-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Холимог тулаач болохоосоо өмнө бокс, таеквондо тэргүүтэй спортоор хичээллэж байсан юм билээ. Тэр дундаас холимог тулаанчаар үргэлжлүүлэх шалтгаан нь юу байв?
-Сайн байна уу? Монголд байхдаа тулааны спортын бүх л төрөлд тэргүүлж, ялалт байгуулсан. Самбо бөхөөр хичээллэх хүсэлтэй байсан ч чадаагүй, барилдахаас жаахан эмээдэг байсан юм л даа. БНСУ-д ирснийхээ дараа тулааны клуб байхыг хараад хичээллэхээр орсон. Дотор байсан бодлоо гүйцээх гэсэн юм болов уу.
-Энэ удаагийн тулаанд хэр хугацаанд бэлдэв?
-БНСУ-ын мэргэжлийн боксын аварга шалгаруулах тэмцээнд үргэлж хийдэг бэлтгэлүүдээ хийж оролцлоо. Наймдугаар сарын 30-нд “RoadFc” холимог тулааны тэмцээний дараагаас үргэлжлүүлэн тус тэмцээнд бэлдсэн.
-Бээлий нь нэлээд цус болсон харагдсан. Мэдээж бэртэл гэмтэл олон авдаг байх. Шантарсан үе бий юү. Тэр үеийн шантралаас хэрхэн гардаг вэ?
-Шантарсан үе, өдөр олон бий шүү. Тэмцээндээ орохын тулд жин хасна, ажлаа хийнэ. Гэр бүлээ авч явна, үүнийхээ хажуугаар бэлтгэлээ хийх ёстой. Бэртэх зэргээр шантармаар асуудал олон тулгарна. Хамгийн ойрын жишээ гэхэд л саяны тэмцээний үеэр хөмсөг задарч, толгойгоо хоёр хагалж, хэнгэрэг цоорч, гарын арын зөөлөн эд гэмтлээ. Гэхдээ шантарсан ч яах гэж эхэлснээ бодож, эсвэл дараа нь харамсахгүй байхын тулд хамгийн сайнаараа хичээж, эцсийг нь үзэхийг зорьдог.
-Спорт хүнийг хамгийн сайн хүмүүжүүлдэг гэдэг. Тэгвэл тус спорт тамирчинд юуг зааж, ямар бэлтгэлтэй байхыг шаарддаг вэ?
-Ер нь спорт тамирчныг хүлээцтэй, тэвчээртэй байж, өрсөлдөгчөө хүндлэхийг сургадаг. Тулааны спорт яг шатар шиг. Тулалдаж байгаа ч яаж цохих, хаанаа сул талтай байгааг бодож төлөвлөдөг. Зүгээр л таарсан газар нь цохиод байгаа юм огт биш, цохилт бүр бодол, төлөвлөгөө байгаа. Тамирчдаа хүндэлж, дүү нараа сургадаг хүмүүжил бүх л спортын төрөлд байдаг.
-Тэмцээнд ялж, гараа дээш өргүүлэх үед юу мэдэрдэг вэ?
-“Би чадчихлаа шүү” гээд тайвширдаг даа. Ялах бүрдээ “Яаж Монгол гэдгээрээ бахархуулах мэндчилгээ хийх үү” гэж боддог. Гэхдээ "Сагсуу Монгол" биш, "даруухан, догь Монгол" гэж хэлүүлэхийг хичээдэг.
-Таны хийсэн хамгийн хүнд тулаан хэзээ байсан бэ. Яагаад?
-Миний хийсэн тулаан бүр хүнд. Бүгд л өрсөлдөгчөө “Ялна, ялж чадна” гэсэн тэмцэл. Тэр талбайд ялна л гэж гарч байгаа. Ямар нэгэн аз энэ тулаанд хамаарахгүй, мэргэжлийн түвшинд тулалдаж байгаа шүү дээ. Бүх тулаан бэлтгэл, авхаалж самбаа шаардсан хүнд өрсөлдөөн байдаг.
-Зарим хүн тулааны спортыг зөвхөн зодолдож байгаа юм шигээр хардаг. Гэтэл тус спортод ч гэсэн хүндлэл, дүрэм журам байдаг шүү дээ. Таны хувьд энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Тулааны спортыг өнгөц харвал, нэгнийгээ зоддог, элдвээр хэлж, дайсагнасан спорт юм шиг харагдаж магад. Гэхдээ тулаан дуусаж, талбайгаас гарсныхаа дараа адилхан тамирчин, найзууд болдог, хүндлэл дүүрэн спорт шүү дээ.
-Өдөр нь ажил хийгээд, орой нь бэлтгэлээ хийдэг юм билээ. Зөвхөн бэлтгэлээ хийж, тэмцээндээ оролцдог бол илүү амжилт гаргах боломжтой байх даа?
-Өглөө, эсвэл үүрээр гараад ажлаа дууссаныхаа дараа бэлтгэлдээ ордог. Ажил ихтэй бэлтгэл хийх боломж олдохгүй үед ажлаас ажлын хооронд, тэндээсээ гэр рүүгээ гүйж багахан ч гэсэн бэлтгэл хийнэ. Хүний нутагт амьдарч байгаа учраас гараа хумхиад зүгээр сууж болохгүй. Зардал их учраас болохоос нь болохгүй хүртэл хөдөлмөрлөнө. Надад хүний эцэг, нөхөр, аав, ээжийн хүүгийн үүрэх хариуцлага бий. Хэрэв тийм зүйл байгаагүй бол илүү амжилт гаргахыг хүсэж, зөвхөн бэлтгэлээ хийхийг бодох байсан байх. Тийм бодол ч төрж л байсан, гэхдээ хүн бүрд хязгаар гэж бий.
-Таны эхнэр дасгалжуулагч, дэмжигч хийж, тулаан бүрд нь хамт явдаг юм билээ. Гэргийнхээ талаар яриач, хүсэл сонирхлыг нь үргэлж дэмжих хүнтэй байх сайхан шүү дээ?
-Надтай олон зүйлийг туулах сайхан ханьтай хүн шүү, би. Монголын боксын шигшээгээс гарч, спортоо орхиод БНСУ-д ирэх болсон шалтгаан маань миний гэргий байсан. Бид багаасаа үерхэж, гэр бүл болсон. Бид гэж ярьдаг болоод 23 жил болжээ. Хань минь миний бэлтгэл, жин хасах, сэргэлт, хооллолт гээд бүх л зүйлийг хариуцдаг. Түүндээ баярлаж, бахархаж амьдардаг.-Танд дурдаад байвал олон амжилт бий. Тэгвэл тэр бүх амжилтын нууцыг юу гэж боддог вэ
-Миний хувьд тэр амжилт бүрийн нууц нь сахилга бат, тууштай байдал байх. Ялагч гэдэг хоёр дахь удаагаа оролдож үзсэн ялагдагч байдаг гэж боддог. Тиймээс эцсийг нь үзэх хүртлээ сахилга баттай байхыг л чухал гэж боддог.
-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Миний дараагийн зорилго энэ жилийн “Road Fv” цуврал тэмцээний аварга болж, мэргэжлийн боксоор Ази тивийн аварга болохын төлөө зорьж байна. Ингээд дуусахгүй ээ, цаашид хөдөлмөрлөх, хичээх олон зүйл бий.
М.НАНДИН-ЭРДЭНЭ: БИ “САГСУУ МОНГОЛ” БИШ “ДАРУУХАН, ДОГЬ МОНГОЛ” ГЭЖ ХЭЛҮҮЛЭХИЙГ ХИЧЭЭДЭГ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |