• Өнөөдөр 2024-04-20

СЭТГЭЛИЙН ГҮНД...

2021-10-11,   1505

          “Led Zeppelin” хамтлагийн плакат, Альберт Эйнштейний хэлээ гаргасан зураг, гэр бүлийнхээ зураг, сэтгүүл зүйн номоор ширээгээ дүүргэжээ. Эмх цэгцтэй хэдий ч эмхгүй мэт санагдах энэ ширээ бол сэтгүүлч, яруу найрагч Т.Есөн-Эрдэнийн ажлын талбар.

          Албаны хувцас нь зохисон шавилхан энэ эрхэм өдгөө Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн багшаар ажиллаж буй. Тэрбээр “Дотогшоо”, “Гол нь дуул” яруу найргийн түүвэр, “Шинэ үнэр” антологио хэвлүүлсэн нь залуу яруу найрагчдын хувьд завшаантай үйл хэрэг болсонтой санал нийлэх хүн олон. Гэхдээ түүнийг ажлын ширээгээ сэтгүүл зүйн номоор дүүргэснийг нь хараад “Уран зохиолтой холбоотой ном байхгүй юм уу. Тэгтлээ уран зохиолоос хөндийрсөн юм уу” гэж асуусанд зочин маань ажлын ширээнийхээ шүүгээ, арын шкафаа ухаж эхлэхтэй нь зэрэгцэн бидний яриа эхэлсэн юм.

-ШҮЛЭГ БИЧМЭЭР САНАГДАХ МЭДРЭМЖ НАМАЙГ ТАЙВАН БАЙЛГАДАГГҮЙ-

-Хамгийн сүүлд 2015 онд “Гол нь дуул” номоо гаргаснаас хойш уншигчдадаа шинэ ном, шинэ бүтээл зориулсангүй. Энэ хугацаанд сэтгүүл зүйн салбарт түлхүү ажиллаж, уран зохиолын салбараас хөндийрөөд байгаа юу?

          -Сэтгүүл зүй объектив үнэнийг бичдэг. Жишээлбэл, “Энд нэг мод байна. Энэ мод бол алимны мод” л гэж бичнэ. Тэр модыг нягталж, судлахад алимны мод байсан учраас л тэгж бичдэг. Харин уран зохиол бол “Мод гэж яг юу юм бэ”, “Энэ мод чинь ээж мод юм байна шүү дээ” гэж бичнэ (инээв). Ингээд л харахаар яруу найраг, сэтгүүл зүй хоёрын хүрэх цэг өөр.

-Тэгэхээр бүр уран зохиолоос хөндийрсөн юм уу. “Гол нь дуул”-аас хойш дахиж дуулаагүй гэж үү?

-“Гол нь дуул II” гэдэг ном гаргаагүй гэдэг утгаараа тийм. Гэхдээ энэ жил ном гаргахыг зорьж л байна.

-Нууц биш бол шинэ ном тань ямар нэртэй байх вэ?

          -Шүлэг бичмээр санагдах мэдрэмж намайг тайван байлгадаггүй. Тэр сэтгэл, мэдрэмж дотроос минь сэдэрч, эргэн ирж байгаа учраас “Сэдрэмж” гэж нэрлэнэ. Би хамгийн анхны “Дотогшоо” яруу найргийн түүврээ 2009 онд хэвлүүлжээ. Дараа нь “Гол нь дуул” номоо 2015 онд. Түүнээс хойш “Сэдрэмж” түүврээ хэвлүүлэхээр зэхэж байна. Ингээд харахаар би номнуудаа зургаан жилийн зайтай хэвлүүлж байжээ. Энэ удаад ч гэсэн тэр зарчмаараа л яваа бололтой. “Сэдрэмж” номоо редактор руугаа шилжүүлчихээд хүлээж байна.

***

Т.Есөн-Эрдэнэ 1988 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн. Тэрбээр бага насныхаа талаар ярихдаа “Манай аав, ээж, эгч, дүүгийн регистрийн дугаар Й, Р гэсэн үсгээр эхэлсэн байдаг. Харин минийх С үсгээр эхэлсэн. Би Өвөрхангайн Хархоринд төрсөн ч гэр бүлийн шалтгааны улмаар тэндээс Хэнтий аймагт очиж, төрсний гэрчилгээгээ авч байсан юм билээ” хэмээн инээж, толгойгоо илэв. Түүний хэлсэн “Гэр бүлийн шалтгаан”-ы улмаас Т.Есөн-Эрдэнийг бага байхад нь гэрийнхэн нь олон удаа нүүж, орон нутгаас орон нутаг, хот хүртэл “наснаас нь олон” нүүжээ. Өвөрхангай, Төв, Хэнтий аймагт өнгөрүүлсэн бага насных нь талаарх яриа биднийг яагаад нүүж байсан тухай сэдэв рүү хөтөлсөн юм.

***

-Бага байхдаа Улаанбаатар хот, Өвөрхангай, Хэнтий аймгаар нүүж, амьдарсан гэсэн. Тухайн үед яагаад тэгж олон нүүдэллэх болсон юм бэ?

          -Манайх гэдэг айл их нүүдэг байсан юм. Анх аав ажлын шаардлагаар Хэнтий аймаг руу нүүж байлаа. Хэнтийд гурван жил аж төрсөн. Түүний дараа эргээд л Хархориндоо очиж, есөн настай байхад минь Улаанбаатар хотод ирсэн. Хотод хоёр жил болоод буцаад Хархорин руу явж, 2001 оны үед Хархорингоос Төв аймгийн Эрдэнэсант суманд очиж, амьдарсан.

