• Өнөөдөр 2024-04-26

Б.ГАЛСАНСҮХЭД “ХЭЛЭХ ЗӨВЛӨГӨӨ”

2021-09-15,   3502

“Нэг, хоёр, гурав

Дөрөв, тав, зургаа, долоо

Надад үхэх долоон шалтгаан хэрэгтэй”. “Үхэх долоон шалтгаан хэрэгтэй” энэ шүлэг яруу найрагч Б.Галсансүхийн “Дахиад зүүд II” шүлгийн эхлэлийн хэсэг. Ардын уран зохиолч П.Бадарчийн тодорхойлсноор “XXI зууны Монголын яруу найргийн өнгө болж” яваа түүний шинэчлэлт шинэлэг шүлгүүд олон арваны турш дэлхийн “хөл”-нөөс хоцорч байсан Монголын яруу найргийг постмодерн үед шилжүүлж, дараагийн үеийн залуустаа ч, өөртөө ч “шинэ амьдрал” бэлэглэжээ.

 

-БҮЖГИЙН ДУГУЙЛАНД ЯВААД ХӨЛИЙНХ НЬ ШӨРМӨС ТАТСАН УЧИР ЯРУУ НАЙРАГЧ БОЛЖЭЭ-

Б.Галсансүх багадаа бүжигчин болохоор шийдэж, “Хан Хэнтий” чуулгын бүжгийн дугуйланд явж, бүжгээр хичээллэж байсан гэнэ. Гэсэн ч “яруу найрагч болохоор төрсөн” Б.Галсансүх бүжгээр хичээллэж байх үед нь хөлийнх нь шөрмөс татаж, бүжгээр хичээллэхээ больсон юм. Үүний дараа  хөгжимчин болохоор морин хийлийн дугуйланд элстэл, “Б.Галсансүх сонсголгүй” гээд тэнцээгүй гэнэ. “Пионерын үнэн” сонины гар зургийн уралдаанд зориулж, зураг зурсан ч өөрт нь таалагдаагүй болохоор пийшиндээ хийгээд шатаачихсан. Ингээд л Б.Галсансүх “урлагийн мөрөөдөл”-өө хаяжээ.

“Мөрөөдөлгүй болсон” бага сургуулийн хоёрдугаар ангийн хүү Б.Галсансүх гэрийнхээ гадна ээжийнхээ дэргэд нар ширтэж хэвтэхэд нь “Ер бусын алтан зөгийнүүд нисэж байгаа харагдаж, ялаанууд үлгэр ярьж өгөх мэт дүнгэнэлдэж байхыг сонсоод үзэг, цаас барьсан” юм байна. Ингэж л 10 настай Б.Галсансүх анхныхаа шүлгийг “төрүүлж” байсан гэдэг.

Нэгэн өдөр “Пионерын үнэн” сонины нэг дугаараас шүлгийн тэмцээн зарласныг нь олж уншжээ. “Урлагийн мөрөөдөл”-өө хаясан ч, эргэж олсон Б.Галсансүх бичсэн шүлгийнхээ ноорхой цаасыг дэлгэж, чамбай гэгч нь дахиж бичээд шүлгийн тэмцээнд оруулахаар явуулсан байна. Гэсэн хэдий ч шүлгийн тэмцээнд явуулсан шүлэгт нь хариу ирээгүй болохоор тэгээд л мартчихсан гэх. Харин гуравдугаар ангид орсон намар нь өдрийн цайны цагаар ах нь “Пионерын үнэн” сонинд талхаа боочихсон ирж л дээ. Ахынхаа талх боож ирсэн “Пионерын үнэн” сонины дугаарыг аваад унштал “Хэнтий аймгийн хоёрдугаар найман жилийн 2A ангийн сурагч Б.Галсансүх “Сансарт хүрсэн найрамдал” шүлгээрээ гуравдугаар байрт орлоо” гэсэн гарчигтай мэдээ уншжээ. Ингэж л Б.Галсансүх санамсаргүй уншсан “талхны хайрцаг”-наас яруу найргийн эхлэлээ тавьсан аж.

