• Өнөөдөр 2024-04-18

ӨӨРИЙНХӨӨРӨӨ УНДАРМАА

2022-03-09,   1124

      Эрх танхил, айлгүй, хэрсүү, хэнэггүй, хэнхэг, хэдэр, зоримог, зогсошгүй, шооч дүрийг хошин урлагийн тайзан дээр гаргаж, ганц бие эмэгтэйчүүдийн амьдралын тухай цуврал кино хийж, найруулагч болон продюсераар нь ажиллаж, гол дүрд нь тоглосон адтай, сэргэлэн, хэрсүү, жавхаалаг, дайчин нэгэн жүжигчин Монголын урлаг хэмээх бууцанд өөрийнхөөрөө нүүж, бууж, айлсаж, хотолсоор буй. Гэхдээ түүнд эдгээр тодорхойлолтоос хамгийн тохирох нь өөрийнхөөрөө гэх үг. Тэр үргэлж өөрийнхөөрөө гэсэн ганцхан зарчмыг барьж, тэрхүү зарчмынхаа шугамыг даган, өөрийн чиг баримжаагаа алдахгүй алхаж яваа нэгэн. Ингэхдээ тэр хэзээ ч хувирч, өөрчлөгдөж эвхэгдэж, хумигдаж байгаагүй уран бүтээлч. Үргэлж л дэлгэсэн хадаг шиг намирч, хашгирч,  тэсэрч, дэгсдүүлсэн дүрүүдээрээ үзэгчдийг ундаалсаар Монголын урлагт эрх дураараа, дэндүү зоргоороо, эрх танхи зангаараа “дэвэрч” яваа. Түүнээс зөөлөн, дөлгөөн, уран, яруу дүр гарах нь өдрийн од шиг цөөн.

Хаа нэг туслах дүр, эсвэл хошин шогийн ганц, нэг номерт өрөвч зөөлөн эхнэр, даруу дөлгөөн эгчийн дүр гаргахаас, өөрөөр тэр чангахан, шандас сорьсон, мэргэжлийн ур чадвар харуулсан дүрүүдийг чадварлаг, чанарын өндөр түвшинд бүтээдэг чансаатай, мэргэжлийн түвшний уран бүтээлч.

Амьдралынхаа 30 гаруй жилд урлагийн "тогоон"-д "чанагдсан"-аараа тэр туршлагатай, тууштай ч жүжигчин. Ерөөс Монголын тайз, дэлгэцийн цорын ганц хувилбар. Ингэж тодорхойлохын учир, ямагт өөрөөсөө өндөрт цойлж, халгиж, цалгиж, зорьсондоо хүрэхийн төлөө мацаж явдаг түүнийг бид ээлжит хөргийнхөө гол дүрээр сонгоод байгаа юм. Тэр бол Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Гончигийн Ундармаа. Дөнгөж өчигдөрхөн энэ эрхэм цолыг хүртсэн тэрбээр  “XX зууны манлай эмэгтэй, зохиолч С.Удвалын дүрд тоглосон  “Улаан цэцэг” киногоо нээгээд удаагүй байгаа юм. XX зууны цоо шинэ Удвалыг уншигч таны өмнө дэлгэж байна.

