• Өнөөдөр 2024-03-29

ДОРНЫН ИХ ЯРУУ НАЙРАГЧ Ц.БАВУУДОРЖ

2021-12-15,   1982

           Тэр дорно. Бүтээлийнх нь амт, үнэр, агаар ч дорнын өнгө аястай. Өөрөө ч  "Дорно зүгт би өвс болж төрнө" хэмээн итгэлтэй хэлж чадсан. Өвс бүхэн түүний шүлэгт амь орж, амьдарч, амьсгалж, хэзээ ч хатаж, хорчийхгүйгээр мөнх оршдог. Төрийн соёрхолт, яруу найрагч Цогдоржийн Бавуудорж ийм л байгаль, юмсыг гоц мэдрэгч. Цогтой бөгөөд гүн бодлогоширол, ахуйн анир гүмийг мэдэрсэн гэмээр ерээд оны яруу найргийн бүгээн анир. "Салхин зүгээс цэцгийн цагаан цомирлог дэлгэнэ..." гэж шүлэг шиг мөрөөр номоо нэрлэж, сар шиг шүлгүүдээ тэрлэн Монголын яруу найргийн торхонд үлдээсэн дорнын их найрагч. 

-ОДОО Ч ХЭВЭЭР ЯРУУ НАЙРАГЧ-

         Анх аав минь "Цогдоржийн Бавуудорж гэж гайхамшигтай найрагч бий. Их сайхан шүлэгтэй" гэж түүнийг надад ярьсан юм. Тэгэхэд Ц.Бавуудорж гэхээр надад хөгшин хүн гэсэн сэтгэгдэл бууж байсан бол хожим телевизээс үзэхэд мөр хүртлээ үсээ ургуулсан, дөлгөөн бор царайтай залуухан хүмүүн байв. Одоо ч хэвээр. Өдгөө өөрчлөгдсөн зүйл гэвэл нас л нэмсэн байх. Бусдаар бол анх харсан найрагч тэр л янзаараа тун саяхан төрийн дээд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээд зогсож харагдсан.

    Арван жилд түүний "Монголын их амар амгалан" шүлгийг цээжилж байлаа. "Мордож буй улаан дээлтэй өвгөн, Монголын их амар амгалан" гэж эхэлдэг тэр шүлгийн өвгөн нь Ц.Бавуудорж найрагч өөрөө мэт л санагдана гээч. Ахуйн анир, амар амгаланг тэр ийнхүү соргороор мэдэрч, дотроо бясалгаж, эцэст нь бүтээл болгон гаргадгийн нэг жишээ эл шүлгээр бүрнээ илэрдэг. "Эрдэнийн сормуусаа униарт дүрж адуу унтах, Монголын их амар амгалан" гэж мэдрэх нь хэд бол. Амар амгалант хөдөө талын өнгө хоршлыг ингэж буулган, сонсох нь ч хэчнээн билээ гэхээр тоотой хэд л торолзож байдаг юм. Бавуу найрагчийн мөртүүд л тунаж ялгарна. Барианд хол тасархай түрүүрээд ирж байгаа хүлгийг хэн ч зогсоож чаддагүйн адил түүний өвс, ургамал, тал, хөндий, таван хошуу малын ахуй анирыг мэдэрсэн шүлгэн хүлгүүд  гарцаагүй магнайд нь давхидаг. 

Мөн тэрбээр,

-Баруун мөрөн дээр минь

Амар амгалангийн суу билиг

-Зүүн мөрөн дээр минь

Ариун дурлалын 

Буурал хөгжимч завилсан

-Амирлангуйн нууцат дорно билээ, би...хэмээн өөрийгөө дорнын, тэр дундаа дотоод чанадын найрагч гэдгээ дахиад л өгүүлсэн. Мөнхийн бахархал, маргашгүй бүхний тухай дахин өгүүлэхэд, дандаа ярихад гэмгүй л дээ. ДОРНО. энэ үг, үүнд багтах орон зай, оршихуй өөрөө Бавуу найрагч. Ер түүний дотор дорнын гэсэн бүхэн буй биеэрээ заларч, дотор хүнтэйгээ ярилцаж шүлэг найргаа туурвидаг гэхэд нэг их хол зөрөхгүй болов уу. Харин зан чанарын хувьд үг дуу цөөтэй даруу нэгэн. Энэ талаар тэрбээр "Зохиолчид их чимээгүй улс шүү дээ. Юугаа ч яриад байх юм. Тэртээ, тэргүй энэ орчлон чинь орилоон хашгираанаар дүүрэн шүү дээ" хэмээн хэвлэлд ярьж байв. Үнэхээр их чимээ шуугиан дунд хүн яаж өөрийгөө сонсож, ахуй орчинг мэдрэх билээ. Харин чимээ аниргүй бүхний гүнд л тайлагдашгүй их нууц оршдог гэдгийг тэр хэдийнэ мэдэж, тийш зорьж явдаг байна.


