• Өнөөдөр 2024-04-26

СОРГОДОГИЙН ЖАРГАЛСАЙХАНЫ БИЛГҮҮН: Аавынхаа үргэлжлэл гэдэг утгаараа уран бүтээлүүдийг нь үргэлжлүүлэх ёстой

2021-03-23,   891

“Еэ еэ шар будаа” киноны гол дүр Буд гэх гэнэн томоогүй хэрнээ адтай хүүгийн дүр үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдэж, одоо ч олны  хайрыг татсан хэвээрээ.

1997 онд үзэгчдийн хүртээл болсон энэхүү киноны гол дүрийг үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Соргодогийн Жаргалсайханы хүү Билгүүн бүтээж байжээ. 15 настайдаа алс холын Япон орныг зорьж, найруулагчийн мэргэжил эзэмшсэн түүнтэй  аавынх нь амьдрал, уран бүтээлийн талаар ярилцлаа.

-Ярилцах цаг зав гаргасан танд баярлалаа. Эх орондоо ирээд хэр удаж байна вэ. Таныг аавынхаа жүжгийг үзэгчдийн хүртээл болгож, шинэ уран бүтээлдээ ханцуй шамлан орсон гэж сонслоо. Энэ талаар яриагаа эхэлье?

-Би Японд хорь гаруй жил амьдарч, Монголд ирээд хоёр жил болох гэж байна. Найруулагчийн мэргэжлээр суралцаж, төгссөн. Эх орондоо ирээд уран бүтээлийн ажилдаа шуурхай ороод байна. Аав минь үргэлжилсэн үгийн  зохиолоос гадна театрын урлагт үнэтэй хувь нэмэр оруулж, түүхэн хийгээд орчин үеийн сэдэвт олон жүжиг бичсэн. Тэр тусмаа  сүүлд бичсэн орчин үеийн жүжгүүд нь монгол жүжгийн зохиолд шинэчлэл хийсэн хэмээн үнэлэгддэг.

Тухайлбал,  “Шөнө дундын бүжиг”, “Бид эрчүүдийг хүснэ”, “Нууц амраг чинь болъё” “Стрептиз клуб” зэрэг 2004 оноос хойш бичсэн жүжгүүд нь  тухайн нийгмийнхээ болохгүй байгаа асуудлыг хурцаар шүүмжилж, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл зэрэг олон асуудлыг хөндөж гаргасан. Одоо ч энэ асуудлууд нийгэмд байсаар байна. Тиймээс “ Аавын жүжгийг яагаад энэ цаг үед тавьж болохгүй” гэж бодоод зориг гарган уран бүтээлийнхээ ажилд ороод байна. Эх орондоо ирээд удаагүй ч өөрийн гэсэн лоунж нээсэн. Нэг ёсондоо жижиг хэмжээний театр гэсэн үг. Энд урлаг, соёлоос гадна сургалт, сурталчилгаа, уулзалт арга хэмжээ зохион байгуулах боломжтой. Өнгөрсөн жил лоунжийн нээлтэд зориулж, аавынхаа зохиосон  “Сүүлчийн зоог” хэмээх гурван хүний жүжгийг найруулан тавьсан. Үзэгчид анхны уран бүтээлийг минь сайхан хүлээж авч “Ийм зүйлийг хүсээд байсан шүү” гэж урамшуулж байлаа. Ингээд аавынхаа зохиосон “Шөнө дундын бүжиг” жүжгийг үзэгчдэд хүргэхээр бэлтгэлээ хангачихсан байсан ч хөл хорио тогтоож, үзэгчдэд хүргэх боломжгүй болсон.

-Аавынхаа жүжгийг хүү нь найруулж байгаа байх нь ээ?

-Сүүлийн үеийн жүжгийг нь тоглохгүй бол “Хаан түүх”, “Буцах хаяг” жүжиг нь ч юм уу, 1980-аад оноос өмнөх Тэмүүжин, Жамуха гээд нүсэр жүжиг тоглохоор хүмүүс хэр зэрэг ойлгох билээ. Нэг хааны тухай юм яриад байдаг, хорин хэдтэй залуус хааны тухай сонсъё, хааны тухай философи гэхээр нийгэмтэйгээ зохицож чадахгүй байна л даа.