Эхэндээ юу уншиж, судлахаа мэдэлгүй Б.Галсансүх “Зүрхний хилэн”, “Манан будан”-д донтож явсаар Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Нямаа багштайгаа таарчээ. Л.Нямаа багш Б.Галсансүхэд өдөрт таван шүлэг бичиж, шалгуулж байхыг зөвлөсөн байна. Багш, шавь бололцсоноос хойш дөрвөн жил өнгөрсний дараа Л.Нямаа багш нь түүнд хандаж, “Одоо багшийнх нь чамд заах юм дууссан. Чамайг хоёр хүний аль нэгэнд нь шавь оруулна. Чи хэнд нь шавь орохоо өөрөө мэд. Нэг нь Н.Нямдорж гэж манай Хэнтийн уугуул,  Р.Чойномын найз, яруу найрагч хүн байдаг юм. Одоо Эрдэнэтэд манаач хийж байгаа. Нөгөө нь Д.Пүрэвдорж гэж мундаг яруу найрагч бий. Харин чи хоёр хоногийн дараа ирээд хэнд нь шавь орохоо хэлээрэй” хэмээжээ. Хоёр хоногийн дараа Б.Галсансүх шийдвэрээ гаргаж, “Н.Нямдоржид шавь оръё” гэж. Тэгээд л Л.Нямаа багшаараа захиа бичүүлж аваад Б.Галсансүх Эрдэнэт рүү гараад хийчихэж. Н.Нямдорж дээр очиж, Л.Нямаа багшийнхаа захиаг үзүүлснээс хойш шинэ багш нь Б.Галсансүхэд Оросын яруу найрагчдын бүтээлүүдийг уншуулж, хамтдаа манаанд гарч, шүлэг бичиж суудаг болов оо. Л.Нямаа багшаас ялгаатай нь Н.Нямдорж багш нь Б.Галсансүхийг өдөр нэг шүлэг бичиж, түүний дахин 20-30 удаа хуулж бичихийг зөвлөсөн байдаг. “Харин хуулж бичиж болгондоо өөрт таалагдаагүй үгээ хасаарай” гэсэн Н.Нямдорж багшийнхаа үгийг дагаж, зуны амралт бүрээрээ Хэнтийгээс Эрдэнэт очиж, зуссаар сургуулиа төгссөн юм. Гадаад хэлний дээд сургуулийн орос, герман хэлний ангид шалгалт өгч тэнцсэн Б.Галсансүхэд ээж нь хадгаламжийнхаа мөнгийг сарын цалинтайгаа өгөөд явуулжээ.

-“ЯРУУ НАЙРГИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨЛӨӨХ 100 ЖИЛИЙН ДАЙН”-Ы ЭХЛЭЛ-

Гадаад хэлний дээд сургуулийн орос, герман хэлний ангидаа элсэж, нэг жилийн хугацаанд сурсан ч хоёрдугаар курсдээ сургалтын төлбөрөө төлөх боломжгүй болж “Улаанбаатар” сонинд идэвхтэн бичигтнээр орж, удалгүй сурвалжлагч болсон байна. Хичээж, идэвхтэй ажилласаар Б.Галсансүх хэлтсийн даргаад дэвшиж, 19 насандаа орлогч эрхлэгч болсон юм. Дээд сургуулиа ч хаяж, цэргийн албанд “мордож” хүндэт харуулын 032 дугаар ангид  алба хашжээ. Цэргийн алба хашиж ирснийхээ дараа “Ардын эрх” сонинд Н.Билгүүн, Г.Аюурзана, Л.Өлзийтөгс, Ц.Хулан, Х.Тэргэл, А.Эрдэнэ-Очир, Б.Сарантуяа, Р.Эмүжин зэрэг үеийн нөхөртэйгөө сурвалжлагчаар ажиллаж эхэлсэн байдаг. Харин “Ардын эрх” сонины ажлаа хүлээлгэж өгснөөс хойш “Ноцтой мэдээ” сонин эрхлэгчээр ажиллаж эхэлсэн юм.

