• Өнөөдөр 2024-04-24

СТА ЦОЛ НЬ БАГАДАЖ, АВЬЯАС НЬ ЦАЛГИСАН ДООЁО

2022-07-03,   5832

-ТЭР ОНОГДСОН ДҮРЭЭ ТУЛТАЛ БҮТЭЭДЭГ-     

      Монголын урлагийн ертөнцөд Шадавын Доржсүрэн гэж чимчигнэсэн айраг шиг уран бүтээлч бий. Яагаад түүнийг айрагтай зүйрлэж байна гэхээр хүний дотор чимхсэн, тунгалаг агаар сэнгэсэн дүрүүдийг тэр бүтээж, үзээд цангаа тайлам киног найруулдаг аа. Хошин урлагийн тайзнаас анх нутгийн ганц гацаа номероороо олны хайр хүндэтгэлийг хүлээж, түүнээс хойш тэр нэрээрээ овоглогдсон тэрбээр өдгөө бүр чансаатай уран бүтээлч болсон. Түүний урлагийн замын архивыг сөхвөл хорь гаруйхан настай залуухан Дооёо анх хошин урлаг, кино, театр гээд бүхий л төрөл жанрын хаалгаар инээмсэглэн орж ирж, тус бүрд нь өөрийн гэсэн дүрээ үлдээчихээд, өдгөө өөрөө кино хийх, найруулах ажилд үнэнчээр зүтгэж, өнөөдрийн Дооёогоо мэр сэр уран бүтээлд гаргасаар явнам.

   Тэр бол даруухан мөртлөө урлагийн далайд томоор сэлүүрдэгч. Тэгэхдээ туслах дүрийг тулгаж, цааш замгүй болтол нь гаргадаг. Тэр авсан дүрээ дахин өөр хэн нэгэн гаргахгүй болтол нь бүтээгч. Үүнийг бид түүний хошин шогийн дүрүүдээс гадна "Сэргээш 1,2", "Дурласны маргааш", "Амьдрах тасалбар", "Жексон амьд", "Нэг хоёрын гурав аа", "Нэг өдрийн дайсан" зэрэг уран бүтээлээс харж болно. Түүний эл дүрүүд хэдийгээр цөм өөр боловч ерөнхий өнгө аяс, дүрээ илэрхийлж байгаа байдал нь эцэстээ Дооёо өөрөө байгаа юм. "Ааваасаа шударга занг нь өвлөж, ээжээсээ алиа хошин занг нь авсан холимог хүндээ би" гэж ярьж суух тэр энэ л холимог дүрээрээ Монголын урлагт давхиж яваа. Өөрийгөө үзүүлж, өөрөө дүр байна гэдэг сонин. Тэгэхээр түүнийг үгээр илэрхийлж, өгүүлбэрээр буулгана гэвэл түүний тоглосон дүрүүдийг өгүүлэхэд болох юм. Тэр хэзээ ч дүрээсээ холдохгүй.

Товчхондоо, Ш.Доржсүрэн бол Соёлын тэргүүний ажилтан гэх цол нь багадаж, авьяас нь цалгисан нэгэн.

