• Өнөөдөр 2024-04-20

Хүн байхын урлаг

2020-10-07,   3434


Эрин цагийг, маргаашийг, өнөөдрийг  бүтээлцэж буй уран бүтээлч, урлаг, соёлын зүтгэлтнүүдийг та бүхэнтэй уулзуулах, тэдний зорилго, мөрөөдөл, үйлсийг  танилцуулах “Бүтээгчийн хөрөг” буланд тавтай морилно уу. 


“Бүтээгчийн хөрөг” булангийн анхны дугаарт  Хятадын зургийн Гүнби аргаар уран бүтээлээ туурвиж буй залуу зураач Цэгмидийн Соёлмааг та бүхэнтэй уулзуулж байна. Ц.Соёлмаа нь Дүрслэх Урлагийн дээд сургуулийн монгол зургийн ангид  2005-2006 онд суралцаж байсан бөгөөд БНХАУ-ын  Урлагийн төв академид хятад үндэсний зургаар бакалавр, магистрын зэрэг хамгаалсан. 


Эхлэлийн оронд 


...Яагаад энэ сонголтыг хийсэн бэ гэж асуух шаардлагагүй үе бий. Гэлээ ч ямар нэгэн учиг олохын тулд, зүгээр л яриа эхлүүлэхийн тулд энэ асуултыг тавьж таардаг. Би ч ялгаагүй. Улаанбаатарын хүйтэн өдрүүдэд анх танилцаж, дурсамж бүтээлцсэн ч түүнээс ингэж асууж байсангүй. Яагаад зураач болохоор шийдсэн тухайгаа тэрбээр хуваалцсан. 


Зураач болох сонголтыг өөрөө зорьж ухамсартайгаар хийсэн гэж хэлж чадахгүй.  Миний аав зураач болохоор багаасаа л зураг зурж байгаа хүнийг харж өссөн. Манай гэр бүлийн амьдрал тэр чигээрээ зурагтай холбоотой. Манай гэрийн хүүхдүүд багадаа бүгд л зураг зурах дуртай байлаа. Харин бусдаасаа илүү дуртай, чиглүүлж болохоор байсан нь би байх. Хүүхдүүд аливааг  бодитоор хараахан таньж амжаагүй болохоор ч тэр үү, хийсвэр  төсөөлөл нь их хүчтэй байдаг. Би ч багадаа өөрийн төсөөллөө бодитой зүйл гэж итгэдэг байсан учраас зураач л болно гэж  боддог байсан. Аавыгаа дуурайгаад, гэрээр дүүрэн зургийн ном хараад л... 
Өсвөр насандаа дизайн, компьютерт дуртай байсан ч элсэлтийн шалгалт  өгөхөд аав зураач бол гэж зөвлөсөн  дөө. Тэгээд л ДУДС-ийн уран зургийн ангид шалгалт өгсөн. Хэдийгээр уран зургийн ангид тэнцсэн ч аав минь эмэгтэй хүүхдэд  нарийн ажиллагаатай зураг илүү тохирно гэж зөвлөснөөр  монгол зургийн ангид орсон юм. Тухайн үедээ бурхны зургаас юу ч ойлгоогүй, гэхдээ яваандаа танка зураг хуулбарлахдаа их сонирхож, шимтэх болсон. Танка зургийн зураас, бэлгэдэл, өгүүлэмж  гээд бүх зүйл нь их сонирхолтой, үлгэр шиг л байсан. Ингээд бодоход чухам яагаад зураач болсноо би яг таг тодорхойлж мэдэхгүй ч багын хүсэл, мөрөөдөл минь, магадгүй явах ёстой зам минь байсан байх. Ухамсартайгаар сонгоогүй ч намайг энд хөтөлж ирсэн тэр хүчин зүйлд их талархдаг. Одоо ч өөрийгөө зураач болчихсон гэж хэлж чадахгүй, насан туршдаа зураач болохын төлөө шамдах ёстой л гэж боддог. Гэхдээ хэрэв одоо өөрийнхөө юу хүсч байгааг зах зухаас нь танин мэдсэн энэ сэтгэлзүйгээрээ, зураачаас өөр мэргэжил сонгох байсан бол сэтгэлзүйч юм уу, хөгжимчин (морин хийлч) болох байсан байх.


