• Өнөөдөр 2024-05-05

ПАНК Б.САНЧИР: ДАНДАА ХОТЫН ШҮЛЭГ БИЧНЭ ГЭЖ ЮУ БАЙХ ВЭ ДЭЭ, НҮҮДЭЛЧИН АХУЙН ТУХАЙ ГАНЦ САЙХАН ШҮЛЭГ БИЧИХИЙГ ХҮСДЭГ

2024-01-12,   836

                              Анх түүнтэй МУБИС-ийн утга зохиолын нэгдэл дээр танилцаж байлаа. Эв хавгүйхэн хөдөлгөөнтэй тэр сандруу залуу таван хормын шүлгийн тэмцээнд

“Бурхан гэрт орж ирэхдээ гутлаа тайлахаа мартаж

Эмээд загнуулсан.

Буудлын өрөөнөөс манайд залрахдаа нисэж энд ирсэн

Тэр автобусанд сууж үзээгүй. Үзэх ч үгүй

Тэнэг хүмүүст бурхан далавч тараасан

Тэгээд удалгүй далавч дуусна

Сүүлчийн далавч бурханд л үлдэж

Тэгээд тэр манайд дахиж ирэхгүй”

гэж бичиж, бусдаасаа өндөр санал авч түрүүлээд нүүр дүүрэн инээмсэглэл тодруулчихсан бөөр баяр болж суусныг тодхон санаж байна. Утга зохиолын нэгдлийнхэн дундаа “Би та нарыг бодвол хожуу, саяхнаас шүлэг бичиж эхэлж байна” хэмээн даруухан хэлж байсан тэр өдгөө “157 тоотын диваажин” нэртэй анхны яруу найргийн номоо хэвлүүлж, уншигчдын гарт хүргэх гээд догдлол, хүлээлт дүүрэн байгаатай нь зэрэгцэн бид ийн ярилцсан юм. Тэр гэдэг маань МУБИС, МУИС-ийн утга зохиолын нэгдэл, Р.Чойномын нэрэмжит “Залуу нас” дугуйлангийн гишүүн, залуу яруу найрагч Б.Санчир. Хамт бичих, бүтээх, туурвихын их хүслэнгээр нэгдэн нийлж, цугласан утга зохиолын залуу үеийнхэн дундаасаа бичлэгийн хэв маяг, өөрийн хэл, найруулгаас ялгарч, онцгойрдог түүнийг амьдрал, уран бүтээл, амьдралын тухай үзэл бодлоо хуваалцсан эл ярилцлагаар уншигч тантай танилцуулж байна.

-ҮЕИЙНХЭНДЭЭ ИТГЭДЭГ. МАНАЙ ҮЕЭС МОНГОЛЫН УТГА ЗОХИОЛЫН ДАРААГИЙН СОД ТӨЛӨӨЛӨГЧИД ГАРЧ ИРНЭ ГЭДЭГТ ЭРГЭЛЗЭХГҮЙ БАЙНА-

-Анхны юм бүхэн сайхан гэдэг дээ. Тэр ч утгаараа өөрийн анхны шүлгийн түүвэр “157 тоотын диваажин” номоо нээж басхүү үеийнхээ нөхөдтэй яруу найргийн чөлөөт уншлага хийх гэж байгаа. Үеийнхээ нөхөдтэй эн зэрэгцэж шүлгээ уншаад, шүлгийн түүврээ уншигчдын хүртээл болох гэж байгаа хүлээлтийн мэдрэмж хэр сайхан санагдаж байна вэ?

                              -Анх номын нээлт хийх нь битгий хэл, “Яруу найргийн ном гаргая” ч гэж бодоогүй. Харин нэг л өдөр хүмүүсийн “Номоо гарга аа”, “Одоо гаргачихсан нь зөв шүү” гэж хэлж байсныг санаад гэнэтхэн л бичсэн хэдэн шүлгээ боож, ном гаргахаар шийдэв дээ. Харин “157 тоотын диваажин” номын маань нээлттэй зэрэгцэн болох “Манант хотын мөртүүд” яруу найргийн чөлөөт уншлагад найз нөхөд, дээд үеийн яруу найрагч ах, эгч нар оролцохоор болсонд үнэхээр баяртай байгаа. Хүн амьд байх, амьдрах хугацаандаа тэгж олон ном хэвлүүлж, номынхоо нээлтийг хийгээд байхгүй шүү дээ. Тиймээс ч өөрийн олон жилийн амьдралыг ердөө 92 хуудаст багтааж бичсэн “157 тоотын диваажин” шүлгийн түүврээ хүмүүст хүргэнэ гэхээр сайхан санагдаж байна.

