• Өнөөдөр 2024-04-26

ТЭНГЭРИЙН ХҮСЭЛ УЛАМЖЛАГЧ

2021-10-26,   1595

Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмэд гуай дөнгөж л шинэ урландаа орсон ч, хэдийнэ олны танил болсон бүтээлүүдээ хана, шалаараа хөглөрүүлж орхижээ.

          Үүднээсээ л уриалагхан угтаж авсан Ц.Цэгмэд “За, чи гутлаа тайлаад ороод ир. Манайд углааш байдаггүй ээ. Оймс чинь халтар болно доо” хэмээгээд урлангийн өрөө рүүгээ яваад өгөв. Араас нь яваад ортол “Би ч яах вэ, өдөржин хөл нүцгэн байж байгаад ажлаа дуусгаад хөлөө угаачихдаг юм” гэж хэлээд инээвхийлэн суух аж.

          Монголын уран зураг сонирхогчид “Уран зургийн түүхэн шилдгүүдийн нэг” хэмээн өргөмжилж, Төрийн соёрхол хүртсэн зураач Ц.Цэгмэд өнгөрсөн хэдэн өдөр “Монгол номадик” жуулчны баазад очиж, өөрийн анд, Ардын зураач Д.Болдтой хамтарсан үзэсгэлэнгээ дэлгээд иржээ. Тэр үеэрээ ч Ц.Цэгмэд гуай зүгээр суулгүй дуусгаагүй зургуудаа авч яваад будаад ирсэн гэнэ. “Монгол ахуй, нүүдэлчний амь шингэсэн газар очоод дуусгаагүй байсан хэдэн зургаа ч дуусгаад ирлээ. Сайхан энергитэй газар очихоор будаг ч сайхан зузаанхан тавигддаг юм байна. Би бараг анх удаа л ингэж зургандаа зузаан будаг тавьж үзлээ” гэж байна. Хэдэн буланд нь олон зураг давхарлан өрж, зургийн будаг, бийрээ шалаараа хөглөрүүлсэн өрөөн дотор “Хөдөө яваад будчихаад ирсэн” зургуудаа задлах зуур нь бидний яриа эхлэв.

-ХАДНЫ СҮГ ЗУРАГ БОЛ СҮСЭГ БИШРЭЛИЙН ДЭЭД ХЭЛБЭР-

-Таныг Ардын зураач, Төрийн соёрхолт Д.Болд, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Н.Адьяабазар, Соёлын Гавьяат зүтгэлтэн Ц.Энхжаргал нартай хамт “Дөрвөн ертөнц” үзэсгэлэн дэлгэх гэж байгаа талаар сонслоо. Ойрын үед дэлгэх, үзэгч олонд харуулах уран зураг, бүтээл олон байгаа юм даг уу даа?

          -Яг одоогоос жилийн өмнө нэгнээсээ өөр арга барил, чиглэлээр бүтээлээ туурвидаг дөрвөн уран бүтээлч монгол гэж нэрийдэх урлагийг харуулсан үзэсгэлэнг “Монгол арт галерей”-д гаргавал зохицолтой юм байна гэж ярьж байлаа. Тэгж явсаар л гурван найзтайгаа ярьсан маань ажил хэрэг болж байна даа.

-“Дөрвөн ертөнц” үзэсгэлэнд шинэ бүтээлүүдтэй оролцох уу. Цар тахал, хөл хорионы үед зургаа зурж, будгаа тавих цаг их гарч чадав уу?

          -“Дөрвөн ертөнц” үзэсгэлэнд энэ онд зурсан шинэ бүтээлүүдтэй оролцоно. Бас ганц, хоёр хуучин зургаасаа ч оруулах бодол бий. Гэхдээ үзэсгэлэнд оролцуулах бүтээлүүдийн олонх нь шинэ бүтээл.