Шилжилт 


Ц.Соёлмаа Дундговь аймагт төрж, Улаанбаатар хотод өссөн. Харь улсын нийслэлд анх хөл тавьж, өмнө огт таньж судалж байгаагүй соёл, түүхтэй танилцсан нь түүний хувьд цоо шинэ зүйл, шилжилт байв. 


Монголд нэгдүгээр дамжаагаа төгсөөд Хятадад сурах боломж гарч байлаа. Аав маань тэр үед “Хятад үндэсний уран зургаар суралцах нь зүйтэй, хятад зураг маш хэцүү техниктэй учир чи хамгийн хэцүүг нь л сур!” гэсэн юм. Мэдээж, амар байгаагүй. Хоёрдугаар дамжаанд суралцаж байхдаа бичсэн эсээнээсээ их ичиж байсан.  Өөрийгөө илэрхийлэх тал дээрээ маш муу, юмыг чин сэтгэлээсээ хийдэггүй, залхуу байдлаасаа болж хятад хэлний чадвар муутайгаа нүүр тулсан үед өөрийгөө анх удаа бодитоор харж, үнэхээр голж байлаа. Гэвч үүнийгээ олж харсны ачаар л  анх удаа чин сэтгэлээсээ өөрийгөө дайчилж, нэг жилийн дараа багшийнхаа шилдэг шавь нарын тоонд багтаж байсан. 
Хятад зургийн техникээс эхлээд соёл нь хүртэл тэс өөр, танил бус. Хятад үндэсний уран зурагт хүн зураг, уул ус, цэцэг шувуу, уран бичлэг гэдэг  дөрвөн чиглэл байдаг. Би цэцэг шувууны ангид сурч төгссөн. Хятад зураачид анх сурсан тэр чиглэлээ л барьж  явна. Манай академийн хятад зургийн тэнхимд чиглэл бүр өнгө, судалбар, хуулбар бүгд ордог. Бакалавр бол тэр чигтээ хуулбар хийсээр байгаад төгсөнө. Сүн, Тан, Мин, Чин гүрний зургийн хуулбар хийж, бүх цаг үеийн онцлогтой техникүүдийг жишиж суралцдаг. Би дөнгөж хятад  үндэсний уран зургийг зах зухаас нь ойлгож  эхэлж байтал бакалавраа төгсөх цаг болчихсон. Тэгээд л магистрт шалгалт өгөөд тэнцэж, цааш үргэлжлүүлэн суралцсан юм. 


Чиглэл 


Хятад зураг, тэр тусмаа хятад зургийн уламжлал, соёл бидний хувьд төдий л танил бус. Хятад уран зураг чухам юугаараа онцлог талаар Ц.Соёлмаа ингэж ярьсан. 


Хятад үндэсний уламжлалт уран зураг нь будаг, бийр, цаас, торго, даавуу зэрэг материал,  тухайн газар орны уур амьсгал, газар зүйн байрлал, байгаль, цаг уур хийгээд үндэстний соёл, шашин, гүн ухаантай  уялдан хөгжсөөр ирсэн. 
Хятад үндэсний уран зурагт Гүнби, Шие-И гэсэн үндсэн хоёр том техник бий. Шие-И нь боловсруулаагүй будааны цаасан дээр, харандаа ашиглалгүйгээр гэрэл сүүдэр, өнгө зохицол, дүрсийн формыг нэг дор, шууд бичдэг техник юм. Бийрээ арчих урлаг ч гэж хэлж болно. Шие-И аргаар зурахын тулд дүрсийн формыг маш сайн судалж, гартаа оруулсан байх хэрэгтэй байдаг. Энэ техникээр зурахын тулд Гүнби арга барилаа сайн эзэмшсэн байх хэрэгтэй, өөрөөр хэлбэл зураас маш дээд түвшинд байх ёстой гэдэг. 
Харин Гүнби зургийн онцлог нь торго болон будааны боловсруулсан цаасан дээр, нарийн бийрээр нямбайлан зураасласны дараа өнгө тавьдаг. Шингэнээр олон дахин өнгө тавих техник илүү нарийн, тэвчээр шаардсан ажил. Зураас татах бийр, өнгө тавих, фон тавих бийр болгон өөр өөр. Зураг бэлэн болсон ч мэргэжлийн хүмүүс тусгай арга техникээр бүтээлийг нааж, жаазална. Өөрөөр хэлбэл хятад үндэсний уран зургийг зурж дуусаад л бэлэн болдоггүй, мэргэжлийн хүмүүс нааж байж бүтээл бүрэн дууссанд тооцдог. 
Гүнби бол мэдээж залуу насны техник. Хүн хөгшрөх тусам гар хөл чичирч, хараа мууддаг тул гарт дадсан зурааслалыг Шие-И-гээр илэрхийлэхэд харьцангуй хялбар болдог. Шие-И арга барилтай бүтээлийг харахад их л хурдан, амархан зурчихсан мэт харагдах ч нэг дор, нэг хугацаанд  олон зүйлийг зэрэг бодож, нэг үйлдлээр тэрхүү бүх зүйлээ зурахад чиглэгддэг. Тиймээс энэ техник, уран бүтээлчээс маш их хөдөлмөр, тэвчээр бас санаандгүй үр дүн тэргүүтэй олон зохирлыг шаардана. Хэдэн арваас эхлээд хэдэн зуу, мянган удаагийн давталтын үр дүнд ганцхан бүтээл төрөх нь энгийн үзэгдэл.   

Илэрхийлэл 


... Цэцгээр, үгүй бол шувуугаар гуниг, эсвэл баярыг  хэрхэн илэрхийлэх вэ гэдэг гэнэн асуултын минь  хариуд зураач ийн ярьсан юм. 


Би эхэн үедээ Гүнби зургийг сүрхий нарийн ёгт илэрхийлэмжгүй, харахад л таашаалтай юм болов уу гэж бодож байсан ч, гүнзгий бэлгэдэлтэй, гүн ухааны шүлэг шиг гэдгийг яваандаа ойлгосон. Хятад үндэсний уран зургийн хамгийн гол түлхүүр нь бэлгэдэл бөгөөд гүн ухааны ёгтлол юм. Жишээ нь хэн нэгэнд азарган тахиа дүрсэлсэн зураг, баримал бэлэглэж байвал албан тушаал ахих болтугай гэсэн ерөөл, харин эм тахиаг дэгдээхийтэй зурвал үр удам өсөхийг бэлгэддэг. 
Би магистрт сурч байхдаа уламжлалт хятад үндэсний зурагт шувууд ямар утга учиртай, тоо болон дүрсний бэлгэдэл гэх мэт утга санаа, ёгтлолын утга учир  буйг олж хараад, шувуугаар гуниг зовлон, жаргал, гоо үзэсгэлэн, цаг хугацаа гээд хүний  бүхий л мэдрэмжийг төсөөлүүлэн, илэрхийлэх боломжтойг ойлгож байлаа.  Тиймээс цэцэг, шувуу зурахын тулд цэцэг, шувуу судлаач болно. Би ч гэсэн өөрт тохиолдож байгаа бүхий л асуудал, үйл явдлыг сониучирхан хүлээж авдаг, сонирхолтой сэдвүүдийг амьтан ургамлаар хэрхэн илэрхийлэх вэ гэж  байнга бодно. Ургамал, шувууд зөвхөн нүдэнд харагдаж байгаа шигээ биднээс тусдаа зүйл биш гэдгийг, тэднээр дамжуулж өөрийн сэтгэл хөдлөл, зөн совин, ёс заншил, бэлгэдлийг илэрхийлэх арвин боломж бий.

Ойлголт 


Бүтээлийг  чамин, гоё цэцэг, эсвэл гоё өнгө  гэж харах үзэгч ч, замбагын дэлбээний учрыг үл андах үзэгч ч угтаа уран бүтээлчийн хувьд ялгаагүй, адилхан үзэгч. Гэхдээ өөр соёл, өөр уламжлалтай хүмүүс өмнөх гэнэн асуултад дурдсан шиг цэцгээр илэрхийлж буй гунигийг олж хартлаа хэр удах бол? 


