• Өнөөдөр 2024-04-29

М.АРИУНСАНАА: Амьтдыг асрах хүсэл минь хэзээ ч өөрчлөгдөхгүй

2022-03-24,   597

               Эргэлт.мн мэдээллийн сайт “Шинэ үе” булангийнхаа энэ удаагийн дугаарт амьтдын эрх ашгийн төлөө, өөрийгөө үл хайрлан зүтгэж яваа М.Ариунсанааг онцоллоо. Тэрбээр эзэнгүй амьтдыг асрах, хамгаалах хүсэлдээ хөтлөгдөн өдгөө “Сайн санаа амьтдад" ТББ-ыг үүсгэн байгуулж, таван жилийн хугацаанд тасралтгүй ажиллаж буй тууштай нэгэн юм. Ингээд уншигч танд түүнтэй ярилцсан ярилцлагаа хүргэе.

 
 

 

- Сайн байна уу, манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулаач?
 
          -Намайг Мөнхжаргалын Ариунсанаа гэдэг. График дизайнер мэргэжилтэй. “Сайн санаа амьтдад ТББ”-ын үүсгэн байгуулагч. Өвдөж, зовсон амьтдыг хамгаалах, асрах зорилгоор ТББ-аа байгуулж байсан.
 
-Яагаад ТББ байгуулах болсон юм бэ ?
 
          -Би бага байхын л нохой болон амьтдад хайртай, өөрийн гэсэн нохойтой болохыг хүсдэг хүүхэд байсан. Зовж зүдэрсэн амьтадтай таараад жаахан хоол, ус өгөөд орхиод явсныхаа дараа бодож шаналдаг байлаа. Тийм болохоор л өөрийн чадах хэмжээнд амьтан асран хамгаалах байр байгуулъя гэж шийдсэн. Эргэн тойрны найзууддаа хэлж, санал нэгтэйгээр зөвшилцөж байсан. Эхэндээ бол хүмүүс гайхдаг байсан. Чи юу яриад байна, яах гэж ийм зүйл хийх гэж байгаа юм, залуу хүн байж” гэх мэтээр эсэргүүцдэг хүмүүс ч байсан. Тэглээ гээд би өөрийн зорилгоос хойш суулгүй, түүнийгээ бодит болгохын төлөө хичээсээр явна. ТББ болоод таван жилийн хугацаа өнгөрсөн байна. Идэвхтэй ажилладаг дөрвөн гишүүн байдаг. Тэд маань асрах газарт байгаа амьтдын хоол хүнс, шаардлагатай зүйлсэд тусладаг. Харин би бол долоо хоногийн 24 цаг амьтадтайгаа хамт амьдардаг.
 
-Гэр бүлийнхэн нь яаж хүлээж авч байсан бэ?
 
        -Одоо миний эргэн тойрны хүмүүс намайг өөрсдийн боломжоороо дэмждэг. Хааяадаа намайг өөрийгөө хэтэрхий орхиод байна гэж бодож, эсэргүүцэх үе ч бий. Гэхдээ миний хүсэл мөрөөдөл учраас хийж буй зүйлийг минь хязгаарлаж чадах зүйл байхгүй.
 

 
-Танай асрах төвд ойролцоогоор хэчнээн амьтад байна вэ?
 
         - Анх цөөхөн тоогоор аварч байгаад цаашлаад илүү олон амьтан авран хамгаалахыг хүссэн. Бүгдийг нь чадахгүй ч гэлээ хэзээ ч шантрахгүйгээр, амьтдыг чадахаараа аварсаар байна. Энэ зовж зүдэрсэн амьтад нэг л өдөр цэгцэрч харгислалгүй нийгэм бий болно гэсэн итгэл найдвараар энэ бүхнийг эхлүүлж байсан. Өнөөдрийн байдлаар манай асрах газарт 75 нохой, найман муур амьдардаг. Хүмүүс асрах газар гэхээр өвсөн үед нь асраад, эдгэрэхээр буцаагаад гаргаад явуулчихдаг юм шиг ойлгоод байдаг. Гэтэл энд огт тийм зүйл байхгүй. Энд ирсэн амьтад дараагийн сайн гэр бүлээ олтлоо эндээ тайван амьдрах боломжтой. Анх нээгдэх үеэс надтай хамт байсан нохойнууд одоо хүртэл байдаг.
 
-Амьтдаа үрчлүүлэх хэцүү байдаг уу?
 
         -Энэ тал дээр их хашир болсон. Учир нь, хүмүүс худлаа хэлж амьтдыг авах, хангалттай сайн асаргаа хийхгүйгээр өвчин тусгах зэргээр алдаж байсан туршлагуудаасаа хараад үнэхээр амьтанд хайртай, чин сэтгэлээсээ авах хүсэлтэй хүнд л өгөх нь зөв гэдгийг ойлгосон. Гэхдээ үрчлүүлэх нь маш бага байдаг. Учир нь, энд байгаа амьтан бүр миний хүүхэд шиг, түшиг тулгуур минь байдаг учраас тэднийгээ үрчлүүлнэ гэдэг хэцүү. Бид үрчлүүлэх гэж яараад байдаггүй. Бүхнээ зориулан хайрласан амьтдаа хамгийн шилдэг, төгс гэр бүлтэй болж аз жаргал, хайран дунд умбаж байгааг нь харах хамгийн сайхан тайвшрал, дээд цэгтээ хүрсэн мэдрэмж байдаг. 
 
 

 
-Огт танихгүй амьтдыг авчраад өөртөө дасгана гэдэг хэцүү санагдаж байна л даа?
 
        -Манай асрах төвд байгаа амьтан бүр өөрийн гэсэн түүхтэй. Мэдээж хэрэг анх ирэхдээ өвдсөн, хүнээс айдаг болсон гэх мэт олон шалтгаанаас болоод ааштай болсон амьтад ирдэг. Тэднийг зовоохгүй асарч, хамгаалах нь миний, бидний үүрэг учир яаж хийгээд л хоорондоо учраа ололцдог. Амьтан гэдэг бидэнтэй ярьж чадахгүй л болохоос бидний зан ааш, ямар хандлага гаргаж байгааг хүртэл мэддэг. Амьтад ухаантай шүү дээ. Одоо манай асрах газрын хашаанд сул нохой зөндөө байдаг. Тэд огт хүн рүү дайрч байгаагүй, цаанаасаа л амгалан болчихдог юм билээ. Энд тав тухтай, аюулгүй гэдгээ тэд мэдрээд байдаг юм шиг санагддаг. Хашааны хаалга нээлттэй байхад л гарахгүй, хэвтээд л эсвэл тоглоод л байж байдаг. Заримдаа би амьтдаа харахаар бахархах сэтгэл төрдөг.
 
-Таны мөрөөдөл юу вэ?
 
        -Миний хувьд амьтад болон хүмүүсийг хооронд нь бүрэн нийгэмшүүлж тэднийг холбох сүрхий том мөрөөдөлтэй. Анх асран хамгаалах байр маань 30 гаруй амьтадтай эхэлсэн. Нохойг зүгээр л нэг гинжинд уяж, харуул манааны хэрэгсэл болгон бие сэтгэлд нь зовлон мэдрүүлэх тохиолдол олон. Дэлхий зөвхөн хүний амьдрах газар биш бусад амьтад ч бас хайр халамж мэдэрч, аюул заналгүй амьдрах нь зөвхөн хүмүүсийн өөрчилж, ухамсарлаж чадах асуудал гэж боддог. Мэдээж энэ бүхэнд маш их хүч, цаг хугацаа шаардлагатай. Амьтдыг асрах хүсэл минь хэзээ ч өөрчлөгдөхгүй.
 
 
-Таван жилийн хугацаанд амьтдыг асрах үед шантрах зүйл гарсан уу?
 
          -Яаж ч чадахгүй байх үе зөндөө байдаг. Хамгийн хэцүү нь аварсан амьтан маань эрүүл мэндийн шалтгаанаар эндэх тохиолдол гарна. Тэр үед сэтгэл санаа их хүнд байдаг. Сэтгэлээр унасан үед амьтад маань миний дэргэд ирээд намайг аргадах шиг болдог. Угтаа бол надтай биеийн хэлэмжээрээ ярилцаж буй хэлбэр байх. Хүн л болсон хойно хааяадаа гуниглах үе гарна тэр болгонд хөөрхөн гэгч нь намайг хараад, тоглох гэж оролдох үед нь цэнэглэгдээд л явчихна. Үүнээс л эрч хүч, боломж найдвар гээд олон зүйл мэдэрч ойлгодог.
 
-Таны цаашдын зорилго юу вэ?
 
       -Амьтдад эрүүл аюулгүй асран хамгаалах газар бий болгохоор зорьж байна. Одоогоор бид өөрсдийн боломжоороо түрээсийн газарт амьтдаа байлгаж, би өөрөө дэргэд нь байдаг. Цаашдаа илүү гоё, амьтдын цэцэрлэг байгуулах мөрөөдөлтэй. Амьтдад шаардлагатай бүх зүйлийг багтаасан цогц тийм газартай болчихвол хэчнээн гоё гээч. Түүнийхээ хэрээр амьтдын төрөл хүртэл нэмэгдэж, илүү олон амьтдыг асрах чадалтай байвал, миний хүсэл, манай байгууллагын зорилго биелэх нь тэр.
 
 

 
- Энэхүү нийтлэлийг уншиж буй уншигчдад хандаж хэлэх зүйл байна уу?
 
       -Амьтдыг хайрлах аргыг хүүхдэд багаас нь зөвөөр ойлгуулж, дэлхий дээр амьтад байж гэмээнэ бид байгаа, бид байж амьтад амьдрах боломжтой, энэ бол салшгүй холбоотой зүйл гэдгийг томчууд ойлгуулаасай. Багаасаа зөвөөр ойлгосон хүүхэд, том болсон ч амьтдыг хайрлана. Хүний эрхийг чухал гэдэг шиг амьтны эрхийг бас чухалчилдаг хүн олон байгаасай. Бид бол эх дэлхий гэдэг нэгэн ээжийн адил амь гэдгээ хүн бүр мэдэж, амьтдыг хүндэлж, тэднийг хамгаалдаг байгаарай гэж хүсмээр байна.
 
 
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
 
         -Баярлалаа.

М.АРИУНСАНАА: Амьтдыг асрах хүсэл минь хэзээ ч өөрчлөгдөхгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188