• Өнөөдөр 2024-04-24

Г.ЭРХЭМБАЯР БА ЭСРЭГ ДҮР АМИЛУУЛАГЧ

2021-11-29,   948

       Түүнд “дөлгөөн” гэх үг тун зохицно. Эрдүү, бүдүүн баараг эр хүн атлаа усны урсгал шиг тийм намуухан орших нь гайхам. Тэр мөн Монголын тайз, дэлгэцийн урлагийн нэгэн долгион мөртөө өөрийн ахуйдаа чимээгүй оршигч. Харин уран бүтээлд алуурчин, ижил хүйстэн, бас босс. Эхлэлд дурдсан тодорхойлолтоос хол зөрүү нэгэн. Үүгээрээ тэр сайн уран бүтээлч. Тэр нэгэнтээ “Өөрөөсөө огт хувирдаггүй, өөрөө л байгаад байвал уран бүтээлч байгаад ямар хэрэг байх билээ” гэж хэвлэлд ярьж байв. Энэ бол Улсын драмын эрдмийн театр гэх их айлд өдөлж, үеийнхэнтэйгээ "Мөрөөдлийн театр"  хэмээн үүрээ засаж, өдгөө театр, кино урлагийн салбарт дүүлэн нисэж буй жүжигчин СТА Г.Эрхэмбаяр.

Бид түүнийг “Амьдралд тавтай морил” киноны жүдочин залуу, “Ээжийн дайсан” киноны эрх хүү, “Намрын синдром” киноны ганц бие эрдэмтэн багш, “Бүрэн толгой” киноны цэрэг хүү, “Орхидос-2” киноны муухай дарга, “Бүтэн амьдрал” киноны муу нөхрийн дүрээр нь мэднэ. Ингээд харахаар тэр эсрэг дүр олныг бүтээжээ. Өөрөөр хэлбэл, өөрийн амьдрал дээрх Эрхэмбаярыг бүрэн хувиргаж, тэр дүрээ гаргадаг гэсэн үг. Ингээд уран бүтээл бүрд өөрийгөө цаг мөнхөд хувиргагч түүнийг бид уншигч тантай уулзуулж байна.

-ТЭР “ЗОХИОМЖ” ДЭЭД СУРГУУЛИАС ЭХЭЛЖЭЭ-

   Аравдугаар анги төгсөх хүртлээ дээд сургуульд орох төсөөлөл ч үгүй явсан тэр ямар мэргэжил сонгох вэ гэсэн асуулттай тулгарчээ. Багаасаа бөхөд сонирхолтой, мөн үеийнхнээсээ том биетэй байсан болохоор өвөө нь түүнийг бөх болгохоор шийдэж, “Алдар нийгэмлэг”-ийн чөлөөт бөхийн дугуйланд явуулжээ. Гэвч тэр ахлах ангид ороод чөлөөт бөхөө орхисон байна. Тэгээд арван жилээ төгсөх жилээ ямар мэргэжил сонгохоо гэр бүлийнхэнтэйгээ ярилцжээ. Тэр мөч амьдралынх нь хамгийн чухал мөчүүдийн нэг байсан гэлтэй. Хэрэв тэр мөчид л өөр мэргэжил сонгосон бол өдгөө урлаг гэх том айлд ийм нэг идэр жүжигчин байхгүй байсан. Харин азаар ч гэх үү, хувь төөргөөр гэх үү, ээж нь түүнд “Манай талынхан урлагийн хүмүүс. Миний хүү жүжигчин болвол ямар вэ” гэсэн санал хэлжээ. Гэнэтийн гэмээр энэ саналын дагуу тэр Соёл урлагийн их сургуульд шалгалт өгсөн ч тэнцээгүй гэдэг. Ингээд арга мухардахдаа тэр Батлан хамгаалахын их сургуульд сурахаар шийджээ. Яг ингэж шийдчихээд байх үедээ нэг өдөр Жуковын музейн автобусны буудал дээр бууж, хойшоо гэр лүү гээ алхаж байхдаа “Зохиомж” дээд сургууль, оператор, жүжигчний ангид элсэлт авч байна" гэсэн бичиг олж харжээ. Ингэж л тэр энд хүртэл ирсэн. Түүний өвөө нь Монголын театрыг үндэслэгчдийн нэг Гавьяат жүжигчин Ё.Шаравдоо. Тэгэхээр түүнд удмын авьяас байгаа гэдгийг ээж нь олж мэдэн, чиглүүлсэн нь энэ. Тэрбээр энэ тухай “Би өөрийгөө “Зохиомж” дээд сургуулийг хүмүүст таниулж өгсөн гэж боддог” гэсэн. Үнэхээр тэр өөрийн орсон сургууль ч гэлтгүй өөрийн гэсэн, өөрт авсан бүхнээ таниулж чаддаг нэгэн.

