“Хязгааргүйн цаана...” энэ бол түүний хүнд өвчний улмаас үхэл, амьдралын заагтай тулаад, дахин амьдарсныхаа дараа хийсэн тоглолтын нэр. Хязгааргүй гэх үгээр төгсгөлгүй юм бүхнийг төлөөлүүлж болно. Тэгвэл төгсгөлгүй, хязгааргүй бүхний цаана орших ертөнцийг давтагдашгүй хөг аялгуугаараа эзлэхээр тэмүүлэх нэгэн бол төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч, продюсер, дуучин, хөгжимчин Б.Чинбат. Тэрбээр хоёр хоногийн өмнө Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн цолыг хүртсэн юм. Түүний дотор дундрашгүй их дуу, хөгжмийн гол урсаж, түүгээрээ тэр үзэгч, сонсогчдыг ундаалчихаад, хязгааргүйн цаад чанад руу хөтөлдөг нэгэн.
Тэрбээр Улаанбаатар хотод төрсөн бөгөөд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол хөгжимчин аав, ээж нь түүнийг анх хөгжмийн ертөнцтэй танилцуулж, тэднийг даган ажил дээр нь очдог байх үеэс дуу хөгжим түүний зүрх сэтгэлийг өөртөө татжээ.
Долоо настай Б.Чинбатын хөгжмийн авьяастайг эгч нь олж мэдэн, Хөгжим бүжгийн коллежийн сонгодог хөгжмийн ангид оруулснаар, тэр анхнаасаа сонирхон, дурласан хөгжмийн ертөнцдөө хөл тавьсан түүхтэй. Ардын урлагийг аав, ээжээсээ, сонгодог урлагийг сургуулиасаа, дэлхийн олон хөгжмийн урсгалыг өөрөө сонирхон судалсаар, мэргэжлийн хөгжимчин ,хөгжмийн зохиолч болох сууриа тавьжээ. Харин төрөлхийн хөгжмийн авьяастай нь төгөлдөр хуур дарж сурахад нь ихээхэн нөлөөлсөн байна. 1990 онд ид мандаж, одоо ч үзэгч, сонсогчдыг байлдан дагуулж буй "Никитон" хамтлагийн даралтад хөгжимчнөөр ажиллаж эхэлснээс хойш түүнийг хүмүүс "Никитон"-ы Чинбаа гэх болсон байна. Дараа нь Монголын рок попын урлагт шинээр төрөн гарсан охидын хамтлаг болох “Sweetymotion” хамтлагийн продюсерээр ажилласнаар, Эмоушны Чинбаа гэгдэх болсон. Ингэж л тэр тус хамтлагийн дуучдын продюсераар ажиллахын зэрэгцээ өөрийгөө улам хөгжүүлж, хөгжмийн сайн зохиолч, найруулга хийдэг болоход том түлхэц болжээ.
-ЗҮҮДЭЭР АЯЛАСАН ГУРВАН ЖИЛ ХАГАС-
Б.Чинбатын авьяасыг илүү хөглөж, ирлэж, дээд түвшний мэргэжлийн чадварлаг хөгжимчин болоход гол нөлөө үзүүлсэн цаг хугацаа бол АНУ-д амьдарсан он жилүүд нь. Учир нь, АНУ-д арван жил амьдрахдаа тэр дэлхийн ододтой нэгэн тайзнаа гарсан ховорхон хувь тавилантай нэгэн. Энэ тухай тэрбээр “Би өөрийнхөө хамгийн том мөрөөдлийг биелүүлсэн гэж боддог. АНУ-ын бүх том хотыг тойрч тоглохдоо “Металлика”,”U2”,”Алиша Кэйс”, “Арита Франклин”, “Стиви вондэр”, “Пийбо Брайсон” зэрэг дэлхийн ододтой нэг тайзнаа тоглоно гэдэг нэр төрийн хэрэг байсан. Учир нь, тэр тайз руу гарах гэж сая, сая хүн өрсөлддөг. Харин надад тэр боломж нь тохиосон. Мөн Soul хөгжмийн хатан хаан, дэлхийн бүх цаг үеийн шилдэг 100 эмэгтэй дуучдын тэргүүнд бичигддэг Арита Франклины төгөлдөр хуурч, хөгжмийн найруулагчаар 2007-2011 оны хооронд ажиллаж байлаа. Би энэ он жилүүдээ “Зүүдээр аяласан гурван жил хагас гэж нэрлэх дуртай” хэмээн өгүүлсэн байдаг.
Гурван жил гэдэг бол багагүй хугацаа. Үнэхээр тэр энэ хугацаанд өөрийн сонирхон дурлаж, сонгосон замаа илүү тэлж, олон сайхан хөгжим, аялгууг төрүүлэхэд боловсорч, өөрийгөө өмнөхөөсөө хэд дахин өсгөн хөгжүүлжээ. Үүний нэгэн баталгаа бол түүний найруулсан хөгжим АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх ёслол дээр эгшиглэж байжээ. Үүгээрээ тэр дэлхийд үнэлэгдсэн уран бүтээлч. АНУ-д хамтран ажиллаж байсан хөгжмийн зохиолч Жон Стийл түүний тухай "Тэр бол ямар ч төрлийн хөгжмийг нэг л сонсоод найруулан тавих маш нарийн мэдрэмжтэй. Зөвхөн өөрийн гэсэн тэр зүйлийг нэмж чаддаг авьяас цөөн хүнд заяадаг" хэмээсэн байдгийг Монголын хэвлэлүүд онцолсон байдаг.