***

Ц.Цэгмэд гуай хөдөөнөөс баринтаглаж ирсэн шинэ зургуудаа задалж дуусчихаад “Гэтэл “Дөрвөн ертөнц” үзэсгэлэнд оролцох зарим бүтээлээ одоо болтол дуусгаагүй байдаг. Лхагва гараг гэхэд “Монгол арт галерей”-д авчраарай гэсэн юм. Тэгэхээр өнөө, маргаашдаа л сууж дуусгахгүй бол болохгүй л болоод байна даа” хэмээн инээмсэглэсээр дэргэд минь ирж суулаа.

***

-Монгол гэх тодотгол уран зурагт яаж илэрдэг юм бэ. Жишээлбэл, үзэгчид “Төрийн соёрхолт Ц.Цэгмэдийн зурагнаас монгол ахуй үнэртдэг” гэх юм билээ?

          -Би хүмүүсийн “юм” гэж нэрийдэн тодотгодог эд агуурсын талаар боддоггүй. Би эртний хадны бичээс, сүг зураг, тамга, тэмдгийг судалж байхдаа монгол гэдэг үг мөнх гол хэмээх үгийн сунжирсан дуудлага болохыг тогтоосон. Эрт цагаас хойш мөнх гол хэмээсээр ирсэн нь монгол болж хувирсан байгаа юм. Мөнх гол нь “Мөнх тэнгэрийн гол сургаалыг дагагч ард түмэн” үгийг илэрхийлж байгаа юм л даа. Олон улсын маш олон эрдэмтэн “Монголчууд тэнгэртэй холбоотой байдаг” гэж хэлээд орхичихсон. Рашид ад-дины “Судрын чуулган”-д “Түрэгийн үед өөрсдийгөө монгол гэж нэрлэсэн ард түмэн байсан. Монголчууд хууль дүрмэнд захирагддаггүй тэнгэр шүтлэгээрээ онцлог бөгөөд тэнгэрээ дагаж нэгнийгээ олж нэгддэг байсан” тухай бичсэн байдаг юм. Харин түүхэн цагаас өнөөг хүртэл монголыг ханзаар бичиж үлдээхдээ мунхаг гэж бичиж үлдээсэн байдаг.

-Тэгэхээр Монгол Улсын гэх тодотголтой урлагийг шүтлэг, сүсэг бишрэлтэй холбон тайлбарлах боломжтой юу?

          -“Дөрвөн ертөнц” үзэсгэлэнд монгол ахуйтай монгол уран зураг бүтээлүүдийг “Монгол арт галерей”-д дэлгэхийг билгэшээж байгаа юм. Цаашид ч тэнгэрийн дуудлагыг хүлээн авдаг, дээрээс ирснийг нь буулгадаг уран бүтээлчидтэй ч хамтарч ажиллах сонирхол байгаа.

          Монгол гэдэг нь зүгээр ч нэг улс биш. Хамаг Монгол, Их Монгол Улсын үеэс дэлхийн өнцөг булан бүрээс тэнгэр шүтлэгтэй хүмүүс ирж, монгол болох гэж Монгол Улсад нэгдэн нийлж ирсэн.

-Хуучин цагийн мөнх голыг өнөөгийн Монгол Улсын түвшинд авч үзвэл?

          -Хэн, юу байх нь хамаагүй монгол бол сэтгэлгээ, шүтлэгийн зүйл. Гэтэл өнөөгийн залуус “Би цэвэр монгол цустай. Харин энэ муу хятад” гэдэг болсон байна билээ. Үнэн хэрэгтээ тэр хятад хүн нь ч тэнгэр шүтлэгтэй, монгол сэтгэлгээтэй бол хүн л юм чинь монгол болж чадна. Японы монгол судлаач Аико “Өнөө цагт Монголд би монгол цустай, жинхэнэ монгол гээд цээжээ дэлддэг залуус ихэсжээ. Харин Монголын төлөө сэтгэлтэй монгол хүн үлдээгүй байна. Монголын төлөө сэтгэл л монголчуудыг монгол хүн байлгадаг” гэж гаднын хүн хүртэл бичсэн байна. Тиймээс монголын төлөөх сэтгэл, монгол гэсэн шүтлэг юу вэ гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Таны бүтээлдээ нэр өгөхдөө шидэт дүүжин ашигладаг тань ч тэнгэрийн шүтлэгтэй холбоотой хэрэг үү?

