• Өнөөдөр 2024-04-24

М.Энхжин: О.Ууганбаярын дэглэлт “Ботго” бүжгийг бүжиглэж байхдаа өрөвдөөд уйлчихсан

2021-07-30,   3561

           Тавхан настайдаа урлагийн тайзнаа хөл тавьсан түүнийг М.Энхжин гэдэг. Тэрбээр энэ сарын 27-нд цахим хэлбэрээр зохион байгуулагдсан олон улсын хүүхдийн урлагийн “Мөнгөн хараацай” наадамд гоцлол бүжгийн төрлөөр тэргүүн байр эзэлсэн юм. “Говийн уянга 6” хамтлагийн гоцлол бүжигчин М.Энхжинг нутаг руугаа буцахаас өмнө бид ийн ярилцлаа.

-Олон улсын хүүхдийн урлагийн наадамд тэргүүн байр эзэлсэнд нь баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Баярлалаа. Намайг Мөнхчулууны Энхжин гэдэг. Би энэ жил Дорноговь аймгийн Ерөнхий боловсролын лабратори хоёрдугаар сургуулийг төгссөн. “Говийн уянга 6” бүжгийн хамтлагийн гоцлол бүжигчин.

-Хэдэн настайгаасаа бүжиглэж эхэлсэн бэ. Анх бүжиглэж байсан үеэ одоо санадаг уу?

-Хамгийн анх таван настайдаа С.Сүхбаатар гуайн дэглэлт “Үзбек” бүжгийг бүжиглэж тэмцээнд орж байсан. Тайз руу гархаасаа өмнө айдастай байсан. Тэр үед МУСТА Д.Саранцэцэг багш “За миний охин инээгээрэй” гэж хэлээд миний нуруу руу цохиж байсныг тодхон санадаг. Анх удаа тайзан дээр гарахад хурц гэрэл гялбаж, юу ч харагдахгүй яг л ганцаараа байгаа  юм шиг мэдрэмж төрж байсан. Бүжиглэж дууссаны дараа хүмүүс алга ташихыг сонсоод маш их баярлаж, урам авсан.

-Ямар тод санадаг юм бэ. Тэр үед багшдаа гомдож байсан уу?

-Үгүй ээ. Намайг сандрах вий гэсэндээ миний цочроог гаргаж гэж л нуруу руу цохисон юм чинь. Д.Саранцэцэг багш маань намайг бүжгийн урлагт хөтөлж оруулсан хүн. Сараа багшийн удирдлага дор “Говийн уянга” хамтлаг есөн үе залгамжлан гарч ирсэн. Дөнгөж бүжиглэж сурч байхад миний үеийн хүүхдүүд байхгүй болохоор “Говийн уянга 5” хамтлагийн ах, эгч нартай хамт бүжиглүүлдэг байсан. Томчуудтайгаа тэмцээн уралдаанд явахад намайг шоглох нь их. Тэр болгонд багш намайг өмөөрнө. Гэрээсээ хол тэмцээнд явахдаа багшийнхаа өвөрт нь хүртэл унтдаг байсан болохоор миний хувьд ээж шиг минь л хүн дээ. Мөн 2018 оноос одоог хүртэл Н.Өсөхбаяр багшаасаа маш олон зүйлийг суралцаж байна. Би чинь олон багштай (инээв). Ар талыг минь хариуцаж, хаана ч явсан санаа зовохгүй, итгэлтэй явахад минь Н.Ундрах багш үргэлж тусалдаг. Ийм сайхан багш нартай ерөөлөөр учирсандаа талархаж явдаг. Энэ завшааныг ашиглаад багш нартаа баярлалаа, хайртай шүү гэж хэлье. 

-Энэ жил Ерөнхий боловсролын сургуулиа төгссөн гэхээр намар оюутан болох нь. Мэргэжлээ сонгосон уу?

-Багаасаа бүжиглэсэн болоод ч тэр үү, бүжгийн багш болох хүсэлтэй. Гэхдээ бүжиг дэглээч, найруулагч мэргэжилээр суралцхаар шийдсэн. Олон хүүхэд багачуудын авьяасыг нээж, бүжгийн урлагаар дамжуулан тэднийг тэсвэр тэвчээртэй, гоо зүйн мэдрэмжтэй болгохыг хүсдэг. Мөн хүүхэд багачуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд туслах зорилгоор бүжиг заах болно.

 

-Бүжиглэж байхдаа яг юу боддог вэ. Тайзан дээр байх үеийн мэдрэмжээсээ хуваалцвал?

-Тухайн бүжгийнхээ дүр, агуулгаас өөр зүйл бодож амжихгүй дээ (инээв). Аалзны тухай бүжиг хийж байгаа бол өөрийгөө яг аалз гэж л төсөөлнө. Тухайн бүжгийн агуулагаас болж өөр, өөр мэдрэмж төрдөг. Нэг удаа бүр бүжиглэж байхдаа өөрийн эрхгүй уйлж байсан.

-Яг л жүжигчин хүн “дүрдээ орно” гэж ярьдаг шиг үү?

-Тийм ээ. Би МУСТА О.Ууганбаярын дэглэлт “Ботго” гэдэг сайхан бүжгийг бүжиглэж байгаад тэсгэлгүй уйлчихсан. Тайзан дээр гарчихаад уйлна гэж хэзээ ч бодож байгаагүй. Үнэхээр гунигтай түүх өгүүлсэн бүжиг л дээ. Өнчирч үлдсэн ботго гадсаа тойрон, тойрон алсыг харуулдаж байгаад унтаад өгнө. Зүүдэндээ ээжтэйгээ уулзаад жаргалтай байх боловч сэрэхэд нь ээж нь байхгүй байна. Тэгээд ээжийгээ санаж уйлсаар байгаад ботго маань үхчихдэг юм. Өөрөө ботгоны дүрээр бүжиглэж байж тэр ботгыг өрөвдөөд уйлчихсан юм.

Сайншандын гудамжаар зүгээр явна гэж байхгүй. Хамтдаа дуулна, гарцаар гарахдаа хүртэл бүжиглэж гарна. Жолооч нар гайхаад өнгөрч байгаа харагддаг.

-Хэдий гоцлол бүжгийн төрөлд түрүүлсэн ч хамтлагийнхаа тухай ярихгүй бол болохгүй байх?

-Тэгэлгүй яах вэ. Манай хамтлаг 2014 онд 16 гишүүнтэй байгуулагдсан. Үүнээс найм нь эрэгтэй, найм нь эмэгтэй. Бидний хувьд хамгийн сайхан мөч бол бэлтгэл эхлэх. Хичээл тараад л бэлтгэл рүүгээ яарч ирцгээнэ. Өдрийн тэн хагасыг хамтдаа бүжиглэж өнгөрөөдөг болохоор үнэхээр сайхан байдаг. Сайншандын гудамжаар зүгээр явна гэж байхгүй. Хамтдаа дуулна, гарцаар гарахдаа хүртэл бүжиглэж гарна. Жолооч нар гайхаад өнгөрч байгаа харагддаг. Бэлтгэл тараад хөвгүүд маань бүх охидоо хүргэж өгдөг.  

-Хамгийн удаан хугацаанд бүжиглэхгүй байсан үе чинь хэзээ вэ?  

-Бүжиглэхгүй үе гэж байхгүй дээ. Ялангуяа гэртээ байхдаа үргэлж бүжиглэнэ. Харин тайзан дээр гарч бүжиглээгүй гэвэл энэ жил юм уу даа. Хөл хорио тогтоосон болохоор таван сар гаруй тайзан дээр гараагүй. Манай аав надад зориулж гэртээ тайз хийж өгөхөө дөхсөн шүү.

-Эмэгтэй хүүхэд бэлтгэл хийж оройтох, хол газар уралдаан тэмцээнд явах гээд амаргүй. Тэр бүрд аав, ээж нь санаа зовдог байх даа?

-Бага байхад их санаа зовдог байсан. Харин одоо биеэ даасан болохоор санаа зовох нь харьцангуй багассан байх. Манай гэр бүл үргэлж намайг ойлгож, дэмждэг. Бэлтгэлээсээ ирэхэд аав тосоод авна. Ээж маань халуун хоол, цай бэлдчихсэн инээмсэглээд хүлээж байна. миний бүжгийн бүх хувцасыг ээж, эмээ хоёр маань гараа гаргаж, сэтгэлээ шингээж оёдог. Өдий зэрэгтэй яваа маань манай гэр бүлийн ач гавьяа, хайр халамжаас л эхлэлтэй.

-Монгол бүжгээ дэлхий дахинд сурталчилж, олон орноор аялаж байв уу?

-Би нээх олон улс орноор аялаж байгаагүй ээ. Гуравдугаар ангидаа Япон улс руу фестивальд оролцохоор явж байсан юм. Анх очиход бүх зүйл цоо шинэ мэт санагддаг юм билээ. Юу ч харсан бүгдийг нь сониучирхаж, гайхна. Тухайн үед том дарга нартай хоол идлээ. Өлсөж байсан болохоор хурдхан идэе гэтэл миний өмнө түүхий загас авч ирээд өгчихдөг юм. Идэхгүй байвал хүмүүс буруугаар бодох болов уу гэж санаа зовсондоо нүдээ аниад бүгдийг нь залгичихсан. Одоо бодоход дэндүү жаахан байж дээ.  

-Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжид гуайтай уулзаж ярилцах боломж байсан бол чи юу асуух вэ?

-Ёстой бодож үзэж байгаагүй юм байна. “Та Монгол бүжгийн урлаг ирээдүйд ямар байгаасай гэж хүсдэг вэ” гэж л асуух байх даа. Дэлхийн бүжгийн урлагт Монголын нэрийг тамгалсан хүний алсын хараа ямар байх бол гэдэг нь сонирхолтой санагдаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

-Намайг бага балчир гэж гололгүй урьж, оролцуулсанд баярлалаа.


М.Энхжин: О.Ууганбаярын дэглэлт “Ботго” бүжгийг бүжиглэж байхдаа өрөвдөөд уйлчихсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-10-20 22:57:29
    A: mundag shuu
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188