-“157 тоотын диваажин” номын зохиогчийн хувьд өөрийн шүлгүүдээ, эмхэтгэж хэвлэсэн түүврээ хэрхэн дүгнэх вэ. Энэ төрөлд бүтээн туурвиж байгаа зохиолч, яруу найрагчид, үеийнхнээсээ юугаараа ялгарах вэ?

                              -Өөрийгөө, амьдралаа илэрхийлэх гэсэн дурсамжуудаараа ялгарах байх. “157 тоотын диваажин” бол миний амьдралын зураглалууд. Номоороо өөрийгөө илэрхийлж, таниулахыг хүссэн. Хавтасных нь зургаас эхлээд гэрийн маань модон хаалга бий. “Эндээс л би амьдрал эхэлсэн. Миний түүх эхэлнэ” гэсэн санаатайгаар өөрийгөө танилцуулж байгаа хэрэг юм уу даа.

-Бусдаас ялгарах тэр амьдрал, түүхээсээ манай уншигчидтай хуваалцахгүй юу. Анх хэрхэн утга, уран зохиолтой танилцаж, бичиж эхлэх болов?

                              -Би өвөө, эмээ дээрээ өссөн өвөө, эмээгийн хүүхэд. Багад манайд хуучны том том роман, ном олон байлаа. Эргээд санахад, “Тунгалаг тамир”, “Харуул алтай” гээд л дан сонгодгууд байж. Харин тэр дундаас Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын “Сүмтэй бударын чулуу”-г олж уншсан. Анх шүлэг бичих оролдлогууд хийж эхлэхэд хамгийн өдөөсөн ном “Сүмтэй бударын чулуу” байсан.

-Тэгээд анхны шүлгийн оролдлогуудаа хэзээ нь хийж эхэлсэн юм бэ. Тэр үед юу бичиж байснаа санадаг уу?

                              -“Сүмтэй бударын чулуу”-тай анх долдугаар ангидаа танилцсан. Уншсанаасаа хойш нэг их удалгүй “Яагаад бичиж үзэж болохгүй” гэж бодоод 12 хуудастай тооны дэвтэр дээр анхны шүлгийн оролдлогуудаа эхлүүлсэн. Тэр үед миний мэдэх яруу найраг гэж телевизээр хүмүүсийн уншдаг эсвэл “Болор цом” наадмын шүлгүүд байлаа шүү дээ. Анх бичиж байсны шүлгүүдээ сайн санадаг. Хөдөөгийн амьдрал сайн мэдэхгүй хэрнээ хүмүүсийг дагаж, эх орон, хөдөө нутаг, уул, усны тухай их бичсэн (инээв).

-“Утга, уран зохиол гэж яг энэ юм байна” гэж анх таньсан үе хэзээ байв. Эргэж харвал их ч өөрчлөгдсөн байна байх даа?

                              -МУБИС-ийн оюутан болоод миний яруу найраг, утга зохиолыг харах өнцөг өөрчлөгдсөн гэж боддог. Оюутны ширээнд суусан анхны хичээл минь уран зохиол шүүмжлэгч Г.Батсуурь багшийн семинар. Суурь багш орж ирүүтээ л миний яруу найраг гэж бодож, санаж явсан бүх зүйлийг бүтэн эргүүлээд тавьчихсан. Долдугаар ангиасаа хойш харж, хүндэлж явсан яруу найрагчдын шүлгийг “Тэрийг чинь ямар шүлэг гэх юм”, “Цагаан магтаалыг шүлэг гэхгүй” гээд л шууд хэлдэг юм байна. Хичээлийн дараа унших номын жагсаалт гаргаж өгсөн. Уран зохиол шүүмжлэгч С.Энхбаяр багш, Г.Батсуурь багш хоёрын хамтын бүтээл “Уран зохиолын тухай яриа-2”, зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “Утга зохиолын тухай яриа”, их эрдэмтэн, зохиолч Ш.Гаадамбын “Утга зохиолын онолын үндэс” зэрэг номоос бүрдсэн үнэхээр тасархай жагсаалт гаргаж өгсөн. Нэгдүгээр курсийн оюутан их ч идэвхтэй номын сангуудаар явсаар жагсааж өгсөн бүх номыг уншаад л утга, уран зохиолын талаар “Ийм учиртай юм байна” гэсэн өөрийн ойлголттой болсон доо.

