• Өнөөдөр 2025-02-06

Б.ЭНХЖАРГАЛ: Би байгалийн хөдөлгөөнөөр хөглөгдөж, яруу найраг бичдэг

2021-04-21,   1578

        Яруу найрагч Д.Нямсүрэнгийн нэгэн шүлэгт “Юм бүхэн байгальдаа байхад би оршдог...” хэмээсэн бий. Амьд байгалийн зөн сэрэхүй, яруу найраг угаас салгаж боломжгүй мэт төгс зохицдог ажээ. Монголын яруу найрагчдаас өвөрмөц ахуйтай, байгальтайгаа илүү ойр ажиллаж, амьдарч, шүлэг яруу найргаа туурвидаг нэгэн найрагч бий. Тэр бол яруу найрагч Б.Энхжаргал. Нутгийнхан нь түүнийг “баавай” хэмээн хүндэлдэг. Онон голын хөвөө, Хэнтий нурууны ай саваар нутаглаж, тэр л нутгийн байгалиас онгодоо авч, бүтээлээ туурвидаг яруу найрагч Б.Энхжаргалыг Эргэлт.мн мэдээллийн сайт “Уран бүтээлчийн цаг” буландаа урилаа.

-Сайн байна уу. Танай нутгаар сайхан хавар болж байна уу?

        -Сайн байна уу. Манай нутагт жилийн жилд сайхан хавар ирдэг. Ер нь муухай улирал гэж байхгүй шүү. Бүх л улиралд миний нутаг үзэсгэлэнтэй харагддаг даа.

-Тэр сайхан нутагт яруу найраг хэр их төрж байна. Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин дуулгавал?

       -Манай Биндэр сум Ононгын эрэг дээр оршдог хөвч нутаг. Ах нь энэ нутагтаа олон жил суурин амьдарч байна. Тиймээс миний шүлгүүд ихэнхдээ байгалийн уянгын шүлгүүд байдаг. 

Мэдээж амьдралын баяр, гунигийг бичнэ л дээ. Гэхдээ голдуу байгалийн гоо сайхныг бичих дуртай. Хадлан, түлээ, модондоо явж байхдаа санаагаа тэмдэглэж аваад бичдэг. Яг нэг дор шүлэг төрдөггүй. Санаагаа бодож, боловсруулж байгаад нэг шүлэг буулгадаг гэх юм уу даа. Өнгөрсөн 2020 онд яруу найргийн “Ес дэх Болзоо”, “Цэцэг”, “Хавар” номоо хэвлүүлсэн. Энэ номууддаа  сүүлийн үед бичсэн бүх шүлгүүдээ мөн 2019 оны “Болор цом” наадамд уншсан шүлгүүдээ оруулсан. Энэ жилийн хувьд ирэх намраас нэг ном хэвлүүлэх бодолтой байна.

-Анх яруу найрагтай хэдэн настайдаа “танилцаж” байв?

      -Ах нь их багадаа яруу найраг бичиж эхэлсэн. Энэ нутагтаа 10 жилээ төгссөн. Манай сургуулийн монгол хэл, уран зохиолын багш нар их чадварлаг, сайн багш нар байлаа. Мөн манай ах, эгч нар надад их сайхан номын сан өвлүүлж өгсөн. Түүнээс л ном унших, яруу найраг бичих сонирхол бий болсон доо. Гэхдээ ах нь яруу найргаас гадна байгальтай ойр олон жил ажилласан хүн. Ойн аж ахуйд мод тарьж, ургуулдаг ойжуулагч гэж мэргэжил бий. Ах нь тэр ажлыг олон жил хийж, тэндээсээ тэтгэвэртээ гарсан. Мөн залуу насандаа Эрдэнэт хотын “Эрдэнэт"сонинд ажиллаж байсан. Гэхдээ сэтгүүлч мэргэжлээр биш хэвлэгчээр ажилладаг байлаа. Ингэж явахдаа шүлэг яруу найргаа марталгүй улам шимтэн дурласан хүн.

         ...Дүнзэн байшин, дүүрэн сар
         Дүүмэд бүсгүйн дүрлэгэр нүд
Өвс ногооны өнгө хувирч
                                                Өршөөл үгүй сэтгэлийн солиорол-Миний шүлэг... /Б.Э/

- Буйд нутагт аж төрөөд олон жил боллоо. Одоо уран зохиолын хүрээллээс дотно нөхөрлөдөг хүн бий юу?

  -“Улаанбаатар таймс” сонинд байхад Д.Саруулбуян, Г.Сонинбаяр, Д.Баянтунгалаг бид нар их дотно нөхөрлөдөг байсан. Бас Бээжингийн радиод ажиллаж буй Г.Занданхүү, Б.Галсансүх зэрэг уран бүтээлчдийг 10 жилийн сурагч байхаас нь мэднэ. Одоо бол ихэнхдээ залуучуудын шүлэг уншиж, уран бүтээлтэй нь нөхөрлөж байна. Залуу үеэ сайн уншиж, өөрийгөө эвдэж бичдэг л дээ.

-Танаас хойш бичиж буй яруу найрагчдад онцгойрох бүтээл хэр их байна вэ?

      -Сүүлийн үеийн яруу найрагчид их сайн бичиж байна. Бидний үеийг бодвол хэл сайн мэддэг болж. Аливаа алдартай бүтээлийг Англи, Орос, Франц зэрэг эх хэл дээр нь уншиж байна. Орчуулга сайн хийж байна. Мөн залуучуудын сэтгэлгээ байгаа зүйлийг ил хэлээд өнгөрөх биш, цаад талд нь юу байгааг ухаж, олон талаас нь гаргаж бичиж байна. Санаа нь шууд ойлгогдохооргүй хэр нь цаана нь юм өгүүлж байдаг. Би сайн бичиж буй яруу найрагчдын нэрийг цохоод хэлье, Х.Нямхишиг, Д.Цогбадрах, манай Хэнтий нутгийн Б.Алтанхуяг зэрэг залуучууд байна.  Мөн Н.Гантулга, О.Цэнд-Аюушийн бүтээлүүдэд далайцтай олон шүлэг бий.