          -Тийм. Би анх зургандаа удаан хугацаанд бодсоны эцэст нэр өгдөг байлаа. Харин одоо бол миний бүтээлд нэр өгөхийг далд ертөнцөд өөрт нь даатгадаг болсон. Зургандаа нэр өгөхийн тулд төвөд, санскрит хэлний сайн, сайхныг төлөөлсөн 1000 гаруй нэрэн дээр шидэт дүүжин барьж, заасан нэрийг нь бүтээлдээ өгдөг. Сонгогдсон нэр ч далд утгаараа зурагтай маш сайн нийцэж чаддаг шүү. Миний уран зураг зурахынхаа хажуугаар хийсэн тамга, сүг чулуу, бичээс, хүний нэрний судалгаа одоо бүтэн ном болсон байгаа. 1402 хүний нэрнээс бүрдэх номоо ирэх онд эмхтгэнэ. Хадны сүг зураг бол орчин үеийнхэн шиг саваагүйтээд ханан дээр зурсан зураг биш. Шүтлэг, сүсэг бишрэлийн дээд хэлбэр бүхий эртний хүмүүсийн бурхантай харилцдаг сахиус юм.

-БИЕТ ЗҮЙЛ ХУДАЛ, ХЭЗЭЭ Ч ҮНЭН БАЙДАГГҮЙ-

-Сүүлчийн үеийн таны бүтээлүүд дэх од, гараг эрхэс, огторгуйн илэрхийлэмж нэмэгдсэн гэх юм билээ. Нөгөөтээгүүр таны хэлснээр таныг тэнгэрийн дуудлагаар зураг зурдаг гэж хэлж болох нь ээ?

          -Зураач, зохиолч, хөгжмийн зохиолчдыг хүмүүс “Онгод нь орж ирэхээр амжилттай, сайн бүтээлээ хийдэг” гэдэг дээ. Гэхдээ урлаг гэдгийг хүн өөрөө бодож, сэтгээд хийдэггүй юм байна гэдгийг би ойлгосон. Урлаг цаанаа эзэнтэй. Тэр эзэн нь хүмүүсийн бурхан, ертөнцийн эзэн, тэнгэр гэж нэрлэдэг зүйл юм байна. Хэрэв өөрийн сэтгэлгээгээр урлаг хийх гэж оролдох юм бол урлал, хэрэгцээний дизайн болох болно.

-“Тэр” гэж таны тодотгосон урлагийн эзнийг бурхан гэж ойлгож болох уу?

          -Түүнийг бурхан, тэнгэр алинаар ч орлуулж хэлж болно. Үнэн хэрэгтээ бидний бурхан, тэнгэр гэж боддог зүйл нь орон зай, оюун ухааны сан байдаг. Үүнийг эрдэмтэд квантын физикээр нотолсон. Тэр мэдээллийн сан хүмүүн бидэнд ч байдаг. Бидний орон зайг тойрон хүрээлж байгаа мэдээллийн сан биднийг удирдаж байдаг юм. Тийм учраас бид юу хүснэ тэр зүйл биелэх ёстой. Үйлийн үр хэмээдгийн адил бид амьдралаараа юу туулж, юу бүтээнэ түүнийгээ хураана. Тиймээс бид үргэлж л сайн, сайхан зүйлийг бодож түүн рүү тэмүүлж л байхгүй бол болохгүй.

-Тэнгэр гэж нэрлэж байгаа урлагийн эзэнд хүрэх хэр хол вэ?

          -Би зураг зурах бүртээ бурхан, ертөнцийн эзэн, тэнгэр гэж хүмүүсийн нэрлэж байгаа зүйлтэй уулздаг. Үнэндээ би тэднээс надад дамжуулсан санааг л цаасан дээр буулгаж, зурж байгаа юм.

-Хэрхэн уулзаж, яаж ойлгодог юм бэ. Ямар нэгэн зан үйл хийж аль эсвэл бясалгадаг юм уу?

          -Монголоор дүүрэн бясалгалын төвүүд байгаа. Гэхдээ тэр төвүүд нь бясалгал гэх зүйлийн ердөө эрэг хавиар нь л явж байна. Илүү цаашилж, гүн рүү шумбавал далд зөн, оюунаараа ертөнцийн эзэн гэж нэрлэдэг зүйлтэйгээ учрах болно.

-Ертөнцийн эзэнтэй уулзах, харилцах ямар байдаг вэ. Манай уншигчдад сонирхуулахгүй юу?

          -Нэг их хүнд сонирхуулаад байхаар зүйл лав биш дэг. Гэхдээ бясалгах ухааны гүн рүү орж, ертөнцийн эзэн, тэнгэр хэмээхтэй уулзъя гэхнээ хүн өөрөө л өөдөөсөө хараад сууж байдаг. Далд орон зайг мэдэрч байж л уулзана. Бурхан, ертөнцийн эзэн, тэнгэрийн аль нь ч бодит дүрстэй зүйл биш. Биет, дүрст зүйл худал, хэзээ ч үнэн байдаггүй.

***

Төрийн соёрхолт Ц.Цэгмэд ийн ярихдаа нүднээс минь харцаа салгасангүй. Үг, өгүүлбэр хэлэх бүртээ өвдгөө илэн сууж байв.

***

-БИ ХӨДӨӨНИЙ АМЬДРАЛ МЭДЭХГҮЙ. НАМАЙГ ЗУРЖ БАЙГАА БҮТЭЭЛЭЭР МААНЬ ДҮГНЭЖ БОЛОХГҮЙ-

-Монгол соёл, уламжлалыг бүтээлдээ түлхүү харуулснаар үзэгчид ч таны бүтээлээс монгол соёл суралцдаг. Таныг Улаанбаатар хотод төрсөн, өвөө, эмээ тань Архангай аймгийн байсан гэдэг. Архангай нутагт бага насаа өнгөрүүлэв үү?

          -Би Улаанбаатар хотод төрсөн. 1958 онд ээжийгээ 18 настай байхад мэндэлсэн. Харин ээж минь намайг гурван настай байхад өөд болсон юм. Гуравхан настай байхдаа ээжийгээ алдсан би ээжийгээ ч сайн мэдэхгүй шүү дээ. Сайн мэдээгүй хүнээ алдсанаа хагацал гэж нэрлэхгүй. Өвөө, эмээ дээрээ өсөж, бүх амьдралаараа л Улаанбаатарт амьдарч байна.

-Улаанбаатарын унаган хүн гэхэд хөдөөний ахуй, соёлыг сайн мэддэг байх нь ээ?

          -Миний зурдаг, цаанаас дотор минь төрж байгаа зүйлс Монгол уран зураг болохоос над шиг Улаанбаатарт төрж, өссөн хөдөөний амьдрал мэдэхгүй хүн тэр бүрийг мэднэ гэж байхгүй. Би хөдөөний амьдрал мэдэхгүй. Намайг зурж байгаа бүтээлээр маань хөдөө амьдарч байсан, хөдөөний амьдрал сайн мэднэ гэж хэлж болохгүй. Энэ бүхэн цаанаас намайг зур гээд байгаа зүйлд хамаарах болохоос надаас шалтгаалахгүй.

-Таныг анх зургаан настайгаасаа зураг зурж эхэлсэн гэдэг. Анхныхаа уран бүтээлийн талаар ярихгүй юу?

          -Ээж өөд болоод өвөө, эмээ хоёр дээрээ өссөн. Хоёр хөгшин жаахан байсан надтай ямарваа нэгэн нухацтай зүйл ярихгүй. Харин би өөрийгөө зугаацуулахын тулд есөн шидийн юм хийсэн. Зургаан настай байхдаа нэг ачааны автомашин зураад үзүүлтэл “Ямар сайхан зурдаг юм бэ” гэж цэцэрлэгийн багшдаа магтуулж байлаа. Эцэг, эхгүй өсөж, барагтай л бол надтай ярьдаггүй байсан өвөө, эмээтэй би гэж хүн тэгж л анх магтуулж үзсэн юм. Анх удаа хүнд магтуулсан болоод ч тэр үү зураг зураад л сууж байдаг болсон.

-Цэцэрлэгийн багш тань магтаж, та ч өөрийгөө зугаацуулах зүйлээ олсон болоод л өнөөг хүртэл уран зурагтай нөхөрлөж байна уу?

          -Өвөө, эмээ минь миний зурах дуртайг мэдчихээд хүүхдийн Пионерын ордны зургийн дугуйланд 4-8 дугаар анги хүртэл явуулсан. Би дунд сургуульд байхдаа монгол хэл, бичигтээ онц муу хүүхэд байлаа (инээв). Хүүхдүүд 7-8 алдаад муу авдаг байхад би 10 гаруй алдаад онц муу авна. Монгол хэл чинь бидний л хэл юм чинь яаж ярьдаг яг л түүгээрээ бичээд их алдаатай бичнэ.

 

          Наймдугаар анги төгсөх жил радиогоор “Наймдугаар анги төгссөн хүүхдүүдийг Дүрслэх урлагийн зургийн дунд сургуульд авна” гэж зарлав. Тэгээд Дүрслэх урлагийн дунд сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцэж, театрын тайз, чимэглэлийн  ангид орсон. Тэгээд амжилттай суралцаж гуравдугаар курсээс Сүхбаатарын нэрэмжит 360 мянган төгрөгийн цалинтай оюутан болж байлаа.

          Дүрслэх урлагийн дунд сургуульдаа юу ч сураагүй. Хичээлийн турш гадуур тэнэж, өөрийн сонирхлоор зурж явсаар улирлын төгсгөл болоход очоод зурах ёстой зургийг нь зураад багшдаа үзүүлчихнэ. Зургаа зураагүй хүүхдэд муу дүн тавих ёстой багш маань тэгээд л надад дөрөв, тав гээд л дүнгээ тавьдаг байлаа. Тэгж явсаар би Дүрслэх урлагийн дунд сургуулиас юу ч суралгүй төгссөн. Гэхдээ түүнийхээ ачаар л би өнөөг хүртэл ямарваа нэгэн зүйлд хайрцаглагдаагүй явна даа. Хэрэв тийм зүйл болсон бол тодорхой хэмжээний зурах арга, техникт өөрийгөө захируулах байлаа.

          Тэгээд сүүлд юу ч сураагүй төгссөндөө шаралхаад ЗХУ-ын сургуульд суралцаж, уран зурагтай танилцаад ирж билээ.

-Монгол, Оросын дүрслэх урлагт хандах хандлага эрс тэс байсан байх?

          -Орост нүцгэн эмэгтэй зуруулж байсан. Гэтэл гадаад оюутнууд нүцгэн эмэгтэйг харж байсан ч, түүнийг зураагүй. Нүцгэн эмэгтэйг харж байсан зураачид түүнээс сайхан зүйлийг нь олж хараад, сайхан зүйлийг нь мэдэрч, өөрийн гэсэн сайхны төсөөллөө зурж байсан юм.

-Боловсрол, сургалтын системийн дутагдал зарим талаараа уран бүтээлч сэтгэлгээг “хөнөөдөг” хэрэг үү?

          -Тийм. Боловсрол бүтээгчийг хөнөөдөг. Ялангуяа академийн боловсрол эзэмшсэн хүмүүс өөрийгөө эргэн олох хэцүү байдаг.

-Харин та өөрийгөө олсон уу?

          -Би өөрийгөө судлахаас гадна далд ертөнц, далд бүхний тухай судалж, эрж хайсан. Би маш олон оронд очиж, олон шашны сүм хийдэд байж, хамт мөргөл хийхдээ мөргөл хийж, номлуулахдаа номлуулж, тэдний тэнгэртэй холбогдож, мэдээлэл авах хүсэлтэй байлаа. Тэгж яваад тэнгэрийн талаар дахин өөр зүйл олж мэдсэн. Тэнгэр гэхээр нь эрдэмтэн нэртнүүдийн төсөөлдөг цэнхэр тэнгэр бус дахиад л шүтлэг. Монголчууд эрт цагт яаж тэгж дайн тулаан хийж, дэлхийн талыг нь эзэлж байсан нь тэнгэрийн шүтлэгтэй холбоотой. Миний хэлсэн шиг юу хүссэн түүндээ л хүрсэн байгаа юм.

***

Ийн яриагаа хэсэг хугацаанд зогсоож, Ц.Цэгмэд намайг дагуулсаар зэргэлдээх өрөөнд орлоо. Ихэвчлэн Монголын түүх, шинжлэх ухаан, шашин, танин мэдэхгүй, сэтгэл зүй, бэлгэдэлтэй холбоотой ном хөглөрсөн өрөөнд тэрбээр “Ном уншихаар гоё сэдэв, санаа харагддаг. Гэхдээ сүүлчийн үед номоо унших завгүй л яваад байна. Ном уншихаар зохиолч болчих гээд байх юм аа” хэмээн хөхрөв. Ц.Цэгмэд гуай толгойдоо орж ирсэн санаа, бодлоо цаасан дээр буулгасаар нэг номын дайтай болжээ. Дүрслэх урлагт хэдий нь алдаршсан эрхмийн уран зохиолын бүтээл ярианы гол баатар болон цааш үргэлжилсэн юм.

***

-Уран зохиолын номоо хэвлүүлэх үү?

          -Толгойд орж ирсэн санаануудыг буулгасаар байтал нэг л мэдэхэд их болсон. Нэгэнт л биччихсэн юм уран бүтээлч, зураач болох гэж байгаа залуус руу хандаж, бичсэн номоо хэвлүүлнэ гэж бодож байгаа.

-Уран зургийн хүн уран зохиол бичихээр ихэвчлэн ямар төрөл, сэдвийн зохиол бичдэг юм байна?

          -Би номоо “Энд үнэн юм байхгүй” шүү гэж хэлж хэвлүүлэх гэж байгаа юм. Цаанаас орж ирсэн юмыг бодолгүйгээр шууд бичсэн зүйл чинь “тэнэг” болдог. Харин ганц, хоёр гайгүй болсон юм болов уу гэж харж байгаа зүйлээ шинжлэх ухааны баримтаар нотлох гээд л шинжлэх ухаан, квантын физикийн ном уншаад байгаа.

-БҮТЭЭЖ ЧАДАХ ИТГЭЛ БОЛ УРАН БҮТЭЭЛЧИЙН ХАМГИЙН ГОЛ ЗЭВСГҮҮДИЙН НЭГ-

-Орчин үед дүрслэх урлагт ч шинжлэх ухаан, квант физиктэй холбогдсон контемпорари төрөл гарч ирсэн шүү дээ. Таны бодлоор орчин үеийн урлаг гэж нэрийдэж байгаа контемпорари гэж яг юу вэ?

          -Урлагийг илэрхийлж байгаа арга нь л өөр болохоос бус урлаг мөн. Германы нисгэгч Йосиф Бойс гэх хүн дайны үед Дундад Ази, Халимагийн нутгаар явж байхдаа осолдож, онгоц нь сүйрсэн юм билээ. Үхлүүт хэвтэж байсан Йосиф Бойсийг Монгол гаралтай хүмүүс олж, эсгийнд боож, гэртээ авчирч эмчилжээ. Йосиф Бойс монгол хүнтэй таарч, эсгийний “ид шид”-ийг мэдрээд хожим нь Германд очоод эсгийгээр контемпорари урлаг хийсэн юм.

-Та контемпорари төрөлд хүч үзье гэж боддог уу?

          -Би өөрийн бүтээлээрээ өөрийн сэтгэлээ илэрхийлж байгаа учир нэг талаараа өөрийгөө контемпорари уран бүтээлч гэж боддог. Гэхдээ миний бүтээл бол Монгол уран зураг.

