• Өнөөдөр 2024-04-20

Б.НОМИНЧИМЭД: Миний хүүхэд нас үлгэрийн юм шиг л өнгөрсөн

2021-04-16,   1920

-СОЦИАЛИЗМЫН ҮЕИЙН ХҮҮХДҮҮД ХАРАНХУЙ ӨССӨН ГЭДЭГ. ҮНЭНДЭЭ НАМАЙГ ХҮҮХЭД БАЙХ ҮЕД УНШИХ НОМ ЭЛБЭГ БАЙСАН ШҮҮ-

       Хүүхэд нас бол бидний өнгөрүүлж буй цаг хугацааны хамгийн гэгээлэг, аз жаргалтай, сайхан үе. Харин хүүхдийн зохиолч нарыг үргэлж энэ цаг хугацаанд амьдарч чаддаг азтай хүмүүс гэх нь бий. Тэгвэл ЭРГЭЛТ.МН мэдээллийн сайт “Уран бүтээлчийн цаг” буландаа сэтгүүлч, зохиолч Б.Номинчимэдийг урьлаа. Улс даяар хатуу хөл хорио тогтоосон энэ үед тэрбээр өөрийгөө уулын “мухар”-т тусгаарлаж, бичиж эхлүүлснээ дуусгах амаргүй ажилд оюунаа чилээж суугаа гэсэн юм.

-Сайн байна уу, та. Хөл хорио зохиолчдод хэрхэн нөлөөлж байна вэ. Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин юу байна вэ?

       -Уран бүтээлчид ер нь байнгын шахам сайн дурын хөл хорионд байдаг хүмүүс. Тэгэхээр энэ хөл хорио уран бүтээлчдэд учиргүй сөргөөр нөлөөлж буй нь юу л бол, харин ч таатай байж мэднэ. Гагцхүү санхүүгийн асуудал нь хэр байгаа вэ гэдэг л байна. Гэхдээ анзаарахад энэ хөл хорионы үеэр уншигчид илүү идэвхжсэн. Миний хувьд уулын мухарт ганцаар байна. Энэ нь короногоос болгоомжилсных биш, өнөөх л уран бүтээлийн даяантай холбоотой. Нэг туужтай зууралдаж сууна. Одоогоос яг 102 жилийн өмнөх буюу 1919 оны үйл явдал. Тэр үеэд өнөө цагтай их төстэй нөхцөл байдал үүссэн. Тэгэхэд бид хөл толгойгоо олохгүй бужигнаж, авилгал, хагарал, талцал, явцуу жалгын эрх ашигтаа автсаар сүүлдээ 1919 оны эцэс гэхэд бүр төр ч үгүй, тусгаар тогтнол ч үгүй болтлоо уруудсан. Хятадад бүрэн эзлүүлжээ. Эдийн засгийн хувьд ч, төрийн хувьд ч тэр. Тэгэж алив асуудал бүр муудаа тулж байж, дахин нэг сэргэж ирдэг, эс чадвал тэгээд дуусдаг л юм байна. Тийм түүхэн том сорилттой тулгарсан цаг үед алс хязгаар нутгийн ард иргэд хэрхэн аж төрж, хэрхэн өөрсдийнхөөрөө тэмцэж байсан тухай тууж юм. Засагт ханы хөх чоно гэгддэг хэдэн эрсийн бодит түүхийг жаахан баяжуулсан. Заримдаа уран бүтээл сайхан урсаад явчихдаг. Харин энэ удаад тэгэхгүй байна. Нэлээд нухаж, хэд ч дахин бичив дээ.

-Таны хувьд, судлаач, шүүмжлэгч, улстөрч, түүхийн мэдлэгтэй гээд олон талаараа боловсорсон хүн. Харин яагаад хүүхдийн ном орчуулах болсон юм бэ . Хэчнээн бүтээл орчуулж уншигчдад хүргэв?

