• Өнөөдөр 2024-04-30

Д.ОЮУХАЙ: Дуулж байхдаа нисэх мэт мэдрэмж авдаг

2022-07-06,   1190

        Сонсогчдынхоо дунд "Malehuana" нэрээрээ танил болсон залуу дуучин Д.Оюухайтай ярилцлаа. Тэрбээр СУИС-ийн Театрын урлагийн сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Нэг л өдөр УДЭТ-ийн жүжигчин болох мөрөөдөлтэй түүний ярилцлагыг хүргэж байна.

-Сайн байна уу. Таны тайзны нэр өвөрмөц шүү дээ. Утгыг нь сонирхсон хүмүүс их байдаг юм билээ. Энэ талаар ярих уу?

       -Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Зарим хүн миний тайзны нэрийг буруугаар ойлгодог байж магад. Malehuana гэдэг нэрийг их бодож, тунгааж байж өгсөн. “Malena” гэдэг нь миний хамгийн дуртай киноны дүрийн нэр, “Huana” гэдэг нэртэй их гоё цэцэг байдаг. Ингээд өөрийнхөө хамгийн дуртай зүйлсээ  нийлүүлж, артис нэрээ өгсөн.

-Урлагийн хүн болохоор шийдсэн түүхээсээ хуваалцаач?

        -Би багаасаа урлагийн мэдрэмжтэй, дуулж, бүжиглэж, шүлэг зохиох дуртай хүүхэд байсан. Жаахан байхдаа "Дуучин болно доо” гэж боддог байлаа. Тэгж байгаад дунд ангидаа театрын жүжиг үзээд жүжигчний мэргэжил их сонирхолтой санагдаж, таалагдаж эхэлсэн. Нөгөө мундаг жүжигчдээ үзэхийн тулд байнга кино, жүжиг үздэг болсон. Энэ мэтээр насны онцлог бүрд мэргэжил минь солигдсон гэх үү дээ. Гэхдээ урлагийн салбараасаа холдолгүй байсаар дуучин болсон. 

-Дуртай зүйлээ хийхэд нь нөлөөлж дэмжсэн хүн байгаа юу. Гэр бүлийнхэн нь урлагийн хүн боллоо гэхэд нь хэр хүлээж авсан бэ?

       -Манай сургуулийн англи хэлний Энхжаргал багш надад их нөлөөлсөн. Анх багштайгаа дөрөвдүгээр ангидаа уулзаж байлаа. Тэрнээс хойш сургуулиа төгсөх хүртэл бүх л тэмцээн уралдаанд хамт явж, надад тусалж дэмжиж, зөвлөгөө өгдөг байсан. Төгссөнийхөө дараа ч байнга холбоотой байгаа. Манай гэр бүлийнхэн намайг маш их дэмждэг. Ер нь манай гэрийнхэн их гоё дуулдаг, ялангуяа ах минь их чадварлаг дуучин.

-Жүжигчин мэргэжлээр төгссөн юм билээ. Дуучин, жүжигчин хоёрыг хослуулж ажиллана гэж боддог уу?

            -Жүжигчин мэргэжлээр энэ жил төгссөн. Сонирхлынхоо дагуу дуулж байгаа.

-Багаасаа тэмцээн, уралдаанд оролцдог байсан гэсэн шүү дээ. Оролцож байсан тэмцээнүүдийнхээ талаар яриач?

      -Арван жилдээ олон тэмцээн, уралдаанд оролцдог байсан. Хичээлээсээ илүү урлаг, спорт гэдэг хүүхэд байлаа. Сүүлд гэвэл “My Voice” шоунд оролцож, хоёрдугаар шатандаа тэнцсэн. Харамсалтай нь, хүндэтгэх шалтгааны улмаас цааш үргэлжлүүлэн оролцож чадаагүй.

-Сүүлийн үеийн шинэхэн уран бүтээлийнхээ талаар ярих уу?

       -Энэ зундаа багтаж шинэхэн уран бүтээлээ гаргана гэсэн бодол, төлөвлөгөө бий. Их сургуулиа төгсчихсөн учраас дуучин гэхээсээ илүү мэргэжлээрээ ажиллахдаа анхаарлаа хандуулах бодолтой байгаа.

-Кино уран бүтээлд тоглох санал ирсэн үү?

           -Одоогоор кинонд тоглох санал ирээгүй ээ. Дөнгөж төгссөн учраас аргагүй байх л даа. Гэхдээ богино хэмжээний дүрс бичлэгт тоглох санал ирж байгаа.

-Жүжиглэж, дуулах үедээ ямар мэдрэмж авдаг вэ?

       -Би дуулахдаа нисэж байгаа юм шиг л тийм сайхан мэдрэмж авдаг. Харин жүжиглэж байхдаа өөр цаг хугацаанд амьдарч, өөр хүн болчихсон юм шиг мэдрэмж авдаг даа. Анх театрын жүжиг үзэхэд надад төрж байсан тэр мэдрэмж одоо ч санаанаас гардаггүй. Театр бол зүрхнээс зүрхэнд хүрч уйлах, догдлох, түгших гээд бүхий л мэдрэмжийг бидэнд өгдөг. Тийм л гайхалтай мэдрэмжүүдийг өгдөг учраас өнөөдрийг хүртэл шантралгүй явж ирсэн байх.

-Их сургуульд хүссэн мэргэжлээрээ суралцах ямар байсан бэ?

          -Үгээр хэлэхийг аргагүй гоё байсан. Гэхдээ суралцах хугацаандаа хоёр жилийн турш хөл хорионд байсандаа жаахан харамсдаг. Гуравдугаар сарын 27-нд театрын баярыг тохиолдуулан Оюутны их наадам зохион байгуулагддаг. Энэ жил манай анги гурван жүжгээр оролцоод, шилдгийг шилдэг тэргүүн байр, шилдэг үндэсний бүтээл, шилдэг туслах эмэгтэй дүрийн шагнал авсан. Миний оюутан насны хамгийн жаргалтай өдөр болсон доо.

-Дуулж,жүжиглэхээс өөр нууц авьяас, хобби нь юу вэ?

    -Би спортод их дуртай. Багадаа спортоор хичээллэдэг байсан. Мөн дууныхаа үгийг өөрөө бичдэг.

-Цаашдын зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?

       -Миний хамгийн том мөрөөдөл Улсын драмын эрдмийн театрт  ажиллахыг хүсдэг. Анх СУИС-д  энэ мөрөөдөл, зорилгодоо хөтлөгдөн орсон доо.

-Хүн бүрд амьдралдаа баримталдаг зарчим байдаг. Д.Оюухайгийн баримталдаг зарчим юу вэ?

    -Амьдралдаа баримталдаг зарчим олон бий. Цаашдаа аль болох шинийг эрэлхийлж, шинэ зүйл сурч мэдэж, өөрийгөө нөөхгүйгээр, чадахгүйгээ чаддаг болтлоо хичээхийг амьдралынхаа зарчим болгож ажилладаг.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.

    -Баярлалаа.



 


Д.ОЮУХАЙ: Дуулж байхдаа нисэх мэт мэдрэмж авдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-07-07 14:49:10
    Monhsaihan batsaihan: Amjilt hvsii enees ilvv ihiig hiij chadna mundagshvv
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188