Тэр домог мэт амьдрахыг хүсдэг. Түүнийг хэн бүхэн хүслээ биелүүлж яваа гэж хэлэх ч тэр өөрөө “Би дөнгөж эхэлж байна” хэмээн даруухан өгүүлдэг юм. Ингэхдээ тэр Дэлхийн шилдэг гэсэн дуурийн дуучны гарч болох тайзыг нэгийг ч үлдээлгүй, дуурийн өлгий Италийн театруудад “дүүлж” яваа мөртлөө шүү дээ. Үнэхээр тэр домог шиг амьдрахаар нэгэнтээ шийджээ. Домог шиг амьдрах гэсэн нэгэн л түүн шиг амьдрах биз. Тэр бол Энхбатын Амартүвшин. Дэлхийн шилдэг баритон дуучин, Монгол Улсын Ардын жүжигчин түүний овог, нэрийг ямар ч цол хэргэмгүйгээр бичсэн минь, түүнийг ямар ч гоёл чимэглэлгүйгээр уншигч таны өмнө дэлгэх гэсэнтэй минь холбоотой. Түүний домог болон үлдэхээр алхаж яваа ертөнц рүү уншигч таныг хөтөлье.
-Хонио хариулж, адуундаа явдаг байсан бага нас-
Тэрбээр одоогоос 39 жилийн өмнө наран ургах зүг Сүхбаатар аймагт мэндэлжээ. Тэгээд бүр малчны хотноос дэлхийн тавцанд гарсаны мөн нэгэн жишээ. Түүний анхны тайз нь элчилгүй уудам тал. Аймгийн төвд сургуульд сурдаг байсан ч тэр амралтаараа хонио хариулж, адуундаа явж, хээр хөдөө, уудам талд дуугаа дуулсаар өссөн байна. Авьяасыг хүн мянгантаа өвлөж төрлөө ч түүнийг өнгөлөх уйгагүй хөдөлмөр, ур ухаан байхгүй бол бүдгэрч сарних ухааныг тэр хэдийн олж, алдахгүй зүлгэсээр босго өндөр олон тайзан дээр гарч яваа нэгэн.
Товчхондоо тэр авьяасынхаа голыг олж, гохыг нь дарах тусам бусдад өндөр дэлхийн тайз түүнд намсаж, аль ч улсын театр, тайз түүний өмнө нээлттэй болсон.
-СУИС-ААС ИТАЛИ УЛСАД ДУУЛАХ ХҮРТЭЛ-
Соёл урлагийн их сургуульд орох урилга авсан нь түүнийг дэлхийн дуучны замд хөтөлснийг магад түүнээс өөр хүн үл санасан биз. Учир нь дуучин болох хүсэлтэй нэгэн өдрийн од шиг олон шүү дээ. Тэр түүнээс юугаар ялгарна гэж хэмээн хэн нэгэн бодоо биз. Гэвч тэр урилга авч, урлагийн сургуульд орсон мөчөөсөө дэлхийн тайзуудыг онилж, түүнд хүрэх замыг эрж хайж, өөрийгөө, өөр доторх авьяасаа ургуулсаар байж.
Түүнээс хойш түүний амжилт он, оноор ахисан.
Тэр 2011 онд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны дэд байр, 2012 онд Пласидо Домингогийн олон улсын дуурийн дуучдын уралдааны тэргүүн байр, 2013 онд Франциска Винасын нэрэмжит 50 дахь олон улсын уралдааны дэд байр, Орос Улсын хөгжмийн зохиолчдын бүтээлийн шилдэг дуучин, 2015 онд “BBC Cardiff singer of world” тэмцээний үзэгчдийн нэрэмжит шагнал, 2016 онд “Seoul international Music Competition-нд гуравдугаар байр зэрэг амжилтын эзэн болсоор дуурийн дуулаачдын өлгий гэгддэг Италийн Сан Карло театрын дуучин болсон.
Анх тэр хаана, аль улсад тоглолт болохыг өөрөө эрэл хайгуул хийж, өөртөө жагсаалт гаргаж, түүндээ бэлддэг байсан бол өдгөө түүний тоглолтын хувиар улирал дамнан бичигдэж, жил жилийнх нь төлөвлөгөө, яриа хэлэлцээр хуанли шиг гарсан байдгаас тэр ямархан уран бүтээлч, дэлхийн дуучин болох нь харагдана.
Ингэж явахдаа тэр амжилтдаа бахдаагүй биш, жаахан цадаж, ханаж явсан түүх ч байх. Энэ тухайгаа тэр “Анх П.И.Чайковскийн уралдаанаас мөнгөн медаль авчихаад “За одоо боллоо” гээд л насаараа сайхан амьдрах юм шиг ханачихсан. Гэтэл 2012 онд бүр үүнээс ч чансаатай уралдаанд түрүүлчихсэн. Хүн огт ханаж, зогсож болохгүйг л ойлгосон. Явах ёстой бол урагшлах л хэрэгтэй юм билээ. 2013 онд дахиад л амжилтаа ахиулж дуурийн дуучдын хамгийн том уралдаанд орох зорилтыг тавьсан. Улмаар өнгөрөгч зургаадугаар сард Кардиффын уралдаанд орж шилдэг таван дуучны нэгээр шалгарсан” гэж хэвлэлд ярьсан байна.
Тэгэхээр амжилт гаргахыг, ханаж ирээд буцаад өгсөхийг, уруудаж буугаад дээшээ авирахыг цөмийг нь тэр ойлгож, мэдэж авчээ.
Ингэхдээ түүний алдаагүй ганц жанжин шугам бол хөдөлмөр, чин зүрхнээсээ хайртай зүйлдээ эцсээ хүртэл үнэнч, хайртай байсан байдал. Тэр “Ухаан байж дуулна. Толгой ажиллахгүй бол ямар ч сайн хоолой байгаад дуулж чадахгүй. Ямар орчинд яаж дуулах ёстой вэ гээд алхам тутамдаа ухаан зарах хэрэгтэй. Түүнээс би чинь дуучин юм чинь дуулах л ёстой гээд дуулбал, хоолой цуцах, бие ядрах, шантрах зэрэг олон бэрхшээл тулгарна” гэж тэр өөрийгөө бэлдсэн, өнөөдөртөө хүргэсэн аргаасаа хуучилжээ. Үнэхээр түүний дотор ийм л ухаан, ийм л эрэлч зан араншин байгаа болохоор тэр өнөөдөр хэн дуртай аавын хүү гарч зогсомгүй тайзан дээр зогсож байгаа биз. Түүний тайз шантрамтгай, жаахан амжилтдаа ханах нэгэнд улам өндөрсөж, хүрэх замыг нь хаадаг мэт. Дэлхийн театрууд яахаар хөшгөө нээж, тайз руугаа хөтөлдгийн нууцыг тэр л мэднэ.
Үүгээрээ тэр жүжигчин, дүрээ тултал амилуулагч, дуурь гэх урлагийн их мастер юм. Бид түүнийг олон улсын тайзан дээр дууллаа гэхээс жүжиглэлээ гэж тэр бүр хэлдэггүй, тэгвэл тэр жүжиглэж, алдартай сонгодгуудын гүнд өөрийн биеэр орж, уйлж, дуулж, үхэж, дахин хэдэндээ амьдардаг.
-БИ ДӨНГӨЖ ЭХЭЛЖ БАЙНА
“Намайг дэлхийн тайзнаа дуулж байна гэхээр болчихсон, ханачихсан юм шиг ойлгодог байж магадгүй. Гэтэл би чинь одоо л дэлхийн дуучныхаа карьерыг эхлүүлж байна” гэж тэр цааш явах замаа ухаарчээ. Энэ бол дэлхийн дуучин, бидний бахархалт түүний үг. Хэн, ямар хүн, тэгээд бүр дэлхийн дуучин, дуулаагүй театр үгүй энэ эрхэм дөнгөж эхэлж байхад, бусад нь юу болох билээ гэх бодлыг төрүүлэм түүний амжилт гайхам. Тэр зарим хүний хувьд оргилдоо гарчихсан бол өөрийнхөө хувьд болоогүй, уулынхаа хормойд л эргэлдээд байна, оргилд нь гарах хаа байсан юм гээд инээж байна. Одоо тэр Италийн Карло сан хотод тоглолтын шахуу хуваарьтай, дуулсаар, өөрийгөө бүтээсээр л.
ДОМОГ ШИГ АМЬДРАЛЫГ БҮТЭЭГЧ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |