• Өнөөдөр 2024-04-25

О.ЭЛБЭГТӨГС: Үхэл гэдэг шинэ зүйлийн эхлэл, ямарваа нэгэн юмны өрнөл ч байж мэднэ

2021-03-09,   1345

-Монголын урлаг гэж бусад орны урлагийг коверлож, дуурайсныг хэлдэг-

Бид хоосон хийгээд уйтгараас бүтэж бүрэлдсэн

Биднийг ховсын хүч, хараалын шид өсгөж хүмүүжүүлсэн гэх хоёр мөр хэн нэгний аавдаа зориулсан шүлэг болохыг нь мэдээд гайхширч орхиж билээ. Түүний бүтээлүүд дэх үхэл, амьдрал, хагацлын үнэн төрх нь хүн гээч амьтны жинхэнэ төрхийг ойлгуулах мэт. Анх хачин жигтэй мэдрэмжээр түүнтэй уулзаж байсан уншигчид түүний бүтээлээр өөрийгөө хүмүүжүүлж, амьдралын мөн чанарт суралцсан гэж би боддог.

       Нэр дурдалгүй магтаж орхисон зохиолч, яруу найрагч О.Элбэгтөгсийг одоо л танилцуулах гэж буйдаа өршөөл эрье. Тэрбээр 2003 онд анхны ном болох “Алтан үе” яруу найргийн түүврээ хэвлүүлснээс хойш “Чимээгүй хот”, “Хөх мэдрэхүй” антологи, “Эмгэнэлийн үр хөврөл”, “Чөлөөт шувуу”, “Бүслэлт”, “Тэнцвэр” зэрэг яруу найраг, үргэлжилсэн үгийн бүтээлүүдээ уншигчдын хүртээл болгосон, үеийнхнийх нь нэрлэж, заншсанаар “ясны” уран бүтээлч. “Надтай үлдээч” жүжгийн зохиолоо 2019 онд УДЭТ-ын тайзнаа амилуулсан нь яггүй бүтээлч болохыг нь илтгэнэ. Гэвч тэрбээр “Надтай үлдээч” жүжгийнхээ тухай ярихдаа “Яг өөрийгөө илэрхийлсэн жинхэнэ уран бүтээл болоогүй. Үүндээ сэтгэл хангалуун байдаггүй” гэж хэлж намайг цочроосон юм. Уран бүтээл хийгээд амьдрал, үхлийн мөн чанарын талаар ярилцсан доорх яриа таныг хэдэнтээ цочроож ч магадгүй юм.

-“Гурав бас дөрөвдүгээр сар” шинэ жүжгийнхээ тухай ярихгүй юү. Шинэ жүжиг чинь ямар онцлогтой, бас хэзээ үзэгчдийн хүртээл болох вэ?

-Шинэ жүжиг маань зөвхөн найз нөхдийн хүрээнд л тоглогдох юм. Энэ жүжгээ хөл хорионы үеэр бичиж дуусгасан. Ер нь дэлхий нийтийг хамарсан иймэрхүү цар тахал зуу юмуу, тавин жилийн давтамжтайгаар хүн төрөлхтний түүхийг дайрч иржээ. Харин энэ удаагийн цар тахал нь агаар дуслын замаар халдварладаг учир урьд өмнөхөөсөө илүү аюултай байх шиг. Манай монголчууд анх удаа л ийм аймшигтай тахал үзэж, бүх нийтээр хөл хорио тогтоож үзэж байна. “Гурав бас дөрөвдүгээр сар” жүжигтээ энэхүү цар тахал, хөл хорио гээч нь улс төр, нийгмийн нэгэн сурталчилгаа, ухуулгын ажил байвал яах вэ гэсэн зүйлийг харуулахыг хүссэн, зөгнөлт жүжиг юм л даа. Энэ жүжгээ зөвхөн найз нөхдийн хүрээнд л харуулж, үзүүлэх бодолтой байгаа.

-Найз нөхөд гэж та ямар хүмүүсийг сонгож, шинэ жүжгийнхээ үзэгч болгохоор төлөвлөж байна. Хэн хэн байх вэ?

-Мэдээж энэ жүжгээ уран бүтээлч талаас нь харж, зөвхөн уран бүтээлч нөхдөдөө зориулж тоглуулна. Мөн жүжиг тоглогдож дууссаны дараа жүжгийн тухай хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөж байна. Ер нь манай ихэнх кино уран бүтээлчид киноны зохиол гэж нэг хөнгөн зүйл ярьснаа 10 хоног зургийг нь аваад 10 хоног монтажлаад л гаргаад байна шүү дээ. Тэгээд л өөрсдийн хийсэн зүйлээ агуу гэж магтаад, бусдынхыг харааж, доромжилж байдаг.

