• Өнөөдөр 2024-03-28

Б.БАЯРЖАВХЛАН: Би аз жаргалтайгаар ажлаа хийх дуртай

2022-04-13,   6613

        “Хавтаст хэрэг” олон ангит уран сайхны кино цэнхэр дэлгэцээр цацагдсанаасаа хойш үзэгчдийг байлдан дагуулаад буй. Энэхүү кинонд чадварлаг цагдаагаас гадна үзэгчдэд хөнгөн инээд бэлэглэсэн ахлах дэслэгч Мандахын дүрд тоглосон жүжигчин Б.Баяржавхлантай ярилцлаа. Түүнийг өмнө нь “Учрал”, “Өнөөдөр”, "Хүний цаана", “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” зэрэг уран сайхны кинонд сэтгэлд хүрсэн туслах дүрүүд бүтээснээр нь үзэгчид андахгүй. Б.Баяржавхлан нь жүжигчний мэргэжлээр ажиллаад зогсохгүй авьяаслаг дуучин билээ. Тэрбээр дуу, хөгжмийн уран бүтээлээ Jason нэрээр олонд хүргэдэг. Ингээд чадварлаг "мөрдөгч"-ийг их ажлаас нь түрхэн салгаж, ярилцсанаа хүргэе. 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Кино урлагтай холбогдож байсан түүхээ ярьж өгөөч?

        -Би багаасаа л урлагийн хүн болно гэж боддог байсан. Тэр ч утгаараа нэгдүгээр ангиасаа “Яргуй” урлагийн наадамд оролцдог байлаа. Хамгийн анх  долдугаар ангийн сурагч байхдаа кинонд тоглосон. Арван жилээ төгсөөд Кино урлагийн дээд сургуулийн жүжигчний ангид элсэн орж суралцсан даа. Чамлалтгүй олон кинонд туслах дүр бүтээсэн байна. Харин анхны тоглосон олон ангит кино нь “Хавтаст хэрэг”  байлаа.

-Анх кинонд дүр авсан сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

         -Жүжигчний мэргэжлээр сурчихсан учраас дүр авахдаа хөөрч догдлох бус авсан дүрээ хэрхэн сайн гаргах талаар л бодож байсан даа.

-Та чадварлаг жүжиглэхээс гадна дуулдаг шүү дээ. Цаашид хослуулаад л явах уу?

        -Дуу дуулах бол миний сонирхол юм л даа. Заавал жүжигчин хүн гээд ганцхан кинонд тоглож, тайзан дээр  жүжиглээд явж болох ч гэлээ өөр зүйлсийг ч бас хийж үзэх хэрэгтэй гэж боддог. Америкаас гэвэл Jamie Foxx  дуучин, жүжигчин, ая зохиогч, продюсер гээд бүгдийг нь хийж байна. Монгол Улсад ч  дээд үеийн жүжигчдээс маань  дуулдаг хүмүүс бий шүү дээ. Анхнаасаа л дуучин, жүжигчин болох мөрөөдөлтэй байсан. Мөрөөдлийнхөө төлөө л явж байна.

Би багаасаа л урлагийн хүн болно гэж боддог байсан

-“Хавтаст хэрэг” олон ангит кинонд дүр бүтээх болсон тухайгаа хэлж өгөөч?

     -Надад кинонд тоглох санал ирсэн. Ерөнхий продюсер Н.Отгонбат, гүйцэтгэх продюсер С.Сумьяа эгч “Хавтаст хэрэг” олон ангид киноны Мандах гэж залуугийн дүр байгаа. Чамайг тоглуулах сонирхолтой байна” гэсэн санал ирсэн. Цагдаагийн дүрд тоглоно гэдэг чинь өөрөө гоё, яагаад гэхээр хүүхэд байхаасаа л цагдаа болж тоглодог байлаа. Тийм ч учраас уриалгахнаар саналыг хүлээж авсан.

