• Өнөөдөр 2024-04-25

А.АЛТАНХҮҮ: Монголын металл хөгжмийн дунд үеийнхэн Улаанбаатар чуулгын подволиос “төрж” байлаа

2021-03-22,   1360

-МОНГОЛЫН МЕТАЛЛ ХӨГЖМИЙН ТҮҮХИЙГ БҮТЭЭЛЦСЭН ЦӨӨН ХАМТЛАГИЙН НЭГ БОЛ “MOTORWAY”-

         Монголын металл хөгжим aнх 1986 оноос үүсэж, өнөөг хүртэл идэвхтэй хөгжиж, тодорхой хэмжээний уншигч, сонсогчтой болсон билээ. Монголын гэх тодотголтой металл хөгжмийн түүхийг бүтээж яваа ч тодорхой шалтгааны улмаас түр хугацаанд завсарлага аваад буй ну металл төрлөөр уран бүтээлээ туурвидаг “Motorway” хамтлагийн гоцлол дуучин А.Алтанхүүг уншигч та бүхэнтэй уулзуулж байна. Металл хөгжмийн гүн ухаан хийгээд “Motorway” хамтлагийн түүхийг талаар ярилцсан түүний яриа уншигч таныг уйдаахгүй гэж найдъя.

МЕТАЛЛ ХӨГЖМИЙН ГОЛ АМИН СҮНС НЬ НҮРГЭЭНТЭЙ ХӨГЖИМ БИШ, ҮГ НЬ БАЙДАГ

-Сайн байна уу, та. Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Намайг Амарбаясгалангийн Алтанхүү гэдэг. Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Ринченлхүмбэ, Галтаас гаралтай. 1990 оны арваннэгдүгээр сарын 30-нд  төрсөн. Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Соёл судлалаар магистр хамгаалах гээд явж байгаа. Ийм л товч танилцуулагатай нэгэн байна.

-Мэргэжлээрээ ажиллаж байсан уу, та?

-Багш мэргэжлээрээ ажиллаж байгаагүй. 2012 онд сургуулиа төгсөөд, тэр жилийнхээ зунаас нэг жилийн хугацаатайгаар тухайн үед урлагийн тухай бичдэг “Сонголт” гээд сэтгүүлд хөрвүүлэгчээр ажиллаж байлаа. Тэр ажил маань үргэлжилсэн үгийн зохиолыг киноны загварт оруулах их нүсэр ажил байсан. Гэрээ маань дуусаж, 2013 онд Уран зургийн галерейн куратороор ажилласан. Кураторын ажлаа орхисноос хойш “Шинэ Монгол радио”-доо өнөөг хүртэл ажиллаж байна даа.

-Анх хэзээнээс металл хөгжимд дуртай болж, энэ төрөл рүү орж байсан юм бэ?

-Манай “Motorway” хамтлагийнхан бага сургуулийн найзууд байлаа. Хамтлагийнхан маань багаасаа л үлээвэр найрал хөгжмөөр явсан хүмүүс. Миний хувьд багадаа утга зохиол, яруу найрагт их дуртай байсан юм. Харин манай хамтлагийн нэг гишүүн 2007 онд надад Slipknot, Mudvayne, Cannibal Corpse зэрэг хамтлагийн цомгийг бидэнд сонсгож байсан түүхтэй. Түүнээс “Ийм хөгжмийн урсгал байдаг юм байна” гэж мэдээд, тэр цагаас хойш л дурлаж, хайрлаж явна даа. 

-Хамтлагаа хэрхэн байгуулж байсан бэ. Хамтлагийнхаа талаар ярихгүй юу?

-Анх металл хөгжимд донтож, дурлаж ороод дараа жилээс нь илүү сонсож, металл хөгжмийн гүн ухааныг нь эрж, хайж, дэлхий нийт хүлээж аваад байхад Монголын нөхцөлд яагаад ийм цөөнх сонсоод байгааг судалсан. Тэгээд 2008 оноос манай “Motorway” хамтлагийн суурь тавигдаж, хамтлаг маань байгуулагдаж байлаа. Байгуулагдсанаасаа хоёр жилийн дараа Playtime, Coke’s Beat наадамд орж байсан. Анх хамтлагаа байгуулж байхдаа бид бүгд л дээрх хоёр наадамд оролцохыг мөрөөдөж байлаа. Түүнээс хойш Coke’n Beat байхгүй болж, одоо бол Playtime л болж байна. Харин одоогийн хамтлаг байгуулж байгаа залуус ““Playtime”-д орох юм сан” гэж бодож, мөрөөдөхөө больсон мэт санагддаг. Бараг хэн дуртай нь тэр наадамд орчихдог болоод байна. Биднийг анх “Playtime”-д оролцож байхад бидэнтэй хамт гарч ирж байсан маш олон хамтлаг байсан. Тэр дундаа өрсөлдөөн ч үүснэ. Амьд хөгжмийн хоёр наадмын шалгуур ч өндөр байдаг байлаа. Тэгээд л хүсэж, мөрөөдөж байсандаа манай “Motorway” хамтлагийнхан их хурдан хүрч, түүндээ ч их урамшиж билээ.