-Уран бүтээлийг хөрсөн дээр нь өнгөц халтуурдаад байгаа тэрхүү уран бүтээлчдийн талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Бид хэзээнээс ийм болж хувирав. Бидний хандлага өөрчлөгдөж, юманд яагаад ингэж дутуу хандах болов оо. Нэгдэж нийлэх ч хүчгүй, хүсэлгүй болсон байна шүү дээ. Биднийг дэлхий нийт том газар нутагтай, хэдхэн хүнтэй, олон малтай гэдгээр нь л мэднэ. Монголчуудын өөрсдийн бий болгосон урлаг нь зөвхөн аман зохиол л байх шиг. Гэтэл өнөөг хүртэл бидэнд орчин үед хийж, бүтээсэн зүйл юу ч алга байна. Монголын урлаг бусдыг коверлож, дуурайсаар ирсэн. Урлагийн тухай ямар ч бодол санаа, дархлаагүй болсон байна.

-Хоёр жилийн өмнө УДЭТ-т “Надтай үлдээч” жүжгээ тавьж байсан. Таны “Надтай үлдээч” жүжиг тухайн үед хэр их амжилт олж, жүжгийг тань үзсэн хүмүүс ямар сэтгэгдэлтэй байсан бэ. “Надтай үлдээч” жүжгээ үзэгчдийн хүртээл болгосон нь “Гурав бас дөрөвдүгээр” сар жүжгийн зохиолоо бичихэд нөлөөлсөн үү?

-УДЭТ-ын залуус “Өөрсдөдөө босго тавьдаг жүжигтэй болъё” гээд надад захиалга өгөхөөр нь л “Надтай үлдээч” жүжгийн зохиолоо бичсэн. Түүнээс миний цэвэр уран бүтээл биш. Ердөө л захиалгын жүжиг байсан. Тухайн жүжгийнхээ хувьд нэг их сэтгэл хангалуун байдаггүй. Харин үзэгчдэд их хүрсэн юм билээ. Гэхдээ уран бүтээлийн даац, чанарын хувьд тийм ч сайн болоогүй л дээ. Түүнээс хойш болсон, болоогүй 10 гаруй жүжгийн зохиол бичсэн. Тэр бүрд өөрийн бичсэн зохиолоо жүжигчин, найруулагчийн санаанд нийцүүлэхээр өөрчилнө гэдэг маш утгагүй. Тийм ч учраас өөрийн бичсэн жүжгийн зохиолоо яаран театруудад өгчихдөггүй. Өөрийгөө шаналгаж, тамлан байж, боловсруулж бичсэн зохиолууд найруулагчийн санаатай үргэлж зөрчилдөөд байдаг юм. Гэхдээ УДЭТ-т жүжиг тавьснаараа хүмүүст танигдах нь арай гайгүй болсон юм болов уу.

Монголын яруу найраг нэг хэвэнд цутгачихсан юм шиг болчихлоо

-“Надтай үлдээч” жүжгээ гаргахаас өмнө яруу найраг, өгүүллэгийн цөөнгүй ном гаргаж байсан. Тэр бүх гаргасан уран бүтээл нэр хүндэд тань тийм бага нөлөөлсөн гэсэн үг үү?

-Би чинь нэг их хүмүүс таниад байдаг уран бүтээлч биш шүү дээ (инээв). Нэр хүндтэй байхыг ч хүсдэггүй. Гэхдээ нэгэнт уран бүтээлч байх замыг сонгосон учраас түүнийхээ зэрэгцээ амьдрах ёстой. Амьдрахын тулд талхны мөнгө ч хэрэгтэй учраас өнөө халтуур гэх зүйлийг хийх шаардлагатай болно. Харин одооноос тэр бүх зүйлээс өөрийгөө салгаж, илүү уран бүтээл тал руугаа хандаж байна. Кино, жүжиг, мөн нэгэн хүүхдийн ном бичиж байна. Энэ зун, эсвэл намраас хэвлүүлэх гээд нэг тууж, өгүүллэгийн ном бэлдэж байгаа. Одоо удахгүй 40 нас тулаад ирнэ. Алдаж болохгүй насан дээрээ явж байна. Харин одооноос уран бүтээлээрээ дамжуулан нийгэмд хүргэх мессеж, агуулга талаа бодохгүй бол өнөөгийн уран бүтээлчид хэтэрхий найруулга зүйдээ хөглөгдөөд уран бүтээлээ баллаад байх шиг.

