• Өнөөдөр 2024-04-26

ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: МОНГОЛ Г.Г.МАРКЕС

2022-03-06,   1442

   Эргэлт.мн мэдээллийн сайт долоо хоног бүрийнхээ онцлох нэг нийтлэлийг хүргэдэг уламжлалтай билээ. Тэгвэл энэ долоогийн хоногийн онцлох нийтлэлээр нэрт дуун хөрвүүлэгч, сэтгүүлч, судлаач, Соёлын Гавьяат зүтгэлтэн Г.Акимтэй хийсэн ярилцлагыг онцолж байна.

   Нэрт дуун хөрвүүлэгч, сэтгүүлч, судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн Хатагин овогт Готовын Акимтай ярилцлаа. Тэрбээр хүн төрөлхтний оюун санааны их өв болсон Г.Г.Маркесын “Зуун жилийн ганцаардал” романыг эх хэлнээ хөрвүүлсэн билээ. 

Г.АКИМ: ХӨДӨЛМӨР ХҮНИЙГ БҮТЭЭДЭГ

Г.Г.МАРКЕС ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХИЙГ БИЧСЭН

       Хаврын тэргүүн сарын зөөлөн, сэвэлзүүр салхитай өдөр. Г.Аким гуайтай утсаар ярьж, Төв номын санд 13:00 цагт уулзахаар цаг товлолоо. Урин хаврын хонгор салхи Улаанбаатарын гудамжаар аядуухан сэвэлзэнэ. Монголчуудын нэрлэдгээр ивээлт нарны алтан цацраг их хотыг минь гэрэлтүүлжээ. Би товлосон цагаасаа 10-аад  минутын өмнө очиж, Монголын ууган зохиолчдын нэг Төрийн шагналт Б.Ринчен гуайн хөшөөний дэргэд түүний шавь Г.Акимыг хүлээн зогслоо. Явган хүний гарцан дээр ногоон гэрэл хүлээн зогсоо улаан ноосон малгай, эрээн ороолт, зузаан нүдний шилтэй, баруун гартаа бор хүрэн цүнх барьсан нуруу цэх зогсоо хүн бол Г.Аким. Тэрбээр өмнө нь энэ замын гарцаар олон удаа гарсан. Одоо ч гарахаар зогсож байна. Түүнийг эгэл жирийн хүмүүстэй мөр зэрэгцэн алхаж яваа сод хүмүүн гэхэд буруудахгүй биз ээ. Дэлхий ертөнцийг доргиочих вий гэсэн мэт намс намсхан алхсаар тэр ирлээ. Бид мэнд мэдэлцэн дотогш орохоор алхав. Төв номын сангийн гурван давхар руу шат өөд өсгөж байхдаа Г.Аким гуай “Цар тахлаас болоод ахынх нь судалгааны ажил зогсонги байдалтай байна. Олон жил орчуулга хийснийх зүгээр сууж чадахгүй ганц, хоёр ном орчуулж байна даа. Орос хэлнээс нэг тууж орчуулж байна. Уг нь энэ зохиолыг 1980-аад онд эхэлсэн. Гэвч 30 гаруй цэцэг, эрдэнийн чулууны нэр ордог учраас тэр үед чадал дутаад байсан юм. Сая харин гүйцээж орчууллаа” гэв. Ийнхүү ярилцсаар бид гурван давхарт гарлаа. 

      Номын сангийн гурван давхрын коридорт байх сандал дээр Г.Аким гуай гадуур хувцсаа тайлан суулаа. Малгай авахад нь толийтол самнасан цас мэт цагаан үс нь сувд лугаа асгарна. Нүдний шилээ нямбай гэгч нь арчих энэ хүн Дорнод аймгийн Матад сумын Тэмээт гэдэг газар төржээ.

