• Өнөөдөр 2024-04-18

Коронавирусийн ашигласан тест хогийн цэгт ил хаягдаж, халдвар тархах ЭРСДЭЛ үүсгэж байна

           Нийслэл, орон нутгийн эмийн сангуудаар коронавирус илрүүлэх болон эсрэг биет илрүүлэх гэсэн хоёр төрлийн тест худалдаалж буй. Тэгвэл уг тестийг иргэд ашигласныхаа дараа ахуйн хог хаягдалтайгаа нийлүүлэн хаяж байна. Жишээ татахад, иргэн Б халдварын шинж тэмдэг илэрч эхэлсэн тул эхний удаад коронавирусийн тестээр өөрийгөө шинжлэхээр болов. Үүнийхээ дараа өнөөх тестээ уутанд хийж, ямар нэгэн байдлаар битүүмжлэхгүйгээр гэрийнхээ хогийн саванд хаячихаж. Гэтэл түүний шинжилгээний хариу эерэг гарсан байжээ. Энэ тохиолдолд уг тест аюултай хог хаягдалд орох юм. Гэвч хүнс зэрэг ахуйн хог хаягдалтайгаа хамт хаяж буй ашигласан тест хогийн цэгт ил задгай байгаа нь халдвар тархах эрсдэл болж байгаа юм. Иймд ашигласан тест буюу аюултай хог хаягдлыг гэрийн нөхцөлд хэрхэн хаяж, устгах, үүнд ямар зохицуулалт хэрэгжиж буй талаар холбогдох хүмүүсээс тодрууллаа.

"Халдварын улмаас гэрээр эмчилгээ хийлгэж байгаа иргэдийн хэрэглэсэн зүйлс болон ашигласан тестийг ахуйн хог хаягдлын журмаар зайлуулахаас өөр аргагүй"

             Ашигласан тестийг ахуйн хог хаягдалтай хаяж буй асуудалд мэргэжлийн хяналтын газар ямар хяналт тавьж байгаа талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тодрууллаа. Эрүүл мэндийн улсын байцаагч "Коронавирусийн тест аюултай хог хаягдалд орно. Ер нь коронавирусийн улмаас гэрээр эмчилгээ хийлгэж буй болон хөнгөн туссан иргэдийн эдэлж, хэрэглэсэн зүйлс ахуйн хог хаягдлын журмаар зайлуулагдаж байгаа. Энэ асуудалд ямар нэг зохицуулалт алга байна" гэсэн юм. Мөн "Иргэд аюултай хог хаягдлыг шар өнгийн уутанд хийж хаях ёстой" гэлээ.
 

-Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдал зүү, хурц үзүүртэй зүйлс, бохирдсон материал хүний биеийн шингэн, aнатомийн хог хаягдал, тариур, наалдац бэлтгэсэн тавиур шил зулбасан ураг, эхэс, хүний ялгадас зэрэг ордог-

          Эмийн сангийн эм зүйчид коронавирусийн тест худалдан авч буй иргэдэд "Тестээ ашигласныхаа дараа уутанд хийгээд хая" хэмээн зөвлөж буй. аюултай хог хаягдлын шар, улаан зэрэг өнгийн уутанд хийх ёстой юм байна. Энэ талаар иргэд хэр мэдээлэлтэй байгаа болон коронавирус илрүүлэх тестийг хэрхэн ашиглаж, хаяж буй талаар тодрууллаа.

"ЭМИЙН САНД ТУСДАА ӨРӨӨ ГАРГАЖ, ТЕСТЭЭР ШИНЖИЛГЭЭГЭЭ АВСНЫ ДАРАА ТЭНДЭЭС ЭМНЭЛГИЙН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛД НИЙЛҮҮЛЭН УСТГАХ ХЭРЭГТЭЙ"

 
Хан-Уул дүүргийн XII хорооны оршин суугч Т.БОЛОР:
        -Гэрийнхээ ойролцоох эмийн сангаас 23 мянган төгрөгөөр коронавирусийн тест авсан. Ингээд ээжээрээ хамар арчдас авахуулж, тестэн дээрээ дусаасан. Ганцхан минутын дотор хариу нь гардаг юм билээ. PCR шинжилгээ өгөхөд хамарнаас арчдас авахдаа чихний хөвөн шиг зүйлээр авдаг шүү дээ. Түүн шиг хөвөн тестний савлагаанд байна лээ. Хамарнаас арчдас авахдаа зааврынх нь дагуу таван удаа эргүүлсэн. Юмыг яаж мэдэх вэ гээд 30 минут хүлээтэл хариу нь өөрчлөгдөөгүй. Шинжилгээ авсан тестээ гэрийнхээ хогийн саванд хаясан. Аюултай хог хаягдал бодоогүй, санасан ч үгүй. Хайрцганд нь буцааж хийгээд хаясана. Ахуйн хог хаягдлаас аюултайг нь шар өнгийн уутанд хийдэг талаар мэдээгүй. Хүнснийхээ хогтой хамт хаячихсан шүү дээ. 
 