Б.Галсансүх анхны яруу найргийн номоо “Зөн” цувралд “Хүн судлал” нэртэйгээр 1995 онд хэвлүүлж байлаа. Харин “анхны хүүхэд нь төрснөөс хойш” найман жилийн дараа буюу 2003 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн нэрэмжит шагналыг “Хүн судлал” номоороо хүртсэн байдаг.

-ЯРУУ НАЙРГИЙН “АТАМАН”-

Яруу найрагч Б.Галсансүх “Бурханд хэлэх зөвлөгөө” шүлгээрээ

“Бурхан гуай

Чиний хэлсэн бүгдийг чинь бид биелүүлдэг

Чамд хэлэх нэг зөвлөгөө байна

Чи битгий хуц” хэмээн бурханд зөвлөгөө өгсөн түүнийг утга зохиолын хүрээллийнхэн нь “Яруу найргийн атаман” гэх нь бий.

Тэрбээр анхны “Хүн судлал” номноосоо хойш “Яруу найргийн шинэчлэлийн төлөөх 100 жилийн дайн”, “Постмодерн дөрвөн улирал”, “Сэтгэл гэдэг эрхтэн”, “Бурханд хэлэх зөвлөгөө” зэрэг бүтээлээ хэвлүүлсэн.

“Загас, сармагчин хоёртой хэлээ ололцолгvй

Зовж, хэлмэрч хайж 1600 үеийг туулахад

Зуслан эсвэл өвөлжөө рүүгээ нүүх аятайхан санагдаад, арслан

Заан агнаж, агуйд амьдрах аягүй санагдаад 1200 үе өнгөрлөө.

Монголын радио Хятадаар мэндлэхэд би үхнэ” хэмээх шүлгээ 2006 оны Болор цом яруу найргийн наадамд уншиж, Болор цомын эзэн болж байв. Түүний Монголын яруу найрагт оруулсан хувь нэмрийг үнэлж их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит шагналаар шагнасан юм.

Б.Галсансүх нэгэн удаа “Би яруу найргийн уралдаанд оролцох дургүй. Уралдаан нь сүүлдээ уралцаан болж дуусдаг” гэж байлаа. Түүний яруу найрагт баримталдаг зүйл нь хэдий хэр их шүлэг бичиж, өөрийгөө давтах бус, илүү шинэлэг байж, шинэчлэл хийхийн төлөө. Б.Галсансүх “Яруу найргийн шинэчлэлийн төлөөх 100 жилийн дайн” шүлэгтээ

“Алтан намар. Мөнгөн сар. Хүрэл үүл.

Алтан намар. Мөнгөн сар. Хүрэл үүлсийн чөлөөнд

Архичин жүнз, яруу найрагч мэт ширээн дээр

Гүн ухаантан мэт бодлогошроход

Гэрэл мэт нохойн дуу гутрал мэт шөнөөр

Гар чийдэнтэй бүсгүй санаа алдах мэт сонсогдоход

Алтан намар. Мөнгөн сар. Хүрэл үүл.

Алтан намар. Мөнгөн сар. Хүрэл үүлсийн чөлөөнд

Амраг охин мэт лонх, гүн ухаантан мэт дарс

Яруу найрагч мэт жүнз, сарны гэрэл мэт

Ширээн дээр зочид минь үзэгдэж

Сонгодог зураг мэт санагдахад

Алтан намар. Мөнгөн сар. Хүрэл үүл.

Алтан намар. Мөнгөн сар. Хүрэл үүлсийн чөлөөнд

Архичин жүнз яруу найраг мэт шүлэг уншин гуйвахад

Амтлаг болоод тансаг найрагч ширээ мэт нойрсоход

Архины шил гүн ухаантан мэт бодлогошроход

Муур эвшээлгэх дуунд дэнлүү савчин унтрахад

Мэлхий мэт ширээний цагнаас сэрүүлэгний дуу сонсогдоход

Алтан намар. Мөнгөн сар. Хүрэл үүл” гэсэн юм.

