• Өнөөдөр 2024-04-20

ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: Ө.ЭРДЭНЭБУЛГАН: Уран бүтээлч болох амархан, харин уран бүтээлч хэвээрээ үлдэх л хэцүү

2021-02-28,   2412

“Эргэлт.мн” мэдээллийн сайт энэ долоо хоногийн онцлох нийтлэлдээ Монголын урчуудын эвлэлийн гишүүн, АНУ-ын хөрөг зургийн нийгэмлэгийн гишүүн, зураач Ө.Эрдэнэбулгантай уран бүтээлч байх тухай болон уран бүтээлийнх нь тухай хөөрөлдсөн "Ө.ЭРДЭНЭБУЛГАН: Уран бүтээлч болох амархан, харин уран бүтээлч хэвээрээ үлдэх л хэцүү" хэмээх гарчигтай ярилцлагыг нэрлэж байна.

Уран бүтээлч байна гэдэг ерөөс өөрийнхөө дотоод руу өнгийх, гүндээ нэвтрэх, өөрийгөө таньж мэдэх, өөрийгөө хүлээж авахаас эхэлдэг гэж нэгэн зураач ярьсан байдаг. Мөн өчигдөр, өнөөдөр, маргааш, бүхий л цаг хугацаанд уран бүтээлээрээ амьсгалж, амьдарч, түүнгүйгээр амьсгалж чадахгүй байх тэр мэдрэмжийг хэлдэг болов уу. Өнөөдөр хийснээсээ маргааш илүүг хийж, маргаашийнхыгаа нөгөөдөр голж, дахин дахин жинхэнэ уран бүтээл туурвих хүсэлд автаж, шатаж, гуньж, жаргаж, өдөр өдрөөр ахих, дэвших, өөрчлөгдөх хүсэл...

       Тэгвэл энэ “Уран бүтээлч” гэх тодорхойлолтод маань зураач Ө.Эрдэнэбулган яг таг тохирох юм шиг санагдсан. Учир нь тэрбээр “Уран бүтээл гэдэг сайхан зүйл хийх асар их дур хүсэл. Нэг зүйл хийчихээд түүнээсээ илүү зүйл хийхийг хүснэ. Байнга тэрэндээ хөтлөгдөж урагшилж байдаг. Уран бүтээлч болох амархан, харин уран бүтээлч хэвээрээ үлдэх л хэцүү” хэмээсэн юм. Ө.Эрдэнэбулган уран бүтээлээ чанаржуулах, өөрийгөө хөгжүүлэх, дэлхийд өрсөлдөхүйц хэмжээний бүтээл туурвих хүсэл мөрөөдлөөр жигүүрлэхийн сацуу дан ганц өөрөө сайн уран бүтээлч байгаад зогсохгүй бусдын ч мөн сайн уран бүтээлч болох замын хөтөч, луужин нь байхыг хүсдэг юм билээ.

          “Ө.Эрдэнэбулган зураач” гэж бичээд гүүглээс хайвал та түүний хэвлэлд өгсөн хэд хэдэн ярилцлага, И.Е.Репиний нэрэмжит академи төгссөн, Төрийн шагналт зохиолч Дарамын Батбаяр гуайн шавь, хөрөг, байгалийн зураг зурдаг, аав нь ч мөн зураач гэх мэт мэдээллүүдийг ядах юмгүй олоод уншчихна. Харин би энэ бүгдээс чадахаараа зугтаж, өөрөөр Ө.Эрдэнэбулган гэх энэ эрхэм зураачийг өөрөөр нээх, түүний үзэл бодол, хүсэл мөрөөдөл, өнөөгийн улс төрийн өнцгийг нь буулгахыг чадан ядан оролдлоо.

          Монголын урчуудын эвлэлийн гишүүн, АНУ-ын хөрөг зургийн нийгэмлэгийн гишүүн тэрбээр өнгөрсөн долдугаар сард дан байгалийн зургаас бүрдсэн том хэмжээний “Монголын сайхан орноор” үзэсгэлэнгээ дэлгэсэн юм. Тэгвэл ирэх наймдугаар сарын сүүлчээр хөрөг, байгалийн зураг хосолсон үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ.

-Уулзсан, таарсан хүмүүсийнхээ дүр төрх, сэтгэлийг уран зурагт буулгаж үлдээхийн тулд л та магадгүй хөрөг зурдаг  уу?

     -Хөрөг зурахад хоёр төрлийн шалтгаан бий. Эхнийх нь, Европын уран зургийн галерейнуудад байдаг хөрөг зургууд нь тухайн үеийн сэхээтнүүд, хаад, ноёдуудын хамгийн сайн уран бүтээлчээр захиалж зуруулсан бүтээл байдаг. Энэ нь өөрөө урлагийн бүтээл болж үлдсэн. Монголд сүүлийн үед хүмүүс хөрөг зураг зуруулах соёлыг хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь бол хөрөг зуруулахдаа цээртэй ханддаг байлаа. Миний зургуудын хувьд зарим нь захиалгаар, зарим нь би тухайн хүнийг хараад зурах юм сан гэсэн хүслээс төрдөг. Хүн бүрд өөр өөрийн сайхан төрх байдаг. Тэрийг гаргах юм сан гэж боддог. Нөгөө талаас миний хүүхэд байхаас дотор минь байсан хүний тухай, сайн сайхны тухай мэдрэмж бий. Тэр зүйлээ би бусдын царай, төрхөөс олж харахаараа зурах юм сан гэж боддог ч байж магадгүй.

-Таны дотор байдаг тэр мэдрэмж нь яг ямар төрх юм бол?

    -Нэг тийм сайхан төрх. Заримдаа хатуу, ширүүн, эрэмгий, амьдрал үзчихсэн төрх буулгахыг бодно. Заримдаа эсрэгээрээ зөөлөн, ариун, гэгээн, тийм нэг тунгалаг хөрөг зурахыг хүснэ. Хүүхдийн хөрөг бол яг тийм тунгалаг байдаг. Юу гэж үгээр илэрхийлэхийг мэдэхгүй. Цаанаасаа “Зур” гэж ятгадаг гэх үү дээ.

-Та хөрөг зургаа тухайн хүний өгөгдлийг өөрийнхөө зөн мэдрэмжтэй хослуулан шинэ хүн бүтээх хэмээн хэлсэн байна лээ. Одоогийн байдлаар хэчнээн хүний хөрөг бүтээгээд байна вэ?

     -Багагүй боловч тоолж үзээгүй. Голландын мастер Рубенс “Нэг сайхан бүсгүйг зурахын тулд 100 сайхан бүсгүйг харах хэрэгтэй” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр тийм хэмжээний олон хүний царай төрхийг харж байж, ганц, хоёр хөрөг төрдөг юм болов уу.

ХУДАЛ ХУУРМАГГҮЙ ХӨРӨГ БҮТЭЭХ Л ХАМГИЙН ХЭЦҮҮ

-Хөрөг зурахад хамгийн хэцүү нь нүд гэсэн байсан. Энэ тухайд?

     -Одоо бодоход хөрөг зурахад хамгийн хэцүү нь үнэн зурах. Зохиож биш, яг жинхэнэ, үнэн зурах. Уран бүтээлч хүн өөрөө өөртөө үнэн амьдрах хэрэгтэй юм байна. Дотроо худал хуурмаггүй байх ёстой. Яг жинхэнэ мөн чанартайгаар амьдарч чадах юм бол сая нэг сайн хөрөг зурах юм байна гэж бодох болсон. Үнэн, худал хуурмаггүй хөрөг бүтээх л хамгийн хэцүү.  

-Худал хуурмаггүй амьдрах, бүтээл туурвих шалгууртаа та өөрөө хэр тэнцэж байна вэ?

      -Арван жилд байхаасаа л зураач болох юм сан гэж мөрөөдөж, дүрслэх урлагийн  салбарт хөл тавиад 18 жил болжээ. Энэ хугацаанд зүгээр суусан цаг хугацаа байгаагүй. Цагийн цагт сайн уран бүтээлч болох юм сан гэж бодож явсан. Тэгээд “Яавал сайн уран бүтээлч болох вэ, яавал гайхалтай сайхан бүтээл хийх вэ” гэж их боддог байлаа. Энэ нь цаг хугацаа өнгөрөх тусам хувьсан өөрчлөгдөж, жинхэнэ байх, худал хуурмаггүй амьдрахтай шууд холбоотой юм байна гэж бодох болов. Хэрэв энэ үгүй бол миний хувьд жинхэнэ уран бүтээл хийж чадахгүй, уран бүтээл төрөхгүй.

