• Өнөөдөр 2024-04-27

Н.БАЯСАА: Олны танил болох гэж яаралгүй, тууштай хөдөлмөрлөх нь чухал

2021-05-04,   1130

            Анхны бороо, сүүлийн цас холилдон орж, эх дэлхий түмэн аашаа дэлгээд, Монголын сууринд хавар иржээ. Хөл хорионы дэглэмээ сахин, гэртээ сууж буй уншигчдадаа сумын төвийн сайхан сэтгэлтэй, шударга “Базарваань” хэмээх дүрээр илүүтэй  танигдсан жүжигчин Н.Баясаагийн амттай ярилцлагыг хүргэж байна.  Мөн түүнийг гэр хорооллын хүнсний дэлгүүрүүд дэх иргэдийн өрийг тэглэдэг “Өрийн дэвтэр” влогоор нь андахгүй мэдэх биз ээ. Мөн жүжигчин Н.Баясаа хэдхэн хоногийн өмнө “Ин Да Хаус” уран сайхны киноныгоо үзэгчдийн хүртээл болгож, хөл хорионы үеэр үзэгчдийг байлдан дагуулаад байгаа билээ.

-Сайн байна уу. Хаврын урт өдрүүдийг хэрхэн өнгөрүүлж байна вэ?

        -Сайн байна уу. Тиймээ, Нийслэл хотод минь сайхан цаг ирж байна. Энэ өдрүүдийг Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу гэртээ л өнгөрүүлж байна даа. Гэр бүлдээ цаг гаргаж байна.

-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхан ихтэй юу. Сүүлд тоглосон “Ин да хаус” киноны тухай яриагаа эхэлье?

       -“F studio”, Жижгээ, Цогтоо, Баясаа, Зоригоо гэдэг хэдэн залуус нийлж байгаад “Ин да хаус” уран сайхны кино хийсэн. Мөн уран бүтээлийн хажуугаар жүжигчин С.Батзориг бид хоёр “Өрийн дэвтэр” влогоо хөтөлж байна. Хөл хорионоос үүдэн “Өрийн дэвтэр” влогын  ганц нэг дугаар хойшилж байна. Гэхдээ амжуулаад л ажиллахыг хичээж байна даа.

-Уран бүтээл их бага гэлтгүй олон хүний хүч, хөдөлмөр, хамтын бүтээлээр бүтдэг зүйл. Тиймээс хөл хорио уран бүтээлчдэд хамгийн их нөлөөлж байх шиг байна, тийм үү?

  -Ер нь хөл хорио их нөлөөлж байна. Тайз, дэлгэцийн гээд бүх уран бүтээл олон хүний хүчээр бий болдог. Сүүлийн жил гаруй хугацаанд төлөвлөсөн хэд хэдэн ажил хойшиллоо. Сая хэсэг хөл хорио гайгүй болсон шүү дээ. Тэр үеэр амжуулаад “Ин да хаус” киногоо бүтээчихээд, эргээд хөл хорионд орлоо.

-СУИС-ийг төгссөн шинэхэн жүжигчид УДЭТ-т орох хүсэлтэй байдаг шүү дээ. Гэтэл та түүнээс тэс өөр хошин урлагийн жүжигчин болох сонголт хийжээ. Энэ үеийн дурсамжаасаа хуваалцаач. Яагаад хошин урлаг гэж?

  -Би 2008 онд СУИС-ийг УГЗ С.Сугар багшийн удирдлага дор жүжигчин мэргэжлээр төгссөн. Би анхнаасаа л УДЭТ-д орох тухай бодож байгаагүй. Яагаад гэхээр миний явах чиглэл биш байсан.

Ер нь жүжигчин мэргэжлээр суралцаж буй хүүхдүүд драмын урлагаар явах уу, хошин урлагаар явах уу, дэлгэцийн урлагаар явах уу гээд өөрийгөө олох нь чухал юм билээ.

Оюутан байхдаа л бүжиг дэглээч Г.Ган-Очир ахын дугуйланд явж, энд, тэнд болж буй шоу тоглолтод бүжиглэдэг байлаа. Тэгээд сургуулиа төгсөөд найман сард “X ТҮЦ” продакшн дээр очоод “Би сургуулиа төгсчихлөө. Танай продакшнд орж ажиллаж болох уу” гэж асууж байсан. Тухайн үед жүжигчин Н.Онон ах, И.Одончимэг эгч нар “Өө болно болно. Нэг тоглолт харж үзье. Тэгээд болохоор бол цаашаа цуг явъя” гээд анх продакшндаа орж байлаа.

-Хошин урлагийн олон продакшн байсан шүү дээ. Тэдгээрээс “Х ТҮЦ” продакшныг яагаад сонгох болов?

  -Продакшн болгон өөрийн гэсэн онцлогтой байдаг. “Х ТҮЦ” продакшны хувьд шоу тоглолтоо ч тавьчихдаг, драмын жүжгээ ч найруулчихдаг, уран сайхны киногоо ч хийчихдэг байсан. Тийм учраас жүжигчин хүний хувьд драмын жүжиг, кинонд тоглоод явах боломжтой юм байна гээд “Х ТҮЦ” продакшныг сонгож байсан.

-Продакшндаа ороод анх ямар дүр авч байв. Продакшнаасаа авсан анхны дүр тань жүжигчин болоод бүтээсэн анхны дүр тань болох нь, тийм үү?

  -Залуу жүжигчид чинь анх массаас эхэлдэг. Эхлэл, төгсгөлд нээж, хааж бүжиглэдэг шүү дээ. Эхлээд арын эгнээнд бүжиглэдэг байж байгаад урд талын эгнээнд бүжиглэдэг болно. Тэгээд массад жүжиглэдэг боллоо, массаасаа ганц нэг тексттэй дүр аваад л түүнээсээ их урам авч дараагийн дүрүүдээ бүтээж байлаа.

-Сумын төвийн сайхан сэтгэлтэй басхүү шударга хүүгийн дүр “Базарваань” таныг олонд илүүтэй таниулсан дүр болов уу. Энэ дүрийн тухай яриагаа үргэлжлүүлье?

  -“Х ТҮЦ” продакшны онцлог нь нэлээн хөдөлмөрлөж байж гол дүр авдаг. Би “Базарваань” дүрийг 2017 онд бүтээсэн. Тэгээд бодохоор долоо, найман жил хөдөлмөрлөж байж, гол дүр авсан байгаа юм. Өмнө нь шоу тоглолтуудад олон дүр бүтээсэн л дээ. Яг өөрийгөө сориод, арай аятайхан, ганц, нэг хүмүүст хүрсэн дүр маань “Базарваань” юм болов уу гэж боддог.

-Монголын хошин урлаг гэхээр Аглуу, Боёо гэх эрхмүүд төсөөлөгддөг шүү дээ. Яг үүн шиг хэдэн жилийн дараа хошин урлаг гэхээр Н.Баясаа шууд төсөөлөгддөг болох болов уу, ирээдүйн зорилго тань?

  -Миний хувьд цөөн тооны кино найруулсан. Тиймээс цаашдаа инээдмийн киногоор дагнасан найруулагч болох зорилготой. Найруулагч болохын тулд унших хэрэгтэй, олон зүйл судлахын дээр мэдрэмжтэй байх хэрэгтэй. Тиймээс өөрийгөө сайн хөгжүүлж, жүжиглэхээсээ илүү найруулагчаар ажиллана.

-Найруулагчийн хувьд хэнээс зөвлөгөө авч, суралцаж байна вэ?

  -Манай “Х ТҮЦ” продакшны найруулагч И.Одончимэг эгч маань мундаг найруулагч шүү дээ. И.Одончимэг эгчийг анхнаасаа дагалдаж, хоёрдугаар найруулагч, туслах найруулагчаар ажиллаж байсан. Тиймээс И.Одончимэг эгчийн зааж, зөвлөснөөр ганц, нэг кино найруулахаар ажиллаж байна.

-Жүжигчин хүн ямар дүр бүтээхээс шалтгаалж, камерын өмнө хэн ч болж болно. Харин хувь хүн нь ямар байх ёстой гэж та боддог вэ?

  -Миний бодлоор сургуулиа төгсөж буй залуу уран бүтээлчид маань богино хугацаанд олны танил болох юм сан гэсэн бодолтой байх шиг санагддаг. Мэдээж залуу уран бүтээлчдэд амбиц байдаг. Гэхдээ их амархан юм шиг санаад байгаа юм. Эхлээд хөдөлмөрлөх хэрэгтэй. Жүжигчин хүнд олонд танигдах тодорхой хэмжээний хугацаа байдаг юм шиг ээ. Их сайн суралцах хэрэгтэй. Тайз, дэлгэцийн уран бүтээлд яваад, суралцаж, түүний дараа өөрт тохирсон дүрээ бүтээвэл илүү даацтай болох юм болов уу.

-Яг үүн дээр нэг зүйл нэмж асууя. Сүүлийн үед гарч ирж буй уран бүтээлчид аль нэг продакшн, театрт харьяалагдахгүйгээр хувиараа уран бүтээл туурвиж, түүнийгээ цахим орчин байршуулснаар олны танил болж байна. Энэ нь мэргэжлийн ур, чадварт хэрхэн нөлөөлөх вэ?

  -Зах зээл нь өөрөө тийм болсон байна л даа. Тайзны тоглолт хийх боломжгүй болж байна. Дэлхий нийтээр нийгмийн сүлжээг идэвхтэй ашиглаж байна. Тэгэхээр түүнд зориулсан зүйл хийхгүй байна гэдэг утгагүй л дээ. Хандлага хаашаа байна, тийшээ чиглэсэн уран бүтээл хийх нь зөв л дөө. Мэдээж энэ олон контентоос мэргэжлийн контентууд нь ялгарч үлдэх байх.

-Уран бүтээлийн санал хэр олон ирж байна вэ. Ирж буй саналыг хэрхэн хүлээж авдаг вэ. Шүүлтүүртэй ханддаг уу эсвэл ирсэн саналаас татгалздаггүй юу?

  -Өмнө нь ах, эгч нар “Баясаа хүрээд ирээч, нэг уран бүтээлд ороод өгөөч” гэх болгонд орж тоглодог байлаа. Одоо бол тухайн зохиол, хамт тоглож буй уран бүтээлчдээ харж байж хариу өгдөг болсон. Тэгэхгүй бол ирсэн юм болгон дээр тоглоод байх боломжгүй байна. Тиймээс хамгийн гол нь зохиолоо уншаад, надад тохирсон дүр байх юм бол тоглодог.

         Хөл хорионы дундуур нэг киноны санал ирсэн. Хүн болгон намайг нүдний шилтэйгээр төсөөлдөг. Харин тэр киноны дүр нүдний шилгүй, булчинлаг биетэй дүр байсан. Тэгээд дүрдээ бэлдээд гэртээ фитнесээр хичээллэж эхэлсэн. Харамсалтай нь, хөл хорионоос болоод кино зураг авалт маань хойшилж, одоо биеэ гаргуунд нь гаргаад байж байна /инээв/

-Цахим орчинд таны хөтөлж явуулдаг “Өрийн дэвтэр” влогын тухай асуухгүй өнгөрч болохгүй. Анх хэрхэн влог хийх болсон бэ. Яагаад жүжигчин С.Батзоригтой хамтрах болов?

  -Бид нэг продакшны жүжигчид. “Х ТҮЦ”-д байхдаа л хамтарч уран бүтээл хийдэг, хамгийн ойрын уран бүтээлчид байсан. Бид нэг кино, нэг сурталчилгаанд тоглосон ч орлогоосоо бага хэмжээний мөнгийг хүмүүст хандивлах талаар ярилцаж байсан. Тэгээд хөл хорионы хүнд үед хүмүүст бага ч гэсэн тус болохоор “Өрийн дэвтэр” влогоо хийж эхэлсэн.

С.Батзориг бид хоёр хоёулаа гэр хорооллын хүүхдүүд. Тиймээс гэр хорооллын дэлгүүрт өрийн дэвтэр гэж байдаг. Би ч гэсэн багадаа дэлгүүрт өр тавиад л гардаг байсан.

Тиймээс хоёулаа хоорондоо өрсөлдөөд ялагдсан нь нэг айлын өрийг тэглэж байхаар болж, анх эхлүүлж байсан.

-Та залуу уран бүтээлч, залуу гэр бүлийн өрхийн тэргүүн шүү дээ. Тиймээс одоогийн нийгэмд уран бүтээлд тоглоод, тухайн орлогоороо амьдралаа аваад явах боломж хэр байна вэ?

          -Хөдөлмөрлөж чадах л юм бол сайхан амьдрах боломжтой шүү дээ. Гол нь оюутан байхаасаа л аль чиглэлээр яваад юунд хүрэх вэ, надад байгаа царай, зүс, бие юунд тохирох вэ гэдгээ маш сайн олж харах хэрэгтэй. Тиймээс өөрийгөө олоод, тууштай, зогсоо зайгүй хөдөлмөрлөх л хэрэгтэй.

-Таныг гурван хүүхэдтэй гэж дуулсан. Аав болохын өмнөх Н.Баясаа, аав болсны дараах Н.Баясаа хоёрын дунд мэдээж их өөрчлөлт гарсан болов уу?

        -Тэгэлгүй яах вэ. Би аав болохоосоо өмнө “Хүн ганц л амьдарна шүү дээ. Хүссэнээ хийж амьдрах нь зөв” гэж боддог байлаа. Бас хааяа “Би юуны төлөө ажил хийгээд л, зүтгээд байгаа юм бол” гэж боддог байсан. Тэгээд яг хүнтэй танилцаад, үр хүүхэдтэй болоод ирэхээр амьдралын утга учир үр хүүхэд гэдгийг ойлгосон. Хүн ер нь үхэн, үхтэлээ үр хүүхдийнхээ төлөө, тэдний аз жаргалын төлөө амьдардаг юм билээ. Аав болсны дараа мэдээж маш том хариуцлага ирсэн.

“Аав болох амархан, аав байх хэцүү” гэдэг шүү дээ. Хүний ганц охиныг жаргаах гэж л авч суусан шүү дээ. Ханийгаа зовоон байж гурван хүүхэд төрүүлүүлчихээд аз жаргалтай байлгахын төлөө л хичээх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

  -Баярлалаа.


Н.БАЯСАА: Олны танил болох гэж яаралгүй, тууштай хөдөлмөрлөх нь чухал
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188