          Манайхан чинь уугуул Өвөрхангайн Хархориныхон юм л даа. Өвөө, эмээ маань л Хархорин, Шанх орчимд нүүж, сууж хэдэн үеэрээ аж төрсөн. Дээхэн үед өвөө маань Эрдэнэзуу хийдийн хамба лам байж. Харин ээж минь залуу байхдаа Эрдэнэзуу хийдийн оёдолчноор ажиллаж, лам нарын хувцсыг урладаг байлаа. Ингээд бодохоор Эрдэнэзуу хийд манай гэр бүлийн салшгүй нэг хэсэг. Гэхдээ миний багад аав, ээж минь салсан. Түүнээс л болж хаа байсан Өвөрхангайгаас Хэнтий, Төв, Улаанбаатар хооронд нүүж суусаар амьдарч ирлээ.

***

Ийн хэлмэгцээ Т.Есөн-Эрдэнэ яриагаа тасалж, хэсэг дуугаа хураав. Дуугаа хураасан хэдэн хором дуусаж, халааснаасаа нарийн янжуур гаргаад, нэгийг асаачихаад хайрцагтай тамхиа ширээн дээрээ үлдээв.

***

-ӨӨР ГАЗРААС ӨӨР ГАЗАРТ НҮҮЖ АМЬДАРСААР 10 ЖИЛ БОЛОХОД БИ ЗУРГААН ӨӨР АНГИД СУРСАН БАЙСАН-

-Багадаа хагацал үзэж, тэгж олон нүүж байсан нь таныг шүлэг бичихэд их нөлөөлсөн гэж боддог уу?

          -Тийм байх. Тэрийг бол үгүйсгэхгүй. Ээж бид хоёрын үзсэн олон нүүдэл, өөр өөр газар, өөр өөрийн уур амьсгалтай гэр хороолол, гудамжнууд. Нэг л мэдэхэд ээж бид хоёр “Нүүгээд сурсан хүмүүс” шиг л болсон. Яах вэ дээ, цаг үргэлж л нүүдэллэж амьдардаг. Манай гэр бүл тасралтгүй өөр газраас өөр газарт нүүж амьдарсаар 10 жил болоход, би зургаан өөр ангид сурч үзсэн байсан.

-Олон өөр газарт амьдарч, олон анги сольсон хүүхэд үеийнхэнтэйгээ сайн найзалж, нөхөрлөж чадахгүй зожиг өссөн үү?

          -Багадаа хотод хамт сурдаг байсан найзаа хөдөө очоод хоёр жил болохдоо их санаж, хамт тоглох юм сан гэх хүсэл дүүрэн буцаж ирнэ шүү дээ. Буцаад хотод ирэхэд уулзаад л шууд хамт тоглохын туйл болж байсан юм. Гэтэл эргээд иртэл өнөө найз маань намайг санадаггүй. Магад тэр олон учрал, хагацлаас миний “Найзыг явуулах ёстой бол явуулах хэрэгтэй” гэдэг үзэл төрсөн байх. Тэр олон жилийн миний туулж, туугдаж барсан дурсамжаас одоо надад цөөн хэдэн найз минь үлдсэн.

***

Яруу найрагч Т.Есөн-Эрдэнэ Төв аймгийн Эрдэнэсант суманд амьдарч байхдаа анх уран зохиолд шимтжээ. Гэвч “Бэхийн саван дахь илбэчин” орчуулгын шүлгийн номыг уншиж эхэлсэн ч, яруу найргийн төрлөөр уран жиргээгээр эхэлсэн гэнэ. Ж.Дашдондог гуайн орчуулсан “Бэхийн саван дахь илбэчин” номноос “Тэнгэрт хүрэх шат өрж, тэр шатаараа саранд хүрнэ.  Тэндээс би номтой цүнхээрээ дүүрэн од цуглуулж ирнэ” гэх шүлгийг сумынхаа "Уран жиргээ"-д уншиж, II байрт орж байжээ.

***

-Уран уншлагаас эхэлсэн ч, шүлэг бичдэг болсон. Анхны шүлгийг яаж бичиж, хэрхэн уншиж байв. Уран уншлагаас залхаад өөрөө шүлэг бичихээр болсон юм уу?

          -Тухайн үед их л цовоо, цолгиун хүү байж гэж боддог юм (инээв). Эрдэнэсант сумынхаа "Уран жиргээ" наадмын II байрт ороод байж байтал хажууд "Уран жиргээ-д ороогүй хүүхдүүд сууж байна. Тэгэхээр нь багшаасаа “Эд нар яадаг, ямар учиртай хүүхдүүд юм” гэж асуутал “Хүрэл тулга"-ынхан. Өөрсдөө шүлгээ зохиогоод уншдаг” гэсэн юм. Анх түүнийг харснаас хойш жилийн турш өөрийгөө бэлдэж, дараа жилээс нь өөрөө шүлгээ зохиож эхэлсэн гэх юм уу даа.

-Таны тэр үед бичиж байсан шүлгийн сэдэв, санаа өнөө үеийнхээс тэс өөр байсан болов уу. Ихэвчлэн ямар сэдвээр шүлэг бичдэг байв?

          -Ямар нэг юмны эгзэг нь таарна гэдэг шиг тэр үед Эрдэнэсантын бага сургуульд хотоос шинэ багш нар ирсэн юм. Шинэ ирсэн н.Баярмаа гэх монгол хэл, уран зохиолын багш Эрдэнэсантын сургуульд уран зохиолын дугуйлан байгуулсан. Тэр дугуйлан миний анхны уран зохиолын дугуйлан. Гэхдээ анхны дугуйлан маань их өрсөлдөөнтэй байлаа. Анги бүрээс хүүхэд авах гэхээр дугуйлангийн анги дүүрчих гээд болохгүй. Нийт цугласан сурагчдыг шүлэг бичүүлж байгаад авахыг нь аваад заримыг нь хасаж байсан.

