• Өнөөдөр 2024-04-20

ХҮН ЗЭС

2022-03-24,   835

           Тэр бол Монголын Уул уурхай, геологийн салбарын хүн зэс. Эрдэнэт үйлдвэр, зэсийн цагаан суваргын ордны "аав" нь.

         Түүнд иргүй, мохоо, бүдэг бадаг явсан он цаг  бараг байхгүй. Эхнээсээ л хурц явсан өдгөө ч хурц хэвээр. Хэн бэ гэдгийг уншигч та хэдийнэ таагаад, толгой дохиж суугаа байх. Тиймээ, энэ бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, геологийн ухааны доктор ЧОЙЖИНГИЙН ХУРЦ.

      Тун даруугаар тодорхойлоход ийм ч, өдгөө Монгол хэмээх нэгэн улс гүрнийг өндийж, өөдлөхөд тэр тулах багана, түших мөр, их бүтээгчдийнх нь нэг гэдгийг өгүүлэхээр гүн хүндэтгэлтэйгээр хөрөг бичвэрээ эхлүүлж байна. Уул уурхайн орд нээсэн, Монгол Улсыг бусад орны өмнө өвдөг сөхрөхгүй, толгой өндөр өдий дайтай явах үндсийг тарьсан эрхэм гэхээр хэчнээн том, ямархан бахдам билээ. Бүхэл бүтэн ордыг нээчихсэн  түүхэн хүн шүү дээ.  Хүссэн аавын хүү нь орд нээхгүй, бүр хүсээд ч чадахгүй. Тэр харин чадсан юм.

Яг одоо жаахан шаргын аялгууг тэр дуулангаа, Дарьгангын уудам талдаа давхиад бидний хойморт заларлаа. Гадаа түүний төрсөн хавар цаг налайж байна.

-ГЕОЛОГИЧ БОЛОХ ХҮРТЭЛ-

       ТҮҮНИЙ ТӨРСӨН ҮЕ: Алтан овоо, Шилийн богд Дарьганга нутагт тэр хүй цөглөсөн. Төрөөд ердөө 45 хоноод л аавынхаа төрсөн дүүгийнд өргүүлж, хүний ганц хүүгийн сонин бөгөөд содон хувь тавиланг онож мэндэлсэн түүхтэй. Саахалт хэрийн зайтай хүүгээ хүнд өгсөн ижий, ааваа  тэр өлгийн дотроосоо харж байсан мэт л бага насныхаа тухай ярьж, тэдний гуниг зовлон, хэрхэн өөрийг нь үүрч дүүрч, бүхнээ зориулж өсгөснийг нь бодон уйлдаг тухайгаа “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хоймор ярьж суусныг уншигч та санаж байгаа болов уу. Түүнийг өргөгдөөд 13 сарын дараа охин дүү нь төрж, хүүхэд төрөхгүй айлд тэр хүн дагуулж, төрөөд өсгөсөн ижий, аавынхаа магнайг тэнийлгэжээ. Ерөөс төрөхөөсөө л бусдыг баярлуулж, бүтээж эхэлж, тэр.

Манцуйтай тарвалзах бор хүүг хэн бүхэн л өхөөрдөн, алган дээрээ бөмбөрүүлж, нүдний цөцгий мэт хайрлаж өсгөнө. Гэхдээ түүнийг эрхлүүлж, түүнтэй уулзах эрхээ хасуулсан хүмүүс бол төрсөн аав, ээж  нь.