-Өмнө нь таны хэвлүүлсэн уран бүтээлийн дийлэнхийг нь яруу найргийн түүвэр ном эзэлж байлаа. Гэтэл дээр дурдсан таны зорьж байгаа уран бүтээлүүд дунд яруу найраг дурдагдсангүй. Яагаад шүлэг бичихээ больчихсон юм бэ. Аль эсвэл зүгээр л залуу насны юм байв уу?

-Яах вэ, тэгээд сурсан юмыг сураар боож болохгүй. Шүлгээ бичиж л байгаа. Харин яаран бичиж, ном болгочихъё гэсэн бодол байхгүй. Өмнө нь зүгээр л бичиж байсан бол одоо илүү өөрөөр, өөр түвшинд хүрч бичихээр зорьж байна. Орчин үед Монголын яруу найраг нэг хэвэнд цутгачихсан юм шиг болчихлоо. Сүүлийн үед гарч ирж байгаа залуусыг харахаар тийм ч муу юм бичихгүй байгаа ч гэсэн агуулга, хэлбэр, өгүүлэмжийн хувьд бүгдээрээ нэгэн ижил болсон. Нэг хэвэнд цутгасан тэр бүхэн дунд магадгүй тэдэнтэй ижил байж болохуйц ном гаргах хэр зохимжтой вэ гэдэг талаас нь бодож бичихгүй л бол болохгүй болж байна даа.

-“Бүгдээрээ нэг хэвэнд цутгачихсан юм шиг” байгааг юутай холбон тайлбарлаж болох вэ?

-Одоо ид бичиж байгаа залуус 5-6 жилийн дараа өөрийгөө олно. Энэ бол цаг хугацааны л асуудал. Харин яруу найргийг ерөнхий сууриар нь харахад 20, 20 жилийн зайтай шинэчлэгдэж, гарч ирсэн байна. 1930-аад онд Д.Нацагдорж, 1950-аад онд Б.Явуухулан гуай гарч ирсэн. Түүнээс хойш 1970-аад онд Б.Лхагвасүрэн, 1990-ээд онд Б.Галсансүх. Харин 1990-ээд оноос хойш 20 жилийн үеийг харахаар тэр гээд нэрлэчих хүн байхгүй. Яруу найрагч, зохиолчид монгол хэлээ хэр мэдсэн, таньсан дээрээ л гацсан юм болов уу. Тиймээс л нэг нэгэнтэйгээ адилхан байгаа байх.

-Тэгэхээр уран зохиолын салбар зогсолтод орж, гацсан гэсэн үг байх нь ээ?

-Монгол хэлний дархлаа нь муудаад ирэхэд эсрэгээрээ уран зохиолын орчуулга их сайн болж байна. Монголын гэх уран зохиолд орчуулгын уран зохиолын нөлөө ажиглагдаж эхэлсэн. Бид монгол ахуй, амьдралаасаа холдсон нь гаднын зүйлс бидний гэх бүхэнд нөлөөлөхөд хүргэж байна. Гэхдээ одоо бидний амьдрал хүссэн, хүсээгүй европжиж магадгүй юм. Тэр цагт л өөрсдийн гэсэн зүйлээ авч үлдэх уран бүтээлчийн “хашхираантай” үлдэх ёстой.

Би олон хүний дунд байхаараа маш ихээр ганцаарддаг

-Таны бүтээлүүдийг уншсан хүн их этгээд, сонин мэдрэмж авдаг гэх юм билээ. Ер нь уран бүтээл нь хэрхэн "төрдөг" вэ. Бусдаас өөр сэтгэлгээг эрсэн уран бүтээлүүдийнхээ талаар ярьж өгөхгүй юү?

-Би өөрийгөө л бичдэг. Надад төрсөн аливаа мэдрэмж, илэрхийлэхийг хүссэн зүйлээ бичдэг. Түүнээс биш бусдаас өөр байх гэж, илүү гаж байх гэж, өөрөөсөө зугтаах гэж бичдэггүй. Ер нь уран бүтээлч гэж өөрийгөө олсон, өөрийгөө илэрхийлэхийг хүссэн нэгнийг хэлдэг байх. Гэхдээ хүн болгон өөрийгөө илэрхийлэх төрөл бүрийн аргатай байдаг. Харин тэр арга дээр нь нэмэгдээд авьяас, мэдрэмж, мөн эх хэлээ хэрхэн эзэмшсэн нь хувь уран бүтээлчийн онцлог чанарыг бий болгоно.

-Таны уран бүтээлийн онцлогийг дүгнэхдээ гаж, харанхуй гэх юм билээ. Харин амьдрал дээрх О.Элбэгтөгс ямар хүн бэ?