-НУТГИЙН ГАНЦ ГАЦАА БА Ш.ДОРЖСҮРЭН-

        Арван жилдээ тааруухан сурдаг тэр найзыгаа даган драмын дугуйланд очсон гэдэг. Тэгээд найз нь шалгуулчих гэж ятгаснаар тус дугуйланд шалгуулж, тэнцсэнээр урлаг гэх их айл руу алхаж орсон түүхтэй. Тэгээд Соёл Урлагийн Их Сургуулийн жүжигчний ангид Аглуу буюу жүжигчин Л.Баттулгатай нэг ангид орж, хоёул нэлээд чих халууцуулдаг сахилгагүй оюутнууд байжээ. Багш нарын хурлаар байнга орж, хөөгдөхдөө хэдэнтээ тулж, аав ээжийгээ дуудуулж, нэлээд хөдөлгөөнтэй оюутны жилүүдийг өнгөрүүлжээ. Харин сургуулиа төгсөөд Х-ТҮЦ продакшнд жүжигчнээр орсноор уран бүтээлийн зам нээгдэж, энэ үеэс тэр өөрийн орон зайгаа бүтээж, сэргэлэн, алиа хошин зангаараа хошин урлагийн тайзнаас үзэгчдэд хүрч эхэлсэн. Тэр дундаа гацаа хүүгийн дүрийг сайн гаргаж, түүгээрээ бүр хоч авсан. Өдгөө ч хүмүүс түүнийг нэрээр дуудахаас илүү нутгийн ганц гацаа гэх нь бий. Энэ хүүгийн дүр бол эрх танхи гэнэн итгэмтгий тэр өөрөө. Тэгээд дараа нь "Сэргээш 1" зохиомжийн ноёны зарц, "Сэргээш-2" зохиомжийн Сүхбаатар жанжин. Ингэж түүний уран бүтээл ар араасаа хөвөрч нэг л мэдэхэд тэр үзэгчдийн хайртай уран бүтээлч болсон юм. 

Нутгийн ганц гацаа бол эрх танхи, гэнэн итгэмтгий тэр өөрөө

-ТЭР ТЕАТРЫН ТАЙЗАН ДЭЭР Ч БАЙВ-

            Тэр хошин урлагийн тайзан дээрээс театрын тайз руу шилжив. Улсын драмын эрдмийн театрт байхдаа Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр", Уильям Шекспирийн "Ромео Жульетта", "Чимээгүй шөнө" зэрэг жүжигт тоглосон. Үүгээрээ тэр дандаа инээдэг биш гунидаг, эмгэнэдэг, ухаардаг, боддог уран бүтээлч гэдгээ ч мөн харуулсан. Уран бүтээлч ямар ч дүрд хувирдаг байх хэрэгтэй гэдэг ч Дооёо бол хошин урлагийн жүжигчнээрээ илүүтэй хүмүүст ойр дотно. Түүнийг хошин шогийн тайзан дээрээс харахад танилтайгаа уулзсан шиг,  инээсэн шиг инээдэг үзэгчид. Тайзан дээрх Дооёогийн жигтэй инээсэн, нүдний шил зүүсэн, нүд нь бүлтгэнэсэн төрх хэн бүхний санаанд хамгийн түрүүнд бууна. Ингэж л үзэгчид түүнийг тайзнаас үгүйлдэг.  Ерөөс уран бүтээлч бүр заяадаггүй бүх төрөлд хувирах авьяастай нэгэн. Түүнийгээ өөрөө ч тултал гаргаж, хаана юу хийж болохоор байна тэнд хүрч, өөрийгөө хөглөж, өөрийн доторх мөн чанараараа оршдог уран бүтээлч. Тэгвэл тэр саяхан театрын тайзнаа  "Гэм зэм" жүжгийн Лужин "Тамгагүй төр" жүжгийн Ачирын дүрээр эргэн ирсэн. Түүнийг гэрэлтэй цонхоор үзэж өссөн орчин цагийн хүүхдүүд театрын тайзнаас өөр нэг өнгөөр харсан байх. 