-АЛДАРТ Б.БААТАР НАЙРУУЛАГЧААС ТЕАТРТ АЖИЛЛАХ УРИЛГА АВСАН ЖҮЖИГЧИН-

     Сургуулиа төгсөх жилээ буюу дөрөвдүгээр курсийн оюутан байхдаа тэр нэгэн тэмцээнд Антон Павловичийн "Хунгийн дуу" жүжгээр өрсөлдөн гуравдугаар байр эзэлсэн нь түүний урлагийн замаар тод алхах эхлэл байжээ. Төгсөх курсийн оюутан мэргэжлийн уран бүтээлчидтэй энэ тэнцүү өрсөлдөж, шагналт байрт шалгарна гэдэг том амжилт. Тэгэхэд гуравдугаар байрын шагналыг  өөрийнх нь хэлдгээр “Нэг таягтай хүн” өгч байсан нь Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Баатар найруулагч байж. Театрын томчуудын нэг, гарамгай найруулагчийн хараанд өртөж, театрт орох урилга авна гэдэг уран бүтээлч бүрт олдох боломж биш. Харин Эрхэмбаярт тийм боломж олджээ. Боломж гэхээс илүү түүний хичээл зүтгэл тэр мундаг хүн рүү хөтөлсөн гэмээр. Тэр энэ талаар “Тэр хүн шагнал өгөхдөө сургуулиа төгсөөд ирээрэй” гэсэн. Мөн тэмцээнээс хойш би өдөр бүр театрт орж хулгайгаар жүжиг үздэг болсон. Тухайн үед "Ромео, Жульетта", "Надаар тоглосон хайр" жүжиг ид гарч байсан үе. Бараг хорь гаруй удаа үзсэн” гэсэн түүний ярианаас үнэхээр ид халуун жүжигчин болох хүсэл эрмэлзэл дүүрэн нэгэн байсан нь тодорч байгаа юм. Ингээд тэр сургуулиа төгсөн театрт орсноор театрын тайзан дээр “дүүлэн нисэж”, тухайн цаг үед тоглож байсан бүх уран бүтээлийн гол болон туслах дүрд тоглож, жинхэнэ мандсан.

Тэр теарт “Атга нөж”, “Надаар өгөөгүй хайр”, “Солиотой жүжиг”, “Нүцгэн дурлал”, “Хунгийн дуу”, “Парисын дарь эхийн сүм” зэрэг олон жүжигт тоглосон.