-Та И.Е.Репиний нэрэмжит академи төгссөн. Энэ хугацаанд, үүнээс хойш юу сурч, юуг ойлгож, хувь уран бүтээлчийн хувьд хэрхэн ахиж дэвшив?

      -Би 2010 онд Дүрслэх урлагийн дээд сургууль төгсөөд, 2015 оноос И.Е.Репиний академид хоёр жил сурсан. Энэ хугацаанд чамгүй олон зүйл сурч, маш их зүйл үзэж, сонссон. Тухайн үед юугаа ч мэдэхгүй шахам зурах хүсэл, мөрөөдөлд автаад л өглөө 06:00 цагаас шөнийн 02:00 цаг хүртэл нойр, хоолгүй сурсан.

      Тэр үед сурсан, сонссон, үзсэн зүйлс маань  хожим надад хэрэг болсон. Монгол, Орос, Европын дүрслэх урлаг гэдэг өөр хоорондоо нарийн ялгаатай, өөрийн хэлтэй. Миний түлхүү сонирхдог уран бүтээлч, чиглэл бол Европынх. ОХУ-д онолын талын зүйлс сурсан. Харин 2017 оноос хойш Монголд ирээд, үзэж, сурсан бүхнээ сая жинхэнэ өөрийнхөө уран бүтээлд тусгах гэж хичээж ажилласан. Энэ бол миний хувьд хамгийн их ахицтай жилүүд байлаа.

-Монгол зураачид тод өнгө хэрэглэх дуртай. Харин европынхон саарал, бүүдгэр өнгө ашиглаад байх шиг санагддаг. Энэ юутай холбоотой вэ?

       -Хэд хэдэн шалтгаан бий байх. Нэгдүгээрт, газар орны онцлог, гэрлийн нөлөө байна. Европ дундаа газар зүйн байрлалаараа Итали нарлаг орон. Голланд, Бельги, Санкт-Петербург бүрхэг цаг ууртай. Энэ нь уран бүтээлчийн өнгөнд нөлөө үзүүлнэ. Нөгөө талаас уран бүтээлчийн сонирхол, зан характер, өсөж торнисон орчин нөлөөлдөг.

-Зураач болоогүй бол гэж бодож байсан уу?

    -Би анх хөдөөнөөс хотод орж ирээд “Залуу Монгол” корпорацийн захирал, хамаатны Б.Төмөрхүү ахаасаа нэг тийм эр хүн гэдэг төсөөллийг авч байлаа. Тэр ах маань өдөр бүр зангиа зүүж, костюм, урт хар пальто өмсөнө. Үсээ маш сайхан янзалж, их гоё үнэртэй ус түрхдэг. Нэг тийм хүршгүй холын хүн шиг санагддаг байлаа. Тэгээд Б.Төмөрхүү ах шигээ хүн болно гэж дөрөвдүгээр ангийн хүүхэд боддог байв.

    Тухайн үед ах улс төр, бизнес сонирхдог, дандаа орос, англи хэл дээр мэдээ хараад сууж байна. Тэгээд би Б.Төмөрхүү ахтайгаа “Том болоод Элчин сайд болно, гадаадын орнуудаар ажиллаад явдаг дипломат хүн болно” гэж ярьдаг байлаа. Харин 2002 онд долдугаар ангидаа Төрийн шагналт зохиолч Дарамын Батбаяр багштайгаа учирч, тэр үеэс бодол санаа, үзэл гээд бүх зүйлд өөрчлөлт орж, уран бүтээлч болох замыг сонгосон.

 

УРАН ЗУРАГ БОЛ НЭГ ТӨРЛИЙН ЯРУУ НАЙРАГ

-Таны амьдралд уран зохиол маш том орон зай эзэлдэг. Мөн шүлэг бичдэг гэж байсан. Одоо бичиж байгаа юу?