-Хүний амьдралд олон зүйл тохиолдоно. Би олон хүний дунд байхаараа маш ихээр ганцаарддаг. Олон хүнтэй газар байж ч чаддаггүй. Аль болох цөөн хүнтэй, өөрийн итгэдэг дотны хүмүүстэйгээ байх, аль эсвэл ганцаараа ном унших нь надад жаргал. Харин нас яваад, эхнэр хүүхэдтэй болоод ирэхээрээ зөвхөн өөрийгөө бодох минь байхгүй болсон. Өөрөөсөө илүү гэр бүлдээ санаа тавьж, тэдэндээ бүхнээ зориулах шаардлагатай болсон. Өөрийн гэсэн ертөнцөө бүрдүүлж, тэндээ амьдарч ирсэн надад маш том зөрчил үүсэж эхэлсэн.

-Гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болсон нь уран бүтээлд тань хэр их нөлөөлсөн бэ. Урьд өмнө нь бичиж байсан зүйлсээсээ зөөлөрсөн юм шиг санагдаж байсан. Хэр их өөрчлөлт гарсан бэ?

-Өөрчлөлт гаралгүй яах вэ. Адаглаад л үхлийн тухай бага бичих болсон. Бага бичиж байна гэдэг чинь үхлийн талаар бодохгүй байна гэсэн үг шүү дээ. Би амьдралыг хэзээ ч гэгээлэг сайхнаар нь харж чаддаггүй юм л даа. Үргэлж муу муухай талаас нь харж байдаг. Харин үр хүүхэдтэй болоод ирэхээрээ хүн маш их зөөлөрдөг юм билээ.

Үхлийн тухай бодохын оронд өнөөдөр хоёр талхныхаа мөнгийг яаж олох вэ гэдгээ бодох ёстой.

Өмнө нь зөвхөн өөртөө хариуцлага хүлээгээд амьдардаг байсан бол одоо тийм биш. Миний ээж, хань, хоёр хүүхэд маань бий. Үг амьтай гэж ярьдаг шүү дээ. Үхлийн тухай хамаагүй бичээд байвал яах вэ гэж бодох болсон. Тэр хэрээрээ л үхлээс, үхлийн тухай ярианаас зугтааж байна. Аль болох уран бүтээлдээ ч гутранги өнгө аяс, муу муухай зүйлс оруулахыг хүсэхээ больсон гэж болно.

-Амьдрал их цаг гаргаад ирэхээр түүнийгээ дагаад уран бүтээлээ ч гэсэн хойш тавих болдог гэх юм билээ?

-Хулгай, дээрэм хийж, хуулиас гадуурх зүйл хийхгүй л мөнгө олох ёстой. Тиймээс ажил хийнэ. Тогтсон найман цагийн ажлаа хийгээд, орой нь харихаар уран бүтээлээ хийж, суух гэхээр ядарна. Ядарсан учраас бодож явсан юмс ч толгой дотор орж ирэхгүй. Ажлын хажуугаар уран бүтээлээ хийнэ гэдэг маш хэцүү. Тийм ч учраас чөлөөт уран бүтээлч болох замыг сонгосон. Чөлөөт уран бүтээлч өөрөө гүйж байж л хоолны мөнгөө олно. Тиймээс уран бүтээлийн тал дээр завгүй байхын тулд цаг үргэлж ажиллаж байгаа.

Гэр бүл зохиохоор ганц үүргэвчтэй Хөвсгөл нутгийг зорьсон

-Гэр бүлийн тань талаар тэр бүр хүмүүс мэддэггүй байх. Гэр бүлийнхээ тухай ярихгүй юү?

-Манай гэр бүлийн хүнийг Ц.Бүрэнжаргал гэдэг, их сайхан монгол эмэгтэй бий. Бид анх 2011 онд танилцаж, 2012 оноос хамт амьдарч эхэлсэн. Харин 2013 онд том хүү маань төрсөн. Анх эхнэртэйгээ танилцаад “Дундговьд очиж амьдаръя” гэхэд манай хүн эрс эсэргүүцсэн. Тэгэхэд нь би ажил төрлөө бүгдийг нь орхиод Хөвсгөл рүү ганцхан үүргэвчтэй явж байсан даа. Ганц үүргэвчтэй Хөвсгөлд очсоноос хойш өнөөг хүртэл нэг байртай болж, гэр бүл маань өдгөө дөрвүүлээ болж, өнөр өтгөн болжээ.

-Анх үхэл, амьдралын тухай хамаагүй бичиж байгаад эхнэртээ загнуулж байв уу?

-Үгүй үгүй (инээв). Гэр бүлийн хүн маань миний уран бүтээлийг маш их хүндэтгэдэг. Миний бүхий уран бүтээлийн хамгийн анхны уншигч, үзэгч шүү дээ.