Баянгол дүүргийн XVIII хорооны оршин суугч Б.ОЮУНБАТ:
 
      -Коронавирусийн тест худалдаалж байгаа эмийн сангуудад тусдаа өрөө гаргах хэрэгтэй. Тест худалдан авч буй иргэд эмийн санд байхдаа тусдаа өрөөнд авсан тестээрээ өөрийгөө шинжилж үзэх нь зөв байх. Ингэснээр ашигласан тестээ эммийн сангийн хогийн саванд ангилж хийгээд, тэндээсээ эмнэлгийн хог хаягдалтай нийлүүлж, устгалд оруулж болох байх. Ингэж шийдсэн нь арай дээр болов уу. Тэгэхгүй бол иргэд ашигласан тестээ ахуйн хогтойгоо хамт ил задгай хаяж байна. 
 
Сүхбаатар дүүргийн IX хорооны оршин суугч Ж.Х:
 
          -Би коронавирусийн тестээр өөрийгөө шинжилж үзээгүй. Ямартай ч, тэр тестийг тухайн иргэн ашигласан л халдвартай эсэхээ шалгаж буй учир аюултай хог хаягдалд орно. Тэгэхээр хувь хүний хариуцлага их чухал. Иргэд дор бүрнээ хариуцлагатай, болгоомжтой байх хэрэгтэй. 
Аюултай хог хаягдлыг шар өнгийн уутанд хийдэг гэдгийг өвөө нь мэдэхгүй байна. Бараг хоёр жил гэрт хоригдлоо. Хөл хорио, цар тахал гээд гэрээсээ гарч чадсангүй.  
 
Сүхбаатар дүүргийн X хорооны оршин суугч Х.МЯГМАРСҮРЭН:
 
          -Ашигласан тестээ гялгар уутанд хийгээд л хаях байлгүй. Өөр арга байхгүй. Ер нь цаг үе улам л хэцүү болчихлоо. Иргэд халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримаар байна. Ядахдаа амны хаалтаа заавар зөвлөмжийн дагуу нугалаад, эвхээд хаях ёстой. Эгч нь бол гэртээ орж ирээд хүүхдүүдийнхээ амны хаалтыг эвхээд хаядаг. Амьхандаа л их дэгтэй байгаа. Одоо үед хувь хүн өөрөө л их хариуцлагатай байхгүй бол их хэцүү цаг ирчихээд байна. Эмнэлгийн байгууллага, нийгэмд бурууг өгөөд байж болохгүй. Хувь өөрөө маш их дэгтэй байх ёстой. Манайх шиг хүн ам цөөтэй оронд өдөрт 2000 мянган хүн халдвар авч, 10 гаруй хүн нас барна гэдэг харамсмаар байна.
 
Ашигласан тест ахуйн хог хаягдлаар дамжаад Цагаан давааны гэдэг ч юмуу хогийн цэгт очиж байгаа. Тэндхийн хүмүүс үзэж сонирхоод, ухчихвал эрсдэлтэй шүү дээ. Үүнээс эхлээд алдвар тархах эрсдэл ойрхон байна. Ялангуяа, зуны улиралд ууршилт их явагдаж байгаа шүү дээ. 
 

         Нийслэлийн мэргэжлийн хяналт, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ХӨСҮТ, Эрүүл мэндийн яам зэрэг байгууллагаас ашигласан тест аюултай хог хаягдалд орох эсэх талаар асуухад бүх төлөөлөл "тийм" гэж хариулсан. Гэвч ашигласан тестийг ахуйн хог хаягдалтай нийлүүлэн, устгадаггүй нь халдвар тархах эрсдэл болж буй тухайд холбогдох мэргэжилтнүүд "зохицуулалт байхгүй" гэх тайлбар өгч буй нь "амь амиа бод" гэж байгаагаас ялгаа алга. Гэрээр эмчилгээ хийлгэж буй иргэд хог хаягдлаа, ашигласан тестээ шар өнгийн уутанд хий хэмээн зөвлөж буй боловч энэ талаар огтхон ч мэдээлэлгүй байна.


Коронавирусийн ашигласан тест хогийн цэгт ил хаягдаж, халдвар тархах ЭРСДЭЛ үүсгэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188