• Өнөөдөр 2024-04-26

МОНГОЛЫН ПАРЛАМЕНТЫН ТУГ

2023-03-05,   769

        Тэр бол парламентын туг, МҮОНРТ-ийн галыг асаагчдын нэг. Монголын сэтгүүл зүйн энгэр бэл. Ингэж тодорхойлбол тэр хэн ч байж болох. Харин Монгол Улсын найман удаагийн парламентын долоог нь сурвалжилсан сэтгүүлч гэвэл уншигч та Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Жигжидсүрэнгийн Алтангэрэлийг шуудхан нэрлэх болов уу.

         Жаахан сүртэйхэн хэлбэл, тэр хүмүүний ертөнцөд төрөөд, Монголын нийгэмд, тэр дундаа Монгол Улсын парламентыг буй биеэрээ тодруулж, тоймлож, мэдээлж, сурвалжлахаар ирсэн нэгэн. Угаас Улсын бага хурлаас өнөөгийн Улсын Их хурлын амьд гэрч, үүх түүх, үйл явдлыг бүрэн эхээр нь тэмдэглэн үлдээсэн хүмүүн түүнээс өөр үгүй. Харин МҮОНТР-ийнхээ хүндэт Жаажаа. Хамт олон нь түүнийг хүндэтгэн, хайрлаж өгсөн нэр нь Жаажаа. Түүний сэтгэлд, гарт, дэвтэрт Монголын парламентын баяр, гуниг, алдаа, оноо, ололт, амжилттайгаа дурайж байгаа. Амьдралынхаа нэгэн жаранд тэр өдөр бүр “Эрхэм үзэгчид ээ” гэх үгийг хэлж, микрофоноо асаадаг. Тэгээд өөрийн болоод Монголын парламентын түүхийг бичдэг ээ.

 

   Түүнд олон замаар алхсан, олон салбарт ажилласан түүх байхгүй. Ердөө МҮОНРТ, парламент гэсэн хоёр орон зайд ажил, амьдралаа холбон оршиж, түүний дунд үзэгч, сонсогч, уншигч л түүнд байлаа. Тэгэхээр тэр парламент хэмээх том айлын, Үндэсний телевиз гэх мэдээллийн анхдагч сувгийн жаргал, зовлонг өөрийн эд, эсээрээ мэдэрч, өөрөө тэр дунд баяр гунигаа хуваалцсаар 20 гаруй жил болжээ. Тэгэхдээ тэр сэтгэл зүрх, оюун бодол, авьяас билгээрээ алхсан шаливхан биетэй, даруухан нэгэн. Хүнийхээ хувьд тэр хүн чанар, хүнлэг сэтгэлийн охь бол, сэтгүүлзүй хэмээх уулын энгэр бэл нь. Энгэртээ тэр олон ч хүнийг хоргодуулж, нөмөрлөж, басхүү хайрласан хүн гэдгийг хамт олон, гэр бүл, найз нөхөд нь ам дүүрэн тодорхойлдог. Харин өөртөө болон сэтгүүлч мэргэжилдээ үнэний дуу хоолой болох гэсэн намирсан туг шиг зарчмаа хэзээ ч буулгаагүй, бөхийлгөөгүй. Тархи, зүрхэндээ үнэнг тэр хэдийн цэг шиг хатгаж, үүрд тэндээ үнэнг мандуулсаар яваа. Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаалгахдаа тэр “Гудамжинд зөрөөд өнгөрөхдөө мэндэлж, урмын үг хайрладаг жирийн үзэгчийн хандлага надад сэтгүүл зүйн салбарт хөлөө, чигээ олох зам мөрийг минь үргэлж зааж өгдөг. Сэтгүүлч бидний үзэгний үзүүр хөдөлж, алтан микрофоноор Монгол төрийн түүх бичигдэж байдаг.

Сэтгүүл зүй зөв оршихуйд эрүүл төр, нийгэм оршдог гэж би боддог” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн нь түүний сэтгүүл зүйд амьдралынхаа хорь гаруй жилд үзсэн, харсан, мэдэрсний дараа хэлж буй хамгийн үнэн үг гэлтэй. Өөрөө мэдэрч, мэдсэн үг л үнэн сонсогддог гэдэг дээ.

-АРДЧИЛАЛ, ТЭР ХОЁР ХАМТ ЭХЭЛСЭН-

            Парламентын нэгэн үеийн, бүр нэжгээд түүхийг нь бүтээхийн хажуугаар Монголын сэтгүүл зүйн, мөнхүү өөрийн түүхийг давхар бүтээсэн түүний түүх ингэж эхэлдэг.

Ардчиллын хөх салхи Монгол Улсад үлээсэн он жилүүдэд тэр сэтгүүлчээр ажиллаж эхэлжээ. Архангай аймгийн Өлзийт сумын харьяат Ж.Алтангэрэлийг анх Үхэрдар хэмээх ах нь Монголын радио гэх том айлын босгоор алхуулсан нь сэтгүүлч болох эхлэл болжээ. Хүн гэдэг нэгнийхээ дэм, ач, тусаар л хувь заяаныхаа замыг олж, цааш алхдагийг олон хүний түүх баталдаг. Тэдгээрийн нэг нь Ж.Алтангэрэл байж, сайн ахынхаа ачаар Үндэсний телевид гэх их айлд хөл тавьсан байна. Энэ бол ерээд он дөнгөж гарч байсан үе буюу ардчиллын салхи исгэрч, хүмүүс эмх замбараагүй тарж, бутарсан амьдралаа эмхлэх гэж, хөлөө олох гэж тэмтчиж байсан үе. Харин Ж.Алтангэрэл гэх хүмүүний сэтгүүлч болж байсан цаг хугацаа. Тэгээд 1992 онд Монголын радиогийн хүүхдийн нэвтрүүлгийн редакцад хүүхдүүдэд зориулан нэвтрүүлэг хийж, эхлээд тэр хүүхдийн гэгээн ертөнцөөр аялж байж. Ийнхүү хоёр жил гаруйн хугацаанд хүүхдийн сэтгүүлчээр ажиллаж байгаад 1994 оноос “Ардын эрх” сонинд мэдээ, сурвалжилга, нийтлэл бичин, бичих авьяас чадвараа суулгаж авсан он жилүүд өнгөрч. Дараа нь харин эргэн 1995 оны хоёрдугаар сараас МҮОНРТ-ийн “Мэдээний агентлаг”-т парламентын сэтгүүлчээр ажиллаж эхэлснээс хойш тасралтгүй 25 жил сэтгүүл зүйн ууган телевизэд ажил, амьдралаа өнгөрүүлжээ.

             Бидний очоод ирэх сэн, нэг өдөр ч болов бодитоор үзэх сэн гэдэг ардчилал гарч байсан ерээд оныг тэр залуухан сэтгүүлч байхдаа үзэж, УИХ гэх өнөөдрийн энэ том айлыг галаа бадрааж эхлэх үетэй нь зэрэгцэн ажил, амьдралаа эхлүүлсэн нь түүний бусдаас ялгарах, онцлон дурдмаар том хувь заяа. Тэгэхээр түүнийг УИХ-ын 77 дахь гишүүн гэх нь оносон байхаас гадна суудлаасаа нэг ч удаа буугаагүй гишүүн гэж хэлэхэд хилсдэхгүй гэмээр.