    -Дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын Эрдэнэсийн сан – 108 гэсэн нэртэй цувралд 60 орчим роман, мөн төдий тооны тууж, бусад нь үлгэр өгүүллэг зэрэг нийтдээ 440 гаруй гарчиг зохиол орсон. 22 мянга орчим хэвлэлийн хуудас орчуулга гэсэн үг. Манай хүүхэд багачууд, уншигчид, эцэг эхчүүд сайн мэддэг болсон. Үндсэн орчуулгыг эхнэр хийсэн. Дэргэдээ бичээч суулгаж байгаад уншиж өгөх маягаар богино хугацаанд орчуулчихсан. Мөн найз нөхөд, уран бүтээлчдийн дэм туслалцаа бишгүй. Миний хувьд туслах чанартай, редактор, эх бэлтгэл гэх мэт.

Яагаад энэ ном хийх болсон бэ гэхээр манайх гэр бүлээрээ АНУ-д хэдэн жил болсон юм. Хүүхдийн номууд нь маш баялаг, өнгө үзэмж, утга агуулга ч сайхан. Тэгээд хорхой хүрч цуглуулсаар байтал овоо номтой болчихсон байсан.Тэдгээрийг монгол хүүхэддээ уншуулахсан гэсэн нэг эрмэлзэл байсан.

2000-аад оны эхээр манайд хүүхдийн ном гэж ер бараг тасарчихаад байсан үе. Одоотой адилгүй. Тэгээд эхний 6 номыг нь хэвлүүлсэн. Гэтэл жил болоход нэг номноос дунджаар 75 орчим зарагдсан байсан. Тэр үед манай ЕБС-д хагас сая хүүхэд суралцаж байлаа. Гэтэл ердөө нэг номоос 75 ширхэг зарагдсан байхаар ер Монгол Улсад ирээдүй байгаа юм уу даа гэж бодоход ч хүрч, урам хугарч байв. Гэтэл дараа жилээс өөр болоод эхэлсэн. Тэгээд л урамшаад үргэлжлүүлсэн дээ. Ер АНУ-ын бага боловсролын агуулга нь учиргүй ерөнхий эрдмийн хичээлээр дарахдаа биш, ердөө л өөрийгөө илэрхийлэх, бусдыг ойлгох, тэгээд өөрийгөө хөгжүүлэх, дотоод хүсэл эрмэлзэлийг нь асааж өгөх чиглэлтэй нь анзаарагддаг. Тиймээс уран зохиолын хичээл илүү түлхүү, бас чанартай, амьдралтай орж байх шиг.

-Таны хүүхэд байх үеийн хүмүүжил, таны хүүхдүүд хүмүүжиж буй үеийн хүмүүжил тэс өөр шүү дээ. Үүн дээр уран бүтээлч, хүүхдийн олон зохиол орчуулсан хүний хувьд ямар бодолтой байдаг вэ?

     -Бидний үеийг мэдээлэлгүй, үзэж харах юмгүй харанхуй байсан гэж зарим хүмүүс ярьдаг нь худлаа шүү. Хэдэн мянган номтой сумын болон сургуулийн номын сан гэж байлаа. Сум бүхэнд дэлгүүрийн нэг буланд номын лангуу байлаа. Тэр үед чинь дэлхийн сонгодогуудыг манайхан ер боломжийн түвшинд орчуулчихсан байсан юм шүү дээ. Чухам би хүүхэд насандаа л оросын утга зохиолын томчууд болох Толстой, Достоевский, Тургенев, Чехов, Пушкин, Лермонтов, Гончаров, Грибоедов, Шолохов, Герцен, Лесков, Куприн, Блок, Быков, Иванов, Астафьев, Распутин, Шукшин гээд бараг ихэнхтэй нь танилцаж байв. Францаас л гэхэд Флобер, Бальзак, Стендаль, Ги де Мопассан, Маример, Санд, Дюма гээд, Америкаас Хемингуэй, Драйзер, Хенри, Лондон гэх мэт. Ер тухайн үед манай орчуулагчид дэлхийн 80 гаруй орны уран бүтээлчдийн бүтээлээс арав гаруй хэлээр дамжуулан орчуулж байсан юм билээ. Орчуулгын чанар ч муугүй. Өөлбөл соц орнууд голдуу, жаахан ардач, ангич үзэлтэй талдаа. Гэхдээ л би тэр үед По, Томас Харди, Таагүүр, Брэдбэри нарыг уншиж л байсан даа.