        Арван сар тээж төрүүлсэн үрээ төрүүлээд л хүнд өгнө гэдэг эх хүнд хэцүү сонголт ч  хүүхэдгүй гэж шаналж суух дүүгийнхээ зовлонгоос нимгэлж, нэгэн айл гэрт аз жаргал авчрахаар тэд хүүхдээ өгсөн. Ерөөс түүний сэтгэлийн зовлон, гуниг, хүнд хэцүүг хожим хүү нь ойлгож, ярьж сууна гэдэг л өөрөө гайхамшиг гэмээр. Ч.Хурцыг өсгөсөн аав, ээж нь мөн төрүүлснээс нь дутахгүй хайрлаж аманд нь багтахаар жаахан мөсийг хэлэн дээр нь тавиад ангачих вий, өлсчих вий үр минь гэдэг байж. Тухайн үед ийм жаахан үрээ ирээдүйд Монгол хэмээх их айлд хийж бүтээж, бүр орд нээхийн чинээ тэд санаа ч үгүй байх. Гэхдээ л хүнд үр хүүхдээс илүү эрхэм зүйл үгүйг тэд хамгаас илүү ухаарч, тэдний нар, сар, бүх зүйл нь ХУРЦ эрхэм байсныг дурдахгүй өнгөрч боломгүй болов уу.

СУРГУУЛЬД ОРСОН НЬ: Тэрбээр өссөн аав, ээждээ дасал болж, өсөж торнисоор сургуульд орох нас нь дөхөж байж. Монголчуудын түүхэнд тод нэгэн үйл явдал бичин жилийн зуднаар Сүхбаатар аймгийн Онгон сумын Будрын чулууны баруун урд, хилийн заставын зүүн доод хэсэгт өвөлжсөн жил бүх нийтээрээ бичиг үсэг тайлагдах бодлого баримтлагдсанаар тэр бичиг үсэгтэй болж, сонин гарчиглах болжээ. Угаас сэргэлэн, хэрсүү тэрбээр долоон настайдаа  сургуульд орж, аавынхаа найз харчуулын хээгүй яриа, гүндүүгүй зан чанарт том эр болон өсөж, сумын сургуулийн буйд танхимаас эрдмийн гараагаа эхэлж байжээ. Угаас Монголын олон сэхээтэн, эрдэмтэд  улсын өнцөг булан бүрд ингэж төрж байсан цаг байх.

         Ч.Хурц  бусдын адил багаасаа айхтар эрэлч хайгуулч, угаас геологид сонирхолтой нэгэн байгаагүй юм билээ. Угтаа бол хүмүүс багаасаа ямар нэгэн зүйлд сонирхолтой болж, түүндээ хөтлөгдөн, хөглөгдсөөр дөр суудаг. Гэвч түүний хувьд геологич гэж ямар мэргэжил байдгийг ч мэдэхгүй явжээ. Ээж нь түүнд геологич мэргэжлийг битгий сонгоорой, газар үндэс ухдаггүй юм гэх бүдэгхэн яриа өрнүүлж байснаас бусдаар нарийн ширийнийг сайтар ухаараагүй явсан үе. 

      Сургуулиа төгсөөд, мэрэгжил сонгох болоход, тоо, физиктэй бусад хичээлээсээ арай дөнгүүр болохоор тэр дагуу уул уурхайн цахилгааны инженерийн ангийг сонгохоор шийджээ. Гэтэл цахилгааны анги нь геологийн анги болон сольж бичигдсэнээр тэр энэ эгэлгүй хувь тавилангийн замд санамсаргүй орсон гэдэг. Мэргэжлийнхээ хуваарийг аваад яг ОХУ руу явахаар галт тэрэг хөдлөх мөчид тэр геологич мэргэжлийг эзэмших болсноо мэдсэн болохоор бодох, өөрчлөх ч аргагүйгээр суусан юм билээ. Ерөөс цэл залуу наснаасаа эхлэн, сэтгэл, зүрх, эд эс бүхнээ зориулсан геологич хэмээх эрхэм мэргэжлийн эзэн, Монголын тэргүүн сэхээтэн болох замнал өртөөн дээрээс сонгогдож, өөрөө сонгоогүй, өрөөлийн санамсаргүйгээр сонгож өгсөн амьдралаар өдгөө 70 гаруй жил алхжээ.

