-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг дурсаарай, Коко” жүжгийн гол дүр ажиллаж байгаа сэтгэгдлээсээ хуваалцахгүй?
-Мигелийн дүрд ажиллаж байгаадаа үнэхээр баяртай байна. “Коко” надад гүн сэтгэгдэл үлдээсэн хүүхэлдэйн кино. Найруулагчаас гол дүрийн санал ирэхэд баяртайгаар хүлээн авч ажилласан. Өөрийнхөө үзэх дуртай хүүхэлдэйн киноны гол дүрд ажиллана гэдэг ховор тохиох завшаан байх.
-Тус уран бүтээл хоёр дахь удаагаа тоглогдох гэж байна шүү дээ. Өмнөх тавилт хүүхдүүдэд хэр хүрсэн бэ, үзэгчид хэрхэн хүлээж авсан?
-Бидний хувьд хүүхдүүдэд чанартай уран бүтээл хүргэхийн зорьж ажилласан. Хүүхдүүдийг баясгасан, уйдаахгүй уран бүтээл хийхийг зорьдог доо. Хүүхдүүдэд бидний уран бүтээл хүрсэн гэж найдаж байгаа, сайхан сэтгэгдэл олон ирсэн.
-“Намайг дурсаарай, Коко” жүжиг хүүхэлдэй ашиглаж байгаагаараа бусад жүжгээс онцлогтой санагдсан энэ талаар ярихгүй юу?
-Манай найруулагч Санкт Петербургт хүүхэлдэйн найруулагчаар суралцсан, манай удирдлагууд ч хүүхэлдэйн театрт олон жил ажилласан туршлагатай хүмүүс байдаг. Би ч энэ чиглэлээр суралцаж, ажиллаж байсан учраас илүү сонирхолтой болгох үүднээс хүүхэлдэй оруулсан. Хүүхэлдэйн кинон дээр гардаг бидний хийж чадахгүй тэр гайхалтай хэсгүүдийг хүүхэлдэйний тусламжтайгаар үзүүлнэ.
-“Маппет” хүүхэлдэйн театрын талаар ярихгүй юу. Та яагаад хүүхэлдэйн театрын жүжигчин болохоор шийдсэн бэ?
-Би хүүхэлдэйн кино их үздэг байсан юм. Киноныхоо дуу оруулалтын дагаж ярьж, жүжиглэж тоглодог хүүхэд байлаа. Багаасаа жүжигчин болохыг хүсдэг байсан. Жүжигчин ах, эгч нарыгаа хараад тэдэн шиг болохыг хүснэ. Анх орохдоо хүүхэлдэйн театрыг тун амархнаар төсөөлсөн. Хоолойныхоо өнгийг өөрчлөөд, хүүхэлдэй тоглуулчихна гэж бодсон л доо. Гэхдээ бодит байдал тэс өөр, дахиад шинэ сургуульд орсон юм шиг л санагдсан. Хүүхэлдэйн талаар эхнээс нь сурсан, бүх л онцлогийг нь мэдэрсэн.
-Хүүхдүүд рүү чиглэсэн уран бүтээл гаргахын хамгийн сайхан нь юу байдаг вэ?
-Хүүхдүүдийн баярласан сэтгэгдэл, алга ташилж хамгийн сайхан. Тэр дундаас миний, найруулагчийн хүргэх гэсэн санааг багахан ч гэсэн ойлгож, хэрэгжүүлж байгааг нь харах хамгийн сайхан санагддаг. Гэр бүлийнх нь манай жүжгийг үзээд хүүхдэд нь ямар өөрчлөлт гарсныг хэлдэг. Тэр бүх эерэг өөрчлөлтийг сонсох хамгийн сайхан. Хүүхэд хамгийн гэгээн ертөнц тэд үзэх жүжгийнхээ хүүхэлдэйн баатрыг зураад ирнэ эсвэл дүрд нь хувирчихсан байдаг. Энэ бүхнээс авах сайхан энерги дахиад сайхан уран бүтээл гаргах урам болдог доо.