Үхэл надад маш амар тайван, амгалан санагддаг

-Таны уран бүтээлийн дийлэнх хувийг нь үхэл, аль эсвэл хагацлын тухай илэрхийлэмж эзэлж байх шиг. Энэ бүхэн хаанаас гарч ирээд байна вэ. Уран бүтээлдээ илэрхийлсэн маш их шаналан, хагацал юутай холбоотой юм бэ?

-Би анх дөрөвдүгээр ангид байхдаа хагацалтай нүүр тулсан. Эхлээд эмээ минь өөд болж, хоёр жилийн дараа аав минь намайг орхисон. Дүүгээ ч алдаж байсан. Тэр бүхнийг маш тод томруун санадаг. Өөрөөсөө алдсан, хамт байхгүй байгаа тэр бүх хүмүүсээ маш их санадаг. Монголчууд үхлийн тухай ярих, хэлэхийг цээрлэдэг шүү дээ. Үхэл бол жам ёсны зүйл. Миний бодлоор үхэл гэдэг шинэ зүйлийн эхлэл. Ямарваа нэгэн юмны өрнөл ч байж мэднэ. Харин хүн гэдэг амьтан үхэж үзээгүй болохоороо л үхлээс эмээдэг. Биднийг үхэхэд амьгүй цогцос л үлдэнэ. Үхлийн дараах амьдралын талаар сайн мэдэхгүй юм. Үхэж үзээгүй болохоороо л айж байна.

-Таны үхэл, хагацлыг харах өнцөг чинь бусдаас хамаагүй өөр юм байна шүү дээ. Харин үхэж үзсэн бол яах байсан юм бол оо?

-Би үхлээс нэг их цээрлээд байдаггүй. Үхэл надад маш амар тайван, амгалан санагддаг. Өөртөө ямар нэгэн шинэ боломж нээж байгаа ч юмуу, аль эсвэл шинэ зүйлийг нээж, илрүүлж байгаа юм шиг. Би үхлийг хэзээ ч муу муухай талаас нь харж чаддаггүй. Энэ бодлоосоо болж үргэлж хүнтэй тэрсэлддэг. Бид өөрийн үхлээ урьтаад мэддэг бол хэчнээн сайхан бэ. Гэтэл лам, бөө, мэргэ төлөгч гэх мэт нөхдүүд дээр очиж хожим хойно учрах зовлон, жаргал, өөрийн үхэл, хагацлыг мэдэхийг хүсдэг хүн олширчээ. Хүн л болсон хойно өнөөх нь худал, үнэн алийг нь хэлсэн хэцүү байна шүү дээ. Ямар нэгэн юмыг цээрлэх тухай хэлэхээр нөгөөг нь байнга бодно.

Хамгийн ойр байсан уран бүтээлч нөхөд минь бүгд сайн, сайхан явж байгаа учир надад алдах эрх байхгүй

-Анх уншигчид тантай дотно танилцаж байсан нь Хөх мэдрэхүй бүлгэмийн антологи хэвлэгдсэнээс хойш юм болов уу. Анх хэзээнээс, хэнийг харж, биширч шүлэг бичиж эхэлж байв?

-Анх дөрөвдүгээр ангид байхдаа л юм бичмээр санагдаад, бичиж эхэлсэн юм болов уу даа (инээв). Нэгдүгээр ангид орохдоо аавын минь надад авч өгсөн “Дөлгөөн Дон”, А.С.Пушкины хоёр ботийг уншиж, өөрийгөө хэрхэн гоёор илэрхийлж болохыг ойлгосон. Түүнээс хойш дөрөвдүгээр анги хүртэл шүлэг, зохиол хэрхэн бичих талаар бодож, эрмэлзэж явсан байх. Тэгээд л түүндээ хөтлөгдөж, дөрөвдүгээр ангиасаа бичиж эхэлсэн. Эхлээд Ж.Барамсай гуайн номыг уншиж, Ж.Барамсай гуайн шог гараанууд шиг, аль эсвэл кино үзсэн гэж худлаа зохиож ярих ч юмуу, зохиолч болох замаа тэгж л бэлдэж байсан бололтой (инээв). Тэр үеэс хойш үзэг тавьж үзээгүй өдөр байхгүй. Үзгээ тавихаасаа илүүтэй олон цаас, бичсэн зүйлсээ урж хаясаар ирсэн. Тэр болгоны сайн, муу нөлөө нь бүрэлдэж, өнөөгийн намайг бүтээсэн байх.

-Бага наснаасаа шүлэг бичиж эхэлснээсээ хойш өдийг хүртэл туулж өнгөрүүлсэн уран бүтээлийн замаа эргэн харахад ямар санагдаж байв. Уран бүтээлч гэх нэрэнд хүрч чадсан уу?