Энэ тухайгаа тэрТөрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар намайг нээсэн. “Инээдмийн төрөл хэцүү шүү дээ” гээд дөнгөж төгсөөд ирэхэд “Нүцгэн дурлал” сонгодог инээдмийн жүжгийн гол дүрийг өглөө. Пара ахын найруулсан “Надад өгөөгүй хайр” жүжигт би удаан амьдарсан. Хоёр цаг үргэлжилдэг тэр жүжигт би хараагүй хүний дүрд тоглож, сүүлийн арван минут хараа ордог. Том хар шил, таягтай гэрээсээ театр хүртэл явдаг байсан юм. Драмын театрт байхдаа би уран бүтээлчдийн мөрөөдөөд ч тоглож чаддаггүй дүрүүдэд тоглож байсан. Театрт байхдаа би ээжийнхээ өвөө Ё.Шаравдоогийн өрөөнд ажилладаг байлаа. Бас л бахархалтай л байдаг юм билээ” хэмээсэн. Тэр өөрөөрөө ингэж л бахархаж, бардамнаж чаддаг. Үнэхээр л тэр драмын театрт байсан цаг хугацаанд тавигдсан бүхий л сонгодгуудад дүр авч, тухайн цаг үеэ өнгөлж байсан. Ингэж л тэр Улсын драмын эрдмийн театр хэмээх халуун ам бүлд багтаж, чансаатай чадварлаг найруулагчдын гар дээр "бойжиж",  Монголын урлагт өсөх нэгэн уран бүтээлч болон төржээ. Хүн авьяастай төрдөг ч уран бүтээлч болох гэж дахин нэг төрдөг гэдгийн нэгэн жишээ тэр. 

Театрт байхдаа би уран бүтээлчдийн мөрөөдөөд ч тоглож чадахгүй дүрүүдэд тоглож байсан.

-ӨРХ ТУСГААРЛАСАН НЬ-

   Өдгөө тэр “Мөрөөдлийн театр” хэмээх том айлын үүсгэн байгуулагч. Монголд театр, хошин урлагийг хослуулсан “шоу драм” гэх төрлийг бий болгож, өөрсдийн гэсэн өнгө аястай бүтээлээ туурвиж буй. Тэр анх драмын театрт жүжигчин Г.Алтаншагайтай танилцаж, уран бүтээлийн урт замд өрх тусгаарлан, дөрөө харшуулахаар болсон нь "Мөрөөдлийн театр"-ыг байгуулах эхлэл болжээ. Ингээд тэд хамтран хамгийн анх Оросын алдарт зохиолч Ванпиловийн "Ууган хүү" жүжгээс сэдэвлэсэн “Миний нууц хүү” жүжгийг тавьж, үзэгчдэд хүргэсэн нь онож, хүмүүс ч ам сайтай хүлээн авсан байна.

Түүний дараа “Тэр чинь би”,Хайрыг гэрчил”,Хайртай бол эргэж хараарай”, “Цаг өөр болжээ”, “Гээсэн хайраа аваарай”, “Мөрөөдлийн баг дэлхийг аварна”, Дундын бүсгүй” зэрэг бүтээлийг үйлдвэрлэж, Монголын урлагт нэгэн тод өнгө болж тогтсон. Хошин урлагийн өгүүлэх санаа, сэдэв хэдийн хоцорч, хүмүүс нэгэн хэвийн, давтагдмал гэх үест хошин урлагийг, жүжигтэй нийцүүлэн өөр өнгөөр үзэгчдэд хүргэсэн нь тэдний амжилт. Ерөөс уран бүтээлчид үзэгчид юу хүсэж байгааг мэддэг, үзэгчдээ ойлгодог эрэлчин байх ёстой. Тэд энэ үүргээ нэр төртэй биелүүлж яваа.