Гэнэт юм шиг мөртлөө ясны мэт, санамсаргүй сонголт мөртлөө оносон мэт ийм нэг хувь тавилан түүнийг алгуурхан шинээр орд нээн илрүүлэх их хувь заяа руу хөтөлж байж.

        Ингээд ОХУ руу  геологич мэргэжлээрээ сурахаар явсан залуухан Хурц буцаад ирэхдээ эх орондоо хэрэгтэй ховорхон мэргэжилтний нэг, Уул уурхайн яаманд хэлтсийн даргын албанд томилогдсон байдаг. Ингэж л түүний эх орныхоо төлөө хийх их бүтээн байгуулалт эхэлж, Монголын төрд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт ХУРЦ хэмээх эрхмийн хурц ухаан, эд баялагаа гэсэн сэтгэл “шатаж” эхэлсэн юм. Мөнхүү сургуулиа төгсөж, мэргэжил эзэмшиж ирээд л даргаас эхэлсэн хүн цөөн болов уу. Түүнд ерөөс цөөн гэгддэг хувь заяаны бэлэг гэмээр зүйлс олон байх бөгөөд орд нээсэн нь ч үүний нэг илэрхийлэл.

-24 НАСТАЙ МОНГОЛЫН ЕРӨНХИЙ ГЕОЛОГИЧ-

         1963 оны хавар тэр сургуулиа төгсөж, Уул уурхайн яамны хэлтсийн даргаар томилогдон анхны томилолтоо авчээ. Энэ тухай тэрбээр “Арван нэгэн километр туулаад анхны томилолтоо авч байсан. Ингэж явахдаа Цагаан суваргын ордод хүрсэн. Хамгийн анх намайг очиход цэл ногоон тал. Цаашаа жаахан явсан зэсийн бүх төрлийн эсүүд, 700 метр яваад цагаан суваргынхаа захад гарсангүй. Тэгэхээр хөндлөн хойшоо гараад явсан мөн л зэс. Анх удаа ингэж л цагаан суваргын ордыг нээж байлаа” хэмээн ярьсан байдаг.

       Бүхэл бүтэн орд нээчихээд үлгэрт гардаг шиг хуучлах энэ эрхэм угаас ийм даруу юу гэлтэй. Зарим онгироо, сагсуу, жаахан дэвэргэн нэгний хүмүүс “Чи юу хийсэн дээ онгирдог юм” гэдэг. Гэтэл энэ эрхэм бүхэл бүтэн орд нээчихээд, тэгээд болоогүй, манай улсын томоохон ордуудыг нээхэд хажууд нь зогсож байсан амьд гэрч мөртлөө дэндүү даруу, энгийн байгаа нь илүү сонирхол татаж байв. Магад эцэг, эхийн хүмүүжил, багшийн сургааль, орос багш нарын чанд хатуу журам түүнийг ийн төлөвшүүлж, магтаалд хөөрөхгүй байх, хийсэндээ ханахгүй байхыг сургасан байх. Залуухан Хурц өдгөө хэдийнэ харьж буурал болсон ч "Одоо надад хийх зүйл их байна" хэмээн ярих нь түүнийг хэр хүн бэ, ямархан нэгэн бэ гэдгийг илтгэх бөгөөд түүхэн хоёр он цагийг түүчээлж, түрүүлж, манлайлж, мандуулж алхлаа, тэр.