Сүүлтэй хүүхэд төрж, эцэст нь шоргоолжинд бариулдаг гэр бүлийнхний тухай өгүүлж байгаа нь галав юүлж, дэлхий сөнөж байгаа хэлбэр юм л даа

     Би түүнээс “Та Г.Г.Маркесын “Зуун жилийн ганцаардал” романыг хэд хэдэн удаа хэвлүүллээ. Энэ романы үнэ цэн нь юундаа байгаа юм бол” хэмээн асуухад тэрбээр хэсэг бодлогошронгуй гэгч сууснаа "Энэ номыг одоо дэлхий сонирхоод байх юм. Үнэ цэн нь үүндээ л байдаг юм болов уу даа. Энэхүү романыг анх гарч байхад Латин Америкийн утга зохиол дэлхийд гайхагдаж байсан үе л дээ. Яг тэр үед манай улс социалист реализмыг баримталдаг, өөр төрлийн зохиол бүтээл хэвлүүлдэггүй байсан цаг. Тухайн үед манайд орос, францын зохиолууд ихэвчлэн орчуулагддаг байсан. Яг орчин үеийн дэлхийг гайхшруулж байгаа зохиолуудыг орчуулж гарах хориотой байлаа. Харин Маркесын “Зуун жилийн ганцаардал” Орос хэлнээ хөрвүүлэгдсэн байв” хэмээн ярилаа.

Хүн төрөлхтний түүх гээд байгаа минь үүнтэй холбоотой. Тиймээс ч социалист реализмын үед дэлхийн уран зохиол өөр түвшинд очсон гэдгийг уншигчдадаа болон зохиолч нөхдөдөө ойлгуулах гэж “Зуун жилийн ганцаардал” романыг орчуулсан минь л тэр

      Тэгэхээр нь би “Та яагаад орчуулаад гаргачихсан юм бэ, тэр үед” гэтэл өөдөөс сүрхий гэгч нь харснаа “Яах вэ, оросууд хэвлэж гаргасан учраас манайд зөвшөөрч байгаа байхгүй юу. Би нэлээд хугацаанд нухаж хөрвүүлсэн дээ. Маркес бол сэтгүүлч. Мөн Эрнест Миллер Хемингуэй сэтгүүлч байсан л даа. Ер нь зохиол бичнэ гэдэг сэтгүүл зүйтэй уялдаа холбоотой байдаг юм байна. “Зуун жилийн ганцаардал” романд сэтгүүл зүйн бичвэр гэхээр олон зүйл байдаг шүү. Маркес өөрийн төрсөн Макондо хэмээх жижиг тосгоны тухай бичсэн юм шиг боловч хүн төрөлхтний түүхийг л биччихсэн юм. Энэ зохиолд янз бүрийн домог, үлгэр их ашигласан байдаг шүү дээ. Үүгээрээ шидэт реализмын гол төлөөлөгч хэмээн үнэлэгддэг. Мөн сүүлтэй хүүхэд төрж, эцэст нь шоргоолжинд бариулдаг гэр бүлийнхний тухай өгүүлж байгаа нь галав юүлж, дэлхий сөнөж байгаа хэлбэр юм л даа.

           Ер нь сүүлтэй хүн энэ дэлхийд байжээ. Жишээлбэл, манай улсад хадны зурган дээр сүүлтэй хүн их байдаг. Мөн Аурелиано Буэндиа эхийнхээ хэвлийд уйлдаг бол манай Гэсэр эхийнхээ хэвлийд инээж байдаг шүү дээ. Инээх, уйлах нь сэтгэл хөдлөлийн хоёр туйл биз дээ. Тэгэхээр хүн төрөлхтний сэтгэлгээ Латин Америкт ч тэр Азийн орнуудад ч тэр адилхан гэсэн дүгнэлт хийж болно. Цааш нь задлаад яривал их зүйл байдаг л даа. Хүн төрөлхтний түүх гээд байгаа минь үүнтэй холбоотой. Тиймээс ч социалист реализмын үед дэлхийн уран зохиол өөр түвшинд очсон гэдгийг уншигчдадаа болон зохиолч нөхдөдөө ойлгуулах гэж “Зуун жилийн ганцаардал” романыг орчуулсан минь л тэр. Гэхдээ тэр би төрөлх хэлнээс нь орчуулна гэсэн бол манай улс зөвшөөрөхгүй байх байсан л даа. Аан тийм хүүхээ, Оросын нэг сэтгүүлч Маркесаас "“Шидэт реализм”-ийг үүсгэсэн хүн нь “Мастер Маргарита хоёр”-ыг бичсэн  М.А.Булгаков шүү дээ” гэж асуухад нь тэр “Би сонссон. Тэр хүний зохиолыг уншиж үзээгүй” гэж хариулсан байдаг. Тэгэхээр хоёр өөр газраас адилхан сэтгэлгээтэй хүмүүс “Шидэт реализм”-ыг гаргаж ирсэн байна шүү дээ. Тиймээс хүн төрөлхтний сэтгэлгээ адилхан юм аа гэж хэлж болохоор байгаа юм хэмээн яриад инээвхийлэв.

            Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Хатагин Готовын Аким 1942 онд Дорнод аймгийн Матад сумын Тэмээт гэдэг газар төрсөн. Зохиолч, сэтгүүлч, орчуулагч, түүхч тэрбээр 1990-2000 онд “Ил товчоо” сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллаж, Монголд чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан нэгэн юм. Мөн 2005-2010 онд Үндэсний номын сангийн захирлаар ажиллаж байсан билээ. Л.Гумилевын “Хар домог”, Ч.Айтматовын “Цаазын тавцан”, “Зуун жилийн ганцаардал”, “Ундаассан бурхад” зэрэг 16 ном, бүтээлийг орос, англи хэлнээс орчуулжээ. Эрдэмтэн зохиолч, нэрт орчуулагч Б.Ринчен судлалаар “Билгүүн номч Бямбын Ринчен” зэрэг дөрвөн ном эмхэтгэн хэвлүүлжээ. Мөн “Цэцэн билгийн сувд эрхи” (англи-монгол, монгол-англи цэцэн үгийн толь), “Хамбын овооны яс юу өгүүлнэ вэ?”, “Тэнгэрийн нохой”, “Чингисийн оюун билгийн соёрхол”, "Хөрстөд ганц Чингис Хаан" буюу Хөх Монголчуудын өлзий учрал), “Туульс хайлдаг уулс 1, 2”, “Шашдирын чуулган 1, 2, 3”, “Чингис хааны сүлд буюу эргэсэн хасын утга”, “Хаднаа шингэсэн аялгуу оршивой” зэрэг 30-аад ном туурвисан юм.

Тиймээс хүн төрөлхтний сэтгэлгээ адилхан юм

             Г.Аким гуай "“Зуун жилийн ганцаардал”-аас гадна Маркесийн “Тахлын үеийн дурлал”-ыг уншиж байсан. Гэхдээ орчуулагчийг нь муулаад яах вэ” хэмээн мушилзан инээв. Тэрбээр цааш нь “Хурандаад хэн ч бичихгүй” туужийг нь хэн орчуулсныг нь санахгүй байна л даа, хүү минь” гэлээ. Энэ хүрээд бид Г.Г.Маркесийн тухай яриагаа өндөрлөж, орчуулгын уран зохиолын тухай хөөрөлдсөн юм.

          Маркес нь Колумби Улсын Аракатака хэмээх жижиг хотхонд Габриэля Элихио Гарсиа, Луиза Сантьяга Маркес Игуаран нарын гэрт 1927 онд төржээ. Маркесийг эхээс мэндэлсний дараахан аав нь эм зүйч болсон. 1929 оны нэгдүгээр сард түүний эцэг, эх нь Сукре хот руу нүүж, Маркес эмээ Транкилина Игуаран Котес, өвөө хурандаа Николас Рикардо Маркес Мехиа нар дээр Аркатака хотдоо үлджээ. Эмээ, өвөө нар нь ирээдүйн зохиолчийг ардын домог, хэл шинжлэлийн онцлог шинж чанаруудтай танилцуулжээ. Маркесыг есөн настай байхад өвөө нь нас барж, эцэг эх дээрээ очсон байна. Тэр үед аав нь эмийн сан ажиллуулдаг байсан гэгддэг.

Б.Ринчен багш “Хөгжим мэт яруу баясгалант Монгол хэл минь” гэж хэлсэн

 