-Өнөөгийн Монголын дүрслэх урлаг ямар түвшинд байгаа гэж боддог вэ. Олон улсад хүч үзэх хэмжээнд хүрсэн үү?

          -Уран зургийн хувь Монгол уран зураг маш сайн. Ялангуяа орчин үед илүү сайжирч байна. Дэлхий даяар 1970 оноос хойш уран зураг унаж, контемпорари урлаг хүчтэй орсон. Тэр цагт дэлхий уран зургийг, будгийн ертөнц, өнгөний гайхамшгийг мартсан. Харин Монгол, БНХАУ хоёр л уран зургийг хадгалан үлдсэн. Одоо бол контемпорари урлаг эргээд хоцрогдож байна. “Мода Монголоор дуусдаг” гэдэг шиг контемпорари урлагийн хамгийн сүүлд хүчтэй үлдэж байгаа орон нь Монгол болсон. Харин одоо бол уран зураг дахин сэргэж байна. Гэхдээ ирээдүйд манай  Монголд урлагийн академик боловсрол хэрэгтэй. Урлагийн академик боловсрол “Бүтээлээ хийж чадна” гэсэн итгэл бэлэглэдэг. Бүтээж чадах итгэл бол уран бүтээлчийн хамгийн гол зэвсгүүдийн нэг.

 

-БИ УРЛАГТАЙ ХОЛБОГДСОНООРОО ЮУГ Ч АЛДААГҮЙ-

-Уран бүтээлч хүн уран бүтээлчийн замналаа сонгохдоо хувийн амьдралаа орхигдуулдаг гэдэг. Харин таны хувьд зураг зурж эхэлсэн өдрөөс хойш өнгөрүүлсэн 57 жилийн уран зургийн замналдаа юуг алдаж, орхигдуулсан байна вэ?

          -Би урлагтай холбогдсоноороо юуг ч алдаагүй. Харин Дүрслэх урлагийн сургуулийн захирлаар ажиллаж байсан он жилүүддээ олон зүйл алдаж, орхигдуулснаа мэдсэн. Би Дүрслэхийн урлагийн сургуулийн захирлаар ажиллахдаа хэт их нийгэмд ууссан юм билээ. Дарга гэсэн нэрээр бусдыг даргалж, өөрийн нийгмээ бүтээх гэж тэнэгтэж явсныхаа шанг хүртэж, 1997 онд осолдсон.

-Тэр ослоос хойш таныг удаан хугацаанд хугацаа байсан гэдэг. Тэгээд сэргэснийхээ дараа ажлаа хүлээлгэж өгсөн...

          -1997 оны есдүгээр сарын 11-нд юм. Хадны сүг зураг сонирхож яваад Архангай аймгийн Чулуутын хавцлаас унаж, гурван сар ухаангүй эмнэлэгт байсан. Сэргэснийхээ дараа хэн байх, юу хийхээ шийдэж, тэнгэрийн дуудлагыг хүлээж авахаар болсон. Тэр цагаас л би бүх ажлаа орхиж, зүгээр л зураач болсон.

-Одоо ч гэсэн зарим зүйлийг сурч, ухаарахад хожимдоогүй байх. Юуг сурахыг, мэдэхийг хүсдэг, тэмүүлдэг вэ?

          -Тийм ээ, ухаарч, сурахад хожимдоогүй байна. Би харилцаж байгаа хүмүүс маань сайн ч, муу ч зүйл хийсэн аль алинаас нь сургамж авдаг. Далд ертөнцийн юмыг хийж байгаа болохоор зургаа зурахдаа л өлсөж, цангахгүй байж, авах ёстой таашаалаа ч авч чаддаг. Би өөрийгөө мөнгө бодож зурдаггүйдээ баярлаж явдаг. Хэн ч таалахгүй зураг зурдаг зураачид л мөнгөний араас хөөсөн. Гэхдээ би зураач биш. Тэнгэрээс надад ирсэн зүйлийг л өнгө, будгаар дамжуулагч юм шүү дээ.