           Ингээд дөнгөж ажилласан жилээ Цагаан суваргын ордыг нээж, Монголын ерөнхий геологич болж байжээ. Энэ тухай тэрбээр “1960-1990 онд Монголын мэргэжлийн геологийн арми бий болж, олон орд газар нээсэн. Жил гаруй хугацаанд Геологи шинжилгээний газарт мэргэжилтнээр ажилласан намайг Геологи шинжилгээний газрын орлогч даргаар томилох тодорхойлолт гаргасан байсан. Би 24 настайдаа ерөнхий геологич, даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэдэг албанд томилогдсон. Дөнгөж сургууль төгссөн юу ч мэдэхгүй хүүхэд л дарга болчихсон. Ингээд дарга болоод анхны төлөвлөгөө хийв. Тухайн үед Монголын геологичид 9.2 сая төгрөгийн төсвийн санхүүжилттэй, 100 мянган рублийн зээлтэй, хөрөнгө оруулалт байхгүй байлаа. Чойрын, Хөвсгөлийн, Төвийн, Баянхонгорын гэсэн дөрвөн экспедицтэй. Энэ экспедицийн дарга нар бүгд мэргэжлийн бус хүмүүс байв. Одоо манай яам яг ийм бүтцэд орсон байна. Уг нь би анх энэ яамны нэрийг Эрдэс, түүхий эдийн яам гэж нэрлэе гэж санал гаргасан юм. Гэтэл Америк зөвлөх нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам гэж нэрлэсэн” хэмээн хэвлэлд өгсөн яриандаа дурдсан байв. Бүхэл бүтэн улсын геологич болж, геологийн салбарыг тэр цэл залуухан түүчээлж байсан түүх нь энэ. Тэр ганц цагаан суварга ч биш түүний үед ерөөс Монголын бор өндөр, цагаан элгэн, хамар ус, жонс зэрэг Монголын томоохон орд газрууд түүний үед нээгдэж байж. 

     Монголын баялаг хаанаас эхлэлтэй вэ, бидэнд хэр хэмжээний баялаг байгаа вэ гэдгийг тэр л мэдэх бөгөөд өөрөө тэр Уул уурхайн салбарын том баялаг, том өв гэмээр.

 

-ЭРДЭНЭТИЙН ҮЙЛДВЭР БА ТҮҮНИЙ ЗҮРХ-

         Ажлын туршлага бага ч ажлаа чамгүй мэддэг, сийрэг толгойтой залуухан дарга байхдаа тэр Монголын томоохон үйлдвэр ордуудын тухай А-Я хүртэл мэддэг байж. Тэр дундаа Цагаан суваргын орд, Эрдэнэт үйлдвэр хоёрыг бол таван хуруу шигээ, өөрийн бие эрхтэн шигээ мэддэг нэгэн. Энэ талаар тэрбээр “Анх Эрдэнэтийг чехүүд хайгуул хийж байсан юм. Анх орлогч сайд болоод очсон газар минь тэр. Гэтэл Эрдэнэтийн хайгуул дээр Чех Улсын геологочид ойр, ойрхон өрөмдөнө гэсэн байсан. Тэгэхээр нь хоёр жилийн дотор 16 цооног өрөмд гэсэн чинь чехийн геологич татгалзсан. Хариуд нь би “Тэгвэл та нутаг буцсан ч болно” гэсэн чинь бүх хариуцлагыг надад өгсөн” хэмээжээ.

       Анхнаасаа тэр өөрийн гэсэн, улсынхаа эд баялаг, үйлдвэрийн төлөө “төрсөн” нэгэн байж. Нэг ёсондоо түүний нээсэн, түүний сэтгэл, зүрх, тархи ухаанаараа барьж байгуулж, олж нээсэн Эрдэнэт болон цагаан суваргын орд бол түүний цохилох зүрх, амьсгалах агаар гэхэд буруудахгүй болов уу. Үр хүүхэд шиг нь болсон тэднийхээ төлөө хамаг эд эсээрээ цохилж, улс орон, байгаль эхийн юм гэж хайрлаж, хамгаалж иржээ. Нэгэн насаараа Монголын томоохон ордуудыг нээж, эзэн нь явж, түүнийг арван хуруу шигээ мэдсээр ирсэн энэ эрхэм харин өөрөө ямар ч шуналгүй, авахын сэтгэлгүй байсан нь түүнийг том байлгаж, том бүтээгч байлгасаар иржээ.