-УРАН БҮТЭЭЛИЙН ГАРААГАА ЭХЭЛСЭН ҮЕ-

             Тэрбээр 1990 оноос уран бүтээлийн гараагаа эхэлж, "Бүгээн анир", "Гүмүда" нэрт шүлгийн ном гарган яруу найргийн ертөнцөд хөл тавьжээ.  Хорь гаруй настай залуус нутаг нутгаас чуулж, Монголын яруу найрагт том алхаж, содон эргэлт хийсэн.Түүний нэг бол Ц.Бавуудорж. Завхан нутгаас гаралтай түүний шүлэгт бусдаас ялгарах шинж нь өвс, уул, ус, байгалийн мэдрэмж. Мөн бясалгал, шашин илүү зонхилдог. Энэ хоёрыг тэр бүтээлдээ нягт байршуулж, мөн чанарыг нь шингээснээр өнөөдрийн Ц.Бавуудорж, түүний шүлгүүд гарч ирсэн. Тэгээд тэр "Монголын их амар амгалан", "Дорно зүгт өвс болно", "Дотоод сансар" зэрэг ном хэвлүүлж, зөөлөн дулаан дорно зүгийн, хутаг хувилгаадын Завхан нутгийг өндөр өргөж, өгүүлэн бичиж яваа.

           Үүгээрээ тэр хувилгаан найрагч. Түүний шүлэгт өвс яруусаж, уулс гэрэлтэж, морьтой хүн явж, өрнө, дорно хоёр мөрөн дээр нь завилж, дөрвөн улирал болж, эр хүн ятгатай дуулна. Товчхондоо ахуй орчны юмсыг мэдэрч, гүн гүнзгий утга агуулгыг гаргаж ирснээрээ, чухамхүү биднийг тойроод амгалан зүйлс их байна гэдгийг бусдад мэдрүүлэхийн төлөө тэр бичиж, түүнийг нь төр соёрхсон. Нар, сар, огторгуй, цагаан гэгээ, манант үдэш гээд хүн болоод юмсын гэрэлтэй, гэгээтэй бүхэн түүний шүлэгт оршино. Үүгээрээ, мөн "Монголын их амар амгалан", "Дорно" бүлэг шүлэг, "Агай" найраглал, "Хүннү" тууль, "Хүрэл чоно" зэрэг бүтээлээрээ монголчуудын оюун санаа, сэтгэлгээний гүн гүнзгий байдлыг гаргаж, дорнын ард түмэн ийм агуу уянгалаг, яруу сэтгэхүйтэй гэдгийг харуулж чадсанаара Төрийн соёрхолт болжээ. Тэрбээр энэ тухай "Энэ тодорхойлолт надад их ахадсан санагдсан. Өргөө гэртээ бөхийж ордог шиг, тийм том зарлигийн дор мэхийж л зогссон" гэж ярьжээ. Тэр ийм л даруу мөртлөө хийсэн бүтээснээрээ том нэгэн.  Ахиад манай Дорно зүгт ийм найрагч төрөх болов уу. Тэр өөрийнхөө дотоод гэрэлтэй ерөнцийг өөр нэгэнд үлдээж, тэр түүнийг давтан үргэлжлүүлээсэй. Тэгвэл дорно зүгийн найрагчдын жим бүдгэрэхгүй.

Түүний шүлэгт өвс яруусаж, уулс гэрэлтэж, морьтой хүн явж, өрнө, дорно хоёр мөрөн дээр нь завилж, дөрвөн улирал болж, эр хүн ятгатай дуулна. 

