• Өнөөдөр 2024-04-20

СҮНС УРЛААЧ

2021-12-03,   801

Жижигхэн саарал хотод

Жирийн цас бударнам...Түүний нэг нэргүй шүлэг ингэж эхэлдэг. Тэгвэл яг энэ мөртүүд шиг нэгэн өвөл гадаа ирчихсэн байна. Цаг хугацааны бүдэгхэн зурвас шиг ийм нэг өвлөөр би бичвэрийнхээ эхлэлийн хоёр мөрийг бичсэн яруу найрагчийг уншигч тантай уулзуулахыг зорилоо. Түүний мэдрэмж, авьяас цаанаа нэг сүнслэг бөгөөд өөрөө ч түүнийгээ гадарлаж номоо "Сүнс урлал" хэмээн нэрлэсэн гэмээр. Жирийн зүйлийг жигтэй болгон харж, энгийн зүйлээс ч гоо сайхныг мэдэрдгээрээ тэр өөр юм. Энэ бол залуу яруу найрагч Эрдэнэбаатарын Бүжинлхам. Хэдийгээр тэр алс хол АНУ-ын Киркланд хотод магистраар сурч, амьдарч байгаа ч энэ хугацаанд бүтээл, туурвилаараа бидэнтэй ойр байсаар ирсэн. Угаас уран бүтээлч хүний нэгэн онцлог нь орон зайн хувьд хэчнээн хол байсан ч бүтээл нь ямагт хажууд байж, зүрх сэтгэлд оршдог. Яг одоо миний хажууд л гэхэд түүний "Сүнс урлал" ном байна. Өчигдөрхөн номын тавиур дээр минь байсан тэр өнөөдөр ширээн дээр, орой гэхэд цүнх рүү орно. Ахуй орчин, үйл хөдлөлөөс минь хамааран түүний ном  ийн зөөгдөх, байраа солих ч сөхөхөд гарт ойр байж, сэтгэлээр унах, хэн нэгнийг санах, үгүй ядаж юу ч хиймээргүй өдөрт минь "хань" болохоор л "мэндэлсэн" мэт санагдана. Тиймээс л түүнийг "төрүүлсэн" ээж нь буюу зохиолчийнх нь тухай бичиж суугаа минь энэ. Ээжтэйгээ адилгүй, түүний өвдөлт, шаналал, зориг, тэвчээрээс ургаагүй хүүхэд гэж байдаггүй шиг найрагчийн шаналал, зовнил, ганцаардал, цөхрөл, гомдол, баяр, жаргалаас төрөөгүй шүлэг гэж үгүй. Хэрэв эдгээр мэдрэмж агуулагдаагүй байсан бол уншигчийн тархи, зүрхэнд ер бусын мэдрэмж төрүүлж, нэгэн уншигч намайг ийн өвтгөж, өр зүрхийг минь эмтрүүлэхгүй байсан биз ээ. Энэ юунд байна гэдгийг л эрэн хайхыг хүслээ.

-ӨӨРӨӨР СЭТГЭГЧ-

                 Юмс түүнд анхнаасаа өөр санагддаг байж. Тэгээд л тэр өөрт төрсөн мэдрэмжээ яруу найргийн хэлээр буулгаснаар нэг мэдэхэд шүлэг бичдэг болжээ. Гэхдээ бусдын адил сэтгэж биш, өөрөөр харж, олж, уншиж, боддог байсан нь түүнийг өөр найрагч гэдгийг илтгэнэ. Дуу хуурын өлгий гэгддэг Дундговь аймагт төрсөн гэхээс өөрөөр түүх бүдэг түүнээс төрсөн талаар нь асуухад "Надад  тийм сонирхолтой намтар гэх зүйл байхгүй. Энд миний гэхээс илүү шүлгийг минь онцолбол илүү зүгээр" гэж эрс хэлсэн нь түүнээс цааш өөрийнх нь талаар юу ч асуухгүйгээр зөвхөн бүтээл туурвилаас нь түүнийг мэдрэхээр шийдэхэд хүргэсэн юм. Нэг ёсондоо надад уран бүтээлээс минь өөрөөр сонирхуулах зүйл үгүй гэх шиг. Угаас хүн, тэр тусмаа яруу найрагчийн шүлэг гэдэг тухайн хүнийг бүрэн илэрхийлдэг болохоор Э.Бүжинлхам гэж увдистай, утгатай энэ найрагчийг бүтээлээс нь гадарлаж болох мэт. 

     Тэр  "Намрыг мартагсад", "Сүнс урлал", "Шинэ үнэр" хамтарсан шүлгийн түүвэр гаргасан. Дундговь аймгаас гадна жигүүрээ дэлгэхэд нь суурь болсон гол газар бол Монгол Улсын Их Сургуулийн Утга зохиолын нэгдэл. Утга зохиолын нэгдэл гэдэг өөр өөрийн өнгө аяс, сэтгэлгээтэйгээр шүлэг бичдэг хүүхдүүдийн бүлгэм байдаг. Нэг нь шувууны тухай бичиж байхад, нөгөө нь хайр дурлал, дөрвөн улирлын тухай бичиж байх жишээтэй.

                   Харин Э.Бүжинлхамын хувьд төрөлхийн мэдрэмж, их эрэлхийлэгч, олсноо харин хурцхан илэрхийлэгч байж. Тэр үргэлж байхгүйг үгүйлж, зарим тохиолдол байгаагаар төсөөлж, байгааг харин огт өөр талаас нь хардаг найрагч. Ингэж л тэр яруу найргийн ертөнцөд өөрийнхөөрөө гишгэж, залуу мөртөө чансаатай найрагч болон өсөж яваа. Түүний номыг сөхөхөд надад хамгийн түрүүнд нэгэн бодол төрсөн нь тэр дорнын биш өрнийн өнгө аястай бичдэг нэгэн аж. Яруу найрагч илэрхийлэл үү, эрэлхийлэл үү гэсэн асуултад тэр "Шүлэг илэрхийлэл, эрэлхийлэл гэдэг хоёулаа хоосон зүйл. Зүгээр л надад шүлэг өөр зүйл. Одоохондоо оноож хэлж, тодорхойлоогүй л явна" гэсэн юм. Энэ хариулт надад шүлгийн тухай түүний ойлголтыг танин мэдэхэд тусалсан юм. Учир нь жаахан үг холбож,  үзэг, цаас нийлүүлээд ирэхээрээ л хүмүүс өнөө цагт өөрийгөө яруу найрагч хэмээн цоллож, "Яруу найраг гэдэг чинь..." гээд л том, том тодорхойлолт өгөөд суух нь бишгүй харагддаг. Гэтэл Э.Бүжинлхам бол яруу найргийг өгүүлэшгүй, тодорхойлошгүй зүйл гэдгийг мэддэг аж. Мэдээж бичнэ гэдэг хамгаас чухал. Түүнээс цээжнээсээ урсган гоё, сайхан үгс холбох нь яруу найраг гэхэд арай л хөнгөн гэдгийг тэр хэзээд мэддэг аж. Мэддэг болохоор л боддог, бодсоноо нэрж, бүтээж үг, өгүүлбэр болгон гадагшлуулдаг байх.  Уншихаар би ч мөн бодож, гүн алс, гүн дотно аглагт өөрийн мэдэлгүй орж, бүхий л зүйлээрээ тэнд уусан нэгддэг. Энд бид хамтдаа байдгийн ганцхан жишээнээс дурдъя. Тэр шүлэгтээ

Цас орж байна ээж ээ,

Хоёулаа аавын тухай ярих уу?

Цантай цонхон цаана
 
Инээмсэглээд л зогсож байгаа юм шиг
 
Санагдаад байна,
 
Өөрийнх нь тухай дурсан ярихыг
 
Хүлээгээд л байгаа юм шиг
 
Өрөвгөр жаалхан болжморуудыг
 
Өвөртөө дулаацуулах
 
Өвгөн модны дүрээр
 
Ширтээд байгаа юм шиг
 
Санагдаад байна..эж алсад одсон аавынхаа тухай бичсэн байгаа юм. Аав нь өвгөн модны дүрээр ширтээд байгаа юм шигээр мэдэрч байна гэхээр тийм өр зөөлөн, хайрлам хүн байсан гэдэг нь тодорч байгаа юм. Байхгүйг байгаад амилуулж бодно гэдэг магад яруу найрагчийн л мэдэрч чадах зүйл байх. Тийм л болохоор уншигч ч мөн давхар бодож, мэдэрч, өөр зүйлд хүрдгээрээ, тэднийг харагдаж байгаа юмсаас арай өөр зүг рүү хөтөлдгөөрөө тэр онцлог, ондоо.

-НАМРЫГ МАРТАГСАД БА ШАНАЛЛЫГ МЭДРЭГСЭД-

                Намрын мартагсад бол түүний нэгэн шүлгийн түүврийн нэр. "Намар гэдэг ерөөс хүнд мартагдах улирал бил үү, ийм гэгэлгэн, ийм уйтгар гуниг дүүрэн улирлыг хэн мартдаг билээ" гэсэн бодлыг эл номын нэр төрүүлсэн юм. Хүн гэдэг өөрөө өөрийнхөө уйтгар гунигийг мартаж болох ч том шаналан, гунигт өдрүүдийг тээсэн намрыг чухам ямар хүмүүс мартана гэж. Ийн бодсоор "Намрыг мартагсад" шүлгийн түүврийг сөхөв. Эл номд ерөөс тэр чигтээ найрагчийн шаналал бийрлэгдэж, өөдөөс цөм орь дуу тавих шиг санагдсан. Номд ийм нэг мөр байна...

...Одоо би

Чиний нүд рүү цэхлэж хараад

Чамд уй гунигт живж буйгаа

Хэлж чадахаар тийм их тэнхэлтэй болсон...гэж. Тэр хайрыг, хайраас үүдсэн шаналалыг ийн мэдэрдэг найрагч. Эл түүвэрт ийм нэг зүрх хөндүүрлэм мөр олон. Үүнийг хайраас болж шархалсан нэгэн л илүүтэй ойлгоно. Тэгэхээр тэр ч мөн шархалж. Шархлах шархлахдаа бүр тэнхэлгүй болтлоо шархалсан байна. Тэгэхээр эндээс ямар утга илэрхийлэгдэж байна гэхээр намрыг ерөөс тэнхэлгүй болтлоо шархалсан нэгэн л мартдаг байна. Өөрөөр хэлбэл, түүний эл түүвэрт цөм хайраас үүдэн зовсон, шаналсан, гуньсан, өндийсөн бүхэн нэгэн дор багтсан байх бөгөөд тэгээд бүр нэг хүнээс ийм олон салаалсан мөчир шиг зүйлс урган гарсан гэхээр эрхгүй тэр хайрласан, хайрлаад шархалсан, шархлаад тэнхэлгүй болсон найрагч аж. Ер гуньж яваа хүнд бусдын гунигийг тоож анзаарах сөхөө байгаа гэж үү.

"Намайг ганцаардуулж зүрхлэгч

Эр зоригтон минь чи юм

Чамд би тийм л учраас их хайртай

Далавчит чинийхээ манант зүрх рүү

Хэзээ ч алхахгүй

Дандаа яг ийм гэгээн байна

Бидний хагацалт мэт дурлал..." гэсэн нь мөн дээрх утгын үргэлжлэл. Түүний шаналлыг үүтгэгч гэж бий ч тэр хэзээ ч түүн рүү алхахгүй нэгэн аж. Харин өөрөө өөртөө л ганцаардаж, шаналж, уйлж, дурлалаас үлдсэн хүнд ачаагаа тэр өөрөө  үүрч, түүнийг үүрэлцэхэд нь харин шүлэг түүнд хамгаас тусалдаг байна. Үгээр өөр доторхоо гаргана гэдэг сэтгэлээ эмчлэх шилдэг аргын нэг гэдэг. Энд зөвхөн түүний хоёр л шүлгийг дурдлаа. Эл түүвэрт өөр олон шаналал, гуниг оволзон буцалж, түүнийг өөр дотроо энэ бүхнийг хэрхэн багтааж явсныг төсөөлөхөд ч бэрх санагдана. Гэвч тэр бүгдийн шаналанг өөр шиг ээ санаж, намрыг мартах хүртлээ шархалж чадсан байна. Харин түүний шарх чухам эдгэснийг л мэдэхгүй байна. Эдгэж ч чадах том зүрх түүнд байх шиг.

-МИНИЙ ЖИЛҮҮДЭД ХЭН АМЬДАРДГИЙГ, ЧИ Л МЭДНЭ-

     Түүний бичсэн хамгийн гайхам мөрт энэ. Дээр би түүнийг шаналал үүтгэгч рүү хэзээ ч алхдаггүй гэж бичсэн бол харин энэ мөртөөрөө тэр жаахан туньсан гэмээр. Энэ мөртийг уншсан түүний жилүүдэд амьдрагч лав энэ мөрөөс болж шаналаагүй юм гэхэд бодлогоширсон нь гарцаагүй. Энэ мөрийг бичихээс өмнөх хугацаанд тэр хэчнээн ганцаар шаналж, уйлж, дуулж уурлаж өндийсөн бол. Харин ингэж бичсэнээрээ тэр жаахан ч болов тайтгарч,  өөрийнх нь жилүүдэд амьдарсан нэгэн хүнд, өөрөөс нь үүдэн шаналж яваа шүү гэдгээ мэдэгдэж байгаа юм. Үргэлжлүүлэн тэр "Зүрх нэвт сүлбэх ирт соёоноос намайг хамгаалах гэж чи 

        Зүүдэн дотор минь анчлан орж ирдгийг чинь ч, би мэднэ" гэв.

                Ер яруу найрагч байхын сайхан нь энэ гэмээр. Дотоод сэтгэлийнхээ үнэнг чин халуунаар нь гарган тавьж, өөртэйгээ ижил яваа нэгнийг ч тайвшруулах, тэдний өмнөөс дуугардаг мэт. Хүн хүнээ шархлуулж, хүн хүнээ өөрчилж, тарчлааж, зовоож, жаргаадгийг түүний шүлэг бидэнд тодорхой өгүүлж байгаа юм.

-СҮНС УРЛАЛ -

     Э.Бүжинлхамын шүлэгт салхи хувилгаан болж, модод хоорондоо ярилцаж, шувууд ном уншиж, тэнгэр хүсэл биелүүлэгч мэтээр бууж, илүү бясалгал, чанадын бүхэн зонхилдог.

     Үүгээрээ тэр нэг шат ахисан мэт. Анх эхлэхдээ л өөр түвшнээр сэтгэдэг нэгэн байсан бол өдгөө бүр өндөрт сэтгэж, юмсын хувирал, оршихуйг илүү гүнзгий таних болжээ. Мөнхүү түүнийгээ шаналал, мэдрэмж, эмзэглэлтэйгээ нийцүүлэх болсон гэдэг нь сүүлийн түүврээс нь мэдрэгдэв. Тэр энэ талаар "Сүнс урлал миний сүүлийн жилд бичсэн бичвэрүүд. Өмнөхөөсөө илүү гэр бүл, суралцахад цагаа илүү зарцуулж, бичихээ хойш тавьж байна. Гэхдээ л өөрт төрсөн бүхнээ буулгасаар номоо өлгийдсөн. Мөн саяхан зураач О.Золбоотөгөлдөр найзтайгаа хамтарсан үзэсгэлэн дэлгэлээ. Ийнхүү бүтээлийн ажил өрнөж байна" гэв.

Ийнхүү тэрбээр энгийнээс эгэл, эгэлээс илүү өндөр түвшинд яруу найргаа туурвисаар, өсөж явна. Мэдрэмж, авьяасаа урлаж, шаглаж, мэтгэсээр байна. Ондоо бүхнийг мэдрэх содон ертөнц нь үүрд мөнх залуу байг. Үүл болоод тэнгэр, салхи, уулсын оройд хүрч, хүрсэн бүхнийхээ хэрээр сэтгэдэг, сэтгэлгээ бүр нь туг шиг намирч яваг. Тэр дахиад юуг урлаж, юуг мэдрэхийг л хүлээж байна.


СҮНС УРЛААЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188