-“Motorway” хамтлаг байгуулагдсанаасаа хойш нэг их удалгүй Монголын металл хөгжмийн өнгө төрхийн нэг болж байсан. Маш богино хугацаанд үзэгч, сонсогчдод танигдах болсон гол шалтгаан юу байв?

-Манай хамтлаг Монголын металл хөгжмийн дунд үедээ ордог. Монголын металл хөгжмийн түүх “Аясын салхи” хамтлагаас эхэлдэг. Түүний дараагаас “Хурд”, “Нисванис”, “Metronome”, “Зүгээр л”, “Хуучны тамга” зэрэг Монголын металлын ахмад хамтлагуудын дараа манай дунд үе гарч ирсэн юм. Манай үед “Хос сүх”, “Silence” гэж гоё хамтлагууд гарч ирсэн билээ. Одоогийн Улаанбаатар чуулгын подвольд “Зүгээр л”, “Metronome” зэрэг хамтлагийн ах нарын бэлтгэлийн зааланд бэлтгэлээ хийдэг байсан. Монголын металлын дунд үе Улаанбаатар чуулгын подвольноос гарч байлаа. Тэр үед залуу хамтлагууд цагийн хуваарь гаргаад, ээлжилж бэлтгэл хийдэг байв. Бас тухайн үед би хамтлагийнхаа ахлагч байлаа. Хамтлаг дотроо таван залууг нэг хүн шиг болгож “зангидана” гэдэг хэцүү. Тэгээд дунд үеийн металл хамтлагийн дотроо нэг уулзалт зохион байгуулж, “Бид чинь Монголын металл урлагийн дунд үе. Үүнийгээ мартахгүй уран бүтээлээ хийж, мөн дараагийн үеийн дүү нараа гаргаж ирэхэд анхаарч, бэлтгэлтэй байя” гэж байсан юм. Монгол металл хөгжмийн дунд үеийн түүхийг бүтээлцсэн цөөн хамтлагийн нэг нь “Motorway”.

-Монгол Улсад металл хөгжим хийж, бүтээж, туурвихад хүндрэл, бэрхшээлтэй зүйл юу байдаг вэ. Ямар асуудал хамгийн ихээр тулгардаг вэ?

-Монголд металл урсгалын дууны дүрс бичлэг хийнэ гэдэг маш хэцүү. Бид чинь тухайн үед харж байсан Норвег, Украйн, Германы металл хамтлагууд шиг л дүрс бичлэг хийхийг хүснэ шүү дээ. Гэхдээ чадахгүй. Одоо ч гэсэн металл хамтлагууд тийм ч гоё дүрс бичлэг хийж чадаагүй л явж байна.

         Монголын нөхцөлд 10 гаруй дуу бичүүлж, цомог хэвлүүлээд байж чадвал чадна. Харин металл хөгжмөөр хоолоо олж идэж чадахгүй. Манай хамтлагийнхан ажилтай, гэр бүлтэй болоод хэсэг хугацаанд завсарлага аваад байна. Харин ойрын гурван жилийн хугацаандаа дахин эргэж ирэх бодол бий. Өнөө үед гарч ирж байгаа “Growl of Clown”, “Break the Cycle” зэрэг хамтлагийнхан манай бэлтгэлийн байраар ирж, биднийг хардаг байв. Орчин үеийн металл хөгжмийн өнгийн тодорхойлж яваа хамтлагуудын үлгэр дууриалал нь байснаараа бахархдаг шүү (инээв).

-Монголын металл хөгжийн дунд үед цөөнгүй сайн хамтлаг бий. Мөн амьд хөгжмийн наадамд оролцох эрхээ авахын тулд өрсөлдөөн их байсан гэлээ. Энэ тухайгаа сонирхуулаач?

-Хөгжим дээрээ өрсөлдөнө. “Хос сүх”, “Silence” манайх гурав адилхан металл хөгжим боловч дотроо өөр өөр. “Хос сүх” хамтлаг үхлийн металл, “Silence” хамтлаг блек металл, харин манайх  ихэвчлэн ну металл, хүнд металл төрлөөр тоглодог. Адилхан металл хөгжим боловч салаалсан мөчир нь өөр гэх үү дээ. Түүнийгээ дагаад сонсогчдын хүрээлэл өөрчлөгдөнө. Гэхдээ эцсийн цэгтээ металл хөгжмийн хамтлагууд бүгд нэг гэр бүл. Бид цөөхүүлээ шүү дээ.

-Анх “Slipknot”, “Cannibal Corpse” зэрэг хамтлагийн дууг сонсож байсан гэсэн. Гэхдээ таны өөрийн чиглэсэн зам мөр, металлын төрөл анх сонсож, биширч байсан хамтлагуудаасаа өөр байх шиг. Яагаад өөрчлөх болсон юм бэ?

-Хамтлагаа бүрдүүлэхийн тулд. Бүгд ижилхэн металл хөгжимд дуртай боловч тэр дотроо үхлийн, хүнд, ну металл гээд л бүгдийнх нь сонирхол өөр байна. Манай хамтлаг анх таван өөр металлын төрөлд дуртай таван залуу нийлж байсан. Гэхдээ металл хөгжим зөвхөн төрлөөр хийгээд байх шаардлагагүй. Тиймээс хамтлагийн гишүүд ихэвчлэн хүнд болон ну металл төрөлд дуртай байхаар нь манай “Motorway” хамтлаг үүнийгээ чиглээд явсан. Гэхдээ дууг нэг шугамд аваад явна гэдэг бүтэхгүй. Нэг дуу гурван минутынх байлаа гэхэд дуу дуусан дуустал ну металл дуугаралтаар явна гэдэг миний хувьд лав боломжгүй. Голд нь ямар нэгэн байдлаар бусад металл урсгалуудын ая, хөг ил, далдаар явж л байдаг. Ну металл урсгал бусдаасаа илүү түргэн хэмнэлтэй, дунд нь реп хийж болдог. Металл хөгжмийн төрлөөсөө хамаарч дууны шүлэг бүр өөрчлөгдөнө. Харин хүмүүс үүн дээр нэг их анхаардаггүй юм шиг байна билээ. Хүмүүс металлын хөгжмийг нь л сонсоод байдгаас нэг их үгийг нь тоодоггүй юм шиг.  Гэхдээ одоо бол арай гайгүй болж байгаа.

Хуучин бол сонсогчид металл дууны үгнээс илүүтэй нүргээнтэй хөгжим дээр л савахыг боддог байсан. Миний хувьд бол металл хөгжмийн хамгийн гол амин сүнс нь дууны шүлэг.

-МОНГОЛЫН МЕТАЛЛ ХӨГЖИМД “MOTORWAY” ХАМТЛАГ ЭРГЭЖ ИРЖ БАЙГААГИЙН ХАМГИЙН ТОМ БЭЛЭГ НЬ ШИНЭ ДУУ, ЦОМОГ БИШ, БИД ӨӨРСДӨӨ БАЙХ БОЛНО-

-“Motorway” хамтлаг олон дуутай. Гэхдээ цомгоо одоог хүртэл гаргаагүй юм билээ. Ямар шалтгааны улмаас цомгоо хэвлүүлэхгүй байгаа юм бэ?

-Олон шалтгаантай. Одоогийн байдлаар манай хамтлагийн бэлэн болсон 10 гаруй дуу бий. Гэхдээ хамтлагийн гишүүдийн дунд цаг зав гаргаж, яг цомгийнхоо ажилд суух боломж, нөхцөл бүрдэхгүй явсаар цаг хугацаа өнгөрөөд л байна. Цар тахал, нийгмийн асуудлын зэрэгцээ хамтлагийн гишүүдийн ар гэрийн асуудал ч мөн гарч ирнэ. Түүнээс биш цомгоо хэвлүүлэхэд нэг их хүндрэл байхгүй.

          Гэхдээ манай “Motorway” хамтлаг жил ирэх бүр хуучин дуунуудаа дахин өөрчилж, шинэчилж байдаг.  Өөрчлөлтдөө дууныхаа аян дээр илүү их хөгжим нэмж, шүлэгт нь засвар оруулснаар уран бүтээл маань илүү сайжирч, чанаржих болно. Нэг л хайрцагт баригдсан дуунуудаа жил ирэх тутамд илүү задгай гаргаж, чөлөөтэй болгодог. Энэ нь нэг талаараа бүтээлээ сайжруулж, хөгжүүлж байгаа нь зөв. Харин нөгөөтэйгүүр манай хамтлагийг сонсдог, дэмждэг хүмүүст хүлээлт үүсгээд байгаа юм л даа. Гэхдээ юм бүхэн л цаг хугацаатай шүү дээ. Нэг өдөр болох байлгүй.

-Танай хамтлаг тайзан дээр гарч тоглохоороо бусад амьд хөгжмийн хамтлагийн төдийлөн харуулж чаддаггүй амьд зүйлсийг харуулдаг шиг санагддаг. Зөвхөн хөгжим гэлтгүй перформанс, үйлдлийн урлаг үзүүлээд байх шиг?

-Манай хамтлагийнхан тоглолтод орохоосоо өмнө бэлтгэлээ тулгачихаад тоглолт болох өдрөө тайзан дээр байгаа юм шиг бэлддэг. Энгийн бэлтгэл, тайзан дээр байгаа юм шиг бэлдэх хоёр өөр. Энгийн бэлтгэл дээр хүмүүс хувь хувьдаа хичээдэг. Зарим тохиолдолд тэр нь номын санд байгаа юм шиг санагддаг (инээв). Харин тайзан дээр байгаа юм шиг мэдэрч бэлдэхийн тулд бүгдээрээ нүдээ аниж, хөгжимтэйгөө уусан нэгдэх болно.

          Аливаа хамтлагийн үйл хөдлөл, үйлдэл нь үзэгчдээ авч явдаг. Хэрэв тоглолтод хамтлагийнхан бүгд зоосон гадас шиг зогсоод байх юм бол маш эвгүй харагдана. Үзэгчид ч ач холбогдол өгөхгүй. Бид чинь хоёр, гуравхан хөдөлгөөнтэй нийтийн дуучид биш шүү дээ. Бид дуундаа тохирсон асар их эрч хүч, энерги гаргаж байж үзэгчдээ татах ёстой. Тийм учраас тайзан дээр ямар ч металл хамтлаг нэг цул юм шиг үйлдлийн урлаг үзүүлэх ёстой.

          Харин металл хамтлагийн тоглолтын тайзан дээрх хамгийн гол дүр нь дуучин. Дуучин өөрийгөө хүчилж, ямарваа нэгэн байдлаар жүжиглэхгүйгээр 100 хувь өөрийгөө гаргуунд нь гаргаж хаях ёстой. Хэрэв тэгэхгүй бол өөртөө ч тэр харж байгаа үзэгчдэд ч тэр маш тэнэг шүү дээ. Тиймээс тайзан дээр гарлаа л бол би би биш болох ёстой. Би өөрийгөө дэлхийн супер од мэт мэдрэх хэрэгтэй. Би үзэгчдээс хоёр метрийн дээр тайзан дээр байна. Тэр хүмүүс ч намайг доороос харж байгаа. Тийм учраас би үзэгчдийнхээ хаан нь, үлгэрлэх хүн нь болох ёстой болдог.

Металл хөгжмийнхөн уран бүтээлдээ сүнсээ өргөсөн хүмүүс байдаг. Харин миний хувьд сүнсээ ч өргөж, тайзан дээр гарвал биеэ ч золигт гаргана. Миний бие минийх биш болж, би өөрийгөө удирдаж чадахаа болино.

Тэгж байж л тайзан дээрх үйлдлийн урлаг гарна. Түүнээс контемпорари урлаг ч үүсэж болно шүү дээ. Гэхдээ би бүжиг, хөдөлгөөний эвсэлгүй хүн (инээв).

-Тэгэхээр танай хамтлагийг тайзан дээр зөвхөн металл хөгжим бус, урлагийн маш олон төрлийг үзүүлдэг гэж ойлгож болох нь ээ?

-Одоо ингээд бодоход металл хамтлагийн гоцлол дуучин тайзан дээрээ ямар ч урлагийг үзэгчдэд хүргэж болох юм байна гэдгийг ойлгосон. Модерн, контемпорари урлаг гээд л бүгдийг нь үзэгчдэдээ харуулж чадна. Зөвхөн хөгжим гэлтгүй хүний харц, биеийн хэлэмжээр нэг дууны 3-4 минутын хугацаанд үзэгчдэд маш цогц зүйлс харуулах боломжтой. Гоцлол дуучин ганцаараа тайзан дээр моно драм ч тоглож болно шүү дээ.

-Одоогийн А.Алтанхүү анх металл хөгжимд дурлаж, Motorway хамтлагаа байгуулсан тэр үеийн А.Алтанхүүгээс хэр их өөрчлөгдсөн бэ?

