• Өнөөдөр 2024-04-27

“Альтернатив” Отгоо: Гэр бүл маань миний хамгийн том фэн

2021-04-08,   2124

          “Нэгэн залуу маш даруухан бас дөлгөөхөн” хэмээн эхэлдэг дууг сонсож үзээгүй, мэдэхгүй хүн ховор. Энэ дуу бол “Альтернатив” Отгоо хэмээн олонд танигдсан дуучин Х.Отгончимэгийн хоёр дахь бие даасан “Ten Tones” цомгийнх нь “Нэгэн залуу” хэмээх дуу. Монголын рок, поп хөгжмийн салбарт “Альтернатив” нэрээ “тамгалж” үлдээсэн тэрбээр 1978 онд эцэг, эхийнхээ дөрөв дэх хүүхэд нь болж төржээ. Монголын хамгийн анхны эмэгтэй рок дуучин Х.Отгончимэг багадаа ардын дуу дуулдаг байсныг сонсогчид нь тэр бүр мэдэхгүй болов уу. Багаасаа дуу хөгжимд дурлаж, дуу зохиох хүсэлдээ хөтлөгдөж байсан түүнийг 1990-ээд оны гаднын рок хамтлаг, дуучид “хөглөж” өгсөн гэнэ. Тэр цагаас л “Альтернатив” Отгоо уран бүтээлийн “жигүүрээ дэлгэж”, 1998 онд рок альтернатив урсгалаар урлагийн гараагаа эхэлснээс хойш өнөөг хүртэл өндрөө алдахгүй “дүүлэн нисэж” яваа нэгэн. Харин сүүлийн жилүүдэд Х.Отгончимэг уран бүтээлээ завсарлаж, дөрвөн ч хүүхдийн ээж болсон. Бидний мэдэх “Альтернатив” Отгоо өдгөө Алдарт эхийн одонтой “Альтернатив ээж” болсон билээ.

          “Альтернатив” Отгоо гэж танигдсан дуучин Х.Отгончимэг өнгөрсөн мягмар гарагт МУСТА цол тэмдгээр энгэрээ цоолуулжээ. Бага тойрогт бага насаа өнгөрүүлсэн “Альтернатив” Отгоо хэрхэн амьд хөгжимд дурлаж, энэ замыг сонгож, үзэгч, сонсогчдоос ирэх урмын үгс, шүүмжлэлийг хэрхэн хүлээн авч, “Нэгэн залуу”-гийн гэргий, дөрвөн хүүхдийн ээж болж, 23 жилийн уран бүтээлийн замналдаа ямар саад бэрхшээлийг давж, туулсан талаар нь түүнтэй цөөн хором ярилцаж, баярын сэтгэгдлээс нь хуваалцсан юм. Бидний хөөрөлдөөн шинэхэн МУСТА-аас эхэлсэн.

-Хийсэн зүйлээ төрд үнэлүүлсэн минь намайг дахин уран бүтээлдээ орж, дотроо “шатах” хүслийг өгсөн-

-Юун түрүүнд МУСТА цол тэмдгээр шагнуулсанд баяр хүргэе. Амьд хөгжимд амьдралаа зориулж, хийсэн, бүтээсэн зүйлийнхээ төлөө шагнуулах мэдрэмж ямар байсан бэ?

-Баярлалаа. Миний бодлоор аль ч уран бүтээлч ямарваа нэгэн шагнал, урамшууллын төлөө амьдралаа зориулдаггүй байх. Харин энэ их хугацааны дараа хийсэн зүйлээ үнэлүүлсэн нь үнэхээр сайхан байлаа. Нэг л мэдэхэд 20 гаруй жилийн амьдралаа уран бүтээл, амьд хөгжимд зориулжээ.

-Таны үеийн хамт уран бүтээлийн гараагаа эхэлж байсан уран бүтээлчид бүгд л энэ хэргэмд хэдий нь хүрч, харин танд хождож ирж байх шиг. Энэ шагналыг оройтож ирсэн гэж бодсон уу?

-Тухайн уран бүтээлч өөрийнхөөрөө хийхээ хийж, бүтээж чадсан болохоор л шагнуулсан. Харин миний хувьд өөрөө ч мэдэлгүй тэр зүйлээс хол явсаар иржээ гэж бодож байлаа (инээв). Хэрхэн шагналд тодорхойлуулж, шагнал авдгийг нь мэдэхгүй шүү дээ.

-Юунаас болоод холуур өнгөрсөн юм бэ. Аль эсвэл та шагнал, урамшууллаас зугтаадаг байсан юм уу?