  ...Мөргөлийн сүм, өлгийн дуулал
             Өнийн мөрөөдөл, үлгэрийн төгсгөл
         Уруйнд үүдсэн элс чулууны үрлэн 
                                                        Муруй зам дээрх чихэр  мөчиртэй хар мод Миний шүлэг.../Б.Э/

-Та яруу найргийн есөн ном хэвлүүлсэн гэдэг шүү дээ. Тэднээсээ хамгийн хайртайгаа нэрлээч гэвэл?

         -Зохиолчдын эвлэлд элсэж байсан “Ээжээ хүү чинь” ном сайн болсон. Тэр номоо 2005 онд хэвлүүлсэн байх аа. Ж.Саруулбуян сониныхоо хэвлэлд хэвлүүлж өгч, энэ номоороо зохиолчдын эвлэлд элссэн юм. Үүнээсээ урам аваад ойр ойрхон номуудаа гаргаж байлаа.

Тэр бүх байгалийн хөдөлгөөн дундаас хөглөгдөж бичдэг л дээ.

 

-Таныг байгалиас хөг авч бичдэг гэлцдэг. Бичье гээд эвлэж өгдөггүй үе бий юу?

  -Би ер албадаж бичдэггүй. Байгалийн уянгын шүлгүүдийг хүчээр бичиж болдоггүй юм билээ. Би намрын улиралд голдуу бүтээл туурвидаг. Цас хуйсганаад л, цаг агаар тогтворгүй, хөдөлгөөнтэй болсон үед дотроосоо бичдэг. Эсвэл хадлан, бордоонд явж байхад майхны тэнд царцаа үсрээд л, шувууд эргэлдээд л, навч тасарч, хийсээд л байдаг даа. Тэр бүх байгалийн хөдөлгөөн дундаас хөглөгдөж бичдэг л дээ.

    ...Шороо нь нүдэнд орсон ч өөрийн газар
                         Шоргоолжны бутнаас мэдрэгдэх өрсөлдөөн тэмцэл
Амьдрал үхэл холбосон солонгон гүүр
                                                  Аймшиг түгшүүргүй ил хэвтэх шувуудын өндөг Миний шүлэг.../Б.Э/

-Та гэр бүлийнхээ тухай төдийлөн дурсаж ярьдаггүй. Энэ сэдвээр асууж болох уу?

         -Ах нь хүнтэй сууж үзээгүй хүн. Хүүхэд байхгүй. Олон жил ээжийгээ асарч, ойжуулах ажлаа хийж амьдарсан шүү дээ.

-Нутгийн бүсгүйтэй нөхөрлөөд, амьдрал зохиох тохиол учирсангүй юу?

        -Найзалж нөхөрлөж байсан эмэгтэй бий  л дээ. Гэхдээ бурхны зурсан зураг тэр юм байлгүй, амьдрал зохиож чадаагүй. Одоо дүү нарынхаа хонь, малыг хариулж, хадлан, тэжээлийг нь бэлдэлцэж хань бараандаа явна даа.

-Та ээждээ зориулж ном гаргаж байсан бил үү?

-Миний үндэс угсаа Буриад шүү дээ. Аав, ээж минь хоёул Буриад хүмүүс. Ээж минь бүр манцуйтай орж ирсэн юм билээ. Миний ээж ардын өвийг сайн тээж, өвлүүлсэн хүн. Ардын дуу, ерөөл, магтаал их мэддэг. Түүнээс нь би олон зүйл тэмдэглэж үлдсэн дээ. 2009 онд би ээжийнхээ дурсамжаар “Хөхөөн дууны сар” нэртэй ном хэвлүүлсэн. Буриадуудын хэлмэгдүүлэлт, зовлон, жаргал тэр номд их бичигдсэн дээ. Манай ээжийн аав, аавын аав бүгд хэлмэгдэж цаазлуулж, ял сонсож байсан.

 ...Цасан дунд үзэгдэх хөх
                  Усны толионд тодрох холын  од
                                Суран чөдөр, төмөр сүх, тоосгон пийшин
                                                                     Сумын төв дэх мөстэй худаг, мөнөөх хавар Миний шүлэг...  /Б.Э/

- Хөдөө, хотгүй хөл хоригдоод хэцүүхэн л байна. Энэ үед та их ном уншиж байна уу. Хамгийн сүүлд уншсан номын тань тухай ярилцаад ярилцлагаа өндөрлөе.

      -Сүүлд Л.Батцэнгэлийн хэвлүүлсэн манай Ц.Доржсэмбийн “Цас Бороо” ном, “Алтан-өд” авсан Б.Алтанхуягийн “Уншихуйд автахуй” номыг уншлаа. Шинэ гарсан номуудыг шуудангийн унаагаар дайлгаж авдаг байсан. Сүүлийн үед хөл хорионоос болоод төдийлөн ном захиж авч чадахгүй байна.

-Ярилцсанд баярлалаа.

        -Баярлалаа.


Б.ЭНХЖАРГАЛ: Би байгалийн хөдөлгөөнөөр хөглөгдөж, яруу найраг бичдэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-13 18:50:57
    Бат-Эрдэнэ: Зайл
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-13 18:50:42
    Бат-Эрдэнэ: Зайл
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-13 18:50:41
    Бат-Эрдэнэ: Зайл
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188