Би ирээдүйд өөрийн гэсэн театртай болох мөрөөдөлтэй. Түүнийхээ эхлэлийг тавьж байна. Газар нь байгаад, жүжиг нь байгаад, үзэгчид нь байвал яагаад болохгүй гэж гэж бодож байна.

-"Шөнө дундын бүжиг" жүжигт ямар уран бүтээлчид дүр бүтээж байгаа юм бэ?

-СУИС-ын жүжигчний Сугар агсны ангийг төгссөн Ж.Мөнгөнсүх, Эмоци продакшны Ж.Тэгшжаргал нар тоглож байна. Чамайг ингэж асуухаар би зөрүүлээд ингэж хариулмаар байна. Олон хүнд танигдсан хүнийг тоглуулмааргүй байгаа юм. Т.Бархүү, С.Болд-Эрдэнэ гэдэг ч юм уу яривал бүгд аавын найз, шавь нь гээд дуудаад тоглоно гэвэл болно л доо. Гэхдээ миний санаа бол залуу үеэ илүүтэй дэмжмээр байна. Олонд танигдчихсан хүмүүсийг дахин дахин авчраад, хамтаръя гэх сонирхол байхгүй байна л даа. Жил бүр маш олон жүжигчид төгсдөг ч ажлын байр багатай, ирээдүйн баталгаа байхгүй байна шүү дээ. Нэг ангид 20-30 жүжигчин төгсөөд хоёр, гурав нь гайгүй явдаг. Хэрэв жүжигчдийг төгсгөж байгаа бол цаашдаа театрт юм уу, продакшнд авдаг, гарыг нь ганзаганд нь хөлийг нь дөрөөнд нь хүргэдэг систем руу явах хэрэгтэй санагддаг юм. Тиймээс хэн гэдэг хүн манайд тоглохоор би үзэгчдийг дуудах гээгүй.

С.Жаргалсайхан гэдэг хүний зохиолыг 2021 онд манай залуучууд тогловол ямар байхыг үз гэж байгаа юм. Надад хэн жүжиглэх нь гол биш. 20 жилийн өмнө хүмүүс юу бодоод, юу хийгээд, юунд хүрсэн гэдгийг л ахиад нэг харуулмаар байна. Зохиол бол мөнхийн сэдэв, мөнх үргэлжлэх зүйл.

Зарим хүмүүс найруулагч байвал зохиол нь чухал биш дээ гэж ярьдаг. Гэхдээ үгүй. Зохиол байхгүй бол мянга Чарли Чаплин байгаад явахгүй шүү дээ. С.Жаргалсайхан гэдэг хүн бурхан болоод 14 жил болсны дараа ч уран бүтээл нь амьд байна. Уран бүтээл гэдэг цаг бүрт хэрэгтэй сэдвээр нь, хэрэгтэй гэсэн өнцгөөс нь ахин тавьж болдог юм байна, ахин өөр хүмүүсийг гаргаж ирэх хүчтэй байдаг юм байна гэдгийг л харуулахыг хүсэж байна.

-Аавын тань олон жүжиг тавигдаж байсан. Энэ жүжгийн тавилт ямар онцлогтой байна вэ?

-Энэ жүжгийг үзээд Лоунж театр гэдгийг өөр талаас нь харах байх. Жүжигчид үзэгчдийнхээ хажуугаар явж, амьсгаа нь хүртэл сонсогдож, жүжиг дотроо орчихсон байгаа мэт мэдрэмж аваасай гэж хүсэж байна.

