• Өнөөдөр 2025-04-19

Ү.ҮҮРИЙНТУЯА: Өөрийгөө бүрэн зориулж байж шатрын спортод амжилт гаргадаг

2022-01-15,   1734

  "Шатар хүнийг өөртөө дурлуулдаг, мөнхийн спорт" хэмээн "Шинэ үе" булангийн маань ээлжит зочин хэлсэн. Тэр бол эмэгтэйчүүдийн шатрын их мастер Үүрцайхын Үүрийнтуяа. Таван настайгаасаа шатрын спортоор хичээллэж, олон улсын болон дэлхийн тэмцээнд амжилттай оролцож, шатрын их мастер болсон түүний яриаг уншигч танд хүргэж байна.

-Таны шатар тоглох болсон түүхээс нь яриагаа эхэлье?

   -Таван настайдаа ааваараа шатар заалгаж эхэлснээс хойш 19 жил болжээ. Манай ээж Өсвөрийн шатрын улсын аваргын хүрэл медальтай. Тухайн үед шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн 18 хүртэлх насныханд нэг ангилалтай явагддаг байсан. Манайх гэр бүлээрээ шатар тоглодог. Заримдаа гэр бүлийн гишүүдийн дунд тэмцээн болно. Намайг анх шатар өрсөн ширээнийхээ цаанаас харагдахгүй жижигхэн байсан гэж шатрын Ж.Лхагваа багш минь шоолдог юм /инээв/. Шатар тоглох суурийг минь тавьсан хүн л дээ. Анх Сонгинохайрхан дүүргийн насанд хүрэгчдийн шатрын спартакиадаас хүрэл медаль авч байлаа. Тэр үед тус шатрын тэмцээнд Азийн дэд аварга Д.Сэржмядаг багш, Монгол Улсын аварга, эмэгтэйчүүдийн шатрын олон улсын хэмжээний мастер Д.Янжиндулам, Ц.Мөнхчулуун  зэрэг мундаг тамирчид тоглож байсан. Монголчууд бид хүрэл медалийг их билэгшээдэг шүү дээ. Тэр ч утгаар анхны медалиа их билэгшээдэг.

-Хамгийн анх шатар зааж өгөхдөө хэлсэн аавын захиас одоо ч тоглолт бүрд мөрдөгддөг байх?

  -Аав анх нүүдэл болгоныг хариуцлагатай тоглуулдаг байсан учраас би нүүдэл бүрээ алдахгүйг хичээж тоглодог. Тэмцээнд оролцохдоо сандарснаасаа болоод бодолгүй, түргэн нүүсээр хожигдвол жаахан зэмлүүлнэ. Хүүхдийн зангаар анхаарал сул тогловол мэдээж амжилтад хүрэхгүй л дээ. Долоон настай байхад нэг сэтгүүлч надаас  "Хожигдоод гараад ирэхээрээ юу боддог вэ” гэж асуухад нь "Ээжийгээ л боддог" гэж хэлж билээ /инээв/. Ер нь багадаа өөрийнхөө хүслээр биш, аав ээжийн хэлснээр л тэмцээнд орж тоглодог байсан. Дараа нь харин ахлах ангид ороод өөрөө хүслээрээ, шарандаа тоглодог болсон. Тэгэхээр шатрын спортоор хүүхдээ хичээллүүлж байгаа аав, ээж нар хүүхдүүдээ их сайн чиглүүлэх хэрэгтэй санагддаг.

Хүүхдийн зангаар анхаарал султай тогловол мэдээж амжилтад хүрэхгүй л дээ. Долоон настай байхад сэтгүүлч надаас  "Хожигдоод гараад ирэхээрээ юу боддог вэ” гэсэн чинь "Ээжийгээ л боддог " гэж хэлж билээ

-Энэ хугацаанд гаргасан амжилтаасаа хуваалцаач?

      -2017 оны Монгол Улсын насанд хүрэгчдийн аварга, Өсвөрийн 10 удаагийн улсын аварга, оюутны таван удаагийн улсын аварга гээд гаргасан амжилт олон бий. Мөн Энэтхэг Улсад 20 хүртэлх насны залуучуудын Азийн аварга тэмцээнд 2016 онд оролцсон ч байр эзэлж чадаагүй юм. Харин 2018 онд тус тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдахад тэргүүн байр эзэлж байсан. Мөн 2017 онд Спортын гоо сарнай элч тэмцээнд мөн оролцсон. Эдгээр бүх амжилтаас спортын их мастер цол хүртсэн минь хамгийн том амжилт.

-Шатар тоглох нь ямар ач холбогдолтой вэ. Шатрын спорт хүнд ямар чадварыг илүүтэй өгдөг бол?