ХӨГШИН ТӨГЦӨГҮҮДЭЭС СУРАХ ЮМ ИХ БИЙ ШҮҮ

        Үндэсний номын сан хөл хөдөлгөөн ихтэй байв. Ном барин холхих хүмүүсийн олонх нь залуус. Эндээс залуучууд ном уншиж буй нь анзаарагдана. Харин тэд орчуулгын болон үндэсний уран зохиолын чанар чансаатай номыг сонгон уншиж чадаж байна уу гэдэг нь асуудал. Тиймээс Г.Аким гуайгаас орчуулгын уран зохиолын чанар чансааг асуулаа. Тэрбээр нүдний шилээ долоовор хуруугаараа бага зэрэг дээшлүүлэн “Театрын зохиолч байсан Э.Оюун гуайтай гудманд таартал “Чи юу хийж байна вэ” гэхээр нь “Онгод орохгүй байна, хүлээж сууна” гэж хариулсан. Гэтэл “Хүүхээ, онгод орохыг хүлээгээд байвал насаараа юу ч хийхгүй дээ” гэсэн. Тэгэхээр аливаа зүйлийг хийж, бүтээж байгаа хүнд л онгод байдаг бол ордог байх. Нээрээ ч зүгээр сууж байгаа хүн юу хийж, бүтээх вэ дээ" хэмээн тэрбээр инээд алдан суулаа. Хүүхээ, манай монголчуудын хэлц үгийн мөн чанар нь хийж, бүтээ, бүү залхуур гэсэн агуулгатай. Өвгөн ах нь жишээлж хэлбэл, “Оролдлого сайт оройд нь, уйгагүй хүн уулыг нүхэлнэ” гэх мэт байдаг шүү. Тэгэхээр хөдөлмөр л хүнийг бүтээдэг.

Ганцхан орчуулга биш, үндэснийхээ хэлээр бичигдсэн зохиолууд ч ялгаагүй муу байна

      "Хүү минь чиний асуусан орчуулгын уран зохиол  үнэхээр маш муу байна. Залуучууд гадаад хэлийг сайн эзэмшиж, ярих нь бол ус, цас болжээ. Гэхдээ монгол хэлний яруу тансагийг мэдэхгүй байна” хэмээн санаа алдлаа. Энэ тал дээр эмзэглэж явдаг нь царайны хувирлаас нь мэдэгдэж байв. Тэрбээр хэсэг дуугүй сууснаа “Гадаад хэлнийхээ үгэнд баригдаад өгүүлбэр, бүтцээр орчуулчихаж байгаа юм. Тэгэхээр сайн ойлгогдохгүй байгаа юм л даа. Монгол хэлний тухай манай Б.Ринчен багш “Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь” гэж хэлсэн. Гэтэл одоо монгол хэлний хөгжим нь алга. Зургаан модон дугуй өнхрүүлбэл түг, яг дуугарна биз дээ. Тийм маягтай түг, яг хийсэн хатуу орчуулгууд л гараад байна. Манай залуучууд монгол хэлнийхээ яруу тансагийг сайн мэдэхгүй байгаа нь харамсалтай. Уг нь сувдыг нь түүж, шүрийг нь хэлхэж чаддаг байх ёстой. Үг, өгүүлбэрт орж байж утгаа олдог. Өгүүлбэр үг, холбоо болон хоршоо үгнээс бүтдэг. Тэгж байж л утга санаа гардаг биз дээ. Үүнээс гадна нэг өгүүлбэр ганцхан уншаад ойлгогдох ёстой. Гэтэл хоёроос гурав уншигдаж байж утга нь ойлгогдох орчуулгын зохиолууд их байна. Монгол хэлний найруулах ёс гэж байдаг. Тэр ёсыг залуучууд судлах л хэрэгтэй байна. Ганцхан орчуулга биш, үндэснийхээ хэлээр бичигдсэн зохиолууд ч ялгаагүй муу байна. Намайг ч одоо муу хөгшин төгцөг л гэх байх. Гэхдээ хөгшин төгцөгүүдээсээ сурах юм их бий шүү” гэдгийг онцлон хэлмээр байдаг юм.