Лянхуа цэцгийг хараад ойлгох, хүлээж авах  хүн хүний хувьд өөр. Уран бүтээлчид бүтээлээ ил, далд сэтгэлдээ хүмүүст, үзэгчдэд л хандаж  хийдэг. Монголд хятад үндэсний уран зураг ойлгох хөрс нь байхгүй нь үнэн. Мэдээж тэс өөр соёл, уламжлал учраас ойлгуулахад хэцүү ч байж болох. Энэ цаг хугацаанд үзэгчдэд заавал хятад хүмүүсийн ойлгож хүлээж авдаг шиг ойлгуулах шаардлагагүй байж мэднэ. Яг одоо бол зорьсондоо хүрч, дорвитой, жинхэнэ уран бүтээл хийх нь уран бүтээлчийн хувьд илүү чухал. Уран бүтээлчийн хувьд бүтээлээ үзэгчдэд үзүүлж, урлаг судлаач, уран бүтээлчдээс “чанартай” шүүмж сонсохыг их хүсдэг. Гэтэл  шүүмжлэхийн тулд мэдлэг, туршлага, судалгаа хэрэгтэй шүү дээ. Тиймээс хүссэн,  хүсээгүй хятад үндэсний уран зургийг таниулах алхмыг энэ цаг үед, би эхлүүлэх хэрэгтэй ч байж магадгүй.


Хүндлэл 


Хүндлэх гэдэг ойлголт Хятадын соёлд асар чухал байр суурь эзэлдэг. Урлагийн бүх л төрөлд, тэр дундаа үндэсний уран зурагт ч энэ ойлголт бий. Хүндлэлийн тухай, цаашлаад хүн байхын тухай бидний яриа аяндаа  багшийнх нь  тухай болж өрнөсөн. 


Багшийг минь  Яо Шунь Ши гэдэг.  Хятадын Урлагийн төв академийн Хятад зургийн тэнхимийн Гүнби, шувуу цэцэг зургийн багш, профессор. Тэр хүн миний хувьд  оюун ухааны эцэг.  Сайн уран бүтээл туурвихын тулд,  хамгийн түрүүнд “ хүн байх” ёстой гэсэн Жуанзын үгийг багш минь их эшлэнэ. Зүгээр хүн байх, Жуанзын хэлсэн  “хүн байх”  гэдэг хоёр өөр ойлголт. 

Өндөр боловсролтой байгаад, сайн техник эзэмшээд, чадвараа гарамгай хөгжүүлсэн байлаа ч бүтээл гэдэг хүний сэтгэл, мэдрэхүйн тусгал учраас сайхан бүтээл хийхийн тулд уран бүтээлч өөрөө, юун түрүүнд сайхан “ХҮН” байх ёстой гэсэн утга. Хэчнээн сайн зураад, ямар өнгө ашиглаад ч хүн атгаг бол бүтээл нь тийм  зүйл л гарна гэж багш их хэлдэг.

Багшийн амьдралд хандаж байгаа хандлага нь маш үнэнч, бүх зүйлийг сэтгэлээсээ, маш сайн гүйцэтгэлтэй хийдэг. Хичээл заахдаа олон цагаар лекц уншихын оронд зүгээр л зурж үзүүлдэг байсан. Мөн “Юу ч зурсан бай эхэлсэн л бол дуусга!  Дуусгачихаад хаях, эсэхээ шийд” гэж хэлдэг байсан нь асуудлаас зугтахгүй нүүр тулж, зөв шийдвэр гаргахад сургаж байсан гэж боддог. 
Уран бүтээлч байна гэдэг ерөөс өөрийнхөө дотоод руу өнгийн харах, гүндээ нэвтрэх, өөрийгөө таньж ойлгох, өөрийгөө хүлээж авахаас эхэлдэг байх. Зөвхөн хятад зураг ч гэлтгүй бүх л урлагт, уран бүтээлч бас судлаач байх хэрэгтэй. Анзаараад байхад, урлаг бүтээгчээ хүмүүжүүлэх явц, сайхан зүйлийн төлөөх эрэл хайгуул юм шиг.  Үүнийг багш минь бидэнд  маш гүн суулгасан. 

Зарчим 


Хэтэрхий “томоор” нэрлэчихсэн л болохоос энэ хэсэгт бид зүгээр юу хийхийг хүсдэг, хэрхэн амьдарч, амьдрал, харилцааны олон нөхцөлд ямар чиг барьдаг тухай л өрнөсөн билээ. 


Амьдралдаа баримталдаг зарчим, бүтээлд баримтладаг зарчим хоёр минь хол зөрүүгүй. Аливааг  чин сэтгэлээсээ, үнэнчээр, гүйцэтгэл сайтай хийхийг чармайдаг. Мэдээж, амьдралд тохиолдох сөрөг зүйлсэд толгой гудайлгүй, оногдсон заяандаа талархаж, асуудлыг аль болох олон өнцгөөс харж сурах, түүндээ тохирсон бодит шийдвэрүүдийг гаргахыг хичээдэг. Гол нь зөв сэтгэлтэй, хүн чанараа алдалгүй ноён нуруугаа цэх барьж явах нь өөрөө өөртөө өгсөн хамгийн том даалгавар. Бас  бусдын үзэл бодлыг хүндэтгэж, аль болох хүнд төвөг учруулахгүй явахыг зорьдог. Бусдаас хүсэж буй зүйлсээ, эхлээд өөрөө бусдад өгөх нь чухал, өөрөө  өгч чадахгүй зүйлсээ өрөөлөөс нэхэх нь утгагүй, шударга бус гэж бодогддог.   
Ер нь аливаа зүйлд хүндэтгэлтэй хандана гэдэг нь бүхнийг чин сэтгэлээсээ хийх, хэнд ч үнэнээсээ, шударга хандах гэж би боддог. Гутлаа өмсөх, цай аягалах,  хүнтэй мэндлээд зөрөх нь ч хуурмаг баггүй  чин үнэн байвал  бусдад төдийгүй өөртөө хүндэтгэлтэй хандаж байгаагийн илрэл байх.


Харьцуулалт 


...Таван жилийн өмнө өөрийнхөө хийснийг хараад голох мэдрэмж төрнө. Заримдаа “Дажгүй ч юм уу” гэж бодох нь бий. Өөрийнхөө бүтээлийг өнгөрсөнтэй, эсвэл өрөөлийнхтэй харьцуулдаг уу гэж түүнээс асуусан юм. 


Одоогоор тийм олон зураг зураагүй ч баклавр, магистрын төгсөлтийн ажилдаа их хайртай. Бакалаврын ажлаа 23 настайдаа зурсан учраас тэр үеийн хүүхдэрхүү, тод, гэрэлтэй, сэтгэл хөдлөлтэй шинж  бүтээлд минь үлдсэн. Харин магистрын ажилд илүү бодолд автсан, нарийн техниктэй, зөвхөн өөрийгөө илэрхийлэх гэхээс илүүтэй ажиллагаа, ур чадвар болоод өөрийн хийж чадахгүй болов уу гэж эмээдэг байсан техник, өнгөний зохицлыг ашиглаж, өөрийгөө сорьсон байдал илүү тусгагдсан санагддаг. Хоёр бүтээлээ зэрэгцүүлж тавиад харахад гурван жилийн доторх өөрчлөлт,  төлөвшлөө тольдож суух нь цаг хугацаагаар аялж буй мэт л сэтгэгдэл төрүүлдэг. 
Бусад уран бүтээлчийн бүтээлтэй ч зургаа харьцуулна аа. Хаанахын, хэдий насны, ямар уран бүтээлчтэй, аль үеийн бүтээлүүдтэй гэдгээрээ  харьцуулах цэгүүд нь өөр өөр байна л даа. Түүхэн хятад уран зургийн бүтээлүүдийг өөрийн бүтээлтэй  харьцуулахаас илүү, арга барил, тухайн үеийн нөхцөл байдлыг нь судлан, тэр үеийн хүмүүсийн гүн ухаан, түүнийгээ хэрхэн илэрхийлж байсныг нь харж суралцахад харьцуулалт их нэмэр болно. Орчин цагийн хятад уран бүтээлчидтэй харьцуулахдаа өөрсдийн уламжлалаа алдуулалгүй, улам баяжуулан хойч үедээ үлдээж буй, цаг үеэ даган сэтгэлгээ нь  хэрхэн хувьсаж байгааг нь ажиглаж, санаагаа монгол арга ухаанаар хэрхэн илэрхийлбэл зохилтойг их боддог. Гаднын уран бүтээлчдийн арга барил, өнгөний зохирол, ур дүй, гүйцэтгэл, ёгт санаа, бэлгэдэл зэргийг нь их ажигладаг боловч миний соёл, үндэс өөр учир сэтгэлгээгээ хэт гүн харьцуулдаггүй.  
 


Хүн байхын урлаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188