    -Хааяа л бичиж байна. Байгальд явж байхад ч юмуу, хааяа хайку шүлгийн санаа орж ирнэ. Түүнийгээ бичиж, тэмдэглэнэ. Тэрнээс ном гаргах хэмжээнд бол биш. Уран зураг бол нэг төрлийн яруу найраг. Зарим нь үгээр бичдэг бол зарим нь өнгө, зураг, дүрсээр илэрхийлдэг. Тэгэхээр миний хувьд зураг зурах нь шүлэг бичиж байгаа нэг хэлбэр.

-Зурж чаддаггүй зураг гэж байдаг уу?

     -Маш хүндтэй хүмүүсийнхээ хөргийг зурахаас айдаг. Жишээлэхэд, багшийнхаа хөргийг намар эхлүүлсэн ч одоог хүртэл дуусгаж чадахгүй байна. Их хэцүү. Мөн эцэг, эхийнхээ, гэр бүлийнхнийхээ хөргийг зурж чаддаггүй. Зурж чадна  ч гэж боддоггүй. Гэр бүлийн хүн маань “Өөр хүний зураг зураад, минийхийг зурахгүй юм” гэдэг. Сэтгэл зүйн юм байх шиг байгаа юм. Мөн түүхэн сэдэв маш хэцүү. Түүхэн сэдэв рүү орох болоогүй, би бэлэн биш гэж боддог. Таван жилийн дараагаас түүхэн сэдэв, аж байдлын сэдэв рүү ороход өөрийгөө бэлдчих болов уу гэж бодож, төлөвлөж байна.

-Санаа нь байгаа хэрнээ бүтээл төрөхгүй үед юу хийдэг вэ?

    -Ном уншдаг. Ер нь их уншина. Өглөө урландаа ирээд хар кофе уугаад, 1-2 цаг уншина. Тэр уншилтаас урам зоригоо авч, зураг руугаа орно доо. 2-3 цаг зураад, урам зориг сулраад эхлэнгүүт толгойгоо амрааж бага зэрэг дугхийнэ. Босож ирээд зургаа зурна. Болохгүй бол дахиад уншина, эсвэл бийр палитраа цэвэрлэнэ. Бийр, палитр цэвэрлээд эхлэхээр юм хийх хүсэл аяндаа төрөөд эхэлнэ. Тэгээд ч болохгүй бол гараад явчихдаг.

-Онгодоо дуудах, бас барьж тогтоохын тулд ном уншдаг гэж ойлгож болох уу?

      -Онгод гэхээсээ  илүү сэтгэлийн урам зоригтой түвшингээ хадгалж явах гэх юмуу даа. Сэтгэлийнхээ урам зоригтой байх агшныг хадгалах хэрэгтэй. Түүнийгээ хадгалахын тулд янз бүрийн уулзалтуудыг багасгах хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл, төвлөрөл, сэтгэлийн нэгэн үзүүрт байдлаа нэг зүйлд зориулна гэсэн үг. Өөрийнхөө төлөв байдлыг хадгалах арга замыг уран бүтээлч болгон өөр өөрийнхөөрөө олох хэрэгтэй л дээ. Тэгэхгүй бол хүмүүс урам зоригоо алдчихдаг. Тэгээд түүнийгээ олж авахын тулд долоо, 14 хоног, сар өөрийгөө аргадаж, янз бүрийн зүйл хийх болдог. Хэрэв түүнийгээ олсон л бол шууд уран бүтээлдээ зориулах хэрэгтэй. Олсон бол бас яаж урт хугацаанд хадгалдах вэ гэдгээ бодож, тооцоолох хэрэгтэй. Тэгж байж сайн бүтээл төрнө. Үүнээс үзэхэд уран бүтээлч хүний сайн, муу ямар бүтээл хийх вэ гэдэг нь амьдрах хэв маягаас шууд хамаарна гэсэн үг  байгаа биз.

-Хэтийдсэн дүгнэлт байж болох ч бүтээлийнхээ хувьд бол та бурхан. Тэгэхээр та “Энэ миний хамгийн сайн бүтээл” гэж нэрлэх бүтээлээ туурвисан уу?

        -Би одоохондоо тэр бүтээлээ хийгээгүй байгаа гэж боддог. Уран бүтээл хийж байх агшинд үнэхээр сайн бүтээл төрж байгаа юм шиг санагддаг. Харин дараа нь голоод эхэлдэг. Бүх зургаа голно. Тэгэхээр уран бүтээлч хүний хувьд шилдэг бүтээл гэдэг мэдрэмж, бүтээл бүрээ хийх явцад төрдөг зүйл. Бүтээлээ хийсний дараа байнга унадаг, өөрөөр хэлбэл голдог гэсэн үг. Уран бүтээлчид болгон насан туршдаа бүтээл хийх бүрдээ “Энэ ямар сайн бүтээл болчихвоо” гэж бодоод, хийснийхээ дараа “Нэг л биш ээ” гэж боддог байх.  

-Хэсэг хугацаа өнгөрсний дараа арай өөрөөр харна биз дээ?

       -Тодорхой хугацааны дараа “Бас ч муугүй шүү” гэж бодох үе байна аа. Уран бүтээл гэдэг сайхан зүйл хийх гэсэн нэг төрлийн дон юм уу даа. Нэг зүйл хийчихээд түүнээсээ илүү зүйл хийхийг хүснэ. Байнга тэрэндээ хөтлөгдөж урагшилж байдаг.

-Тэгвэл таны бодлоор жинхэнэ уран бүтээлч гэж хэнийг хэлэх вэ?

       -Уран бүтээлч болох амархан, уран бүтээлч байх хэцүү. Үзэсгэлэн гаргаад ч юмуу, хэдэн бүтээл туурвиад уран бүтээлч, зураач гэдэг нэр зүүж болно. Гэвч тэр хүн цаг хугацааны явцад уран бүтээлч хэвээр үлдэж чадаж байна уу гэдэг л чухал. Энэ маш хэцүү. Өөрөөр хэлбэл, улстөрч болох амархан. Харин жинхэнэ улс орныхоо төлөө зүрх сэтгэлтэй улстөрч хэвээрээ үлдэнэ гэдэг хэцүү. Аливаа нэрийг зүүх амархан, тэр нэрээ үнэ цэнтэй авч явах л амаргүй.

ДАРМА БАТБАЯР ГЭДЭГ ХҮНИЙ ШАВЬ БОЛНО ГЭДЭГ ХҮН БАЙХ ТУХАЙ АСУУДАЛ

 -“Чи улс төрийг сонирхохгүй байсан ч улс төр чамайг оролдоно” гэдэг үг байдаг шүү дээ. Саяхан шинэ Ерөнхий сайд ажлаа хүлээн авлаа. Та уран бүтээлч хэдий ч залуу хүнийхээ хувьд өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн харж, бас үнэлж байна вэ?

        -Сүүлийн үед дэлхийн өнцөг булан бүрд хамгийн шилдэг сургууль төгссөн 1980-аад оны залуус эх орондоо ирж байна. Шинэ Ерөнхий сайд залуу хүн. Тиймээс залуу хүний хувьд боломж олгож, юу хийхийг нь харах юм сан гэж бодож байна. Уран бүтээлээр жишээ авахад, хар зургаа гаргаад байж байтал гаднаас хүн орж ирээд “Энэ бүтээл чинь болохгүй байна. Муухай байна” гэвэл яах вэ. Мэдээж бүтээл болоогүй, хар зураг шүү дээ. Дөнгөж эхэлж байхад гаднаас хүн орж ирээд энэ мэт шүүмжлэх юм бол бүтээл цаашаа явахгүй. Хүн процессыг харж чаддаггүй, үр дүнг хардаг. Тэгэхээр залуу хүний хувьд залуу, боловсролтой Ерөнхий сайдтай болсондоо баяртай байгаа, дэмжиж байгаа.

       Өөрийн танхимаа цүнх баригчдаар бус, нам харгалзахгүй жинхэнэ боловсролтой, хийж бүтээх, өөрчлөх сэтгэлтэй, төлөвлөгөөтэй шинэ үеийн  залуусаар бүрдүүлж ажиллаж байгаа нь найдвар төрүүлж байгаа шүү.  Шинэ соёл, шинэ жишиг тогтоож, олон сайхан зүйлс бүтээгээсэй, бүтээх байх гэж харж байна. Шинэ сайд оюутан ахуйдаа Дарма Батбаяр багшийн шавь байсан. Нөгөө талаасаа Дарма Батбаяр гэдэг хүний шавь болно гэдэг хүн байх тухай асуудал. Тэгэхээр миний хувьд эргэлзэх зүйл алга.

-Дэлхийн шилдэг сургууль төгссөн залуус эх орондоо ирж байна гэснээс Монголын боловсролын системийн талаар та ямар бодолтой байдаг вэ?

       -Сүүлийн үед янз бүрийн салбарын хүмүүстэй уулзаж, боловсролын салбарын талаар ярьж байна л даа. Монгол Улс яаж хөгжих вэ, урагшлах вэ гэдэг боловсролтой салшгүй холбоотой. Өнөөдөр бид хүүхдүүдийнхээ боловсрол, хүмүүжил, гэр бүлийн уур амьсгалд анхаарал хандуулахгүй бол маш эвгүй нөхцөл байдал үүслээ. Аж үйлдвэрийн IV хувьсгал буюу цахим хувьсгалын энэ цаг үед манай 1970, 1980 оны боловсролын систем нийцэж байна уу, үгүй юү, хүүхдүүдээ уламжлалт арга барилаар өсгөх нь зөв үү гэдгийг бодож үзэх шаардлагатай. Бид цөөхүүлээ учраас хэлний боловсролдоо анхаарах хэрэгтэй. Дэлхийтэй харьцахад англи хэл, технологийн боловсрол, мөн харилцааны ур чадвар маш чухал байна. Ерөнхийдөө манай сургалтын систем хүүхдийг айдсаар удирдаж, хүмүүжүүлж байна. Загнаж, айлгаж байж зааж, сургадаг. Хувийн сургуулиуд харьцангуй үүндээ анхаарч байна. Харин улсын сургуулийн багш нар хүүхэдтэй харилцах ур чадвар, мэдрэмжээ илэрхийлэхэд анхаарах, ур чадварт суралцах хэрэгтэй. Багш нар ямар байна, хүүхэд тийм л болно.

        Мөн эцэг, эхчүүд хүүхдээ ном уншуулахад анхаараасай. Ядаж шинэ гарсан номуудаас худалдан авч, хажууд нь тавьж, номын сантай болох хэрэгтэй. Номын хажууд, ном уншиж, харж өссөн хүүхэд хожим хойно зааж чадахааргүй зан төлөв, мэдрэмж, бусдыг ойлгох чадвартай болдог. Лев Толстойн “Анна Каренина”, “Дайн ба энх”, Чарльз Диккенсийн зохиолууд уншиж өссөн хүүхэд хүнийг асар өндөр мэдэрнэ. Учир нь уран зохиол хүний сэтгэлийн дотоод төрх байдлыг үгээр, үйлдлээр илэрхийлдэг. Хүнийг мэдрэх, сэтгэлийн төлөв байдлыг ойлгох, аль ч салбарт ажиллах мэдрэмжийг ном асар их хөгжүүлнэ.

 

-Та номыг хэрхэн уншдаг вэ?

       -Би 2-3 ном зэрэг уншдаг. Өглөө нэгийг, орой нь нөгөөг нь ч гэдэг юмуу, заримдаа өөрийнхөө сэтгэлийн төлөв байдлыг харж байгаад аль нэгийг нь уншина. Ингэхээр 14 хоногт хоёр ном гараас гарчихдаг. Манайхан ном уншина гэхээр нэг ном барьж аваад, нэг суудал дээр уншина гэж ойлгоод, өөрийгөө хашраагаад байдаг. Тэгэлгүй өдөрт нэг цагийг л уншихад зориулахад хүн тодорхой хугацааны дараа хэд хэдэн ном уншчихсан байдаг.

САЙХАН СЭТГЭЛ УХААНААР ИЛЭРДЭГ

-Сайхан сэтгэл юугаар илэрдэг вэ?

        -Багштайгаа хөдөө ууланд явж байгаад энэ талаар ярилцаж байсан юм. Дарамын Батбаяр багш маань надаас “Ухаангүй сайхан сэтгэл гэж байх уу” гэж асуусан. Чи юу гэж бодож байна?

-Байхгүй л болов уу?

       -Би ч бас ингэж хариулсан. Багш “Яг тийм. Сайхан сэтгэл бол ухаанаар илэрдэг” гэж хэлж байсан. Үүнийг би үе үе боддог. Жинхэнэ сайхан сэтгэл бол ухаанаар илэрдэг. Ухаангүй халуун сэтгэл гэдэг нь өөрөө тэнэглэл. Олон нийтийг хамарсан хандивууд, хоол хүнсний тусламж бол сайхан сэтгэл. Гэхдээ үүнийг ухаантай холих юм бол тэр хүнд будаа өгөх үү, будаа олж авах ухааныг өгөх үү гэдгийг бодох хэрэгтэй. Будаа олж авах ухааныг өгвөл сайхан, будаа ургуулах ухааныг өгвөл бүр л сайхан сэтгэл болов уу.

-Таны цаашдын зорилго, төлөвлөгөө юу вэ?

    -Ойрын 5-10 жилийн төлөвлөгөө бол нэгдүгээрт, уран бүтээлээ чанаржуулах. Хоёрдугаарт, өөрийгөө дахиад сайн хөгжүүлэх. Өөрийгөө хөгжүүлнэ гэдэг нь Монголын дүрслэх урлагийн салбарт оруулж буй миний хувь нэмэр. Гуравдугаарт, баруун Европ, Америк, Азийн зах зээлд өрсөлдөхүйц хэмжээний сайн уран бүтээл туурвих, сайн уран бүтээлчдийг бий болгоход чадахаараа өөрийн хувь нэмрийг оруулах юм. Аль чадахаараа бусдад нөлөөлж, уран бүтээлчдийг бэлдэх юм сан гэж мөрөөддөг. Үүндээ хүрнэ ч гэж боддог.

-Монголын уран зургийн салбарын ирээдүйг хэрхэн харж байна вэ?

     -Энд улс төрийн сайн боловсруулсан урт хугацааны бодлого хэрэгтэй. Бид зөвхөн Улаанбаатартаа уран бүтээлчдийг бэлдэнэ гэх юм бол өрөөсгөл. Бид зайлшгүй гадагшаа боловсон хүчин бэлтгэх ёстой. Өнөөдөр монгол хүнд аливааг сайхнаар харах, юмыг хийж бүтээх шинэ, содон санаа байгаа боловч тэр санаагаа гүйцээхүйц хэмжээний ур чадвар дутаад байна. Өөрөөр хэлбэл, ухаан нь байна, ур нь дутмаг  байна. Тэр ур чадварыг олж авахын тулд зайлшгүй гадны томоохон сургуульд сурах ёстой. Тэгээд тэр ур чадвараараа өөрийнхөө урлагийг бий болгох хэрэгтэй. Тэгж байж бид дэлхийн зах зээлд, дэлхийн уран бүтээлчидтэй өрсөлдөхүйц хэмжээний тэнхээтэй болно. Үүний төлөө өөрийнхөө хэмжээнд хичээнэ, хийнэ.

-Уран зургийн үнэ цэн юу вэ. Яагаад хүмүүс уран зураг худалдаж авдаг юм бэ?

     -Энэ бол үнэт зүйлийн соёл. Аливаа нийгмийн сэхээтнүүд нь уран зураг худалдаж авдаг, сонирхдог, дараа дараагийн үедээ өвлүүлдэг. Өнөөдөр нэг нь худалдаж аваад, нөгөө нь бүтээж, зарж байна. Энэ бол процесс. Үр дүнд нь соёлын биет өв үүсэж байна.  Маргааш тэр нь үнэт зүйл болж, үе дамжин өвлөгдөнө. Соёлын биет өвийг хөгжих, хадгалах процессыг сэхээтнүүд хийдэг.

       Хүн  бриллиант худалдаж авахаас илүүтэй үнэ цэнтэй урлагийн бүтээл худалдаж авах нь соёлын салбарт хийж буй  хөрөнгө оруулалт болно. Энэ бол нөгөө талаасаа эх оронч сэтгэл юм.

