• Өнөөдөр 2026-06-05

Б.ХҮСЛЭН: ДЭГГҮЙХЭН ЛИЗ ОХИНЫ ДҮРИЙГ БҮТЭЭСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА

2026-06-05,   81

     Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын балетчин Б.Хүслэнтэй ярилцлаа. Тэрбээр 21 дэх удаагаа тайзнаа амилуулсан “Дэггүй Лиз” балетад гоцлон бүжиглэсэн юм.

-Францын хөгжмийн зохиолч Фердинанд Херольдын “Дэггүй Лиз” хошин балетыг энэ жилийн хүүхдийн баярыг тохиолдуулан 21 дэх удаагаа амжилттай тоглолоо. Лизийн  дүрд бүжиглэсэн сэтгэгдлээсээ хуваалцаач?
 
     -Тоглолт маань амжилттай тоглож дууссанд их баяртай байгаа. Үгээр илэрхийлэмгүй тийм их аз жаргал, догдлол, баяр хөөрийг мэдэрсэн амьдралын минь гайхалтай нэгэн өдөр болж өнгөрсөн. Учир нь мэргэжлийн бага ангийн сурагч байх үеэсээ л Лизийн дүрийг нууцхан мөрөөдөж, хайрлаж ирсэн болохоор дэггүйхэн Лиз охины дүрийг бүтээсэндээ их баяртай байна.
 
-Анх энэ дүрд гоцлох саналыг хэн, хэрхэн тавьсан бэ. Баяртайгаар хүлээн авахын сацуу хариуцлагатай дүр байсан байх?
 
        -Миний хувьд бэртлийн улмаас сургуулиа төгссөн даруйдаа хөдөлгөөнөө бүрэн хорих шаардлагатай болж мэргэжлээсээ хоёр жилийн завсарлага авсан юм. Бүжигчдийн хувьд бэртэл гэмтэл авах нь хамгийн том хүнд даваа байдаг. Гэхдээ үүнийгээ бие махбод болон сэтгэл зүйгээрээ даван туулж эргээд мэргэжлээрээ ажиллаж байгаадаа баяртай байна. УДБЭТ-д ажиллаад яг нэг жил болж байна. Ерөнхий балетмейстр Ардын жүжигчин Х.Гэрэлчимэг багш маань “Дэггүй Лиз” балетын гол дүрийг бүтээх томоохон үүрэг хариуцлагыг олгосон юм. Миний хувьд мэргэжлээрээ ажиллаж эхлээд удаагүй байгаа тул айдас, сандрал тодорхой хэмжээнд байсан ч мөрөөдлийн дүрээ бүтээнэ гэсэн догдлол, урам зориг улам их хичээж ажиллахыг хүссэн хүсэл минь илүүтэй байсан. Надад итгэж үнэтэй зөвлөгөө хайрлан тусалж, дэмжсэн эрхэм багш нартаа, ажлын хамт олондоо чин сэтгэлээсээ талархаж байгаагаа хэлмээр байна.
 
-Лизийн дүрийг тодотгож, тодорхойлж хэлбэл юу гэж онцлох бол. Бүтээхэд сайхан нь, нөгөө талаар амаргүй нь аль хэсэг нь байв?
 
      - “Дэггүй Лиз” хэмээх балетын нэрнээсээ л Лиз дүрийн онцлог мэдрэгдэж байгаа байх. Дэггүй, сахилгагүй мэт боловч зүрх сэтгэл, хайрынхаа төлөө бууж өгдөггүй, үнэнч сэтгэлтэй, зоригтой, их мөрөөдөмтгий, сэтгэл хөдлөл ихтэй, гэгээлэг охиныг дүрслэн харуулдаг. Тус балет маань бусад бүжгэн жүжгээс онцлог нь пантомим, жүжиглэлт, нүүрний хувирал бүжигчдээс ихээхэн шаарддаг. Энэхүү балет бидний амьдралын өдөр тутмын зүйлс болон харилцаа, хандлага, мэдрэмжийг харуулсан хөнгөн, хөгжилтэй уур амьсгалтай учраас Лизийн дүрийг бүтээхдээ би оюун бодол, зүрх сэтгэлдээ дүрийнхээ ертөнцийг бодож төсөөлж байсан. Мэдээж анхны гол дүр учир бүх л зүйл дээр өөрийн байгаа түвшингээсээ улам ахиулж хичээх шаардлагатай байсан. Бүжгэн жүжгийн гол дүр гэдэг тус балетын үйл явдал, өрнөл, утга учир, зангилаа гээд бүх л хэсгүүдэд хамгийн гол үүрэгтэй, жүжгийн гол утга санааг илэрхийлэх ёстой чухал ажил юм. Тиймээс хоёр цаг гаруй үргэлжлэх балетыг эхнээс нь төгсгөл хүртэл бүх л айдас, сандрал ачааллыг давж гарч сурах хэрэгтэй гэдгийг өөрийн биеэр мэдэрч, ойлгож авсан.
- “Дэггүй Лиз” балетын гол үзэгчид хүүхдүүд байдаг шүү дээ. Тэр ч утгаар хүүхдүүдээс хамгийн сайхан энерги, эрч хүч, баяр хөөрийг авдаг байх. Хүүхдүүд ч балетыг нь үзээд баярлаж, догдолж байгаа нь тайзнаас мэдрэгддэг байх?
 