Бас олон төрлийн хэвлэл захиалан унших боломжтой байлаа. “Залуу зохион бүтээгч”, “Залгамжлагч”, “Багш”, “Сурган хүмүүжүүлэгч”, “Шинжлэх ухаан амьдрал”, “Цог”, “ЗХУ”, “Октябрын туяа” зэрэг сэтгүүлүүд, “Хөдөлмөр”, “Утгазохиол урлаг”, “Залуучуудын үнэн” гэх мэт олон сонинууд. Оросоор Шахматы, Спутник, Юны Техника, Математика гэх мэт бүр илүү олон төрлийн хэвлэл байх...

Энд нэг зүйлийг зориуд хэлэхэд эл дээр дурдсан бүхнээс уншаагүй, хараагүй, бүр байдгийг ч мэддэггүй, хол хөндий явсан хүмүүс бишгүй байсан юм билээ. Гэхдээ тэдний хол хөндий явсан нь тэр үеийг тас харанхуй байсан гэсэн үг биш шүү дээ.Ер ямар ч цаг үед цаг үеийнхээ боломжийн гүйцэд ашиглаж чадаагүй, бүр тийм боломж байсныг ч мэдэлгүй өнгөрсөн томоохон хэсэг бүлэг байдаг. Өнөөдөр ч бас боломж бишгүй байгаа. Харин тэр боломжийг ашиглаж чадаж байгаа нь хэд вэ гэвэл цөөнх. Түүнтэй л адил юм.

-Гадаадын хөгжил сайтай оронд амьдарч байсан. Мөн хүүхдүүдэд чиглэсэн зохиол орчуулж, судалсан хүний хувьд та хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?

    -Загасчны морь усгүй гэдэг дээ. Түүн шиг л юм. Учир нь уран бүтээлчдийн нэг нийтлэг алдаа нь уран бүтээлдээ анхаарах нь их, ар гэр үр хүүхэддээ анхаарах нь бага талдаа байна. Тиймээс өнөөдөр ярьж буй шигээ учиргүй мундаг сургаад хүмүүжүүлээд, байнга ажиглаад, анхаараад явсан гэж хэлэх боломжгүй. Гэхдээ бас учиргүй муу биш байх аа. Бидний хувьд хүүхдүүдээ учиргүй онц сурах ёстой, манлайлагч байх ёстой гэж шахаж шаардаж явсангүй. Муу авчихвал яав ийв гэж орилж хашгирсангүй. Тэгэсгээд зөнгөөр нь л байлгалаа.

Ер нэг тийм онц л сурах ёстой гээд хүүхдийг шахаж шаардах тийм сайн биш ээ. Алтан дундач байхад юу нь муу гэж. Гагцхүү хүн л болж төлөвших нь чухал юм.

Гэхдээ эргээд харж байхад нас залуу, хүүхэд өсгөх туршлага дутмаг байснаас алдаа нэлээд гаргаж байж дээ гэж бодогддог. Одоо бол харьцангуй өөрөөр хандах байх л даа. Ер манайд “Өвөө эмээгийн хүүхэд” гэсэн нэг ойлголт байдаг шүү дээ. Тийм хүүхэд арай л өөр, өр зөөлөн, хөдөлмөрч, илүү төлөвшилтэй байх нь нийтлэг. Энэ нь өнөөх туршлагажсан, бас сэтгэл нь зөөлөрч, ухаан нь тавирсан өвөө эмээ нарын нөлөөлөл юм.

-Хүүхдийн зохиол цаашид орчуулах уу?

      -Үгүй байх аа, эхнэр дахиж орчуулга хийхгүй гэж байсан. Би ямар орчуулга хийх биш. Одоо хэлний өндөр чадвартай сайхан залуу орчуулагчид олон болж байна. Сайн ч сонгож, сайн ч орчуулах боллоо. Миний хувьд одоо өөрийн уран бүтээлдээ л анхаарч байна.

-Ярилцсанд баярлалаа.

       -Баярлалаа.


Б.НОМИНЧИМЭД: Миний хүүхэд нас үлгэрийн юм шиг л өнгөрсөн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-04-17 16:49:05
    А: Сайхан үе байсаан байсан. Эмээ өвөө аав ээжийн минь буян. Одоо үр ачаа тэгж өсгөх үүрэгтэй.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188