    Тиймээс сэхээтэн залуусыг уран зураг худалдаж авах соёлыг бий болгох хэрэгтэй гэж боддог. Хоёр жилийн өмнө “Анд глобал” компанид АНУ-ын том хөрөнгө оруулагч ирсэн юм. “Анд глобал”-ын Анар захирал, CEO Ринчин нар надаас бүтээл авч, тэр хүнд бэлэглэсэн. Тэр хүн маш их баярлаж “Монголд ирээд надад хэзээ ч мартагдахгүй хоёр зүйл тохиолоо. Нэгдүгээрт, хөдөө явж байхад морь бэлэглэсэн. Хэзээ ч ирсэн унах морьтой боллоо. Хоёрдугаарт, надад уран зураг бэлэглэлээ. Би уран зураг сонирхдог, цуглуулгатайгаа хэнд ч хэлээгүй. Тэгтэл монголчууд надад уран зураг бэлэглэсэн. Би үүнийг гэртээ өлгөж, насан туршдаа хадгалж явна. Энэ зургийг харах бүрдээ Монголын тухай дурсамж маань сэргэх болно” гэж хэлсэн. Хэрэв чи өөрийгөө хөрөнгөтэй, боловсролтой гэж бодож байвал уран зураг сонирх гэж хэлмээр байна.

-Уншигч залууст хандан юу гэж хэлэх вэ. Энэ асуултаар хоёулаа ярилцлагаа өндөрлөе?

     -Би уржнан Шанхай явсан юм. Галт тэргэнд явах замд “Хятад Улс яаж ингэж мундаг хөгжсөн юм бэ” гэх бодол төрсөн. Тэгээд Хятадад хэн юу хийж байна, түүнийгээ хамгийн дээд зэргээр хийдэг юм байна гэх шийдэлд хүрсэн. Жишээ нь, байшин барьж байгаа бол байшингаа хамгийн сайнаар барихын төлөө, гутал оёж байгаа хүн гутлаа хамгийн дээд зэргээр оёхын төлөө суралцаж, хичээдэг юм байна. Тиймээс монгол хүн бүр өөрийнхөө эзэмшсэн мэргэжил, чаддаг зүйлээ хамгийн дээд зэргээр, хамгийн сайнаар хийхийн төлөө цаг үргэлж хичээдэг байгаасай. Манайхан хийж байгаа ажлаараа хоолоо олж иддэг гэдгээ боддоггүй, хүнд юм хийж өгч байгаа юм шиг ханддаг.  “Энэ бол миний хийж чадах зүйл, энэ бол миний бүтээл” гэж бодож, бүх зүйлдээ ханддаг байгаасай. Залуучууд цаг үргэлж суралцахыг эрмэлзэж, байнга өөрийгөө хөгжүүлж, төгөлдөржүүлж, эрж хайж байгаасай гэж хэлмээр байна.  

 

Багш “Яг тийм. Сайхан сэтгэл бол ухаанаар илэрдэг” гэж хэлж байсан. Үүнийг би үе үе боддог. Жинхэнэ сайхан сэтгэл бол ухаанаар илэрдэг


ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ: Ө.ЭРДЭНЭБУЛГАН: Уран бүтээлч болох амархан, харин уран бүтээлч хэвээрээ үлдэх л хэцүү
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-25 12:05:10
    Эрдэнэбулган: Баярлалаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-24 18:47:08
    Д,Тунгалаг: Маш сонирхолтой ярилцлага...Өнөөгийн залуус газраас хөндий биш газартаа тулсан,сэтгэл,зориг,тэмүүлэлтэйг энэхүү ярилцлагаас олж хараад бахархаж байна. Улам их амжилт зорилгоо биелүүлэхэд тань амжилт хүсье!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-24 00:08:01
    Доржийн. Туяа.: Өнөбаатарын Эрдэнэбулганд хийж бүтээх их үйлсийнхээ оргилд хүрэх тэр сайхан хүсэлд нь өндөр амжилт хүсэн eрөөe.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-23 13:37:47
    Амжилт хүсье: Сайн уран бүтээлч байхыг хүсье. Уран бүтээл хийхээс гадна уран бүтээлчдийг төлөвлшүүлэх үүргээ биелүүлээрэй
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188