       -Тэгэлгүй яах вэ. Жил бүр эх, үрсийн баярыг тохиолдуулан тоглодог нь тус балет өөрийн гэсэн үзэгчидтэй болоход хүртэл нөлөөлсөн байх. Сонгодог урлагийн ихэнх бүтээлд гуниг, харуусал, эмгэнэл, ид шидийн ертөнц зэргийг харуулдаг бол “Дэггүй Лиз” балет аав ээж нар хүүхдүүд, гэр бүлтэйгээ хамт үзэхэд тохиромжтой, хөгжилтэй, хөнгөн уур амьсгалтай, гэгээлэг өнгө төрхөөрөө үзэгчдийн хайр хүндлэлийг татдаг юм байна лээ.
Хөгжилтэй, хошин хэсгүүдэд хүүхдүүдийн инээлдэн хөхрөх чимээг сонсох төдийд л улам их догдолж, илүү сайн бүжиглэх юм сан гэж бодогдсон.

-Одоо хоёул бусад уран бүтээл, балетад анх орсон үеийнх нь тухай цааш яриагаа өрнүүлье.

-“Дэггүй Лиз” балетаас гадна өөр ямар бүтээлүүдэд оролцсон бэ?
 
     -Би Монгол Улсын Консерваторийг сонгодог бүжгийн жүжигчин буюу балетын бүжигчин мэргэжлээр сурч төгссөн. Сургуульд байх үеэсээ л театрын тоглолтод оролцоод явдаг байсан. Өөрөөр хэлбэл, “Хунт нуур”, “Жизель” тэргүүтэй театрын урын сан дахь бүх тоглолтод оролцон бүжиглэсэн.
 
-Багаасаа балетаар бүжиглэх сонирхолтой хүүхэд байв уу. Удамд нь бүжиглэдэг хүн бий юү?
 
       -Манайх урлагийн гэр бүл. Ээж маань “Хүн” театрын үүсгэн байгуулагч, СУИС-ийн бүжгийн урлагийн багш, МУГЖ Д.Энхгэрэл гэж хүн бий. Харин аавыг маань Д.Болор-Эрдэнэ гэдэг. Морин хуурч мэргэжилтэй, одоо “Хүн” театрын захирлаар ажилладаг. Эгч маань жүжигчин Б.Замилан. Багаасаа л ээжийнхээ бүжиглэхийг харж өссөн, бүжигт их дуртай, байнгын хөдөлгөөнтэй, эвсэлтэй хүүхэд байсан. Анх монгол бүжгээр хичээллэж эхэлсэн ч ээж маань сонгодог бүжгийн ангид шалгуулах санал тавихад би ч татгалзах зүйлгүйгээр намайг голохгүй, чадахгүй гэхгүй юм бол оролдоод үзнэ, хичээнэ, чадна гээд анх Хөгжим бүжгийн коллежид шалгалт өгөөд орж байсан. Сургуульдаа долоон жил суралцаад 2022 онд сонгодог бүжгийн шинэ мянганы ес дэх төгсөлт болж байсан.
 
-Балет их өөр ертөнц шүү дээ. Энэ ч утгаар энэ ертөнцийг, энэ урлагийг юутай зүйрлэх вэ?
 
      -Хүн бүрийн мэдрэмж, сэтгэхүй өөр байдаг болов уу. Хуруун дээрээ бүжиглэдэг учраас улам дээшээ тэнгэрлэг, төгс төгөлдөр рүү тэмүүлж, нисэж буй мэт хэмээн зүйрлэгдэн ярьдаг. Миний хувьд балетын урлаг нь хүний мэдэрч болох хамгийн хатуу боловч хамгийн үзэсгэлэнтэй, үгээр илэрхийлж боломгүй тийм нандин мэдрэмжийг өгдөг.
 
Тийм ч учраас мэргэжилдээ дурлаж, автаж өдөр бүр бодлоос салахгүй, шөнө нь зүүдлэгдэх тохиолдол цөөнгүй бий.
 
-Балетын  урлагаас юуг суралцсан бэ?
 
