• Өнөөдөр 2024-04-24

ГЭРЭЛ АСААГЧ

2021-12-17,   554

    Шаливхан биетэй, хөрслөг бор царайтай, мөрөө давсан намирсан хар үстэй, дулаахан инээмсэглэсэн нэгэн эмэгтэйтэй би анх уулзаж билээ. Түүнтэй анх уулзахад, "Суварган цэнхэр уулс киноны сурвалжлагч эмэгтэйтэй ямар адилхан юм бэ. Тэгээд бүр мэргэжил нь хүртэл ижил юм" гэсэн бодол төрж байсан. Нуруу нь жаахан дутахаас царай төрхийн хувьд тэр яг л Солонго. Ингэж л түүнтэй анх танилцсан юм. 

    Түүнээс хойш харин тэр Солонгоос өөр нэгэн санагдсан юм.  Өөр гэдэг нь тэр бол дэндүү үнэнч найзын найз, усчин хүү Тулгаагийн балчир биендээ баймгүй хэрсүү яриаг чих тавин сонсогч. Мөн уулзсан нэгнээ, тэр дундаа ээж шигээ буурайг мартдаггүй нэгэн. Эдгээрээс түүний нинжин сэтгэл, хайр, баяр, гуниг мэдрэгддэг юм. 

   Тэр дундаа дэндүү хайртай найз нь цэл залуугаараа хорвоогоос буцсан түүх хэчнээн харамсмаар. Тэр нийтлэлийг хүмүүс уйлж уншсан бол тэр бүр шаналж, зовж, санаж, харамсаж, зарим үед өөрийгөө буруутгаж бичсэн байх. Энэ л түүнийг ямар хүн  бэ гэдгийг бүрнээ илэрхийлж өгсөн шиг санагддаг. Түүний мөн нэг уйтай нийтлэл бол монголын цэлгэр тал, цэлмэг тэнгэрийг үзэхээр ирээд, эндэхийн газар шороонд үүрд үлдсэн харийн орны хүүгийн нутагласан газар өөрийн биеэр очиж, сурвалжлан, нүдэнд харагдтал дүрсэлсэн. Тэгээд "Бид болон Монголын тал нутаг чамд хайртай" гэж "Хайран хүү" гэж харамсаж, халаглаж суухаас өөр хийж чадах зүйлгүй шаналсан хүмүүсийн өмнөөс тэр тухайн газарт нь очиж сурвалжилаад, биччихсэн.

  Мөн тэр сурвалжилгын өмнөтгөлдөө тэр "Энэ үйл явдлыг сайн мэдэх хүнээс сонсож, ярилцсан хэрнээ очихгүй л бол бичиж чадахгүй юм шиг санагдаад 317 километрт ирээд түр зогслоо" гэснээс түүнийг ямархан зүрх сэтгэлтэй сэтгүүлч гэдгийг харж болмоор. Магад хэн нэг хэнэггүй, сэтгэл дутуу сэтгүүлч байсан бол хүнээс дуулснаа буруу зөрүүг нь ч ялгахгүй буулгах байсан байх. Гэвч тэр өөрөө асуудлын гүнд орж, үйл явдлын мөрөөр сэтгэл зүрх, оюун бодолтойгоо хамт алхаж, эд эсээрээ мэдэрдгийн нэг жишээ энэ. Ерөөс түүний бичих сэдэв, ярилцах зочин, сурвалжилах сэдэв хил хязгаар, арьс, өнгө, зан чанараар ялгагдахгүй. Хөндөж, шүүмжилж, буруу булхайг илчлэх юу байна  гэдгийг тэр бусдаас түрүүлж мэдэж, шүүрдсээр өнөөдрийг хүрчээ.

 

-ТОМ БАГШИЙН ТОМ ШАВЬ-

    Тэр ХХ-ХХl зууны Монголын орчин үеийн уран зохиолын туурвил зүйн сэтгэлгээний шинэчлэгч. Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Дармын Батбаяр агсны шавь. Энэ бол түүний хувьд том бахархал, хувь тавилан байх. Багшийнхаа тухай тэр ярих дуртай, тэр дундаа багшийнхаа урланг санадаг аа ч нуудаггүй юм билээ. Мэдээж өнөөдрийн түүнийг бүтээхэд том хувь нэмэр оруулсан хүн нь багш нь учир түүнийг дурсахгүй, санахгүй байх нь аргагүй мэт.

   Түүний ажигч гярхай, аливаад хичээнгүй, нухацтай, ул суурьтай юманд ханддаг, оюунлаг чанар нь их багшаасаа үлгэрлэж, суралцсан зүйл нь гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн түүний томоос том бахархлын нэг бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Түдэв гуай түүний бүтээлийг өөрийн эрхлэн явуулдаг сониндоо нийтэлж, түүнийг онцолсон явдал юм.  Ингэж тэр том зохиолч, эрдэмтдээс үгийг нь сонсож, тэдний зааж сургасан, урам зориг нэмсэн бүхнээр цэнэглэгдсэн.

-ҮЗГЭЭРЭЭ БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ-

   "Улс дамнасан гэмт хэрэг буюу дэрвэгэр жиргэрүүгийн эмгэнэл", "Цаазын тавцанд дахин очсон дэрвэгэр жиргэрүү" " Мухартын гол мөдхөн ширгэх нь ээ, Уртнасан сайд аа", "Эх оронч голуудаа хамгаалья" зэрэг байгалийн сэдэвт, сурвалжилга, нийтлэл бичдэг тэр. Тэгэхдээ байгалийн уул, ус, ургамал, амьтан гээд байгальд байх бүхэнг тэр сэтгэл зүрхээрээ мэдэрч бичдэг. Ингэж л аливаа зүйлийг сэтгэл зүрхтэйгээ ойртуулж, имэрч, энэрч, цаг мөнхөд үзгээрээ үнэний төлөө, шударга нийгмийн төлөө буруу зөрүү бүхэнтэй сөрж алхсаар, өнөөдрийн нийгэмд, сэтгүүлзүйн салбарт тэр хэдийн өөрийн гэрлийг асаажээ. Цаашид ч тэрбээр Монголын сэтгүүлзүй, зөв мэдээлэл авах хүн бүхэнд үнэн зөв мэдээллийн гэрлийг улам тод асааж өгөх байх.

 

 

 

 

 

 

 


ГЭРЭЛ АСААГЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188