-МОРИНД ХАЙРТАЙ МОНГОЛ ТӨРИЙН СЭТГҮҮЛЧ-

             Тэр мөн моринд хайртай Монгол төрийн сэтгүүлч. Энэ нь морины уралдааны нэвтрүүлэг бэлтгэж, Хүй долоон худгийн дэнж дээр хэдэн жилийг өнгөрүүлсэнтэй холбоотой төдийгүй багаасаа морин дээр гийнгоо аялж, хурдан морь унадаг байснаас нь улбаатай. Хурдан морины уяач, хүүхдүүдийг сурвалжилж явахдаа тэр бага насаа дурсаж, хүүхдүүдээс сэтгэгдлийг нь сонсож байхдаа хэнээс ч илүү баярлаж байгаа нь камерийн өмнө тодоос тод илэрч харагддаг. Өөрөөсөө хэзээ ч салгахгүй микрофоноо бариад, камерын өмнө инээж ярих түүний яриаг уншигч та андахгүй болов уу. Инээж байгаад сурвалжилдаг, өгүүлбэрээ хэлдэг сурвалжилга түүнд ердөө морь, хүүхэд хоёр л гэлтэй. Түүнээс парламентын танхимд тэр инээхгүй, угаас инээх ч аргагүй. Түүний моринд хайртайгийн өөр нэгэн илрэл бол морины тухай шүлэг тэрлэдэг нь. Гараанаасаа гараад түрүүлээд ирж байгаа морь гэдэг хэчнээн хийморьтой, гайхамшигтай, огшим зүйл билээ. Түүнийг л тэр мэдэрч, мэдрэмжээрээ шүлэг бичиж.  Тэр нэг зүйл рүү шумбан орох ч түүнийхээ хажуугаар өөрийг өгөгдөл, өссөн орчин, гэгээн тунгалаг сэтгэлээ хэзээ ч хаядаггүй нэгэн аж. Харин түүнийгээ өөрт гарах боломж бүртээ өсгөн хөгжүүлдэг болов уу гэмээр. Тэгээд болоогүй бас түүний талаар хүмүүс “Өнөөдөр Төрийн ордонд гүйж явах мөртлөө, морины уралдаан дээр хэдийнэ оччихсон явдаг. Тэгээд бас хэдий завандаа биччихсэн юм гэмээр шүлэг тэрлэчихээд, өнөөхөө уншина инээж явдаг” тухай ч ярих юм билээ. Тэр ингэж л халгиж, цалгиж, дэвэрдэг нэгэн ч нэг ч удаа мэдээ, сурвалжилга, тойм, ярилцлага дээрээ андуурч, эндүүрч, эсвэл хөөрсөн сэтгэлээр хандаагүй нэгэн гэдгийг хамт зүтгэсэн, нэгэн гараанаас эхэлсэн хүмүүс нь тодорхойлох юм билээ. Энэ бол Ж.Алтангэрэл гэх хүний өнгө төрх, ердөө түүний эхлэл.

-ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛЬД ГАР, БИЕ ОРОЛЦСОН-

               Одоо энд түүний Монгол төрийн сэтгүүлч, парламентын туг гээд байгааг илэрхийлэх хэдэн зүйлийг хүргэе. Долоон удаагийн парламент гэдэг бол УИХ-ын түүхэн дэх нэгэн жаран. Түүнтэй хамт сэтгүүлчийнхээ гараагаа эхэлж, өнөөдрийг хүрсэн түүний дотор Монголын парламент гэрэл сүүдэртэйгээ оршиж байгаа, тэр хэн гэдэг төрийн түшээ байсан, ямар ажил хийснийг ёстой А-Я хүртэл нь алдахгүй хэлэх хүний нэг. Энэ ч утгаар түүнийг Монголын парламентын сэтгүүлчдийн холбооны тэргүүнээр томилж, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн гишүүнээр ажиллуулсан. Өөрөөр хэлбэл, тэр өөрөө эд эсээрээ туулж ирсэн хэвлэлийн салбар болоод сэтгүүлчийн ажилдаа эрх чөлөө олгох, нэг ч гэсэн редакц, сэтгүүлч айдасгүйгээр ажлаа хийх хуульд гар бие оролцсон нэгэн. Энэ бол түүний парламентын сэтгүүлчээр тууштай ажилласны нэгэн том ажил. Бусдаар бол тэр Төрийн ордонд өнжиж, төрийн түшээдээс асуух бүхнээ асууж, заримд нь түмнийхээ өмнөөс үгээ хэлэх түүний үндсэн үүрэг. Үүнийгээ тэр нэр төртэй ч биелүүлсэн. Түүний Улс төрийн хүрээнийхэн асуудалд нэг талыг барьж ханддаггүй, тэнцвэртэй мэдээлдэг. Мөнхүү голыг нь олж асууж, зангилагдсан асуудлын утсыг хөвөрдөж, нарийн учир сэжүүрийг нь тайлахыг оролддог тухай өгүүлж байв. "Миний ажил, мэргэжил л энэ шүү дээ" гээд даруухан алхаж яваад түүх бүтээчихдэг хүн бидний дунд цөөн. Хүн бүр өөрийн түүхийг бичдэг ч, хийж байгаа зүйлийнхээ түүхийг бичдэг нь бүр ч ховор. Мөн үргэлж нэг л зангаараа хэнтэй ч инээж мэндлэх түүнийг Монголын төрийн үе үеийн зүтгэлтнүүд, МҮОНРТ-ийн үе үеийн ажилтан, сэтгүүлчид андахгүй. Түүнээс илүүтэй өөрийн алтан микрофоноо асааж, инээмсэглэн мэндлээд, мэдээллээ хүргэх түүнийг үзэгчид бүр ч андахгүй.  Нэгэн цаг үед төрийн түүхийг бичих хувьтай төрсөн эрхэм тэр л байж. Түүний алтан микрофон одоо ч асаалттай байна.


МОНГОЛЫН ПАРЛАМЕНТЫН ТУГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188