• Өнөөдөр 2024-04-29

Б.БАТТУЛГА: Залуу хүн хүсэл мөрөөдлөөрөө далавч хийж, хүсэж буй ирээдүйгээ бүтээх шиг сайхан зүйл байхгүй

2022-03-03,   1140

Эргэлт.мн мэдээллийн сайт “Шинэ үе” булангийнхаа энэ удаагийн дугаарт ур чадвараа ажил хэрэг болгож, долоон жилийг зориулсан чөлөөт уран бүтээлч Б.Баттулгыг урьлаа. Тэрбээр зурах хүсэлдээ хөтлөгдөн, өдгөө дижитал арт, хөрөг, ханын зураг зэрэг олон чиглэлийг хослуулан ажиллаж байгаа нэгэн юм. Ингээд уншигч танд түүнтэй ярилцсан ярилцлагаа хүргэе.

 -Сайн байна уу, та манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулаач?
 
 -Сайн байна уу, Намайг Болдын Баттулга гэдэг. Архитектор мэргэжилтэй ч зураг зурах хүсэлдээ хөтлөгдөн дижитал арт, хөрөг, ханийн зураг чиглэлээр бүтээл туурвидаг, чөлөөт уран бүтээлч.
 
-Та хэзээнээс зураг зурсан бэ?
 
-Ээж минь их гоё зурдаг, бичдэг. Мэргэжлийн зураач биш ч чамбай гэгч нь зурдаг байлаа. Би ээжийнхээ зурсан, бичсэн зүйлийг хараад л зурах дуртай болчихсон. Багаасаа л зурах хүсэлтэй хүүхэд болж төлөвшсөн гэх юм уу даа. Зурах сонирхолтой байсан болохоор архитектор болно гэж шийдсэн хэрэг. Мэргэжлийн хичээлүүд үзээд эхэлсэн чинь зурах сонирхол минь бага багаар бүдгэрсэн. Тэгээд л  дуртай зүйлээ хийхээр шийдсэн. Ханын зураг зураад долоон жил гаруй болж байна.
 
 -Мэргэжлээрээ ажиллахгүйгээр, өөрийн сонирхлоо дагаад явна гэдэг амар сонголт биш шүү дээ. Чөлөөт уран бүтээлч болохоор яагаад шийдсэн юм бэ?
 
 -Хүний дотоод мөн чанар гэж их сонин байдаг юм билээ. Би их сургуульд сурч байхдаа яагаад ч юм. Өөрийгөө илэрхийлж чадахгүй, хайрцаглачихсан юм шиг санагддаг байсан. Тэгээд л өөрийн дотоод дуу хоолойгоо зургаар илэрхийлж, бусдад таниулах нь надад тохирох зүйл гэдгийг ойлгосон доо. Чөлөөт уран бүтээлч байхын давуу тал нь хүсэл сонирхолдоо хөтлөгдөж яваа залуухан надад олон зүйлийг сурах боломжийг нээж өгсөн. Мөн алдаа, оноо бүрээсээ суралцах хөшүүрэг болдог болохоор огт харамсдаггүй.
 
-Мэргэжлийн бус хүн учраас мэдэхгүй, бэрхшээлтэй зүйл байдаг уу?
 
-Мэдэхгүй зүйл байдаг. Жишээ нь хүний анатомыг хэрхэн зурах вэ гэдэгт суралцмаар байдаг болохоор байнга судлах шаардлага үүсдэг. Гэхдээ надад мэдэхгүй зүйл байлаа гээд шантраад байвал улам хэцүү болно. Харин тууштай байж гэмээнэ зорилгодоо хүрнэ гэдгээ мэдсэн хүн, мэдэхгүй зүйл байсан ч мэрийгээд сурдаг л юм шиг санагддаг.
 
 -Анх ямар бүтээл хийж байсан бэ?
 
-Хамгийн анх хүүхдийн тоглоомын талбай дээр үлгэрийн баатрууд зурж байсан. Тухайн үед эхнэртэйгээ танилцаад, найзалж байсан юм. Зургаар дамжуулж хүүхдүүдийг баярлуулангаа эхнэртэйгээ хамтарч зурж байсан. Түүнээс хойш илэрхийлэхийг хүссэн зүйлээ ханан дээр амилуулж, зурж болох юм байна гэсэн санаа төрсөн. Үүнээс үүдэлтэйгээр ханыг яагаад зургаар гоё болгож болохгүй гэж гэсэн бодол төрсөн.
 
-Та одоогоор  ямар төрлийг дагнаж бүтээл туурвиж байна вэ?
 
Аль болох л нэгэн хэвийн байхгүйг  хичээдэг.  Тийм ч болохоор нэг чиглэл, урсгалд баригдалгүйгээр ханын зураг, хөрөг, дижитал арт зэрэг чадах төрөл бүрээрээ ажиллахыг хүсдэг.
 
-Аль болох л нэгэн хэвийн байхгүйг  хичээдэг.  Тийм ч болохоор нэг чиглэл, урсгалд баригдалгүйгээр ханын зураг, хөрөг, дижитал арт зэрэг чадах төрөл бүрээрээ ажиллахыг хүсдэг. Магад мэргэжлийн бус болохоор нэг чиглэлд баригддаггүй байж болох юм. Мөн комик эхлүүлж байгаа. Чадаж л байвал бүхнийг хийх хүсэлтэй хүн гэх үү дээ. /Инээв/
 
-Цаашдын зорилгоосоо хуваалцаач?
 
-Одоогоор би захиалгуудаа өөрөө зураад явдаг. Зурах сонирхолтой дөрвөн оюутан дүү байдаг. Тэр хэд маань суралцангаа хамтраад зурдаг. Ерөнхийдөө улирлын чанартай захиалгууд зэрэг яаралтай зүйлс дээр нэлээн хугацаа зарцуулдаг учраас илүү өргөжүүлж, студи болгох бодолтой байгаа. Хэрэв студитэй болчихвол ажил илүү амар, төлөвлөгөөтэй болох болов уу. Мөн энэ чиглэлийг сонирхдог хүүхдүүд ирээд суралцах орчин бий болгож сурсан мэдсэн зүйлсээ хуваалцахыг хүсдэг.
 
-Долоон жил гэдэг багагүй хугацаа шүү дээ. Та энэ хугацаанд багшлах эсвэл клуб нээх ч юм уу ур чадвараа бусадтай хуваалцах тал дээр юу хийсэн бэ?
 
- Би бага байхын л даруухан хүүхэд байсан. Оюутан болоод ч гэсэн тэр зан минь байсаар л байсан. Бусдад заана гэдэг бол миний чадах зүйл биш шиг санагддаг үе ч байсан. Гэхдээ хүн бүхнийг сурах хүсэлдээ хөтлөгдөөд явахаар чадахгүйгээ чадаж, айдаг зүйлээсээ айхаа ч больдог юм билээ. Сурсан зүйлсээ хуваалцах тал дээр их, дээд сургууль болон, сургалтын байгууллагад багшилж байсан.
 
- Хэн нэгнээр заалгалгүй, өөрөө бүх зүйлээ сураад зогсохгүй бусдад заана гэдэг бахархмаар санагдаж байна. Та хүүхдүүдэд ямар арга барилаар багшилж байсан бэ?
 
-Хуучны тогтсон арга барилаас арай өөр байсан байхыг хичээсэн гэж боддог. Хүүхдүүдэд хичээл  заах үнэхээр сонирхолтой байдаг. Чи яг ингэж хийх ёстой, тэгэх ёстой гэж заах биш, "чи чадахгүй байсан ч зүгээр. Тууштай оролдоод л байвал заавал чадах болно" гэдгийг ойлгуулчихвал өөрөө урам зориг аваад суралцах хүсэлтэй болчихдог. Миний бодлоор багш гэдэг сурагчдыг зөв зам руу ороход нь туслах гүүр болохоос тухайн хүүхдийн алдааг шүүдэг хүн байх ёсгүй гэж боддог.  Тиймдээ ч өөрийн мэдсэнээ харамгүй хуваалцах багш байхыг хичээсэн. Би өөрийгөө одоо ч бүгдийг сурчихсан гэж боддоггүй.
 
-Олон уран бүтээл туурвисан байх. Бүтээл хийгээд явж байхад болсон хөгтэй дурсамжаасаа хуваалцаач?
 
- Хөгтэй юм зөндөө болно шүү дээ. Гуч гарсан нэг эгч надаар хөргөө зуруулахаар болоод, зургаа өгөөд, би ч зургийг зурж дуусаад өгөхөөр болсон. Тэгээд зуруулсан эгч зурсан зургийг харснаа над руу нүдний шилээ аваад л "Чи намайг хар даа" гэдэг юм. Би ч "Заа, эгчээ" гээд харсан чинь, "Нэг юм дутуу зурсан байгаа биз дээ" гээд уурлав. Би гайхаад л чимээгүй байсан чинь, хэсэг хугацааны дараа эгч "Миний давхрааг зураагүй байна. Чи сайн харвал надад давхраа байдаг шүү" гэсэн. Өө тийм байна шүү дээ гээд л засаж зурсан даа. Хүмүүсийн хандлага нь надад ямар харагдаж байгаагаар бус, мэдэгдэхгүй давхраа, мэнгэ зэрэгт их ач холбогдол өгдөг юм шиг санагддаг. /Инээв/
 
- Сонирхлоо  ажил хэрэг болгох хүсэлтэй залууст зөвлөгөө өгвөл?
 
Залуу хүн хүсэл мөрөөдлөөрөө далавч хийж, хүсэж буй ирээдүйгээ бүтээх шиг сайхан зүйл байхгүй. Тиймээс зорилготой, зоригтой байж чадвал чи өөрийнхөө үнэ цэнийг тодорхойлж чадна гэдэгт итгээрэй гэж хэлмээр байна.
 
- Хэрвээ чамд чаддаг зүйл байдаг, эхлүүлэхээс хойш тавьдаг бол эртхэн эхлүүлбэл чиний сурах боломж нэмэгдэнэ. Мөн хамгийн чухал зүйл нь тууштай, тэвчээртэй, бусдыг ойлгож чаддаг бол чи ямар ч саад бэрхшээлийг давах болно. Залуу хүн хүсэл мөрөөдлөөрөө далавч хийж, хүсэж буй ирээдүйгээ бүтээх шиг сайхан зүйл байхгүй. Тиймээс зорилготой, зоригтой байж чадвал чи өөрийнхөө үнэ цэнийг тодорхойлж чадна гэдэгт итгээрэй гэж хэлмээр байна.
 
-Бидний урилгыг хүлээн авч, ярилцсан танд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье!
 
-Баярлалаа.
 
 
 
 
 
 

Б.БАТТУЛГА: Залуу хүн хүсэл мөрөөдлөөрөө далавч хийж, хүсэж буй ирээдүйгээ бүтээх шиг сайхан зүйл байхгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188