-Монгол Улсын гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэтэй өмнө хамтарч кинонд тоглож байсан шүү дээ. Харин энэ удаа "Хавтаст хэрэг" олон ангит кинонд хамт дүр бүтээх нь ямар санагдсан бэ?

       -Боогий ахтай анх танилцсан түүх гэвэл би Улсын драмын эрдмийн театрт ажиллаж байхдаа танилцаж, ах дүүс болсон. Тайзан дээр “Гамлет” жүжигт хамтарч тоглож байлаа. Хамт кинонд гол дүр бүтээх сайхан байдаг. Хүнийхээ хувьд ч, ур чадвар, үлгэрлэлийнх нь хувьд ч сурах, харах зүйл ихтэй. 

 

БИ МАНДАХЫН ДҮРДЭЭ ХАЙРТАЙ

 

-“Хавтаст хэрэг” кинонд хөдөө, орон нутгийн зураг авалт их байсан. Хүндрэлтэй зүйл гарсан уу ?

         -Хүндрэлтэй зүйл байсангүй. Бид Өмнөговь аймагт 14 хонож, тал газар зураг авалтаа хийсэн, үнэхээр сайхан байсан шүү.

-Кинонд толгойгүй хүүхдийн цогцос олдож, хэргийн мөрөөр хайдаг хэсэг байдаг шүү дээ. Тэр хэсгийн талаар жүжигчин Г.Номуун "Яг бодит юм шиг харагдсан учраас эвгүй байсан" хэмээн ярьсан байсан. Танд тэр хэсгийн зураг авалт ямар санагдсан бэ?

     -Манай Номуун өөрөө хүүтэй болохоор жаахан эвгүй л байсан байх. Надад бол тийм хэцүү байгаагүй. Би яг тэр толгойг зураг авалтад зориулж хийж байхад нь хараад “Ямар эвгүй юм бэ” гэж бодоод өнгөрсөн дөө. 

-Мандах IT чиглэлээр мөрдлөг явуулдаг, чадварлаг цагдаагийн дүр байсан. Магад та үзэгчдэд тэгж харуулж чадсан байх?

       -IT-гийн хэлтэст очиж үзсэн. Кино танилцуулгын үеэр биднийг тэр хэлтэстэй танилцуулсан ч дотогш бол оруулаагүй. Харанхуй орчинд компьютерын ард суучихсан бүгдийг нь хянаад сууж байдаг юм билээ. Ер нь манай цагдаагийнхан сайн ажилладаг юм билээ. Тэдний тухай кино хийж байхдаа мөрдөгч, цагдаагийнхны зовлон жаргалыг илүү ойлгож, мэдэрсэн гэх юм уу даа. Үнэхээр зогсолтгүй хөдөлмөрлөдөг юм билээ. 

Тэдний тухай кино хийж байхдаа мөрдөгч, цагдаагийнхны зовлон жаргалыг илүү ойлгож, мэдэрсэн гэх юм уу даа. Үнэхээр зогсолтгүй хөдөлмөрлөдөг юм билээ

-Таны хувьд "Хавтаст хэрэг" кино бусад олон ангит киноноос юугаараа онцлог байсан бэ?

      -Энэ кинонд гарч байгаа хэргүүд бүгд бодит үйл явдал. Монгол Улсад болсон шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүд гэдгээрээ давуу талтай. Зохиол бичиж байгаа зохиолын багийнхан тухайн хэрэг болж байхад ийм үйлдэл болсон гээд дарааллын дагуу бичсэн. Тэр гарч байгаа үйл явдлууд нь бодит учраас хүмүүст илүү таалагдсан болов уу.

-Киногоо үзээд танд ямар мэдрэмж төрсөн бэ?

      -Бид таван сар хагасын хугацаанд маш шахуу цагийн хуваарьтай олон газар, объект сольж зургаа авахуулсан. Маш богино хугацаанд олон хүний хүч хөдөлмөр шингээж бүтээгдсэн ч хурдан гарч дууссанд нь бага зэрэг сэтгэл дундуур байсан. Бусдаар бол үнэхээр сайхан байлаа.