Энэ жүжгийг тавих гээд байгаа гол зорилго маань тайз гэдэг хүнээс хорь, гучин метр цаана оршиж, тайзан дээр, гэрэл, шум, драматург, хоорондын харилцаагаар үзэгчдээсээ зааг үүсгэж байж явдаг тоглоом байгаа юм. Миний хувьд жүжгээ үзэгчдийн дунд нь оруулж тавьж, Дорж үзээд суухдаа “Би энэ нийгмийн нэг нь юм аа” гэж өөрийгөө дүрийн оронд тавьж үзээсэй гэсэн хүслээр үзэгчдээ ойртуулахыг хүссэн юм.  “Энэ жүжигт гардаг шиг хэн нэгнийг гомдоомооргүй байна, бухимдуулмааргүй байна. Би энэ доторх нэг тоглогч нь юм байна ” гэдгийн мэдрэх л чухал гэж бодож байна. Үзэгчид цаг гучин минут суухдаа вино ч юм уу, алкохолны төрлийн юм хэрэглэсэн ч болно. Хамгийн гол нь чөлөөтэй байдал. Залуучууд үзээд гарсныхаа дараа энэ жүжгийн талаар яриасай. Жүжигт гол дүр "үгүй" гэвэл үзэгчид нь уурлахаар, шүгэлдэж, алгадмаар санагдтал жүжиг дотор орж үзээд, ахдаа, найздаа, гэр бүлдээ яриасай гэж хүсэж байна. Миний өмнө дурдсан дөрөв, таван жүжиг эмэгтэй хүнийг илүүтэй энэ нийгэм золионд гаргаж байгаа тухай өгүүлдэг юм. Монголын нийгэм дотор ямар муухай зүйл байна түүнийг л гаргасан юм. Чимэх үедээ чимдэг мөртлөө, хэрэггүйгээ тулахаар бүгд хөөж, би танихгүй, мэдэхгүй гэдэг дүр эсгэдэг муухай нийгэм болоод байна. Хорин жилийн өмнө ч ийм байсан. Манай аав тэрийг л бичсэн.

Би найруулагчаар төгсчихлөө, 37 хүрчихлээ. Аавынхаа жүжгүүдээр бүтээл хийе гэж бодсон юм. Энэ зохиолууд сүнслэг чанартай юм шүү, ийм зүйлийг хэлэх гээд байсан юм шүү гэдгийг би өөрийн хариуцлага, аавынхаа үргэлжлэл гэдэг утгаараа уран бүтээлүүдийг нь үргэлжлүүлэх ёстой. Гэхдээ С.Жаргалсайханы л юмыг л тавих гээд байгаа биш шүү. С.Жаргалсайхан мундаг хүн байсан гэж үргэлжийн мөнх, улиг домог болтол ярих гээд байгаа юм биш. Гагцхүү тэр хүний хэлэх гээд байсан санаа хүү нь эрийн цээнд хүрээд, өөрийн нүдээр нийгмийг харахад ч байсаар байна. Аав маань дөчтэйдөө бичиж байсан бол хүү нь дөч дөхөж явахад ялгаагүй нийгэм өөрчлөгдөөгүй байна шүү дээ гэдэгт л миний бухимдал, эмзэглэл яваад байгаа юм.

-Аавын тань талаар дурсъя.  Уран бүтээлч болоход аавын тань нөлөө бий байх?

-1984 онд арван сартай, “энгэрийнх нь халаасанд багтдаг” байхаасаа л аавтайгаа хөдөө явдаг байсан даа. 1987 онд гарсан аавын минь “Илүү сартай зун” гээд өөрийн нутгийг харуулсан бүтээл бий. Жүжигчин Д.Сосорбарам гуайг дэлгэцийн урлагт од болгож гаргаж ирсэн бүтээл шүү дээ. Тэр киноны натур дээр би ухаан орж байсан хүүхэд байгаа юм. Миний хувьд аав гэдэг хүн намайг урлагт хөтөлсөн, оруулсан гэхээс илүү аав маань хажууд минь байсан болохоор л би урлаг руу орчихсон байсан гэвэл болох байх.

“Уулчин хүнийг та яагаад уул хараад уйлдаг юм бэ" гэхээр “тэнд уул байхаар” гэдэгтэй адилхан та яагаад урлаг руу орчихсон юм бэ гэхээр Миний хажууд аав маань л байсан учир би урлаг руу орсон.  Урлаг, театр, кино, натур гээд бараг 34 жилийг урлагийнхантай хамт нэг майханд хонож, нэг тогооноос хоол идэж, кино үйлдвэрт хальс шатаагаад л явсан.  Драмын театрт аавын жүжиг тавигдаж, ингэж л эхэлсэн юм.  