-“Коко” хүүхэлдэйн кино нэлээн алдартай шүү дээ. Тус уран бүтээлийг жүжиг болгож, хүүхдүүдэд хүргэхдээ хамгийн их анхаарах зүйл нь юу байв?
-Мигель бол арав орчим насны Мексик хүүхэд. Хүүхдүүдийн хүүхэлдэйн кинон дээрээс хараад хэдийн танилцчихсан дүрийг тэр чигээр нь үзүүлэхийн тулд сайн судалж ажилласан. Үйл хөдлөл, зан аашийг гаргахын хичээсэн.
-Уран бүтээлчид “Намайг дурсаарай, Коко” жүжгээрээ хүүхдүүдэд юу хэлэхийг, ойлгуулахыг хичээж байгаа бол?
-Миний хувьд хүүхдүүд зорилгодоо хүрэхийн тулд юуг ч даван туулах бодолтой, зоригтой, тууштай байх хэрэгтэй гэдгийг ойлгоосой гэж хүссэн. Мөн аав, ээжтэйгээ сайн ярилцдаг байгаарай, гэр бүл хамгийн нандин чухал нь шүү гэсэн санааг хүргэхийг хичээж байна.
-Багачууд хэний анзаараагүйг анзаарч мэдэх гярхай үзэгчид шүү дээ. Тиймээс хүүхдийн жүжгийн гол дүр таныг илүү сорьж байгаа байх даа?
-Хүүхдийн жүжгийн дүрүүд намайг 14 жил сорьж байна. Багачууд үнэхээр л хэний ч анхаарахгүй байх гэсэн жижиг алдааг ч ажиглачихдаг учраас ямар ч алдаа гаргах эрхгүй. Хэрэв алдаа гаргах юм бол “Энэ ах алдчихлаа, ингэж явдаггүй шүү дээ” гээд шууд хэлчихдэг. Тиймээс хүүхдийн жүжгийн дүрүүд намайг одоо ч гэсэн сорьсоор байна.
-Та Гринч, Мигель тэргүүтэй хүүхэлдэйн баатрын дүрд ажиллаж байна. Тэгвэл өөрийгөө нэг үлгэрийн баатартай зүйрлээч гэвэл хэн байх вэ?
-Өмнө нь энэ талаар бодож байгаагүй юм байна. Би өөрийгөө супер баатраас илүүтэйгээр “Маск” киноны масктай өөрийгөө зүйрлэнэ. Гол дүрийн залуу маск зүүгээд огт өөр хүн болдог шүү дээ. Би ч түүнтэй адил дүр дээрээ ажиллахдаа огт өөр хүн болдог.
-Яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ. Юу нь таны сонирхлыг татсан юм бэ?
-Кино үзэх дуртай, киноныхоо дүрийг дуурайж жүжиглэх дуртай хүүхэд байлаа. Гэрийнхэн маань намайг бага байхад циркийн жүжигчин болгоно гэж их ярьдаг байсан гэсэн.
-Цаашид ямар дүрд өөрийгөө сорих бодолтой байдаг вэ?
-Бүх л дүр намайг сорьж, шинээр нээнэ. Гэхдээ ер нь эерэг дүрд ажилладаг учраас эсрэг дүрд ажиллахын хүсдэг. Хүүхдүүдийн хайрыг татсан бус айдаг, түүнийг ялахыг хүсдэг тийм дүрд ажиллахын зорьж байна.
-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Дараагийнхаа уран бүтээлийн дүрийг одоогийнхоосоо өөр гаргахад бэлдэх миний дараагийн зорилго байна.
Г.ГАНДӨШ: “НАМАЙГ ДУРСААРАЙ, КОКО” ЖҮЖГЭЭРЭЭ ХҮҮХДҮҮДЭД ГЭР БҮЛ ХАМГИЙН НАНДИН НЬ, ТЭДЭНТЭЙГЭЭ ЯРИЛЦДАГ БАЙГААРАЙ ГЭСЭН САНААГ ХҮРГЭНЭ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |