• Өнөөдөр 2024-05-07

Б.ЦЭЦЭГБАЛЖИД: Сэтгэлээ шингээж бялуугаа урладаг

2022-02-24,   1374

-ААВ, ЭЭЖ МИНЬ ӨӨРИЙНХӨӨРӨӨ СУРЧ БОЛОВСРОХ, ХӨГЖИХ БОЛОМЖИЙГ ӨГСӨН НЬ ӨНӨӨДРИЙН НАМАЙГ БҮТЭЭСЭН-

Эргэлт.мн мэдээллийн сайт “Шинэ үе” буландаа  өөрийн сонирхлоо ажил болгон өргөжүүлж, өдгөө 10 гаруй хүнийг ажлын байраар хангаад буй залуу бизнес эрхлэгч Б.Цэцэгбалжидтай ярилцлаа. Даруухан, эелдэг түүнийг тодорхойлох зүйл бол шантаршгүй тууштай байдал гэнэ. Ингээд түүнтэй хэсэгхэн зуур хөөрөлдсөн ярилцлагаа та бүхэнд хүргэе. 

-Юуны түрүүнд танд энэ өдрийн мэнд хүргэе.  Өөрийгөө манай сайтын уншигчдад танилцуулаач?

           -Сайн байна уу. Та бүхэнд болон танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Би хэдий ч сэтгүүлч мэргэжилтэй ч өөрийн сонирхлоороо бялуу хийдэг. Үүнийгээ ажил болгоод өдгөө “Amino dreams LLC”-ийн үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байна.

-Өөрийн сонирхлоо хөгжүүлж ажил, хөдөлмөр болгосон байна шүү дээ. Тэгэхээр  залуу хүнээс чамгүй хүч хөдөлмөр, хичээл зүтгэл, тэвчээр шаарддаг байх?

           -Гэр бүлийнхэн маань намайг “Эзэмшсэн мэргэжилтэй хүн байж, тогтмол цалинтай газар ажиллавал чамд амар шүү дээ” гэж хэлдэг байсан. Би их дээд  сургуулиа төгсөөд амьдралын бодит байдалтай нүүр тулсан. Цалин бага, цаг наргүй ажиллахыг шаардах, жендерийн хувьд тэгш бус байдал зэрэг олон асуудал байгааг анзаарсан юм л даа. Тиймээс өөрийн хүссэн ажлын орчин, хамт олноо бүрдүүлж ажиллахыг зорьсон. Мэдээж хэрэг туршлагагүйтэх, алдаа гаргах зэрэг асуудал цөөнгүй тулгарсан шүү. Гэхдээ шантралгүйгээр өөрийгөө хурцалж, илүү их хичээж, гаргасан алдаанаасаа суралцах нь чухал гэдгийг ойлгоод авсан. 

-Бизнес хийхэд мэдээж хөрөнгө, санхүүгийн асуудал тулгардаг шүү дээ. Тэгэхээр гарааны санхүүжилтээ яаж босгосон бэ?

           -Бизнесийн хийх санаагаа ээж, аавдаа хэлж гарааны санхүүжилтээ авсан. Аав, ээж хоёр маань намайг багаасаа минь хариуцлагатай хүн болгож хүмүүжүүлсэн. Ер нь миний хийж буй зүйлсийн ард тэд маань байдаг. Гэр бүлийнхээ гишүүдийн бахархлыг нь төрүүлэх сэн гэсэн хүслээс бизнесээ эхлүүлсэн. 

-Анх хэзээнээс бялуу хийж эхэлсэн бэ?

           -Бялуу хийгээд таван жил болж байна. Бизнесээ эхлээд нэг жил зургаан сарын хугацаа болжээ. Багаасаа л хоол хийх сонирхолтой хүүхэд байсан даа. Бялуугаар дамжуулан бусдад аз жаргал бэлэглэх сайхан шүү. Манай кафегаар үйлчлүүлж буй хүмүүс амттанг минь амтлаад баяр баяслыг мэдрээсэй гэж хүсдэг.