-Би хэзээ ч өөрийгөө уран бүтээлч гэж зоригтой хэлж чадахгүй. Ганц, хоёр ном гаргасан минь тодорхой хэмжээний уншигчтай болгосон байж магадгүй юм. Одооноос миний сэтгэлгээ задрах нас эхэлж байгаа юм болов уу. Гэхдээ 10, 20 жилийн өмнө бодож байсан зүйлс минь одоо ч толгой дотор байна. Толгой дотор минь одоогоос 20 жилийн өмнөх хүүхэд л гүйж явна.Толгой дотроо бодсон зүйлсээ одооноос бичиж эхлээд, энэ жил бүгдийг нь гаргах бодолтой байна. Өмнө нь бодож байсан зүйлс маань хэвээрээ байгаа хэдий ч өөрийгөө яг уран бүтээлч гэж зоригтой хэлж чадахгүй. Харин үүнээс хойш уран бүтээлч байх, аль болох чанартай, агуулгатай бүтээл гаргахыг хүсэж байна. Одоо нас 40 хүрлээ. Түүнээс өмнө яараад янзан бүрийн зүйлс бичиж болж байна. Одоог хүртэл хүмүүст харуулаагүй, гаргаагүй, хэвлүүлээгүй хэд хэдэн ном бий. Өмнө нь манай Хөх мэдрэхүйнхэн уулзахаараа үргэлж нэгэндээ урам зориг өгдөг байсан. Мөн түүнийхээ зэрэгцээ утга зохиолын салбарт нэгнийгээ чанаргүй юм битгий хийгээсэй гэж далдуур илэрхийлдэг байлаа. Одоо гэхэд манайхан ямар мундаг яваа билээ. Манай “Тагтаа” паблишингийн Б.Баясгалан анх хүсэж, зорьж байсан хэмжээндээ хүрсэн. Одоо бол “Тагтаа” Монголын паблишингууд дотроо өөрийн гэсэн тодорхой өнгө төрхтэй, өөрийн гэсэн онцлогоороо ялгарч чадаж байна. Өөрийн гэсэн соёл, уншигчдын хүрээлэлтэй болж байна. Манай Ж.Оргил эхэндээ хэд хэдэн захиалгын уран бүтээл хийж байсан. Харин одоо бол Америк, Австралид сурч, боловсорч, өөрийнхөө амьдралыг бүтээж байгаа. Я.Баяраа маань багшилж, эрдэм шинжилгээний ажил хийж, түүнийхээ зэрэгцээ уран бүтээлээ ч таслахгүй авч яваа. Үүнээсээ илүү судлаачийн түвшин рүү явж байна.

Найз нөхөд буюу тойрон хүрээлэгсэд, надтай хамгийн ойр байсан, уран бүтээл, ахуй амьдралын хувьд ч хамгийн ойр байгаа нөхөд минь бүгд ийм байгаа учир надад алдах эрх байхгүй.

Тийм ч учраас нэгийгээ дарж, шүүмжилж, уншиж, урамшуулж, бяслагаар хэлбэл маш сайн шүүсийг нь шахаж байж уран бүтээл хийхгүй бол одоо бол өмнөх шиг яарч, хөөрөөд дэвээд байдаг нас биш болсон.

-Анх та Хөх мэдрэхүй бүлгэмд хэрхэн элсэж байсан бэ. Бүлгэмийнхээ тухай таны цээжиндээ хадгалж үлдсэн хамгийн сайхан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Бид оюутан байхдаа буюу 2004-2008 оны үед нэг үеийн утга зохиолын дугуйлангуудаар хэсэж, Улаанбаатар их сургууль, МУИС, МУБИС гэх зэрэг олон дугуйланд долоо хоног бүр очдог байсан. Харин МУИС-ийн дугуйлан дээр бусдаасаа арай илүү бичиж, уншиж, ярьж байгаа залуус цуглаж, тэр газарт төвлөрдөг байсан. Тэгээд бүлгэмээ МУИС-аас эхлүүлэх болоход манай Хөх мэдрэхүй бүлгэмд анх 20 орчим хүн байлаа. Харин 2008 ондоо Хөх мэдрэхүйн шинэ жил гээд хийхэд Б.Баясгалан, Ш.Хатанбүүвэйбаатар, Ж.Оргил, Н.Нарангэрэл, Я.Баяраа, М.Хангал, Ц.Дэлгэрмаа, тэгээд би гэсэн найман нөхөр сугарч, шигшигдэж үлдсэн. Бид хоорондоо өөр хүн хэрэггүй, үгүй гэж ярилцаагүй. Нэг л мэдэхэд бид хэд л үлдсэн. Түүнээс хойш 2010 онд Хөх мэдрэхүйн анхны антологи гарч, тэр цагаас хойш л манай бүлгэмийн он цаг урсаж эхэлсэн гэж үздэг.

Уран бүтээлч биш уран бүтээлчид олширч байна

-Уран бүтээлчид өөрийн бүтээлийг хийх орчин, газраа сүүлийн үед нийслэл хот, төв газраар сонгож, суурьшин байрладаг болжээ. Гэтэл та их сургуулиа төгсөөд л шууд орон нутаг руу явж, одоог хүртэл орон нутагтаа амьдарч байгаа шүү дээ. Яагаад төв газраас зугтаасан юм бэ?

-Намайг их сургуулиа төгсөж байх үед МҮОНРТ зэрэг хэд хэдэн газраас урилга ирж байсан. Тухайн үед хэсэгхэн хамт ажилласан редактор эгч, ах нар надад сэтгүүлч мэргэжлээрээ үргэлжлүүлэн ажилласан нь дээр байх шүү хэмээн зөвлөж байлаа. Хотод амьдарч болж байна. Гэхдээ би айлын бага хүүхэд. Яагаад ч юм ээж дээрээ очмоор санагдаж байлаа. Дассан газрын даавуу зөөлөн гэдэг шиг "Дундговьдоо очиж амьдаръя. Сурсан, мэдсэн, чаддаг юм байвал түүнийг нутагтаа гаргая" гэж бодож нутагтаа очсон. Нөгөөтэйгүүр би хотын амьдралаас хэт их залхсан үе байсан. Хүн зон олонтой газар яагаад ч юм бэ дотор давчдаад, бас хүн олонтой газар чинь хүн гэдэг амьтан өөрийнхөө өчүүхнийг мэдэрнэ шүү дээ. Өөрийнхөө өчүүхнийг мэдэж, цаашид өөрийгөө олохын тулд л хотоос илүү хөдөө, буйд газрыг сонгож нутагтаа ирсэн.

-Цаашид юу руу тэмүүлж, юуг барьж авах гэж явах вэ?

-Хөвсгөл аймагт хүүхдийн театр байгуулах ойрын зорилготой явж байна. Хөвсгөл аймаг Монголын хамгийн олон хүн амтай аймаг мөртлөө хүүхдийн театр байдаггүй. Хамгийн олон хүн амтай гэдэг маань хамгийн олон хүүхэдтэй гэсэн үг. Тэр хэрээрээ бага насны хүүхэдтэй холбоотой зөрчил, гэмт хэрэг их гардаг. Би өөрөө өмнө нь хүүхдийн төлөө ажиллаж байсан. Гэр бүлийн хүн маань ч гэсэн хүүхдэд сайн. Бид хоёр “Хүүхдийн төлөө ямар нэгэн юм хийе” гэж яриад, Хөвсгөл аймагт хүүхдийн драмын театр байгуулах гээд ажлаа эхэлсэн явж байна. Магадгүй миний энд ажиллаж, амьдарч байгаагийн шалтгаан ч энэ болов уу. Гэхдээ үүнийхээ зэрэгцээ өөрийн хувийн уран бүтээлээ ч алдахгүй байхыг хичээж явна. Бидэнд нүүдэлчин ахуйгаас үлдсэн маш олон соёлын өв бий. Түүнийгээ ашигласан олон хамтлаг, уран бүтээлийн нэгдэл гарч ирээд, түүний төлөө явж л байна л даа. Харин ардын урлагаа хэрхэн сонгодог хэмжүүрт хүргэх тухай бодох ёстой болж байна. Сонгодог урлагийн уран бүтээлчид маш их авьяастай байсан болохоор шилдэг зүйлс хийж, дээшээ гарч ирсэн. Мөн түүнийг хүлээж авах үзэгчид байсан. Моцартын үеийн сонгодог хөгжмийг сонсоод биширч байсан хүн төрөлхтөн өнөөг хүртэл биширсээр л байна. Тэдний сонгодог урлаг гэж нэрлээд буй энэ зүйлийн дотоод амин сүнслэг чанарыг өөрсдийнхөө ардын урлагт хүргэхийн тулд ямар зүйлс хийх, судлах ёстойгоо мэдэх хэрэгтэй. Тиймээс дээрх зүйлсийг өөрийн аль чадахаараа хийж, том агуулгыг л зорьё гэж бодож байна даа.

 

 

-Одоо уран бүтээлээ хийж байгаа залуу уран бүтээлчдээс хэнийг онцолж нэрлэх вэ?