-Долдугаар ангиасаа хойш итгэж, хүндэлж, биширч, үлгэр дуурайл авч байсан бүхнийг нь дөнгөж оюутан болоход нь нэг хүн гарч ирээд үгүйсгээд, бүтэн эргүүлээд тавьчихаар хүлээн зөвшөөрөхөөс эсрэгээ итгэл үнэмшлээ өмгөөлөх бодол төрөөгүй гэж үү?

-Тэгэх завдал ч өгөлгүй маш сайн ойлгуулсан юм болов уу. Анх сонсоод л “100 хувь биш ч үнэний хувьтай л юм байна” гэх итгэл төрсөн. Түүнээс хойш унших номын жагсаалтаа дуусгачихаад дахин шинээр “таньсан” яруу найргаа бичих оролдлогоо дахин эхлүүлсэн.

-Утга зохиол, яруу найргийг арай өөрөөр таниад анх бичсэн шүлэг тань ямар шүлэг байв?

-Өөрийгөө нээж, задлах гэж үзсэн оролдлогууд дундаа “Гунигт хот ба гудамж” нэртэй нэг ийм шүлэг бичсэн.

“ГУНИГТ ХОТ БА ГУДАМЖ”

I.

Арслантай гүүр нурж унахад хэн нэгэн баясаж

Нацагдоржийн хөшөө уйлахад хэн нэгэн алга ташиж

Ахиад Сүхбаатар морьтойгоо ойчихыг нь хүлээж

Намрыг үзэн ядсан Марко Поло сууринаасаа ховхрохыг хүснэ

Энд дэндүү гунигтай байна.

II.

Өнчин Алтангадас ханьгүйдээ гомдож хотыг ширтээд

Өдөр болгон Долоон бурханд хараалгуулж өнжинө

Учиргүй санаа алдаж анивчих мэт тасалдахдаа

Урт цагааны гудамжинд ясаа тавихыг хүснэ.

III.

Эмнэлгийн тэрэг урсгал сөрж явахдаа

Тагтаа дайрчихсан дотор нь

Эрх чөлөөт үхэл рүүгээ яарсан архичин хэвтэнэ

Гучин жилийн дараа дайруулсан тагтаа хүн болно

Нөгөө архичин тагтаа болно, дайруулж үхнэ.

-Шүлэг, яруу найраг таны амьдрал хэр их орон зай эзэлдэг. Яруу найраг, утга зохиолыг өөрийнхөө хэрхэн тодорхойлох вэ?

                              -Хүний сэтгэл гэж нэг бүхэл зүйл байлаа гэж бодоход түүний тал нь яруу найраг болсон байх. Бичсэн шүлгүүдээ цуглуулж, эвлүүлэх юм бол “Би” гэдэг дүрс гарна. Тиймээс л энэ зүйл миний амьдралын салшгүй нэг хэсэг болсон. Өөрөөр, миний амьдрал болсон ч гэж болно.

-Хамт бүтээх, туурвих хүсэлтэйгээр энэ салбарт бичиж, бүтээж яваа үеийнхнийхээ тухай юу гэж боддог вэ. Танай үе ирээдүйн Монголын уран зохиол гэх том уулын аль хэртээ байх бол?

                              -Ах нарын үе биднийг “Та нар бүгд ижилхэн юм бичдэг”, “Нэг хэвд цутгачихсан юм шиг байдаг” гэж бишгүй хэлсэн. Гэхдээ би санал нийлдэггүй. Бид өөр өөрийнхөө өнгө, гуниг, эмзэглэлээрээ нэгнээсээ ялгарна. Би үеийнхнээ сайн бичиж, бүтээж яваа гэж боддог. Үеийнхэндээ итгэдэг. Одоо цаг нь болоогүй байж мэднэ. Гэхдээ манай үеийнхэн дундаас Монголын утга зохиолын дараагийн сод төлөөлөгчид гарна гэдэгт эргэлзэхгүй байна.

-Зохиолч, яруу найрагчдын түүхийг сонсоход, утга зохиол руу ороход туулж өнгөрүүлсэн амьдрал их нөлөөлдөг гэлцдэг. Хэрэв нууц биш бол шүлэг бичиж эхлэх болсон, бичсээр байгаа шалтгаан, эмзэглэл юу байв?