-Танай кафены тохижилт үнэхээр өвөрмөц, сайхан шийдэлтэй юм аа?

           -Анх найзтайгаа хамтарч энэхүү бизнесээ эхлүүлж байсан. Найзууд болон гэр бүлийнхэн маань сэтгэлээрээ дэмжиж тусалсан. Кафеныхаа бүх тохижилтыг өөрийн ур ухаан, сэтгэл зүрхээ зориулж хийсэн. Үйлчлүүлэгчид маань аль болох тав тухтай орчинд үйлчлүүлээд гараасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг.

 

Үйлчлүүлэгчид маань тав тухтай орчинд үйлчлүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг

 

-Бизнес хийхэд хүндрэл, бэрхшээл хэр тохиолддог вэ?

           -Намайг дуртай зүйлээ хийхэд дэмжиж  тусалдаг гол түлхэц гэр бүлийнхэн. Асуудал үүсэх үед шантарвал намайг хурцалдаг. Өөрийн сонголтоороо алдаж, онох боломжийг өгсөн нь өнөөдрийн намайг бий болгосон. Өрөө л хичээж алдаа оноосоо суралцаж хөгжих, бэрхшээлийг даван туулах чадварыг суулгасан юм шиг санагддаг. 

-Коронавирусийн улмаас бизнес эрхлэгчдэд ихээхэн хүндрэл тулгарсан шүү дээ. Хэрхэн яаж даван гарсан бэ?

           -Хөл хорионоос өмнө үйл ажиллагаагаа жигдрүүлээд эхэлж байсан л даа. Манай байгуулагч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нь харилцагч байгууллагууд хаалгаа барих асуудлууд үүссэн. Энэ нь захиалгын тоо буурсан ч тууштайгаар, цаг үеийн нөхцөл байдалд тохируулаад зогсохгүй ажилласан.. Одоогоор манай кафе 10 гаруй ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Цар тахлын үед олон ч бизнесийн байгууллага үүд хаалгаа барьсан. Бид аль болохоор үйл ажиллагаа тууштай авч явахын тулд маш их хичээсэн. Өдөр бүр л хэрэглэгч, захиалагч нартаа цаг алдалгүй үйлчлэхийг зорин ажилдаг. 

-Гарааны бизнес эрхлэх гэж байгаа залуу хүмүүст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хэрвээ чадна гэж бодож байгаа бол эрсдэлээс айлгүй, хойш суулгүйгээр санаагаа бодит болгож хэрэгжүүлэх хэрэгтэй. Шантрах үе гарсан ч тэвчээртэйгээр, тууштай, тогтвортой байх нь хамгийн том үнэт зүйл юм билээ. Үйлчлүүлэгчдээ татаад ирэхээр шийдвэрлэх асуудлууд ч дагаад  нэмэгддэг. Тиймээс хойш тавилгүй бизнесийн санаагаа эхлүүлээрэй гэж залууст хэлмээр байна.

-Цаашдаа бизнесээ өргөжүүлэх санаа байгаа юу?

           -Тиймээ. Бид дахин шинэ салбар нээгээд илүү өргөжүүлж, хэрэглэгчдээ нэмэгдүүлэх төлөвлөгөөтэйгөөр ажилладаг. Болж өгвөл би өөрөө давхар хоол, хүнсний холбогдолтой нийтлэл, дүрс бичлэг зэргийг хийгээд явах бодолтой. Ажилчид, хэрэглэгчидтэй урт хугацаанд найдвартай түншлэлийг бий болгохын тулд бүхий л нөөц боломжоороо ажиллаж байгаа.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

 


Б.ЦЭЦЭГБАЛЖИД: Сэтгэлээ шингээж бялуугаа урладаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-02-26 15:27:16
    Оёоо: Ажилч дайчин дүүдээ амжилт
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-02-24 09:38:49
    Zochin: FB hayag ni yu yum boloo? Hariu bicheed uguurei
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188