-Нэр цохож хэлэх дэмий байлгүй дээ. Ерөнхийд нь харахад сайхан ирээдүйтэй, уран бүтээлтэй залуус олон байна. Хамгийн гол нь залуу уран бүтээлчид өөрсдийн хүрэх өндөрлөгөө тодорхойлсон байгаа байх. Мөн бид түүхээ маш сайн судлах ёстой. Өнөөг хүртэл хадгалж ирсэн аман болон бичгийн зохиолын асар их өв бидэнд бий. Аман зохиол маань маш агуу, шавхагдашгүй баян. Бичгийн зохиолд ч гэсэн сонгодог хэмжээнд хүрсэн маш гайхалтай хэдэн бүтээл байгаа. Хэдий цөөхөн хүн ярьж байгаа ч бидний хэл өнөөг хүртэл мартагдаагүй байна. Харин уран бүтээлчид маань түүнээс өөр өөрсдийн аль чадахаараа “шанагадаж” авах хэрэгтэй.

Бидний өнөөгийн хийж байгаа бүтээл хүнд гоё, сайхан мэдрэмж өгч байгаа хэдий ч эдгээр зүйлс ирээдүйд үлдэх зүйл яавч биш.

Өдөр тутамд талх иддэг шиг тодорхой жижиг зүйлээс бүрдсэн, бичиж дадсан зүйлээ өдөр тутам нухаж байна. Гэхдээ түүнийг нь тодорхой хэмжээний хэдэн хүн уншиж, хүмүүст танигдаж, шагнал авч, энгэртээ төмөр зүүгээд байгаа нь сайн хэрэг. Гэхдээ бидний илүү тод томруун харах ёстой зүйл нь хаана ч “Энэ Монгол юм шүү” гэх зүйлийг бүтээх юм.

          Өв уламжлал руугаа илүү сайн хандах ёстой. Энэ сайхан монгол хэлийг ашиглаад хэний ч тоохгүй үг хэллэг, утга найруулга ашиглаад бичиж, бүтээж, туурвина гэдэг ч хэцүү шүү дээ. Урлаг хүнийг соён гэгээрүүлэх үүрэгтэй. Харин бид тэрхүү үүргээ умартаж орхижээ.

Бидний хүмүүст хүргэж, харуулж байгаа зүйл нь гудамжинд хэлэгдэж, яригддаг энгийн үгс, хараал, ерөөл, хошин дэгс ярианы байдаг л нэг зүйлс болсон. Түүнийгээ урлаг болгох гээд яваад байгаа нь эмгэнэл. Тэр зүйл угаасаа ч урлаг болохгүй. Тэр зүйлийгээ л урлаг гэж хараад, тэр зүйлийгээ урлаг болгох гээд зүгээр мөнгөний төлөө явж байгаа хүмүүсийг төр нь үнэлээд энгэрт нь төмөр зүүж өгөөд байгаа асуудал бол ичгүүртэй.

Ямар нэгэн агуулгагүй, зорилгогүй, уран бүтээл болохгүй, ирээдүйд эргээд үлдэхгүй, Монголын хэл соёл, өвөөс гадуур яваад байгаа зүйлс хүмүүст үнэлэгдээд байгаа нь сонин. Гэвч энэ бол ерөөсөө л цаг хугацааны асуудал. Гэлээ гээд жинхэнэ уран бүтээлийн араас хөөж яваа залуус нь ямар нэг нам, улстөрчийн сонгуулийн сурталчилгаанд бүтээлээ ашигламааргүй байна шүү дээ. Арай өөр хөгжлийн чиг шугамаар явахын тулд уран бүтээлээрээ соён гэгээрүүлэх ёстой. XXI зууны уран бүтээлчид бүгд л сошиал медиагийнхан болж гүйцлээ. Нэг шүлэг тавилаа гэхэд аль олон лайк, шэйр авснаараа од болж, түүндээ ханаад байж болохгүй. Аль эсвэл уншсан номнуудаа тайлбарлаад, тэмдэглэж бичээд уран бүтээлч болчихгүй. Хэн ч тэгж чадна. Бид илүү уран бүтээлч байж жинхэнэ уран бүтээл хийх ёстой.

Бид урлагийг сонгодог гэдэг утгаар нь бус ердийн нэгэн ус буцалгагч, тоос сорогчийн урлаг болгох гээд яваад байвал бид хүн чанараа алдаж магадгүй.

Тийм ч учраас илүү том урлаг руу зорих хэрэгтэй. Тэгж байж мөн чанараа авч үлдэж, хүмүүсийг соён гэгээрүүлж чадна.


О.ЭЛБЭГТӨГС: Үхэл гэдэг шинэ зүйлийн эхлэл, ямарваа нэгэн юмны өрнөл ч байж мэднэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188