-ЖЕКСОН АМЬД КИНО БА ДООЁО-

   Түүний жинхэнэ өөрийгөө тэр чигт нь оруулаад тоглуулчихсан кино бол "Жексон амьд" уран бүтээл. Дугуй хар малгай өмсчихөөд ийш ийш бүлтгэнэн гүйх тэр энэ дүрдээ өөрийгөө илүү гаргасан мэт. Түүний зан ааш, царай төрх, гүндүүгүй зан цөм энэ киноны дүрд багтсан. Үүнийг үзэгчид ч батлан хэлдэг. Тэр Монголын урлагт ямархан уран бүтээлч, хэрхэн оногдсон дүрийнхээ гүнд ордог уран бүтээлч гэдэг нь энэ дүрээс илт харагдах бөгөөд Дооёо гэдэг чинь Монголын уран бүтээлийн ертөнцөд ийм өнгө төрхтэй нэгэн гэдгээ энэ л уран бүтээлээрээ дэлгэн үзүүлсэн. Ерөөс дээр дурдсанчлан түүний дүрүүд бол тэр өөрөө. Өөрийгөө өөр өөрөөр хувиргах гэж урах бүтээлд тоглодог ч эцэстээ Дооёо байсаар дуусдаг. Магад хожим түүнийг хүмүүс энэ дүрээр нь илүүтэй дурсаж, яг л ийм жүжигчин байсан гэж ярихад "Жексон амьд" кино том гэрч болон үлдэх болов уу.

    Мөн энэ кинон дээр түүний уйлж суудаг хэсэг бий. Түүнээс Дооёо гэж ямар уран бүтээлч, ямархан орон зай, оюун бодол, зүрх сэтгэлтэй уран бүтээлч вэ гэдгийг уйлж суух түүний эл дүрээс харж болмоор. Тэр ихэвчлэн туслах дүрд тоглосон байдаг. Тэгэхдээ туслах дүр киноны гол дүр мэт хэрхэн тухайн уран бүтээлийг амилуулж, авсан дүрээ хэрхэн олны анхааралд хандуулахын том үлгэр. Түүний сайн аав, сайн хань, сайн найзын дүрүүд цөм үлгэр жишээ, үнэн байдаг. Тухайлбал,  одоогоос хоер жилийн өмнө гарсан "Насан туршдаа" киноны хүүгээ гадаад руу сургуульд явуулахын тулд эхнэртэй болсон гэж багштай нь сэм хуйвалдаж байгаа аавын дүр бол үзэгчдийн сэтгэлд их үлдсэн. Нөгөө нэг гарамгай, бүр архичин хүн яг л ийм байдаг гэдгийг утгаар нь үзүүлсэн дүр бол "Яллагч" киноны архичин аавын дүр. Ингэж л тэр найруулагчаас авсан дүрээ тулгаж,  цааш гарах гарцгүй болгодог уран бүтээлч. Үүгээрээ тэр туслах дүрийн мастер. Халгиж цалгисан авьястай, уран бүтээлчийн хувьд авсан шагнал нь багадсан нэгэн.

-"DOZ" ЭНТЕРТАЙНМЭНТИЙН КИНО ҮЙЛДВЭРЛЭЛ-

     Өөрөө тоглож, дүр авч тэр урлагийн ертөнцөд гол тоглогч байсан бол одоо тэр кино үйлдвэрлэгч болсон. Тэгэхдээ зүгээр ч нэг кино найруулагч биш. Гадаадын уран бүтээлчидтэй хамтарч, хилийн дээс алхаж уран бүтээл хийсэн. Тэдгээр нь "Хөх толбот хүмүүс", "Кино шиг амьдрал", "Дүүлэн нис" зэрэг бүтээлийг үзэгчдэд хүргэсэн бөгөөд нэлээд жинтэй бодож, урт хугацааны хөдөлмөр гаргаж хийснээрээ чансаатай сайн уран бүтээлүүд хэмээн үнэлэгдэж байгаа. Дооёог урлагийн ертөнцөд, уран бүтээлийн далайд ганцаараа сэлүүрдэгч биш. Түүний эхнэр жүжигчин А.Мөнгөнзул бол түүний уран бүтээл болон амьдралын сайн хамтрагч, өмөг түшиг. Анх оюутан байх үедээ танилцсанаас хойш хамтран уран бүтээл хийж эхэлсэн. Түүний эхнэр Дооёогийн тухай "Миний нөхөр ухаантай сайн найруулагч. Энэ хүний эхнэр, тэгээд жүжигчин мэргэжил сонгосондоо, ер нь энэ их хувь заяаг атгаж төрсөндөө их баяртай байдаг. Миний ханийн бусдаас ялгарах зүйл үргэлж урагшаа тэмүүлэгч" гэж ярьсан байдаг. Ийм л нэгэн уран бүтээлч урлагт төрж, дүрээ авч, кино найруулан нэгэн насны амьдралаа урлагт зориулж явна. Тэр туслах дүрийг гарамгай гаргадаг шигээ хэт их онцгойроогүй, нөгөө талаар бүр ч доошилж, бүдгэрээгүй дүн нуруутай уран бүтээлч. Тэр энэ амьдралд ч туслах дүр шигээ оршдог.

Тэр туслах дүрийг гарамгай гаргадаг шигээ хэт их онцгойроогүй, нөгөө талаар бүр ч доошилж, бүдгэрээгүй дүн нуруутай уран бүтээлч. Тэр энэ амьдралд ч туслах дүр шигээ оршдог.

--ДООЁО БА АЧИР-

        Сүүлийн жилүүдэд урлаг соёлын уран бүтээлч, үйлдвэрлэгч салбар салбараараа л төрийн дээд одон медаль хүртэж байна. Тэгвэл одоо хүртэл гавьяатын сураггүй мөртлөө гаргасан дүр, тоглосон уран бүтээлээрээ хэдийнэ Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртэх болсон нэгэн бол яах аргагүй Дооёо. Дэндүү халгиж, цалгисан авьяастай, урлагийн тогоонд ч чамгүй удаан чанагдсан түүний гавьяаг үнэлэх цаг нь болсон. Гэвч шагналын сураг одоо ч алга. Ерөөс Дооёогийн хошин урлаг, тайз, дэлгэцэд бүтээсэн дүрүүд хэн бүхэнд дотно, хэний ч сэтгэлд үлддэг. Үзэгчид Ш.Доржсүрэн гэх чимчигнэсэн айраг шиг авьяастанг тайзан дээр гарч ирэв үү, үгүй юү үзэгчид инээж, "Аргагүй Дооёо мөн дөө" хэмээн толгой дохиж суудаг. Дэлгэцэнд ч мөн түүний тоглосон дүрүүдийг үзэгчид эрж, хайж, хүлээж үздэг. Тэр алиа хошин, эсвэл ядарсан эр, баян бизнесмэн, хүүгээ гэсэн ганц бие аав болж хувирахаас гадна шаггүй найруулагч байж, олон ч сайхан уран бүтээлийг найруулж, оюун бодлоороо нэрж, үзэгчдэдээ барьж буй содон уран бүтээлч. Түүний тоглосон дэлгэцийн нэгэн хүнлэг, мөнхүү инээдтэй, гэхдээ амттай дүр бол "Бэрүүд" киноны бэрд нь сайн болдог бүтэлгүй нэгэн. Тэр дүр бидний өдийгөөс төдий хүртэл харж ирсэн, мэдэрсэн, үзсэн Дооёогийн нэг хэсэг эрхгүй мөн байсан. Түүнчлэн найруулагч Б.Баатарын найруулсан "Тамгагүй төр" жүжгийг тэр үнэхээр "чимжээ". Түүнээс өөр хэн Ачирыг тийм зэвүүцэм хийгээд тэнэглэлээр дүүрэн бүтээнэ гэж. Ийм нэгэн цол нь багадаж, авьяас нь цалгисан уран бүтээлч Монголын урлагт авьяасаа түгээсээр л явна. Гол нь түүний авьяас, хөдөлмөрийг бодитой үнэлэх л дутуу байна.

           Өчүүхэн сэтгүүлч намайг ийн бичсэнд эрхэм жүжигчин мэдээж дургүй л байх болов уу. Гэхдээ үзэгчийн нүдээр тэр аль хэзээний гавьяат болсон уран бүтээлч тэр мөн бөгөөд "Тамгагүй төр" жүжгийн Ачирын дүрээр Дооёог цоо шинээр бидэнд нээж харуулж, сонин содон Ачир байлаа. Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа 1998 онд Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Ч.Найдандоржийн найруулгаар тавигдаж байсан тус жүжиг дараа нь 2015 онд нэг тавигдаж байсан. Тэгвэл энэ жил найруулагч Б.Баатарын найруулгаар "Тамгагүй төр" жүжиг тавигдаж Дооёо 24 жилийн дараа дахин Ачирын дүрээрээ үзэгчидтэйгээ уулзав. Хүний том хүүгийн, тэр дундаа "Тамгагүй төр" жүжгийн  "Арчуг" хааны том хүү Ачирын эвгүй, балмад, зэвүү хүрэм, эгдүүцэм дүрийг тэр л гаргаж чаджээ. Тэгэхдээ 24 жилийн өмнөхөөс илүү туршлага, ур чадвар, дүрээ чинээнд тулгасан дүрийг тэр харууллаа. Эцгийгээ хөнөөгөөд эхтэйгээ суудаг харгис, хэрцгий, хар дарам, хүний санаанд байж боломгүй зэвүүнээс зэдүүн, жихүүцэм жүжгийн дүрийг Дооёо тайзна амилуулж, өөрийгөө ч хэр уран бүтээлч болж , боловсорсныг харуулсан эрхгүй алга ташиж, баяр хүргэмээр, уран бүтээлчийнх нь хувь хүндлэм байлаа. Баярлалаа хүндэт Ачир минь, жүжигчин Ш.Доржсүрэн танд. Тан шиг Ачирыг угт нь тулгаж, үзүүрт нь тулгасан уран бүтээлч байсангүй. Ачирыг чинээнд тултал гаргаж, тэр л өнөө цагийн "Тамгагүй төр" жүжгийн Ачирын дүр байж. 

- ЦОЛ НЬ БАГАДАЖ АВЬЯАС НЬ ЦАЛГИСАН УРАН БҮТЭЭЛЧ-

  Өмнө нь Б.Цогнэмэхийн бүтээл "Тэнгэрийн хүү" жүжгийн сонин содон дүрээр тэсрэлт хийж байсныг үүэгчид санаж байгах болов уу. Тэр ийм л авьяас нь цагийн цагт цалгиж, өөрийгөө өөрөөр нээж, илрүүлж, үзэгчдэд бэлэг барьсаар буй уран бүтээлч. Дооёо өөрийгөө дахиад өөр юунд, ямар уран бүтээлд бэлдэж, цойлж, цоорч, тэсэлж гарч ирэхийг мэдэхгүй ч дахиад өөр нэгэн Дооёо, Монголын урлагт Ш.Доржсүрэн гэж ямархан уран бүтээлч байдгийг харуулсан, үзүүрт нь тулгасан уран бүтээлээр удахгүй гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна. Туслах дүрийг ч тултал бүтээж, авсан дүрдээ цойлж, цоройж амьдардгийг тэр харуулсаар байгаа. Түүнээс өмнө энэ бичвэрээрээ дайх нэг үг бол тэр урлагт өдгөө бүтээсэн дүр, тоглосон уран бүтээлээрээ ямархан авьяас нь цалгисан нэгэн болохоо ханатал харууллаа. Уран бүтээлч даруу байж болох ч түүний хөдөлмөр, авьяас билгийг үнэлэх учиртай. Үнэлэх цаг ч болсон. Одоо түүнд даруухан авсан СТА цол нь үнэхээр багадаж, авьяас нь улам л цалгиж байна.

