэлгэхийг хүлээн хэн хэн нь чимээгүй суулаа. Цонхны цаана цас бударсаар л...

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай “Алтан ордны яруу найраг” номыг нь уншаад, Ж.Нэргүй гуайд “Энэ ном бол чиний орчуулсан яруу найргийн номуудын оргил нь шүү” гэж хэлжээ

         Ж.Нэргүй гуай тамхиа татаж дуусаад “Ах нь ээжээрээ бол Сүхбаатар аймгийн хүн. Манай ээжийг хар нялх байхад аавыг нь “эсэргүү” гээд буудчихсан юм билээ. Тэгээд нэг муу бэлэвсэн авгай хэдэн хүүхдүүдтэйгээ үлдэж хоцорно доо. Тэгсэн нэг их ганган офицер, хүүхэн хоёр ирээд “Бид хоёр үрийн бараа хардаггүй ээ” гээд ээжийг маань өргөж авсан юм билээ. Тэгсэн өргөж авсан эцэг, эх хоёр нь мянга есөн зуун дөчин хэдэн онд ч билээ дээ тэнгэрт дэвшсэн. Өнчин үлдсэн ээжийг минь ээжийнх нь төрсөн ах тухайн үеийн Дорнод аймгийн Түмэндэлгэр суманд суурьшуулсан байдаг. Ингэж л ээж маань зулай зулайгаа гишгэж, төрсөн ах, дүүстэйгээ эргэн учирсан. Намайг тавдугаар ангид байхад аав минь бурхан болсон. Аавын хамаатан гэж Хэнтий аймагт хэдэн өвөгчүүл сонсогддог л байсан. Багадаа ядуу, зүдүү, зовлон дундуур амьдарч байлаа. Ер нь нийгмээрээ ядуу байсан үе л дээ. Хамаг мал сүргээ нэгдэлд өгчихсөн. Шөлний хонь гаргах эрхгүй л амьдарч байлаа шүү дээ” гэв. Ж.Нэргүй гуай эхээс тавуулаа аж. Дээрээ нэг эгчтэй, доороо хоёр эмэгтэй, нэг эрэгтэй дүүтэй бөгөөд ганц эрэгтэй дүү нь бурхны орондоо одсон гэнэ.

Өнчин үлдсэн ээжийг минь ээжийнх нь төрсөн ах тухайн үеийн Дорнод аймгийн Түмэндэлгэр суманд суурьшуулсан байдаг

             

Энэ хүрээд бидний бага, нас гэр бүлийн тухай хөөрөлдөөн өндөрлөж, уран бүтээл болон орчуулгын уран зохиолын тухай яриа дэлгэсэн юм. Нэргүй гуай 30 гаруй зохиол эх хэлнээ хөрвүүлэн гаргажээ. 

                Зохиолч, яруу найрагч, орчуулагч Ж.Нэргүй 1956 онд Хэнтий аймгийн Норовлин суманд төржээ. 

1977 онд Минск хотын уран барилгын техникум төгсжээ. Мөн Чойбалсан хотын ус ашиглалтын товчоонд мастер техникч, ерөнхий инженер, 
Дөл сонинд утга зохиолын ажилтан, Аймгийн радио телевизийн редакцад теле найруулагч, теле оператораар ажиллаж байсан байна. 1972 оноос зохиол, шүлэг, нийтлэл бичиж эхэлсэн бөгөөд “Ялалтын симфони”, “Сэтгэл хазгар биш бол” яруу найргийн номоо хэвлүүлсэн. Мөн хэд хэдэн яруу найргийн номыг эх хэлнээ хөрвүүлсэн бөгөөд энэ үүн дотроос Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай “Алтан ордны яруу найраг” номыг нь уншаад Ж.Нэргүй гуайд “Энэ ном бол чиний орчуулсан яруу найргийн номуудын оргил нь шүү” гэсэн гэнэ. "Тэгж хэлснийг гэрчлэх хүн миний болон Б.Лхагвасүрэн гуайн гэргий С.Баасан эгч” гэв.

 

 Монгол уг нь их баялаг, юм бүхэн нь тусдаа нэртэй

            Бид ийнхүү ярилцсаар бичгийн өрөөнөөс гарч номын сангаар зочиллоо. Ж.Нэргүй гуай өөрийн бичсэн болон орчуулсан номуудаа нэг дор эмхтгэн өржээ. Номын сангийн ихэнх хувийг гадаад ном тэр дундаа орос зохиолууд эзлэх аж.  Би түүнээс “Үргэлжилсэн үгийн зохиол, яруу найраг орчуулах нь хоорондоо хэр ялгаатай вэ” хэмээн асуулаа. Гэтэл “Асар их ялгаатай. Яруу найргийн орчуулгыг яруу найрагч хүн л хийдэг юм. Тэр дундаа гадаад болон эх хэлээ сайн мэдэг, сайн яруу найрагч л чаддаг зүйл. Гадаад хэлтэй бичгийн соёлтой зөндөө хүн байна. Даан ч тэр болгон чинь орчуулга хийж чаддаггүй шүү дээ. Үүнээс гадна, манай залуучууд нэг их олон утгаар их ашиглаж байна. Нэг их үгийг олон утгаар хэрэглээд байх юм бол тухайн улсын хэлийг ядуу гэж үздэг. Монгол уг нь их баялаг, юм бүхэн нь тусдаа нэртэй. Одоо бүр машин, байшинг настай гэж яриад байна. Энэ бүхэнд чинь эдэлгээний хугацаа гэж байдаг. Тийм хуучирсан байшин гэж хэлж болно доо. Гэтэл таван настай, арван настай машин гээд мөн хуцаж байгаа шүү. Нас, насжилт гэдэг амьд биет дээр хэрэглэгддэг юм. Үгийг буруу сонгон хэрэглээд байгаа чинь Монгол хэлийг ядууруулаад байгаа юм л даа. Мөн лизинг л гэнэ. Заан Африк тивд амьдардаг гэж бичээд байна. Бүр дарга нар, эрдэмтэд сурган хүмүүжүүлэгчид, зохиолчид нь ингэж бичдэг.