    Хамгийн сүүлд  шинэхэн Соёлын гавьяат зүтгэлтэн болсон түүнтэй Завхан нутгийн алдартнуудыг шалгаруулах үйл ажиллагаанд таарч ийн яриа өрнүүлсэн юм.

-30 ГАРУЙ ЖИЛИЙНХЭЭ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛҮҮЛЖ СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛ ХҮРТЛЭЭ-

 -Юуны өмнө танд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэнд баяр хүргэе. Одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

         -Баярлалаа. Сүүлд "Уянгын шүлгүүд" нэртэй ном гаргасан. Одоо ихэвчлэн хүүрнэл зохиолын төрлөөр бичиж байна. Мөн жүжиг, киноны зохиолын дээр сууж байна. 

  -Хүүрнэл зохиол бичиж байгаа энэ үед та шүлэг бичих, хүүрнэл зохиол туурвих хоёрын ялгааг илүүтэй мэдэрч байгаа болов уу?

       -Мэдээж өөр. Үргэлжилсэн үг гэдэг утга зохиолын бүр том төрөлдөө ороод явна шүү дээ. Илүү ч их зүйл унших, мэдрэх хэрэгтэй болно. Тиймээс хичээж, суралцаж л явна.

  -Энэ жил яруу найрагч О.Цэнд-Аюуш Болор цомын эзэн боллоо. Болор цом наадмын өнгө төрхийг хэрхэн харж байна вэ?

         -Завхан нутаг эртнээсээ яруу найргийн гал голомт болсон газар. Тухайлбал, Бэгзийн Явуухулан болон түүнээс өмнө олон алдартай яруу найрагч, зохиолчид байсан. Завхан аймгаас хоёр ч яруу найрагч Болор цом хүртсэн. Энэ жил гурав дахь Болор цомын эзэн тодорлоо. О.Цэнд-Аюуш  Монгол түмний хайрыг татсан сайхан яруу найрагч. Завхан нутгийнхаа яруу найрагчдын нэрийг өргөж Болор цомын эзэн болсонд баярлаж байгаа. Ер нь бол Болор цомын эзэн гэж тодорч байгаа боловч сайн бичиж, сэтгэдэг яруу найрагч олон. Яруу найрагчид үе үеэрээ төрдөг. Манай ерээд оныхон бол Монголын уран зохиолд том хувь нэмрийг оруулсан төдийгүй бүгд сайн уран бүтээлч болж, салбараа манлайлж байна. Тухайлбал, Ц.Хулан, Б.Ичинхорлоо гээд цөм л Болор цомын эзэн болж, өөр өөрсдийн өнгө аясаар бүтээлээ туурвисан. Цаашлаад  А.Эрдэнэ-Очир, Б.Галсансүх, Г.Аюурзана, Л.Өлзийтөгс гээд хэнд ч ам бардам хэлэх сайхан зохиолчид бий. Бид өнөөдөр ямар ч байсан 30 жилийнхээ оюун бодол, хөдөлмөрийг  шалгуулчихаад, цаашид улам олон зүйл хийхээр тэмүүлцгээж байна.

-Цар тахалтай хоёр жилийн хугацаанд зохиолч, найрагчидтайгаа уулзалгүй удсан байх?

          -Естой уулзалдахгүй байсаар сая Болор цом наадам дээр нэгэнтэйгээ уулзаж, сэтгэл ханалаа. Азаар бид их азтай улс юм. Энэ хугацаанд нэгэн ч гээгдэлгүй мэнд сайхан байж, их наадам дээрээ уулзаж, шинээр бичсэн шүлэг зохиолоо дуудлаа. Нөгөө талаар сүүлийн хоёр жил хүн өөр рүүгээ чимээлж, уран бүтээлээ гаргах, өөртэйгээ тулж харилцсан өдөр хоногууд өнгөрлөө. Тэгээд энэ жил Монголын уран зохиолын ертөнцөд 30 гаруй жил алхсан хөдөлмөрөө үнэлүүлж, Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсандаа баярлаж сууна.

Яруу найрагчид үе үеэрээ төрдөг. Манай ерээд оныхон бол Монголын уран зохиолд том хувь нэмрийг оруулсан төдийгүй бүгд сайн уран бүтээлч болж, салбараа манлайлж байна.


ДОРНЫН ИХ ЯРУУ НАЙРАГЧ Ц.БАВУУДОРЖ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188