-Шагнал, урамшуулал гэдэг миний анхаарах ёстой зүйл биш гэж боддог. Түүнд санаа зовохын оронд уран бүтээлдээ анхаарч, дуунуудаа хүмүүст хүргэж, хүмүүс бүтээлийг минь сонсож байхад л би түүнээс сэтгэлийн таашаал авдаг. Харин МУСТА-ы шагналыг МУГЖ, дуучин Б.Сарантуяа эгч маань өөрийнхөө продакшнаас тодорхойлж өгсөн юм билээ. Б.Сарантуяа эгч надад "Чи өөрийгөө урамшуулж байх хэрэгтэй" гэж хэлсэн. 

-“Альтернатив” Отгоо удаан хугацааны туршид уран бүтээлээсээ хол байлаа. Дахин эргэж ирэхдээ сонсогчдодоо ямар бэлэгтэй ирэх вэ?

-Би 2008 онд хоёр дахь цомгоо хэвлүүлснийхээ дараа анхны бие даасан тоглолтоо хийж байсан юм. Өнөөгийнх шиг интернэт, сошиал медиа хөгжөөгүй үед уран бүтээлээ хийж байсан. Түүний дараагаар уран бүтээлээсээ хэсэг зайгаа барьж байгаад хэд хэдэн дуу бичүүлж, 2014 онд “Chillout” нэртэй гурав дахь цомгоо “өлгийдсөн” юм. Түүнээс хойш хэсэг чимээгүй байж байгаад 2019 онд “Lemons” хамтлагийн найз нартайгаа хамтарч пянзаа хэвлүүлсэн.

Урлагт холбогдсон хүн урлагаас тийм ч амархан хөндийрч чаддаггүй юм билээ.

Гэхдээ уран бүтээл маань нөгөө талаараа миний ажил. Тийм ч учраас тодорхой хэмжээнд хийж, бүтээхийг л зорьж ирсэн. Харин түүнийгээ олон нийтэд түгээх ажлаа сайн хийж чадаагүй л гэж боддог. Уран бүтээлээсээ хэсэг хугацаанд холдсон ч тодорхой хэмжээнд өөрийгөө бэлдэж, бэлтгэж байсан. Харин хийсэн зүйлээ үнэлүүлж төрөөс шагнуулсан минь намайг дахин уран бүтээлдээ орох урам зоригийг өгсөн. Тийм ч учраас энэ жилдээ багтаж сонсогчидтойгоо шинэ уран бүтээлээр “учран золгох” байх аа гэж найдаж сууна.

 

-Хүн бүрийн сэтгэл, зүрхэнд хүрэхийн тулд дуу бүхэн өөрийн гэсэн “амьтай” байх хэрэгтэй-

-Анх альтернатив урсгалд аль хамтлаг, дуучныг харж, биширч, үлгэрлэж уран бүтээлийн гараагаа эхэлж байв?

-Би 1990-ээд оны үеийн рок хамтлагуудад бүгдэд дуртай, хайртай. Тэр үед MTV гэж хөгжмийн суваг байдаг байв. Тэр сувгаас л гаднын рок хамтлаг, дуучдыг харж, тэдэн шиг болох юм сан гэх “сэрэл төрж” байсан юм даа. “Depeche Mode”, “A-ha”, “The Smashing Pumpkins”, “The Cranberries” зэрэг 1990-ээд оны үеийн  "од" хамтлагуудаар өөрийгөө “хөглөсөн” юм болов уу гэж боддог. Тэднийг л анх харж гитартай дуулах, хувцаслалт зэргээ олсон байх. Тухайн үед дөнгөж гитар тоглож сурч байсан. Тэгээд л гитараа бариад дуулж байгаагаар дандаа дотроо төсөөлж, мөрөөддөг байлаа. Би их жоохон байхаасаа л дуу зохиох хүсэлтэй охин байлаа.

-Та монголын рок хөгжимд гарч ирсэн анхны эмэгтэй уран бүтээлч. Тэр ч утгаараа үзэгч, сонсогчид таныг ихэд сонирхож, гайхширч байсан байх. Таны уран бүтээлийг сонсож, хүлээж байсан үзэгчдийг анх ямар сэтгэгдлээр хүлээн авсан бэ?

-Би анх МУГЖ, НҮБ-ын Хүүхдийн элч дуучин Т.Ариунаа эгчдээ шавиар орж байсан юм. Харин дараа нь 1998 онд СУИС-д элсэж, МУГЖ, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн гоцлол дуучин Ч.Насантогтох багшдаа шавь орж, уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Тэр жилдээ багтаж анхны дуугаа ч бичүүлсэн. Түүнээс хойш дуунууд маань ФМ-ээр бага багаар явж эхлэхэд хүмүүст гоё, бусдаас өөр санагдсан бололтой байсан. Харин анхныхаа тоглолт дээр “Нисванис” хамтлагтай цуг нэг тайзан дээр гарч байлаа. Тухайн үед шинэ уран бүтээлчид таалагдахгүй бол үзэгчид тайз руу усны сав, лааз шиддэг байсан юм. Тэгээд л бид хэд гараад дуулсан. “Над руу усны сав шиднэ дээ” гэж бодож байсан ч шидээгүй (инээв). Түүнд их урамшиж, цаашид уран бүтээл зам, мөр дагахыг юунаас ч илүүтэй хүссэн юм болов уу.