Чинбаа бол гүн бодогч. Хар цагаан төгөлдөр хуурын товчлуур дээр тэр “Хэрэв намайг”, “Тал нутгийн аялгуу”, “Юуг ч би үгүйлнэ”, “Миний аяласан мянган хот”, “Бурхан эх орон”,”Хийморь тэтгэсэн Улаанбаатар, “Эргэн ёслохуй”, “Нарны бүжиг”, “Ирмүүн”, “Сургууль минь баяртай”, “Адуучин залуус”, “Бурхан эх орон”,” Тал нутгийн аялгуу”, “Миний аяласан мянган хот”, “Ертөнцийн залбирал”, “Миний монгол наадам”,“Аравт” киноны хөгжим зэрэг олон аялгуу зохиож, рок попын ертөнцөд чамгүй олон уран бүтээлийг төрүүлсэн. Тэр удаан бодож бүтээлээ төрүүлдэг. Тийм л бүтээл угаас хүний зүрх, тархи руу орж, мартагдахгүй, урт настай байдаг мэт. Нөгөө талаар зарим бүтээл тархинд гэнэт харвасан сум шиг орж ирэх нь ч бий. Уран бүтээлийн санаа хэрхэн төрдөг талаараа "Миний ихэнх аялгуу хүүхдийн хажууд байхад төрсөн байдаг. Мөн байгальд ч очиж, бүтээл хийх дуртай" хэмээсэн байдаг.
-ДОТОГШООГОО ӨМРӨГЧ-
Ш.Гүрбазар гуайн шүлгээр бүтсэн “Ижий минь дэргэд байвал жаргалтай” дууны хөгжмийн найруулгыг тэр уйлж хийсэн гэдэг. Магад сонсогч түүний уг бүтээлийг сонсоод мөн адил уйлж, уярсан байх. Харин “Хэрэв намайг”, “Юуг ч би үгүйлнэ” зэрэг аялгуу бол ертөнцийн тухай, хоосон чанарын тухай өгүүлсэн бүтээл. Харин амьдралынхаа багагүй хугацааг харийн оронд өнгөрүүлсэн түүний эх орноо санасан мэдрэмжээс “Бурхан эх орон”, “Тал нутгийн аялгуу”,”Миний аяласан мянган хот”,”Ертөнцийн залбирал” зэрэг аялгуу төрсөн байдаг.
Түүнчлэн өөрөө ч сонсохоос халгаж, жинхэнэ дотогшоогоо өмөрдөг аялгуу нь аавдаа зориулан бүтээсэн “Сэтгэлийн гуйлга” дуу гэсэн.
Бурхан хүртэл миний ааваас
Богино настай юм шиг санагддаг
Буянт аавдаа хүү нь дуу дуулъя
Тэнгэр, газар хоёр минь сонсож л байвал болоо
Тэгвэл би Б.Чинбат гэж орчлонд хүн болсны минь хэрэг бүтнэ...хэмээн дуулна.
“Дэгжин нүдэн”, “Танайд хоноё”, “Зүрхэн хоёр алга”, “Би чамд хайртай”, “Гийгүүлээч” зэрэг уран бүтээлийг дуулсныг нь сонсогчид андахгүй. Урт өргөн өмд, эрээн захтай цамцтай, гудамжинд гитар тоглон “Дэгжин нүдэн” гээд дуулах түүнийг хүмүүс андахгүй. Энэ дуу ч ерээд оны хит дууны нэг болж, тухайн үедээ л хөөрхөн нүдтэй эмэгтэйчүүдийн сүлд дуу болж чадсан. Зарим хүн бүр Дэгжин нүдэнгийн Чинбаа гэх нь ч байсан юм билээ. Цаашлаад “Зүрхэн хоёр алга” дууг зууны манлай дуучин Б.Сарантуяатай хамтран дуулсан хувилбар нь олон ч хүнд хүрсэн.
-ДАХИН ТӨРСӨН-
Түүний эхнэр "Sweetymotion" хамтлагийн дуучин Ц.Сарнайг мэдэхгүй хүн үгүй. Үхэл амьдралын зааг дээр ирсэн ханьдаа хүнд өвчнийх нь донор болж, нөхрөө, гурван охиныхоо аавыг, Монголын рок попын тод нэгэн өнгийг тэр дахин амьдруулсан, амилуулсан. Анх урлаг хэмээх их айлд хөл тавих гэж явахдаа тэр ханьтайгаа танилцаж, эхнэрийнхээ хамтлагийн продюсерээр нь ажиллаж, алс хол Америк Улсад ажиллаж, амьдран анхны хүүхдээ өлгийдөн авсан гэдэг. Түүнээс хойш түүний түших багана, нисэх жигүүр нь болсон хань нь баяртай, жаргалтай, гунигтай, зовлонтой бүх үед нь түшсээр өнөөдрийг хүрсэн. Тэр МУУГЗ цол тэмдэг хүртчихээд сэтгэгдлээ хуваалцахдаа “Миний хань намайг дахин амьдруулсан” хэмээн өгүүлж байсан юм.
ХЯЗГААРГҮЙН ЦААД РУУ ТЭМҮҮЛЭГЧ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |