• Өнөөдөр 2024-04-25

PACRAP: Сайхан цаг иртэл үгээ хэлэх л болно

2021-04-28,   1092

            Одоогоос 20 гаруй жилийн өмнө өргөн өмд, хэлхгэр цамц өмссөн, халзан толгойтой эсвэл тэгш саравчтай малгайтай залуус Улаанбаатар хотын гудамжинд үзэгдэх болж, монголчууд барууны гэгддэг хип хоп урлагтай анх танилцаж билээ. Эхэндээ хип хопчдыг буруу үлгэр дуурайлал үзүүлсэн, ёс бус үг хэллэгтэй дуу дуулдаг, нэг ёсондоо “хулигаан”-ууд гэж хүлээж авах үзэл, хандлага давамгай байв. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хип хоп бол нийгмийн болж бүтэхгүй бүхэнтэй дуугаар дамжуулж тэмцдэг, хэний ч олж хараагүй харанхуйд нуугдсан бүхнийг ил гаргадаг, жинхэнэ үнэнийг илэрхийлдэг урлаг юм гэж олон нийтэд  хүлээн зөвшөөрөгдсөн юм.

Эргэлт.мн мэдээллийн сайт энэ удаагийн “Уран бүтээлчийн цаг” булангийнхаа зочноор бохир улс төр,  хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтын эсрэг уран бүтээлээрээ дуугарч чаддаг, монголын хип хоп урлагт өөрийн орон зай, хүрээллийг бий болгож, old school урсгалын томоохон төлөөлөл болж чадсан реппер “Pacrap” буюу Х.Ундрахыг урилаа. Түүнийг хип хоп хөгжим сонирхогчид “Монгол дахь “Tupac”-ийн хамаатан” гэдгээр нь сайн таних билээ.

-Сайн уу, Pacrap. Хөл хорионы өдрүүдийг хэрхэн өнгөрүүлж байна даа?

  -Сайн. Сайн уу. Хөл хорио уран бүтээлчдэд их хүнд тусч байна. Уран бүтээлийн ашиг, орлого ч гэдэг юм уу бүх зүйл зогсоод удаж байгаа. Гэхдээ уран бүтээл бол зогсоогүй. Сүүлийн үед хэд хэдэн уран бүтээл дээр ажиллаж байна. Саяхан “Yu ve” болон “Whatever” гэсэн хоёр дуу цацсан. Ер нь уран бүтээлүүдээ зогсолтгүй байлгахыг хүсэж байгаа. Тиймдээ ч шаргуу хөдөлмөрлөж байна. Хатуу хөл хорионы өдрүүд дуусна. Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө хатуу хөл хорионы дүрэм журмуудыг сайтар мөрдөөд, тэсээд гарах л ёстой.

-Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг “Me too” гэсэн дуу цацахаар бэлдэж байгаа гэж дуулсан. Энэ бол сүүлийн үеийн гол сэдэв шүү дээ. Уран бүтээлчийн хувьд хэрхэн эмзэглэж, энэ дууг хийх санаа төрсөн бэ?

  -“Me too” гэдэг дуу бол дан ганц хүчирхийлэл гэлтгүй нийгмийн олон асуудлыг хөндсөн уран бүтээл болно. Өмнө нь ийм, тийм дуу гэж ярихаас илүү цацагдах үед нь өөр өөрийн мэдрэмжээр сонсох нь илүү ойлгомжтой байх болов уу. Гэхдээ нэг зүйлийг хэлэхийг хүсэж байна. Зарим хүмүүс Монгол Улсад шинэ хөдөлгөөн эхэлсэн гэж ойлгоод, их улстөржүүлж байна. “Me too” хөдөлгөөн бол дэлхий нийтийн хөдөлгөөн юм. Мөн нэмж хэлэхэд ард түмний хийсэн аливаа зүйлийг улс төржүүлдгээ болих хэрэгтэй. Төрийн түшээдийн талцал хуваагдал, элдэв бүлэглэл, намын хагарал бутрал бидэнд нөлөөлөх ёсгүй.

-Анх реп урсгалаар дуулах болсон дурсамжаасаа хуваалцаач. Тухайн үед хэн хамгийн их дэмжиж байв?

  -Реп хийдэг болоход найзууд их дэмжиж байсан. Мэдээж хэрэг гэр бүлийнхэн дэмжсэн л дээ. Багаасаа энэ урлагт их дуртай байсан учраас сонирхол, хүслээрээ нэг л мэдэхэд реп хийдэг болсон байсан. Надад өөр олон зам байсан хэдий ч би ганцхан энэ замыг л сонгосон.

-Таны уран бүтээлчийн нэр их содон. Яагаад “Pacrap”гэж?

  -“2pac”-ийн Pac, rapper гэдэг үгний rap тэгээд “Pacrap”. Би чинь монгол дахь “Tupac”-ийн “хамаатан” реппер шүү дээ.

-Нэгэн үед реп урсгалаар уран бүтээл туурвидаг залуусыг нийгэмд буруу үлгэр дуурайлал үзүүлж байна гэх үзэл, хандлага их байсан. Гэтэл одоо нийгмээ шүүмжилж, шийдвэр гаргах хүмүүст нөлөөлөх уран бүтээл олон төрж байна тийм үү?

  -Нэг үеэ бодвол хип хоп, реп хийдэг хүмүүсийг шүүмжлэх нь багассан юм шиг санагддаг. Одоо л масс биднийг сайн ойлгож эхэлж байх шиг байна. Гэхдээ хүмүүс юу гэж бодох нь хамаагүй л гэж боддог. Эхнээсээ л хамаагүй байсан, одоо ч хамаагүй, цаашдаа ч бас хэн, юу гэх бол гэж энэ зүйлийг хиймээргүй байна. Зүгээр аль болох урлагаар нийгмийг зөв замд нь оруулахыг хичээж байна даа.

-Сүүлийн жилүүдэд реп урсгал илүү хөгжиж, өөр өөрийн өнгө аястай олон уран бүтээлчид бий болсон. Тэднээс өөрийгөө юугаараа ялгардаг гэж боддог вэ?

  -“Old school” чиглэлийг ихэвчлэн барьж уран бүтээлээ туурвидаг болохоор тэр зүйлээрээ л ялгарч байдаг болов уу. Мөн би бусад шиг гоёж, гоодохыг илүүд үздэггүй. Ер нь урлаг амьдралаас сэдэвлэхээс илүү, хүмүүс урлагаас ойлголт авч амьдрах нь элбэг. Хувцаслалтын хувьд бол гоё ганган урлагийн хүмүүсийг хараад даган, дуурайж буй хүүхдүүд материаллаг үзэлтэй болоод байгаа юм шиг санагддаг. Мэдээж сайхан хувцаслаж, биеэ зөв авч явдаг хүмүүсийг үгүйсгээгүй, нэг талдаа миний байгаа нь л энэ байх.

-Өмнө нь улстөрчдийг шүүмжилсэн, ардчилсан нийгмийн жинхэнэ эрх чөлөөг хүсэмжилсэн уран бүтээлүүд гаргаж байсан. Ер нь дууныхаа сэдэв, санааг олох, үгээ бичих тухайд онцгой арга барилтай юу?

  -Ер нь ганцаараа байхдаа тамхи, кофе, идэх зүйлс бэлдэж байгаад л үгээ бичихээр суудаг даа. Сэдэв бол тэгээд л гэрээс гарахад бүхэлдээ сэдэв болсон байна, энэ монгол. Сайхан цаг иртэл нийгмийн асуудлыг их, бага хэмжээгээр хэлэх л болно.

-Нэг цаг үед уран бүтээлээ туурвиж буй залуусаас хэнийг илүү үнэлдэг вэ?

  -Би үнэхээр бүгдийг нь хүндэлдэг. Энэ зүйлийг хийхэд юу нь хэцүү, юу нь сайхан гэдгийг мэддэг учраас надтай яг ижилхэн замаар явж байгаа хүмүүсийг бүгдийг нь үнэлдэг.

-Ярилцсанд баярлалаа.

  -Баярлалаа.


PACRAP: Сайхан цаг иртэл үгээ хэлэх л болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188