-Зургаан настайдаа зурсан ачааны автомашинаас бусад зураг бүгдээрээ таных биш болох нь ээ?

          -Тэр зураг ч минийх биш. Зургаан настай бүх хүүхдийн зурсан зураг өөрийнх нь биш. Тэр хүүхдүүд өөрөө сэтгэж, өөрөө сонгож зурдаггүй.

-Таны үеийн уран зураачдын дунд өрсөлдөөн их байсан байх даа. Та ч тэдэн дундаа хүчтэй өрсөлдөгч байсан байх?

          -Би хэнтэй ч өрсөлддөггүй. Тэнгэрээс надад өгч байгаа санааг зураг болгон төрүүлж байгаа надад бусадтай өрсөлдөх ямар хэрэг байна. Хүн гээч амьтан атаа, муу санаанаас болж өрсөлддөг. Харин миний бодлоор хүн гээч амьтан энэ амьдралын бүх зүйлийг хүлээн зөвшөөрч байх ёстой.

-Өрсөлдөөн бага байсан учраас л тантай нэг үеийн уран бүтээлчдээс урлагийн “томчууд” их төрсөн үү?

          -Би залуу байхдаа бусад уран бүтээлч, зураачтай нийлдэггүй болохоор нэг их паянд өртдөггүй байжээ. Харин одоо нэг тийм бусдаасаа зожигдуу байж дээ гэж бодох юм. Найз нөхөд ч цөөн. Яг итгэдэг гэвэл надад ганцхан найз бий. Надтай нас чацуу ч миний шавь ч болж, багш ч болж явсан ганцхан найзтай хүн дээ.

-Бусад зураачаасаа өөр амьдрал, замналаар амьдарсан гэж ойлгож болох уу?

          -Би өөрийнхөө амьдралаар амьдарсан.

-Одоо эргээд амьдралаа хараад өөрөө бахархах сэтгэгдэл төрдөг үү?

          -Үгүй. Одоо бол би зүгээр л сайхны төлөө тэмүүлж, аз жаргалтай байхыг л бодож байна.

-Таны бодлоор аз жаргал гэж яг юу юм бэ?

-          Амар амгалан байх нь хамгийн дээд аз жаргал. Аз жаргалтай байж, амар амгалан байхын тулд өөрийнхөө дотор түүнийг бүтээх ёстой.

          Монгол хүн 60 нас хүрээд ухаан сууж, 61-тэйдээ бурхан болдог гэж онигоо хүртэл байна. Ах нь одоо хэдийнэ 60 нас даваад явж байгаа болохоор өнхрөхөөсөө өмнө жаргалтай байх гэдэг болчихгүй юу (инээв) .

 

 


ТЭНГЭРИЙН ХҮСЭЛ УЛАМЖЛАГЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-10-26 18:37:19
    Иргэн: Бүтээл нь сайн. Гэвч өөрийгөө хэт дөвийлгөсөн, бусдыг доош нь хийдэг нь тоогүй! Дүрслэх урлагийн А үсгийг заасан төрөлх сургуульдаа юу ч сураагүй гэдэг нь том доромжилж байгаа хэрэг. Орост очоод гадаад оюутан хараад л зураад сурчихсан гэх гээд байна уу гэвэл ёстой сайхан шаана биз л гэе дээ! Үе тэнгийн залуу багш нар чинь итгэл хүлээлгэж дүрслэх урлагийн сургуулийн захирал болгож сонгож байсныг чинь бүгд мэднэ, харин бусдын итгэлийг даалгүй хувийн шуналдаа хөтлөгдсөнөө нийгэмд хэт их ууссан гэж бас худлаа шаах хэрэггүй л дээ! Нэг их худлаа тэнгэр мэнгэр ярьж ариун гэгээн царайлж яах нь вэ дээ, хэдэн зургаа бусдаас өрсөж гадныханд худалдах гэж яаж сандарч алиалдагийг чинь хүртэл залуу зураачид ярьдаг юм билээ шүү!!!
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188