-АЙЛГҮЙ УНДАРМАА-

    Хошин урлагийн тайзан дээр тэр айлгүй, эрх танхи Ундармаа. Том алаг нүд, хэргээр эсвэл угаас тийм гэмээр айлгүйхэн инээд, үе үехэн өргөх донжтой хөмсөг, өөрчлөгдөж, хувирашгүй танил дуу хоолой бол түүнийх. Тэр үүгээрээ өөр өнгө төрхөөр оршигч, дахин давтагдашгүй нэгэн.  Тэр өнгөн дээрээ хамгийн ил цагаан, хөгжилтэй, дүрсгүй нэгэн ч түүний гүнд хэрсүү, шударга, хэлсэндээ хүрдэг, зорьсноо биелүүлдэг зан нуугдаж байдаг. Харин оноож авсан дүрээрээ хүмүүст тэр айлгүй төрх, эрх танхи хоолойгоороо хэдийнэ танил болоод тогтчихсон. 1997 он бол түүний хошин урлагт орж эхэлж байсан ид үе.  “Шинэ үе” продакшны эмэгтэй уран бүтээлчдийг өнгөлж байсан түүний номерууд ихэвчлэн бүтэлгүй нөхрөө загнасан, чадсан, давах гэсэн эхнэр,  дүү нартаа зөвлөж, зөвлөгөө өгөх эгчийн дүрийг илүү харуулна. Уншигч та санаж байгаа бол  гэгээрэхээр бурхантай ярьдаг хэсэг бол хамгийн супер дүр нь. 

-U FILM”БА ТЭР-

     Түүний аялаж буй урлаг хэмээх "гал тэрэг"-ний дараагийн өртөө нь кино. Тэр тус өртөөгөөр аялахын тулд  “U FILM” хэмээх өөрийн үзэл санаа, оюун бодол, туршлага, хүсэл сонирхлоо нэгтгэн бүтээсэн, нөгөө талаар өөрийгөө уудлан үзэгчдэд хүргэхээр зорьсон уран бүтээлийн нэгдлээ байгуулж, “Single Ladies”, 1,2,3,4 “Тют”, “Амьдралоги” зэрэг кино үйлдвэрлэн, үзэгчдэд хүргэсэн. Тэрбээр анх фильмээ байгуулахдаа “Эмэгтэй хүн рүү чиглүүлсэн, тэдэнд тулгарч байгаа асуудлыг хөндсөн кино хийнэ гэж байсан. Тэгээд одоо хийсэн уран бүтээлээ эргээд харахаар дан эмэгтэйчүүдийн сэдвийг барьж хийж, амлалтаа биелүүлж явна” хэмээж байж. Үнэхээр тэр сэдвийн хувьд эмэгтэйчүүд рүү чиглэсэн уран бүтээлд тархи, зүрх, мөнгө төгрөг, цаг хугацаагаа зарцуулж яваа аж. Түүнээс гадна тэр фильмийнхээ уран бүтээлийг найруулж, продюсераар нь ажилладаг нь уншигч болон үзэгчдэд түүнийг өөр өнцгөөс харах, мэргэжлийн түвшний туршлагажсан уран бүтээлч гэж харах нэгэн үзүүр юм. Түүнийг хүмүүс хүлээн зөвшөөрч, түүнд итгэдгийн жишээ бол “Single Ladies” киноныхоо эхний цувралыг хүргэх цэгээс харагдсан. Тухайн жилийнхээ хамгийн өндөр үзэгчидтэй уран бүтээл болсон байдаг. Тэгэхээр Ундармаа гэж уран бүтээлчийг доторлох, дотоод ертөнц рүү нь нэвтрэх, уудлах, нээж гаргахыг хүсэгчдэд тэр фильмийнхээ уран бүтээлээр хариулт өгч, "Намайг харна гэвэл миний уран бүтээлийг үзээрэй" гэх шиг.

-ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН УНДАРМАА-

      Соёлын Гавьяат Зүтгэлтэн цол, тэмдгээ Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардаж авах үеийн зураг цахим орчинд хөвөрч, түүний доорх сэтгэгдлийг гүйлгэж харахад “Ундармаа бол эрүүл мэндийн салбарт ямар ч төрийн түшээ, албаны хүнээс илүү сэтгэл гаргаж, үлгэр дууриалал үзүүлж ажилласан шүү гэсэн сэтгэгдэл уран бүтээлчийнх нь сэтгэгдлээс илүү байсан нь бичвэрийг минь үргэлжлүүлж байна. Тэрбээр “Итгэлийн танхим” хэмээх төрийн бус байгууллагатай. Анх эмнэлэг тохижуулах санаа аавыгаа эмнэлгийн хүйтэн өрөөнд сахиж суух үеэс эхлэлтэй гэдэг. Энэ талаар Ундармаа “Аавыгаа сахиж суухад эмнэлгийн хүйтэн өрөө надад их хэцүү санагдаж байсан. Тэгээд л энэ тухай нөхөр болон найз нөхдөдөө хэлэхэд, урам өгч, дэмжин хүлээж авсан. Түүнээс гадна тавилгын компанид олон жил ажилласны минь хэрэг гарч, сайхан сэтгэлтэй албан байгууллага байгууллага, хувь хүмүүс ч тусалсан. Тухайлбал, тухайн үед “Алтай” констракшн компани надад арван сая төгрөг бэлнээр өгч байв. Мөн Single Ladies киноныхоо эхний ангийг хийгээд давгүй орлого олсон үе таарсан” гэж ярина.

    Түүний тохижуулсан эмнэлгийн хүлээлгийн өрөөний талаар тодорхой дурдвал, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн  төвийн харьяа Баянхошуу дахь  салбар амбулаторийн хүүхдийн  кабенит, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн  хүүхдийн тасаг, Баянхонгор аймгийн  Нэгдсэн эмнэлгийн  яаралтай тусламжийн тасаг, ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зөвлөх, поликлиникийн хүлээлгийн танхимыг тус бүр тохижуулж өгсөн байдаг. Ингээд 2017 онд эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан. Магад түүний өнөөдрийн авсан Соёлын Гавьяат зүтгэлтэн гэх цолоос илүү эрүүл мэндийн тэргүүний ажилтан гэдэг цол тэмдэг түүнд хамгийн илүү үнэ цэнтэй, нандин байж мэдэх юм. Улсын эмнэлгийн тохижилт үйлчилгээнд санаа зовж, өөрийн зүгээс тохижуулж өгсөн уран бүтээлч одоогоор тэр л байна. 

-ТАВИЛГЫН КОМПАНИД ТАВАН ЖИЛ АЖИЛЛАСАН-

  Анх сургуулиа төгсөөд Эрдэнэтийн театрт гурван жил ажилласан Ундармаагийн урлагийн замнал шууд эхлээгүй. “Анун” компанид таван жил ажилласан, MSC-ийн бүтээгдэхүүн хэмээн өөрөө бахархан ярих дуртай тэрбээр тус тавилгын компанид ажилласан нь түүнийг олон зүйлд сургаж, хожим эмнэлэг тохижуулах ажилд нь дэмжлэг болж байсан гэдэг. Аливаад сэргэлэн цовоо, найрсаг түүнд тавилгын борлуулалтын ажил ихэд зохицож, сэргэлэн зангаараа борлуулалтаа ч давгүй хийдэг байж. Энэ бол Ундармаа гэж эмэгтэйг бүрдүүлэх нэгэн онцлог. Тэр хүн бүрт тэр бүр байгаад байдаггүй сэргэлэн цовоо, аливаа ажлыг амжуулдаг, арга эвийг нь олоод хийдэг нэгэн гэдэг нь эндээс харагдана.