Нас, насжилт гэдэг амьд биет дээр хэрэглэгддэг юм. Үгийг буруу сонгон хэрэглээд байгаа чинь Монгол хэлийг ядууруулаад байгаа юм л даа

                    Уул шугамдаа бол амьдарна гэдэг чинь орох оромж, идэх хоол хүнсээ базаадаг амьтныг хэлдэг юм. Зааны хажууд хулгана амьдардаг байхгүй юу. Яагаад гэхээр өвөл идэх хөеөгөө хамгийн сайн ногоогоор бэлддэг.  Тэгэхээр заан Африкт амьдардаггүй зүгээр байдаг л байхгүй юу.  Тэгэхээр энэ үг, найруулгаа ядаж уран зохиолдоо битгий хэрэглээч дээ гэж гуймаар байна. Иймэрхүү үгийг ашиглаад хайран сайхан зохиолоо юу ч биш болгосон зохиолчид мундахгүй олон бий. Түүнийг наймдугаар ангийн хүүхэд уншаад "Би ч ном орчуулж, зохиол бичиж, шүлэг бичиж чадах юм байна” гэсэн ойлголт авч байгаа юм. Тиймээс ч би номоо дахин, дахин хэвлүүлэхдээ ч редактор хийдэг. Тухайлбал, нэг номоо зургаан удаа хэвлүүллээ гэж бодвол зургаан удаа редактор хийдэг. Бага ч болов алдаа гарч ирдэг л байхгүй юу” гэлээ. Тэгэхээр нь би “Та сүүлийн үеийн орчуулгын уран зохиолыг хэр уншиж байна вэ” гэлээ.

Сайн ойлгоод уншихад гайхалтай нууцалсан эротик шүлэг байдаг

               Тэрбээр “Яг сүүлийн гурван жилд гарсан орчуулгын уран зохиолыг тэр бүр уншиж чаддаггүй. Юуг нь нуух билээ. Би чинь одоо цаг хугацаатай уралдаж яваа хүн шүү дээ. Тиймээс түүхий бичвэр урмын үг хэлэхийн тулд унших зав ч алга, цаг ч алга. Мөн Ц.Дамдинсүрэн гуайн толь буруу байлаа ч гэсэн Хэлний бодлогын үндэсний хэлний зөвлөлийн хэдэн мануухайнууд тэр үгээр нь бич гэвэл бичихээс яах вэ дээ. Угаасаа тийм үүрэгтэй” хэмээн дурамжхан өнгө аястай хариулсан юм.

          Түүнээс би ойр дотно нөхөрлөж байсан яруу найрагч Д.Нямсүрэн гуайн талаар сонирхон асуусан юм. Ж.Нэргүй гуай Д.Нямсүрэн найрагчтай 17 жил нөхөрлөсөн гэнэ. Д.Нямсүрэн найрагчийн олон шүлгийг цээжээр мэддэг ч “Амитаба” шүлгийн нэгэн мөр болох “Яаж би, Амитаба шиг өөрийнхөө үсний ойчих чимээг сонсох вэ” гэсэн мөрийг бишрэн явдаг гэнэ. Тэрбээр “Гайхалтай байгаа биз дээ. Нирваан руу, алс гараг руу явчихсан байгаа биз дээ. Манай хүн шүлгээ сонин, сэтгүүлд нийтлүүлээд байдаггүй байсан. Тиймээс би сонинд ажиллаж байхдаа олон шүлгийг нь авч уншигчдын хүртээл болгож байлаа. Мөн Д.Нямсүрэнгийн “Нэгээхэн бээр” гээд гайхалтай эротик шүлэг бий. Хүн зүгээр уншихад бол мэдэгдэхгүй. Сайн ойлгоод уншихад гайхалтай нууцалсан эротик шүлэг байдаг. Би “Монголын яруу найраг Д.Нямсүрэнгээр зуун жил зогссон” гэж бичиж байлаа” хэмээсэн юм.

        Энэ хүрээд бидний ярилцлага өндөрлөж, Ж.Нэргүй гуайн гэрээс гаран явлаа. Тэрбээр байрныхаа соронзон түгжээтэй хаалганы дэргэд угтан авсан шигээ инээмсэглэн биднийг үдсэн юм. Живэр сахал нь хяруу унасан намрын өглөө мэт гялбалзсан хэвээр. Дураараа намирах буурал үс нь салхины аясаар хэлбэрээ өөрчлөн нүүх үүлс лугаа хийссээр Ж.Нэргүй гуай “Баяртай хүүхдүүд минь” хэмээсээр үлдсэн юм.

 


Жаргал, зовлонг тэнцүү гэтэлсэн найрагч Ж.НЭРГҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-28 15:11:20
    Л.Оюун.: Сайхан сэтгэлтэй шүү манай Нэргүй .
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188