-Хэр сайн шүлэг бичсэн болоод анхныхаа дугуйлангаас яаж хасагдалгүй үлдсэн юм бэ?

          -Яах вэ дээ, тухайн үед номын сан дахь социализмын үеийн зохиолуудыг багш нар их уншуулна. Харин би яруу найрагч Д.Банзрагч гэх хүний “Ангир чуулах нутаг” нэртэй шүлгийн номыг уншаад анх надад нэг тийм үгээр хэлж боломгүй шүлэг бичих мэдрэмж төрж байсан юм. Тэгээд дугуйландаа “Аяа ертөнцийн жам чи арай л зөөлөн байгаад байна” энэ тэр гээд шүлэг бичээд уншиж байлаа (инээв). Тэгсэн л дугуйлангийн багш маань намайг хөөргөж, магтаад. Ямартай ч дугуйлангаасаа хасагдалгүй үлдсэн.

-Таны бага насны уран зохиолын төсөөлөл ямар байсан бэ. Багадаа өөртөө, дугуйландаа л шүлэг бичээд хадгалаад байдаг байсан юм уу. Аймаг, орон нутгийн шүлгийн уралдаан, тэмцээнд оролцож байв уу?

          -Дугуйланд маань Ш.Сүрэнжав гуай, Д.Пүрэвдорж гуайн шүлгүүдийг их уншуулдаг байлаа. Одоо эргээд бодоход дунд сургуульд байхдаа Д.Пүрэвдорж гуайг дууриасан хэв маягтай шүлгүүд бичиж байсан байж магад.

          Нэг удаа би Төв аймгийн Эрдэнэсант сумандаа шүлгээрээ шалгараад аймаг, тэгээд цаашаа хот хүртэл явсан юм. Би багадаа их муухай бичигтэй байсан юм л даа. Өөрөө шүлгээ бичээд түүнийгээ уншихаараа ойлгодоггүй (инээв). Харин ээж минь миний шүлгүүдийг шинэ дэвтэр дээр гараараа буулгаж өгч байлаа. Миний, бас ээжийн 2001-2002 оны дурсамжийг хадгалсан тэр дэвтэр одоо ч гэсэн байдаг.

-ШҮЛГИЙГ ГҮН УТГА САНААТАЙ, ТАЙЗНЫ ГЭЖ ЯЛГАЖ БАЙГАА НЬ ЗӨВ-

-Өсвөрийн Хүрэл тулга наадамд оролцож, гэнэн, цолгиун явсан хүү яагаад “Дотогшоо” болж, гунигаар “Гол нь дуул”-х болов?

          -2003 онд анхны “Play Time” амьд хөгжмийн наадам болж байсан юм уу даа. Тэр үеэс л гадна, дотнын амьд хөгжмийн хамтлагуудыг сонсож эхэлж байлаа. Анх удаа  “Шөнийн галт тэрэг” хамтлагийг дунд сургуульд байхдаа сонсоод “Харанга”, “Хурд” гэдэг ч юм уу хамтлагуудаас нэг л “өөр” зүйлийг дуулаад байгааг гайхаж, бас биширч байсан санагддаг. Тухайн үеийн альтернатив рок хамтлагууд миний адил олон ч хүнийг өөртөө татсан байх. “Альтернатив хитүүд” бил үү нэг тийм кассет, хавтсан дээрээ ямар нэгэн хайлж урссан зүйлийг харуулсан плакат зэрэг зүйл миний цуглуулгад байсан юм. Одоо олдохгүй болж.  Би ч "Хүрэл тулга" шүлгийн наадам гээд явдаг байсан байсан хүүхэд их өөрчлөгдсөн. Гэнэтхэн л “Үхье дөө” гэсэн санаатай шүлгүүд бичээд эхэлсэн (инээв).

-Нэг үеийн олон яруу найрагч өсвөрийн Хүрэл тулга наадамд орж байсан юм билээ. Өнөөгийн нөхдөө Хүрэл тулгаас олсон уу?

          -Тэр үед өсвөрийн Хүрэл тулга наадмыг телевизээр хүртэл гаргадаг байсан шүү дээ. Тэгээд нэг үеийн О.Цэнд-Аюуш, Я.Баяраагаа зурагтаар харж л байсан. Үнэн хэрэгтээ би ахлах ангид ороод үхэл, хагацал бичиж эхэлсэн. Тэгэхээр чинь Хүрэл тулгад тэнцэхгүй шүү дээ(инээв). Сургуульдаа шүлгээрээ тэргүүлээд оролцохоор болсон ч, дүүрэгтээ очингуутаа хасагдалгүй яах вэ. Харин тэгэхэд би их баярладаг байж. Дүүргийн наадмыг чинь “хурган” хүүхдийн зохиолчид шүүнэ. Одоо нэрийг нь хэлээд яах вэ. Тэгээд л “Чи ийм юм бичиж болохгүй” гэж загнахаар нь бүр ч баярладаг (инээв). Тэгэх тусам нь өөрийгөө урлаг, амьд хөгжмийн хүрээнд оруулж төсөөлнө. Тэгэх бүрдээ илүү баяр, хөөртэй болно.

-Дүүргийн өсвөрийн Хүрэл тулга уралдаанд хасагдаж байсан хүү том болоод “Монголын Нобел” гэж хүртэл нэрлэгддэг Болор цом гэх том яруу найргийн наадамд орж байлаа. Яруу найргийн уралдаанд тэнцэж, хасагдаж явсан он жилүүдээс танд юу үлдэв?

          -Ахлах ангид ороод “Нэгийн даваанаас хасагдана” гэдэг шиг дүүргийн Хүрэл тулгаас жил болгон л хасагддаг байлаа (инээв). Дунд ангидаа олон яваад үзчихсэн болохоор ахлах ангидаа тийм ч их сонирхол төрөөгүй байх. Гэхдээ би тэр үед тэгээд л Хүрэл тулга гэх тайзан дээр тайзны шүлэг уншаад явчихаагүйдээ баярладаг. Ямар азаар хөгжим сонсож, амьд хөгжимтэй нөхөрлөсөн юм бэ гэж боддог.

          Одоогийн миний бичиж байгаа шүлгүүдийг тайзан дээр унших боломжгүй. Жишээ нь, тайзны шүлэгт “Ийм сайхан тал” энэ тэр гээд л өргөлт аваад хүмүүс уран жиргээ шиг л уншдаг. Харин тийм юм байхгүй хүн чинь нэгэн хэмнэлээр л явсаар байгаад дуусгачихаж байгаа юм. Бас миний шүлгүүд их богинохон болохоор тайзан дээр уншихад богинодно. Миний бодлоор шүлгийг гүн утга санаатай, тайзны гэж ялгадаг. Тэгэхээс ч аргагүй.

          Төрсөн нутаг Өвөрхангайдаа зохион байгуулсан 2013 оны Болор цом наадам эхний бөгөөд эцсийн удаа шүлгээ уншсан. Болор цомд шүлгээ уншаад буусны дараах тас тас хэмээн нэгэн дуугаар алга таших коммунист маягийн алга ташилт аймшигтай санагдаж байсан. Гол нь  тэр үед хэдэн миний шүлгийг ойлгосондоо алга ташиж, хэд нь хажуу талын хүн нь алга ташсан болохоор алга ташсан байж болохыг төсөөлөх аймшигтай байсан.

 

***

“Амьсгаа авах завгүй” шахам ярьсан бага насныхаа тухай яриаг ийн зогсоож, дараагийн тамхиа асаав. Амандаа янжуур зуусан чигтээ яриагаа үргэлжлүүлж сурагч байхдаа “Миний сонин” нэртэй өсвөр насны хүүхдүүдэд зориулсан сонинд идэвхтэн бичигч байсан тухайгаа ярьсан юм. Тэр бүр сурагч байхдаа сонины идэвхтэн бичигч болох хэцүү ч, Т.Есөн-Эрдэнэ сурагч байхдаа л идэвхтэн бичигчээс сурвалжлагч болж, өөрийн анхны цуврал өгүүллэгүүдээ хэвлүүлж байсан тухайгаа инээмсэглэл дүүрэн гэгэлзэн ярьсан билээ.

***

-“Миний сонин”-д идэвхтэн бичигч болж, анхны өгүүллэгүүд цувралаар хэвлүүлж байсан гэлээ. Нууц биш бол анхныхаа цуврал бүтээлийн талаар илүү дэлгэрэнгүй ярьж өгөөч?

          -Намайг сурагч байхад Өсвөр үеийн хүүхдийн төв гэдэг нэртэй байгууллага олон улсын хүүхдийн байгууллагын тусламжтайгаар өсвөр насныхан зориулсан “Миний сонин” нэртэй сонин гаргадаг байсан. Би анх идэвхтэн бичигч болж, мэдээ бэлтгэж, номоос уншсан зүйлээ тэмдэглэж оруулдаг байлаа.

          Харин нэг өдөр зориг гаргаад тухайн үеийн “Миний сонин”-ы эрхлэгч н.Оюу эгчид “Сонин маань сар бүр гарч байгаа юм чинь сонин дээрээ цувралаар зохиол бичье” гэсэн. Тэгсэн н.Оюу эгч нааштай хүлээж авч, “Тэгье л дээ, чи бичээд аваад ир” гээд. Анх тэгж л “Миний мартсан он жилүүд” нэртэй зөгнөлт цуврал өгүүллэгээ бичиж байж. Нийт таван цуврал гарсан. Одоо дахиж харахаасаа ичээд байдаг юм (инээв). Тухайн үед “Энэ бол манай сурвалжлагч Т.Есөн-Эрдэнийн шинжлэх ухааны уран зөгнөлт зохиол юм” гээд л хэвлүүлж байлаа. Тэр үеэс л уран зохиол намайг өөртөө татаад байсан юм.

-“Миний сонин”-оос идэвхтэн бичигчээр гараагаа эхэлсэн нь сэтгүүлч болоход тань их нөлөөлсөн байх?

          -Намайг сурагч байхаас л багш нараас эхлүүлээд таарсан хүмүүс “Сэтгүүлч болбол яасан юм бэ” гэдэг байсан. Би өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд сэтгүүлч, редактороор ажиллаж, одоо сэтгүүл зүйн төлөөх байгууллагад ажиллаж байна. Гэсэн ч сэтгэлийн гүндээ уран зохиолоо мартаагүй. Намайг бага байхад ээжийн минь миний шүлгүүдийг гаргацтай буулгаж өгсөн дэвтэр дээрх нэгэн шүлэгт “Зохиолч болно би” гэж бичсэн байдаг. Энэ олон жил тэрийг л бодож явлаа. “Зохиолч л болно” гэж бодож явдаг. Болдог бол жил бүр шинэ ном гаргамаар байгаа юм. Гэсэн ч болохгүй байгаа нь чадахгүй байгаагийнх уу, өөр зүйл рүү сатаардгийнх уу гэдгийг хэлж мэдэхгүй юм.

***

Энэ хүрээд ярилцагч маань дахиад л тамхи асаав. Биднийг ярилцаж байх дундуур тамхи асаах бүрийг нь тэмдэглэж чадаагүй ч, энэ хүрээд хайрцагтай тамхийг нь харахад нэлээн хонхойж, ширээн дээрх үнсний сав ч тал дундуураа татжээ.

***

-Таны яруу найргийн амьдрал, бүтээл “Шинэ үнэр” бүлгэмтэй салшгүй холбоотой. Яруу найргийн “Шинэ үнэр” бүлгэмийнхээ нөхдийн талаар ярихгүй юу. Таныг “Шинэ үнэр” бүлгэмийн үүсгэн байгуулсан гэх юм билээ?

          -Ер нь бол манай Р.Улам-Оргих үүсгэн байгуулсан. Тэр үед би анхныхаа шүлгийн ном “Дотогшоо”-гоо гаргасан байсан. Тэр үед Р.Улам-Оргих маань надтай ирж уулзаад “Шинэ үнэр” бүлгэм байгуулах тухай хэлсэн. Өмнө нь манай бүлгэмийн Ө.Үлэмжтөгс, Д.Сосорбарамтай уулзсан байсан юм билээ. “Шинэ үнэр” бүлгэм чинь их хурдан үүсэн байгуулагдсан шүү дээ. Хэдхэн удаа уулзаж, хамт ярьж суугаад л “Шинэ үнэр” бүлгэм болсон. Харин тэр үедээ тоотой хэдэн хүнийг бүлгэмдээ авъя гэж ярьж байсан юм байна.

          “Шинэ үнэр” бүлгэм шүлэг, яруу найргийг амьд хөгжим, жазз хөгжим дээр дэвсэж уншихыг Монголд анх удаа хийсэн. Бид жазз уншлага, рок уншлага гээд л бүгдийг нь туршиж үзсэн. Тэр чинь зүгээр л нэг хүн цаасан дээр шүлгээ барьж ирээд, цаана нь ямар ч хамаагүй хөгжим тоглоод уншчихна гэж байхгүй олон удаа бэлдэнэ, давтана. Тэгж байж л уншигч, сонсогчид тааруулсан уншлага гарна шүү дээ.

-Хүмүүсийн мэддэг тайзан дээрх Болор цом наадам шиг бус, жазз, рок уншлага хийгээд л уншигчдын хэлдгээр нэлээн “сонин нөхдүүд” байжээ дээ?

          -Оюутан байхдаа нэг их сургуулийн утга зохиолын дугуйланд очихгүй юу. Гэтэл тэр үед одоогийн манай үеийнхэн, найзалж байгаа залуус маань “Энэ их сонин нөхөр байна” гэж бодож байсан гэж байгаа юм. Би ч сонин хүмүүс дотроо ч сонин байсан юм уу даа (инээв).

-АНХНЫ НОМОО БИЧИГ ХЭРГИЙН ГАЗАРТ ПРИНТЕРЭЭР ХЭВЛҮҮЛЖ БАЙЛАА-

-Таны 2015 онд гаргасан “Гол нь дуул” номонд олон хаягдсан, гуньсан, гансарсан шүлгүүд байдаг. Шууд ингээд асуучих хэцүү ч, залуу, долгиун явсан үедээ тийм их хаягдаж байсан юм уу?

          - (инээв). Надад “Тэр үед тэгээд хэлчихсэн бол алдахгүй байсан даа”, “Тэгсэн бол гэж бодогддог” зүйлс байсан. Ихэвчлэн л хувь хүний суурь чанартай холбоотой асуудлууд байна.

-Тэр үедээ анхны номын нэр шигээ “Дотогшоо”-гоо хүн байсан юм уу?

-Ер нь их дотогшоогоо хүн байх. Би өөрийгөө харилцааны асуудалтай хүн гэдгээ мэддэг.

-“Дотогшоо” ном ч гэсэн их “асуудалтай” хэвлэгдэж байсан гэж сонссон юм байна. Анхны номоо өлгийдөж авсан “асуудалтай” дурсамжаасаа хуваалцаач?

          -Анхны ном “Дотогшоо”-гоо нэг бичиг хэргийн газарт принтерээр хэвлүүлж байсан (инээв). Тэр үед өнөө бичиг хэргийн газрынхан нь надад хөөрхөн ковер зураг хүртэл хийж өгөөд цөөхөн хэдэн хувь хэвлэж өгсөн юм. Оюутан байхдаа ангийнхантайгаа Богд уул руу салхинд гарч хэсэг зугаалсан. Тэгэхдээ Богд уулын дугуйн хашлага дээр суугаад тамхи татаж байтал сэтгүүлч Ч.Лодойсамбуу зураг авчихсан байсан юм билээ. Сүүлд тэрийг нь мэдээд тэр зургийг “Дотогшоо” номынхоо нүүр зураг болгосон.

          Тэр үед “Дотогшоо” номонд өмнөх үг бичүүлэх гээд хэд хэдэн хүнд шүлгүүдээ үзүүлээд явж байв. Гэтэл “Бадарчин” Ц.Батбаатар ах “Б.Галсансүхийг дууриаж бичсэн шүлгүүдээ шатаа” гэж доор нь бичсэн байсан. Анхны номоо хэвлүүлдэг 2009 онд л би анх удаа “Чөлөөт сэтгэлгээний дуулал” гэж МУИС-ийн шүлгийн наадамд оролцож, Б.Галсансүхийн нэрэмжит шагналыг аваад Б.Галсансүх ахын номыг уншиж байлаа шүү дээ. Тэгэхээр нь миний дургүй хүрээд Б.Галсансүх ахыг дууриасан гэж байгаа шүлгүүдээ номноосоо хасаад дээр нь нэмж хэдэн шүлэг оруулсан. Харин миний анхны номыг Б.Галсансүх ах бараг анх удаа хүний ном редакторлаж, өмнөх үг бичиж, миний номон дээр суусан юм. Ердөө 50-хан хувь хэвлүүлсэн ч гэсэн “Дотогшоо” номондоо их хайртай.