        -Дунд ангиасаа эхлэн энэ мэргэжилдээ сонгон суралцсан болохоор бидэнд тоглож наадах, сул чөлөөтэй цаг их ховор байсан. Боломж гарах бүрд л зааланд мэргэжлээ давтана, сайжруулна. Багшийн хэлсэн алдааг тэр дор нь ойлгож, засаж авах гэж хичээнэ гэхчлэн биднийг багаас нь аливаа зүйлд тэсвэр хатуужилтай, ёс зүйтэй, дэг журамтай байхыг сургаж байсан. Багшийн маань “Мэргэжлээ хайрлаж, мэргэжилдээ үнэнч байгаарай. Хамгийн чухал нь зөв хүн байх хэрэгтэй” гэх үг надад их нөлөөлсөн. Хүүхэд байхдаа яавал зөв хүн байхыг ойлгодоггүй байсан ч том болох тусам бид өдөр тутамдаа хийж байгаа бүхий л зүйлд чин сэтгэлээсээ үнэнч хандаж, мөн тууштай хөдөлмөрлөвөл бидний хүсэл зорилго, мөрөөдөл ойрхон байдгийг ойлгож авсан.
 
-Мэдээж гэр бүлийнхэн нь хамгийн их дэмжиж, урам зориг өгдөг байх?
 
       -Тийм ээ. Гэр бүлийнхэн маань урлагийн хүмүүс тул бие биенээ шүүмжлэх үедээ шударгаар шүүмжилж, хайрлаж дэмжих үедээ тултал нь дэмжиж зоригжуулдаг. Мөн гэр бүлээс минь дутахааргүй ангийн хамт олон, найзууд минь ч мөн надад хамгийн их урам зориг өгч, дэмждэг шүү. Ямар ч үед намайг байгаагаар минь хүлээн авч, нөхцөлгүйгээр хайрладаг хамгийн гайхалтай хүмүүс бол миний гэр бүл.
-Багш нараа мөн танилцуулж, онцлон ярих нь зүйтэй байх?
 
      -Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Энхтуяа гэж балетын урлагт хүндтэй багш минь бий. Монголын балетын урлагт олон гайхалтай бүжигчдийг төрүүлсэн бөгөөд манай ангийнхан багшийнхаа хамгийн отгон шавь нь болж төгссөн. Балетын урлагт хөл тавихаас эхлэн өдий зэрэгт хүрэхэд минь хамгийн том итгэл найдварыг өгч зааж сургасан хайртай багшдаа их талархаж явдгаа хэлмээр байна.
 
-Үлгэр дуурайлал авдаг балетчин байдаг болов уу. Хэнээс урам зориг, үлгэр дуурайлал авдаг вэ?
 

      -Гадаадын чадварлаг олон гоё бүжигчинг харж урам зориг авч мөрөөдөх үе их байдаг ч дэргэд минь байгаа, зааж зөвлөдөг мэргэжлийн эгч нараасаа илүү их зүйлийг мэдэж, суралцаж байдаг. Харин хамгийн ихээр урам зориг авч, үлгэр дуурайлал болдог хүн бол Улаанбаатар театрын гоцлол бүжигчин Б.Норовбанзад эгч юм. Эгч маань саяхан “Тунамал” хэмээх өөрийн бие даасан тоглолтоо хийсэн, бүжигчин хүний тэсвэр хатуужил, тууштай хөдөлмөрийг өөрийн биеэр харуулж, бүжгийн урлагийн гоо зүйг олон хүнд хүргэж яваа гайхалтай бүжигчин байдаг.

 
-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ. Өөр сонирхол, хобби бий байх?
 
       -Нэг ангийн дөрвөн охин балетын мэргэжлээрээ хамтдаа нэг газар ажилладаг гэдэг утгаараа би гурван найзтайгаа хамт сошиалд нөхөрлөлийн дурсамж, түүхээ үлдээхээр бичлэг хийж эхэлсэн юм. Эхэндээ зөвхөн өөрсдийн өдөр тутмын харилцааны энгийн хөгжилтэй талыг харуулж бичлэг хийдэг байсан бол бага багаар биднийг дэмждэг, урам зориг авдаг бүжгийн урлагт дуртай, хайртай өсвөр насны хүүхдүүд ихэсч байсан тул бид дөрөв хийж буй бичлэгүүддээ илүү их ач холбогдол өгч, өөрсдийн мэргэжлийн гоо сайхныг харуулж, хүмүүст түгээхийг хичээж эхэлсэн.
Чөлөөт цаг гарвал гэр бүл, найз нөхөдтэйгээ хамтдаа байж цагийг дурсамжтай, сайхан өнгөрүүлэхийг хичээдэг.

Б.ХҮСЛЭН: ДЭГГҮЙХЭН ЛИЗ ОХИНЫ ДҮРИЙГ БҮТЭЭСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188