Миний хувьд урлагийн амьдрал маань магадгүй аавтай холбоотой. Аав маань намайг урлагийн хүн бол ч гээгүй. Гэхдээ аав маань өдийд амьд байсан бол би найруулаад, хамтдаа явах байсан байх. Тэгсэн бол аав маань одоо 65 хүрч байх байлаа. Аав минь их залуудаа явсан даа. Олон сайхан хүнтэй уулзуулж, надад итгэл өгсөн гэдэг чинь аавын нөлөө бол бараг 100 хувь гэж хэлж болмоор. Би аавыгаа хүндэлдэг, хайрладаг, энэ хүнээс авах зүйл их бий гэж хардаг даа. Нөгөө талаар энэ хүнийг давах ёстой гэсэн нэг мөрөөдөл бий. Мэдээж даанч чадахгүй байх. Том өндөр ууланд гарах гэж хичээж, намхан ууланд гарах байх. Гэхдээ ноён оргил бол ноён оргилоороо аав маань л юм даа.

Аав маань их дуугүй, илүү дутуу юманд гарч гүйгээд байдаггүй, би гээд байдаггүй хүн байж билээ. Найруулагч, уран бүтээлчидтэйгээ хамтарч ажиллаад л хэдэн хоногт санааг нь сонсоод л, хэдэн зуун хуудас зохиолыг торхыг юмгүй, хүлээж суухгүйгээр бичээд л өгдөг байсан сан.  Тийм хэмжээний авьяастай байна гэдэг цаанаасаа заяагдмал зүйл байсных л байх.

-Та зургийн талбай дээр ухаан орсон гэлээ. Аавтайгаа өнгөрөөсөн багын дурсамжаасаа хуваалцаач?

-Бид хоёр хамт кино их үздэг байлаа. "Тэд эх орныхоо төлөө тулалдсан юм” киног үзэж байсан гэхээр би бараг дээр үеийн хүн болох гээд байна шүү дээ. 1990 оны Оросын сайн хийгдсэн, Станслоскийгийн драматургаар бүтээсэн кинонуудыг үзнэ.  Оросын сонгодог эх орны тухай, дайны тухай гэх мэт цэвэр “Орос” стилийн кино их үзнэ. Мөн “Шиндлерийн бүртгэл”, “Загалмайлсан эцэг”гэх мэт сайн кинонуудыг надад үзүүлээд суулгачихдаг байсан юм. Би ч аавтайгаа үзэх их дуртай. "Дараагийн план яах нь вэ. Эндээс ийшээ шилжээд ингэж байгаа биз" гээд л тайлбарлана. Киноноос авч байгаа мэдрэмжээ надад мэдрүүлэх гээд байгаа нь тэр байгаа юм. Тэгэхэд би 12-той л байсан байх.  Арай жаахан ухаан ороод явж байгаа нь тэр шүү дээ. "Одоо энэ гол дүрийн жүжигчин дайнд ялагдаж хүрч ирээд өнчин болсон. Энэ хоёр урдах зүйлээ үгүй хийгээд аав, хүү хоёр болоод явж байна" гэдэг ч юм уу. Аав маань юмыг сайн задалж хардаг, их философитой хүн л дээ. "Ийм санаа хэлэх гээд байгаа юм шүү дээ. Тэрийг ойлгож байгаа биз" гээд л.  Тиймээс л би багаасаа ийм хөгшин яриатай, том хүмүүстэй уулзсан ч гэсэн нүүрэмгий, ямар ч сэдвээр ярихад “би мэднэ шүү дээ” гэх хэмжээний болчихсон байснаа санадаг юм.

Би нэг өдөр аавтай ингэж ярьсан юм. Би тэр үед яагаад ч юм өндөр цолтой хүнийг алтан өлгийд оршуулдаг гэдгийг мэдчихсэн юм.

Тэгээд ааваас "Аав би таныг өөд болохоор чинь алтан өлгийд оршуулаад, цол өгөх юм уу" гэсэн аав над руу хараад “Аав нь шар төмрийн араас явж байсан бол аль хэдийн авах л байсан. Надад гурван удаа санал тавьсан шүү дээ. Гэхдээ би мөнгө эсвэл нэр хүндийн төлөө яваагүй юм аа. Би зохиолчийн ажлаа л хийж байгаа юм. Тиймээс намайг Сорогдогийн Жаргалсайхан гэж дуудахад хангалттай.

Монголд Жаргалсайхан гэдэг нэртэй олон хүн бий. Гэтэл өвөөгийн чинь нэрийг хэлээд дууддаг Жаргалсайхан байна уу ” гэж нүүр бардам хэлж байсан юм. "Сорогдогийн Жаргалсайхан гэдэг нэрийг би брэнд болгож байгаа юм. Надад тэр шар төмөр нэг их гол биш юм аа. Чи намайг үхэхээр чандарлаад, вааранд хийгээд гэрийнхээ сервантад тавьчихна биз. Нэг өдөр эхнэр чинь уурлаад хага шидчихнэ биз. Тэгэхээр нь шүүрдэж аваачаад цонхоороо салхинд хийсгэчихээрэй” гэж өөрөө надад хэлж байсан юм. Би цөөхөн өгүүлбэрээр аавын хэлсэн үгийг хэлж байгаа хэр нь ямар том философитой, сүнслэг зүйлтэй хүн бэ гэдгийг энэ хүний дурсамжаасаа хэлэхэд мэдрэгдэж байгаа юм.  

Энэ хүний философиос үүдэн миний хүүхэд, ач, гуч нар маань ч “Миний элэнц өвөө Сорогдогийн Жаргалсайхан байсан юм аа" гэж дурсах л байхгүй юу. Аавын минь бүтээл хэзээд л амьд байх болов уу гэж боддог юм. Хүн урдаа цол гуншин авахынхаа өмнө хийсэн уран бүтээл нь амин сүнстэй, сүнслэг, чадвартай, авьяаслаг нийгэмдээ өгье гэсэн сэдвээ өгч чаддаг бол хойч үе мартахгүй болтол мөнхөлж чадах юм болов уу гэж боддог доо.

Жишээ нь чөтгөр нэг юм санал болгохдоо “Чи авчих л даа” гэдэг шиг манай аав түүнд нь  “Үгүй ээ” гэж хэлж чаддаг зоригтой хүн. Аав маань 51 хүртлээ хүн шиг амьдарч, хийх ёстой юм аа хийсэн гэдэгт л ярих, дурсах зүйл их байна бий дээ.

 Би аавтайгаа 15 хүртлээ л цуг байсан. 15-тайгаасаа хойш Японд амьдраад сүүлийн хэдэн жил нь хамт байж чадаагүй юм. Өнгөрөхөд нь ч гэсэн дэргэд нь байж чадаагүй дээ.

-Аав тань ямархуу зан араншинтай хүн байсан бэ. Хэлэх дуртай үг, зан чанарынх нь тухай бидэнтэй хуваалцаач ?

-Манай аав амьдралдаа намайг хоёр гурван удаа л зодсондоо. Алганы амт үзнэ. Заримдаа хичээлээ хийж чадахгүй болохоор "Яагаад ийм муу хийгээд байгаа юм. Юу ойлгохгүй байгаа юм" гэдгээс эхлээд алганы амт хүртэнэ. Хэн нэгэнтэй зодолдсон гэвэл уурлана. Аавын амнаас хамгийн их гарсан үг бол “Хүн хүнээрээ байх шиг сайхан зүйл байхгүй” гэж их хэлдэг байсан даа. Тэр нь олон цол гуншин, баян чинээлэг, том хүн, хэн ч биш гэдэг ч юм уу хэн байх нь хамаагүй “Хүн хүнээрээ л байх ёстой”  гэдэг. Том дарга байлаа гээд бялдуучлаад цүнхийг нь барьж гүйгээд толгой бөхийнө гэж байдаггүй юм аа.  Надаас тушаал доогуур хүн байлаа гээд "Чи муу хэн бэ" гэж хэлдэггүй юм аа гэж заадаг байсан.

Манай өвөө маань Сорогдог гээд Хөвсгөлийн жолооч хүн байсан. Манай аав чинь 18-тайдаа Хөвсгөлийн нэгдүгээр 10 жилийг сургуулийг алтан медальтай хоёр хүн төгссөний нэг нь. Дараа нь Польш руу хуваарь аваад дөрвөн жил сураад буцаад эх орондоо ирсэн. Тэгэхэд өвөө маань “Чамаас тамхи үнэртсэн” гэхэд аав эсэргүүцэлгүй банзаар зодуулж байсан гэдэг. Аав маань их шударга, үнэнч нэгэн байсан юм. Хэн нэгэнд бялдуучлах, зусардах, худлаа хэлчихье гэсэн бодол ер байдаггүй. "Хүн хүнээрээ байх л сайхан" гэдэг үг том ойлголтыг хэлдэг гэж боддог юм.

Төгсөж ирээд Соёлын яаманд ажиллаж байхдаа кино уран бүтээлчдийн хэлэх гэсэн санааг хааж боож, хасдаг байхад яамныхантайгаа маргалддаг байсан юм. Дараа нь ажлаа өгөөд чөлөөт уран бүтээлч болсон доо. Өөрийнх нь тархинаас бүтээл ундардаг хүн байж бусдынхаа юмыг “Тэр нь байхгүй, энэ нь болохгүй юм байна” гэж хэлнэ гэдэг "Энэ бидний хийх ёстой юм биш ээ" гэсэн сэн. “Хүн хүнээрээ байх шиг сайхан юм байхгүй ээ. Хэн ч болсон хэн байснаа битгий мартаарай” л гэдэг байлаа.

Аавын намтрын талаар, судалгаа хийнэ гэсэн хүмүүс аавыг ухаад, ухаад юм гардаггүй сонин зүйл бий. Учир нь аав маань тийм юмаа ярихыг хүсдэггүй байсан юм. Хүний өмнө "би арван юм хийсэн" гэж ярьдаггүй. Харин "Миний тухай битгий ярь" гэдэг хүн байлаа. Жүжиг киноны нээлтэд ч очдоггүй хүн шүү дээ. Жүжиг, кино зохиолоор нь хийхээр өөрийнх нь бодож байснаас тэс хөндлөн юм хийчихсэн байдаг болохоор уурлаад, нервтээд байдаг сан. Миний нэг харамсдаг зүйл гэвэл “Аав маань буруу цаг үедээ амьдраад явчихав уу даа. Дэндүү эрт явчихав уу даа” л гэж харамсдаг юм.

Хэрэв одоог хүртэл амьд байсан бол бичнэ гэсэн олон сайхан бүтээлүүдийг нь авч үлдэх байсан юм болов уу л гэж боддог юм. Тав, арван жил урт амьдарчихгүй яав даа гэж харамсдаг даа. Аав маань гал шиг асаад л буцсан. Үгүй болсон ч бидний хажууд амьд мэт байдаг хүмүүс бий. Би аавыгаа тэгж л боддог.

-Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Би тэнгэрт одсон хүнийг амилуулах гээд байгаа биш. Би энэ хүний үргэлжлэл. Анзаарсан бол би аав, өвөө хоёрынхоо нэрийг хоёуланг нь авч явдаг. Энэ Жаргалсайхан гэдэг хүний үргэлжлэл зогсоогүй байгаа юм шүү. Хэрэв Билгүүн гэдэг хүний мөрөөдөл биелдэг л юм бол С. Жаргалсайхан гэдэг хүний үргэлжлэл байгаа юм шүү гэдгийг л хэлэхийг хүсэж байна.

 

 

СОРГОДОГИЙН ЖАРГАЛСАЙХАНЫ БИЛГҮҮН: Аавынхаа үргэлжлэл гэдэг утгаараа уран бүтээлүүдийг нь үргэлжлүүлэх ёстой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-23 11:29:31
    зочин: ИХ ЭЗЭН БОГД ХААНЫГ ГУТААЖ БИЧИЖ БИЗНЕС ХИЙСЭН УЧИР НАС НЬ БОГИНОСХООС ЯАХ БИЛЭЭ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-23 11:09:45
    Нэр: Өдий болсон залуу ааваараа түрий барих муухай.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188