-Олон нийтэд хүргэсэн, хүн бүрийн дуулах, сонсох дуртай дуунууд тань дотроо үргэлж “мессеж” агуулж байдаг. Эмэгтэй хүний, эх хүний эрхийг хамгаалж, түүнийг магтан дуулсан дуу ч бий. Харин “Альтернатив” Отгоогийн бүхий л уран бүтээлийг нэгтгэж авч үзвэл үзэгчдэд юуг харуулж, юуг мэдрүүлэхийн тулд дуу хоолойгоо зориулсан юм бэ?

-Эхэндээ зөвхөн өөрийн үзэл бодол, онцлогийг л дуундаа “шингээж” дуулахыг хүсдэг байсан. Миний дууг хэдэн хүн сонсох нь надад сонин биш. Харин дуунаас минь намайг ойлгож, мэддэг сонсогчидтой болохыг хүсдэг байлаа. Тэгээд “Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч” дууг дуулахад маань олон нийт маш эерэг, сайхнаар хүлээж авч байгаа нь сайхан байсан. Эмэгтэй хүмүүсийн эрхийг хөндсөн дууг эмэгтэй хүн дуулсан болоод ч тэр үү хүмүүст илүү их хүрсэн. Ямарваа нэгэн дуу, уран бүтээл дотроо заавал “мессеж” агуулж байх ёстой. Тэгж байж л тухайн дуу хүмүүсийн сэтгэлд “хүрнэ”. Хүн бүрийн сэтгэл, зүрхэнд хүрэхийн тулд дуу бүхэн өөрийн гэсэн “амьтай” байх хэрэгтэй.

-Хүүхдүүд маань “Би Монголоос ганцхан ээжийнхээ л дуунд дуртай” гэж хэлдэг-

-“Нэгэн залуу” дууг анх хэнд зориулж “төрүүлж” байсан юм бэ. “Маш даруухан бас дөлгөөхөн” залуугаа ханиа болгож чадсан уу?

-(инээв) Эмэгтэйчүүд ихэвчлэн даруу, төлөв хүнд илүү татагдаж, таалагддаг юм билээ. Тийм ч учраас эмэгтэйчүүд төлөв даруу залууст бусдаас илүү татагддаг гэх санаагаар “Нэгэн залуу” дуугаа бүтээж байлаа. Тухайн үед миний “Ten Tones” цомог хэвлэгдэж байсан юм. Тэгээд цомгийнхоо аялгуунд нийцүүлж хөгжмийг нь бичүүлж, хөгжмийнх нь хэмнэлтэй тааруулж шүлгийг нь бичсэн.

-Гэр бүлийнхээ тухай ярихгүй юу. Танай гэр бүлийн хүнийг сонсогчид таны дуулсан дуу шиг “Маш даруухан бас дөлгөөхөн” гэх юм билээ?

-Хүмүүс намайг “Отгоо “Нэгэн залуу маш даруухан бас дөлгөөхөн” гэж дуулсаар байгаад их даруу, дөлгөөн хүн аваад суучихлаа даа” гэдэг юм (инээв). Хэдий даруу, дөлгөөн байсан ч гэр бүлийн хүн маань надад хэнээс ч илүү инээд бэлэглэдэг нэгэн. Бид хоёр 13 жил хамт амьдарч, жаргал, зовлонгоо хуваалцаж байна. Дөрвөн сайхан хүүхдийн ээж, аав боллоо. Бид энх тунх, аз жаргалтай амьдрахыг хүсдэг бусдын л адил жирийн нэгэн гэр бүл.

-Таны уран бүтээлийг хүүхдүүд тань сонсдог уу. Сонсоод юу гэж хэлж, юу бодож байгаа тухайг нь сонирхож байв уу?

-Хүүхдүүд маань “Би Монголоос ганцхан ээжийнхээ л дуунд дуртай” гэж хэлдэг (инээв). Намайг үргэлж урамшуулж байдаг. Гэртээ шинэ дуугаа бэлдэхэд хүүхдүүд маань сонсоод надаас ч илүү мэддэг болчихсон үе ч бий. Гэр бүл маань миний хамгийн том фэн.

-“Альтернатив” Отгоогийн бага нас хаана өнгөрсөн бэ. Бага насандаа ямар хүүхэд байсан бэ?