Яруу найрагч Б.Галсансүх “Би ямар нэгэн изм-д баригдаж бичихийг хүсдэггүй. Шинэлэг байхыг хүсдэг” хэмээсэн. 2000-аад оны Монголын яруу найргийн “нар” болж байсан түүнийг утга зохиол судлаач, шүүмжлэгч С.Энхбаяр шүүмждээ “Постмодерн фронт командлагч” гэж зарласан юм. Ингэж л дэлхийн яруу найргийн түүхэн изм дундаас хоцорч үлдсэн Монголын яруу найраг Б.Галсансүхийн “100 жилийн дайн”-ы “ачаар” постмодерн эрин үетэй хол залгасан байж болох.

-“ААВЫНД” ӨНГӨРҮҮЛСЭН ӨДРҮҮД-

Б.Галсансүхийг хүн бүр өөр өөрийнхөөрөө мэднэ.

Постмодерн фронт командлагч, Яруу найргийн атаман бас “Ялтан Б.Галсансүх”.

2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр буюу 2020 оны зургадугаар сарын 20-нд Б.Галсансүхийн жолоодож явсан “Ланд Круйзер-200” маркийн автомашин Төв аймгаас Улаанбаатар хот руу орох замд онхолдож, тухайн автомашинд зорчиж байсан хоёр хүн амиа алдсан. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс уг хэрэгт Б.Галсансүхийг буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь зургаан жилийн хугацаатайгаар хасаж, 3.3 жилийн хорих ял оноосон.

          Хэрэг гарсан өдрийн талаар Б.Галсансүх шинээр хэвлүүлсэн “Mein Kampf” буюу “Шүлэг бичих” нэртэй номондоо “Урд талын жижиг тэрэг сажлах шахуу явж байв. Түүнийг алгуур тойрч гараад 4-5 км яваад гүвээ даваад буумагц гэнэт жолооны хүрд дийлдэхээ больж, машины тормоз ажиллахгүй жалга руу өнхрөн уналаа. Ар талд явсан суудлын жижиг тэрэгний залуучууд шөнийн харанхуйд утасныхаа гэрлийг асаан ирцгээв. Машины бүхээг дотор сансрын нисгэгч Э.Гүррагчаа, В.А.Жанибеков хоёр “Сюз-39” хөлөг дотор жингүйдэх адил ослын дэр энд тэндээс под подхийн гарч ирэхийг удаашруулсан кино лугаа үзсэн би вээр ар талаа эргэн харваас дайгдаж явсан сэтгүүлч, зураглаач хоёр алга. Хажуу талаа харвал Б.Батхүү маань хамгаалалтын бүсэндээ даруулан яраглан хэвтэж байв. Машины хаалга, үүд нь гацаад онгойхгүй байсан тул шил, толь нь бут үсэрсэн дээд талын онгорхой салхивч руу зүтгэлээ. Ашгүй мөнөөх залуус дуу шуутай ирж гарахад минь туслав. Дараа нь хажуу суудалд сууж явсан Б.Батхүүгээ машинаас татаж гаргав. Энэ ослын үеэр миний машиндаа авч явсан УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Д.Сүндийгийн “Ноцтой мэдээ” сонинд гарсан сурталчилгааны төлбөр болох 10 гаруй сая төгрөг талаар нэг цацагдсан юм” гэж “Авто осол уу, Х.Мандахбаярын нууц аллага уу” гэсэн бичвэртээ бичсэн байна.

Яруу найрагч Б.Галсансүхийн шинээр хэвлүүлсэн “Шинэ шүлгүүд” номын нэгэн шүлэгт

“Би буруугүй гэсээр шүүхээс шоронд хүргэгдэв

Би буруугүй гэсэн хүн шоронд олон байв

Би буруугүй гээд хуруугаа тас хазаад

Баталгаа нь энэ байна гээд шүүгч рүү шидсэн ч хүн байна

Би буруугүй гэсэн олон хүний дунд байхад

Би буруутай юм шиг санагдах болов” хэмээсэн байна.