-Монгол Улсын хувьд цуврал алуурчин байсан гэдгийг киногоор харуулсан шүү дээ. Таны хувьд энэ талаар мэдэх ямар байсан бэ?

        -Бидний хувьд гадаад киноноос цуврал алуурчин гэдэг зүйлийг хардаг байсан. Гэтэл Монгол Улсад ч байгаа гэдгийг сонсчихоод “Үнэхээр байдаг юм уу.  Ямар сонин юм бэ” гэж хүлээж авсан даа. “Хавтаст хэрэг” кинон дээр энэ талаар гарч байгаа нь “Гэмт хэрэгтэнд гишгэх газар үгүй” гэдгийг мөрдлөгийн ажиллагаа, хууль хяналтын ажиглалтын үйл явц байнга үргэлжилж байдгийг харуулсан хэрэг юм шүү дээ. Бид энэ киногоороо гэмт хэрэг хийвэл ийм үр дагаварт хүрдэг гэдгийг харуулах, сэргийлэхийг зорьсон.

Кинонд гарч байгаа хэргүүд бүгд бодит үйл явдал

-“Хавтаст хэрэг” олон ангит киноны Мандахын дүр хүмүүст юу илэрхийлж, хүргэсэн дүр вэ?

         -Ерөнхийдөө зохиолоо уншаад гэгээлэг залуугийн дүр гэж харсан. Угаасаа анги бүр дээр гэмт хэргийн талаар гарна. Гэмт хэрэг бол өөрөө хар бараан зүйл, миний дүр гэгээлэг тал нь байх гэж бодсон. Хүмүүс цагдаа гэхээр муухай харж, уурласан хүн байх ёстой юм шиг хүлээж авдаг. Тэгвэл цагдаа хүн яагаад  инээсэн, хөгжилтэй хүн байж болохгүй гэж. Тэр талыг нь барьж, дүрээ гаргахыг хичээсэн.

-Жүжигчин хүний хувьд бүтээхийг хүсдэг дүр байгаа юу?

           -Тайзны уран бүтээлүүдэд тоглох гоё байдаг. Жүжигчин хүн бүр түүхэн хүний дүр бүтээхийг хүсдэг байх. Би ч тэдний нэг. Өнгөрсөн зун түүхэн кинонд тоглосон,  одоохондоо нээлтээ хийгээгүй байгаа.

-Киноны явцад хэцүү зүйл байгаагүй гэлээ. Тэгвэл нэг үзэгдлийн зураг авалтыг олон удаа давтаж авсан тохиолдол гарсан уу?

         -Долоо хоног шахуу хуваарьтай өдөрт бараг арван үзэгдлийн зураг авалттай байсан. Тэр хэдэн өдөр жаахан унтах юм сан гэсэн бодол бол төрж байсан. Гэхдээ хэсэгхэн зуур гарсан завсарлагаанаар нүдний хор гаргадаг байсан. Түүнээс биш, өөр хүндрэлтэй зүйл байгаагүй. Нойргүй ажиллах, дүрээ сайн гаргахын төлөө илүү цагаар сууж суудлах гэдэг бол жүжигчин, уран бүтээлч хүнд байх л ёстой зүйл. Бид  чинь дуртай ажлаа хийж байгаа учраас ерөөсөө түүртээгүй. Дуртай зүйлээ хийж байгаа учир мэдээж хөгжилтэй. Надад “Аз жаргалтайгаар ажлаа хийх” гэдэг зарчим байдаг. Тэр зарчмаараа ажиллаж, амьдрахыг ч хүсдэг. Хэцүү үедээ хэцүү, даарах үедээ даарна. Гэхдээ л инээсэн сайхан уур амьсгал дунд кино маань дууссан даа.

-Таны хувьд бүтээсэн бүх дүр нь нандин байдаг байх. Тэр дундаас хамгийн их нандин дүр нь ямар уран бүтээлийн, хэний дүр вэ?

      -Бүгд л нандин байдаг. Би бүх юмандаа сэтгэл зүрхээ зориулж хийдэг учраас яг тэрийг гэж хэлэх хэцүү. Гэхдээ би одоогоор “Хавтаст хэрэг” киноны Мандахын дүрдээ илүү хайртай.

БИ УРАН БҮТЭЭЛ ХИЙХДЭЭ НАСЖИЛТЫГ НЬ БОДОЖ ХИЙДЭГ

-Дуучин хүний хувиар хийсэн анхны уран бүтээл нь ямар дуу байсан бэ?

         -Би чинь олон хамтлагт байсан, “Only Top”, “SS” ,“Mic avenue” гээд цахим цомог хүртэл гаргаж байлаа. Тэгээд гадаадаас ирээд найзуудаараа нийлээд “Тоонот” студийг эхлүүлээд явж байна. "Тоонот" студиэс цацагдсан миний анхны дуу “5 Minutes” байсан.

 

-Таны “After rain” дуу олон хүнд хүрсэн. Хүмүүс таны уран бүтээлийг сонсоод явж байгааг харах ямар мэдрэмж өгдөг вэ?

          -Анх дуугаа хийгээд цацчихсан, сурталчилгааны ажил хийгээгүй байсан юм. Дууны үгийг Dessant бичсэн. Энэ дууны хөгжмийг аваад, ая хийсний дараа надад “Нормоор байна уу" гэсэн үг л байгаад байсан. Тэгээд би “Энэ яг нормоор байна уу гэдэг дуу юм байна” гэсэн чинь манайхан “Нормоор байна уу” гэж ямар дуу байдаг юм гээд инээлдэж байсан. Би энэ дуундаа  хайртай, гоё дуу шүү дээ. Би хөгжим хийхдээ дууныхаа насжилтыг харж, бодож хийдэг. Миний дуу гараад олон хүнд хүрэхгүй байж болно. Би хөгжим хийхдээ аль болох “сүнстэй”, тухайн үедээ л олон хүнд хүрээд дуусах биш, хэр урт наслахыг нь бодож хэдэн жилийн дараа сонссон ч хүнд хүрдэг тийм л дуу хийхийг хичээдэг.

-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

         -Төлөвлөгөөнүүд гарчихсан, одоо манай  студиэс O.Z-ийн бие даасан цомог гарах гэж байна. Араас нь миний бие даасан цомог гарна.  Энэ зуны хувьд "Тоонот" студийнхэн Монгол Улсынхаа 21 аймгийн төвөөр аялан тоглолтоо хийхээр төлөвлөөд байж байна даа. 

-Цаг гарган ярицлага өгсөн танд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.

         -Баярлалаа, танай хамт олонд амжилт хүсье.

 

Би хөгжим хийхдээ аль болох “сүнстэй”, тухайн үедээ л олон хүнд хүрээд дуусах биш, хэдэн жилийн дараа сонссон ч хүнд хүрдэг тийм л дуу хийхийг хичээдэг


 


Б.БАЯРЖАВХЛАН: Би аз жаргалтайгаар ажлаа хийх дуртай
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-10 20:55:59
    ЧИМГЭЭ: МОНГОЛДОО АЛДАРТАЙ ГОМО НАРЫН НЭГ ДЭЭ. МИНТЭД ОЛОН УДАА ТААРЖ БАЙСАН.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-13 11:24:00
    Амжилт хүсье ээ: Вооааав гоё дүр шүү, туслахаар ч хамаагүй тоглосон кино болгоныг нь үздэг шүү. Мандах бол яг өөрөө л байх шиг байсан даа. Хайртай, хүндэлж явдаг жүжигчин минь илүү их гэрэлтээд, гялалзаад өгөөрэй. Чадна гэж итгэдэг шүү. Өшөө илүү гоё яриулах байсан юм даа, илүүярьж чадах хүн шүү дээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188