         -Анх шатар тоглож байхдаа төдийлөн анзаардаггүй байсан. Одоо бодоход юманд дүн шинжилгээ хийдэг, тогтвортой, ярихаасаа өмнө боддог, ямар нэг асуудлыг хоёр талаас нь хардаг, дотогшоогоо их өнгийдөг болсон юм шиг ээ. Эцэг, эхчүүд хүүхдээ бие даасан, тогтвортой, боддог болгоё гэвэл шатрын спорт их тохирно. Шатар өөрөө 1:1 тоглодог ганцаарчилсан спорт учир өрөгтөө анализ хийх, өрсөлдөгчтэйгээ харилцах гээд бүх л зүйлд өөрөө л шийдвэр гаргаж явдаг. Гэхдээ мэдээж түүнээс өмнө сэтгэлзүйгээ бэлдэнэ, дасгалжуулагчтайгаа гараагаа судална, бэлтгэл хангана гээд багаар ажилладаг. Энэ ч утгаараа багаар ажиллаж сурдаг. 

-Шатар тоглохоос өөр ямар сонирхолтой вэ?

-Залуу хүн учраас олон зүйл сонирхож, сурахыг хүсдэг. Гадаад хэл судлах, шинээр үзэх их дуртай, усан сэлэлтээр мөн хичээллэдэг байсан. Одоо зав гарвал үргэлжлүүлмээр л байна. Аль болох л өөрийгөө хөгжүүлэх, сорихыг боддог.

Анх шатар тоглож байхдаа төдийлөн анзаардаггүй байсан. Одоо бодоход  юманд дүн шинжилгээ хийдэг, тогтвортой, ярихаасаа өмнө боддог, ямар нэг асуудлыг хоёр талаас нь хардаг, дотогшоогоо их өнгийдөг болсон юм шиг ээ.

-Хэчнээн цагийг шатрын бэлтгэлдээ зарцуулдаг вэ?

-Бэлтгэлтэй үедээ хичээлээсээ чөлөө аваад өдөржин бэлдэнэ шүү дээ. Өдөрт 6-12 цаг тогтмол бэлддэг байсан. Бэлтгэлээ илүү сайн хийхийн тулд их сургуулиасаа хоёр жил чөлөө авч байлаа. Ингэж л зорилгодоо хүрдэг. Ерөөс тодорхой хэмжээгээр өөрийгөө бүрэн зориулж байж л спортод амжилт гаргадаг. Одоо бол ажилд орчихсон, гэр бүлтэй болсон учраас бэлтгэлээ сайн хийж чадахгүй байгаа. Энэ жилээс тэмцээн, уралдаанд ер нь оролцоод явъя гэж бодож байгаа. Олон жил хичээллэсэн учраас тэмцээнд оролцохгүй удахаар нэг зүйл дутуу ч юм шиг, сонин санагдах гээд байдаг болсон байна билээ./инээв/

-Хамгийн дурсамжтай тэмцээн, тоглолтын түүхээсээ хуваалцаач?

-Жил бүрийн шатрын Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд гэр бүлийнхэн болон багштайгаа бэлддэг болохоор олон дурсамж бий. Тэмцээний дундуур эхний байраа алдсан ч гүрийж хичээсээр байгаад аваргаа авдаг байсан даа. Нэг дурсамжаасаа хуваалцъя. 2015 оны намар их сургуулиасаа жилийн чөлөө аваад бэлдлээ. Гэтэл хичээлээ орхигдууллаа гээд хүмүүс зэмлэх янзтай. 2016 оны хавар болсон чинь ярилцаж байгаад чөлөө авахуулсан ээж маань ч зэмлэх шинжтэй болоод явчихлаа. Тэгээд бэлтгэлээ хийж байсан хүн чинь бодолд ороод нэг л сонин болчихсон. Мөн 2016 оны тэр жил Монголд Азийн өсвөрийн аварга болоод, би уг нь түрүүлэх зорилготой байсан ч мөнгөн медаль авчихсан. Дараа нь Энэтхэг Улс руу залуучуудын Азийн аваргад явах байлаа. Тэгээд хоёр хоногийн өмнө сэтгэл санаа сонин болчихсон, "Би чадах болов уу" гэж эргэлзээд, уйлаад бөөн юм болж билээ. Тэгсэн манай багшийн эхнэр Сараа эгч “Бэлтгэлээ хийж байсан хүн зүгээрээ, чамд мэдрэгдэхгүй л болохоос чи сайжирсан байгаа. Юу ч бодохгүй л очоод тогло” гэж зөвлөсөн. Би ч сэтгэл санаа жаахан дээрдээд Монголоос Номин эгч шүүгчээр, би тоглогчоор явж байлаа. Тэгээд тэр тэмцээндээ амжилттай оролцож түрүүлсэн. Тэгээд л эмэгтэй их мастерийн эхний норм, олон улсын мастер цолоо авч байсан даа. Түүнээс хойш их мастер болох зорилготой болж билээ. Бэлтгэлтэй хүнийг аз од ивээдэг гэж Шараваа багш маань хэлдэг юм. Үнэхээр оюун санаа, цаг заваа зориулсан хүнийг амьдрал ивээж, шагнадаг юм билээ.

Ерөөс тодорхой хэмжээгээр өөрийгөө бүрэн зориулж байж л спортод амжилт гаргадаг

-Илт хожиж яваад хожигдох, "Тэгэхэд л муу тоглосон доо" гэж харамсдаг, бодогддог тоглолт бий юү?

         -Түрүүлээгүй тэмцээн бүр дээр харамсалтай тоглолт мэдээж гарна. Олон улсын тэмцээнд орохдоо эхэн үед сайн тоглоод эхний гурван ширээнд очихоороо дутуу ч юм шиг санагдаад, зориггүй тоглоод хожигдчихдог байлаа. Тухайн үед нөгөө талаас гэр бүл, дасгалжуулагчтайгаа явдаг. Монголчууд яах вэ мөнгө, төгрөг муутай болохоор 20 хүүхдийг нэг дасгалжуулагчтай явуулчихдаг байсан. Тэр үед тэмцээндээ илүү анхаараад, зоригтой, бэлтгэлтэй байсан бол гэж боддог юм. Мөн 2015 онд Грек Улсад Өсвөрийн Дэлхийн шатрын аваргад гуравдугаар байртай ижил оноотой дөрөвдүгээрт орж байлаа. Дараа нь 2016 онд ОХУ-д Грекийн тамирчинтай таарахдаа хожсон бол түрүүлэх байсан. Гэвч эхний гараан дээрээ нүүдлээ сольж хийгээд байрлал маань сонин болчихсон. Тэр өрөгт хожигдоод дууссаны дараа үнэхээр хэцүү мэдрэмж төрж байсан. Тэгээд өрөө рүүгээ ороод багштайгаа ярьсан чинь багш надаас ч илүү сэтгэлээр уначихсан, намайг тайтгаруулах гэж оролдоод, гэрийнхэн  “Амьдрал ингээд дуусахгүй ээ, дөнгөж эхэлж байна” гэж урамшуулж байсан. Тэр л хамгийн харамсалтай өрөг санагддаг. Ер нь хариуцлага их мэдрэгдэх тусам сандрах гээд байдаг. Зарим үед сандрах нь их сайхан санагддаг. Гэхдээ айдас сандралаа дарж л тоглох хэрэгтэй гэдэг. Туршлага, бэлтгэл нэмэгдэх тусам тоглолтод айж сандрах нь багасдаг.

-Одоо ямар тэмцээн, уралдаанд оролцохоор төлөвлөж байна вэ. Хүүхдүүдэд шатар зааж, багшлах бодол бий болов уу?

        -Охин маань нэг үеэ бодоход том болсон болохоор энэ жилээс дотоодын тэмцээнүүддээ оролцъё гэж бодож байгаа. Харин бэлтгэлээ сайн хангахаараа гадаадын тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байна. Мөн энэ жил шатрын олимпиадад орохыг зорьж байна. Шатраар хичээллэх нь бусад спортыг бодоход хөгширдөггүй сайхан спорт. Одоогоор бол  мэргэжилдээ илүү мэргэшмээр байгаа. Гэхдээ мэргэжлийнхээ хажуугаар ч юм уу, ер нь багшлах бодол бий. Цар тахал гарахаас өмнө Ш.Батцэнгэл багшийн тусламжтай МУИС-ийн оюутнуудад зориулсан шатрын клуб хичээллүүлж байсан. Хүүхдүүд их сонирхож ирдэг. Одоо сургуулиа төгссөн болохоор клубээ тууштай ажиллуулж чадахгүй байгаа.

-Шатрын спортын сайхан нь юу вэ? 

        -Шатар хүнийг дурлуулдаг, мөнхийн спорт. Зарим хүн үзэхэд уйтгартай, чимээгүй гэдэг ч ойлгодог хүндээ үнэхээр сонирхолтой. Ерөөс  тооцоо их хийдэг, толгой их ажилладаг. Зарим өрөгийн дараа толгой өвдөх нь ч бий. Дэлхийн аваргууд шатар бол урлаг, бас спорт гэж хэлсэн байдаг. Би одоогоор дүгнэхэд арай эрт санагдаж байна. Маш гоё спорт учраас олон хүнийг мөн чанарыг нь ойлгоосой гэж боддог.

Шатар бол нэг орсон хүнийг дурлуулдаг, хэзээ ч тоглож болдог мөнхийн спорт. 


Ү.ҮҮРИЙНТУЯА: Өөрийгөө бүрэн зориулж байж шатрын спортод амжилт гаргадаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188