-"НАДАД ӨГӨӨГҮЙ ХАЙР" ЖҮЖГИЙН ДҮР БОЛ ЭРХЭМБАЯР ӨӨРӨӨ-

  Уран бүтээлч бүрд өөртэй нь төстэй нэгээс, хоёр дүр байдаг. Тэгвэл Г.Эрхэмбаяр өөрөө тоглож дээ гэх дүр бол "Надад өгөөгүй хайр" жүжгийн хараагүй залуугийн дүр. Ерөөс хардаг, хараагүйгээрээ л ялгаатай болохоос бусдаар яг өөрийгөө л гаргасан. Өөрөөр хэлбэл, эл жүжгийн дүрд тэр ямар ч хувирах шаардлага байгаагүй. Тэр өөрөө ч энэ талаар "Надтай хамгийн төстэй дүр бол "Надад өгөөгүй хайр" жүжгийн дүр" гэж ярьсан байдаг. Уран бүтээлийн хамтрагчид нь түүнийг "Эрхэмээ бол их зөөлөн, дулаан. Хүнд хатуу ширүүн үг хэлж байхыг нэг ч харж байгаагүй. Тэгээд мөн үнэнч. Гэвч энэ зан чанар, төрх байдлыг нь илтгэсэн дүр ховор. Ихэвчлэн эсрэг дүрд тоглодог" гэсэн бол түүнийг мөн түшигтэй сайн найз гэдгийг ч ярьж байв. Магад уншигч түүнийг жүжгийн дүрээр нь биш, киноны дүрээр нь илүү мэдэх байх. Тэгвэл Г.Эрхэмбаяр жүжигчин өөрийгөө бидэнд илэрхийлж, угаас аядуу, намдуу, зөөлөн, бусдыг хайрлаж, хүндэлдэг гэдгээ "Надад өгөөгүй хайр" жүжгээрээ харуулсан юм.

-ЭСРЭГ ДҮРД ХУВИРАГЧ-

     Бичвэрийнхээ эхэнд цухас дурдсанчлан тэр бол эсрэг дүрд хувирагч. Найзууд болон ойр тойрны хүмүүс нь түүнийг “Үг дуу цөөтэй, уужуу тайван, дөлгөөн” гэж тодорхойлдог бол тэр уран бүтээлд тэс өөр. Түүний дүрийг чухам яагаад найруулагчид эсрэг дүрд сонгодог нь харин ч өвөрмөц шийдэл гэлтэй. Бид ширүүн царайтай уран бүтээлчийг л эсрэг дүрээр хүлээж авах гээд байдаг талтай. Гэтэл харин ч эсэргээрээ зөөлөн, дөлгөөн царайтай нэгэн эсрэг дүрийг гаргавал сонин мэт. Энэ шийдлийг Эрхэмбаяр өөрөөрөө бүрнээ харуулж байгаа. Ёстой л түүний өөрийн хэлдгээр өөрөөсөө өөр дүрд хувирах чинь сайн уран бүтээлч болох, өсөх замыг нээдэг мэт. Түүнийг харин хүмүүс “Драм чамд илүү зохино" гэдэг бол тэрбээр өөрөө "Би азаар хоёр төрлийн чадвартай жүжигчин болж байгаа юм. Багш нар маань ч өөр өөр дүрд хувирахыг заасан” гэдэг. Түүний эсрэг дүрийн гэмээр нэг дүр бол “Бүтэн амьдрал” киноны Зоригоо. Тэр энэ дүрээр бүтэн сарын хугацаанд хүмүүст муулуулж, зүхүүлж, хараалгуулсан. Ингэж яг л бодит дүр мэт хүмүүст хүрч чадна гэдэг л түүний дүрээ сайн гаргаж байгаагийн нэгэн илрэл. Мөн тэр уг кинон дээр амьдрал болон уран бүтээлийнхээ хоёр дүрийг хоёуланг нь гаргасан. Киноны эхлэл, гол хэсэгт тэр хувирч, төгсгөлийн хэсэг буюу хорт хавдартай эхнэрээ асарч байгаа Зоригоо бол амьдрал дээрх Эрхэмээ.

Хамгийн сүүлд тэр OI энтертэймэнтийн бүтээл "No Rules" киноны зэвүүн дүрд хувилж, эсрэг дүрээ нэгээр нэмсэн. Ерөөс тэр өөрөө амьдрал дээрээ эерэг дүр. Харин уран бүтээлд бол эсрэг дүрд хувирагч. Түүний дараагийн уран бүтээлийн дүр харин энэ хоёрын аль нь бол.


Г.ЭРХЭМБАЯР БА ЭСРЭГ ДҮР АМИЛУУЛАГЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188