-Маш их өөрчлөгдсөн. Тэр үед ердөө нүргээнтэй хөгжим дээр зүгээр л орилоод баймаар санагддаг байсан. Гэхдээ үгүй юм билээ. Металл хөгжмийн үнэ цэн нүргээнтэй хөгжим, орилолтдоо гол нь биш. Үүнд үгийн гүн ухаан, хөгжмийнх нь гүн ухаан гэх зүйлс нуугдаж буй. Үүнийгээ цаашид илүү судалж, илүү их өргөжих ёстой юм байна. Цээжинд хуралдсан юм хүнд нэгийг бодуулна. Харин анх эхэлж байх үеийн би дотроо хуралдах гэж байгаа хамаг юмаа юу ч бодолгүйгээр орилоод л гаргачихдаг байж. Тэр үед ч бидэнд алдах юм байхгүй байжээ. Өөрийгөө л аваад явж байвал бидэнд мөнгө ямар ч хамааралгүй байлаа. Мөнгөтэй, мөнгөгүй хамаагүй бид хийхээ л хийж байсан. Одоогийн цээжинд хуралдаж байгаа бүхэн тархи руу явж, дараа нь гарна. Өмнө бол зөвхөн сэтгэл хөдлөл гэх зүйлд их жолоогоо өгч явсан.

-“Motorway” хамтлаг эргэж ирэхдээ сонсогчдодоо ямар бэлэгтэй ирэх вэ?

-Бэлэг нь бид өөрсдөө (инээв). Монголын металл хөгжимд “Motorway” хамтлаг эргэж ирж байгаагийн бэлэг нь ямар нэгэн шинэ дуу, цомог биш, бид өөрсдөө байх. Хамгийн үнэт зүйл бол хүн өөрөө байдаг. Хүний уран бүтээл, дүрсжүүлсэн дуу бол тэр хүний хамгийн үнэт зүйл биш. Манай хамтлагийн бүрэлдэхүүн солигдоогүй, муугаар бодоход хэн нь ч нас бараагүй. Тийм болохоор бүрэн бүрэлдэхүүнээрээ эргээд тайзан дээр дахин гарах л хамгийн том бэлэг юм болов уу. Харин дараа дараагийн шинэ дуу, цомог эзнээ хүлээж байгаа байх аа.


А.АЛТАНХҮҮ: Монголын металл хөгжмийн дунд үеийнхэн Улаанбаатар чуулгын подволиос “төрж” байлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-23 12:09:33
    Ганаа: Хурд хамтлагийн хувьд тухайн цаг үедээ чадахаараа хүнд метал урсгалыг судалж өөрсдөө бүхэл цомгийн дуунууд гаргаж тэр үеийн залуусын чихэнд өөр зүйлийг дамжуулж байсан тэр бодит үнэнг үгүйсгэх гээд чадахгүй л дээ...Амьдралд үгүйсгэж болдоггүй хүссэн ч чаддаггүй хэдэн зүйл байдаг нь цаг хугацаа тэр хугацаандаа хийсэн үйлдэл хэлсэн үг л байдымдаа.Тийм учраас Хурд хамтлагийг онцолж хэлсэн нь буруудахгүй байх.Noise metal fest-д хүртэл нээлтийн хамтлагаар гарч байсан түүх бий.Агаар нэг байсан учраас Үнэнхүү багтааж байсан байх.Түүн шиг Нисванис ч гэсэн хэдий гранж рок ч гэсэн агаар нэг араншин болоод мэдрэмж нэг учраас Аагий онцолсон байх. Би бол санал нийлж байна асуудалгүй асуудалгүй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-22 19:40:09
    Zochin: Yun Hurd, Nisvanis hamtlaga ve....Ted yamar metal ursgalaar toglodog yumu..********... .******** mini...sons hurd bol pok, nisvanis bol pok gehdee granj ursgalaar toglodog zaa ********... Medej av....Manai ertuntsiin bish yumnuudiig oruulj ene ter...Chi uuruu ter Hurdaa sonsdog , hvndeldeg l yum bgaa biz...******** chini bolio ... Metal zvrehtei yum bol hedhen metal hamtlaguudaa zuv nerel ,hel...Hurd , Nisvanis bhdaa yahav dee ....metal gene shuu ..durgui hvrgeed hayachihlaa muu ats chini... ******** bj bj genet garch ircheed hudlaa ******** baigaarai...Hurd, Nisvanis l bish shvv!!! Busdiig ni bol oilgno, hvndelne zaa....
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-22 12:58:24
    Хаха: Гомбоо сда өөрөө чадахгүй бол гомбоогоо л өшиглөөд явж бай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-03-22 11:44:40
    Гомбоо: ЯАСАН УЯНГЫН ХАЛИЛТАЙ ЛАЛАР ВЭ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188