-Миний бага нас бага тойрогт өнгөрсөн. Намайг бага байхад амьдардаг байранд маань ихэвчлэн эрэгтэй хүүхдүүд байдаг байсан болохоор эрэгтэй хүүхдүүдтэй л их тоглодог байсан. Тийм ч учраас эршүүд болж өссөн юм болов уу гэж боддог. Ойр дотнын найзуудтайгаа ярьж, хөөрөлддөг байсан ч бусад хүмүүстэй нэг их ярьдаггүй, өөрийгөө ойлгуулж чаддаггүй дотогшоогоо чиглэсэн охин байсан юм болов уу л гэж боддог доо.

-Надад МУСТА-аас илүү том шагнал авсан юм шиг мэдрэмж “төрж” байсан-

-Дөрвөн хүүхдийн ээж болсноос хойш таны уран бүтээлийн чиг хандлага, үзэл бодол өөрчлөгдсөн үү. “Альтернатив” Отгоо идэвхтэй уран бүтээлээ туурвиж байсан үеэсээ хэр их өөрчлөгдсөн бэ?

-Зарим нэг зүйлээрээ өөрчлөгдөөгүй ч байж мэднэ. Гэхдээ дөрвөн хүүхдийн ээж болсны дараа бодож, сэтгэж байгаа зүйл маань өөрчлөгдөж, залуугийнх шигээ сэтгэл хөдлөл, омголон зангаараа хандах нь багассан. Аль болох юмыг ул суурьтай хийж, тайван, амгалан байхыг боддог болсон. Шинэ гаргах уран бүтээл маань ч мөн ээж хүний сэтгэл, ахуй амьдралтай илүү ойрхон байх болов уу гэж бодож байгаа. Сэтгэлийн хөөрлөөрөө бус илүү их бодож, тайван ханддаг болжээ.

-Та 2019 онд уран бүтээлийн пянзаа хэвлүүлж, Монголын эмэгтэй уран бүтээлчид дотроос хамгийн анх пянзаа хэвлүүлсэн нэгэн болсон. Харин хэсэг хугацаанд уран бүтээлээсээ холдсоны дараа сонсогчдодоо шинэ пянзны бэлэгтэй ирсэн шүү дээ?

-Намайг хүмүүс мартаагүй, шинэ уран бүтээл, пянзыг минь хүлээсээр байсанд үнэхээр их баярласан. Пянзаа гаргаснаас хойш дотор минь байсан уран бүтээлч зан маань илүү “дүрэлзсэн” юм уу даа. Харин тэр хүртэл хүүхдүүд маань ч жоохон байсан. Хүүхдүүддээ илүү их анхаарал хандуулж, цаг заваа зориулах хэрэгтэй. Намайг сонсдог, шинэ бүтээл гаргахыг минь хүлээдэг хүмүүс намайг “асааж” өгч байгаа юм болов уу гэж бодож байгаа. Намайг шагнуулсныг сонссон үзэгч, сонсогчдынхоо талархал, сэтгэгдлийг хараад надад МУСТА-аас илүү том шагнал авсан юм шиг мэдрэмж “төрж” байсан.

-23 жилийн уран бүтээлийн замналдаа үзэгч, сонсогчдоосоо сонссон хамгийн сайхан урмын үг, бас гомдмоор муухай үгс юу байсан бэ?

-Би урмын үгэнд дуртай. Бас хүмүүс мэдэхгүй байх даа гэж бодсон дууг маань хүртэл дагаж дуулдаг хүмүүст хайртай. Харин намайг харж, мэдээгүй байж дүгнэж, муухайгаар ярьж байгаа хүмүүст дургүй. Тийм зүйлийн юу нь сайхан байх вэ дээ. Сошиал медиа хөгжсөнөөс хойш зөвхөн намайг бус бүхий л уран бүтээлчид рүү чиглэж байгаа муухай үгс уран бүтээлчийн урам зориг, бүтээх хүслийг нь “хугалдаг” юм болов уу. Хүмүүс нэг нэгэндээ битгий муухай үг хэлээсэй гэж боддог.

-Шинэ уран бүтээл тань хэрхэн бий болох талаар төсөөлсөн үү. “Өмнөхөөсөө илүү бодож, тайван ханддаг болсон” гэж хэлсэн дээ. Шинэ уран бүтээлээрээ хуучин “Альтернатив” Отгоо гарч ирэхгүй шинэ дүр бий болгох уу?

-Би түүнийг мэдэхгүй шүү дээ. Харин шинэ уран бүтээлийг минь сонсох сонсогчид л намайг надаас илүү шүүж, хэлж чадна.


“Альтернатив” Отгоо: Гэр бүл маань миний хамгийн том фэн
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188