-АНХНЫ ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮН-

       Түүнийг тодотгож, тодруулах зүйлийн нэг бол анхны парламентын гишүүн. Анх Монгол Улсад парламент хэмээх айл үүсэж, ид хийж бүтээх нас нь жигдэрч, цэгцэрсэн идэрхэн ХУРЦ гишүүдийнх нь нэгээр томилогдож, Монгол Улсын парламентын тулгын чулууг тавилцаж, галыг нь өрдөж явжээ. Дөнгөж хорь гаруйхан насандаа Уул уурхайн яамны сайдаар сонгогдсон тэр парламентын баганын ганхахгүйгээр өргөгчдийн нэг яах аргагүй мөн. Улсдаа нэртэй, тэргүүн түүн шиг сэхээтэн парламентын гишүүдийн нэг байхгүй бол өөр хэн болох гэж. Өндөр төрийн тооныг түшилцэх бат багана болж явснаараа тэр "Төр  удирдах хүн байгалиас заяадаг. Дэндүү ухаантай хүн ухаандаа удирдагдаад солиорно, дэндүү тэнэг хүн гарвал төрийг сүйрүүлнэ" хэмээн хэлсэн байдаг. Тэр ийм л төрийн тулах багана, өргөх хүч нь явжээ.

        Дахин хэлье, тэр бол Монголын Уул уурхай, геологийн салбарын хүн зэс. Нэгэн он цагт бүтээх гэж, хийх гэж төрсөн эрхэм. Тэр дундаа Монгол хэмээх улсынхаа эд, баялгийг өөрөөсөө, үр хүүхдээсээ хүртэл харамладаг даруухан нэгэн геологич. Үүний хамгийн том жишээ бол тэрбээр "Хүү маань намайг Улсын Их Хурлын гишүүн байхад ордны гадна талд дуудаад, "Аав аа, Заамарын лиценз авъя" гэдэг юм байна. Би хариуд нь "40 тонны алттай ордыг хүний ганц хүү авчихаад суудаггүй юм. Энэ бол бүх ард түмний өмч, ийм зүйл яриад явж байхаасаа ич" гээд явуулж байсан гэдэг. Энэ бол тэр уул уурхайн салбарт хэчнээн үнэнч, шударга явсан нь харагдаж байгаа юм. Энэ бол ганц энэ эрхмийн тухай яриа биш, цаашид Монголын ард түмний, баялаг болон түүх бүтээгчдэд хамгийн том сургамж болсон үйл явдал юм. Цэл залуухан геологич байхдаа Монгол Улсыг тэжээж, тэтгэх, өргөх ордыг тэр илрүүлчихээд, түүнээсээ өөрөө хүртэх, өөртөө авах гэсэн өчүүхэн ч бодолгүй энэ эрхмийн улс орон, ард түмнээ гэх сэтгэл хойч үед ихэд үлгэр болж, түүн шиг сэхээтэн, түүн шиг эрхэм олон төрөөсэй гэж бодогдсон. Нэгэн насаараа эрдэнэсийн сайхныг, гайхамшгийг биеэр үзэж, туулж яваа энэ эрхэм өчүүхэн бичигч миний хувьд эрдэнээр төсөөлбөл зэс шиг санагдсан юм. Учир нь, зэс бол эрдэнэс дундаа хамгийн зөөлөн металл бөгөөд бусад руу дулаан дамжуулах чадвартай, хэтэрхий гял цал биш, тун даруухан эрдэнэ. Энэ ч утгаар Монголын Уул уурхайн нэгэн он цагийн бэрхэнд буусанд ХУРЦ хэмээх эрхэм бол геологиор өртөөлөн орд илрүүлсэн "Хүн зэс" юм. 

Тэр Дарьгангын уудам нутагт Жаахан шаргаа дуулсаар л явна...

 

 

 

ХҮН ЗЭС
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-26 17:32:07
    Ииргэд олон түмэн: Түр ч гэсэн түүнээс ҮХЭЛ тойрох болтугай
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188