 

 


СТА ЦОЛ НЬ БАГАДАЖ, АВЬЯАС НЬ ЦАЛГИСАН ДООЁО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 15
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-04 00:15:16
    Иргэн : Идэхгүйгээс хойш тэр цолоор яах юм бэ?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-01 22:10:24
    Orange TV: Биш танай найруулагч Батболдын оронд болье гэсэн гэжугаа. Хог .
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-01 22:09:10
    Camerton: Харь хуний юмыг хулгайлчихаад миний гэж хэлдэг юм билээ. Хуний клипийг шууд хуулаж суудаг хогийн амьтан.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-01 22:05:29
    Цол хасагч: Мангуу хун дээ. Хавиргаа хазаж хавьтсанаа муулаж Суудаг хогшин. Урдаас чинь солир царайлж ирээд араас чинь хутга зоох хун
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-01 22:02:33
    Шадав: Олиггуй ойворгон онцгуй орхидос
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-27 22:52:27
    Х: Гацаа сайн жүжигчин шүү. Удахгүй авах ёстой юмаа ханатал авна байх өө. Цаг нь ирэхээр төр засгаас шагнана даа шагнана. Өөрөө тийм юм тоодоггүй хүн байх өө. Ил гардагүй шдэ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-27 16:27:52
    Далайсайхан: Дооёодоо амжилт хүсье. Уул нь шагнал энэ тэр гэх завгүй л яваа байх л даа. Хүнийг хийснээр нь үнэлэнэ гэдэг маш чухал гэж боддог хүний л дээ. Тиймээс бурмаар тэжээхээр урмаар тэжээ гэдэг сайхан үгийн ид шидийг Дооёо хүртээсэй гэж ерөөл дэвшүүлмээр байна. Таньдаа амжилт хүсье. Дооёог дэмжигч бүхний хүсэл биелэх өдөр ойрхон байгаа гэдэгт итгэл дүүрэн тэр баярт мөчийг тэсэн ядан хүлээж байна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-27 12:08:02
    Үнэнг хэлэгч: Одоо нөгөө хэдэн олон суисын оюутанууд нь баахан сэвээд шаах бхдаа худлаа ингэж цол авдагаа боль үзсэн ацны чинь багадах
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-27 03:19:51
    Нэргүй: Дооео угаасаа ард түмний хувьд гавъяат
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-27 00:59:13
    А: Миний хувьд бол СТА нь л гоё, тэр өөр цолоор яахийн бэ, тэртээ тэргүй л Дооёо, дотортой сайхан жүжигчин, олон хүн хайрлаж хүндэлдэг байх
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-26 23:01:29
    Зочин: Үлгэрийн гэмээр алдар байвч үхэхдээ аваад явчихгүй. Авдар авдраар алт байвч авсандаа аваад орохгүй. Энэ хэдэн алиалагч юу бүтээсэн , ямар гавъяа бгуулсан гэж төрийн өндөр шагнал авдаг юм бол. Одоо бүр нэгнээ магтаж дөвийлгөж бгаад гавъяат аваад өгчихдөг болж...
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-26 21:45:05
    Малчин: Цол,шагналаар яах юм бэ, олон түмэнд үнэлэгдэж, тэр хэмжээгээр нэр хүнд, орлоготой байвал болоо биш үү, ямар сонин юм бэ,цол нь багадаа ч гэх шиг
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-26 20:42:56
    Шаравжамц Баасантогтох: Үнэхээр мундаг жүжигчин яагаад шагнал тойроод байдаг юм. Бүтээсэн дүр болгон сэтгэлд үлдсэн бна шүү . Урлагын замд нь улам их амжилт хүсий. Тэртээ тэргүй өөрийг нь Монголчууд мэднэ шүү дээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-26 10:22:05
    иргэн: ТЭР ЦОЛООР ЯАХ ЮМ БЭ? ИДЭХ ЮМ УУ? САЙН ЖҮЖИГЧИН, АЖЛАА САЙН ХИЙГЭЭД, ТЭР ХЭМЖЭЭГЭЭРЭЭ МӨНГӨ ОЛООД САЙН САЙХАН ЯВБАЛ БОЛОО ЮМ БИШ ҮҮ? ЦОЛ АВАХААР АВДАГ ЦАЛИН ПҮНЛҮҮ НЬ ӨӨР БОЛДОГ ЮМ УУ?
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-28 15:44:17
    ооо: ёстой сайн жүжигчин дээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188