-“Дотогшоо” яруу найргийн түүврийг хэвлүүлснээс хойш “Гол нь дуул” хүртэл хэр их өөрчлөгдсөн байсан бэ. Тэс өөр хүн болсон байсан уу?

          -Миний яруу найргийн эхлэл бол яахын аргагүй “Гол нь дуул”. Одоо манай үеийнхнээс хэн нь ч оюутан байхдаа уралдаж гаргасан номоо “Миний яруу найргийн эхлэл” гэж хэлэхгүй дээ. “Гол нь дуул” ном сэтгэл санааны хувьд нэлээн төвөгтэй хэвлэгдэж байлаа. Анхны номноосоо зургаан жилийн дараа, хаягдаж, газардаж, нисэж, жингүйдэж явсаар л бичсэн.

-“Дотогшоо”-гоо болж явсан, “Гол нь дуул”-аар нисэж явсаар одоо дахиад л өөр хүн болчихсон өөр зорилго тээж яваа байх. Цаашид юуг зорих вэ?

          -Нэг удаа Үндэсний номын баяр дээр явж байтал орчуулагч Ж.Нэргүй ахтай таарсан. Ж.Нэргүй ах “Шүлгээс арай илүү амьдралтай юм руу ор оо” гэж зөвлөж байна лээ.

***

Бидний яриа эхлэхтэй зэрэгцэн ширээнийхээ шургуулга, арын шкафаа ухаж гарсан Т.Есөн-Эрдэнэ ярианыхаа голоор нэгэн сонин гаргаад ирэв. Тэр нь “Өдрийн сонин”-ы 1999 оны тавдугаар сарын 7-ны өдрийн дугаар. Биднийг “ховор олз”-оо шимтэж, эхний хуудсыг эргүүлбэл, гуравдугаар хуудсан дээр нийтлэлч Баабарын “Зохиол болгоныг уншаад байвал хордлого авч магадгүй” гэсэн нэртэй нийтлэл гарч ирэх нь тэр. Ярилцагчийнхаа бага нас, уран бүтээлийн талаар өрнөж байсан бидний яриа өөрийн эрхгүй нийтлэлч Баабарыг чиглэж эхэлснийг уншигч та бүхэнд хэлэх нь зүй болов уу.

***

-“БИ ШҮЛЭГ БИЧДЭГ” ГЭХЭЭР ГАДНЫНХАН УУЛГА АЛДАЖ, МАНАЙХАН ОЙШООДОГГҮЙ-

-Сэтгүүлч мэргэжлээр ажиллаж, амьдарч байгаа хүн нийтлэлч Баабарыг их уншсан байх. Баабарын тухай бодлоосоо хуваалцаач?

          -Нийтлэлч Баабарын олонх л бүтээлийг уншдаг, мэддэг шүү дээ. Баабар нэг удаа “Яруу найрагчид өнгөрсөн хэдэн зуун жилд хэлэх зүйлээ хэлж дууссан байх аа” гэж авдаг байгаа. Тухайн үед эд шүлэг бичиж байсан үе болохоор ч тэр юм уу тэрийг би маш сайн санадаг юм. Сүүлд 2008 оны үед юм болов уу даа мань хүн “Аа яа яа алаад хаясан” гэдэг нийтлэл бичиж байсан. “Яруу найрагчдын хэлэх зүйл дууссах байх” гэж байсан хүн “Г.Аюурзана гэж залуу алаад хаялаа. Дэлхийн сонгодог шүлгүүдийг орчуулжээ. Мундаг орчуулжээ. Мундаг байна” л гээд унасан даа. Гэхдээ Баабар хэдий яруу найраг, утга зохиолын талаар хатуу шүүмж бичдэг ч, өөрөө яруу найраг, утга зохиол руу орж, ирж чадаагүй л байгаа юм. Баабарыг би эхэндээ маш их биширдэг байлаа. Бүр судлаач Д.Ганхуяг гуай хүртэл “Би Баабарыг дууриадаг” гэж шуудхан л хэлж байсан шүү дээ.

-Нийтлэлч Баабарыг биширдэг байсан гэлээ. Биширдэг хүнтэйгээ хэр их биечлэн уулзаж байв?

          -Оюутан байхдаа тамхины эсрэг өдрөөр сурвалжилга хийж яваад нийтлэлч Баабартай уулзаж байсан. Тухайн үед Баабар МУИС-ийн II байрны урд “Марк-II”(тийм байх гэж бодож байна) загварын автомашинаа байрлуулчихаад тамхиа татаад зогсож байхад нь тамхины талаар яриа авч байлаа (инээв). За хоёулаа ер нь сэтгүүл зүйн талаар яриад яах вэ.

-Сэтгүүл зүйн тухай ярихгүй орхиж болохгүй байх. Та ч мөн дээд сургуулиа сэтгүүл зүйн мэргэжлээр төгсөж байсан шүү дээ?

          -Би бакалаврын дипломоо хамгаалахын тулд заавал сэтгүүл зүйн сэдвээр хамгаалах болсон юм. Тэгэхээр нь би диплом хамгаалах сэдвээ уран зохиол руу ойртуулах гээд “Сонины ярилцлага дахь зохиолчдын хэв шинж, дүрийг стереотикийн онолоор тайлбарлах нь” гэдэг судалгаа ажлаар хийх болоод (инээв). Энэ маань өдөр тутмын сонины үйл ажиллагааг судалж байгаагаараа сэтгүүл зүй мөн. Нөгөөтээгүүр миний уран зохиолын дур, сонирхолтой, унших хүсэлдээ автсанд. Би дипломын ажлын судалгаагаараа “Өдрийн сонин”-ы хоёр жилийн дугаарыг судалсан.

          Яагаад энэ сэдвээр хийх болсон бэ гэхээр Монголд зохиолч, яруу найрагч гэхээр нэг л болохоо байсан хүмүүс гэж харах болсонтой холбоотой. Намайг ч гэсэн шүлэг бичээд эхлэнгүүт манай хамаатнууд “Зохиолчид гэж нэг л их архи уусан л хүмүүс байдаг шүү дээ”, “Дэмий юмаар хөөцөлдөж байна” гэж хэлж ярьсан байдаг. Тэгэхээр нь л дипломынхоо ажлыг үүнтэй холбогдуулаад зохиолч гэдэг архи, эмэгтэй хүнд дуртай, үсээ урт ургуулсан гэх зэрэг уншигчийн ойлголт, сэтгүүлчийн асуултуудыг судалсан. Гэтэл бүр сонины асуулт дээр нь хүртэл “Та ч одоо олон жил “дэл”, “сүүл”-ээ сайхан ургууллаа” гэсэн асуулт асуугаад, “дэл”, “сүүл” хоёрыг нь бас хашилтанд хийчихсэн байгаа юм аа. Тэгснээ “Олон ч жил Болор цомд сайхан уралдаж байна даа”, “Та ч сайхан гөвдөг хүн дээ” гэсэн асуултууд асуусан байгаа юм. Үүнээс харахад сэтгүүлч нь хүртэл “Манай зохиолчид гэж их уудаг хүн байдаг даа” гэсэн ойлголт өөртөө авчихаад түүнийгээ батлах гэж үзжээ. Монголын сэтгүүл зүйн салбарынхны ихэнх нь өөрсдөө уран зохиолын салбарынхан байдаг. Магад тэр талын хүмүүс учраас илүү ойр, хаа хамаагүй асуудаг, ярьдаг.

-Их сургуулиа төгссөнөөс хойш 10-аад жил сэтгүүлч, редактор мэргэжлээр ажилласан шүү дээ. Тэр үеийн дурсамжаа хуваалцаач?

          -Дурсамжсаад байх юу байх вэ. Бусадтай л адилхан ажилласан. Харин үеийнхнээсээ түрүүлээд редактор болж, редактороор ажилласан байх. 2010-аад оны сайтуудын мэдээллийн үе эхэлж байхад нэг хөгжилтэй юм болж байсан. Тухайн үед сайтууд мэдээгээрээ уралддаг. Хэн түрүүлж мэдээгээ хийсэнд нь ялалт ирнэ. Тэгээд Засгийн газрын хуралдаантай өдөр “Засгийн газрын хуралдаан эхэлнэ”, “Засгийн газрын хуралдаан эхэллээ”, “Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна” гэсэн мэдээнүүд орно. Нэгнээсээ аль болох хурдан байх гэж л тэгж оруулж байгаа хэрэг л дээ. Харин нэг өдөр “Засгийн газрын хуралдаан завсарлалаа” гэж мэдээ орсон юм. Араас нь “Засгийн газрын хуралдаан дахин эхэллээ” гэх мэдээ орох байсан ч, эхлэхгүй болохоор нь “Засгийн газрын хуралдаан эхлэхгүй байна” гэх хүртэл мэдээ оруулж байсан сэтгүүл зүйн түүхтэй орон шүү дээ, манайх чинь.

-Танд зохиолчид тавих шаардлага байгаа юу. Хэрэв байгаа бол юу вэ?

          -1988 онд Хэвлэл, утга зохиолыг хянах газрыг татан буугдсанаас хойш дуртай нь л номоо хэвлүүлж байна шүү дээ. Харин тэгсэн бүр зохиолч Д.Энхболд ахын анхны шүлгийн ном хүртэл хэвлэлийг хянадаг байхад хэвлэгдээгүй байдаг. 1990-ээд оны дундуур хэвлэлийн цаас ч ховор байсан юм шиг. Сонин, хэвлэлүүд ч хэвлэх цаасгүй хэцүүдэж байсан гэдэг. Гэсэн хэдий ч цаастай болсон ч зохиолчид нь шуудхан л зохиол, бүтээлээ бичээд хэвлүүлээд байсан зүйлгүй. Үнэн хэрэгтээ 1990-ээд онд нийгэм тэр даяараа шоконд орчихсон. Түүнээсээ гараагүй байж. Харин түүнээс өмнөх зохиол, бүтээлийн бараг 70 хувь нь үзэл суртлынх. Зохиолчдын хороо нь хүртэл Төрийн ордны дэргэд байсан. За тэгээд, энэ үеийн талаар илүү сайн мэдэх хүмүүс нь яриг дээ. Галсаа ахад 90-ээд он гээд бүлэг шүлэг хүртэл байдаг даа (инээв)_

-Харин өнөө цагийн уран зохиолын түвшин ямар байгаа гэж бодож байна вэ?

          -Гаднын сэтгүүлч, сэтгүүл зүй судлаачийн олон сургалтад сууж байхад “Өөрийнхөө талаар нэг сонирхолтой зүйлийг хэлээч” гэдэг. Тэр асуултад хүмүүс “Би тамирчин байсан”, “Би бүжигчин байсан” гэхээр л бүгд уулга алддаг. Тэгэхээр нь би нэг удаа “Би шүлэг бичдэг” гэсэн чинь гаднын хүмүүс уулга алдаж байхад манай монголчууд төдийлөн ойшоохгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, яг л миний бакалаврын ажил шиг архинд дуртай, үсээ ургуулсан, ер нь нэг сонин хүн гэсэн хэвшмэл ойлголтоор хүлээж авсан. Өөрсдийгөө зохиолч, яруу найрагч гэсэн хүмүүс өнгөрсөн 70 жилийн турш өөрсдөө энэ сонин хэвшмэл ойлголтыг бүтээсэн. Үүнийг засахын тулд яруу найрагч, зохиолчид өөрийгөө, өөрийн бүтээлээ гоё, сайхан байлгах хэрэгтэй. Адаглаад л гудамжаар согтуу явахаа больдог ч юм уу(инээв).

-Ярилцлагын эхэнд та уран зохиол, сэтгүүл зүй хоёрын хүрэх цэг өөр гэж хэлж байлаа. Хүрэх цэг нь өөр энэ хоёр чиглэлээр хоёулангаар нь амьдрах боломжтой гэж боддог уу?

          -Урлагийн Гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Маам гуай нэгэн ярилцлагадаа хэлсэн байдаг л даа. “Жинхэнэ сэтгүүлч, жинхэнэ зохиолч хоёр нэг биенд багтдаггүй юм аа. Үүнийг манай Л.Түдэв биеэрээ харуулж байна” гэж (инээв).

-ААВ МИНЬ НАМАЙГ 40 НАС ХҮРТЭЛ АМЬД БАЙХ ЁСТОЙ БАЙСАН ЮМ-

-Энэ хэдэн жил үзэл бодол тань ч олон өөрчлөгдсөн байх. Дахин Болор цом яруу найргийн наадамд оръё гэж бодож байв уу?

-Одоо дахиж орохгүй байх аа.

-Өвөрхангай, Хархорин, Эрдэнэзуу нутгаа санадаг уу?

          -Тэр зүг рүү л миний хамаг юм татагддаг. Манайх гэж айл Эрдэнэзуу хийдээс 20 орчим километрийн зайд Орхон голын сав дагаж нутагласаар Молхон гэж уулын бэлд зусдаг байлаа. Тэнд байсан тариалангийн бригадад бага насны дурсамжаа бүтээсэн. Өглөө босоход гэр маань харагдахгүй байхад ч, зэрэглээн дунд Эрдэнэзуу хийд бүртэлзэн харагддаг байлаа. Аав минь саяхныг болтол нутагтаа аж төрсөөр бурхан болсон.

-Таны хувьд хагацал гэж яг юу юм бэ?

-Ойр дотнын, хайртай, гэр бүлийн хүмүүсээсээ салахыг л хагацал гэнэ. Магад хорвоо дээрх хамгийн хэцүү уй гашуугийн мэдрэмж. Үүнийг хэн ч тойрч гарахгүй.

-Аавтайгаа холбоотой байдаг байсан уу?

          -Аавтайгаа цаг үргэлж л холбоотой байдаг байсан. Хүүхдүүдээ төрөхөд хүүхдүүдтэйгээ уулзуулж байлаа. Хүний элэг гэж цаанаасаа л ойр. Миний аав хүүхдүүдэд минь их сайн байсан сан. Аавыгаа өөд болсон гэх мэдээг сонсоод хэсэг хугацаанд цочролд орсон. Тайвширч өгөхгүй, ойр ойрхон тамхи татаад л хэсэг суусан даа.

-Хүн хамгийн их хайртай хүндээ зориулж шүлэг бичиж чаддаггүй гэдэг шүү дээ. Та аавдаа маш их хайртай байсан учир өнөөг хүртэл аавдаа зориулж шүлэг бичиж чадаагүй байх?

          -Би аавдаа зориулж, “Тэр хүн яг одоо юу хийж байгаа бол” гэж шүлэг бичсэн. Миний нэг танил “Аав хүн бага хүүхдээ 40 нас хүртэл амьд байх хэрэгтэй” гэж хэлж билээ. Одоо тэр үг бодогдоод салахгүй байгаа юм. Аав минь намайг 40 хүртэл амьд байх ёстой байсан юм...

***

Энэ хүрээд сэтгүүлч, яруу найрагч Т.Есөн-Эрдэнэ бид хоёр яриагаа өндөрлүүлэх болсон. Ярилцлага дуусахад ярилцлагын өмнө уулзсан шавилхан ярилцагч маань хэдийнэ “том хүн” шиг харагдах. Т.Есөн-Эрдэнэ сандлаасаа түрүүлж босоод гарыг минь эелдгээр барилаа. Тэгээд уулзсан шигээ халуун, дотноор тэвэрч, ярилцлагаа өндөрлүүлсэн билээ. Бидний ярилцлага дуусахад яриа эхлэхээс өмнөхөн задалсан ярилцагчийн маань хайрцаг тамхи хэдийнэ дууссан байв.

 


СЭТГЭЛИЙН ГҮНД...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-10-12 11:05:22
    Zochin: Naizdaa amjilt husey.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-10-11 13:32:40
    zochin: aviaastai schuu!!!, amjilt chusei. ( tamchia bagasga, tegeed gar !)
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-10-11 13:32:39
    zochin: aviaastai schuu!!!, amjilt chusei. ( tamchia bagasga, tegeed gar !)
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-10-11 13:32:38
    zochin: aviaastai schuu!!!, amjilt chusei. ( tamchia bagasga, tegeed gar !)
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188