ХАРЬ ГАРАГ

       Бид ийнхүү ярилцан суутал үүргэвчтэй нэгэн Г.Аким гуайтай уулзахаар ирснээ учирлалаа. Тэр бүсгүйн ярианаас хальт сонсоход чулуу судалдаг аж. Г.Аким гуай "Ярилцлагаа дуусгаад уулзъя" хэмээн учирлаж нааш эргээд ийнхүү ярилаа. “Хүмүүс хадны зургийг сүг зураг гээд байдаг. Энэ бол маш буруу ойлголт. Сүг гэдэг бол сэг, зэм гэдэгтэй л адил юм л даа. Манай өвөг дээдэс уран зургийн нэг хэлбэр, бичгийн дурсгал болгож үлдэхдээ сүг зурж байна гэж үлдээгүй л болов уу. Энэ ахынх нь дотроо боддог бодол. Аль ч улсын хэлэнд сүг зураг гэж байдаггүй” гэлээ. Энэ үед би түүнээс “Монголчууд тэгвэл яагаад таныг хэлэхээс өмнө сүг зураг гэдэг байсан бол” хэмээн асуулаа. Гэтэл “Манай өвөг дээдэс бурхан биш шүү дээ. Алдаж болно биз дээ. Харин алдааг нь засаад, залруулж чаддаг чадалтай байх л ёстой. Өмнөх үеийнхнийхээ алдааг хойш үе нь залруулдаг чадвартай л байх хэрэгтэй” хэмээн нэлээд ширүүн аястай хэллээ.

        Мөн тэрбээр "Байгаль, уул, усны надад өгсөн эрчим, эрчсийн хүчээр өдий зэрэгтэй насалж яваа болов уу гэж боддог” гэнэ. Цааш нь “Манай монголчууд байгальтайгаа хамгийн ойр байсан ард түмэн. Тийм ч учраас онгон дагшин уул, ус одоо ч гэсэн хадгалагдаж байгаа. Энэ байдлыг бид алдаж болохгүй. Шүтнэ гэдэг чинь байгалиа хайрлана гэсэн үг байхгүй юу. Тахилгатай уулууд сонин шүү дээ. Сансар огторгуйгаас ирж байгаа болон газраас шүүрч байгаа эрчим хүний солиболцол байдаг. Чингис хаан яагаад "Бурхан Халдун оройд гарч гурав хоног бясалгал хийгээд Алтан Улсыг ялах юм байна" гэж хэлэв гэхээр хүн, байгаль, сансар гурвын солиболцоос эрчим хүч авсан байхгүй юу. Нэг үгээр бол Хөх тэнгэр, уул, устайгаа харилцаж чадсан. Тиймээс аян дайнд цэргүүдээ дагуулсан мордсон болов уу” хэмээлээ.

Сувдыг нь түүж, шүрийг нь хэлхэж чаддаг байх ёстой

        Тэр хэсэг хугацаанд дуугүй сууснаа “Ах нь чамд сонин байж магад гэдэг үүднээс нэг зүйл ярьж өгье” гэв. Тэрбээр хоолойгоо засаад “Ямар учиртайг нь ах  мэдэхгүй юм. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт их сонин зураг байдаг. Өөр гарагийн хүмүүс, тэдний хөлөг онгоцны зураг байдаг. Яг дэргэд нь гурван уул зурчихсан байгаа. Тэр гурван уул ямар учиртайг нь мэдэхгүй юм. Мөн Өмнөговь аймгийн нутагт орших Жавхлант хайрханд ижил төстэй зураг бий. Харь гарагийн хөлөг онгоц, хүмүүс, тэдний эдлэл хэрэглэл, уул нь бол арай өөр гэхдээ гурван уултай. Үүнийг хараад ах нь манай монголчууд нэгт, уул, усаа шүтэж байсан. Хоёрт, тэнгэртэй холбогдож байсан гэсэн үзэл санааг үнэн гэж итгэж ирсэн” хэмээлээ.

         Энэ хүрээд бидний ярилцлага өндөрлөсөн юм. Биднийг номын сангийн шат уруудан алхахад тэрбээр гараа даллан үлдлээ. Харин хажуугаар чулуу судлаач бүсгүй зөрөн түүний зүг шатаар дээш өгсөж байлаа.

        Г. Аким гуай бид хоёр 60 минутын хугацаанд ярилцсан байлаа. Энэ хугацаанд би түүний оюун бодол, зүрх сэтгэлээс гарч буй үг, үгийн эрчим, хүчийг сонсоод Монгол Г.Г.Маркес гэж бодлоо. Түүнд Маркес шиг олон чанар байгаа шиг санагдаж бас мэдрэгдсэн. Тиймдээ ч тэрбээр үндэсний өв соёл, үүх түүхийг судлан уран бүтээлээрээ таниулан яваа эрхэм нэгэн билээ.


ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: МОНГОЛ Г.Г.МАРКЕС
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188