                              -Сургуульд байхад эцэг, эхийн хурал болоход бусад хүүхэд аав, ээжийгээ дагуулж ирдэг. Харин намайг сургуулиа төгсөн төгстөл эмээ минь намайг дагаж явсан. Үнэндээ би багадаа аав, ээж гэдэг үг мэддэг ч үгүй байсан. Харин хүүхдүүдийн ярианд ямар нэг байдлаар аав эсвэл ээж гэдэг үг ордог. Тэр бүрийг сонсоход надад үнэхээр атаархал төрсөн. Үгсийн санд минь байгаагүй ч үргэлж дотроо санаж явсан тэр эмзэглэл бичихэд нөлөөлсөн байх.

-Өвөө, эмээгийн хүүхдүүд урлаг, уран сайхан руу орох нь элбэг байдаг. Тэр хүмүүс ач, зээгээ өөрөө ч мэдээгүй байхад нь суурийг нь тавьж өгсөн байдаг шиг санагддаг. Өвөө, эмээгийн тань танд хамгийн их нөлөөлсөн зүйл юу байсан бэ?

-Эмээ минь надад “Хүнээс битгий юм харамлаарай, хуваалцаарай” гэж их хэлдэг юм. Тэр харамлах, хуваалцах нь эд материалын тухайд биш юм л даа. Харин хүнээс, хамт байгаа нэгнээсээ “Цаг хугацаагаа бүү харамлаарай” гэж заасан. Би хүнд цаг гаргах дуртай, өөрөө ганц үг дуугарахгүй байсан ч ярьж суухыг нь сонсох дуртай. Тиймээс ч одоо найзууд минь надад ямар нэг зүйлээ, шаналж яваа юмаа санаа зоволтгүйгээр ярьдаг гэж боддог. Эмээгийн минь сургаал миний амьдралын үзлийг бүтээсэн.

-Таны эзэмшсэн мэргэжил хэл, уран зохиол судлаач юм билээ. Өөрөө бичиж, бүтээж байгаа энэ салбараа мэргэжлийн судлаачийн зүгээс дүгнэвэл хэрхэн дүгнэх вэ. Сүүлийн үед яруу найргийн уралдаан, тэмцээний тухай их маргах болж. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

                              -Оршин байх ёстой зүйл гэж боддог. Тэр яруу найраг, утга зохиолын наадам, тэмцээн байж л Монголын утга зохиол хөгжинө. Харин олны дунд маргаан үүсээд байдаг асуудал нь уралдаан, тэмцээний шүүлтийн асуудал байдаг юм болов уу гэж боддог.

-“Болор цом”-д орох уу?

-Орно.

-Эргэлзэхгүйгээр үү. Хэдийнэ орох шийдвэрээ гаргачихсан байжээ?

                              -“Болор цом” яруу найргийн наадам байх ёстой л зүйл шүү дээ. Үгүй бол Монголын утга зохиол утгагүй болно. Цахим сүлжээнд шүүмжилж байгаа тэр наадам зохиолч, уншигчдын гүүр болдог. Сүүлд болсон “Болор цом” дээр л гэхэд дандаа манай үеийн олон залуу яруу найрагч орсон шүү дээ. Тиймээс цаашид ч залуус маань идэвхтэй байж, гаднаас нь хий хоосон дүгнэхээс, өөрсдөө орж, “Ийм юм бичдэг шүү” гэдгээ харуулж, таниулж байх ёстой гэж боддог. Яах вэ, би “Болор цом”-д орно гэж боддог. Орсон ч эхний шатнаас дээшлэхгүй байх л даа. Гэсэн хэдий ч орохыг хүсдэг.

-Залуу найрагчид анхны номоо гаргаснаас хойш үргэлжлүүлснээс илүү бичихээ больдог нь олон. Харин таны хувьд цаашид бичих ирээдүйгээ хэрхэн харж байгаа вэ?

                              -Яруу найрагтай дахиад ч зууралдахыг хүсэж байна. Юуны тулд нийслэл Улаанбаатар хотод төрж, өссөн хотын хүү билээ. Тэр ч утгаараа хотын шүлэг, хотын яруу найраг гэдэг зүйлийг таниулах хүсэлтэй. Гэхдээ дандаа хотын шүлэг бичнэ гэж юу байх вэ дээ, “Булган чиг нударгаа шалчийтал уйлав аа хө” хэмээн шүлэглэсэн ардын дуу шиг нүүдэлчин ахуйн тухай ганц ч болтугай сайхан шүлэг бичихийг хүсдэг.

-Хэдий “Хотод төрж өссөн, хөдөөгийн амьдрал мэдэхгүй” гэсэн ч ахуйн тухай сайхан шүлэг бичихийг хүсдэг гэлээ. Ер нь монгол хүн хаана ч төрж, хэн ч болж төлөвшсөн нүүдэлчин ахуй, монгол соёлоосоо холддоггүй бололтой дог?

                              -Хааяа хотын төвд шамбааралдсан энэ олон өндөр барилгыг хараад дургүй хүрдэг. Тэгээд хөдөө замд гараад эсвэл тэнгэр, гол ус, уул хайрхан руу хараад тайвширдаг нь чиний хэлсэнтэй ижил ахуйгаасаа холдоогүй шинж байх л даа. “Горхины урсгал” гэдэг нэртэй шүлэг бичиж байтал байрны ус тасрахад хүн аргагүй ахуйгаа санадаг юм билээ (инээв).

-Гэхдээ та хотын яруу найраг гэж тодорхойлж байгаа хэв маягт анхдагч нь биш байна. Танаас өмнө Б.Батзаяа, О.Элбэгтөгс зэрэг хэд хэдэн яруу найрагч энэ хэв маягаар бичиж, бүтээлээ олонд хүргэсэн. Харин дээд үеийнхнийхээ араас дахин хотын шүлэг бичнэ гэдэг давтаж байгаа хэрэг биш үү. Өөрөөр, хэн нэгнийг давтахаас эмээхгүй байна гэж үү?

                              -Эмээж байна. Тэр хүмүүс үнэхээр гайхалтай хотын яруу найраг бичсэн. Гэхдээ хэдий эмээж байгаа ч надад араас нь явж орохоос өөр сонголт байхгүй (инээв). Араас нь явна л гэж бодож байгаа. Их хуцвал, араас нь “Сайн уу, ах нараа” гээд очихыг хүсэж байна.

-Хотын яруу найраг гэхээр хөдөөгийн яруу найраг гэж бас байх нь ээ. Шүлгийг ингэж ялгаж, салгаад байгаагийн шалгуур нь юу юм бэ?

                              -Шалгуур гэхээс илүүтэй хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөж байгаатай холбоотой байх л даа. Олон хүн нутаг ус, өвс ногоо, аав ээжийн тухай бичсэн. Харин одоо тэгж их бичсэндээ ханаад арай өөрийг хийхийн тулд өөрөөр сэтгэж байгаа байх.

-Залуу яруу найрагчийн хувьд хайр сэтгэл, эсрэг хүйстнийхээ тухай их бичсэн байх?

                              -“157 тоотын диваажин” номын бараг тал гаруй хувь нь хайр сэтгэл, гуниг шаналангийн тухай шүлэг. Хайр эсвэл гунигийн тухай их бичдэгээ мэддэг ч бичихгүй л бол багтраад байдаг. Дотор тээглэж байгаа тэр зүйлээ өөртөө хамгийн ойр, хамгийн чадахаараа бичиж л гаргахгүй бол үнэхээр болдоггүй юм билээ.

-Та ер нь хайр сэтгэл, дурлалын талаар юу гэж боддог вэ?

                              -Хайрыг би маш хэцүү зүйл гэж боддог. Яав ч энгийн биш. Магад хүнийг хайрлана гэдэг хорвоо дээрх хамгийн хэцүү зүйл байж мэднэ. Зарим хүнд амархан санагдаж эсвэл тийм дүр эсгэж байгаа байх. Гэхдээ хүний хайрыг хүртэхээс илүүтэй хүн хайрлана гэдэг хэцүү.

-Сүүлийн үед хэр их бичиж байгаа вэ?

                              -Шүлэг бичих тодорхой хэмжээгээр багассан. Гэхдээ ор тас бичихгүй байгаа юм биш. “Боксчин формоо алдахгүй” гэдэг шиг ор тас мартчихалгүйхэн шиг бага багаар бичээд л байгаа.

-Олон яруу найрагчийн хэлснээр шүлэг гэдэг өөрийгөө илэрхийлэх арга барил. Харин өөрийгөө илэрхийлж, бичиж байгааг нь хэн ч уншихгүй байвал хэрхэн бол. Хэрэв тийм зүйл тохиолдвол та үргэлжлүүлж бичих болов уу?

                              -Бичнэ. Ямар ч шалтгаангүйгээр үргэлжлүүлж бичсээр л байх болно.

-Хүн ямар нэг шалтгаантай байж бичдэг биш гэж үү?

                              -Бичсэн зүйлээ цаг хугацаанд даатгаж үлдээхийн тулд л бичих байх. Бичсэнийг минь одоо хэн ч тоож уншихгүй байж болох ч ирээдүйн хэн нэгэн уншигч эсвэл миний үр хойчид ганц, нэг шүлэг минь ч болов таалагдах болов уу гэсэн итгэлээр бичнэ.

Залуу яруу найрагч Б.Санчирын “157 тоотын диваажин” яруу найргийн номын нээлт, “Манант хотын мөртүүд” уншлага ирэх бямба гарагт буюу нэгдүгээр сарын 13-ны өдрийн 18:00 цагаас Энхтайваны гүүрний урд талд байх “Hurrem Sultan” турк рестораны хоёр давхрын “Human HUb” кафед болно. Номын нээлт, яруу найргийн чөлөөт уншлагад “157 тоотын диваажин” номын зохиогч Б.Санчираас гадна 20 орчим залуу яруу найрагч оролцож, шүлгээ уншина. Ярилцлагынхаа төгсгөл, залуу яруу найрагч Б.Санчирын анхны номын угталт болгож түүний хоёр шүлгийг уншигч танд хүргэе.

 

***

Эндэхийн шувуу бүхэн

Урьд насандаа хүн байгаад

Аль нэг нь миний эхнэр байсан бол…

Хайрт минь хэний тагтан дээр

Тэнгэрийн хэлмэрч хийж байгаа бол…

Энэ хотын мод болгон

Урьд төрөлдөө хүн байгаад

Аль нэг нь миний эхнэр байсан бол...

Хайрт минь надаас ч урт настай болчихоод

Хаана даарч зогсоо бол...

Өнөө бидний дуулдаг гунигийн дуунууд

Урьд цагт хүн байгаад

Аль нэг нь миний эхнэр байсан бол...

Яг аль нь чиний тухай дуу юм бэ?

Булган нударгыг шалчийтал уйлжээ

Хайрт минь энэ чи мөн үү...?

Цээл хоолойтой хүний үр

Бид хоёрыг уулзуулна...

 

***

Аав минь тамхи татдаг

Гэхдээ гэртээ утаа гаргаж үзээгүй.

Хааяа балгах дуртай,

Эмээ бид хоёрын гаргасан

Тайтгарлын замаар

Гэртээ ирээд гэмгүй унтаад л өгдөг.

Эмээ минь 76-тай

Насыг нь хүндлээд

Гэрийн онгон ганц ч үг дуугардаггүй.

Тэр гурил зуурдаг

Хоолны мах хөшиглөдөг

Хорин гурван жил надад хоол хийсэн.

Найман жилийн өмнө өвөө тэнгэр зүг

Байнга зогсдог тагтыг нь би өвлөж авсан.

Дээрээ хов зөөх ахгүй өссөн

Ганцаардал бид хоёр сайн найз.

Эмээ байсан болохоор

Зодооноос харин холуур явсан

Ганц хоёр удаа алгадуулж явсан удаа бий л дээ,

Гэхдээ өвдөлтгүй амьдралыг ямар амьдрал гэх юм…

Айлын хүүхдүүдийг ээж нь сургуульд нь хүргэж өгдөг

Харин намайг эмээ, өвөө хоёр л зөөдөг байсан

Авга эгч, эмээ хоёр зах дээрээс

Тор дүүрэн тайтгарал авчирч өгсөн

Би өлсөж үзээгүй.

Товчхондоо амьдрал

Ганцаардахыг бас өглөгч байхыг заасан

Тоглоомуудаа би ганцаардлаас

Ганц ч удаа харамлаж байгаагүй...

 

 


ПАНК Б.САНЧИР: ДАНДАА ХОТЫН ШҮЛЭГ БИЧНЭ ГЭЖ ЮУ БАЙХ ВЭ ДЭЭ, НҮҮДЭЛЧИН АХУЙН ТУХАЙ ГАНЦ САЙХАН ШҮЛЭГ БИЧИХИЙГ ХҮСДЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-12 07:53:20
    dd: МЭДЛЭГТЭЙ БОЛ ГАНЦААРДАХГҮЙ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188