Энэ талаар Б.Галсансүх “Одоо хүртэл энэ дүү нарын оронд хөгшин би үхчихгүй яав даа гэж үргэлж бодож шаналж явна даа” гэсэн юм.

-Б.ГАЛСАНСҮХ БИШ Д.ГАЛСАНСҮХ-

Постмодерн фронт командлагч Б.Галсансүхэд өршөөгдөж, “аавынх”-аас гарч ирмэгцээ нэгэн зэрэг хоёр шинэ номоо “өлгийдөв”. “Шинэ шүлгүүд”, “Шүлэг бичих” гэх нэртэй хоёр номын хавтсыг нь л харахад алдаа олж, харах шиг болсон юм. Тэр юу вэ гэхээр, зохиогч нь Б.Галсансүх биш Д.Галсансүх байх нь тэр.

Өмнө нь эцгээрээ овоглож Баатарын Галсансүх байсан бол өдгөө эхээрээ овоглож Дэжидмаагийн Галсансүх болсон хэрэг л дээ. Түүний хувьд шинэ хоёр ном бол баталгаа. Эхээрээ овоглосон, яруу найргийн онгодоо олж, яруу найрагтаа эргэж ирсний баталгаа. Яруу найрагчийн “Шинэ шүлгүүд” номын нэгэн шүлэгт

“Аав гэдэг үгэнд би

Анхнаасаа л дургүй байж

Хүчээр л шахуу

Хэлдэг байж

Ээжийг нас барснаас хойш

Энэ үгийг хэлэх хэрэггүй болж

Хүүхдүүдийг хүртэл энэ үгийг

Хэлэхэд дургүй хүрэх болж” хэмээсэн нь яруу найрагч Б.Галсансүхийн овгоо сольсонтой нь жаахан ч болов холбоотой байж магад.

Нөгөө талаараа Б.Галсансүх, Д.Галсансүх хоёр өөр ч хүн байж болох. Шинэчлэлийн төлөө, шинэ зүйлийн төлөө бичиж, туурвиж байсан Б.Галсансүх дурсамж номоо бичих болсон нь “сэжигтэй”. Олон улсын бичгийн хүмүүс ихэвчлэн дурсамж номоо бичихээрээ л “дурсамжиндаа үлдээд” дахин шинийг бүтээн туурвихаа больдог “жамтай”. Гэсэн хэдий ч дурсамж номоо дахин шинийг эрэлхийлж, урагш давшилсан уриа үгээр төгсгөжээ.

Монголын яруу найргийн төлөө урагшаа. Ухрах зам алга. Дэлхийн яруу найргийн төлөө урагшаа. Ухрах зам алга.

 


Б.ГАЛСАНСҮХЭД “ХЭЛЭХ ЗӨВЛӨГӨӨ”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-03-26 20:04:51
    ГАЛСАН СҮХЭД ХЭЛЭХ ҮГ: ЗАРИМ ШҮЛЭГТЭЭ ТАЙЛБАР ХИЙЖ ОЛОН НИЙТЭД ЗӨВ ОЙЛГОТ ӨГЧ БАЙ. ХҮН БҮР ТАНЫ СЭТГЭСНЭЭР СЭТГЭЖ ОЙЛГОХОД БЭРХ ДАЛД УТГУУД БАЙГАА Л БАЙХ ШҮҮ. ОДОО САЙН САЙХНЫ ТАЛААР НЭГ БИЧЭЭД ҮЗ. ДАНДАА МУУАХ, ШҮҮМЖЛЭХ НЬ БАС ХАР МӨРТЭЙ, СЭТГЭЛЗҮЙН ДАРАМТТАЙ ШҮҮ. УЯНГЫН ФИЛОСОФЛОГ ШҮЛЭГ ОРОЛДООД ҮЗДЭЭ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-15 23:03:43
    зочин: Мэдэхгүй юм даа, яах гэж бохир улс төрчидтэй хамт сонгуульд явсан юм бэ яруу найрагч хүн байж, одоо ногоон цагаан хоолонд ор гэгээр, авшиг хүрт, тэгээд хүмүүсийг авар дэлхийг авар
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188