Коронавирусийн халдварын шинэ тохиолдлын тоо хоногт 2200-гаас буухгүй, нас баралт 10 дундажтай байх болж, нийт батлагдсан тохиолдлын тоогоороо тивдээ тэргүүлж эхэлсэн нь нийгмийг айдаст автуулаад буй. Тэгвэл Эргэлт.мн мэдээллийн сайт коронавирусийн халдварын талаарх иргэд айдас ямар хэмжээнд байгаа, мөн халдвар авсан тохиолдолд эмчилгээний санхүүгийн боломжтой эсэхийг нь тодрууллаа.
Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны иргэн О.Л: Би хүмүүст жимсээ зарахаас илүү “Бээлий өмс, амны хаалтаа ойр ойрхон соль” гэж зөвлөж явдаг болсон доо

Би 11:00 цагийн мэдээг их сайн сонсдог байсан. Сүүлийн өдрүүдэд сонсож амжихгүй л явна. Хүмүүсээс дуулахад халдварын тохиолдол их гарч байна гэсэн. Үүнд иргэд өөрсдөө буруутай. Би захуудаар явж жимс зардаг юм. Тэгээд иргэдийг ажиглахад амны хаалт зүүсэн хэрнээ бээлий огт өмсөхгүй байна. Гадуур их явж байна. Уг нь онцын шаардлагагүй бол гэрээсээ гармааргүй л байна. Би амьдралын шаардлагаар хүмүүстэй их харилцаанд ордог. Тэр болгондоо жимсээ зарахаас илүү бээлий өмс, амны хаалтаа ойр ойрхон соль гэж зөвлөөд явуулдаг даа. Хэрвээ би коронавирусийн халдвар авбал эмчлэх зардал мөнгө байхгүй. Тийм болохоор халдвар хамгааллын дэглэмээ л сайн сахих хэрэгтэй байна.
Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны иргэн Х.Т: Хүмүүсийн халууныг үзээд байгаа халуун хэмжигчийг ариутгахгүй байгаа нь халдвар тархах эрсдэл үүсгэж байж болзошгүй

Эрүүл мэндийн яамны мэдээллийг өдөр бүр сонсдог. Өнөөдөр 2213 хүнээс халдвар илэрсэн байна лээ. Ер нь сүүлийн өдрүүдэд халдвар 2000 мянгаас буухгүй байна. Халдвар ихсэж буй шалтгаан нь хүмүүс эмх, замбараагүй байна. Бас дэлгүүрт бугуйнд наадаг халуун хэмжигчээр халуун үзээд байна шүү дээ. Үүнийг би их сэжиглэж байгаа. Эхний хүний халууныг үзчихээд нөгөөх халуун хэмжигчээ ариутгахгүй дараагийн хүний халууныг үзэж байна. Энэ нь халдвар тархах эрсдэл үүсгэж байж болзошгүй. Би өөрийгөө халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж байгаа гэж бодож байна. Гэрээсээ онц шаардлагагүй бол гарахгүй байна. Хүнс, төлбөр тооцоо төлөх зайлшгүй шаардлагатай үед бээлий, амны хаалтаа сайн зүүж гэрээсээ гарч байна. Санхүүгийн хямралтай байгаа энэ хүнд үед коронавирусийн халдвар авах юм бол хүүхдүүдээсээ мөнгө авч л эмчлэх байх. Өөрөөр надад боломж байхгүй ээ. Тэтгэврийн мөнгө маань хоол унд гээд л таардаг.
Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо Ц.Ө: Халдварын тоо хоёр мянгаас буухгүй байхад иргэд тоосон шинжгүй байна

Халдварын тоо хоногт хоёр мянга давдаг нь хэвийн үзэгдэл мэт боллоо. Иргэд анх халдварын тоо 100 гарахад л сандар ч түгшдэг байсан. Гэтэл одоо халдварын тоо хоёр мянгаас буухгүй байхад тоосон шинжгүй. Бараг дасал болсон байна. Энэ тоонд ерөөсөө дасаж болохгүй. Энэ бол аюул шүү дээ. Төр засгаас одоо ямар ч арга хэмжээ аваад нэмэргүй болсон. Иргэд өөрсдийнхөө төлөө өөрсдөө л тэмцэх хэрэгтэй. Хамгийн эмгэнэлтэй нь манай байрны гадна 20, 30 хүүхэд амны хаалтгүй, тоглож байна. Гэтэл хажууханд нь 166 дугаар цэцэрлэг гээд халдварын голомт байна шүү дээ. Би халдвар хамгааллын дэглэмээ хэрэндээ л сайн баримталдаг. Хүнсээ цуглуулахаар л гэрээсээ гарч байна. Тэгээд гэрээсээ гараад автобусанд суухад л бөөгнөрөл үүсэж байна. Энэ мэтчилэн аюул их байна. Би халдвар авчихвал эмчилж чадах боломжийн амьдралтай хүн биш ээ. Тийм болохоор аарц, сармис түлхүү хэрэглэж, өөрийгөө хамгаалж байна даа.
Баянзүрх дүүрэг гуравдугаар хорооны иргэн П.Ц: Зөвхөн өөрийн үр хүүхэд гэхгүй “Монголын нийт ард түмнийг энэ аюулт өвчнөөс хамгаалж өгөөрэй” гэж цайны дээжээ өргөдөг

Эрүүл мэндийн яамны мэдээллийг сүүлийн өдрүүдэд сонсохоо больсон. Сонсох бүрд л халдвар, нас баралт нэмэгдсэн байх юм. Тэгээд тэр тоог сонсохоор сэтгэл хямраад, даралт ихсэх юм. Үүний цаад шалтгаан МАН-ын сонгууль, Ерөнхийлөгчийн шагнал, урамшууллаас л боллоо гэж бодож байна. Мөн иргэд өөрсдөө халдвар хамгааллын дэглэмээ баримтлахгүй байж төр засгаа их шүүмжилж байна. Өөрсдөө ядаж гадуур гарахдаа бээлий тогтмол өмс л дөө. Бид хүн ам цөөхөн учир жаахан хичээх юм бол цар тахлыг даваад гарчихна шүү дээ. Би ач, зээгээ харж, гэртээ суудаг. Тэгээд ач, зээдээ халдвар өгчих вий гэж их санаа зовно. Ерөөсөө гаднаас орж ирэхдээ амны хаалтаа спиртээр ариутгаад, хатахаар нь зүүж хэрэглэдэг. Ач, зээдээ ганга, аарцыг цай шиг л өгч байна. Эгчид нь үүнээс өөр чадах зүйл байх биш дээ.
Баянгол дүүрэг есдүгээр хорооны иргэн Д.А: Гараа тогтмол ариутгаж, хувцсаа өдөр болгон угааж, спиртээр ариутгаж байгаа

Анх Хятадын Ухань хотод шинэ төрлийн вирус илэрлээ гэхээс эхлээд нөхцөл байдлын мэдээ тасралтгүй үзсэн. Бусад улс коронавирусийн халдвараас болоод хэцүү байхад манай улс л дотооддоо алдаагүй гэж бахархаж байлаа. Гэтэл одоо манай улс шиг аюултай улс алга. Хэдхэн хүний буруутай шийдвэрээс болж ийм байдалд хүрлээ. Энэ хүнд үед сонгууль, шагнал урамшуулал гэж хүмүүсийг бөөгнөрүүлэх шаардлага заавал байсан юм уу. Үүний дараагаас л халдвар хурдацтай нэмэгдэж эхэлсэн. Одоо тэгээд хариуцлага хүлээх хүн байхгүй, иргэд хохироод л үлдэж байна.
Би халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталдаг. Гараа тогтмол ариутгаж, хувцсаа өдөр болгон угааж спиртээр ариутгаж байна. Ер нь хувь хүн өөрөө л өөрийнхөө эрүүл мэндийг хамгаална шүү.
Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны иргэн Г.Б: Гудамжинд хүнээс их зүйл алга

Коронавирус сүүлийн өдрүүдэд дэндүү их гарч байна. Түүнээс илүү нас баралт нэмэгдэж байгаад санаа зовж байна. Гудамжинд хүнээс их зүйл алга. Манай гудманд хүүхдүүд их тоглох юм. Бүгд амны хаалтгүй. Ээж, аавууд нь ч анхаарал хандуулахгүй. Тиймээс эцэг эхчүүд минь үр хүүхэд, ач зээдээ анхаарал хандуулаач ээ. Энэ бол цар тахал шүү дээ. Миний хувьд тэтгэвэртээ гарсан. Тийм учраас халдвар авчихвал эмчлэх санхүүгийн боломж тааруу.
Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэн Б.Д: Халдвар авлаа гэхэд үхэхгүйн тулд яаж ийгээд л эмээ авна шүү дээ
Халдварын мэдээллээ тогтмол авч байгаа. Сүүлийн өдрүүдэд дэндүү их тоо гарч байна. Тэгээд халдвар авч байгаа иргэдийн ихэнх нь дархлаажуулалтын хоёр дахь тундаа хамрагдаагүй хүн байна. Халдвар авсан иргэдийн байдал хүнд байна шүү дээ. Санхүүгийн бололцоо муу, эмээ авч чадахгүй байгаа иргэд олон байна. Тиймээс өвдөхгүй байх л хэрэгтэй байна. Өвдлөө гэхэд айж, сандралгүй эмчилгээгээ хийж, боломжгүй бол өрх, дүүрэгтээ хандах хэрэгтэй болов уу. Миний хувьд амьдралын боломж тааруу биш ч гэсэн сүүлийн жил гаруй хугацаанд эдийн засгийн хямралд өртсөн. Гэхдээ халдвар авлаа гэхэд үхэхгүйн тулд яаж ийгээд л эмээ авна шүү дээ.
Коронавирусийн нөхцөл байдлын талаарх иргэдийн айдас энэ. Өөрөөр бол, тэд коронавирус гэх аюулт халдвараар өвчлөхгүйн тулд шаарлагатай бол гэрээсээ гарахгүй байж, аль чадхаараа дархлаагаа дэмжиж, халдвар хамгааллын дэглэм сахиж байгаагаа хэлж байна. Мөн бидний уулзсан иргэдийн ихэнх нь халдвар авсан тохиолдолд эмчилгээ хийх эдийн засгийн боломжгүй гэдгээ учирлаж байсан. Сүүлийн жил гаруй хугацаанд ажилгүй, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, халамжаар амьдарсан иргэдийн одоогийн санхүүгийн боломж коронавирусийн халдварын эсрэг тэмцэхэд хүрэлцэхгүй байгаа нь тэдний бас нэгэн айдас болж хувираад байна.
БАЙР СУУРЬ: Коронавирус ба иргэдийн "АЙДАС" |
|