-ТЕАТРЫН ХӨГЖИМЧИН ЭЭЖ НЬ ТҮҮНИЙГ УРЛАГТ ХӨТӨЛСӨН-

       Аавынхаа ааш занг дууриаж, ээжтэйгээ царайгаараа төстэй гэгддэг Г.Ундармаа одоогоос дөч гаруй жилийн өмнө Говь-Алтай аймгийн Алтай нутагт  мэндэлж, Монголын урлагт өөрийн авьяас, хөдөлмөрөө зориулж, өдгөө ч уран бүтээлээ туурвиж байгаа. Хамгийн анх 19 настай нэгдүгээр курсийн охин “Босоо ороолон” нэртэй уран бүтээлд тоглож, бас болоогүй Ж.Бунтар найруулагчийн хараанд өртөж киноны туслах дүр авч байсан нь түүнийг урлагийн тавцанд гарах том түлхэц болжээ. Багаасаа дуулдаг, бүжиглэдэг, шүлэг уншдаг, хөдөлгөөнтэй охин байж. Тэрбээр энэ тухайгаа хэвлэлд өгсөн яриандаа “Ээж минь Алтай чуулгын хөгжимчин, дуучин, аав харин Анагаахын дунд сургуульд багшилдаг байв. Тэгэхээр ээжийн минь авьяас надад өвлөгдөхөөс гадна багаасаа ээжийгээ дагаж явдаг байсан болохоор Алтай чуулгын театрын орчин ахуй, уран бүтээлчид надад мөн нөлөөлсөн байх” хэмээн өгүүлсэн байдаг. Тэгэхээр Говь-Алтай аймгийн Алтай сумын унаган охиныг хөгжимчин ээж нь урлагт хөтөлжээ. Ийнхүү 1991 онд сумынхаа сургуульд арван жилээ төгсөөд, СУИС-ийн жүжигчний ангид элсэн суралцаж, 1995 онд төгсжээ. Дараа нь Эрдэнэт хотын театрт гурван жил ажилласан нь түүний ажлын гараа эхлэх суурь болсон байна.

  -ӨӨРИЙНХӨӨРӨӨ-

   Эрдэнэтийн театр, хошин урлаг, тавилгын компани, сайн үйлсийн ажил, "UFILM" гэх зүйлс Ундармааг бүрдүүлж, түүний нэгээхэн хэсэг мөн ч түүнд ганцхан час хийсэн чанар байдаг нь тэр өөрийнхөөрөө, урлагт ч тэр, тайзан дээр ч хамгийн өөрийнхөөрөө, эрх дураараа.  Үргэлж чөлөөтэй сэтгэж, хязгааргүйгээр мөрөөдөгч. Тэгээд мөрөөдлийнхөө замаар явж чаддаг, биелүүлэхийн тулд  ямар ч бэрхшээлийг даван туулагч. Хүрэхээр, тэмүүлэхээр  зорьсон бүхэндээ хүрэх гэж зүглэдэг, хичээж, заавал ард нь гарч байж санаа нь амардаг, аз жаргалыг мэдэрдэг нэгэн. Ямар ч яггүй ажилд тэр нугардаггүй, бөхийдөггүй. Инээж, эрхэлж байгаад хийдэг нэгэн. Түүнийг ийм хиргүй тунгалаг, хүчирхэг, зоримог зан чанарын ивээс нь түүний хань. Түүний нөхрийг Б.Батжаргал, охиныг нь Б.Бэрцэцэг гэдэг. "АНУН" тавилгын үйлдвэрт ажиллаж байхдаа анх нөхөртэйгээ танилцаж байсан түүхтэй. 

    Ийм нэгэн эмэгтэй Монголын урлагт өөрийн зам мөрөө тодоор бичиж, эрүүл мэндийн салбарт хэн нэгэн төрийн түшээгээс ч илүү ажиллаж, ард олны амьдралд санаа тавьж, мөнхүү уран бүтээлээрээ эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэж, өөрийнхөөрөө, чадах хэмжээгээрээ нийгэмд түүчээлсээр өчигдөрхөн төрдөө үнэлүүлж Монгол Улсын Гавьяат Жүжигчин биш Соёлын Гавьяат Зүтгэлтэн гэсэн цолыг хүртлээ. Тэр уран бүтээл хийж, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахаас гадна нийгэмд соёл, жишгийг түгээж, үлгэрлэж чадсан, чаддаг нэгэн. Түүнд өөрөөсөө өмнө бусдыг гэдэг алт шиг чанар байна.


ӨӨРИЙНХӨӨРӨӨ УНДАРМАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-09 09:32:16
    Irgen: Төрийн шагнал нүдээ олжээ. Ундармаа эгчдээ цаашид улам өндөр уран бүтээлийн амжилт хүсье.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188